Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт ажлаа хүлээлгэн өгчээ

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан байна. Түүний хүсэлтийг хүлээн авч ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Өнөөдөр аймгийн Засаг даргын тамгыг Засаг даргын орлогч Д. Энхбат хүлээн авсан байна. Шинээр Засаг дарга томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Д. Энхбат хэрэгжүүлэхээр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Дорлигжавын гомдлыг цагдаад шалгуулахаар шилжүүлжээ

Шинэ Засгийн газар байгуулагдахын өмнөхөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудастаа гарган тавьсан. Уг зургийн тайлбараа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн юм. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын чуулганы үеэр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдээд АТГ-т өргөдөл гаргасан билээ. Тэгвэл уг өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс өргөдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 1

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтэн хүн судлалын холбооноос шагнал хүртжээ

Антропологийн ухааны профессор, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач Буяндэлгэрийн Мандухай АНУ-ын антропологи /хүн судлал/-ийн холбооны ерөнхийлчөгч асан, эрдэмтэн Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал хүртжээ. Тэрбээр “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” буюу “Коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад бөө шүтлэг хэрхэн эргэн сэргэж байна вэ” гэх судалгааны номоороо тус шагналыг хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

30 гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг илрүүлжээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. б Тэднийг энэ сарын 8-9-нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд нэвтрэн хулгай хийж байхад нь барьжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээгээд байгаа аж. Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүд айлуудаас мөнгөн аяга, хивс, зурагт, буу зэрэг үнэ хүрэхүйц эд зүйлсийг хулгайлж, хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогджээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр хийхээр товложээ. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг танилцуулахаар болсон байна. Олон компани аж ахуйн нэгжүүдийн хүлээж буй энэ хуулийн төслийг Засгийн газар эцэслэн хэлэлцэж парламентад өргөн мэдүүлэх гэж байгаа бололтой. Мөн хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид Хайгуулын лиценз олгох бэлтгэл ажлын явцын танилцуулгыг хийх юм. Энэ нь уул уурхайн салбарынхны анхааралд буй асуудал юм.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн АН шинэ даргаа сонгожээ

СХД-ийн АН-ынхан өчигдөр байрныхаа гадаа жагсч, намын дарга Ө.Пүрэвбаатарыг хууль бус нөхөн сонгууль явуулж байна хэмээн ажлаа өгөхийг шаардсан юм. Ингээд нийслэлийн Сонгуулийн хорооноос дээрх нөхөн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаснаар өчигдөр 17.00 цагт Удирдлагын академийн байранд нөхөн сонгуулийг шинээр явуулжээ. Энэхүү хурлаас дүүргийн намын даргаар нийслэлийн иргэдийн төлөөлөгч Ш.Одгэрэлийг, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг томилсон байна. Мөн энэ үеэр намын зургаан дэд дарга, хэрэг эрхлэх газрын дарга нарыг сонгожээ. Тус хуралд нийт 106 гишүүний 60 нь оролцсон байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хууль зөрчсөн “Астра бьюлдинг” барилгад хуулийн дагуу арга хэмжээ авахыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас шаардаж байна

“Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг халхлан “Астра интернэшнл” компани барилгын тухай хуулийг зөрчин13 давхар оффис, орон сууцны барилга барьж байгаа. Сэтгүүлчид бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байгааг бид холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Мөн “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид”Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулаад байгаа.Манай сонины зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж Монгол Улсад мөрдөгдөж буй Барилгын тухай болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу баригдаж байгаа эсэхийг шалгуулахыг хүсэлт гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Астра интернэшнл” компанийн барилгад хяналт шалгалт хийж хууль зөрчсөн болохыг тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-д албан бичиг хүргүүлж “Астра интернэшнл” компанийн барьж байгаа барилга”Өдрийн сонин”-ы байрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан (2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно) заалтыг зөрчсөн байна. Иймд барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны арваннэгдүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье” хэмээн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан өгсөн. “Өдрийн сонин”-ы хажууд баригдаж байгаа орон сууцны барилгын захиалагч Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иймд дээр дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээ авч ажиллана уу” гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл хууль зөрчин баригдаж байгаа тус барилгыг нураахёстой гэх шийдвэр гаргасан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бид хууль зөрчин цонх хааж баригдаж байгаа барилгад ямар арга хэмжээ авч ажиллах талаар удаа дараа асууж тодруулж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан ёсны хариу өгөхгүй байна. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун та албан ёсны хариу өгнө үү. Мөн барилгын тухай хуулийг зөрчиж анх батлагдсан зураг төслийг дур мэдэн өөрчилж барилга барьж байгааг таны хариуцаж байгаа газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас албан ёсоор мэдэгдсэн учир хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бид шаардаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Иргэд хардах эрхээ эдэлснийх нь төлөө төрийн албан хаагчийн хүсэлтээр шийтгэхгүй гэж байгаа

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй ярилцлаа. Тэрээр Шүүмжлэгчийг хамгаалах тухай хуулийг боловсруулаад байгаа юм.

Шүүмжлэгчийг хам­гаа­­лах тухай хуулийг боловсруулжээ. Хууль ямар хэм хэмжээнд мөрдөгдөнө гэсэн үг вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд хүн үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Хүний энэ эрхийг баталгаатай хадгалахын тулд шүүмжлэгчийг хамгаалж байж 100 хувь хангадаг юм байна. Уг ойлголтыг улс орон бүр өөр өөрөөр нэрлэдэг. Шүгэл үлээгч, бузарыг илчлэгч гэх мэтээр. Тэгэхээр аливаа салбарт бугшиж буй муу муухайг салбар дотроосоо илчилнэ гэдэг тухайн шүүмжлэгч ажлаасаа халагдах, цалингүй болох гээд олон эрсдэлтэй тулгардаг. Тиймээс бусдын атганд бай­гаа хэрнээ шүүмжилж ча­даж байгаа иргэдээ хамгаалах механизмыг Монголд нутагшуулъя гэж байгаа юм. Монгол оронд хэн бүхэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөтэй орон. Хэвлэлийн эрх чөлөөгөө 20-иод жилийн өмнө хуулиар баталгаажуулсан хэрнээ хэвлэлээр гардаг мэдээллийг гаргаж өгдөг хүмүүсээ хуу­­лиар хамгаалаагүй. Тиймээс мэдээлэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулсан. Одоогийн байдлаар УИХ-ын 17 гишүүн дэмжиж гарын үсгээ зураад байна.

