Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн ирцийн “шилэн” бүртгэл хэрэгжиж эхэллээ

2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм.

Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө Ерөнхийлөгчийн хэлснээр би камер залгаад нийт улс даяараа УИХ-ын гишүүдийн ирцийг харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье. Би гишүүдийн суудлыг нэг бүрчлэн харуулна. Та бүхэн Ерөнхийлөгчийн хэлсэн хариуцлагын асуудлыг дэмжиж байгаа гэж би бодож байна” хэмээн хэлсэн бөгөөд энэ үгээ маргааш өглөө нь шууд хэрэгжүүлж УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу Бямба гарагийн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц, суудаг сандал ширээг ард түмэнд нээлттэй харуулж “шилэн” болсноо баталлаа.

Гишүүдийн ирцийн мэдээ, хэн гишүүн хэдэн цагт ирсэн тухай УИХ-ын цахим хуудасны ЭНЭ хэсгээс шууд үзэх боломжтойг талаар УИХ-ын дарга цахимаар олон нийтэд мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: “Монголын сайхан бичигтэн”-г шалгаруулна

11:00 цагт Монгол улсын ШУА-иас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх” санаачилгыг гаргаж уриалга хүргүүлэх талаар болон Хубилай хааны монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурлыг Соёлын Төв өргөөний VI двхарт зохион байгуулна. Утас: 99045949

11:30 цагт Уран зургийн галлерейд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байранд шалгарагсдад ерөнхий сайд шагнал гардуулна. Утас: 91995924, 88171395

11:40 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Баруун хойд бүсийн аймгуудын ахмадын нийгмийн халамжийн асуудлаар ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэх талаар Монголын ахмадын холбооны тэргүүлэгчид болон баруун хойд бүсийн ахмадууд мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Үндсэн хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлын хүрээнд тус дүүрэгт оршин сууж буй ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын 43-н депутатуудыг хүлээн авч уулзах хүндэтгэлийн арга хэмжээ “Ханбүрэгдэй” төвийн 10-н давхарт болно. Утас 91426622, 95788279

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, “Цагаан морины домог” номуудыг уншигчдад хүргэж байгаа талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн хуралд номын зохиогчоос гадна төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Эрдэнэбулган, сэтгүүлч Б.Батбилэг нар оролцоно.

13:00 цагт Төрийн ордонтой танилцах цахим аялалын нээлт Төрийн ордны Их танхимын II давхарын фойенд болно.

Categories
мэдээ спорт

Аваргууд давж, Ичиножёо унажээ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өчигдөр эхэллээ. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозанг, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношиг давлаа. Харин барууны сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өөрийн гол өрсөлдөгчдийн нэг маэгашира Эндод ялагдсан байна.

Манай бусад бөхчүүдээс Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёоториг, Араваши Э.Дөлгөөн нутаг нэгт Кёкүшюхо Т.Эрдэнэбаатарыг тус тус давж, Тамаваши Б.Мөнх-Оргил Мёогирюүд, Токитэнкү А.Хүчитбаатар Осүнаарашид, Кагамио Б.Нанжид Саданофүжид өвдөг шороодлоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо маэгаширагийн тэргүүн бөх Гүржийн Точиношинтэй оноолт таарсан бол ёкозүна Харүмафүжи комосүби Такаясү, ёкозүна Какүрюү Такарафүжитэй барилдах юм. Тэгвэл Ичиножёо А.Ичинноров Аминишикитэй барилдана.

Categories
мэдээ спорт

Аймгийн арслан Б.Бат-Өлзий түрүүлжээ

Талх чихэр ХК-ний нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2015-01-11/ болж, өндөрлөлөө. Шинэ оны анхны аймаг цэргийн цолтнуудын барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан А.Сүмбээ, О.Баярхүү, Б.Хашбат, Г.Баасандорж, Д.Болдбаатар, М.Бадарч, Д.Амаржаргал, Б.Баатарцол нараар магнайлуулсан аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Булганхангайн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай нар үлдэв. Барилдааныг уран хурц барилдаанаараа үзэгчдийг шуугиулж байсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхайд “Уран барилдаан”-ы тусгай шагнал гардуулав.

