Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал хойшиллоо

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эхэлсэн “Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал хойшилжээ. Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар өөрсдийн биеэр ирж оролцсон юм.

Энэхүү хуралдаанаар Ц.Алдармаагийн ял хөнгөрөх боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа юм. Учир нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлт гарч, Ц.Алдармаа нь бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарсан юм. Өөрөөр хэлбэл, хүнд биш хүндэвтэр гэж гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдөх юм байна. Тус зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Мөн уг зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагдах боломжтой аж. Хэрвээ “тэнсэн”-д хамрагдаж чадвал Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломж бүрдэнэ.

Categories
мэдээ спорт

Пара цанын ДАШТ-д өрсөлдөнө

Монголын пара цанын шигшээ багийн тамирчин Б.Ганболд нэгдүгээр сарын 23-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд АНУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хангаж байна.

Б.Ганболд 2013 онд АНУ-ын Солт Лейк хотод болсон Сочийн өвлийн Олимпийн сонгон шалгаруулах тэмцээний цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын медалийг эх орондоо авчирч байсан юм. Мөн Шведэд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 гаруй тамирчнаас 18 дугаар байрт бариалж, Сочид өрсөлдөх эрхээ авсан.Улмаар “Сочи-2014” XI паралимпт эх орноо төлөөлөн гурван зайд уралдсан юм.

Пара цанын тамирчин Б.Ганболдын хувьд хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөөд сүүлийн хоёр жил цанын спортоор хичээллэж, дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Онгоцны сүүл хэсгийг уснаас гаргахаар оролдож байна

Индонезийн тэнгисийн шумбагчид пүрэв гарагт Ява тэнгисийн ёроолоос “AirAsia” компанийн онгоцны сүүлийг гаргахаар оролджээ. 162 хүнтэй ниссэн тус онгоц нь өнгөрсөн сард Индонезийн Сурабаяа хотоос Сингапурыг чиглэж нисэхдээ үл мэдэгдэх шалтгаанаар осолдсон юм.

Ослын шалтгааныг олж тогтоохын тулд онгоцны хар хайрцаг, нисгэгчийн бүхээгийн дуу хураагч төхөөрөмжийг яаралтай олох шаардлагатай байгаа аж. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, онгоцны сүүл хэсэг уруу харан унасан бөгөөд зарим хэсэг нь тэнгисийн ёроолд шигджээ.

Хүчтэй давалгаа гарч тэнгисийн усанд үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас онгоцны сүүлийг уснаас гаргах, хар хайрцгийг татаж гаргахад хүндрэл учирч байна гэж Индонезийн Үндэсний аврах албаны дарга Бамбан Соелистё ярьжээ. Түүний хэлснээр, Индонез, Францын шинжээчдээс бүрдсэн баг онгоцны сүүл хэсгийг уснаас татаж гаргах өөр арга хайж байгаа гэнэ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ч.Өнөрбаяр: Хувийн хэвшил төрийн хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахгүй бол мөнгөн торгууль ногдуулна

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дараахь тодруулгыг авлаа.

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд өндөр хариуцлага үүрүүлнэ гээд байгаа. Хуулийг хэн, яаж хэрэгжүүлбэл хуулийн шаардлага хангагдах юм бол?

-Хууль хэнд хамаатай вэ гэвэл төсвийн болоод орон нутгийн өмч, хөрөнгийг захиран зарцуулж байгаа таван мянга орчим байгууллага хамаарна. Тэр дундаа байгууллагуудын мөнгө зарсан шийдвэрийг гаргаж нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг эрх мэдэлтэнд илүү их хамаатай.Хуулийн хариуцлага чанга гэхээсээ татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг зардал багатайгаар хянах, гүйлгээг ил тод болгох зарчимтай хууль. Хуулийг сайтар судлаад хэлбэрэлтгүй мөрдөж байгаа албан тушаалтан өөрийгөө төрийн албанд тэнцэх хүн гэдгээ батална. Харин хуулийг гажуудуулдаг хэсэгт нь “Уучлаарай. Чаддаг хүнд нь зайгаа тавьж өг” гэсэн нөгөө талын шүүлт болох юм.

Ямар зөрчил гаргавал хэрхэн шийтгэх тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн шинж байдлаасаа хамаараад зарим тохиолдолд сануулах шийтгэл байна. Цалин хасах, төрийн албанд дахин ажиллахгүй болгох шийтгэл ч байгаа. Мөн хуулийн байгууллагууд зарим зүйлээр халхавчлаад тайлагнадаггүй тохиолдол бий. Үүнийг тодорхой хэмжээгээр хаасан. Үнэхээр үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэсгийн санхүүжилтийг хуулийн байгууллагууд мэдээлэхгүй байж болно. Бусад тохиолдолд тагнуул, АТГ, цагдаагийн байгууллага байлаа ч төсвийн мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнана гэсэн үг. Тайлагнаагүй тохиолдолд хариуцлага нь ижил.

Тэгвэл ямар тохиолдолд цалингаа хасуулж ямар тохиолдолд төрд эргэн ажиллах нүүргүй болох юм?

-Олон төрлийн гүйлгээ хийгдэж таарна. Эндээс мөнгөн дүн нь ялимгүй юм уу эсвэл түүнийг мэдээлэх хугацааг цөөн хоногоор хэтрүүлсэн тохиолдолд сануулах арга хэмжээ авах боломжтой. Харин их хэмжээний үнийн дүнтэй буюу төрд ихээхэн хохирол учруулсан, тайлагналгүй нууцалсан тохиолдолд заавал сануулна гэлгүй төрд ажиллах эрхийг нь хасна. Бас хэдэн төгрөг гаргасан гэх тоог мэдээлээд орхихгүй. Ямар ажилд хэдэн төгрөг зарцуулсан шийдвэрээ мэдээлж байх учиртай. Ингэснээр шахааны бизнес, авлигаас урьдчилан сэргийлэх гээд олон сайн талтай гэж харж байгаа.

Хувийн аж ахуйн нэгж хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн үг үү?

-Тендер аваад ажил үйлчилгээ үзүүлсэн бол төрөөс авсан мөнгөө хэрхэн зарцуулсныг тайлагнаж ил болгох хэрэгтэй. Шууд хэлбэл мөнгөн торгууль ногдуулна. Жишээ нь тайлангаа өгөөгүй, өгөхгүй байгаа компаниудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр торгоно гэсэн заалттай.

Төрийн байгууллагууд мэдээлэх үүргээ яаж биелүүлэх юм?

-Цаас үрэхгүй. Өнөөдөр байгууллага бүр цахим хаягтай болсон. Тиймээс цахим хуудастаа шилэн данс гэсэн булан нээгээд зарлага орлогоо хуульд заасан хугацаанд нь мэдээлээд явах учиртай. Долоо хоногт мэдээлэх гүйлгээгээ долоо хоногтоо, сард, улиралд гээд гүйлгээнээсээ хамаараад хугацаа заасан байгаа. Жишээ нь Архангай аймагт амьдарч байгаа иргэн Засаг даргынхаа юунд мөнгө зараад байгааг хянаад, хар дагуулсан гүйлгээ байвал шалгадаг байгууллагад нь мэдээлэх бололцоотой.

Байгууллагын нууц гэдэг нэрээр тайлан мэдээллээ өгөхгүй, гаргахгүй байх тохиолдол олон байдаг ш дээ?

-Байгууллагын нууц гэх нэрээр үйлдэл, гүйлгээгээ далд байлгах сонирхолтой байдгийг хуулиар хаасан. Байгууллагын нууцын жагсаалт, тогтоолыг тухайн байгууллагын дарга гаргана гэсэн нь дарга нарын давуу тал болдог байсан бол одоо Шилэн дансны тухай хуулиар боломжгүй болж байгаа.

Байгууллага тус бүрийн цахим хаягийг олж мэдээлэл авахад төвөгтэй байх. Мэдээллийн нэгдсэн сайт ажиллахгүй юм уу?

-http://shilendans.gov.mn гэсэн нэгдсэн цахим хаягийг сангийн яам хариу­цаж ажиллана. Энэ хаяг бай­гууллагуудын цахим хаягтай автоматаар холбогдох учраас байгууллага тус бүр мэдээллээ хийсэн даруйд http://shilendans.gov.mn сайтад давхар бүртгэгдэнэ. http://shilendans.gov.mn сайт Шилэн дансны тухай үүнтэй холбоотой бүх хуулийн танил­цуулгыг ч давхар мэдээлнэ. Хуулиар уг сайтыг 2016 оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулна гэсэн ч ач холбогдлыг нь бодоод удахгүй нээн ажиллуулахаар Засгийн газар ажиллаж байгаа.

Ямар гүйлгээгээ долоо хоног, сард ямар гүйлгээг улиралд мэдээлж байх ёстой юм?

-Нийт 250 гаруй төрлийн гүйлгээ болж байгаа. Засгийн газар үүнийг цэгцэлснийг саяхан С.Баярцогт сайд мэдээлсэн. Удахгүй http://shilendans.gov.mn сайт ажиллаж эхлэхээр тэндээс мэдээллийг авч болно.