Мэдээж хуулийн үйлч­лэлийн хүрээ гэж байгаа байх. Шууд хэлбэл шүүмжлэгчээс гадна хэнд хамаатай вэ?

-Бусдаас хараат бус хүмүүс чөлөөтэй шүүмжилдэг. Жишээ нь АНУ, Канадад амьдарч байгаа Монголын иргэн эсвэл гадаадын иргэн Монголын тухай, Монголын зарим салбарыг шүүмжлэхэд чөлөөтэй. Эргээд үр дагавар нь сөрөг бус байдаг. Харин Монголдоо, салбар дотроосоо шүүмжлэхээр нэг бол шоронд эсвэл их хэмжээний мөнгөн дүнгээр торгуулж байна. Тэгэхээр хаана байгаа хүмүүсээ хамгаалах вэ гэдэг асуудал үүссэн. Тэгээд эрх мэдэлтний удирдлага дор ажиллаж байгаа шүүмжлэгчийг буюу шүүмжлэгчийн хүрээ, шүүмжлэлийг хүлээж авах үүрэгтэй хүмүүсийн хүрээг тус бүрээр нь хуульд зааж өгсөн.

Шүүмжлэгч нь хэн, шүүмжлүүлэгч нь хэн байх юм?

-Ер нь олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн ажил хийдэг эрх мэдэлтэнгүүд шүүмжлүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газ­рын гишүүд, төсвийн мөн­гийг захиран зарцуулж буй албан тушаалтнууд хамаарна. Хувийн хэвшлээс нийтийн эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдалд хамааралтай байгууллагууд бас орно. Тэрчлэн хийж байсан ажилтай нь холбогдуулж асуудал тавьж, шүүмжилсэн бол гэдэг асуудал ч хуулийн хэрэгжилтийн хүрээнд орж байгаа. Харин шүүмжлэгч нь тухайн шүүмжлүүлэгчээ арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, гэр бүл гээд Үндсэн хуульд заасан хувийн язгуур эрхэнд нь халдах ёсгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагад хэр хамаатай вэ. Нийгэмд тулгараад буй асуудлуудын томоохон шүүмжлэгч нь сонин хэвлэл шүү дээ?

-Хэвлэл мэдээллийн хэрэг­сэл нэгдүгээрт шүүмжлэгч байна. Хоёрдугаарт шүүмжлэгчийг хамгаалагч байж болно. Шууд хэлбэл хэвлэл мэдээллийнхэн эх сурвалжаа энэ хуулийн хүрээнд нууцалж, хамгаалж чадна гэсэн үг. Хууль батлагдвал хуулийнхан мэдээллийн эх сурвалжаа илчил гэхгүй. Илчлээгүй тохиолдолд өмнөөс нь шоронд ордог байдал алга болох учиртай.

Хуулийг гажуудуулсан нөхдөд ямар хариуцлага хүлээлгэх бол. Өнөөдөр бол шүүмжлэгч торгуулж, яллуулж байгаа?

-Манайд үг сонсч чаддаггүй хэдэн даргатай болсон гаж үзэгдэл яваад байгааг л цэгцлэх юм. Өнөөдөр хэн нэгэн үг хэлээд шүүмжилбэл шууд цагдаагийн байгууллагад өгчихдөг болж. Тиймээс хуулийнхаа гол философийг иргэд хардах эрхтэй.

Тэгснийх нь төлөө төрийн албан хаагчийн хүсэлтээр шийтгэхгүй гэж байгаа. Шинэ хуулийн зарчмаар явбал саяхнаас босоод буй Даваапилийн асуудал байна. Даваапил бүх тоо баримтаа хуулийнханд өөрөө гаргаж өгөхгүйгээр харин ч шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг хяналтынханд тавибал ёсоор болгодог заалт орж байгаа. Шууд хэлбэл шүүмжлэгч хүн шүүмжлэлийнхээ дагуу муу зүйлийг шалгуулах эрхтэй. Өнөөдөр Монголд эрх, үүргийн эрэмбэ алдагдчихсан байгаа. Бүх мэдээллийг атгаад сууж байгаа хүн юуг ч тайлагнадаггүй хэрнээ бусдыг асуудлынх нь тухай сураглахаар, мэдэхгүйгээсээ болж хардахаар тухайн этгээдийг эрүүдүүлээд эхэлж байгаа юм. Ийм буруу жишгийг Зам, тээврийн сайд асан А.Гансүх тогтоож байна. Салбарынх нь мэргэжилтнүүдийн санаа зовнил нийгэмд хамгийн их хэрэгтэй байдаг. Нийгэм энэ салбарт юу болоод байгааг мэргэжлийн хүмүүсийн мэдээлэлгүйгээр мэдэхгүй. Хардалтыг арилгахын тулд сайд нь бүх мэдээллээ нийгэмд гаргах ёстой байтал хувь хүн дээрээ тусгаж аваад заргалдаад явчихаж байгаа юм. Ингэснээрээ олон нийт мэдээлэлгүй үлддэг. Товчхондоо олон нийт Даваапилийн гаргасан эр зоригийн үр дүнг хүртээгүй. Харин ч Даваапил хохирч олон нийт айдастай үлдлээ. Үүнийг л таслан зогсоох хууль.

