Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюултай байна

Манай орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн ч, мөсний даац хангалттай бэхжээгүй байгаа аж. Өвлийн дунд хэдийнэ эхэлсэн боловч цаг уурын дулаан уур амьсгалаас шалтгаалан өмнөх жилийн мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг албаны хүн онцлов.

Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр голын мөсөн дээгүүр явахгүйгээр баталгаатай зам гүүрээр зорчихыг байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1928 төгрөгтэй тэнцэв

Шинэ он гарсаар ам.долларын ханш 1896 төгрөгөөс 1928 төгрөг болж, 32 төгрөгөөр өслөө. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна. Ийнхүү арван таван оны эхлэл дээр 1928 төгрөгт хүрсэн долларын ханш тун удахгүй 2000 хүрэхэд хэн ч гайхаж, бас хашгираа больжээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын орлого багассанаас долларын ханш жилийн хамгийн тогтвортой байх үедээ хоёр мянга хүрэхэд ойрхон ирлээ. Харин Монголбанкны зарласан ханш 1909 төгрөг байна.

Валют:

ХасБанк

1,908.00 8.00

1,923.00 10.00

Голомт

1,905.00 5.00

1,924.00 10.00

ХХБанк

1,902.00 6.00

1,924.00 10.00

ХААН

1,905.00 2.00

1,925.00 11.00

Капитал банк

1,905.00 15.00

1,925.00 20.00

КРЕДИТ банк

1,905.00 8.00

1,926.00 9.00

Капитрон

1,900.00

1,926.00 10.00

Төрийн банк

1,907.00 11.00

1,928.00 12.00

Categories
мэдээ нийгэм

Халтирч бэртсэн бол нэхэмжлэл хүсэх эрхтэй

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойрын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэг хүлээдэг.

Энэ үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй юм байна. Тиймээс албан байгууллагууд гаднах талбайн цөс мөсөө цэвэрлэж, үүргээ биелүүлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

3100 тарваганы арьс хадгалж байжээ

Цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, их хэмжээний тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ. Шалгалтаар нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э хашаандаа 3100 ширхэг тарваганы арьс хадгалж байсан аж.

Уг хууль бус үйлдэлд эрүү үүсгэн БГД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс 2014 оны шилдгүүдээ тодрууллаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс 2014 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодрууллаа.

ОНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧИД

ГРАН ПРИ: ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Х.Батбилэг

  • 2014 оны сонины шилдэг сэтгүүлч- “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ш.Солонго, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа
  • 2014 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Тэгшжаргал, “Содон” сэтгүүлийн сэтгүүлч н.Баатархүү
  • 2014 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч – “Шинэ монгол” радиогийн сэтгүүлч н.Мөнхсайхан, 98.9 ФМ-ийн сэтгүүлч н.Болорзул
  • 2014 оны телевизийн шилдэг сэтгүүлч – МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал, “Соён гэгээрүүлэгч” телевизийн сэтгүүлч Ш.Хишигсүрэн, МҮОНТ-ийн сэтгүүлч н.Цэнд
  • 2014 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – Gogo.mn сайтын сэтгүүлч Г.Одгарав, News.mn Л.Нарантөгс
  • 2014 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч – “Завхан” сонины сэтгүүлч Б.Мягмарсүрэн, “Хэнтийн мэдээ” сонины сэтгүүлч Д.Одонтунгалаг
  • 2014 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч – Дархан-Уул аймгийн “BBS” телевизийн сэтгүүлч Б.Тэгшдэлгэр, “Хөвсгөл” телевизийн сэтгүүлч Б.Гантуяа
  • 2014 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – “Ардчилал” сонины гэрэл зургийн сэтгүүлч Одбаяр, “Өдрийн сонин”-ы гэрэл зургийн сэтгүүлч н.Мягмарсүрэн

ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД

ГРАН ПРИ: “News” агентлаг

  • 2014 оны шилдэг сонин – “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ”
  • 2014 оны шилдэг сэтгүүл – “Forbes Mongolia”, “Гэрэг”
  • 2014 оны шилдэг радио, ФМ – МҮОНР-ийн 4-р суваг “Монголын дуу хоолой”, Гэр бүлийн радио 104.5
  • 2014 оны шилдэг телевиз – “25 суваг” телевиз, “МN2” телевиз
  • 2014 оны шилдэг мэдээллийн сайт –Gogo.mn, iKon.mn
  • 2014 оны салбарын шилдэг хэвлэл – Төмөр замын “Ганзам” сонин, Батлан хамгаалахын салбарын “Соёмбо” сонин
  • 2014 оны орон нутгийн шилдэг телевиз – Ховд аймгийн “Эко” телевиз, Орхон аймгийн “MBTB” HD телевиз
  • 2014 оны орон нутгийн шилдэг сонин – Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонин, Өмнөговь аймгийн “Монгол говь” сонин тус тус шалгарлаа.
Categories
гадаад мэдээ