Шилэнданс.мн сайтад улсын нэрээр гаднаас авсан зээлийн зарцуулалт ч мэдээлэгдэнэ гэсэн үг үү?

-Улсын төсөв түүний зарцуулалтаас эхлээд төсвийн мөнгөөр санхүүждэг бүхий л байгууллагын нэг ширхэг хадаас авсан гүйлгээ ч нээлттэй болно гэсэн үг. Мэдээж бонд, бондын хөрөнгийг зарцуулсан тайлан энд багтана.

Тэгвэл Самурай, Чингэс бондын зарцуулалт сайт руу орох уу?

-Хууль эргэж үйлчилдэггүй. Тэгэхээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших зээлийн хөрөнгийн бүх зарцуулалт ил болно гэсэн үг.

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

ЗТЯ-ыг эмнэлэг болгох 6.5 тэрбумаар хүүхдийн эмнэлэг тав, цэцэрлэг арвыг барих юм байна

ТҮШМЭДИЙН ОРДНЫГ ТҮМНИЙ ЭМНЭЛЭГ БОЛГОЁ

-БАРИЛГЫН ЗАХЫН НЭГ КОМПАНИ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗТЯ-НЫ БАРИЛГЫГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ЗАСЧ, ЦАГААН САРЫН ӨМНӨ БЭЛЭН БОЛГОЖ ЧАДНА-

Зам тээврийн яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар засч тохижуулахад ойролцоогоор 6.2-6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Эрүүл мэндийн яамнаас гаргаад байгаа. Гэтэл Зам тээврийн яамны байрыг эмнэлгийн зориулалтаар засч, тохижуулахад 1.3 тэрбум төгрөг байхад л хангалттай гэдгийг барилгын салбарын инженерүүд ярьж байна. Мөнгийг нь даруй шийдээд өгчихөд барилгын захын нэг компани ажилдаа ханцуй шамлан ороход хоёрдугаар сарын дундуур хүүхдийн шинэ эмнэлэг үүдээ цэлийтэл нээх боломжтой юм байна. Төр нь яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд багаар бодоход 6.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгдэж байхад барилгын салбарт хөлс хүчээ урсган өдөр шөнө, өвөл, зунтай уралдан ажилладаг, бор зүрхээрээ яваа барилгын компанийн захирлууд энэ ажлыг 1.3 тэрбумын өртөгтэй гэж тооцоолж байна шүү дээ. Энэ хоёр тооны хооронд ямар их зөрүү гарч байгааг хэн ч ойлгоно.

Зам тээврийн яамны барилгын нийт талбай нь ойролцоогоор 2850 метр квадрат. 6.5 тэрбум төгрөгөө талбайн хэмжээндээ хуваачихаар нэг метр квадратыг хэдэн төгрөгөөр засах вэ гэхээр 2.5 сая төгрөг гарч байна. Эрүүл мэндийн яамныхан нэг метр квадратыг 2.5 сая төгрөгөөр засна аа гэж байхад барилгын компаниуд энэ ажлыг 500 мянган төгрөгөөр гүйцэтгэнэ гэж байна.

Төрд авлига гэх зүйл хэрхэн бүрэлдэн бий болж, биеждэгийг энэ бүхнээс харж болохоор байгаа юм. 6.5 тэрбумаас 1.3 тэрбумыг хасахад үлдэж байгаа 5.2 тэрбум төгрөг тэгэхээр тэр чигээрээ авлига болж хувирах нь. Төрөөс тэрбумтнууд ингэж л төрдөг юм байна. Зам тээврийн яамныхан байрыг нь хэрвээ эмнэлгийн зориулалтаар засахаар болбол нүүх зардалд багаар бодоход 200-300 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Энэ тоо бас ямар ч эдийн засгийн үндэслэлгүй. Нүүлгэлтийн компаниуд дөрвөн давхар оффиссын барилгыг нүүлгэхэд тавилгуудын овор хэмжээнээс хамаарч 6-11 сая төгрөг болно гэж байгаа юм. Үүнээс харахад дээрхтэй адил төрөөс саятнууд ийм аргаар мэндэлдэг байх нь гэх сэжиг төрнө. Хэн дуртай нь мөрөөдлийнхөө тоог хэлээд л, түүнийг нь цохоод өгчихдөг ийм хяналтгүй систем манай төр, эдийн засагт ноёлчихоод байгаа юм уу.

Эрүүл мэндийн яамныхны хэлээд байгаа 6.2-6.5 тэрбум төгрөг гэх тоог хэр үндэслэлтэй, бодит амьдралтай уялдсан эсэх талаар барилга угсралтын “Пром сервис” компанийн захирал Д.Бямбаагаас тодрууллаа. Тэрээр сүүлийн арав гаруй жил барилгын салбарт хүчин зүтгэж яваа нэгэн бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын даргаар 1996-2000 онд ажиллаж байсан юм.

Конторын барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад 6.5 тэрбум шаардлагатай гэж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ?

-Зам тээврийн яамны барилгыг эмнэлэг болгох гэж байгаа шийдвэр нь өөрөө тааламжтай, олон түмэнд нийцтэй байгаа юм. Тус яамаар орж гарч ажил төрөл хөөцөлдөж явсан хүний хувьд надад багцаа төсөөлөл байна л даа. 2850 метр орчим талбайтай барилга. Тэгэхээр нэлээд том хэмжээний эмнэлэг болно. Гэхдээ үүнд засвар хийхэд 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгааг нь дуулаад Монгол төр, төрд ажиллаж байгаа улсууд ямар баримжаагүй болчихоо вэ гэсэн бодол төрсөн. Сүүлийн үед салбарын хэмжээнд шийддэг асуудлууд дээр мөнгө угаалт хэтэрхий явагдаад байна уу. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар нэлээд жудаггүй болчихоо юу гэсэн итгэл үнэмшил төрж байна. Энэ бүхэнд шүүмжлэлтэй хандах болсон шалтгаан маань гэвэл би энэ салбарт дөрвөн жил ажилласан. Эрүүл мэндийн салбарын яамны Стратеги удирдлагын төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг зангидаж байсан хүн шүү дээ. Шинэ эмнэлгүүд баригдаагүй нь үнэн. Шинээр эмнэлэг барих хөрөнгө манай засагт байгаагүй юм. Сүүлийн үед төрөх эмнэлэг баригдах гээд дуншаад байж байна. Баригдах гэж байгаа эмнэлгүүдийг хөндлөнгөөс ажиглахад хэтэрхий өндөр зардлууд сонсогдоод байх болчихсон. Эмнэлэг гэхээр л нэг их тусгай обьект гэж ойлгоод туйлшраад байж болохгүй. Эмнэлгийг илүү тохилог болгоё гэвэл өрөө бүрт бие засах өрөө, гар угаагууртай байлгана гэх хэрэгцээ бий. Тусгай тоноглолтой өрөөнүүд ч байдаг. Гэхдээ нийтлэг барилга гэдэг стандарт жишиг дотор баригдах л бололцоотой. Бид Азийн хөгжлийн банкны төслөөр аймгуудын эмнэлгүүдийн өргөтгөлийг бариулж л байлаа.

6.5 тэрбум төгрөгөөр 6500 метр квадрат талбайтай цоо шинэ обьектыг барьж байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ яриад байгаа Зам тээврийн яамны барилга шиг ийм обьектыг хоёрыг шинээр барих мөнгийг засварт зарна гээд яриад байх юм. Хэрвээ үнэхээр тэгж 6.5 тэрбум шаардлагатай гэж яриад байгаа юм бол түүн шиг худлаа тооцоо байхгүй. Салбарын хэмжээнд төсөв хөрөнгийг нь зохиодог аргачлал байгаа шүү дээ. Тоног төхөөрөмж, эд хогшлууд барилгын засварын ажлаас тусдаа явдаг. Барилгатай огт хамаагүй. Сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж авна гэвэл хоёр, гурван сая ам.доллар болно. Магадгүй тэр 6.5 тэрбум төгрөг нь ч хүрэхгүй тийм үнэтэй тоног төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр хүмүүсийн тархийг угааж байгаа юм шиг бүх хүнийг засварын 6.5 тэрбум гэсэн тоон дотор оруулчихлаа. Тэр тооцоонд нь тоног төхөөрөмж нь орсон уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Ийм нэг үл бүтэх мэдээллийн цаана асуудал яригдаад байна л даа.

Засварт зарцуулна гээд байгаа 6.5 тэрбум төгрөгөөр иж бүрэн тохижилттой, сүүлийн үеийн засалтай, 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг барих боломжтой гэсэн тооцоог зарим мэргэжилтнүүд ярьж байна лээ. Хэрэв танай компанид энэ мөнгийг өглөө гэвэл хэдэн цэцэрлэг, эмнэлэг барих вэ?