Тавын даваа

1. Д.Цэвэлсодном а.х.а – Б.Ганболд а.а

2. Н.Жаргалбаяр а.х.а – Ч.Эрдэнэсайхан а.н

3. О.Гантулга а.х.а – Г.Ганжад а.а

4. Д.Амаржаргал а.а – М.Баасанбат а.а

5. Б.Баатарцол а.а – Б.Гончигтавхай а.а

6. Ч.Ганзориг а.а – Г.Жамбал с.з

7. Б.Бат-Өлзий а.а – Н.Золбоо а.а

8. А.Давааням а.а – Б.Ганхуяг а.а

Зургаагийн даваа

1. О.Гантулга а.х.а – Ч.Эрдэнэсайхан а.н

2. Д.Амаржаргал а.а – Б.Ганболд а.а

3. Ч.Ганзориг а.а – Б.Гончигтавхай а.а

4. Б.Бат-Өлзий а.а – Б.Ганхуяг а.а

Долоогийн даваа

1. О.Гантулга а.х.а – Д.Амаржаргал а.а

2. Б.Бат-Өлзий а.а – Б.Гончигтавхай а.а

Наймын даваа

1. О.Гантулга а.х.а – Б.Бат-Өлзий а.а

/үзүүрлэв/ /түрүүлэв/

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад хүйтний эрч бага зэрэг чангарна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад хүйтний эрч бага зэрэг чангарна.

2015 оны нэгдүгээр сарын 11-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 3-8 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 10 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 39 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2015 оны гнэдүгээр сарын 11-ний 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 13-наас нэгдүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 13-нд баруун зүгийн нутгийн баруун, 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн зүүн хэсгээр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Алтан бөмбөрцөг” наадам өнөө орой болно

72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөө орой АНУ-ын Калифорни мужийн “Беверли Хилтон” зочид буудалд болох гэж байна.”Алтан бөмбөрцөг” наадмыг Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс зохион байгуулдаг юм. Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Оскар”-ын наадмын өмнөх томоохон шалгаруулалт болдог гэдгээрээ дэлхийд танигдсан арга хэмжээ билээ. Наадамд нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд тодорсон. Наадмын шилдгүүдийг 25 номинациар тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Хубилай хааны ойг тэмдэглэх саналыг хүргүүллээ

ШУА-иас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх” санаачилгыг гаргаж уриалга хүргүүлэхэхээр болсон байна. БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр бэлдэж, Хятадын хаан хэмээн дэлхийд тунхаглаад байгаа ийм үед Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхийн үнэн байдлыг хүн төрөлхтөнд ойлгуулах ёстой гэж академийнхан үзэж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бичигтэн” тодорно

Уран зургийн галлерейд маргааш “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байруудад шалгарсан оролцогчдод Ерөнхий сайд шагнал гардуулахаар болжээ. Уралдаан 1-11-р анги, төгсөх анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, уран бичлэг гэсэн таван ангилалаар болсон байна. Дээрх ангилалд шалгарсан эхний гурван байрт шагнал гардуулах юм байна.

Төгсөх ангийн сурагчдын эхний гурван байрт шалгарсан сурагчдад улсын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгоно. Харин насанд хүрэгчдэд гадаадад аялах эрх өгөх юм.

Categories
гадаад мэдээ

Шанхайд цагаан сарын баярыг тэмдэглэхгүй

Хятадын Шанхай хотын захиргаанаасэнэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх журам гаргажээ.Хэдхэн хоногийн өмнө шинэ оныг угтах баярын үеэр тус хотод 36 хүн олны хөлд дарагдан нас барсан аймшигт хэрэг гарсан билээ.

Уламжлалт ёсоорЦагаан сарын баярыг Шанхай хотын Юйюань цэцэрлэгт 18 хоногийн туршид тэмдэглэж, баярын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Харин энэ жил аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэглэхгүй болсоныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Шинээр орон сууц худалдаж авсан иргэнд ийм хөнгөлөлт үзүүлнэ

“Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12. зааснаар “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг.

Мөн иргэд шинээр орон сууц худалдаж авахдаа худалдах, худалдан авах гэрээ хийлгүй бэлэглэлийн гэрээ байгуулах тохиолдол их. Энэ тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй болдог байна. Бэлэглэлийн гэрээ байгуулахаар хүн амын орлогын албан татвараа төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн татвараа төлөөгүй байдаг учраас хөрөнгөө нотлоход асуудал үүсдэг байна.

Хоёрдугаар сарын 15-ны дотор, амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд доорх баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх эрхтэй болох юм.

Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахын тулд хорооны засаг даргын тодорхойлолт, цахим үнэмлэхийн хуулбар, татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын газар болон цалингийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерын хуулбар, байр худалдах, худалдан авах гэрээ, байранд төлсөн мөнгөний баримт, ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт, зээл олгосон байгууллагын тодорхойлолт, хадгаламжийн дэвтэр, виза картны хуулбарыг бүрдүүлэх хэрэгтэй аж.

Эдгээр бичиг баримт нь анх удаа орон сууцны хөнгөлөлт эдлэх гэж буй иргэдэд хамаарагдах нь. Хөнгөлөлтийн хувь хэмжээг жил дамнуулан авч байгаа бол жил бүр баримтаа бүрдүүлэх шаардлагатай болох гэнэ. Хөнгөлөлтийг 1-4 жилийн хугацаанд цувуулан хуваан олгодог байна.