Томоохон хотуудад хэвлэлийн эрх чөлөөг нэхэн жагсаж эхэллээ

Францын Парис хотноо болсон аймшигт халдлага дэлхий нийтийг цочроолоо. Тус хотын “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт зэвсэглэсэн этгээдүүд халдаж 12 хүний амийг хороож, 11 хүнийг шархдуулсан явдал өчигдөр болсон юм. Амиа алдсан хүмүүсийн 10 нь сэтгүүлч, хоёр нь цагдаагийн ажилтан байлаа. Зэвсэгт этгээдүүд сэтгүүлийн байр луу дайрч орсныхоо дараа шууд л галлаж эхэлсэн гэж гэрчүүд ярьжээ. Өчигдөр тус улсад орон даяар онц байдал зарласан. Ерөнхийлөгч Франсуа Олланд ойрын хугацаанд дахин ийм төстэй халдлага гарч болзошгүйг иргэддээ сэрэмжлүүлэв.

Гурван хэрэгтний нэг нь бууж өгчээ

“Шарли Эбдо” сэтгүүл нь энэ долоо хоногийн дугаартаа “2022 онд муслимууд Францын Засгийн эрхэнд гарах нь” номыг бичсэн зохиолч Мишель Оллелебекийг зочноор урьж оролцуулсан нь халдлагад өртөх шалтгаан болсон байж магадгүй гэсэн таамаглалыг албаныхан дэвшүүлжээ. Террористуудын нэг нь сайн дураараа бууж өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мөн мэдээлж байна. 18 настай Хамид Мурад гэгч нь цагдаагийнханд өөрийгөө хүлээлгэн өгчээ. Харин тэдний ах болон дүү нар хаана байгаа нь тодорхойгүй байна. Тэдний зургийг тарааж эрэн сурвалжилж байгаа юм. Алан хядагчид хүмүүсийг хороож байхдаа “Аллах акбар. Бид гэгээнтний өшөөг авч байна” хэмээн хашгирч байжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Парист болсон халдлагатай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад эмгэнэл илэрхийлэн, терроризмын аюултай хийх тэмцэлд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Томоохон хотуудад жагсаж эхэллээ

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улсын хэмжээнд гашуудал зарлаад байна. Улсынхаа тугийг гурав хоногийн турш хагас налуутай буулгах зарлигийг мөн гаргалаа. Парис хотод төдийгүй дэлхийн бусад томоохон хотуудад хэвлэлийн эрх чөлөөний төлөө иргэд жагсаж эхэлжээ. Тухайлбал, Мосвка, Вашингтон, Лондон, Токио хотноо “Бид айхгүй байна, Би бол Шарли” гэсэн лоозон барьсан иргэд жагсаж байна. Парис хотод 30 мянга гаруй хүн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Түүнчлэн цахим ертөнцөд хэвлэлийн эрх чөлөөг шаардсан хөдөлгөөн өрнөж эхэллээ. “Би бол Шарли” гэсэн шошго бүхий профайл зургийг олон зуун хүн сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхөнгийн тоо толгой өсчээ

Монголын нэн ховор амьтны нэг болох бөхөн гөрөөсний тоо толгой сүүлийн жилүүдэд өсөж, 13,800 хүрчээ.

Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ДБХС) Монгол дахь хөтөлбөрийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан менежер Б.Чимэддорж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Бөхөнгийн тоо толгой 13.800 болтлоо өссөн ч гэлээ нутаглаж буй хязгаарлагдмал хэмжээтэй тухайн газарт ган, зуд тохиолдвол сүргээрээ устаж үгүй болох аюул заналхийлж байна. Дэлхийд зөвхөн Монголд байдаг энэ төрөл зүйлийг устаж үгүй болохоос нь өмнө тоо толгойг нь өсгөх цаасан дээрх хамгаалалыг бэхжүүлэх, хөрсөнд нь буулгах шаардлагатай. 1980-аад оны сүүлчээр ОХУ болон Монгол улсын эрдэмтэн, судлаачид Шаргын говьд өргөн хүрээтэй судалгаа хийж, монгол бөхөн 700 орчим тоо толгой байгааг тогтоож энэ зүйл амьтныг хамгаалах шаардлагатайг дурдсан байдаг. ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос байгаль хамгаалагч, малчид, нутгийн ард иргэдтэй хамтарч Монгол бөхөн хамгаалах төслийг эхлүүлж тухайн зүйл амьтны тоо нөөцийн судалгаа хийх, хууль бус агнуур, худалдааны эсрэг тэмцэх шуурхай баг ажиллуулах, түүнчлэн амьдрах орчныг хамгаалах ялангуяа бэлчээрийн зохистой ашиглалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.Тоо нөөцийн мониторинг, тооллого судалгааг жил бүр хийж байна. Энэ ажлын үр дүнд монгол бөхөн 2000 онд 5200 тоо толгой болж өсч үржсэн. Гэвч 2002 оны өвөл болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж 750 болтлоо цөөрсөн юм. Харин хамгааллын ажлыг цогц байдлаар хийсний ачаар энэ жил 13.800 болж өслөө” гэжээ.