-Би багцаа тоо хэлье. Саяхан манай компани зуун хүүхдийн цэцэрлэг хоёрыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Канад технологиор баригдсан эдгээр цэцэрлэгүүд нь гаднаа дэд бүтэцтэй. Уурын зуух, худаг, шугам сүлжээ, бохирын цооног, тоглоомын талбай, хашаатай. Иж бүрэн тохижилттой эдгээр цэцэрлэгүүд 600 сая төгрөгт боссон.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд ийм цэцэрлэг 15 ашиглалтад орсон. Одоо хоёр нь ашиглалтад орох гээд хүлээгдэж байгаа. 570 метр квадраттай барилгыг 600 сая төгрөгөөр босгоно гэхээр нэг метр квадратад нэг сая орчим төгрөгийн зардал орж байж шинэ барилга баригдаж байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Яам, тамгын газар дэндүү мэдлэггүй хүмүүсийн цугларал болчихсон юм уу, тийм биш юм бол энэ сансрын тоог хаанаас аваад байгаа юм бэ. Аливаа ажлыг хийхэд хийх ажлын даалгавар гэж гардаг.

Зам тээврийн яамны барилгад иж бүрэн засвар хийгдсэн, маш тохилог байр. Тэгэхээр мэдээж түүн дээр нь нэмээд эмнэлгийн зориулалттай болгоход юу хэрэгтэй вэ. Магадгүй өрөө болгонд угаалтуур тавина гэж бодъё. Тэгэхээр сангийн ажлууд хийгдэнэ. Зарим өрөөнд гэрэлтүүлэг нэмнэ гэвэл цахилгаантай холбоотой ажил гарахыг үгүйсгэхгүй. Агааржуулалт, салхивчийг хэсэгчилсэн байдлаар шийдэх, өргөжүүлэх шаардлага гарч ирнэ. Мэдээж эмнэлэг юм чинь ачааны цахилгаан шат хэрэгтэй. Сэхээн амьдруулах, мэс заслын, мэс заслын дараах, хэвтрийн өвчтөнүүдийн, тусгай гээд блокууд бий л дээ. Ийм хэсгүүдэд зориулж аль нэг жигүүрийг нь илүү тохижуулж болно. Энэ бүгдийг бодож тооцоод хийх ажлуудын даалгавруудыг гаргаад ирэхээр яаж ч бодсон тухайн барилгын бодит өртгийн 30 хувиас зардал нь хэтрэхгүй. Шинэ барилга барих нийт зардлын 30 хувиас иймэрхүү ажил хийх зардлын хэмжээ илүү гарахгүй.

Бүтэн барилга нь босчихсон, хана, хаалга, цонх, шал, дээвэртэй, халаалтын систем нь иж бүрэн шийдэгдчихсэн, усан хангамжийн тодорхой хэсэг нь шийдэгдчихсэн барилга байхад жижигхэн засвар, жижигхэн ажлуудын төлөө бүтэн хоёр эмнэлэг шинээр барих мөнгийг зарна гэж яаж байх вэ дээ. Би ингэж л хэлнэ.

Барилгын аль ч ёс зүйтэй компанид тэр 6.5 тэрбум төгрөгийг өгч газрын асуудлыг нь шийдээд өгчихвөл магадгүй тийм эмнэлгийн барилгыг хоёрыг барьчих компани захаасаа аваад олдоно.

Яармагт баригдаж байгаа төрөхийн эмнэлэгт 17 тэрбум төгрөг зарцуулсан ч барилгын ажил нь гацчихаад л байна. Мөнгийг угаадаг, ууршуулдаг энэ юм төрийнхөө систем дээр байгаа улсуудтай нийлсэн ийм луйврын эдийн засаг манайд хөгжчихөөд байгаагийн гамшиг нь өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хямрал болчихоод байна. Монголд эдийн засаг хямраагүй. Олигархи түвшинд нийлчихсэн төрийн монополь капитализм гэдэг зүйл үүсчихээд байна. Төртэйгээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс нь нийлж цөөнхөд үйлчилсэн засаглал үүсгэчихээр төрийн монополь капитализм бий боллоо гэж ярьдаг. Тэдний нөгөө талд эмзэг бүлэг, ядуус нь үржиж байдаг. Энэ тогтолцоо цөөхөн хүн амтай Монголд маань бий болчихоод байна.

Тэр 10, 20 тэрбум төгрөгийн тендерүүдийн сураг нь мань шиг арван хэдэн жил барилгын салбарт ажилласан жижиг компаниа удирдмар болоод явж байгаа жижиг хүмүүст дуулдахгүй өнгөрдөг. Барилгын олон компани байна. Зүрх сэтгэлээр зүтгээд барилгаа бариад их ажлынхаа ард гарчихаар мөнгө нь орж ирдэггүй. Яагаад мөнгө нь орж ирэхгүй байна гэхээр конторт суудаг гарын үсэг зурдаг хүмүүсийн үзэмжээс л болоод тэр. Үүнийг л авлигажсан нийгэм гэж хэлээд байгаа юм шүү дээ. Эрүүл мэндийн салбарын бүтэн төсөв, санхүүг зохиож байхад энэ дуулдаад байгаа 6.5 тэрбумын тоонд хүрдэггүй байсан юм. Энэ чинь их мөнгө. Хэдий инфляци өслөө өслөө гэсэн ч. 6000 метр квадрат талбайтай обьектыг барьж байгуулах, III эмнэлгийн хэмжээний тийм том цогцолборыг шинээр барих ийм л мөнгөний тухай яриад байна.

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга чинь өмнө нь конторын зориулалттай байсан юм билээ. Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо хороо байрлаж байсан гэсэн?

-Намайг тус хороонд ажиллаж байхад контор маань эмнэлэгт шилжиж байсан юм. Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглахад хүндрэл гараагүй гэж хэлэхгүй. Ачааны цахилгаан шат төлөвлөөгүй обьект байсан учраас хэвтрийн өвчтөнүүдийг зөөхөд хүндрэл гардгийг сонссон.

Одоо яригдаад байгаа Зам тээврийн яамны дөрвөн давхар барилгын нэг жигүүрт нь ганц, хоёр лефт угсарна биз. Өөр ямар асуудал байгаа юм бэ. 6.5 тэрбум төгрөгийн дөрөвний нэг нь л байхад хоолой давсан төсөв гэж харагдаж байна.

Зам тээврийн яамныхан хэрвээ байрнаасаа нүүнэ гэвэл багаар бодоход 200-300 сая төгрөг нүүлгэлтэд шаардлагатай гээд байгаа?

-Ямар толгойтой түшмэл ийм тоо хэлээд сууж байдаг байна. Ийм авлигачид, яаманд олон жил болж ялзарчихсан хүмүүс яамны өөрчлөлтөөр цэвэрлэгээнд орох ёстой. 15-аас дээш жил нэг яаманд бугшаад дархлаа үүсчихсэн нөхдийг цэвэрлэгээнд оруулах ёстой. Үнэхээр сайн ажилладаг юм бол өөр салбар руу явуулж ажиллуулах хэрэгтэй. Заавал төрд ажиллах дуртай юм бол өөр ажил хийлгэ л дээ. Нэг газарт олон жил суучихаад нийгмийг хямраасан, сайн сайхны төлөө бус, ард иргэдийн эсрэг тоо баримтыг гаргаж ирээд авлигыг үржүүлээд байж байна. Манай нийгмийг гутааж байгаа хамгийн том зүйл бол авлигал. Авлига гэдэг дээр би нэг л жишээ хэлье. Би сая барилга ашиглалтад өгөх үед ганцхан хүний гарын үсэг зуруулах гэж хэдэнтээ мөргөж, залбирч байж гарын үсгийг нь авлаа. Онцгой байдлын нэг байцаагч гарын үсгээ зурах гэж бидний ажлыг сар шахам гацаасан. Улс нь шийдээд, бариулаад, ашиглалтад ороод туузаа хайчилчихсан байгаа юман дээр л нэг түшмэлд бүхэл бүтэн нэг компанийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх тийм эрчим хүч байна. Төрд ажиллаж байгаа хүн гэдэг хувийн бизнесийг дампууруулдаг. Татвараас цугласан эдийн засгийн тэр их эрчим хүчийг буруу зүйл рүү зарцуулж тараадаг. Элсэнд асгасан ус шиг, нийгмийн хөгжлийг сааруулдаг ийм улсуудад төр хариуцлага тооцох цаг нь болчихжээ.

Ч.Сайханбилэг сайд аа, таны эхэлж байгаа олон ажлууд тань зөв байгаа. Гэхдээ таны хамгийн том нүүр тулсан асуудал магадгүй мэргэшсэн төсөвчид, мэргэшсэн барилгын инженерүүд, мэргэшсэн компанийн захирлуудыг баригдаж буй обьектууд дээр хөндлөнгийн аудитууд болгон оруулж ирээд задлах, олон тэрбум төгрөг яриад байгаа хүмүүсээс ял асуух үйл явц байж болох юм. Сая саяар нь иддэг байснаа саяа тоохоо байчихаж. Одоо тэрбумаар нь гудардаг болсон байна. Луйварчдыг зогсоогоогүй байгаа цагт Монгол Улсын хөгжил, хямралын тухай яриад ч хэрэггүй. Сайдуудыг ажилла гэж шахах юм бол салбар дотроо тэр хачин тоо тавьдаг нөхдүүдийг эхлээд хаалганы гадна хөөж гарга.

