Categories
мэдээ нийгэм

Зарим эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлав

Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тушаалаар дараах эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг цуцласан байна.

Тус эмнэлгүүд Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 19.8, “Статистикийн тухай” хуулийн 9.5, 9.6, 9.9, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 8.2, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн ажээ.

Categories
мэдээ спорт

“Универсиад”-д манай улсын долоон цаначин уралдана

Дэлхийн оюутны өвлийн спортын 27 дугаар “Универсиад” наадам нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 4-д Испанийн Гранада, Словакийн Штрбске-Плесо, Осрблье гэсэн гурван хотод болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Бямбадорж, Б.Амарсанаа, Б.Ачбадрах, О.Гантулга, эмэгтэйчүүдийн ангилалд Э.Ариунтунгалаг, А.Энхтуул, Ж.Халиунаа (МУБИС) нарын долоон тамирчин өрсөлдөх юм.

“Универсиад-2015” наадмын биатлон, гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, цанын харайлтын тэмцээн Словакт болох бол уулын цана, хоккей, уран гулгалт, шорт трек, сноуборд, кёрлингийн тэмцээн Гранадад болно.

Энэ удаагийн “Универсиад” наадмыг хоёр өөр улс хамтран зохион байгуулах нь анхны тохиолдол ба Монголын баг тамирчид 1991 оны анх Японы Саппорогийн универсиадад оролцож байжээ. Сүүлийн жилүүдэд болсон наадмуудад тасралтгүй оролцсоор ирсэн бөгөөд Италийн Трентино хотноо 2013 онд болсон өвлийн “Универсиад” наадамд Монголын цанын баг тамирчид оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгой төслөөр мэдээлэл сонсчээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа уул уурхайн салбарт холбоотой хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхнийх нь Тавантолгойн нүүрсний ордтой холбоотойгоор уг төслийг хариуцан ажиллаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсчээ. Ингэхдээ хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл сонссон юм байна. Дараа нь Гацууртын ордын талаар хэлэлцжээ. УИХ-аар өнгөрсөн долоо хоногт тус ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусна. Бүлгээр эл асуудлыг хэлэлцэх үед гишүүд “Гацууртын ордоос алт олборлох үед Ноён уулын эргэн тойрон дахь түүхийн дурсгалт олдворууд устгаж үгүй болох эрсдэлтэй тул хамгаалах асуудлыг орхиж болохгүй. Мөн цэвдэг газар олборлолт хийхэд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нь өндөр тул энэ талын судалгааг сайтар хийх нь чухал гэж бүлгийн гишүүд үзэж, УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах саналыг хүргүүлэхээр болжээ. Энэ тухай мэдээллийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд өглөө.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлэхээр болжээ.

Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэд хуулийн дагуу бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой ажээ. Шаардлага хангасан иргэд материалаа харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт эсвэл дүүргийнхээ ЗДТГ-ын байранд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний дотор авчирч өгөх юм байна.
Олон нийтийн Цагдаа болох хүсэлтэй иргэд дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт /өрхийн орлоын мэдүүлэг/
  • Ажиллаж суралцаж байсан бол тухайн газрын тодорхойлолт
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  • 4*6 хэмжээтэй 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй 3-н ширхэг цээж зураг
  • Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр оруулах тул Эрэгтэйчүүд 5, эмэгтэйчүүд 6 төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна. Үүнд, Биохими, Сүрьеэ /цээжний зураг/, Цусны Ерөнхий шинжилгээ, Шээсний шинжилгээ, Хэвлийн ЭХО, Эмэгтэйчүүд
Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөхөөр судлаж байна

Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00, ажил дуусах цагийг 17:00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08:00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байна гэдгийг Замын цагдаагийн газраас хэлж байсан юм. Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг хэмээн үзсэн юм. Тиймээс Засгийн газраас нийслэл дэх сургууль, цэцэрлэгийг эхлэх болон тарах цагийг өөрчлөх эрхийг нийслэлийн Засаг даргад даалгасан билээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон юм. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байгаа аж. Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа авто замын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: Одонтой эхчүүдийн мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гарахгүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэж мэдээлэл хийдэг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөл ээлжит мэдээллээ хийлээ.

Бие даагч гишүүд энэ долоо хоногт яригдах хамгийн чухал асуудал бол энэ оны төсвийн тодотгол гэдгийг хэлээд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, төсвийн тодотголын хүрээнд одонтой эхчүүдийн мөнгийг хасах гэж буйг эсэргүүцэж байгаа бол оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг сурлагын түвшинг харгалзуулан өгөх гэж байгааг дэмжиж байгаа гэдгээ хэллээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаад ирсэн. Энэ үеэр орон нутгийн иргэд одонтой эхчүүдийн мөнгийг хасах, хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. “Иргэдэд олгодог халамжийн жаахан хэдэн төгрөгийг Засгийн газар хасах юм бол Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй юм байна гэдгийг би орон нутгийн иргэдтэй уулзаад ойлголоо. Тэнд амьдрал хүнд байна. Жирийн иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээ болих хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд нэг жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилдээ 100 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гараагүй. Энэ бол байгалийн баялагаас хувь хүртэж байна гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга замыг эрэлхийлж байгаа нь харамсалтай. 2015 оны төсвийг өмнө батлаад нэг ч өдөр хэрэгжээгүй байхад тодотгол нь орж ирж байна. Монгол Улсын түүхэнд ийм зүйл байгаагүй” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2015 оны төсвийн тодотголоос энэ Засгийн газрын өнгө төрх ямар байх нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар гадныханд болон дотоодын томорсон бүлэглэлүүдэд нээлттэй, иргэддээ хатуурхсан, залхуу Засгийн газар байх нь. Учир нь татварын бодлого, шинэчлэлийн талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Мөн бизнесийнхээ хүрээг тэлэх, орлогоо нэмэгдүүлэх талаар олигтой заалт оруулж ирсэнгүй. Харин иргэдийн төлөх татварыг нэмж, халамжийг багасгаж, эдийн засгаа аварна гэсэн бодлого баримталж байна. Тухайлбал, томоохон татвар төлөгч, онцгой албан татвар төлдөг компаниуд нэг долларыг 1450 төгрөгөөр тооцон улсад татвар төлдөг. Тэгвэл жирийн иргэн 1950 төгрөгөөр тооцон татвараа төлж байгаа” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбүрэн: Албан тушаалтнууд шүүмжлэлээс хол, хяналтаас ангид байхын тулд иргэдийг дарамталж байна

-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ ЗҮЙЛ АНГИ НЬ ӨНДӨР АЛБАН

ТУШААЛТНУУДЫН ЗЭВСЭГ БОЛЧИХОЖ-

Иргэн Л.Даваапил twitter хуудсаараа дамжуулан Зам тээврийн сайд асан А.Гансүхээс “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол давна” гэж бичсэнийхээ хариуд анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн ял сонссон. Үүнээс үүдэж цахим ертөнц дэх өөрийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна уу, төрийн өндөр албан тушаалтанг хардах эрх иргэдэд үгүй болсон уу гэдэг асуудал үүсээд буй. Энэ талаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын хуульч Д.Мөнхбүрэнтэй ярилцлаа.

Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх иргэн Л.Даваапилд 9.7 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Үзэл бодлоо илэрхийлэх, хардах цаашлаад хэвлэлийнэрх чөлөө байна уу?

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалсан шүү дээ. Үндсэн хуулиас гадна манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр хамгаалсан. Манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр нь дотоодын хуулийн адил хэрэгжих ёстойг Үндсэн хуульдаа заачихсан. Гэтэл манай улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлаад байна.

Ингэснээрээ хуулийг урвуулан ашиглаж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилдог. Олон улсад ч ийм практик бий. Тиймээс “Эрүүгийн хууль дахь гүтгэлэг, доромжлол гэсэн заалтаа хасаач” гэдэг уриалгыг дэлхий нийтээрээ гаргаад байгаа. Цөөнгүй улс дээрх хоёр заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан. Манай улс ч гэсэн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хэрэг биш, иргэн хоорондын маргаан гэж тусгасан. Энэ хууль батлагдвал иргэний журмаар маргаанаа шийдвэрлээд үзэл бодлоо илэрхийлсэн хуулийн этгээд эрүүгийн гэмт хэрэгтэн болохгүй байх боломж бүрдэх юм.

-Twitter, facebook хуудас бол бусдын үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай гэж олон улсад үздэг. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн, өндөр албан тушаалтанг хардсан иргэдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гүтгэсэн гэж яллаад байх юм.

-Twitter зэрэг олон нийтийн сүлжээг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн эсэх маргаан олон улс орнуудад өрнөж байгаа. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн бол…” гэдэг заалт байсныг 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэг үгийг нь хасчихсан. Харин хоёр ба түүнээс дээш хүнд түгээсэн бол гэдэг үндэслэлээр ялладаг болсон. Ингэхээр twitter эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээс үл хамаараад хоёр ба түүнээс дээш хүмүүст хүргэсэн л бол олон нийтэд түгээсэн гэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүн үүсчихэж байгаа юм.

Иргэд хардах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж та ярьсан. Дугаар хорооны иргэн өндөр албан тушаалтанд “Таныг ийм үндэслэлээр хардаж байна. Та тайлбар өгөөч” гэж өөртэй нь уулзах боломж тэр бүр байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулж тэр хүнд хандаж асууж, үзэл бодлоо илэрхийлэх л боломж бий. Тэгэхээр гүтгэсэн, доромжилсон болчих гээд байгааг юу гэх вэ?

-Үнэхээр иргэн төрийн өндөр албан тушаалтантай уулзаад эргэлзэж байгаа асуудлаараа мэдээлэл авч, эсвэл үзэл бодлоо илэрхийлэх боломж байхгүй. Өөрт байгаа боломжоо ашиглаж үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхээ эдэлснийх нь төлөө яллаж байгаа нь өөрөө утгагүй. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн байнга бусдын хараа хяналтад байж, тэдний үг үйлдэл бүр хяналтад байдаг. Шүүмжлэлд өртөмтгий байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас тэр албан тушаалыг хашиж байгаа гэж олон улсад үздэг. Өөрөөр хэлбэл, тэр хүн улс төрд орохын тулд, урлаг соёлын од байхыг өөрөө хүссэн. Тийм учраас байнгын шүүмжлэл бэлэн байж үйл ажиллагаагаа ил тод байлгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэйн хувьд зайлшгүй хараа, хяналтад байх ёстойгоо хүлээн зөвшөөрч байж өндөр албан тушаал хашдаг.Тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж, хардах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хүн бүрт бий. Гэтэл иргэн шүүмжилснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох юм уу ажлаас халагдах зэргээр янз бүрийн эрсдэл хүлээж байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд эргэлзээтэй болчихлоо.

Өндөр албан тушаалд байгаагийн хувьд хийж байгаа ажил, биеэ авч яваа байдал нь шилэн дотор байгаа мэт ил байх ёстой. Гэтэл манайд албан тушаалтнууд хяналт тавьсан хүнээ занадаг, шүүх цагдаад өгдөг. Ийм үйлдлээрээ улстөрчид төлөвшөөгүй байгаагаа харуулаад байна уу?

-Улстөрчид, өндөр албан тушаалтнуудын хувьд Эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох гэмт хэргийн заалт зэвсэг болчихож. Хоёр иргэн хоорондын маргааныг энэ зүйл ангиар шийдсэн тохиолдол маш цөөн. Харин өнгөрсөн онд гэхэд төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргасны улмаас арваад хүнийг Эрүүгийн хуулийн гүтгэх гэдэг зүйл ангиар шийтгэсэн байна. Энэ тоо жил ирэх тутам өсч байгаа нь харамсалтай. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих бодлого барих ёстой УИХ-ын гишүүд, сайд дарга нар нь эргээд иргэдийнхээ эрхийг боох бодлого барьж байгаа нь харагдаад байна.

Тэр тоо өсөхийн хэрээр эрх баригчид, өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө дархалж байна гэсэн үг биз?

-Шүүмжлэлээс хол, ангид байхын тулд хуулийн зүйл ангийг дарангуйлал маягаар ашиглаад байна шүү дээ. Өнөөдөр нэг хүний эсрэг гомдол гаргаад яллуулчихлаа. Дараа нь дахиад өөрийг нь шүүмжлэх, хардах хүн цөөднө. Цаашлаад нийт иргэдэд айдас бий болгоно. Хүмүүс өөрөө өөртөө цензур тогтоож эхэлнэ. Сэтгүүлч хэрэгтэн болохоос айгаад үзгээ барихдаа цензуртай болсон бол одоо иргэн үгээ хэлж болохоо больж байгаа нь харамсалтай. Энэ нь өөрөө ардчилалд маш халтай, аюултай. Манай улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр заалтаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн. Энэ пактын хэрэгжилтийн тайланг манай Засгийн газар энэ онд явуулах ёстой. Гэтэл энэ пактын хэрэгжилт хангалтгүйгээр барахгүй, эсрэгээрээ байна гэж тайлагнах нөхцөл үүсч байна. Тэр хэрээр дэлхий дахинд манай улсын нэр хүнд унана.

Иргэд олон нийтийн сүлжээгээр иргэд ихэвчлэн өндөр албан тушаалтнаас эрх мэдлээ ашиглаж мөнгө шамшигдуулсан эсэхийг лавлаж, хардаж байгаагаа илэрхийлдэг. Түүнд нь албан тушаалтнууд тайлбар хийх, тайлагнах үүрэгтэй баймаар. Гэтэл уурлаад шүүхэд өгчих юм.

-Тийм хандлага бий. Гүтгэсэн, доромжилсон гэдэг зүйл анги үүсгэдэг атлаа тэр хүний хардсан тохиолдол, агуулгыг шалгадаггүй. Олон жилийн өмнө сэтгүүлч “Гаалиас төрсөн тэрбумтнууд” цуврал нийтлэл бичсэнийхээ төлөө ял сонссон. Гэтэл дараа нь өөрийгөө цагаатгаад байсан албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн хардаж бичсэнийг шүүх тогтоосон. Гэтэл сэтгүүлч өөрийгөө цагаатгахаар ч хандаагүй ялтай хэвээр үлдэж байсан жишээ бий. Шүүх, хуулийн байгууллага гүтгэсэн гэх хэргийг шийдэхдээ хэл шинжлэлийн эрдэмтдээс л шинжээчдийн дүгнэлт авдаг. Шинжээчид нь үг бүр дээр нь ажиллаад “авлигачин” гэж бичээд гүтгэсэн, доромж утгатай үг хэрэглэсэн гэх зэргээр дүгнэлт гаргачихдаг. Гүтгэсэн, доромжилсон агуулгыг нь нарийн шалгаж тогтоодоггүй учраас эрх мэдэлтнүүд өөрсдөдөө ашигтай байдлаар дараагийн хяналтаас ангижрахын тулд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг овжноор ашиглаад байна.

Үндсэн хууль, олон улсын пактуудаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тунхаглаад өгчихсөн. Гэтэл улстөрчид, өндөр албан тушаалтнууд эсэргээрээ иргэдийг айлгах, өөрийнхөө эсрэг дуугаргахгүй байхын тулд хуулийг ашиглаад байна. Жил ирэх тусам энэ нь гаарч байна. Тэгэхээр иргэд эрхээ яаж хамгаалах ёстой юм бол?

-Иргэд өөрсдөө акц хиймээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх баригчдад хандах боломжтой. Мөн стратегийн өмгөөлөл хийх боломж бий. Манай шүүхийн практикт олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэглэх нь маш цөөн. Тиймээс стратегийн өмгөөллөөр олон улсын гэрээ хэлэлцээрийг шүүхийн практикт хэрэглэх хүртэл нь ажиллавал үр дүн бий. Манайхан нэг асуудал дээр 7-10 хоног шуугиад мартчихдаг. Ц.Бат инженерийн хэргийг орхихгүй асуудал болгоод яваад байсан бол Л.Даваапилд холбогдох хэрэг өөрөөр эргэх байсан болов уу.

Ц.Батын гэх хэрэг дээр давж заалдах шатанд сайд асан А.Гансүх гомдоо татаад авчихсан. Үүнийгээ уучилж байна гэж тайлбарласан. Үүнээс үүдэж олон нийт А.Гансүх гэж өгөөмөр хүн, харин Ц.Бат бусдыг доромжилсон буруутай этгээд дүгнэх шиг боллоо. Энэ нь улстөрчдийн бас нэг арга уу?

-Ганц А.Гансүх ч биш өндөр албан тушаалтанд хэн нэгэнд ял хүлээлгэх нь чухал биш байдаг. Хамгийн гол нь хэн нэгний эсрэг гомдол гаргасан хэрэг дээрээ дөрөөлж нэр хүндээ өсгөдөг. Бас олон нийтийн хараа хяналтаас ангижрах арга нь болчихсон. Цаашлаад сонгуулийн сурталчилгаагаа үүгээр хийдэг. “Би уг нь буруугүй юм. Тэр нөхөр намайг гүтгээд байхаар нь би хуулийн байгууллагаар өөрийнхөө буруугүйг нотлууллаа” гэх байдлаар “энхийн цагаан тагтаа” болж хувирдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг залуус уриалж байна

Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар өнгөрсөн оны 5-р сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд залуучуудын төлөө чиглэсэн олон ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр “Залуусаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой!” гэсэн уриалгыг гаргаж энэ хүрээнд олон ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.

Шинэ жил, цагаан сар гээд томоохон баярууд ар араасаа үргэлжилж байгаа энэ үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болоод бусдын биед нөхөж барамгүй гэмтэл учруулах тохиолдол их гарч байгаа юм. Тиймээс залуучууд та бүхнийг энэхүү давалгаанд нэгдэж, өөрийгөө болон бусдын алтан амийг авраарай.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид ирэх сараас смарт картаар үйлчлүүлнэ

Монголын сурагчдын холбоо ТББ, Нийслэлийн Боловсролын газрын “Сурагчийн үнэмлэх” хамтын ажиллагааны үр дүнд Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 2 дугаар сарын 1-нээс Смарт карттай болох юм. Тус карт нь айпи/IP хаягтай бөгөөд энэ картыг үйлчилгээний 10 гаруй байгууллага, 40 орчим төрлийн үйлчилгээндээ хөнгөлөлт үзүүлэн дэмжиж байгаа юм.
Тодруулбал, “Өргөө” кино театрт хөнгөлөлттэй кино үзэх, утасгүй интернетийн Кевико сүлжээг ашиглах, Хүүхдийн тусламжийн 108 утасруу үнэгүй холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт. 1-11 дүгээр ангийн сурагчид смарт картыг авахдаа 1400 төгрөгийн хураамж төлж гурван жилийн турш ашиглах юм. Нийслэлийн 200-аад Ерөнхий боловсролын сургуулиас одоогоор 125 сургуулийн хүүхдүүд энэ смарт картыг ашиглахаар болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ гишүүн тансаг хэрэглээнээс татгалзав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд дарга нарыг үнэтэй жип, тансаг хэрэглээнээсээ татгалзахыг уриалсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эдийн засгийн хямралтай тэмцэх өөрийн арга замаа танилцуулав. Тэрбээр дарга нарыг тансаг хэрэглээнээсээ татгалзахыг уриалахын сацуу, өөрийн унаа, гар утас, ажил хэрэгтээ хэрэглэдэг үзгэн балныхаа зургийг фэйсбүүктээ нийтэлжээ.