Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануур дүүргийг хот болгохоор санал асууна

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах талаар Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11-р сараас энэ ажил эхэлсэн.

2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд оролцсон уулзалт зохион байгуулагдаж Налайх, Багануурт хот байгуулах, хотын Үндсэн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын явц, цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Өнөржаргал, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ганболд нар хот байгуулах, хотын Үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооноос хийсэн ажлын талаар танилцууллаа.

Налайх дүүргийн 7, Багануур дүүргийн 5 хороо, дүүргийн боловсрол, эрүүл мэнд болон томоохон аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд, нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт 1500 гаруй иргэн оролцжээ. Налайх, Багануур хотын Үндсэн дүрмийн төслийг тус дүүргүүдийн болон нийслэлийн цахим хуудсанд байрлуулж, хотын Үндсэн дүрмийн төсөл, танилцуулгыг өрхийн тоогоор хэвлэн тарааж танилцуулсан ба хэлэлцүүлгийн хугацаанд хот байгуулах асуудлаар болон хотын Үндсэн дүрмийн төсөлд 150орчим иргэн саналаа өгсөн байна. Хэлэлцүүлгээр гарсан саналыг тусгаж, дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл орсон Үндсэн дүрмийн редакцийн зөвлөл ажиллан Багануур болон Налайх хотын Үндсэн дүрмийн эцсийн найруулга боловсруулаад байгаа юм байна.

Мөн энэ уулзалтын үеэр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж Налайх, Багануур хотыг байгуулах үндэслэл, шаардлага, хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийн талаар саналаа танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Багануур нь 1978 онд нүүрсний уурхай байгуулагдсанаар бүтээн байгуулалтын эх ажлын суурь тавигдсан бөгөөд одоогийн байдлаар 27936 хүн амтай, 62020 га газар нутагтай нийслэлийн нэг дүүрэг юм. Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Багануур хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв байхаар тусгасан. 2030 он гэхэд Багануур хотын хүн ам 60000 орчим болж, хүний амын 80 хувь нь орон сууцанд амьдрахаар төлөвлөсөн бөгөөд дүүргийн газар нутгаас хөдөө аж ахуй, ойн болон усан сан бүхий болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газрыг хамруулсан 24710 га газрыг шинээр байгуулагдах хотын эдэлбэр газарт хамруулж болох талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын танилцуулгад дурдсан байна.

Налайхын хувьд 1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч хот байгуулах их үйлс эхэлсэн бөгөөд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Налайх дүүрэг болсон. Тус дүүрэг нь 33200 хүн амтай, 68760 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Налайх хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь өрхий аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк байна. 2030 он гэхэд Налайх хотын хүн ам 65000 орчим болно гэж төлөвлөсөн бөгөөд дүүргийн газар нутгаас хөдөө аж ахуй, ойн болон усан сан бүхий болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газрыг хамруулсан 20533 га газрыг шинээр байгуулагдах хотын эдэлбэр газарт хамруулж болох талаар танилцуулгад дурджээ.

Багануур, Налайх дүүргийн удирдлагын дүгнэж байгаагаар тус дүүргийн иргэд хот байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд энэ оны 1 сард багтаан уг асуудлаар дүүргийн нийт иргэдийн санал асуулгыг явуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дүүрэгт хотыг шинээр үүсгэн байгуулж, хотын үндсэн дүрмийг батлах тухай асуудлаар иргэдийн санал асуулгыг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулж, дүүргийн удирдлагуудад санал болгосон бөгөөд журмын төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж баталж, 2015 оны 1 дүгээр сард багтаан санал асуулгыг явуулахаар боллоо

Categories
мэдээ нийгэм

Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан. Өнөөдөр энэхүү тэмдэглэлт өдрийн 23 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Төрийн ордонтой танилцах цахим аяллын веб хувилбар бэлэн болоод байгаа аж. Англи, монгол тайлбартай цахим аяллаар дамжин иргэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болоод бусад танхимууд, Төрийн ордон дахь түүхийн дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын өрөө тасалгаа, үе үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зурагтай танилцах боломжтой болжээ.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон бөгөөд энэ шагналын эзнийг өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд шагналыг гардуулах болно. Мөн Үндсэн хуулийн өдрөөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“КОРЕАН ЭЙР”-ийн монголчуудад зориулсан порц

