Categories
мэдээ улс-төр

Засаг даргын орлогчийн томилолтын зардал

Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоодод ажилласан томилолтын зардлын тайланг олон нийтэд мэдээлдэг. ХБНГУ-ын Цагдаагийн байгууллагын олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагааны туршлагыг судлах, холбогдох байгууллагуудтай харилцаа тогтоох зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер В.Даваадорж, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах асуудал хариуцсан дарга Ц.Ариунболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн туслах Э.Сурахбаяр нар 2014 оны 12 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд ажилласан байна. Төлөөлөгчдийн зардлыг дэлгэрэнгүй танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нислэгийн тийз: УБ-Берлин-УБ *6 хүн* нэг бүрийн үнэ 2 040 800 төгрөг- нийт 12 244 800 төгрөг
Зочид буудал: 6 хүн*7 хоног – хүн тус бүр 160 ам.доллар- нийт үнэ 6720 ам.доллар
Зам хоногийн зардал: 6 хүн*7 хоног- хүн тус бүр 50 ам.доллар- нийт үнэ 2100 ам.доллар
Визний хураамж: 5 хүн* хүн тус бүр 60 евро- нийт 300 евро

Нийт : 12 244 800 төгрөг, 8 820 ам.доллар, 300 евро

/Гадаад валютыг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцно/

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээн үргэлжилж байна

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь тэмцээн нэгдүгээр сарын 9-31-ний хооронд Австрали улсад зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээний цомын эзэн баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын хөлбөмбөгийн холбооны холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болно.

Азийн цомын тэмцээний эцсийн шатанд шалгарахаар тус тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс Япон, Өмнөд Солонгос, Иран тэргүүтэй шилдэг 16 улсын шигшээ баг Австрали улсад хүрэлцэн иржээ.

Шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй тэмцээнд Австралийн шигшээ баг “А” хэсгийг толгойлон эхний тоглолтоо Кувейтын шигшээ багтай хийж 4:1-ээр буулган авчээ.Харин энэ хэсгийн нөгөө хоёр баг болох Өмнөд Солонгос болон Оманы шигшээ багуудын тоглолт 1:0-ээр өндөрлөж Солонгосчуудын хожлоор өндөрлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагийн ажил эрэлт ихтэй байна

Урт хугацааны өвлийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуучуудын дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа зүйл бол цагийн ажил юм.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн нэг жилийн хугацаанд цагийн ажлын сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн бирж ажиллуулах гээд шат дараалалттай олон ажлуудыг зохион байгуулсны үндсэн дээр өнөөдөр оюутан, залуучууд, байгууллагуудын хооронд үл ойлголцол арилж, хоёр талын харилцаа хамтын ажиллагаа сайжирсан юм. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байранд 121 оюутан, залуу бүртгүүлснээс 84, цагийн ажлын байранд 395 бүртгүүлснээс 341 оюутан залуучуудыг ажилд зуучилсан байна.

Энэ долоо хоногт нээлттэй байгаа цагийн болон байнгын ажлын байруудыг зарлалаа.

Байнгын ажлын байр

  • Үйлчлэгч- 3
  • Ресепшн
  • Хамгаалагч
  • Авто засварчин
  • Нягтлан бодогч – 2
  • Худалдагч- 2
  • Касс
  • Ерөнхий менежер
  • Ерөнхий тогооч- 2
  • Тогооч
  • Зохион байгуулагч
  • Ахлах нягтлан бодогч
  • Хангамжийн ажилтан
  • Туслах тогооч зөөгч
  • Сурталчилгааны менежер
  • Оффис менежер– 2
  • Вэб дизайнер
  • Сүлжигч
  • Түгээгч

Нээлттэй цагийн ажлын байр

  1. Борлуулалтын ажил – 410-15 хувиар цалинжина / агаар шүүгч/
  2. Зөөгч – номадс
  3. Хэвлэлийн захиалга авах ажил – Өнгөт хэвлэл принт
  4. Гал тогооны туслах эрэгтэй – 5 хүн – KFC
  5. Гал тогооны туслах эмэгтэй – 5 хүн – KFC
  6. Пиццаны газар гал тогоонд цэвэрлэгээ – 3 хүн –Italy pizza express
  7. Машин угаагч – 5 хүн – Brilliant авто угаалга
  8. Машин угаагч- 3 хүн – хувийн
  9. Машин угаагч –5 болор авто угаалгын газар
  10. Зөөгч – цайны газар
  11. Ундааны борлуулагч
  12. Боршур тараах ажил
  13. Цэвэрлэгээний ажил оппис
  14. Барилгын дараах цэвэрлэгээ
  15. Оператор эмэгтэй – Итгэлт хөрш сервис
  16. Мэдээллийн ажилтан – 5 хүн байнга цаашдаа ажиллах боломжтой хүн
  17. Бизнес маркетингийн чиглэлээр сурдаг хүн- 10 хүн –Сурагч сэтгүүл
  18. Скаймедиа мэдээллийн ажилтан-15 хүн
  19. Судалгаа авах ажилтан- 15 хүн
  20. Хүүхэд асрагч
  21. Зөөгч- Seatle restaurant
  22. Сурталчилгааны ажилтан
  23. 5-10 цагийн хооронд ажиллах тогооч
Categories
мэдээ спорт

Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаантай

Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш буюу нэгдүгээр сарын 13-ний өдөр Монгол бөхийн өргөөнд 14 цагаас эхэлнэ. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох ажээ. Уг барилдаан нь жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд өнгөрсөн жилийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Одонгоо буцааж өгье гэв

Засгийн газрын 11-11 төвд татвар, халамжийн таналттай холбоотой гомдол мэдээлэл сүүлийн өдрүүдэд зонхилж байна. Үүнд, эхийн одонгийн мөнгийг эхчүүддээ олгох хэрэгтэй, хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцсэн гомдол хамгийн их байгаа аж.

Тухайлбал, “Засгийн газрын тэргүүн өөрсдөөсөө болж манай улс өрөнд орсон байтал эргээд хэдхэн сая ард иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж байна. Энэ асуудал дээр анхаарч үзнэ үү. Гомдолтой байна”, “БГД-ийн 8-р хороон дээр эхийн одонгийн материал, өргөдөл авахгүй гэж байна. Энэ ямар учиртай юм бэ”, “Хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг хасах гэж байгаад эсэргүүцэж байна. ЧД 7-р хорооны ниийт иргэд” “Жирэмсэн эхчүүдийн 40,0 төгрөгийг ажил хөдөлмөр эрхлэж байгаа эхчүүд 7 сарын дунджаар бодож авна гэж байгаа.Энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна.Улсаас авч байгаа мөнгө биш ажил хийж төлсөн татварынхаа 1 хэсгийг авч байгаа зүйл учир үүнийг эргэн харна уу” гэсэн байв.

Мөн автомашины татварыг нэмэгдүүлж байгаад бухимдсан иргэд “Prius машин нь элдэв хорт утаа ялгаруулдаггүй, эко системтэй байтал яагаад татварыг нэмэгдүүлж байна вэ? Үүнийг яаралтай болиулж өгнө үү” “Prius машины татвар 108.000 төгрөг болж өөрчлөгдөн гэж байна. Энэ ямар учиртай юм бэ. Ийм байж болох уу” гэх зэргээр гомдоллосон байна.

Мөн хүүхэд одонгийн мөнгө хасах гэж байгаад эсэргүүцэж байгаа иргэдийн зүгээс одонгийн мөнгийг хасах юм бол бүх одонтой эхчүүд одонгоо Ерөнхийлөгчид буцаан өгье гэх санаачлага ч өрнөөд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа

-ҮНДСЭН ХУУЛИЙН УГ ЭХИЙГ ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛНЭ-

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд өнөөдөр заллаа.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар түр залж байна. Үндсэн хууль ямар байдлаар батлагдсан байдгийг иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж үзэх боломжтой болсон” гэлээ.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд залах ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Эрдэнэсийн санд эх хувь нь хадгалагддаг Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны цагаан чулуун тамга, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн тамга, Шашин төр хоёрыг хослон өрнүүлэгч Эх дагинын мөнгөн тамга, Богд Живзундамбын алтан тамга, Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамба ламын алтан тамганы хуулбаруудыг Монголбанкнаас Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулж олны хүртээл болгохоор хүлээлгэн өгсөн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Богд хааны үеийн таван тамгыг монголчууд хуулбарыг нь хийгээд Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө. Эдгээр тамганы зөв хуулбарыг хийлгэхэд нэлээд их хугацаа орсон. Үндсэн хуулийн баяраар иргэдийн хүртээл болж байгаад баяртай байна” гэлээ.

Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.

Categories
гадаад мэдээ улс-төр

Хорват эмэгтэй төрийн тэргүүнтэй боллоо

Хорват улсын төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Колинда Грабарь-Китарович ялалт байгуулжээ. Өдгөө 46 настай Колинда Грабарь-Китарович өрсөлдөгчөөсөө нэг хувийн саналаар илүүрхэн ялалт байгуулсан аж. Харин Ерөнхийлөгч Иво Ёсипович нэгхэн хувийн саналаар ялагдал хүлээснээр улиран сонгогдож чадаагүй байна. Өдгөө 57 настай Ивао Ёсипович 2010 онд Хорватын Ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц 58.9 хувьтай байжээ. Энэ сонгууль нь 2015 оны сүүлээр явагдах парламентын сонгуулийн урьдчилсан сунгаанд тооцогддог аж.

Колинда Грабарь-Китарович Хорватыг хуучин Югославаас 1991 онд тусгаар тогтноход түлхэц үзүүлсэн Ардчилсан холбооны (HDZ) гишүүн юм. Гадаад хэргийн сайд асан Колинда Грабарь-Китарович НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажилладаг байна. Тэрээр Хорватыг хөгжингүй, чинээлэг улс болгон хөгжүүлэх, олон жил үргэлжилж буй эдийн засгийн хямралыг зогсоохыг төлөө ажиллана гэжээ.

Хорват улс 2013 оны долдугаар сард Европын холбоонд гишүүнээр нэгдсэн билээ. Зургаан жил үргэлжилсэн эдийн засгийн хямралын улмаас ажилгүйдлийн түвшин бараг 20 хувьд хүрээд буй аж.

Categories
мэдээ спорт

Шатрын сонирхогчдын УАШТ дүнгээ гаргалаа

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Орхон аймгийн оролцогч Ө.Цэрэндорж, гуравдугаар байрт Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Г.Харуулбаатар, тавдугаар байрт Сэлэнгэ аймгийн оролцогч С.Сундуй шалгарсан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд 33 шатарчин оролцсоноос Дархан-Уул аймгийн оролцогч Т.Март 7 оноогоор тэмцээнийг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгаас оролцож буй Б.Алтантуяа удаалж, Увс аймгийн оролцогч Ж.Алтанцэцэг гуравдугаар байрт шалгарлаа.


Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор С.Алтанхуяг, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Д.Сайнзаяа нарыг тодруулсан юм. “Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор улсын хэмжээнд зохион явуулсан Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 2300 шатар сонирхогч оролцсон” хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зам тээвэр, дэд бүтцийн салбарт хийгдэх томоохон ажлууд

Зам засвар, шинэчлэлийн чиглэлээр Дүүргүүдэд 9,843,4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1,500,0 сая төгрөг, Багануур дүүрэгт 367,2 сая төгрөг, Багахангай дүүрэгт 108,6 сая төгрөг , Налайх дүүрэгт 367,6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторхи зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.

Нарны замыг 19-р хороололтой холбоно Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/ Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд/Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо/30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Сонсголонгийн гүүрээс Яармагийн замын ажлыг үргэлжлүүлнэ Орбитын уулзвараас -Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3,6 км, Шаргаморьтын амны 6.3 км авто замын шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД, 14-р хороо/ , Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ.
Мөн Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барих, 630 у.м-т гэрэлтүүлэг хийх, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт , 22-ын хуучин уулзвараас мал бордох 1,7 км авто зам , Улиастай-Гачууртын чиглэлийн 11,0 км авто зам , Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах /1,3,4,10-р хороололд, Хар хорин зах, СУИС-ийн урд, Яармагийн гүүр, Офицеруудын ордоны аюулгүйн тойрогт/ ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн.
Нийтийн тээврийн шинэчлэлт Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг.
Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдаж2015 оны эхний хагас жилд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийнболон цахим төлбөрийн /BMS,BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем”–ийг цогцоор нь нэвтрүүлснээр:Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, сайжирч, зорчигчид гар утас болонкартаар төлбөрөө хийх боломжтой болно. Мөн нийтийн тээврээр зорчигчдын судалгааг нарийвчлан гаргаж оновчтой төлөвлөлтийг хийх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, зорчигчдын аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн тээвэрлэгчдийн сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулах, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг шуурхай хүргэх ажилд ахиц гарч нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм.

Categories
гадаад мэдээ

Германд сонины байрыг галдан шатаажээ

Үл мэдэгдэх этгээдүүд Германы Хамбург хотын мэдээллийн “Хамбург Моргенпост” сонины редакцид халдаж, галдан шатаажээ. Исламистууд Парист цуст алан хядах ажиллагаа зохион байгуулсаныг эсэргүүцэж тус сонины эрхлэгч исламын зөнч Мухаммедыг шоглосон зургуудыг “Шарли Эбдо”-д хэвлэгдсэнээс авч нийтэлсэн байна. Гамбургийн цагдаа нар энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг халуун мөрөөр нь орж баривчилжээ. Одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй юм байна.

АНУ-ын тусгай албанаас Европ, Америк дахь исламистууд хэд хэдэн террорист үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж буйг анхааруулж байсныг тэмдэглэх нь зүйтэй гэж хэвлэлд мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлэхдээ, шөнийн 02 цагийн орчим үл мэдэгдэх этгээдүүд сонины байранд халдаж, цонхоор нь хэд хэдэн шилтэй тэсрэх бодис бүхий шингэн буюу “Молотовын коктейл” шидэж галдан шатаасан гэсэн байна.

Халдлага болох үеэр азаар сонины байранд нэг ч сэтгүүлч, ажилтан байгаагүй аж. Харамсалтай нь сонины баримт бичгүүд галд өртжээ. Энэ нь “Шарли Эбдо”-д халдлага үйлдсэнтэй холбоотой байхыг албаныхан үгүйсгээгүй байна. Юуны учир галдан шатаасан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Цагдаагийнхан энэ хэргийг лалын шашинтнууд үйлдсэн эсэх талаар баттай зүйл хэлээгүй байна.