Categories
мэдээ нийгэм

Уяачид өргөөтэй болжээ

Монголын морин спорт уяачдын холбооны Завхан аймгийн Сонгино сум дахь салбар уяачдын холбоо өргөөтэй болжээ. Сумынхаа 90 жилийн ойг угтаж байгуулсан “Уяачдын хийморийн өргөө” нь 32 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд өргөөний зураг, скизийг Сонгино сумын харьяат, зураач С.Ганзүг, барилга архитектурыг нутгийн уугуул Ш.Батхолбоо хийсэн байна.

32 саяын өртөгтэй тус өргөө 11 метр диаметртэй, канад технологиор Монголын эртний хаадын өргөөний хэлбэр, монгол гэрийн уламжлалт хэв маяг, загварыг хослуулан дотор тавилга, унь, тооно хаалга нь бүрэн сийлбэртэй, тулгуур хоёр багананы дотор талд хөхөл, сойлгыг нь боож шуусан азарга, их насны морины толгойг товойлгон сийлсэн ажээ.

Categories
гадаад мэдээ

Жэки чаны хүү зургаан сарын хоригдох ял сонслоо

Алдарт жүжигчин Жэки Чаны хүү өнгөрсөн наймдугаар сард Тайваны кино од найзынхаа хамтаар хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагдсан билээ. Ингээд цагдаа нар Жэйси Чан болон түүний найз Кай Ко нарын цусанд шинжилгээ хийхэд хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.Түүнчлэн Жэйси Чаны Бээжин дахь гэрээс нь 99.2 грамм марихуан илрүүлсэн юм.
Ингээд олны анхаарлыг татаж эхэлсэн алдарт жүжигчний хүүгийн холбогдсон энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Жэки Чаны хүү Жэйси Чаны хар тамхины хэргийг Бээжин хотын Дунчэн дүүргийн шүүх хэлэлцжээ. 32 настай Жэйси Чаныг шүүхээс гэм буруутай гэж үзсэн учир зургаан сараар хорьж, 2000 юаниар торгох шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Р.Гончигдорж цэцийн нэрэмжит шагнал гардлаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа гардуулан өглөө. Түүний Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг өгсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны хөнгөлөлт авах хүмүүс 2-дугаар сарын 15-аас өмнө материалаа өгөх хэрэгтэй

Шинээр орон сууц худалдан авсан иргэн бүр татварын хөнгөлөлт эдэлдэг. “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12. зааснаар “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг.

Тиймээс энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд хоёр дугаар сарын 15-ны өдрөөс өмнө холбогдох материалаа бүрдүүлж, оршин суугаа дүүргийнхээ татварын албанд өгөх ёстой юм.

Бүрдүүлэх материалд:

-Хорооны засаг даргын тодорхойлолт
-Цахим үнэмлэхийн хуулбар
-Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерын хуулбар
-Байр худалдах, худалдан авах гэрээ
-Байранд төлсөн мөнгөний баримт
-ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
-Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
-Таны хадгаламжийн дэвтэр, виза картны хуулбар зэргийг бүрдүүлнэ.

Эдгээр бичиг баримт нь анх удаа орон сууцны хөнгөлөлт эдлэх гэж буй иргэд бүрдүүлэх юм. Нэг зүйл анхааруулахад иргэд шинээр орон сууц худалдаж авахдаа худалдах, худалдан авах гэрээ хийлгүй бэлэглэлийн гэрээ байгуулах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй болдог байна.

Бэлэглэлийн гэрээ байгуулахаар хүн амын орлогын албан татвараа төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн татвараа төлөөгүй байдаг учраас хөрөнгөө нотлоход асуудал үүсдэг аж.

Categories
мэдээ спорт

Шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа аж. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Мөн тэрээр “Үндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулахаар анх санаачилсан энэ тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байна. Анхны жил зөвхөн нийслэлийн хүрээнд явагдаж байсан бол өнгөрсөн жил аймаг, нийслэлийг хамарч нийт 1200 гаруй тамирчин оролцож байсан. Өнөө жил сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван шаттайгаар явагдаж, нийт 2300 орчим тамирчин оролцсоноос 120 тамирчин шилдгээр шалгарч, оюуны хүчээ сорихоор өнөөдөр энд хуран цуглаад байна.

Шатар бол хүний хамгийн суурь чадвар болох бодох чадварыг хөгжүүлдэг оюуны спортын төрөл юм. Шатар тоглох нь хүний бодох чадвар, аливаа үйл хэргийн өрнөлийг урьдчилан тооцоолох, стратеги боловсруулах зэрэг чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Өнгөрсөн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилга гаргасны хүрээнд тодорхой ажлууд хийгдэж эхэлсэн. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж,, түгээх зэрэг чиглэлд анхаарах нь чухал. Үүнд интернет ашиглан онлайнаар шатрын сургалт явуулах хэлбэрийг ашиглах нь оновчтой байж болно. 2014 онд болсон дэлхийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчдаас Г.Мөнхбаяр, Ү.Ажбилэг, Ү.Үүрийнтуяа нар алт, мөнгө, хүрэл медаль авсан. Ийнхүү манай шатарчдын амжилт жилээс жилд өсч байгаад энэхүү тэмцээн хувь нэмрээ оруулж байгаа нь дамжиггүй” гэв.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 315 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явагдсан тэмцээнүүдээс шалгарсан шилдэг 126 шатар сонирхогч оролцож буйгаараа онцлогтой. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. Мөн тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм.Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд түрүүлсэн нэг хүнд Шатрын спортын дэд мастер цол олгоно.

Categories
мэдээ улс-төр

Эхчүүдийн мөнгийг танахгүй байхыг шаардлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Тодотголоор Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн долоон сарын хугацаанд олгодог болохоор тооцно гэсэн тусгасан юм. Мөн “Эхийн алдарт” одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгаад байгаа. Ийнхүү хүүхдийн мөнгөнөөс 90 тэрбум, эхчүүдийн халамжаас 30 орчим тэрбум төгрөг хэмнэхээр болоод байгаа юм. Үүнийг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд эсэргүүцэж Ерөнхий с айдад шаардлага хүргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэнэ

Монгол Улс 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөрт оруулж, төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жилийн Үндсэн хуулийн өдрийг угтсан арга хэмжээний тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Болдбаатар мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн баярыг угтсан арга хэмжээ өнөөдөр Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэлж байна. Харин ирэх даваа гаригт Үндсэн хуулийг эхийг Монгол төрийн түүхийн музейд залж, Төрийн ордонтой танилцах цахим аялалын нээлт болно. Мөн ирэх мягмар гариг буюу энэ сарын 13-ны өдөр УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Үндэсний бөхийн барилдаан болох юм байна.

Categories
гадаад мэдээ

Жоли шилдэг найруулагчаар тодров

Италийн нийслэл Ром хотноо зохион байгуулагдсан “AFI” кино наадамд холливуудын 40 гаруй уран бүтээлч шилдгийн төлөө өрсөлджээ. Энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй шагналын нэг “Шилдэг найруулагч” төрөлд жүжигчин Анжелина Жоли “Unbroken”киногоороо тэргүүлж, алтан луугийн эзнээр тодорсон тухай”www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр шагналаа гардан авсны дараа “Хэлэх үг ч алга. Намайг дэмжиж, чи чадна гэх итгэл хайрласан Брэд Питтэд баярлалаа. Чи намайг урамшуулаагүй бол би ийм өндөрлөгт хүрч чадахгүй байсан. Мөн”Unbroken” кинонд тоглож, хэцүү гэж хэлсэн ч миний шаардлагыг биелүүлсэн уран бүтээлч, кино багийнханд баярлалаа” гэж хэлжээ. “AFI” наадмыг нэрт хөтлөгч Опра Унфри хөтлөн явуулсан байна. Опра өнөөдөр Ромын хамба лам Францистай уулзана гэж твиттертээ жиргэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан өд-2014” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2014” наадам өчигдөр(01.09) Улсын филармонийн их танхимд боллоо. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээл ирүүлсэнээс дараах байдлаар шалгаруулжээ.

2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд

1. Яруу найраг- М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаварын үдэш”

2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”

3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд”

4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”

5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт Хасар”

6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”

7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог

8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”

9. Утга зохиолын шүүмж- Г.Батсуурь “Мета утга” зэрэг бүтээлүүд шалгарсан байна.

Харин МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн”Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн”Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”, Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу” Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх зэрэг бүтээлүүд хүртсэн бол залуу яруу найрагч, уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нар хүртжээ. Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо болж, Монголын зохиолчдын эвлэлд элссэн яруу найрагч П.Цоожчулуунцэцэг, Б.Алтанхуяг зэрэг уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардууллаа.

Categories
мэдээ спорт

Жүдогийн УАШТ эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд эхэлж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1978 оноос хойш ийнхүү 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бол эмэгтэйчүүдийнх 1993 оноос хойш 23 дахь жилдээ болж байгаа юм.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг-ийн жинд, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, -78 кг, +78 кг-ын жинд тамирчид хүч үзнэ.УАШТ-д медальт байрт шалгарсан жүдочид энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Манай улсын тамирчид энэ жилийн тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, дэлхийн чансааг хэд хэдэн тамирчин тэргүүлснээс эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн чансааг 3180 оноогоор тэргүүлэгч, МУГТ М. Уранцэцэг, Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн дэлхийн аваргад түрүүлсэн, дэлхийн чансааг 2676 оноогоор тэргүүлэгч Г. Болдбаатар нар тус бүр 10.000 ам долларын шагналыг хүртсэн билээ.