Солонгосын агаарын тээврийн “Кореан Эйр” гэж Монголд монополь эрхтэй компани бий. Энэхүү авиа компанид манай улс гадаад нислэгийнхээ бүх эрхийг атгуулчихсан. Юм үзээгүй, ходоод нь хонхолзсон өлөн дарга нар тухайн үедээ багахан шан харамжид л гадаад руу зорчих хамгийн том сувгаа солонгосуудын мэдэлд өгч, тэдний аяг аашинд захирагдан бөхөлзөж ирлээ. Ёстой нөгөө таваг шөлөнд нь уярчихлаа гэдэг шиг бэлэг сэлтний сургаар бүх нислэгээ тавьж туусан байлгүй, хөөрхий. Өлөн зэлмэн дарга нарын өрөвдөлтэй төрх ч нөлөөлсөн үү, солонгосчууд монголчууд бидэнд дэндүү эрэлхүү, бардам дээрэнгүй хандах юм. Уул нь энэ орчлон дээр солонгос монгол хоёр л хоорондоо тэр энэ гэжялгахын аргагүй адил царай зүстэй хүмүүс. Хэрвээ хүн төрөлхтөн хоорондоо хамаатархаж садансвал хамгийн түрүүнд манай хоёр улс садансаж таарна.

Тиймдээ монголчууд бид солонгосчуудад нэг л элгэмсүү, эерүү зөөлөн сэтгэлээр ханддаг. Харин дэлхий дахинд биднээс өөр Солонгосыг тоож харилцах, хүндэтгэж үзэх улс үндэстэн байхгүй. Солонгосчууд энэ ертөнцийн шоовдор хүмүүс шиг явж ирсэн. Соёлт хүн төрөлхтөн тэднийг ингэж шоовдорлож, нүд үзүүрлэх нь арга ч үгүй юм даа гэх бодлыг “Кореан Эйр”-ийн үйлчилгээ бид бүхэнд мэдрүүлж байна. Монголчуудыг хүн биш мэтээр дорд үзэж, хоёрын хоорондох ямаан омгоороо далайлгаж, бусдаас ялгаварлан гадуурхсан өрөвдмөөр сэтгэлгээ нь солонгосчуудын үнэн төрхийг илчилж, дэлхийн шоовдор үндэстэн гэдгийг нь гэрчлээд өгөх аж.

“Өдрийн сонин” өмнө нь иргэдээс ирсэн санал гомдол дээр тулгуурлаж “Солонгосын “Кореан Эйр” монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ” гэж бичиж байсан. Түүнээс хойш олон иргэд бидэнд хандлаа. Олон жишээ баримтыг хэлж байна. Манайхныг дорд үзсэн, илт гадуурхаж дээрэлхсэн энгийнжишээ баримтаас дурдъя л даа.

“Кореан Эйр”-ийн онгоцонд монгол, европ хоёр иргэн ижилхэн мөнгөө төлөөд зорчиходсолонгосуудын үйлчилгээ эрс өөр байдаг нь цаанаа л зэвүүн. Зэрэгцээд сууж буй хоёр зорчигчид вино хундагаллаа гэхэд шар толгойтой европт хундаганы талаар дүүргээд монгол хүнд ёроолд нь дусаагаад өгч байх жишээний. Пиво захиалахад мөн л шар толгойтод авчирч өгөөд монголд нь болохоор ойлгохгүй байна гээд хэнэг ч үгүй орхичихно. Ингэж монголчуудыг хүн төрөлхтний өмнө хүн биш мэтээр доромжилдог. Онгоцны үйлчилгээтэй холбоотой энэ мэт жишээ захаас аваад үй түм. Монголд “Кореан Эйр”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрууд бий. Тэдгээр газруудад бид захиалга өгч нислэгийнхээ тасалбарыг авдаг. “Бизнес классын тусгай тасалбар нь төд, энгийнээр төд” гээд төлөөлөгчийн газрынхан мэдэгдэж нислэгийн цагийн хуваарийг танилцуулж, “манайхаар тавтай үйлчлүүлээрэй” гээд сүйд болно.

Гэвч харамсалтай нь “Кореан Эйр”-ийнхэн төлөөлөгчийн газрынхаа тасалбарыг онгоцонд ороод газар дээр нь шууд өөрчилдөг. Ямар зорчигч өндөр үнэ хөлс төлж тусгай тасалбар авсан зэрэг нь тэдэнд огтоос падгүй. Бизнес класст сууж байгаа эрхмийг солонгосын нэг дарга ороод ирвэл хойш нь энгийн суудал руу ямар ч тайлбар авахгүйгээр хөөж явуулна. Ер нь бизнес классын зөөлөн суудалд ямар монгол хүн явна түүнийг зэвүүрхсэн тохуурхсан харцаар харж, нүдээрээ олзолж байгаад шууд хөөгөөд явуулдаг. Тэдний дээрэнгүй байдал дэлхий нийтэд ч ил тод батлагдаж байна.

Саяхан “Кореан Эйр”-ийн ерөнхийлөгч Чо Хюн А-г агаарын тээврийн хуулийг зөрчсөн хэмээн олон улсад шуугилаа. Түүний охин Нью-Йоркоос Сөүлийн чиглэлд ниссэн онгоцыг Нью-Йоркийн олон улсын нисэх онгоцны буудалд буцааж буулган нислэгийг саатуулсан. Тэрээр онгоцны үйлчлэгчийг самар задалсангүй гэж бухимдан тухайн үйлчлэгчийг хөөж буулгахын тулд олон улсын нислэгийн чиглэлийг буцааж дураараа авирлажээ. Энэ нь агаарын тээврийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн болохыг тогтоож шүүхэд шилжүүлээд буйг бид мэдэж байгаа. “Кореан Эйр”-ийнхэн ийм л дээрэнгүй давилуун, ёс бус үйлдэл гаргаж олон улсад нэр хүнд нь маш бүдүүлгээр унаж байна.

Солонгосын онгоцны буудал дээр хуучин цагт виз чанга байхад нэг модон саваа барьсан өвгөн байсныг манайхан мэднэ байх. Гадны зорчигчдыг хилээр чөлөөтэй нэвтрүүлснээ, нүдэндээ хүйтэн харагдсан монголчуудыг өнөө модон саваагаараа чичилж бөөгнүүлээд цагаачлалын алба руу хонь шиг туудаг байсан. Харин одоо “Кореан Эйр”-ийнхэн монголчуудад зориулж нэг шар жингэр бэлдсэн байна лээ. Нисэх буудал дээр ачаа тээшийг нь үнэрлүүлж гадны мянга мянган зорчигчдын өмнө бах таваа хангах гэж тэр. Солонгост байгаа ах дүү, хань нөхөд, үр хүүхдэдээ манайхан хамгийн түрүүнд мах аваачиж өгдөг. Үүгээрээ бид солонгосчуудаас амьдралын хэв маяг өөр гэдгээ баталдаг. Монголчуудын ачаа тээшинд мах байгааг өнөө жингэр нь шиншилж, тэгээд л нисэхийн харуул хамгаалалтынхан хавиар нэг орилж бахиран, бөөн сүр дуулиан болгоно. Мах гэдэг бидний хувьд муу муухай, өөрсдийгөө доромжлуулах гутамшигт зүйл биш шүү дээ. Харин ч ёс заншлын бэлгэдэл болсон зүйлээ авч очсоны төлөө хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн гэмт этгээд шиг элдэв бусаар доромжлуулж нүүрээ хийх газаргүй болдог. Монголчуудад тусгайлж зориулсан порц гэдэг нь энэ.

Солонгосчуудын увайгүй үйлдлийг бид ерөөсөө тоодоггүй. Азийн наадмын үеэр эмэгтэй жүдочдын хоолонд юугаа ч хийчихсэн гэдэг билээ. Өөрсдийнх нь ёс юм байлгүй гээд тоолгүй өнгөрүүлсэн. Жүдо бөхийн холбоо шүүхдэж, гомдол гаргаж янз бүр болохоор л байсан. Гэвч чимээ аниргүй өнгөрсөн. Гэтэл солонгос нөхдийн монголчуудад хүн биш мэтээр дээрэнгүй хандаж, эрээ цээргүй увайгүй үйлдэл гаргах нь арай хэтийдлээ. Үүнд Монголын төр засаг албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй байна. Бид чинь эрх биш дээрээ төртэй улс үндэстэн юм байгаа биз дээ. Өөрсдийнхөө ёс уламжлал амьдралын хэв маягаа манай эрх баригчид Солонгосын талд сайтар ойлгуулах цаг хэдийнэ болжээ. Алийн болгон Солонгосын нисэх буудал дээр шар жингэрт нь боорлуулаад гэмт амьтан шиг гилбэлзэж суух вэ. Баялаг бүтээгчид, хэрэглэгчид толгой дээгүүр хаан мэт эрх мэдэлтэй, бүхнийг өмнөө мэхийлгэдэг болсон өнөө цагт “Кореан Эйр”-т мөнгөө төлчихөөд доромжлуулж суудаг үндэстэн Монголоос өөр байна уу.

Эл бүгдийг Монголын төр засаг албан ёсоор хэлж ярихгүй бол бид наад зах нь “Кореан Эйр”-т итгэхээ болилоо. Энэ нь уг авиа компаниар үйлчлүүлэхээ болино гэсэн үг. Бүх л зүйл өрсөлдөөний хуулиар хэмжигдэж байхуйд улс үндэстнээрээ доромжлуулан, гадуурхагдан, хөөгдөж туугдаж “Кореан Эйр”-ийг царайчлахын хэрэг огтоос алга. Цаана чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын топ компаниуд байна. Америк, Японы дэлхийд нэртэй авиа компаниудтай Монгол Улс албан ёсоор гэрээ байгуулах хэрэгтэй. “Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцал. Зөвхөн “Кореан Эйр”-ээс гэрээгээ цуцлаад зогсохгүй уул уурхай болоод өөр ямар л салбарт Солонгосынхон үйл ажиллагаа явуулна тэр бүгдийг хориглох хэрэгтэй юм. Ер нь тэгээд Солонгост амьдрах гэсэн монголчуудаас илүү Монголд амьдрах гэсэн солонгосчууд олон болсон шүү дээ. Бидэнд давилуун зан гаргаж, галзуурч байж тэр нөхдөдөө гай хөө болох вий. Хэрвээ “Кореан Эйр”-ийг цаашид байлгана гэвэл монголчуудыг хүн төрөлхтний ижил түвшинд хүндэтгэж, бидэнд зориулсан тусдаа порцтой биш дэлхий нийтийн порцоо бидэнд ижилхэн өгдөг байхыг шаардах нь зүйд нийцнэ.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

Шийдлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа өнгөрөгч 12 дугаар сард зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон. Тухайлбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт нарыг томилсон билээ.

Харин үлдсэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилохоор болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх бөгөөд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтэй хүн дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтад орох мэдэгдэх хуудас олгож хоёрдугаар сарын хоёрны өдөр сонгон шалгаруулалтыг явуулах тухай Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх замыг үргэлжлүүлэн хийнэ

Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3.6 км, Шаргаморьтын амны 6.3 км авто замын шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1.8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД, 14-р хороо/, Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4.9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ.

Мөн Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барих, 630 у.м-т гэрэлтүүлэг хийх, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт , 22-ын хуучин уулзвараас мал бордох 1.7 км авто зам , Улиастай-Гачууртын чиглэлийн 11.0 км авто зам , Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах /1,3,4,10-р хороололд, Хар хорин зах, СУИС-ийн урд, Яармагийн гүүр, Офицеруудын ордоны аюулгүйн тойрогт/ ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын филармонийн тайзнаа Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар урлаг соёлын мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч телевиз, радио, кабелийн суваг, цахим орчинд залуучуудын хүлээн авч байгаа уран сайхны хөтөлбөрийн дийлэнх хувь нь гадаадын уран бүтээлүүд болон бүх урсгал чиглэлийн дууны уран бүтээлүүд давамгайлж байх бөгөөд үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд, залуучуудын төлөвшил, хүмүүжил, монгол соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байгаа билээ.