Бусдын нэр хүндэд халдагчид гаарах юм биш биз. Нууц нэрээр бусдыг доромжлох гээд сөрөг тал бас байдаг?

-Нэгнээ үнэхээр хохироосон бол заргалддаг журмаараа явна. Харин эрх мэдэлтэй, албан тушаалтай олны өмнө үүрэг хүлээсэн хүмүүс тийм ч амар бусдыг шүүхэд өгөх эрхгүй болно. Тэдний өмнө шүүхдэхээсээ өмнө олон нийтийг мэдээлэлжүүлэх үүрэг тавигдаж байгаа юм. Хэрвээ хэн нэгэн шүүмжлээд түүнд нь нийгэм хариулт нэхэж байвал эхлээд бодит байдлыг мэдээл, дараа нь шүүмжлэгч ор үндэсгүй зүйл ярьсан байвал хувийнхаа асуудлыг тавь гэсэн үг. Ингэхдээ шүүмжилж байна гээд нэр төрд нь халдах тохиолдлыг хамгаалаагүй. Бид хамгийн түрүүнд эрсдэлд өртөх магадлалтай тэр тойргийг л хамгаалах хуулийг боловсрууллаа. Хамгаалахдаа шүүмжилснийх нь төлөө цалинг нь хасч, ажлаас нь хөөн зайлуулж болохгүй гэсэн заалтыг оруулж байгаа.

Ер нь шүүмжлэгчид заналхийлэх тохиолдол манайд ямар хэмжээнд байдаг юм бол. Тоон судалгаа хийв үү?

-Хуулийн төслийг боловсруулахын тулд олон орны энэ төрлийн хуулийг судалсан. Бас олон улсаас манайд уг чиглэлээр өгч байсан зөвлөмжийг судалж, бусад тооцооллыг хийсэн. Хэргийн үр дагаврыг ч судалж үзсэн. Тэгэхэд Монголд гарч байгаа нэр төрөө сэргээлгэнэ гэж Эрүүгийн цагдаагийн газарт хандсан нийт хүсэлтийн 90 хувь нь албан тушаалтных байсан. Эндээс харахад жирийн иргэд нэр төрөө сэргээлгэнэ гэж бусдад эрүү үүсгүүлдэггүй юм байна. Энэ нь албан тушаалтан хүчнийхэнтэй хавсарч эрх мэдлээр далайлгадаг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Үүнийг засах Шүүмжлэгчийг хамгаалах хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлэх гарц

• Хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, орлогын үндсэн эх үүсвэр

• Тогтвортой хөгжлийн замд орж чадвал хөдөөгийн ажил эрхлэлт, орлогын дундаршгүй эх үүсвэр юм.

МАА-н салбар, малчдын амьжиргааны эмзэг байдал буюу өрсөлдөх чадварын доройтол

МАА-н салбар, малчдын амьжиргааны эмзэг байдал нь дараахь зүйлээр илэрнэ. Үүнд:

• Байгалийн эрсдэлээс хамгаалагдаж чадаагүй

• Малын тооны хэт өсөлтөөс улбаалсан бэлчээрийн доройтол нь малын ашиг шим, чанарт муугаар нөлөөлөөд зогсохгүй отрын нөөц нутаггүй болсноос байгалийн эрсдэлээс дайжин нүүж малаа авч үлддэг байсан уламжлалт аргыг үгүйсгэн эрсдлийн өмнө ямар ч хамгаалалтгүй болгосон. Ган, зудаас дайжиж нүүх бэлчээргүй болсныг нэмэгдэл тэжээлээр орлуулж чадав уу гэтэл харин ч эсрэгээрээ 1 хонин толгойд ноогдох тэжээл бэлтгэлийн хэмжээ 25 жилийн өмнөхөөс ч буурсан байна.

• Мал, малын гаралтай бүтээгдхүүний эрүүл ахуй, чанарын шаардлага хангадаггүйгээс өндөр үнэтэй зах зээлд хүрч чаддаггүйд оршиж байна.

Малчдын амьжиргаа баталгаагүй болсноос тэтгэврийн насны хөгшчүүл голлосон цөөн хүн мал дээр үлдэж, малчдын залгамж халааны асуудал эзэнгүйдэх хандлага газар авлаа.

1998 онд 32.9 байсан ма­лын тоо байнга өссөний дотор сүүлийн 4 жилд дунджаар 12.2%- иар өсч өнөөдөр 52 сая болоод байна. Харамсалтай нь зуд 1999-2000, 2009-2010 онуудад 2 удаа давтагдаж малын тоо урьд оноос 25-30%-иар хорогдож, малчдын амьжиргааг эрс доройтуулж, ДНБ-ийг ихээхэн савлуулж байв. Хэдийгээр харгис боловч хүн зохицуулж чадахгүй бол мал, бэлчээрийн даацын ха­рьцааг байгаль эх өөрөө зохицуулдгийн жишээ энэ юм.

Дэлхий нийтийн цаг агаарын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдсэн ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нөхцөлд малчид маань дараагийн гамшиг хэзээ болох бол гэсэн айдастайгаар жил бүрийн өвлийг угтаж аз дүйн малаа өсгөсөөр. Үүний нөгөө талд МАА-н үндэс болсон бэлчээрийн доройтол газар авч, биологийн олон янз байдал хомсдон,соргог бэлчээрт идээшилсэн хосгүй амтлаг, экологийн цэвэр хүнс хэрэглэж, унаган сэргэг байгальд өсч торних хойч үеийнхний маань эрх ашиг хохирсоор.

Мал, махны эрэлт, нийлүүлэлтийн гажиг буюу хэн ч хожихгүй тогтцолцоо

Монгол улсын 5 төрлийн малын бүтцийг төлөөлсөн 3 тэмээ, 21 адуу, 24 үхэр, 165 хонь, 157 ямаа бүхий нийт 370 толгой малтай нэг малчин өрх дээр малынхаа тоог өсгөхгүй барих (тухайн жилд бойжуулсан төлийн тоотой тэнцүү хэмжээний малыг заазлан борлуулах буюу аж ахуйн эргэлтэнд оруулах), жилд тэмээний тоог 6.5%, бусад малыг 10%-иар өсгөх гэсэн 2 хувилбараар сүргийн эргэлтийн нарийвчилсан тооцоог 2 жилээр хийн харьцуулж үзэв. Сүргийн эргэлтээр малынхаа тоог өсгөхгүй барих тохиолдолд мах үйлдвэрлэл нядалгааны жингээр 2.87 тонн, харин малаа өсгөсөн тохиолдолд 1.84 тонн болж буурч байна. Хөдөөгийн өрхийн махны дотоод хэрэглээг жилийн 120 кг, өрхийн 3.4 хүнээр тооцвол 400 орчим кг буюу 0.4 тонн болно. Үүнийг нийт үйлдвэрлэсэн махнаас хасч зах зээлд нийлүүлсэн махыг тооцвол малынхаа тоог өсгөхгүй барих тохиолдолд 2.47 тонн, малаа өсгөсөн тохиололд 1.44 тонн болж, 1.03 тонноор багасч байна. Өөрөөр хэлбэл малчин өрх малаа өсгөснөөр жилдээ 1.03 тонн махаа кг-ийг нь 4 мянган төгрөгөөр бодон зах зээлд нийлүүлж, 4.1 сая төгрөгний орлого олох боломжоо алдаж байгаа хэрэг юм. Үүнийг өнөөдрийн 141.5 мянган малчин өрхөөр тооцвол улсын хэмжээнд малчдын орлогын алдагдал 580 сая төгрөг, махны нийлүүлэлтийн алдагдал 145.7 мянган тонн болж байна. Өөрөөр хэлбэл малын тоог өсгөх нь малчин өрхийн орлогыг бууруулаад зогсохгүй махны нийлүүлэлтийг багасган үнийг өсгөх гол хүчин зүйл болж байна. Сүргийн эргэлтийн загварыг ашиглан дээрх тооцоог аймаг, сум, өрх нэг бүрээр хийх боломжтой.

Малын тоог өсгөх нь махны нийлүүлэлтийг бууруулан үнийг өсгөдөг болохыг 2004-2013 оны хонь, үхрийн тоо ба хонь, үхрийн махны үнийн хамаарлыг харуулсан дээрх тахирмагаас тодорхой харагдана. 2009 онд мах бэлтгэл хамгийн өндөр буюу 264.4 мянган тн байсан үед махны үнэ буурсан байна.

2013 онд Монгол улсын хэмжээнд 250 мянган тонн мах хэрэглэсэн статистик мэдээтэй бөгөөд махны алдсан нөөц нь үүний 58%-тай тэнцэж байгаа хэрэг юм. Хэрвээ дээрх мах зах зээлд нийлүүлэгдсэн бол махны үнэ 58%-иар багасдаггүй юм гэхэд тухайн үеийн үнээс ихээхэн доогуур байж, 2013 онд гарсан 10.5%-ийн инфляцийг нэг оронтой тоонд элбэг барих хүчин зүйл болох байлаа. Алдагдсан махны нөөцийн кг бүрийг нь 4 доллараар бодож экспортод гаргасан бол 580орчим сая долларын орлого олох байв.

Ийнхүү малын тоог өсгөснөөр малчин өрхийн орлого багасч, хотын хэрэглэгчид маань илүү үнэтэй мах идэж, гадаад валютын томоохон боломжийг алдаж, Монгол улс бүхэлдээ хохирч, хэн ч хожихгүй байгаа хэрэг. Энд малын хэт өсөлтөөс үүдэн бэлчээр, биологийн олон янз байдал, байгаль орчинд учирч байгаа хохирлыг огт оруулаагүй хэрэг шүү дээ.

Авч үлдэх малын тоог тухайн жилийн бэлчээрийндаацад тааруулан тогтоож, үүнээс илүү гарах малыг намар-өвлийн эхэнд зах зээлд борлуулах нь малчин өрхийн хувьд 4 талын ач холбогдолтой юм. Үүнд нэгд, тухайн жилийн мөнгөн орлогыг шууд нэмэгдүүлнэ, хоёрт, үлдэх малын өвөлжилтийн бэлтгэлийн чанар дээшилж, малын зүй бус хорогдлыг бууруулна, гуравт,бэлчээрийн тэжээлийн хангамж сайжирснаар малын чанар, ашиг шим нэмэгдэнэ, дөрөвт, бэлчээрийн ачаалал буурснаар ургамалын нөхөн төлжих үйл явц хэвийн болж, газрын гарц, зүйлийн бүрэлдэхүүн сайжран МАА-н тогтвортой өсөлтийг хангах нөхцөл болох юм. Түүний хажуугаар сум бүрт борлуулах мал, махны хэмжээ нэмэгдсэнээр мал, махны борлуулалтын чиглэлийн маркетингийн хоршоод хөгжих, төвлөрсөн бэлтгэл сайжрах эх үндэс тавигдах юм.

Бэлчээрийн даацаас хэтэрсэн нөхцөлд малын тоог бууруулах нь малчин өрхийн орлогыг бууруулахгүй, харин ч малын хээл хаялт, сувайралт, хорогдол багасан төл бойжилт, ашиг шим нэмэгдсэнээр өрхийн орлого өсөх боломжтой болохыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээн дээр малын тоог жилд 8%-иар 5 жилийн турш бууруулаад байхад малчин өрхийн орлогыг жилдээ 10%-иар өсгөөд байх боломжтой гэсэн сүргийн эргэлтийн тооцоо харуулж байна.Үүн дээр нэмээд малын сүргийн бүтцийг сайжруулан эх малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн эр малыг өсвөр насанд нь борлуулах, малын чанарыг нутгийн шилмэл омгийн малаар сайжруулах зэргээр бүтээгдхүүн үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх ихээхэн нөөц боломж ашиглагдахгүй байна.

Ханбогд сумын хувьд өнөөгийн 126 мянган малыг бэлчээрийн даацад тохирч байсан 1990 оны 60 мянган толгой болтол бууруулсан ч малчдын орлогыг өнөөдрийн түвшингээс бууруулалгүй жил бүр 10%-иар өсгөх бүрэн боломжтой гэсэн үг.

Дээрхээс гадна бүтээгдхүүний чанарыг дагаад борлуулах үнэ нэмэгдэх ёстой бөгөөд энэ асуудлыг төр, МАА-н бүтээгдхүүнийг худалдан авагчхувийн салбар хамтран оновчтой шийдвэл МАА-н салбар, малчдын амьжиргаа бүр ч хурдан өсөх боломжтой юм. Тухайлбал ноолуурын голчийг 0.1 микроноор багасгахад 50 центийн буюу дундаж голчийг 16-аас 15 микрон болгож бууруулахад л 1 кг самнасан ноолуурдутмаас 5 доллар буюу 10000 төгрөг нэмж олох боломжтой. Харамсалтай нь чанарын ялгааг харгалзалгүй хавтгайруулан олгодог ноосны харалган урамшууллаар энэ асуудлыг шийдэх биш, хүндрүүлж ирлээ.

Малын хөлийн татвар асууд­лыг шийдэх гарц болох нь

Малын хөлийн татвар гэж нэрлэж заншсан татвар нь агуулгаараа бэлчээр ашигласны төлбөр байх нь зүйтэй юм. Учир нь малын толгойн тоонд бодон тооцдог учир энэ нь орлогын татвар гэхээсээ илүү бэлчээр буюу бэлчээрийн ургамал, ус, хужир мараа зэрэг байгалийн нөөцийг ашигласны төлөөх төлбөр юм.

Монгол улсын Үндсэн хуульд”бэлчээр төрийн өмч”, “мал сүрэг төрийнхамгаалалтад байна”гэсэн 2 чухал заалт бий. Харамсалтай нь төр өөрийн өмчийн бэлчээрээ ч хамгаалж чадсангүй, малыг байгалийн эрсдлээс хамгаалах найдвартай тогтолцоог ч бүрдүүлж чадсангүй явж ирлээ.

Төр бэлчээрийг ашиг­луулс­ны төлөө тодорхой төлбөр авах нь зах зээлийн эдийн засгийн зарчимд бүрэн нийцнэ. Харин ч төлбөргүй байснаар бэлчээрийг зохистой ашиглуулж, хамгаалах эдийн засгийн хөшүүрэггүй болж, малын эмх замбараагүй өсөлтийг дэвэргэж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь малын тоогоор хөөцөлдөх нь хэнд ч ашиггүй бөгөөд ямар сөрөг үр дагавартай болохыг дээр дурьдсан билээ.

Дээрх тооцоонд үндэслэн малын хөлийн татварыг бэлчээр ашигласны төлбөр хэлбэрээр ноогдуулж, МАА-н салбар, малчдын амьжиргааг тогтвортой болгох хэрэгсэл болгон ашиглах санал дэвшүүлж байна. Үүнийг дараахмеханизмаар хэрэгжүүлье.

1. Бэлчээр ашигласны төлбөрийн орлогыг МАА-н салбар, малчдын амьжиргааг тогтвортой болгох зориулалтаар сумын мэдэлд үлдээн малыг эрсдлээс хамгаалах, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд зарцуулах (чухам энэ тохиолдолд малчид төлбөрөө сайн дураар төлөхөөс ч татгалзахгүй болохыг туршилт, судалгаа харуулсан)

2. Бэлчээр ашигласны төлбөрийг оны эцэст тоологдсон хонин толгойд ноогдуулах

3. Малыг хонин толгойд шилжүүлэхдээ малын бэлчээрийн өвсний идэмж, бэлчээрт учруулах хохирлыг харгалзан хонь 1, ямаа 2, тэмээ 3, үхэр 4, адуу 8 гэсэн итгэлцүүрийг ашиглах

4. Хот айл, айл саахалт, малчдын бүлэг зэрэг нэг дор нутагладаг малчин өрхүүд төлбөрөө хамтран төлөх, чинээлэг олон малтай нь ядуу, цөөн малтай өрхийн өмнөөс ацаглан төлөх зэргээр харилцан бие биенээ дэмждэг тогтолцоог нээлттэй байлгах

5. Тавиул малыг төлбөрөөс чөлөөлөхгүй байх

6. Бэлчээр ашигласны суурь төлбөрийг 1 хонин толгойд 500 төгрөгөөр тогтоох (Дээр дурьдсан 370 мал бүхий малчин өрх жилдээ энэ жишгээр 400 шахам мянган төгрөг төлөхөөр байгаа нь малыг эргэлтэнд оруулснаар жил бүр олох 4.2 сая төгрөгийн нэмэгдэл орлогынхоо 10 хүрэхгүй хувийг л зарцуулах тул малчинд энэ нь ямар ч дарамт болохгүй юм)

7. Байршлаас хамаааран суурь төлбөрийг доорх маягаар нэмэгдүүлэх бахөнгөлөх

a. Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэх бүсийн хил дотор +50%

b. Улаанбаатар хотын хилээс 30 км-ийн радиус дотор +35%

c. Дархан, Эрдэнэт хотын хил дотор +35%

d. Дархан, Эрдэнэт хотын хилээс 30 км-ийн радиус дотор +25%

e. Аймгийн төв, түүнтэй дүйх томоохон суурин газрын хилийн дотор болон түүнээс 20 км-ийн радиус дотор, түүнчлэн төмөр зам, хатуу хучилттай авто замаас 10 км дотор +20%

f. Сумын төв болон түүнтэй дүйх жижиг суурингийн хил болон түүнээс 10 км-ийн радиус дотор +10%

g. Нэн алслагдсан болон ашиглалтгүй бэлчээрийг шинээр ашигласан бол

-30%

h. Хилийн боомт, дэд бүтцийн зангилаа зэрэг суурин газраас 30 км доторхи бүсээс гадна улсын хил дагуу байнга нутагладаг малчдад -50%

8. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан түүнд хавсаргах бэлчээр ашиглалтын зургийн хил заагийг үндэслэн малчдын бүлэг нэг бүрээр бэлчээрийн даацыг тогтоох (альч суманд бэлчээрийг зохистой ашигладаг малчид байхын зэрэгцээ даацыг хэтрүүлэн талхалдаг жудаггүй малчид байдаг, иймд сайныг нь урамшуулж, саарт нь харицулага тооцох үүднээс бэлчээрийн даацыг бүлэг нэг бүрээр тооцохоос өөр гарцгүй). Бэлчээр ашиглалтын гэрээнд ган, зуд болоход бусдын малыг бэлчээрийн даацад нийцүүлэн оруулах үүргийг тусгах

9. Бэлчээр даац хэтрэлтээс хамааруулан суурь төлбөрийг 100% (1 хонин толгойд 1000 төгрөг хүртэл) нэмэгдүүлэн ноогдуулах замаар малыг жил бүр аж ахуйн эргэлтэнд оруулах хөшүүрэг болгох

10. Бэлчээр ашиглалтын төлбөрийн орлогыг сумын төсөвт төвлөрүүлэн дараахь арга хэмжээнд зарцуулах (1 хонин толгойд ноогдох 500 төгрөгөөс тооцов). Үүнд:

a. Малын эрсдэлийн даатгалын санд 300 төгрөг(энэ нь малчид, орон нутгийн чадамжаас давсан том хэмжээний гамшиг буюу малын хорогдол тухайн сумын дүнгээр 5%-иас хэтэрсэн тохиолдолд олгодог даатгалын тогтолцоо бөгөөд энэхүү даатгалд нийт малын дөнгөж 10% орчим нь хамрагдаж байгаагнэмэгдүүлэн нийт малыг хамруулах шаардлагатай)

b. Малын эрсдлээс хамгаалах санд 100 төгрөг (үүнийг малчид, орон нутаг өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаснаар давж гарах боломжтой бага хэмжээний эрсдлээс хамгаалах зориулалттай өвс тэжээл, хашаа хороо гэх мэт зорилтот үйл ажиллагаанд зарцуулахийн зэрэгцээ мөнгөн хэлбэрээр хадгалан шаардлагатай жилд ашиглахаар хуримтлуулдаг боломжтой байх)

c. Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд 100 төгрөг (үүнийг шилмэл омгийн үржлийн малаар хангах, эрүүл мэндийн үйлчилгээнд сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн шугамаар зарцуулна)

11. Бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн нэмэгдэл төлбөрийн 40%-ийг Малын эрсдлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд үлдэх 60%-ийг бэлчээр менежментийн үйл ажиллагаанд зарцуулах

Өнөөгийн байдлаар малын эрсдэл, чанар, эрүүлмэндтэй холбоотой арга хэмжээнд улсын төсвөөс жилдээ дунджаар 17-18 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнийг дээрх бэлчээр ашиглатын төлбөрөөс бүрдүүлэх боломжтой.

Улсын дүнгээр 100 сая орчим хонин толгой, нэг сум дунджаар 300 мянга орчим хонин толгой малтай байгаа учир дээрх саналыг хэрэгжүүлсэн тохиолдолд суурь төлбөрөөр 150 сая төгрөг, даац хэтрэлтийн нэмэгдэл төлбөрөөр 100 сая төгрөг (даац 67%-иар хэтэрсэн гэж үзвэл нэмэгдэл төлбөр 500 төгрөгөөс энэхувир тооцвол 335 төгрөг болно) нийт 250 сая төгрөг, улсын хэмжээнд 83.5 тэрбум төгрөг бүрдүүлэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл 1 суманд суурь төлбөрөөр малын эрсдэлийн даатгалын санд 90 сая,Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд тус бүр 30 сая төгрөг, нэмэлт төлбөрөөр Малын эрсдэлээс хамгаалах сан, Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах санд тус бүр 20сая төгрөг, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд 60 сая төгрөг төвлөрөх боломжтой юм.

Манай орны өнөөгийн нөхцөлд мал сайжруулахад сайн чанарын хээлтүүлэгч ашиглах нь хамгийн дөхөмтэй, харьцангуй богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Нэг суманд дундажаар жишигт тэнцэх үржлийн насны 240 азрага, 140 бух, 17 буур, 550 хуц, 500 ухна, бүгд 1450-аад хээлтүүлэгч байх ёстой. Үүнээс азрага, буурыг өөрийн сүргээс шилэх, эсвэл цөөнөөр худалдан авах боломжтой юм.

Хээлтүүлэгч малыг үржилд ашиглах зохистой хугацаагаар баримжаалж, эхний ээлжинд нийт хээлтүүлэгчийн 30 орчим хувь буюу 50 бух, 300-350 богийн хээлтүүлэгч шаардагдана. Зах зээлийн үнээр тооцоход 100 сая орчим төгрөгийн эх үүсвэрээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд даруй 60 гаруй хувийг зөвхөн Малын чанар, эрүүл мэндийг сайжруулах сангаас гаргах боломж ийнхүү бүрдэж байгаа юм. Энэ ажлыг компаничлах биш, сумынмалын чанар, малчдын эрэлт, орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх учиртай. Сумын сүргээсээ дотор нь шилэх, малчдын хооронд хээлтүүлэгч солилцох, сайн хээлтүүлэгчийг өөр малаар сольж авах зэрэг зардал хэмнэх олон арга байна. Орон нутгаас бүрдэх сангийн хөрөнгөөр сумын хээлтүүлэгч малын хэрэгцээг 3-4 жилд хангах боломжтой, үүнд санал болгож буй хувилбарын амин сүнс нь оршиж байгаа болно. Дашрамд дурьдахад үхэр, бог малын нийлүүлгийг гардан хээлтүүлгийн аргаар дагнан зохион байгуулбал дээрх тоог хоёр дахин, зохио­мол хээлтүүлгийн аргыг нэвт­рүүлбэл даруй 12-15 дахин бууруулах боломж бас бий.

Малын эрүүл мэндийн санхүүжилтийг эрх мэдлийг орон нутаг, малчдад өгөх нь хамгийн зөв шийдэл. Тэд өөрийн хэрэгцээг жагсааж, эрэмбэлээд, хамгийн тул­гамдаж буй асуудлаар хөтөлбөр, төслөө өөрсдөө боловсруулж, санхүүжүүлж, хамгийн сайн үйлчилгээг сонгон хэ­рэгжүүлдэг хариуцлагатай байх шаардлагатай. Одоогийн байдлаар суманд хэрэгжүүлэх малын эрүүл мэндийн хөтөлбөр нь зөвхөн тухайн жилд вакцинжуулах малын тоо төдий бөгөөд үүнийг нийлүүлгэч хувийн мал эмнэлгүүд нь төлөвлөдөг, шахдаг, Сангийн яам, аймгийн Засаг дарга санхүүжүүлдэг бөгөөд харин хэрэглэгч ма­лчин болоод төрийг төлөөлөн суугаа сумын Засаг дарга энэ талаар эрх мэдэлгүй байна.

Ийнхүү дэвшүүлсэн са­налыг хэрэгжүүлснээр МАА-н үндэс болсон бэлчээрийг зохистой ашиглах, МАА-н салбар, малчдын амьжиргааг эрсдлээс бүрэн хамгаалах замаар тогтвортой болгох, бэлчээрийн даацыг үндэслэн малыг аж ахуйн эргэлтэнд оруулснаар нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийн өсөл­төөс сэргийлэх, МАА-н зориу­лалтаар олгож байгаа төсвийн төвлөрлийг сааруулан хэрэг­лэгч малчид, орон нутагт ойртуулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх өргөн боломж бүрдэх юм.

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засаг, эдийн засаг бас конвенц

Эдийн засаг хүндэрсэнэнэ үед валютын орлого нэмэгдүүлэх нэг гол арга нь нөхөгддөг баялгаа зохистой ашиглах явдал юм. Саяхан цагаан зээрийг хэрхэн замбараагүй ашиглаж байгаа талаар нилээд шуугилдлаа. Ил харагдаж байгаа нь цагаан зээр болохоос манай бүх амьтан, ургамал дээр ийм зүйл явагдаж байгаа. Товчхондоо зохистой ашиглах тогтолцоо бий болгохгүй бол зохисгүй ашиглалт явагдсаар байгаль ч, улс ч, ард иргэд ч хохирсоор байх болно гэсэн үг. ИймээсБОНХАЖ-ын шинэ сайд Д.Оюунхорол ажлаа зохистой ашиглах асуудлаас эхэлнэ гэж маш зөв тодорхойлсон. Тэгвэл зохистой ашиглах тогтолцоог бид байгальтай холбоотой 14 конвенц буюу олон улсын гэрээгээ бүрэн биелүүлдэг болсон тохиолдолд л бий болгож чадах билээ. Ялангуяа Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу CITES гэгддэг Засгийн газар хоорондын олон улсын гэрээгээ биелүүлэх явдал юу юунаас чухал болоод байна.

Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны гишүүдийн 1963 онд гаргасан хурлыншийдвэрийн үр дүнд боловсруулсан CITES-ийн конвенцийн эхийг 1973 оны гуравдугаар сарын 3-нд АНУ-ын Вашингтон хотноо 80 гаруй орны төлөөлөгчид оролцсон хурлаарбаталснаар 1975 оны долдугаар сарын 1-нээс энэхүү конвенцхүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү гэрээнд өнөөдөр 180 улс нэгдээд байгаа бөгөөд албан ёсны хэл нь англи, франц, орос, испани хэл юм. Монгол улс 1996 оны нэгдүгээр сарын таванд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргажэнэ оныхоо дөрөвдүгээр сарын 4-нөөсАзи тивийн 49-дэх бүрэн эрхэт гишүүн улс болсон.

CITES-ийн үүргийг маш товчоор хэлбэл ургамлын нөөцөө тогтоож тархалт, нягтшилтанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй ашиглах хэмжээгээ шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох мөн амьтны сүргийн бүтэц буюу тоо толгойг хөгшин, залуу эр эмээр нь гаргаж тархалт тоо толгойд нь сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглахтоог шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон CITES-ийн Нарийн бичгийн газраас эдгээр хэмжээгээрээквот авч 179 улсад гаргах эрхээ авах. Энэ үйл ажиллагааныхаа тайланг тогтсон журмын дагуу жил болгон CITES-ийн Нарийн бичгийн газраар дамжуулан ДБХХ /Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо/-ны дэргэдэх Дэлхийн мониторингийн төвд өгч байх ёстой билээ. Өнөөдөр CITES-аар дамжинжилд нийт 35 000 зүйл амьтан, ургамлын зохистой ашиглалтын дүнд тэрбум, тэрбум долларын наймаа амьтан, ургамал дээр явагдаж байна. Энэ үүрэг өнөөдөр БОНХАЖ-ын яаманд бий. Гэтэл яамныхан өдөр тутмын ажлын ачаалалдаа дарагдаадМонгол улсын олон улсын гэрээний заалтууд байтугай Амьтны тухай хуулийн зарим заалтыг ч огт биелүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуулийн2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн заалтыг огт хэрэгжүүлж чаддаггүй гэсэн үг.Ганц жишээ дурдахад орон нутгаас “Тарвага сэргээн нутагшуулах ажил чинь тарвага устгах ажил болж төсвийн мөнгө хий дэмий үрэгдэж байна” гэсэн шүүмжлэл удаа дараа гарах болсон тул бид энэ жил хямд зардалтай, өндөр үр дүнтэй “Тарвага сэргээн нутагшуулах аргачлал” боловсруулж амьдрал дээр амжилттай туршин орон нутгаас албан ёсны санал авахад бүгд бүрэн дэмжсэн.БОНХАЖЯ тарвага сэргээн нутагшуулах аргачлалаа батлаж өгөөгүй атлаа тарвага нутагшуулаад байхаар дээрх шүүмж гаралгүй яахав. Энэ ньАмьтны тухай хуулийн 8 дугаар зүйл “Амьтныг сэргээн нутагшуулах” гэсний 8.2.-т Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна гэсэн маш тодорхой заалтбайхад л яам ньхуулиа зөрчөөд байдаг гэсэн үг. Хууль ингэж зөрчигдөөд байгаад БОНХАЖЯ-хныг буруутгахад бас хэцүү. Учир нь аргачлалаа боловсруулж, батлуулах мөнгө төсөвт суулгавал сангийн яам хасчихна. ХаринУИХ-ын хэн нэгэн гишүүн орон нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу тарвага сэргээн нутагшуулах шийдвэр гаргуулж мөнгий нь төсөвт суулгуулчихдаг. Ингээд нэгэнт төлөвлөгдсөн төсөвт ажлыг яамныхан нүдээ аниад л явуулахаас өөр аргагүй болно. Ямар аргачлал алга гээд ажил тасалдуулсан хэрэгт сайн дураараа уналтай биш. Ийнхүү яамныхан CITES-ийн Нарийн бичгийн газарт сайнаар хэлбэл гэрээнийхээ үүргийг биелүүлдэггүй, муугаар хэлбэл худалч гэсэн нэр зүүдэг. Харин Засгийн газар нь сайнаар хэлбэл хүнд сурталтай, муугаар хэлбэл авилгач нэр зүүдэг. Үүнээс гарах ганц арга нь монголчууд олон улсын гэрээгээ биелүүлдэг болох явдал. Үүний тулд байгальтай холбоотой 14 конвенцийг чиглэл чиглэлээр нь мэргэжлийн холбоодод шилжүүлж өгөх шийдвэрийг УИХ гаргах хэрэгтэй байна. Ингэвэл зөвхөн CITES-аас гэхэд л орон нутагт нөхөрлөлийн гишүүдэд амьтан, ургамлыг эзэмшүүлснээр Монгол улс хүлээсэн үүргийнхээ дагуу амьтан, ургамлаа зохистой ашигладаг болно. Хулгайн ан, хулгайн ургамлын зохисгүй ашиглалт зогсоно.Ингэснээр улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу олон сая ам.доллар улсын төсөвт төвлөрөх боломжтой болно. Мөн улсын төсвөөс гарах байсан амьтан, ургамал хамгаалах олон тэрбум төгрөгийн төсөв хэмнэгдэнэ. Эх орны байгаль цөлжилтөөс ангижирч эргээд унаган төрхөндөө шилжинэ. Малыг малчид амьтныг байгаль өсгөдөг болохоор малчид завтай болно. Хангалттай орлоготой, бас завтай болсон малчид анх удаа өөрсдөө бие даан гадаадад очиж фермерийн болон амьтан үржүүлэх тэргүүний аж ахуйн туршлагатай танилцах боломж бүрдэнэ. Малчид маань өнгөрсөн зууны бус энэ зууны малчид болно. Хотоос хөдөөг зорих их нүүдэл эхэлнэ. Орон нутагт валютын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Бас Хүннү болон Чингисийн цэргүүд, өнөөгийн манай энхийг сахиулагчид бусдаас илүүрхээд байдаг нь ан агнууртай шууд холбоотой зүйл гэдгийг ч мартаж болохгүй. Мөн амьтан, ургамал унаган төрхөндөө орвол аялал жуулчлал гэж том орлого бий. Зөвхөн эрвээхэй үзэх, барих гэж олон мянган сонирхогч жуулчид гаднаас ирнэ.

Олон улсын гэрээнүүдээ мэргэжлийн холбоодоор дамжуулан биелүүлдэг болсноор олон улсын байгууллагаас үйл ажиллагаандаа зориулж авах ёстой олон сая долларыг эх орондоо оруулах боломж монголчуудад нээгдэнэ. Энэ нь мэргэжлийн холбоод конвенцийн Нарийн бичгийн газруудын байнгын хяналтанд ажиллана гэсэн үг. Мөн англи хэлтэй хоёр хуульч байхад л БОНХАЖЯ холбоодын үйл ажиллагааг давхар хянах бүрэн боломжтой болно. Эцэст нь хэлэхэд энэхүү 14 конвенц нь бүгд Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны дор ажилладаг юм. Манай улс ДБХХ-нд гишүүнээр элсээд хоёр ч сар болоогүй байна. Энэ нь мэргэжлийн холбоод 14 конвенцийг биелүүлээд эхэлбэл БОНХАЖЯ өөрөө ДБХХ-ноос байгалиа зохистой ашиглах, хамгаалах олон зуун сая ам.долларын төслүүд авах эрхтэй болно гэсэн үг. Үнэндээ бидөөрсдийн буруугаас болж олон улсын гэрээгээ биелүүлэхгүй байгаагаас хөгжиж буй улс гэсэн хөнгөлөлтөөр 14 конвенцоосжил болгон авах байсан хэдэн зуун сая ам.доллараа алдаж байгааг ёстой бурхан л мэдэх байх. Харин үүргээ биелүүлдэг болчихвол жилд хэдэн тэрбум доллар авахаа монголчууд өөрсдөө мэддэг болно. Эдийн засаг, эдийн засаг бас конвенц гэхийн учир энэ буюу.

Г.АМАРСАНАА