Конторын зориулалттай барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд түүн шиг хэцүү бэрх зүйл байдаггүй, маш хүнд ажил мэтээр ард иргэдэд ойлгуулах гээд байх шиг. Үнэхээр хэцүү юм уу?

-Тэгж үлгэр яриад байх юм. Конторын зориулалттай гэдэг чинь коридортой, өрөөнүүдтэй. Эмнэлэг ч адилхан шүү дээ. Тэрэн дотроо жаахан хуваарилалт хий л дээ. Зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Тэр сүржигнээд байгаад сантехникийн ажлууд нь ч хийгдэх нь тодорхой. Шинээр баригдаж байгаа барилгын нийт төсвийн 10 орчим хувь нь сантехникт зарцуулагддаг. Яаж ч бодсон засварын ажлын зардал нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй. Ямар ч онцгой обьект болгон зассан бай. Тэгэхээр Зам тээврийн яамны барилгыг нэн даруй засч цагаан сараас өмнө бэлэн болгох хэрэгтэй байна. Цагаан сар хүртэл хүүхдийн өвчлөл буурдаггүй. Цагаан сараар харин ч оргил үедээ хүрдэг. Конторын хүнд сурталтнууд хэдэн тоо хэлж толгой эргүүлж өрөөгөө суллаж өгөхгүй байтал эмнэлгүүдийн ачаалал буурахгүй, хүүхдийн өвчлөл нэмэгдсээр л байна. Өнөөдөр бол хүүхдийн өвчлөлийн оргил үед тулсан мөч. Ийм хариуцлагатай үед тоо хөөцөлдөөд л сууж байна гэдэг дэндүү хариуцлагагүйн шинж.

Барилгын аль нэг компанид тохирох мөнгийг нь өгөөд эмнэлгийн барилгыг даруй бэлэн болго гэвэл цагаан сараас өмнө амжих уу?

-Амжина. Засгийн газар нээлттэй, хязгаарлагдмал тендер зарлаад компаниудад “Төсвөө зохиогоод, хугацаатайгаа хийгээд ир” гэвэл ёсзүйтэй компани арваар тогтохгүй гарч ирээд “Үүнийг чинь нэг тэрбумаар хийгээд хорь хоногийн дотор бэлэн болгоё” гээд гараад ирж магадгүй шүү. Уг тендерт тэр яаманд байгаа конторын түшмэдийг оролцуулах хэрэггүй. Монголын төрд идээ бээр шиг шигдчихсэн ёсзүйгүй энэ хувалзнуудаас салаагүй цагт төрийн шинэчлэл, засгийн шинэчлэл явагдахгүй. Манай улс эдийн засгийн биш засаглалын хямралтай байгаа юм. Улстөржсөн энэ системийн үед хэн нэгэн даргын ивээлд орчихсон, өчигдөрхөн гутлыг нь арчаад, цүнхийг нь барьж гүйж байсан нөхөд өнөөдөр төрийн албанд оччихоод хэдэн тоо нэмж хасч чадахгүй орон алдаад сууж байна шүү дээ.

Барилгын компаниуд үндсэндээ үүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд орчихоод байна. Хөрөнгө оруулалт зогслоо. Гэтэл үүний цаана хэрээс хэтэрсэн албан тушаалтнуудаас хамаарсан тендер, луйврын процесс явагдсаар байна. Барилга бариад хүлээлгээд өгөх процесс тэр чигээрээ дарамт болчихсон. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн ял үүрдэг болчихоод байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хямралын үеийн төсвийн бодлого буюу төсвийн тухай хөндлөнгийн санал

Төсвийн бодлогоор дамжуулан эдийн засагт идэвхтэй нөлөө үзүүлэхийг номлогч Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Джон Мейнард Кейнс эдийн засаг өсөх үед төсөв аядуу болж, хомсдох үед төсвийг тэлж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой гэж үздэг. Түүний санаанд суурилсан бодлого явуулсан дэлхийн олон улс амжилтад хүрчээ. Кейнсийн онол дээр суурилсан “Хямралын үеийн төсвийн бодлого” хэмээх хүчирхэг онол бий. Үүний дагуу Монгол Улсын төсвийн бодлогыг дараахь байдлаар шинэтгэж, тодотгох нь зүйтэй болов уу. Эн тэргүүнд төсвийн бодлогыг дараахь зорилгод чиглүүлэх шаардлагатай: Нэгдүгээрт,Эдийн засгийг эрчимжүүлэх. Хоёрдугаарт, 2017, 2018 оны төсөвт нүсэр дарамт үзүүлэх “Чингис”, “Самурай” бондын гадаад өр, төлбөрийг төлж барагдуулах бодлогыг одооноос зарлан хэрэгжүүлж, бэлтгэлийг хангах замаар улс нийтээрээ дампуурах эрсдлээс урьдчилан сэргийлэх, гуравдугаарт, дээрх хоёр бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь угтаа макро эдийн засгийн тэнцлийг хангасан, тогтвортой хөгжлийн суурийг тавьсан, урт хугацааны бусад бодлоготой нийцсэн байх зэрэг болно.

Төсвийн бодлогын дээрх гурван үндсэн зорилго юунд хүргэх ёстой вэ?

Нийтлэг эрх ашгийн үүднээс нэгдүгээрт, улс орны хөрөнгө зоорийг боломжийн хэрээр бүрэн дайчилсан байна. Хоёрдугаарт, нөөц боломжоо илүүтэй нээх зорилгыг агуулсанбайна.

Эдийн засгийг эрчимжүүлэх төсвийн бодлого нь А.Төсвийн зарлага санхүүжилтийн бодлого, Б.Татварын бодлого гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эдийн засгийг эрчимжүүлэх төсвийн зарлага санхүүжилтийн бодлого нь эдийн засаг дахь эрүүл эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэгдсэн дараахь арга хэмжээнүүдээс бүрдэнэ. Үүнд: 1.Төсвийн цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг 2015 оны эхнээс 50 хувиар нэмэх. 2.Монгол Улсад өртгийн 60-аас доошгүй хувийг бүтээгдэх, эсвэл монгол иргэд 100 хувь хийж гүйцэтгэх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, ясли, эрчим хүчний шугам, авто замын барилга угсралт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг дэмжих. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт хийж буй гүйцэтгэгч аж ахуйн нэгжид тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, чанарын баталгаа зэрэг нийт төсөвт өртгийн 15 хувь орчмыг суутган гурван жилээр царцааж буйг цуцлан, гүйцэтгэгч нарт аль болох санхүүгийн хохирол хүндрэлгүйгээр шийдэх арга замыг тогтоох. 3.Орон нутгийн төсвийн харилцааг бүхэлд нь загварт оруулан шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар орон нутаг өөрийн татвар, орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа хэмнэх идэвх санаачилгыг дэмжин, орон нутагт байгаа асар их далд нөөц боломжийг нээн эргэлтэд оруулах зэрэг болно.

Эдийн засгийг эрчимжүүлэх татварын бодлого нь дараахь алхмуудаас бүрдэнэ. Үүнд:

1.Жилд 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг 2015 оны эхнээс 2017 он дуустал 3 жилийн хугацаанд орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, энэ хугацаанд эдгээр татварын хялбаржуулсан тогтолцоог хуульчлан бүрдүүлж, 2018 оноос эхлэн тухайн аж ахуйн нэгж нь татварын уламжлалт тогтолцоо, эсвэл хялбаржуулсан тогтолцооны аль нэгийг өөрсдөө сонгон шийдэх боломжийг бүрдүүлэх, цалингийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх доод босгыг нэмэгдүүлэх.

2.Орлогын албан татварын 3 тэрбум төгрөгийн босгыг 2015 оноос эхлэн 5 тэрбум төгрөг болгон өсгөх.

3.Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаалийн татварыг 5-аас 30 хувийн хооронд ялгавартайгаар тогтоох зэрэг болно.

Бодлогыг хэрэгжүүлэхдээ үндэсний бүтээгдэхүүнээ илүүтэй хэрэглэхийг нийт иргэддээ, харин татварын хөнгөлөлтийн бодлогын үр дүнгийн тодорхой хэсгийг өөрсдийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд ашиглахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүсэлт болгох нь зүйтэй. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг дахь эрэлт хэрэгцээ наад зах нь 2 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэж, аж ахуйн нэгжийн борлуулалт тэр хэмжээгээр өснө. Энэ бодлогын дагуу Дотоодын нийт бүтээгдэхүүн тодорхой хувиар өснө. Импортын нэмэлт хэрэгцээ 500 сая орчим ам.доллараас хэтрэхгүй, тэр бүү хэл үндэсний үйлдвэрлэлийг дэмжих энэхүү бодлого нь импортыг орлох, экспортыг дэмжихэд чухал дэмжлэг болж, гадаад худалдааны тэнцэл болон улсын валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлэх болов уу.

2015 онд цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг 50 хувь нэмэгдүүлснээр улсын төсөвт цэвэр зөрүүгээрээ 800 орчим тэрбум төгрөг, жижиг дунд бизнес эрхлэгчдийг 3 жилийн хугацаанд орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр 60 орчим тэрбум төгрөг, нийтдээ 860 орчим тэрбум төгрөгийн төсвийн дарамт бий болох юм. Харин орлогын албан татварын босгыг өсгөх, гаалийн татварыг ялгавартай тогтоон нэмэгдүүлэх арга хэмжээ нь төсвийн орлогын хувьд өөр хоорондоо тэнцвэржүүлсэн арга хэмжээ болох болов уу.

Хямралын үед баримтлах төсвийн бодлого нь төсвийн байгууллагын ажиллагсдын орон тоог цомхотгохыг зөв алхам гэж үздэггүй. Төсөв хумигдаж байгаатай холбогдуулан аж ахуй, бизнесийн байгууллагууд хаалгаа барьж, ажиллагсдаа цөөлж, бизнесээ царцааж байхтай зэрэгцүүлэн ажилгүйчүүдийн тоог нэмэхийг тийм ч ухаалаг алхам гэж үздэггүй. Тэгээд ч төсөв бол нэгэнтээ “нийтийн эв санааны нэгдлийн мөнгөн сан” учраас олны ашиг сонирхолд хөтлөгдөх ёстой болохоос цөөн хэдэн даргын дутуу дулимаг бодолд захирагдах ёсгүй. Ер нь хямралтай эсэхээс хамааралгүй нийгэмд ач холбогдол багатай зүйлд төсвийг зарцуулж буй эсэхийг байнга хатуу хянаж байх ёстой.

Монгол Улс иймэрхүү төсөв, татварын бодлого, чиг баримжаа, тогтолцоотойгоо явбал 2015 он, цаашдын сорилтоо ч даван туулж чадахгүй. 2017-2018 оны гадаад өр төлбөрийн хүндрэлээ ч давж гарахгүй, улс орны тогтвортой хөгжлийн суурь ч бий болохгүй нь нэгэнт ойлгомжтой болоод байна.

Юуны өмнө татвар, төсвийн орлогын хүрээнд эрс шинэтгэл хийх алхмыг цаг алдалгүй хийх шаардлага тулаад иржээ. Төсвийн бодлогын хамгийн чухал алхам бол татварын тогтолцоог илүү шударга болгон шинэчлэх явдал. Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Иосиф Штиглиц энэ талаар авах арга хэмжээг ийнхүү тодорхойлсон: Нэгдүгээрт мөнгө, орлого хаана илүү их байна тэнд илүү татвар ногдуулах, Хоёрдугаарт нийгэмд сөрөг үр дагавар авчирдаг бизнесийн үйл ажиллагаанд илүү өндөр татвар ногдуулах.

Банк, санхүүгийн салбарын чанаргүй зээл, хортой моргейж нь аанай л нэг төрлийн орчны бохирдол юм. Бохирдуулж, хор хохирол учруулж байгаа этгээдэд илүү татвар ногдуулж чадсан цагт л “rule of law” (хуулийг дээдлэх ёс) амьдралд бодитой хэрэгжинэ. Сүүлийн үед банк, санхүүгийн байгууллагуудад илүүтэй татвар ногдуулах санаачилга дэлхий дахинаа гарах боллоо.

Татварын шударга тогтолцоо нь төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлэх тэр л боломж мөн. Хэрэв баян, ядуугийн хоорондын ангал өргөсч, нийгмийн тэгш бус байдал түгшүүрийн харанга дэлдэж байвал баячууд, өндөр орлоготой бүлэгт өндөр татвар оноох нь зүйтэй. Улсын бүтэн жилийн орлогын 20 хувийг олдог нийгмийн цөөнхийн давхаргад ногдуулах татварыг 10 пунктээр нэмэгдүүлэх бодлого баримталбал улсын төсвийн орлого ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээгээр шууд нэмэгдэх боломжтой болно.

Эдийн засгийг эрчимжүүлэх төсвийн бодлогоос хамааран төсөвт ирэх дарамтыг саармагжуулах, гадаад өр төлбөрөөс үүдэн 2017-2018 онд учирч болох эрсдлийг даван туулах, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд дараахь арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд, 1.Ханшийн өөрчлөлтөөс ашиг орлого нь нэмэгдэж буй банкны байгууллагууд, уул уурхайн экспорт эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн ААНОАТ-ыг 10 пунктээр нэмэгдүүлэх, гэхдээ энэ арга хэмжээг уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү бодлогыг зарласнаас хойш 2 жилийн дараа буюу 2017 оноос эхлэн мөрдүүлэх. 2.Архи, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ААНОАТ-ыг 10 пунктээр нэмэгдүүлэх, арилжааны банкуудын зээлийн эрсдлийн санг өртөгт оруулан тооцож буй одоогийн журмыг өөрчлөн татварын дараахь ашгаас энэхүү санг байгуулдаг өөрчлөлтийг 2015 оноос хэрэгжүүлэх. 3.Монгол банкны эмиссийн орлого болон Монгол банкинд байрших Улсын валютын албан ёсны нөөцийн төгрөгтэй харьцах ханшийн зөрүүгийн орлогын тус тус 70 хувийг Улсын төсөвт орлого болгон оруулдаг журмыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх, урьд жилүүдэд энэ хоёр үйл ажиллагаанаас олсон орлогыг мөн энэ арга хэмжээнд хамруулах зэрэг болно.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Улсын төсөвт 2015 онд наад зах нь 2,8 их наяд төгрөгийн орлого оны эхнээс даруй нэмэгдэж орох боломжтой ба цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг 50 хувь нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгоход төсөв дээр буух 860 тэрбум төгрөгийн дарамтыг хасан тооцож үзвэл санал болгож буй багц арга хэмжээнүүдийн үр дүнд Улсын төсвийн олох цэвэр орлого 1,9 их наяд төгрөг болох юм.

Төрийн сангаас арилжааны банкуудад борлуулсан Засгийн газрын бондын үлдэгдэл 1,6 их наяд төгрөг болоод байгаа. Эдгээр бондын жилийн хүү 15-17 хувь, 2015 оны төсөвт 300 орчим тэрбум төгрөг эдгээрийн хүүний төлбөрт туссан байх ёстой. Иймээс дээрх төсвийн цэвэр орлогоор нэмэгдэж буй эх үүсвэрийг энэхүү 1,6 их наяд төгрөгийн бондын төлбөрт шууд зарцуулж, үүнээс сулрах бондын хүүний төлбөр 300 орчим тэрбум төгрөгийг дээр дурдсан эмнэлэг, цэцэрлэг ясли, эрчим хүчний шугам, авто замын хөрөнгө оруулалтад ашиглах боломж нээгдэнэ. Дээрх нэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд Улсын төсвийн нийт тэнцэл 2015 онд 300 гаруй тэрбум төгрөгөөр сайжирна.

Монгол Банкинд эмиссийн орлого болон ханшийн зөрүүгийн орлого нь өөртөө хаагддаг тусгай дансуудад бүртгэгдэн Монгол Банкны өөрийн орлогод тусдаггүй гэж ойлгогддог. Монгол Банк дахь эмиссийн орлого буюу гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үлдэгдэл багцаагаар 3 орчим их наяд төгрөг болж байгаа болов уу. Дэлхийн олон улс оронд энэхүү эмиссийн орлого нь төсвийн орлогын нэгэн голлох эх үүсвэр болдог. Тухайлбал, АНУ-д долларын дэвсгэртийг Сангийн сайд, Төрийн сангийн эрхлэгч нар нь гарын үсэг зуран баталгаажуулж Сангийн яам нь хэвлэн, хадгалдаг. Харин АНУ-ын Төв банк нь гүйлгээнд бэлэн мөнгө гаргахдаа Сангийн яамнаас номинал үнээр нь худалдан авч, орлого нь Улсын төсвийн орлого болдог.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оны өмнө хууль баталж ОХУ-ын Төв банкны эмиссийн орлогын 75 хувийг төсөвт жил бүр дайчлах болсон. Өмнө нь 50 хувийг төсөвт авдаг байсан. Европын Холбооны Төв банк эмиссийн орлогоо хүн амын тоо ба ДНБ-ий үзүүлэлтээс хамаарсан томъёогоор гишүүн орнууддаа жил бүр хуваарилдаг. Төв Банкны ханшийн зөрүүний орлогыг бараг бүх орнууд төсөвтөө хураан авч тэгшитгэдэг байна.

2012 оны дундуур ам.доллартай харьцах ханш 1300 төгрөг байсан бол одоо 1838 төгрөг болж 500 орчим төгрөгөөр нэмэгджээ. Энэ хооронд Монгол Банкинд байрших улсын валютын нөөц 1500 сая доллараас доошгүй хэмжээгээр хадгалагдаж ирсэн гэж үзвэл өнөөдрийн байдлаар ханшийн зөрүүний орлого наад зах нь 750 тэрбум төгрөг болох юм.

Мөнгөний хэт тэлсэн бодлого нь эдийн засгийг дэмжиж, уналтаас аварч байгаа гэсэн Монгол Банкны тайлбарыг зөв гэж үзвээс дээрх хоёр орлогыг Монгол Банкнаас нийтийн эрх ашгийн үүднээс төсөвт татан авах нь Монгол Банкны бодлогод нийцэж байгаа алхам болно. Олигархиудыг биш харин иргэд, мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаагаараа энэ бодлого илүү оновчтой болох болов уу. Цаашид жил бүр Монгол Банкнаас ийм хэмжээгээр улсын төсөвт орлого дайчилдаг тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй. Хяналтыг сайжруулах үүднээс төгрөгийн дэвсгэртийг АНУ-ын жишгээр Сангийн яам хариуцаж, харин гүйлгээнд гаргах тохиодолд Монгол Банк Сангийн яамнаас нүүр үнээр худалдан авч төсвийн орлого болгодог зарчимд шилжих нь илүү зөв алхам болж болох юм.

Эдийн засгийг эрчимжүүлэх, эрсдлээс зайлсхийх төсвийн бодлогыг макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой бодлогоор дэмжих үүднээс ойрын хэдэн жилийн хугацаанд Монгол Банк үнэ тогтворжуулах, томоохон зээл олгох чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ нэмж авахгүй байх нь зохистой. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх талаар хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мянган төгрөг хэмнэх гэж их ухаан зарах мөртлөө хэдэн тэрбумаар нь дэмий юманд үрэхдээ огтхон ч санаа зовдоггүй” гэж дарга нарыг саяхан шүүмжилсэн.

Энэхүү хөндлөнгийн саналыг тавихдаа бусдын нэгэнт ярьж хөөрч, санал гаргаж буйг давтахгүй байхыг хичээв. Төсөвтэй шууд холбоогүй, эдийн засгийн бусад асуудлууд, мега төслүүдийн асуудлыг хөндөхийг бодсонгүй. Гэхдээ “Нийгмийн даатгалын ерөнхий газар”-ын зардлын эх үүсвэр нь нийт шимтгэлийн орлогын 2 хувь байдаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2 хувиар зураг төсөл болон барилга захиалагчдын зардал тооцогддог г.м. 90-ээд оны сүүлээр тогтоосон хувь хэмжээнүүд өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа нь зарчмын хувьд буруу бөгөөд эдгээр байгууллагын зардлыг төсвийн зарчмаар хянан тогтоож, зарлагаас давсан орлогыг улсын төсвийн орлого болгон дайчлан төвлөрүүлж байх талаар хэн ч ам нээхгүй байгаа тул үүнийг анхааруулах нь зайлшгүй хэрэгтэй санагдлаа.

Хэд гурван орон тоогоор хөөцөлдөж цаг үрж суухаар эрүүл мэнд, боловсролын төсвийн харилцаанд зоригтой шинэтгэл хийн, одоогийн зардал санхүүжүүлсэн тогтолцоог халж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих хөтөлбөрт суурилсан, үр дүнд чиглэсэн төсвийн шинэ харилцааг бүрдүүлэхэд цаашдаа анхаарах нь зүйтэй байна. Дээрх арга хэмжээг дагалдуулан “Өрийн удирдлагын тухай хууль”, “Ирээдүйн өв сан (баялгийн сан)-ийн тухай хууль”-уудыг ч мөн ойрын хугацаанд баталж, макро эдийн засгийн хариуцлагатай, ил тод удирдлагын тогтолцоо, загварыг бий болгон, тогтвортой хөгжлийн суурийг тавих зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү хөндлөнгийн саналыг илүүтэй сонирхсон хүмүүс Нобелийн шагналт, эдийн засагч Пол Кругманы нийтлэлийн тухай “Улс орон компанитай адилгүй”, Нобелийн шагналт, эдийн засагч Иосиф Штиглицийн “Штиглиц: Тэгш бус байдлын хор уршиг” гэсэн нийтлэлүүдийг www.news.mn сайтын архиваас олж уншиж болох юм. Бүгдээрээ хэлэлцвэл бүруугүй.

Л.ДАШДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Утга зохиолын оны шилдэг бүтээлүүд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр оны шилдэг бүтээлийг тодруулдаг “Алтан-Өд” наадам өнөөдөр Улсын филармонид уншигч олонд нээлттэй болох аж. Өнгөрөгч онд туурвисан зохиолчдын бүтээлээс яруу найргийн төрөлд М.Саруулдалайн “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш”, хүүхдийн зохиолд Ч.Наранцэцэгийн “Тунгалаг өнгө”, орчуулгад Ж.Оюунцэцэгийн “Хөршүүд”, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлд М.Уянсүхийн “Айшхи”, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлд Ж.Заяабаатарын “Омог босоо хавт Хасар”, жүжиг, киноны зохиолд Н.Сүхдоржийн “Галдан Бошгот хаан”, баримтат уран зохиолд Б.Цогнэмэх нар тус тус шалгарчээ. Мөн шилдэг бүтээл туурвисан зохиолч найрагчдад олгодог МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэл “Ганнибал”, Б.Баясгалан “Зөнгийн нүд”, С.Бүрнээ “Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэнд “Хатан сэрэл” Ж.Гун-Аасүрэн “Сэргэлэн одод чуулсан шөнө”, Т.Дашбалдан “Сэтгэлийн шувуу”, Я.Мөнхжаргал “Тэвчээр”, М.Отгонбаяр “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б. Хүрэлтогоо “Илчлэлт” бүтээлээрээ хүртжээ.

Ө.МАНЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Умар зүгийн Жавзандамбын шашин

Б.Цэнддоогийн “Соё­лын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнө­сөн албадан соёлжуулах операци-соёлын довтол­гооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бич­сэн уг бүтээлд монгол­чуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “Нүүдэлчид ба шашин шүтлэг” хэсгийн, төгсгөл бүлгээс толилуулж байна.

ХУВИЛГААНЫ ЦЭРЭГ ХУВИЛГААН

…Төвд, монгол хоёр шарын шашнаар ижилсэнэ. Гэвч төвдийн шашин дотроо гармава, нямава гэхчлэнгийн олон фракцитай. Харин гадаад монгол шашны хувьд тийм айхавтар зөрөө зөрчлөөр бага.Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт Төвд газраас тодордгийн хувьд цастын оронтой мах цусны холбоотой. Холбоотой гээд бүх төвдийн төлөөлөл болж чадахгүй. Ер нь Хималайн уулын хавцалд эзэн сууж, арай боловсронгуй нь аймгаа,ялимгүй хоцрогдонгуй нь бүлгээ захиран суудаг энэ оронд нийтлэг захиргаа байхгүйтэй адил.

Ан гөрөө, худалдаа наймаагаар аж төрдөг энэ үндэстэн, дээрмийн ажлыг туслах аж ахуй маягтай эрхэлнэ. Дээрэм нь өөрийн дүрэмтэй. Мөргөлийн зам тоссон дээрэм нь таллага, сүрдүүлэлт, татварыг хослуулна. Харин аймаг хооронд өрнөх дээрэм бол “Хэрвээ баригдвалхулгайлсан эд зүйлээ нугалан төлж хохирлыг барагдуулах, хүний аминд хүрээд ирчлэгдвэл амийг амиар төлөх” гэхчлэнгийн арай өөр дүрэмтэй. Овог аймгийн эрчүүл ээлжит дээрэмд мордохын өмнө ахлагч тэргүүн нар нь энэ талаар зөвлөлгөө өгнө.

Хөөрхий буян бүтээхээс өөр бодох санах юмгүй болсон мөргөлчид энэхүү дээрэм тонуулыг үйлийн үр, бурханы төрөлд ойртох замд учрах нигууртай саад бэрхшээл гэж итгэн, хүлцэнэ. Хожим ийшээ замнах олон амьтны буян замын нэр хүндийг сэвтээх болуузай гэх сэтгэлээр энэхүү аймшгийн түүхийг төдий л ярилгүй, ам хамхидаг бололтой юм.

Учир нь Төвд орны амьдралын энэ хатуу үнэн, аян замын тонуул, дээрмийн тухай үлгэр, хууч халх нутагт дуулддаггүй. Тэрнээс биш иймэрхүү яриа ам дамжингаа сүр хүч, шидээр баяжин жинхэнэ аймшигт махчны үлгэр болон хөгжих учиртай. Харин Төвд орноор аялсан судлаач Ц.Гомбожав, П.Козлов, Хаслунд, Свен Хейден нарын тэмдэглэлээс Төвд орны өөр дүр төрх харагддаг.

Төвд орны шашны албан ёсны тэргүүн Далай лам нь шарын шашны гурван амьд бурханы нэг бөгөөдБанчин богд, Жавзандамба хутагт нарынхаа дээр нь байдаг гэж үзнэ. Ламын шашинтны хүрээнд тэрээр “Шажныхаан” хэмээн тооцогдоно.Энэ утгаараа, Гадаад Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт ньтөрсөн нутгаараа төдийгүй, хувилгааны эрэмбээрээТөвдөөс хамааралтай болоод ирж байна. Өөрөөр хэлбэл, тэрээр Далай ламын цэрэг ажгуу.

ШАШНЫ ТУСГААРЛАЛААС ТӨРИЙН ТУСГААРЛАЛ

Шашны тэргүүнийг ньгадаадаас тодруулдагт монголчууд угаасаа дургүй. Анхдугаараас богдын таалал болсонтой холбогдох таамгаас эхлээд хоёрдугаарын үхлийн сэжиг, түүнчлэн гуравдугаар дүр болгохоор завдан тодруулагсдын хувь тавиланг бас яахин мартах билээ.

Гадаад Монголын элитүүд болох шашны мяндагтнууд хийгээд алтан ургийнхан хамтдаа нэгэн дүгнэлтэд хүрсэн нь “Тусгаар тогтнолоо бүрэн сэргээхийн тулд шашны хувьд Төвдөөс хараат бус болох явдал” байсан бололтой.Энэ бол улс төр, шашныхувьд Манж чин гүрнээс бүрэн тусгаарлах бодлогын эхлэл аж. Бид бүхэн “1911 оны хувьсгал” гэж нэрлэдэг тусгаар тогтнолоо бүрэн сэргээх хувьсгалын эхний цог энэ ажгуу.

Тусгаар тогтнолоо бүрэн сэргээх хувьсгалын ажлын эхний шатнь Төвдийн Буддизмаас хараат бус “Умар зүгийн Жавзандамбын шашин”-ыг тунхаглах явдал байлаа.Бурхан багш “Миний шашин умар зүгээс умар зүгт дэлгэрнэ” хэмээн бошиглосныг иш болгон энэ “Умар зүгийн” хэмээх тодотголыг авсан бололтой.

Умар зүгийн Жавзан­дамбын шашин бол Төвдийн Ламын шашны нэгэн хэсэг гэхээсээ илүү Энэтхэгт үүсэн дэлгэрсэн Буддагийн шашны умарт үзүүр болж байна. Цаашлаад, Умар зүгийн Буддизмын тэргүүн нь, Төвдийн Буддизмын тэргүүнтэй зиндаа нэг болж таарна. Тэгэхээр Далай лам бол Богд Жавзандамба хутагтын дарга бус зиндааны нөхөр байх нигууртай.

Төвдөөс салах гэдэг нь цаад утгаараа Манжаас салах гэсэн санаа. Төвд орон нь Манж Чин гүрний нэг хэсэг.Монголын шашин төвдөөс хамааралтайн хувьд Чин гүрний нутаг дэвсгэрт дээд удирдлага, оройн шүтээн нь байгаа гэсэн үг. Энэ санаа тунхаглагдахаас хавьгүй өмнө үндэс суурь нь тавигджээ.

Нүүдэлчдийн дунд түгээмэл байдаг хувь хүний амбици чухамдаа жалга жалгандаа эзэн, дов довондоо ноён, дош дошиндоо атмаан байх боломжоос эхтэй.Оюун сэтгэлийн хувьдтөрөл дамжин бурхан буддагийн зэрэгт очсон Жавзандамба хутагт нь бие махбодийн хувьд төвд л хүн. Түүнд монгол газар суугаа Төвдийн шашны төлөөний хүн, далай ламын шууд удирдлагын ажилтан байхаас илүүтэйгээр хэнээсхамааралгүй, өөрийн нутагтаа эзэн байх хүсэл төрөх нь аргагүй.

Бурханы шашны мөн чанар нь ертөнцийн хүлээснээс алдуурах явдал. Богд гэгээн Төвдөөс уяатай удирдлагын хүлээснээс ангижрахыг хүсэхэд буруу нь юу билээ. Түүний шавь монголчууд нь “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” байхыг чухалчлан сургадаг бус уу!

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын инстүүц ч Манж, Хятадын эсрэг байр суурийг илэрхий баримтлах болов. 1891 онд буюу бадруулт төрийн 17 онд гаргасан Богдын лүндэнд сүсэг бишрэлээ нэмэгдүүлэхийг уриалахын сацуу Манж Хятадын эсрэг санаа агуулжээ. Тэнд “Ар халх та нар минь, манж хүн, хар хятадыг ирэхэд ширээ ширдэг тавьж, миний шашны хуврагуудыг доромжилж суудаг чинь бурхан шашин эвдэрч, хэл буруутанэтгээдийн, дайсны гарт учирч зовно…” хэмээгээд ” миний үгэнд орохгүй бол…би түвдэд явна, эргэж төрөхгүй” гэж айлгажээ.

Бурханы шавь нарыг бусдаас дорд үзэж байна гэсэн санаа мэт байвч, Манж Хятадыг бусдаас сайнаар үзэж байгааг шууд буруушаасан утга байна. Үүгээрээ Манж Хятадаас салахыг уриалсан гэж ойлгогдоно. Мөн Гадаад монгол нь Манжийн зөвхөн вассал төдий учраас дотоод хэсэг, бүрэлдэхүүн нь огт биш гэдгийг ч илэрхийлснийг эндээс харж болно. Лүндэнд буй, цаашдаа харь хэлтний гарт орно гэсэн анхааруулга бол харийн гарт ороогүй эрх чөлөөтэй ард түмний ард түмэнд хамаатай сэрэмжлүүлэг бөлгөө.

Харин “Миний үгэнд орохгүй бол…би Төвдэд явна, эргэж төрөхгүй” гэдэг нь монголчуудын зүгээс оруулсан, ихээхэн ёгт утгаар оруулсан, алсын бодлоготой үг бололтой.

ДАЛАЙ ЛАМ БОГДЫН НУТАГТ УРИЛГАГҮЙ ЗАЛРАВ

Монголын шашны тэргүүний бие даахоролдлогын жишээ XIII Далай лам Монголд ирсэн үйл явдал дээр тод илэрдэг. Түүнийг нийслэл хүрээндирэхэд Богд хаан биечлэн тоссонгүй, төлөө хүнээ явуулан бэлгэдлийн байдлаар мэнд мэджээ.

Үнэн хэрэгтээ Далай ламын айлчлалд Богдын хүрээ таагүй хандав. Зарим сурвалжаас харахадБогдын зүгээс түүнийг хэдийгээр Далай лам их боловч миний эзэмшил газарт ирсэн гадны хүн. Ийм учраас миний мэндийг эхэлж асуух учиртай гэж үзэн гэдийжээ. Харин Далай лам нь би шажны хаан учраас Жавзандамба надтай золгохоор ирэх учиртай хэмээн мөн л шаралхжээ.

Нэг талаар Далай лам нь Богдын урилгаар заларсан албан ёсны зочин биш байлаа.Тэрээр Лхасыг англичууд эзлэх үеэр “Оросын Цагаан хаанд бараалхах” нэрээр умар зүг дүрвэн гарсан аж. Түүнийг ятган дагуулсан Оросын буддист Агваан хамба чухам ямар төлөвлөгөөтэй байсныг таахад амаргүй. Ламын шашны тэргүүнийг Хаант Орост аваачсанаар задран алдаж байгаа Манж гүрнээс Төвдийг салган цагаан хаандаа нэгтгэх санаа бололтой. Гэвч Манж чин гүрний зүгээс Хаант Орост зөвшөөрч боломгүй алхам, Хаант Оросын хувьд ч дипломат ёсноос гадуур бүдүүлэгалхам болох учраас Далай ламын дүрвэлт Гадаад Монголын шашны төв их хүрээ, ба Ханд вангийн хүрээгээр хязгаарлагдаад дуусчээ.

Улс орноо Манжаас тусгаарлах хувьсгалын гол туслагч, аврагч болох нигууртай Хаант Орос улсад Нийслэл хүрээ ч чамгүй талтай, Богдын засагт ч тэд нүүртэй байсан байж таарна.Энэ нүүр тал уг айлчлалд нөлөөлсөн байж болно. Бас Манжийн төрийн зүгээс ч гэсэнШарын шашны гурван оргилын хоёрыг (нөгөөх нь Ванчин богд) нэг хүрээнд нэгтгэхийн эсрэг байсан бөгөөд тэднийг ойртуулахгүй байх янз бүрийн алхам хийсэн нь гарцаагүй.

Ямар ч байсан Богд Жавзандамба хутагт өөрийгөө Далай ламтай зэрэг зиндаа нэг гэж тунхаглаагүй ч, эрэмбийн хувьд хэрхэвч түүнээсдутахгүй гэдгээ харуулжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн дурсамж яриагаар бол тодорхой хэсэг нь шашны тэргүүнээ дэмжин, зочны дэв зэрэг өндөр ч гэсэн албан ёсны урилгагүй учраас Богд зөв алхам хийсэн гэж үзэж байсан гэдэг.

Мөргөлчин, сүсэгтнүүд үерлэж байсан ч гэсэн улс төрийн дэмжлэг дутсан, нийслэл хүрээний эрх баригчдын хөндий хандлагаас цэрвэсэн дээрхийн гэгээнтэн “Умар зүгийн Жавзандамбын шашин”-ы төвөөс дүрвэн Ханд вангийн өргөөнд өвөлжөөд нутаг буцжээ. Түүгээр ч барахгүй сүсэгтэн олны өргөл барьцанд ирсэн мянга мянган толгой мал сүрэг, үлэмж эд агуурсыг нутаг аавч явж чадалгүй хүрээнд байгуулсан сан жастаа үлдээгээд харьсан байна.

Оросын нөлөө, Манжийн явуулга, Нийслэл хүрээний амбиц тал талаасаа нийлээд Далай ламын “аялал, дүрвэлт, айлчлал”-ыг улс төрийн хувьд амжилт муутай болголоо.Эцсийн дүндээ Алтан ургийн хан нар хийгээд Монголын төрийн зүтгэлтнүүд шашны тэргүүнээ Манж, Төвдөөс тусгаар ажиллагааны эхний шалгуур амжилттай болов.

УМАР ЗҮГИЙН ШАШНЫ ТЭРГҮҮН

Төрийн бүрэн тусгаар тогтнолын тулгын чулуу болсон шашны тусгаар тогтнолын бодлого цаашид Богд хаант Монгол Улс байгуулагдах үүдийг нээлээ.Монголын төр, шашны зүтгэлтнүүд нэгэнт Төвдөөс хамааралгүй болсон Богд хаанаа тойрон хүрээлснээр эрх чөлөөний хувьсгал нэгдсэн удирдлагатай боллоо.Шашнаар улам улам биеэ даах бодлого нь Автономит засгийн үед ч, ардын засгийн жилүүдэд ч хүчтэй үргэлжилсээр байв.

1919 онд шанзов Бадамдоржоос хүрээн суугаа Хятадын сайд Чен И-д өргөсөн бичигт, Богд Жавзандамба хутагтыг төрөл тутамд ньумар зүгийн шашны эзэн болгон албан ёсоор өргөмжлөхийг хүссэн байна.

Монголын төрийн бодлогыг хэрэгжүүлэгчдийнхувьд өөрийн шашныг Төвдөөс тусгаарлан Зонховын шашинтай эн зэрэгцэж болох Жавзандамбын шашин болгон тунхаглах бодлого нь шашин төрийн тусгаар тогтнолын зөвхөн эхний алхам. Бодлогын жинхэнэ дүр төрх түүний араас эхэлнэ.Энэ зуур наймдугаар Богдын инстүүц өөрийн дэвсгэр нутгийн том жижиг хутагт хувилгаадын дүрийг тодруулах ажлыг гартаа хийж эхэлсэн аж.

Монголын шашин эргэлт буцалтгүйгээр, Төвдөөс хамааралгүй болж эхэлснийг дараахь алхмууд харуулна.1924 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт таалал болоход Их хүрээний цорж Чойнзин Богдын хойд дүрийг түргэн тодрохыг бэлгэдэн залбирал (сольдив???)зохиосон аж.Судлаачдын бичсэнээр, уг уншлагаас шарын шашныг Зонховын шашин гэдэг уламжлалыг өөрчлөн “…Умар зүгийн Живзундамба ламын шашин” хэмээх нэрээр орлуулан хэрэглэх болсон нь харагдаж байна. Түүнчлэн бурхадын хөргийн чуулганыг бүтээхдээ Будда ба Зонховын хөргийг орлуулан Жавзандамбахөргөөр орлуулж эхэлжээ.

Шашин эргэлт буцалтгүй­гээр Төвдөөс тусгаарлан, тэндээс хамааралгүй болсон учраас Богдуудын дараагийн дүр “өөр шашинтан” дотор төрөх хэрэгцээгүй болно.Умар зүгийн Жавзандамбын шашны тэргүүний хойд дүрийг Төвдийн Зонховын шашинтан дотроос тодруулах нь Ромын папыг Исламын хажи нараас эрэхтэй агаар нэгэн хэрэг болно. Ийм учраас Умар зүгийн шашны тэргүүний хойд дүр умар зүгийн шашинтан дотроо л төрөх нь зайлшгүй.

Нэгэнт бурханы шашинд гүн орсон монголчууд өөрийн дундаас төрсөн Богд дээр ямар нэг харгүй нэгдэж чадна. Ийм нэгдэл нь Монголын тусгаар тогтнолын цаашдын баталгаа байж чадна. Дээр өгүүлсэн лүндэнд буй “Миний үгэнд орохгүй бол… би төвдэд явна, эргэж төрөхгүй” гэдэг үгийн жинхэнэ утга энд харагдана.Эргэцүүлэн бодохуйяа, хэрвээ үгэнд ороод сайн байвал, Төвд явахгүй (Төвдөөс тодруулах явдал зогсоно), эргэж төрнө (нэгэнт Төвд явахгүй учир Монголд төрдөг болно) гэсэн утга тодорно.

ДОТООДООС ХАЙСАН ХОЙТ ТӨРӨЛ

Цаашдын үйл явдал ардын засгийн жилүүдэд өрнөнө. Монголын лам хуврагуудын дунд шашны тусгаар тогтнолын бодлого үргэлжлэн өрнөж, шашныг хязгаарлах засаг төрийн чиг шугамыг сөрөн, Зүүнхараа хавиас Лувсандорж гэдэг хүүхдийг есдүгээр богдийн дүрээр тодруулжээ. Улмаар Гомбо Идшин гүн, лам Жанчивринчен, Гэндэнсоном нар 1926 ондуг хүүхдийгнаймдугаар Богд гэгээний хойд дүр мөн болохыг гэрчилсэн батламжийгБанчин богдоос авсан байна. Төвдийн засгийн газартай хэлэлцээр хийхээр томилогдсон төлөөлөгч Гомбо-Идшин Далай ламын инстүүцийг алгасан, зориуд Ванчин богдод хандсан нь бас л бодлоготой алхам байсан байж магадгүй.

Банчин Богд нь шарын гурван амьд буддагийн нэг төдийгүй, өөрийн гэсэн шашны ханлигтай төдийгүй, ямар нэгэн байдлаар Далай ламтай зөрчилтэй, энэ нь одоо ч давтагдсаар байгаа нэгэн. Хэдийгээр Далай лам, Жавзандамба хутагт, Банчин богд нар бие биеийнхээ шинэ дүрийг сонгон шалгаруулдаг уламжлалын хүрээнд өрнөж буй явдал мэт боловч шарын шашны хааныг зориуд тойрсон, түүнээс шууд хамааралгүй гэдгээ тунхаглахыг хүссэн алхам байж болох талтай.Умар зүгийн Жавзандамбын шашны инстүүц нь Далай ламтай зөрчилтэй явдаг Банчин богдтой сайн харилцах замаар бие даасан байдлаа нотлох санаа агуулсан байж болно.

Улмаар 1920-иод оны сүүлээр өрнөсөн, хувьсгалт хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний итгэл найдвар нь ч Банчин богд болж байлаа. Төвдийн гүнд суудаг Далай ламыг бодоход нутаг орны хувьд ойр учраас түүнд хандсан байж болох ч амьд бурханы аврал газрын хол ойроос хамаарахгүй гэдгий сүсэгтнүүд сайн мэдэх бөлгөө.

Гэвч Монгол Улсын тусгаар тогтнолын асуудалБНМАУ хэмээх шашингүй социалист улс байгуулах замаар шийдэгдсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Хойд солонгосчууд өмнөд рүү довтлох уу?

Хойд солонгосчууд урд хөрш рүүгээ довтлохоор шийджээ. Төлөвлөгөө ёсоор нэг долоо хоногийн дотор газар нутгийг нь бүрэн эзлэх гэнэ. Хэрэв АНУ хөршид нь тусалбалэзлэх төлөвлөгөөнд өөрчлөлт орж, долоо хоног бус 15 хоног үргэлжлэх аж. Энэ талаар “Korea JoongAng Daily” сонины мэдээлснээр Хойд солонгосчууд довтолгоондооцөмийн зэвсэг хэрэглэх юм байна. Тэд ердийн зэр зэвсэг, их буу, танк болон нисэх онгоцноос гадна тусгай хүчинг ч ашиглах аж. Тиймээс тусгай хороо дахь цэргийн тоог 80 мянга байсныг 200 мянга болгож өргөтгөв. Умард Солонгосын эрх баригчид дээрх төлөвлөгөөг 2012 онд анх боловсруулсан. Энэ нь Ким Жөн Ун төрийн эрхийг гартаа авснаас хойш нэг жилийн дараах үе аж.Төлөвлөгөө ёсоор 2013 онд тэд довтолгоогоо хийх байсан ч нэг жилээр хойшлуулсан юм байна. Харин өнгөрсөн оныг Умард солонгосчууд “Хоёр Солонгосыг нэгтгэх агуу дайны жил” болгон зарласан байна. Хойд Солонгосчууд дээрх төлөвлөгөөг АНУ-ын Ирак, Афганистанд явуулсан хамгийн сүүлийнцэрэг дайны ажиллагаанд задлан шинжилгээ хийж гаргажээ. Олон улсын байгууллагын зүгээс тулгарах шүүмжлэл, дарамт шахалтыг үл харгалзан дайнаа хийхээр төлөвлөж буй. Ингэхдээ ужгирсан дайнамжилт авчрахгүй гэж үзэн хурдан хугацаанд дуусгахыг эрмэлзэж байгаа аж. Сануулахад, 2013 оны хоёрдугаар сард Хойд Солонгост гурван ч удаа цөмийн туршилт явуулсан.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Түүнийг чухал сэдвийг хөндөж ярина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдээд буй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч өнөөдрийн хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэх юм байна.