Бөхөн нь ганцхан Монголд тэр дундаа зөвхөн Говь-Алтай, Ховд аймгийн монгол бөхөнгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд 12.000 км нутагт зарим сумын нутагт тархсан амьтан говийн гөрөөс юм.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ 2.5 дахин өсчээ

Төсөв мөнгө хэмнэх зорилгоор төрийн байгууллагын шат шатанд 15 хувийн цомхотгол хийх шийдвэрийг гаргасан. энэ шийдвэртэй холбогдуулан ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдэх нь. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар ажилгүйдлийн төвшин 6.4 хувьтай байна. Өнгөрсөн онд НДЕГ-аас гаргасан судалгагаар ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авсан иргэдийн тоо өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдсэн, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн нь ажилгүйдэл өндөр байгааг харуулсан үзүүлэлт юм байна. Нөгөө талаас 2014 онд хөдөлмөр эрхлэлтийн албанд 90 орчим мянган ажлын байрны захиалга ирсэн бол зуучилсан ажлын байрны тоо 45 мянга байгаа аж. Энэ нь ажлын байрны захиалгын 50 хувьд л үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг.

Categories
гадаад мэдээ

Моторола дахин хятадын зах зээлд өрсөлдөнө

Ухаалаг гар үйлдвэрлэгч Моторола компани ирэх хоёрдугаар сараас эхлэн дахин Хятадын зах зээлд өрсөлдөхөөр болсон тухайгаа мэдэгджээ. Ингэхдээ “Moto X”, “Moto X Pro” “Moto G” гэсэн гурван шинэ бүтээгдэхүүнтэйгээр эргэн ирэх гэнэ. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүн ямар үнэтэй худалдаалагдах талаар хараахан зарлаагүй байгаа аж.

Сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Хятадын ухаалаг утасны зах зээлд дотоод, гадаадын олон үйлдвэрлэгчид өрсөлдөх болсон байна. Одоогийн байдлаар “Samsung”, “Apple” корпорациас гадна дотоодын үйлдвэрлэгч болох “Xiaomi”, “Huawei” брэндүүд зах зээлийн дийлэнх зах зээлийг эзэлж байгаа юм. Иймээс тус улсын зах зээлд дахин нэвтэрнэ гэдэг нэлээд амаргүй даваа хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Харин “IDC” судалгааны компанийн шинжээч Брайн Ма “Өмнө нь Моторола Хятадын ухаалаг утасны зах зээлийн 40 хувийг эзэлдэг байсныг хүмүүс мартаад байх шиг байна. Мэдээж хэрэг өнөөдрийн зах зээл маш их өөрчлөгдсөн. Гэхдээ одоо ч гэсэн тодорхой хэмжээний нэр хүнд хадгалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл

Энэ сарын 22-ноос 29-ний өдрийн хооронд (52 дугаар долоо хоногт) улсын хэмжээнд 100311 хүн амбулаториор үйлчлүүлсний 9463 (9.4%) нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна.

2015 оны эхний долоо хоногт Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгаас ирүүлсэн 83 сорьцыг шинжлэхэд 1 сорьцод томуугийн А (H3N2) хэвшлийн вирус илэрчээ. Уг вирус нь (А (H3N2)) жирийн, улирлын томуу үүсгэгч бөгөөд өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин үүсгэгддэггүй ажээ. Дээрх вирусыг ард иргэд нас баралт өндөртэй, шувууны томуугийн үүсгэгчтэй андуурч, цочирдох явдал элбэг байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

Цаашид томуу, томуу төст өвчин нэмэгдэх магадлалтай тул та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

1. Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агаар оруулах

2. Гараа тогтмол савандаж угаах

3. Сайн унтаж, амрах

4. Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх

5. Амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх

6. Цэгэн массаж хийх

7. Ханиаж, найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуураар таглах, цэр, нусаа ил хаяхгүй байх

8. Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахих, мөн харьяа өрхийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна.