Categories
мэдээ цаг-үе

Марзан хувцаслалтаараа алдартай залуусын дүүрэг

Японы Гинза, Шибүяа, Шинжикү, Роппонгиг залуусын дүүрэг гэж хэлж болно. Автомат тоглоомын төвүүд, караоке, олон үндэстний хоол, дэлгүүр, массажийн төв, кино театр нэг дор төвлөрсөн зугаа цэнгээний газар. Энд байх үйлчилгээний газар гэхээсээ илүүтэй залуусынх нь өмссөн зүүсэн дээр нүд унаж, дуу алдмаар. Токиогийн шоу цэнгээний гол хэсэг болох Роппонги дүүргийн метроны буудал дээр буухад л шал өөр уур амьсгал угтав. Юбка өмссөн залуу урдуур гараад хэнэг ч үгүй алхаад явах нь содон. Өмссөн юбка нь зүгээр ч нэг урт хормойт биш. Өвдөгнөөс нэлээн дээгүүр урттай, дэрвэгэр хормойтой. Хамгийн марзан нь түүнийхээ дээгүүр цагаан цамц, пиджак өмсчихөөд хээв нэг алхах юм. Ингэж хувцасласан залууг надаас өөр тоож харж байгаа ч хүн алга. Угаасаа энэ хавиар эр, эм гэлтгүй бүгд л иймэрхүү маягаар хувцасладаг болохоор гайхаж хараад байх жигтэй явдал биш ажээ. Метроны буудлын ариун цэврийн өрөөгөөр ортол гоо сайхны салонд яваад орчихов уу гэж эндүүрмээр. Энд хүүхнүүд гадаад төрхөө яаж өөрчлөхийг жинхэнэ утгаар нь харуулах юм. Бүгд л нэг нэг толины өмнө зогсоод өөрөө өөртөө иж бүрэн үйлчилгээ хийх ажээ. Ингэж гоодох охидыг хармаар санагдаад нүүрээ угааж буй охины зэргэлдээх толины өмнө цүнхээ тавиад хэсэг зогслоо. Хажуугийн охин жижигхэн тайрсан үсээ дээш шуугаад боочихсон нүүр гараа угааж байна. Бүр шүдний сойз гаргаж ирээд амаа хүртэл угаав. Ингэж угаасныхаа дараа нүүрээ будаж эхэллээ. Чийгшүүлээд, крем пудр түрхээд л. Юу юу ч давхарлаж түрхээд байгааг нь сүүлдээ ойлгосонгүй. Дараа нь нүүрээ будаж байна. Анзаараад хартал хөмсгөө юу ч үгүй хусаад хаячихаж. Цүнхнээсээ хөмсөгний хэлбэр гаргадаг тусгай хэв гаргаж ирж харж байгаад хамгийн гоё зохиж байгаагийнх нь дагуу буддаг ажээ. Дараа нь уртаа гээчийн баахан саа, шигтгээ болсон хиймэл сормуус наалаа. Хацраа өнгөлж, хамраа өндөрлөсний хойно уруулаа будаад сая нэг дуусах шиг болов. Үсээ яах гэж байгаа юм бол доо гэж бодож байтал мэдсэн юм шиг ууттай хиймэл үс цүнхээсээ гаргаад ирж байна. Үндсэн өнгө нь шар, түүн дээрээ тод цэнхэр, ногоон, улаан, ягаан өнгийн сортой бэлхүүс давсан урт хиймэл үсээ эвтэйхэн гэгч нь тогтоочихлоо. Анх харж байснаас шал өөр, нүд хөмсөг болсон хөөрхөн бүсгүй болоод хувирчих нь тэр. Таних хүмүүс нь ч танихгүй болтлоо өөрчлөгдсөн бүсгүй ингэж хувирахдаа тэгтлээ удсангүй. 15 минут хэрийн хугацаанд л будаж шунхдаад дууссан. Мэргэжлийн гоо сайханчаас ч илүү мэдрэмжтэй, хурдан шаламгай гоодсоныхоо дараа ариун цэврийн өрөөний буланд очоод хувцсаа сэмхэн солих ажээ. Өмсөж явсан даавуун өмд, урт ханцуйтай цамцаа бэлхүүс гарсан богинохон цээживч, дэрвэгэр хормойтой юбкаар солин цүнх рүүгээ хийв. Цүнх ч гэж дээ чемодан гэж хэлэхээр чирдэг том цүнхэнд өмсөж байсан бүхнээ хийгээд метроны буудал дээр байх тээш хадгалах хэсэгт 500 иен төлөөд өгчихдөг юм байна. Ингээд ганган гэж жигтэйхэн, хөөрхөн гэж ярилтгүй болсон бүсгүй Роппонги дүүргийн төв хэсэг рүү алга болж өгөв. Түүнийг ажиглан ариун цэврийн өрөөнд зогсох хооронд яг л энэ маягаар нүүрээ будаж, хувцсаа сольсон хүүхнүүд хөлхөх ажээ. Орж ирсэн хүүхнүүд зуны оройн үдэшлэгт явах гэж байгаа мэт нимгэн хувцастай гараад явчих юм. Гэхдээ доогуураа нимгэн, бүр хөл нүцгэн хүүхнүүд Роппонги гэлтгүй хаа сайгүй таарч байсан. Хэдийгээр цаг агаар харьцангуй дулаан ч гэлээ Токиод өвөл болж байгаа. Өдөртөө 10 хэмийн дулаантай хэрнээ цаанаа л нэг жиндүүхэн. Гэтэл хүүхнүүд төдийгүй хүүхэд, хөгшид ч сандаал, өндөр өсгийттэй яваад байх юм. Хүйтэн газраас ирсэн, эднийг бодвол хамаагүй чийрэг байгаадаа гэж дотроо бодож байвч урт түрийтэй гуталтай хэрнээ даарах маягтай явж байхад Токиогийн хүүхнүүд дэргэдүүр туфльтэйгээ л гунхаад байх нь тэр.

Роппонгид япончуудаас гадна гадныхан их цуглана. Ялангуяа lady man ихтэй. Баар, караоке, массажны газрын үүдэнд нь дандаа иймэрхүү хүмүүс зогсох юм. Бас зүгээр явуулахгүй урд хойно гарч бүжиглээд л. Гар шүүрч аваад хөх, өгзгөн дээрээ тавьж аальгүйтэнэ. “Өөрсдийнхөө ажилладаг баар руу оруулахын тулд ингэж аягладаг байх нь” гэж бодсон нь ташаа байж таарав. Учир нь тэд аль нэг цэнгээний газарт харьяалагддаггүй гэсэн. Зүгээр л өөрсдийнхөө хүсэл сонирхлоор ийн зогсдог ажээ. Яавч эмэгтэй хүнд л баймаар тэгш урт хөл, гоолиг нуруутай lady man эндхийн салшгүй нэг хэсэг болтлоо хөгжжээ. Гадны жуулчид төдийгүй япончууд өөрсдөө хүртэл тэднийг харах гэж, хамтдаа зургаа авахуулахаар Роппонгид ирдэг гэсэн. Бас өнгөт арьстан ихтэй. Өргөн өмд өмсөж бүдүүн гинж зүүсэн тэд гудамжаар зөрөн өнгөрөх хүүхнүүд рүү шүгэлдэнэ. Илт татаж чангаагаад байхгүй ч гэлээ янз бүрээр сэмхэн өддөг бололтой юм. Япон хүүхнүүд нэг хэсэг тэднийг үздэггүй, харьцдаггүй байснаа сүүлийн хэдэн жилээс овоо нааштай харьцах болжээ. Нүд үзүүрлэж байсан шалтгааныг нь хэдэн жилийн өмнө болсон хүчингийн хэрэгтэй холбож тайлбарладаг юм байна.

Энэ гудмаас орон орны хоолыг идэж болно. Хоолны газрууд нь үүдэндээ амталгаа маягийн хэсэгтэй. Тэнд нь нэг нэг хүн суучихаад урдуур гарах хүмүүсийн анхаарлыг татах гэж хэр чадлаараа хичээх юм. Үндэстнийхээ дууг дуулах юмуу, янз бүрийн хөгжим тоглоно. Шөнө оройгоор зугаацаж яваа хүмүүст зориулсан болохоор хамар цоргих шарсан мах, янз бүрийн шорлог байх ажээ. Анзаараад байхад энэтхэг, непал үндэсний хоол байс гээд л таарч байв. Энэтхэг хоолны урдуур өнгөрөхөд сари өмссөн бүсгүй бэлхүүсний бүжиг бүжээд инээмсэглэн зогсоод хоол идэхийг урих юм. Хоолны газраас цаашлаад баар, караокенууд эхэлнэ. Бас дээд давхруудад массажны газар байгааг илтгэх зурагт хаягтай. Тэндхийн үйлчлүүлэгч бололтой залуучууд гудманд хөл нүцгэн, халаад өмсчихсөн тамхилж зогсох ажээ.

Шибүяа, Шинжикүд дэлхийн томоохон брэндийн дэлгүүрүүд бий. Иймэрхүү гадны брэндийн дэлгүүрээр голдуу нас тогтсон хүмүүс үйлчлүүлдэг шиг анзаарагдсан. Бас үйлчлүүлэгч харьцангуй цөөтэй. Харин “109 men”, “109 women” зэрэг Японы өөрсдийнх нь брэндийн хувцас зардаг дэлгүүрт залуучууд нь ёстой нэг бужигнаж байх юм билээ. Хувцас, барааных нь ч үнэ харьцангуй өндөр. Гэхдээ сонголтыг яаж л бол яаж хийхээр өргөн. Өнгө, загварын төрлийг тоолж барамгүй. Иймэрхүү дэлгүүрийн үйлчлүүлэгч охид залуус ганган гэж жигтэйхэн. Охид төдийгүй эрчүүд нь нүүрээ будаад гангалчихсан явна. Хөмсгөө засаагүй эрэгтэй бараг алга. Бүгд л хөмсгөө хэлбэр гаргаж засаад уруулаа өнгөгүй өнгөлөгчөөр будчихдаг юм байна лээ. Бүр метроны буудал дээр, эсвэл хоолны газраас гарахдаа ийн будаж зогсох залуустай олон таарч байлаа.

Энэ хавиар орой болох үед Санта клаусын хувцас өмссөн залуус мотоцикль унан давхих юм. Зул сарын уур амьсгал оруулж ийн төвийн дүүргийн гудмаар баярын жагсаал аятай сүр бадруулан явдаг ажээ. Ингэж явахдаа бүгдээрээ санта клаусын хувцастай. Бүр малгай, бээлий, нүдний шилээрээ хүртэл ижилсэх юм. Зарим нь ардаа том цүнх үүрчихсэн, бодвол тэр дотроо бэлэг хийгээд явж байгаа байлгүй. Бас гудамжинд нүүр амаа будан цасан охин болчихсон зогсоо эрчүүд тааралдана. Нүүрээ цав цагаан болтол кремдээд хацраа улаанаар өнгөлөн, нүдээ цэнхрээр буджээ. Дээгүүрээ санта клаусын хувцас өмссөн байх ч доогуураа дотуур өмдтэйгээ зогсож байна. Бас өндөр өсгийтэй сандалтай. Шибүяад явж байхад ийм залуучуудтай тав алхаад л таарна. Гэхдээ дандаа оройн цагаар. Бас л аль нэг баар, хоолны газар, караокены үүдэнд зогсож байдаг. Юм л бол хажуугаар нь яваа хүмүүсийг дуудаад хамтдаа зургаа авахуулахыг санал болгох юм. Ингэж зургаа авахуулахад ямар нэгэн төлбөр нэхэхгүй. Хариуд нь хацар дээрээ үнсэхийг гуйна. Заримдаа зүгээр л баярлалаа гэж хэлээд явуулах ажээ. Хүмүүс ч тэдний энэ үйлдэлд дуртай. Яасан хөөрхөн болж хувираа вэ гэж хэлээд талархал илэрхийлээд л өнгөрдөг ажээ. Зураг авч өгч байгаа залуу өнөөх зургийг нь газар дээр нь угаагаад хэвлээд гаргаж өгч байв. Яагаад ингэж үнэгүй тараадаг юм бол гээд анзаараад хартал зурагныхаа ар талд караокеныхоо танилцуулгыг наачихдаг юм байна. Ингэж эвтэйхэн аргаар, хөөрхөн реклам хийхээрээ үйлчилгээний газрууд нь өрсөлддөг бололтой юм. Дүрд хувирсан иймэрхүү залуусаас гадна гадуур зугаалж яваа хүүхнүүд нь ч зул сарын уур амьсгалд зохицуулан хувцаслажээ. Голдуу цасан охины хувцас өмсөөд толгой дээрээ гэрэлтдэг зүүлт зүүчихэж. Шинэ жилийн гацуур модны хэлбэртэй үсний даруулга зүүгээгүй хүн ховор. Ингэж яваа хүмүүсийг хараад байхаар шинэ жилийн баярын уур амьсгал эрхгүй төрж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Үндсэн хууль доог тохуу болгон хэлээд байх зүйл биш

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа батлаад даруй 23 жилийг үджээ. Ардчилсан Үндсэн хууль манай ард түмний хувьд шинэ зүйл байсан байх. Иргэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Монгол Улсын дөрөвдүгээр буюу олон түмний өгсөн хүндэтгэлийн нэр нь Ардчилсан Үндсэн хууль батлагдаад 23 жил болж байна. Уг Үндсэн хууль нэг талаас 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүний гол зорилгыг баталгаажуулсан Үндсэн хууль юм. Тэр ч утгаараа ард түмнээсээ Ардчилсан Үндсэн хууль гэдэг нэрийг авсан гэж ойлгодог. 1980-аад оны сүүлчээр гурав дахь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шинэчилсэн Үндсэн хуулийг боловсруулах талаар яригдаж байсан. Гэхдээ тухайн үед өөр төрийн үе байсан тул өөр агуулгатай, өөр улс төрийн харилцаатай, эрх чөлөөний өөр хязгаарлалттай байсан цаг үе. Харин 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал анхнаасаа ардчилсан хүчнүүдээс түр хурлыг байгуулъя. Түр хурлыг олон намын оролцоотой байгуулж, түр хурал нь шинэ Үндсэн хуулийг батлаад, Шинэ Үндсэн хуулиар бий болж байгаа төрийн тогтолцоондоо өөрийнхөө бүрийн эрхийг шилжүүлж ардчилсан төрийн тогтолцоо, Шинэ Үндсэн хуулийн дагуу шинэ ардчилсан төрийн тогтолцоотой хүний эрх, эрх чөлөө баталгаажсан Үндсэн хуультай байх ёстой шүү гэсэн шаардлага тавьж байсан. Гуравдугаар сард МАН-ын удирдан жолоодох чиг үүрэг бүхий заалтыг хасч олон нам байхыг хүлээн зөвшөөрсөн. Дараа нь тавдугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд хавсралт хууль хэмээн батлагдсан. Түүгээрээ төрийн ерөнхий байгууллагынхаа тогтолцоог өөрчлөх Ерөнхийлөгчтэй байнгын ажиллагаатай парламенттай хуучин Ардын Их хурлын өмнө байхаар төрийн эрх мэдэл чиг үүргүүдийг тодорхой хэмжээгээр салган хуваарилсан. Тухайлбал, Улсын Бага хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхийг өөртөө хадгалж Үндсэн хуулийг батлах асуудал Ардын Их хуралдаа хадгалагдана гэж байлаа. Ингэж Бага хурал батлагдан байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад ирэх онд 25 жилийнхээ ойтой золгох гэж байна. Бага хурал маань бидний яриад байдаг түр хурлын үзэл санааг өөртөө шингээж пропорциональ сонгуулиар суудлаа авч Ардын Их хурлаар гишүүд нь сонгогдож байсан түүхтэй. Энэ бүхэн Ардчилсан Үндсэн хуулийн урьдчилгаа нөхцөлүүд байсан.

-Тэгээд дараа нь яасан юм?

-Эдийн засгийн өмч хөрөнгийн тодорхой хэлбэрийн ардчиллуудыг хийсэн. Тухайн үеийн Үндсэн хууль нь хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санаа олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Өмч, бизнес, боловсролын салбарт хувийн сургуулиуд байж болно гээд, Үйлдвэрчний эвлэл, Улс төрийн намуудын хуулийг шинэчлэн баталж намуудыг үйлдвэр дагасан байсан бол төр засгийн нэгж рүү шилжүүлэх гээд маш олон ажил байлаа. Нарийн яривал хуучин Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа боловч хэн ч үүнтэй маргаагүй. Учир нь бидний явж байгаа чиг тэр байсан. Энэ нь Ардчилсан Үндсэн хуулинд гол улс төрийн харилцаа яаж явах нь вэ гэдгийг Бага хурал ердийн хууль тогтоомжуудаар баталж эхэлсэн. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулийг батлах комиссыг байгуулж тэр үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулж байлаа. Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үед “Монгол Улсын их цааз” гэсэн төслийг боловсруулж Бага хурлаар хэлэлцүүлсэн. Бага хурал хэлэлцээд ард нийтээр хэлэлцүүлэх төсөл болгож гаргасан. Ард нийт үнэхээр идэвхтэй оролцсон. Олон мянган санал ирүүлсэн нь ард түмэн Шинэ Үндсэн хуулийг хүлээж байсан гэдгийн илэрхийлэл байлаа. Шинэ Үндсэн хуулиар өөрсдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, төр яаж ардчилсан, хязгаарлагдсан ард түмэндээ үйлчилдэг, ард түмнээсээ байгуулагддаг ард түмний төр байх ёстой юм бэ. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал яаж халдашгүй байх юм. Газар түүний баялгууд, мал сүрэг эдийн засгийн болон баялгийн болон өвийн харилцаанд яаж орох ёстой юм. Улсын нэр ямар байх юм гээд олон асуудал байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гээд олон санал ирсэн. Энэ бүгдийг нэгтгээд Улсын Бага хурал дахин хэлэлцэж Ардын Их хурал руу өргөн барих төслөө боловсруулан өргөн барьсан. Улсын Бага хурал олон улсын практикт Үндсэн хууль ямар хэлбэр төрлүүдтэй байдаг. Манайд аль нь зохистой вэ гэдэг дээр олон улсын нэртэй Үндсэн хуульчдыг цуглуулж, тэднийг сонсож, олон улсын харьцуулсан судалгаан дээр үндсэн дээр боловсронгуй болгож Ардын Их хурал руу оруулсан.

-23 жилийн өмнө Ардчилсан Үндсэн хууль шинээр гарч байсан тул хүн бүхэнд сонин байсан байх. Өнөөдөр харин хөгжиж буй манай нийгэмд Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Би өөдрөгөөр боддог. Олон түмэн Үндсэн хуулийн төгсгөсөн “Мэдэхтүн, сахихтун” гэдэг үг монголчуудын хүлээж авсан сэтгэл зүрх гэж ойлгодог. Тиймээс Үндсэн хуулиа манай ард түмэн судалдаг, мэддэг. Мэдэхийн төлөө, сахихын төлөө байдаг гэсэн өөдрөг үзэлтэй хүн. Үндсэн хуулиа мэдэхгүй бол Үндсэн хууль хөвсөн зүйл болно. Үндсэн хууль гэдэг чинь амьдралд шингэсэн. Яаж шингэсэн гэхээр тэр хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажсан. Бизнесийн болон улс төрийн сонгох сонгогдох эрхүүд, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх, хамгаалах, шударга ёстой байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс эхлээд энэ бүхнийг мэддэг. Өөрийнхөө эрхийг хамгаалах, хөндөгдсөн бол эрхээ хамгаалуулахын төлөө иргэдийн хууль эрхзүйн мэдлэг тэр тусмаа Үндсэн хуулиас үүдэлтэйгээр өргөн хүрээг хамарч байна. Үндсэн хуулийн цэц дээр иргэдээс ирдэг мэдээлэл болон гомдлоор Үндсэн хуулийн зөрчлийн асуудал маш өргөн болж байгааг харж болох юм. Энэ үед нийгмийн харилцаа маань шилжилтийн байсан бол шилжилтийн үе дууслаа. Одоо шинэ үе шатандаа бүрэн орлоо гэсэн агуулга эдийн засаг, улс төрийн харилцаанд харагдаж байна. Энэ нь цаашид Үндсэн хуулиа боловсронгуй болгох нэхэлтийг явуулж байгаа. Тийм ч учраас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь тэр.

-Дордуулсан долоон өөрчлөлт гэдэг зүйл өнөөдрийг хүртэл яригдсаар байна. Та бол харин дордуулсан гэдэгтэй санал нийлдэггүй…

-Би дордуулсан гэдэгтэй үнэхээр санал нэгдэхгүй. Дордуулсан гэж ярьдаг хүмүүс, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тааламжгүй овог өгсөн хүмүүст хандаж нэгдүгээрт Үндсэн хууль боловсруулсан Бага хурал, ард нийтийн хэлэлцүүлэг, Бага хурал, Ардын Их хурал гэсэн бүх шатан дээр Үндсэн хуулийн ямар ямар агуулга зүйл заалтууд хаашаа яаж өөрчлөгдөв гэдэг динамикийг үзчихээсэй гэж хэлье. Мөн Үндсэн хуулиа хэрэгжүүлээд шинэ төрийн харилцаанд ороод явж байхад ялангуяа 1996-2000 оны хооронд ямар бэрхшээлүүд тулгарав. Үндсэн хуулийн суурь харилцааны хүрээнд Үндсэн хуулиар тогтоогдсон үндсэн суурь зарчмуудад ямар тулгамдсан асуудлууд үүсэв. Тэр бэрхшээл гүнзгийрвэл ямар зүйл рүү орохоор байна гэдгийг хараарай. Манайхан Үндсэн хуулийн хямрал гэж ярьдаг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Үндсэн хуулиар бий болсон институци өөрсдөө ажиллах боломжгүй болоод ирнэ. Төр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэдэг чинь ард түмэнд төрийн бүх эрх мэдэл хадгалагдана. Энэ эрх мэдлээ шууд болон сонгон байгуулсан байгууллагаараа эдэлнэ гэсэн суурь эрх алдагдана. Үүний бодит жишээ 1996-2000 он. 1996-2000 оны бэрхшээл тэндээ үлдэг гэж бодоход тэндээс хойших УИХ, Загсийн газрын үйл ажиллагаан дээр нэг анализ хийгээд үз. УИХ-ын хуралдаан дээрх бэрхшээл, мухардлуудыг бодоод үз. Өмнөхөөрөө байсан гээд бодохоор ямар байдалд орохоор байж вэ. Дордуулсан гэж хэлэх гээд байгаа юм бол Үндсэн хуулийн эрх зүйн хэмжээг судалж мэд. Үүн дээр бод, анализ хий. Түүнээс биш Үндсэн хууль гэдэг бол янз бүрийн доог тохуу болгон хэлээд байх зүйл биш. Хэрэв батлаагүй бол 1996-2000 оны Үндсэн хуулийн шинжтэй хямрал бүр гүнзгийрчихсэн, ерөөсөө төр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихсон байх байлаа.

Одоогийн ярьж байгаа өөрчлөлтүүд нийгмийн харилцаа, ардчиллаа улам гүнзгийрүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа шууд ардчилал, иргэний оролцооны асуудлыг яаж Үндсэн хуулийн хэмжээнд нэмэгдүүлэх вэ. Үндсэн хуулийн нэг суурь зарчим нь орон нутгийн удирдлага нь төрийн удирдлагыг өөрөө удирдах ёстой хослуулах явдал мөн. Өөрийн удирдлага нь ИТХ, Төрийн удирдлага нь Засаг дарга. Засаг даргаараа дамжаад нэг талаас төрийн төлөөлөгчөө дээд шийдвэрийг хэрэгжүүл. Нөгөө талаас өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан нь том ололт шүү. Үүнийг цаашаа ардчилсан, иргэний илүү оролцоотой, өөрөө удирдах ёс нь илүү давамгай байдлыг хураангуйлсан байх чиглэлийн шинэчлэл өнөөдөр шаардлагатай.

-Давхар дээлийн асуудал ч гэсэн Үндсэн хуулийн дордуулсан долоотой холбоотой гэдэг…

-Манайхан гадаргуу дээр нь ярих юм. Давхар дээлнээс боллоо, Засгийн газар нь Их хурлаас хараат боллоо, Их хурал нь Засгийн газраас хараат боллоо гэх мэтчилэн асуудлыг буруу оношлоод зөөлөн шийдлээр хийх юм шиг бодоод байгаа юм. Үүнийг Үндсэн хууль яаж батлагдаж явсан билээ гэдгийг хараарай. Парламентын бүгд найрамдах улс, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын холимогдуу хэлбэр рүү орчихсон. Энэ нь Засгийн газар дээр гараад ирдэг юм. Цэвэр парламентын бүгд найрамдах улсын хэлбэр бол Засгийн газар нь Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлнэ. Тэгэхгүй Их хурлаар оруулахаар сайд бүр Их хурлаас даалгавартай юм шиг болчихож байна. Эцсийн бүлэгт Засгийн газрын Ерөнхий сайд Их хурлын өмнө хариуцлагаа хүлээнэ. Ингээд явбал давхар дээлнээс боллоо гэсэн яриа гарахгүй. Оношлогоо нь ердөө л энэ. Үндсэн хууль өөрчлөх асуудлуудаа бид ярьж болно. Ерөнхийдөө парламентын бүгд найрамдах засаг гүйцэтгэх эрх мэдэл нь хүчтэй, парламент нь хууль тогтоох эрх мэдлээрээ хүчтэй, шүүх тогтоох эрх мэдэл нь өөрөө гуравдагч эрх мэдэл нь. Ингэснээр Ерөнхийлөгчийн жинхэнэ эрх мэдэл нь үлдэнэ. Тэгвэл магадгүй Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог байх юм. Энэ бүхэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж байхад гарч байсан санаа. Ардын Их хурал дээр зөвшилцөөд Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс эсвэл парламентын бүгд найрамдах улс байя гэсэн хоёр салсан зүйлийг нийлүүлж байж Үндсэн хууль гарна биз дээ. Энэ бүхнийг үзэх хэрэгтэй. Үүн дээр Үндсэн хуулийн хөгжил явагдах ёстой. Популист хэлбэрээр хэлэгдсэн зүйлээс татгалзаж бид гүн рүүгээ орох ёстой гэж байгаа юм.

-Дордуулсан долоог өнөөдөр хүчингүй гэх юм…

-Тийм юм байхгүй. Түүхээ мэдэх хэрэгтэй. Үндсэн хууль батлагдсанаас хойш байгуулагдсан анхны Засгийн газар УИХ-ын гишүүн сайдтай байлаа. 1996 онд сонгууль болоод анх удаа Ардчилсан холбоо эвслийг байгуулан “Ард түмэнтэй байгуулсан гэрээ” гэсэн хөтөлбөртэй ороод 50 суудалтай олонх болсон. Тангараг өргөсний дараа Засгийн газрыг байгуулах гэж байтал цэц дээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн асуудал үүссэн. Ингэж шийд гарсны дараа сонгуульд өрсөлдөн хүчтэй гарч ирсэн лидерүүд Засгийн газраа толгойлох, засагтаа орох боломжгүй байдал үүссэн. Улс төрийн нам эрх барьж байгаа юм бол гол түүчээ болсон хүмүүс орж байж ажил явуулна. Яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэхээр Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд заасан юм алга гэсэн. Тэгэхээр нь Засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулж Их хурлын гишүүдээс бүрдсэн М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Үндсэн хуулийн орчин дотор болох юм уу үгүй юм уу гээд асуудал өрнөсөн. Үндсэн хуулинд агуулга нь тодорхойгүй байсан зүйлийг илүү тодорхой болгон оруулж ирсэн.

Өнөөдөр төр болохгүй байна гэдэг үгийг УИХ-ын гишүүд нь хэлээд байна. Тэд үглэж суудаг, ард түмэн рүү цацаж суудаг хүмүүс биш. Болохгүй байгааг нь засах эрхийг нь ард түмэн танд өгсөн. Үүнээс л миний хэлээд байдаг улс төрийн цуурай үүсдэг. Болохгүй байна, тэр муухай байна гэж баахан ярьсныхаа дараа иргэдтэй уулзахад тэр болохгүй байна, тэр муухай байна гэдэг л дээ. Нөгөө гишүүн буцаж ирээд би сонгогчидтойгоо уулзсан чинь болохгүй байна, тэр муухай байна гэж байна гэдэг. Үүн дээрээ бодолцох ёстой. Гишүүн Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа бол хуулиа өргөн барьчих. Хууль санаачлах эрх гэдэг чинь агуу эрх.

-Үндсэн хуулийн талаар нэмж хэлэхээр зүйлс байна уу?

-Үндсэн хуулийнхаа баярыг тохиолдуулаад бүх монголчууд тэр дундаа Үндсэн хуулиндаа саналаа өгч байсан, санал нь Үндсэн хуулиндаа тусгагдсан идэвхтэй оролцсон иргэддээ, Ардын Их хурлын депутатууддаа онцгойлон баяр хүргэе.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Францад хэвлэлийн эрх чөлөөний төлөө жагсч, манайд хэлсэн ярьсныхаа төлөө жагсаалаараа шийтгүүлж байна

Францын Парис хотод “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд зэвсэгт этгээдүүд халдаж 12 хүний аминд хүрсэн. Амиа алдагсдын ихэнх нь сэтгүүлчид, сэтгүүлийн бодлого тодорхойлогчид байна.Элэглэл, егөөдлийн сэтгүүл буюу “Charlie Hebdo” Исламын зөнч Мухамедын шог зургийг нийтэлсний төлөө лалын шашинтнууд ийн хэрэг өдүүлсэн гэж үзэж байгаа юм. Энэ үйл явдлаас хойш тус хотын оршин суугчид бүх нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний төлөө жагсч эхэлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө жагсагч Францын хэдэн мянган иргэд сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийнхэнд хандан “Бит­гий ай” хэмээн урам өгч байна. Тэд дэлхий нийтийг түгшээгч жихадист бүлэглэлийн эсрэг, хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө ийм зориг гарган тэмцэж буй.

Дэлхийн бусад орон ингэж хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө бүх хотоороо тэмцэж байхад манайд хэвлэх бүү хэл хэлж ярьсных нь төлөө жагсаалаар нь шийтгэх жишиг тогтлоо. Төрийн сайд асан, АН-ын нэр нөлөө бүхий хүнд асуудал тавьсных нь төлөө шүүхийнхэн иргэдийг шил дараалан шийтгэв. Шууд хэлбэл Зам, тээврийн сайд асан А.Гансүх “МИАТ-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга асан, жиргээч Ц.Бат миний нэр хүндэд халдсан” гэдгээр шалтаглан шүүхэд гомдол мэдүүлэхэд шүүгчид хэлж ярих эрхээ хэтрүүлэн эдэлжээ гээд 100 хоног баривчлах ял шийтгэж байх жишээтэй.

А.Гансүх сайд салбарын­хаа мэргэжилтнүүдийг хууль, хүчнийхэнтэй хавсарч шийтгэсэн тохиолдол үүгээр дуусахгүй. Төмөр зам судлаач, иргэн Л.Даваапилийг твиттерээр асуулт асуух төдийд л дахиад шүүхэд гомдол гаргачихаж байгаа юм. Түүгээр зогсохгүй шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоход давж заалдсаар Л.Даваапилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу есөн сая төгрөгөөр торгуулж байж саллаа.

АН-ын энэ эрхмийн нэр төр яасан ч амархан сэвтчих гээд байдаг юм. Яасан ч их зарга шүүж, ямар ч олон хүнийг шийтгүүлдэг юм. Ер нь манай улсад үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө асар хүчтэй хумигдаж байна. Иргэдийн чөлөөтэй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө хэвлэл мэдээллийнхэн бид л сонор соргог байж тууштай тэмцэхгүй бол үүнээс ч хүнд цаг үе биднийг угтаж магадгүй байна.

Л.ТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Түвдэд өнгөрүүлсэн долоон жил

Австрийн судлаач-аялагч Хайнрих Харрер дэлхийн хоёрдугаар дайны үед Түвдэд долоон жил амьдрахдаа, Буддын шашны тэргүүн, XIV Далай ламтай нөхөрлөж, түүний хүндэт багш нь болсон. Энэ талаараа “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” нэртэй ном бичсэн нь Австрид төдийгүй барууны орнуудаднэрд гарсан билээ. Хайнрих Харрер нь залуудаа уулын спортын тамирчин бай­сан бөгөөд 1936 онд Австрийн шигшээ багт орж Олимпт оролц­сон нэгэн. 1940 оны хавар тэрээр Гималайн нурууны Нанга-Парбат ор­гилд тандалт судалгаа хий­чи­хээд нутаг буцах гэж бай­тал Европт дайн гарч бүх төлөв­лөгөө нь орвонгоороо эргэв. Энэтхэгт байгуулагдсан холбоотны армийн цэргүүдэдбаривчлагдаж тус улсын хамгийн том шоронд хоригдсон байна.Энэтхэгт байхдаа хэр­хэн баривчлагдан, шоронд орсон түүхээр энэ ном эхэлдэг. Цуг хоригдож байсан хэдэн нөхөдтэйгөө ярилцан оргох бэлтгэлээ базаасан аж. Шорон­гийн номын сандбайсан Ази тивийн талаарх бүх л номыг уншин судалж, нутгийн иргэдтэй хэл нэвтрэлцэх шаардлагатай тул хинду, түвд, япон хэл уйгагүй судалсан байна. Хол зам туулах нь тодорхой тул бие бялдрын бэлтгэлээ ч хангаж, ярьж тохиролцсоноосоо буцах­гүйн тулд цуг оргохоор шийдсэн нөхөдтэйгөө “Андгай” бичиг үйлдэж гарын үсгээ зуржээ. 1943 оны тавдугаар сард оргож Энэтхэгээс Түвдийн хилд тулж ирээд баригдахдаа сэтгэлээрихэд гутарсан аж. 28 хоног эрх чөлөөгөө эдлэн зугтаж явахдаа ядарч туйлдах, өлсөж цангах гээд юм юм үзжээ. Гэвч эдгээр бэрхшээл нь эрх чөлөөтэй байхын хажууд юу ч биш санагдана. Эргэж шоронд орсон даруйдаа дахин оргох төлөвлөгөөгөө боловсруулав. Санаа нийлсэн хэсэг нөхөдтэй хамтран бэлтгэлээ базаахдаа Английн цэргийн ахмадын дүрэмт хувцас хүртэл оёулжээ. 1944 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа оргосноор эрх чөлөөтэй болов. Цуг оргосон хүмүүсбүгд өөр өөрийн замаа хөөж Хайнрих Харрер, Петер Ауфшнайтер нар зам нийлжээ. ТэдЭнэтхэг, Түвдийн нутаг Гималайг цугтаа туулахдаа өлсөж, даарч, өвдөж, бусдад дээрэлхүүлэн зугтаж явахдаа сэтгэлийн маш их тэнхээтэй байсны хүчээр бэрхшээлийг давж гарсан гэдэг. Ямар ч зөвшөөрөлгүй Лхас хот хүрэ­хээр зориг гарган явахдаа Түв­дийн соёл, иргэншилтэй танилцаж, хэлийг нь сурсан байна. Дэлхийн хамгийн өндөр уулын бэлээр явахад сарлаг л хамгийн найдвартай үнэнч нөхөр нь болж байв. Олон чхүний тус дэмээр хэдэн сар явган явжээ. Тэд сүүлдээ түвд хүнээс ялгарахаа болсон гэдэг. Лхаст ойртон ирэхэд хамгийн түрүүнд Цогчин дуганы алтан ганжир харагджээ. Азаар шахуу Лхас руу нэвтрэхэд хавагнаж улайж, цэврүүтэж шархалсан хөл нь гудамжаар явах хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүн туссан гэдэг. Эцэж туйлдан, өлбөрч үхэх шахсан тэд тун удалгүй Дээрхийн гэгээнтний дотнын нөхөр болонТүвдийн дээдчүүдийн хүрээнд орж, барууны соёлыг түгээж, Засгийн газраас нь янз бүрийн ажил гүйцэтгэххүсэлт тавьдаг болж, нэлээд өндөр цалин хөлс авна хэмээн зүүдлээ ч үгүй. Харахад нүд хальтрам тэд хэсэгхэн зуур биеэ амраахаар нэгэн оромжинд хэвтэж байхад нь нэгэн эмэгтэй өрөвдсөндөө сэнжтэй аягаар дүү­рэн шар тостой цай авчирч өгөхөд ихэдбаярлажээ. Ийн­хүү өл залгуулан суутал гэнэт англиар тун цэвэр ярих сонсдож дээш хартал баян тансаг хувцасласан, язгууртан байрын түвд хүн зогсоно. Х.Харрер, П.Ауфшнайтер хоёр герман үндэстэн бөгөөд Түвдэд орогнол хүсч байгаагаа хэлэхэд хотын захирагчаас зөвшөөрөл аваад гэртээ байлгаж болно гэжээ. Тэр нь нэлээд эрх мэдэл бүхий бөнпо(түвдийн хэргэм цол) хүн байжээ. Ийнхүү Танмэг хэмээх тавдугаар зэр­гийн түшмэлийнд гэрт амьдарч удалгүй Лхас хотынхны яриа­­­ны сэдэв болов. Тэдэнтэй уулзаж ярилцахаар өдөр алгасалгүй өндөр зиндааны айлчин гийчидтасралтгүй цував. Хамгийн түрүүнд сайд Цэрэн хэмээх нэлээд нэр хүндтэй сайдын хүү уулзсан байна. Ийнхүү Түвдүүдийн дээдсийн хүрээнд орж, XIV Далай ламын эцэг эх нь хүртэл гэртээ урьж шуудай гурил, замбаа, сав дүүрэн тос бэлэглэсэн аж. Тэр үеийн Лхас хот ертөнцөөс огтхон ч тасраагүй байсан гэдэг. Дэлхийн хэвлэлүүд, өдөр тутмын сонин бүгд ирнэ. Тэр битгий хэлалдарт “Life” сэтгүүлийг захиалдаг байжээ.Өнөөдөр ч алдартай “Elizabeth Arden”-ний бүтээгдэхүүн, “Pons” фирмийн нүүрний тос хүртэл байсан гэдэг. Х.Харрерийн амьдарч байсан Танмэгийн байшингийн гадаах цэцэрлэгт усан оргилуур барьж өгсөн нь Түвдэд анхных болжээ. Тэднийг хэрхэн ажиллаж байгааг тэр үед Потала ордныхоо дээ­вэр дээр байрлуулсан дуран­гаар Далай лам хардаг байсныг мэджээ. Буддын шашны тэр­гүүнд бараалхаж, ойр дотно болоход Дээрхийн гэгээнтний ах Лувсан Жанцан чухал үүрэг гүйцэтгэжээ. Хэдий­гээр дүү нь амьд бурхан гэгдэж байсан ч ах Лувсан Жанцан маш даруу­хан хэвээр үлдсэн гэдэг. Потала ордонд тун ганцаар­дмал амьдрал туулж байсан залуухан Далай лам маш хэрсүү, барууны соё­лыг ихэд сонирхдог, дэвшилтэт үзэлтэй байсан гэдэг. Cүүлдээ Далай лам хичээл заалгуулдагболсон. Ийнхүү Х.Харрер, П.Ауфш­най­тер нар Түвдэд суурьшихаар шийдсэн боловч улс төрийн байдал нэлээд ээдрээтэй болсон. Далай лам ч Лхасыг орхин явахаас өөр аргагүй болгоход тэд Дээрхийн гэгээнтэнтэй хамт явж нутгаа зорьжээ.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
гадаад мэдээ

​Франц улс барьцаалагчдын хослосон довтолгоонд өртлөө

Ах дүү Куачигаас гадна бас нэгэн хос этгээдүүд Франц улсыг сандаргаж эхэллээ. Өчигдөр эргүүлийн цагдаа нар луу довтолж нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байсан 33-н настай Амеди Кулибали ба түүний хамсаатан 27 настай эмэгтэй Бумэддьян нар өнөөдөр зугатаж байх үедээ хүнсний дэлгүүр лүү довтолж тэнд байсан үйлчлүүлэгчдийг нь барьцаалснаар Франц улс нэг өдрийн дотор хоёр өөр газар адилхан зорилготой гэмт этгээдүүдийн халдлагад өртлөө. Парисын хорьдугаар тойрогт байрлах шашны чиглэлийн хүнс зардаг дэлгүүр лүү довтолсон эдгээр этгээдүүд багаар бодход таван хүн барьцаалсан хэмээн BBC-д бичсэн байна. Түүнчлэн хоёр хүний амь үрэгдсэн гэдгийг Парис хотын цагдаагийн дарга батлав. Одоогийн байдлаар энэ хавийн орон сууцний оршин суугчид, сургуулийн сурагчдыг аюулгүй газар луу нүүлгэж байна.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

​Сэжигтнүүд хүн барьцаалан, хэвлэх үйлдвэрт нуугдаж байна

Өнгөрөгч лхагва гаригт Парис хотод байрлах Парис хотоос зүүн хойш 50-н километрийн зайд орших Даммартэн-ан-Гоэль гэх жижиг тосгонд цагдаа нарт хөөгдөн зам зуураа хөлсөлсөн унааныхаа жолоочийг барьцаалан хэвлэх үйлдвэрийн барилгад бүгсэн эдгээр сэжигтнүүдтэй гэрээ хэлэлцээр хийдэг мэргэжлийн сэтгэл зүйчид ярилцаж байгаа гэнэ. Энэ тусгай ажиллагааг Франц улсын Ерөнхийлөгч Ф.Олланда өөрийн биеэр удирдан явуулж байгаа бололтой.Аллагад сэжиглэгдэж буй ах дүү Куаши нарыг цагдаа нар мөгших үед тэд гал нээж нэлээд иргэдийг шархдуулсан хэмээн урьд нь бичиж байсныг Парис хотын ерөнхий прокурор үгүйсгэн харин өчигдөр цагдаа нар руу буудаж нэг эмэгтэй цагдааг хөнөөсөн этгээд болон ах дүү Куаши нар лалын хэт даврагсдын нэгэн бүлэгт хамтдаа багтдаг гэдгийг тогтоосон гэжээ. Цагдаа нар тосгоны иргэдийг гэрээсээ гарахгүй, гэрлээ асаахгүй байхыг сануулж байна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Бусдаас машин худалдаж авахдаа торгуултай эсэхийг нь шалгаарай

Иргэдэд худалдаж авсан машинаа унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал зөрчлийн торгуулийн мөнгө нэхэгдэх тохиолдлууд сүүлийн үед гарах болсон гэнэ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад “машин худалдаж автал өмнөх хүний торгууль давхар орж байна” гэсэн гомдол ирэх болжээ. Тиймээс бусдаас машин худалдаж авахдаа өмнө нь торгуултай байсан эсэхийг нь сайн шалгах хэрэгтэй бөгөөд www.torguuli.mnгэсэн хуудсанд хандсанаар иргэн та өөрөө асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой гэнэ.

Categories
мэдээ спорт

Байт харвааны “Хангарьд” цомын тэмцээн эхэлжээ

Байт харвааны “Хангарьд” цомын тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд Орхон аймагт болж байна. Энэ тэмцээн нь байт харвааны кампаунт, рекурм гэсэн хоёр төрлөөр зохиогдоно. Түүнээс гадна Монголын байт харваа, морин спорт, буудлагын холбооны удирдлагууд ирэх пүрэв гаригт ӨМӨЗО-ны Хөх хотыг зорихоор болжээ. Тэд Хөх хотын биеийн тамир, спортын хороотой хамтын ажиллагааны гэрээг үзэглэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал гардууллаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой ирэх долоо хоногийн мягмар гаригт тохионо. Уг ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гардууллаа. Түүнийг Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна.

Categories
гадаад мэдээ

Францад халдлага үйлдсэн гэмт этгээдүүд машин хулгайлжээ

“Charlie Hebdo” хошин шогийн сэтгүүлийн редакци руу халдсан гэмт этгээдүүд хэдхэн цагийн өмнө Парис хотоос 50 километрийн зайтай орших газраас машин хулгайлсан тухай мэдээллээ. Эрэн сурвалжлагдаж буй Шериф, Самид Куаши нармөн хүн барьцаалжээ.Францын хууль сахиулах байгууллагын ажилтнууд мөрөөр нь хөөж, уг ажиллагаанд таван нисдэг тэрэг дайчилж байгаа гэнэ.

Ю.Дэлгэр