Улсын филармоноос 2015 оны нэгдүгээр улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчид, уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, монгол хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл, хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Долларын ханш 1938 төгрөгт хүрлээ

Он гарсаар долларын ханш 80-90 төгрөгөөр өсөөд байна. Арилжааны банкууд долларыг 1912-1922 төгрөгөөр авч, 1930-1938 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1932 төгрөгтэй тэнцэж буй. Хэрэв гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн экспорт өсөхгүй бол долларын ханш 2000 хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийгээд байна. Харин энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр бодож суулгасан. Гэтэл доллар ханшийн хамгийн идэвх муутай үедээ 1938 хүрчихээд байгаа нь хаврын бүтээн байгуулалт эхлэх үед ” тэнгэрт хадах” вий гэсэн болгоомжлол төрүүлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэд Төрийн ордноор цахим аялал хийж болно

Иргэд Төрийн ордноор цахим аялал хийх боломжтой болжээ. Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой танилцах цахим аяллын вэб хуудсыг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Төрийн ордонтой танилцах энэхүү цахим аяллын вэб хуудсыг “Пано интерфейс” ХХК-ийн хамт олон орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн санаачилгаар амжилттай бүтээсэн гэдгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэллээ. Англи, монгол тайлбартай эл цахим аяллаар иргэд сонгогчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон бусад танхимууд, Төрийн ордон дахь түүх, соёлын дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын албан өрөө тасалгаа, үе үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зураг зэрэг сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой болж байгаа юм. Цахим хуудсыг бүтээхэд нийт 3000 гаруй ажлын материал орсны зэрэгцээ Төрийн ордны өрөө тасалгаа, хуралдааны танхим, музей, үзмэр зэрэг 42 обьектыг 100 гаруй цэгээс харуулснаараа онцлогтой ажээ. Цаашдаа Тамгын газрын зүгээс цахим хуудсыг улам боловсронгуй болгож бусад хэлний тайлбарыг нэмэх, Төрийн ордонтой танилцах захиалгыг цахимаар авах, хөдөлгөөнт дүрс, видео дүрсээр баяжуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. Хэдийгээр иргэд Төрийн ордонд чөлөөтэй орж танилцах боломжтой болсон ч бүхэлд нь танилцах боломжгүй. Харин энэхүү виртуаль аяллын шинэ цахим хуудас нээгдсэнээр эх орныхоо зүг бүрт ажиллаж амьдарч байгаа иргэн хэн боловч хүссэн цагтаа гэрээсээ, албан өрөөнөөсөө, гадаад орноос ч энэхүү хуудсанд нэвтэрч Төрийн ордны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжийг олгож байгаа юм. Та бүхэн Төрийн ордонд цахимаар аялахыг хүсвэл http://tour.parliament.mn цахим хуудас руу зочлоорой.

Categories
мэдээ спорт

Н.Лхамаа 63, Ч.Болдбаатар 66-р байрт явна

Энэ сарын 4-нд Аргентиний нийслэл Буэнос Айросоос эхэлсэн “Дакар ралли” уралдаан Боливийн нутагт үргэлжилж байна. Тэмцээн өндөрлөхөд таван гараа үлдсэн бөгөөд одоогоор мотоциклийн төрөлд уралдаж буй 83 дугаартай ОУХМ Д.Болбаатар 66, 117 дугаартай Ч.Анар 170-р байрт жагсаж байна.

Харин автомашины төрөлд уралдаж буй 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар нийт үзүүлэлтээр 65-р байрт жагсаж байна. Тэд тэргүүлэгчээс 2 цаг 41 мин 44 секунтын хоцрогдолтой явна. Мөн 355 дугаартай Унгарын баг 66-р байрт бичигдэж байгаа бол 13 дугаартай Б.Бямбацогтын машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагджээ.

Тэмцээний 7 дахь гараа Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл уралдааны хамгийн урт буюу 781 км зайд болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 18 дахь удаагийн шилдгүүд өнөөдөр тодорч шагналаа гардлаа. Энэ жилийн уралдаанд аймаг, нийслэлээс 800 гаруй хүн оролцсон, ирүүлсэн бүтээл бичлэгийн ур чадвар, өнгө хийц жилээс жилд сайжирч байгаа нь шагналын сан өсч буйтай холбоотой гэж зохион байгуулагчид нь хэлж байлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шилдэг бичлэгийн эздэд шагнал гардуулж, амжилт хүсээд, “Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн бахдам амжилт байсан. Монгол хэл бичгийн эрдэмтэд, багш, оюутнууд, энэ уралдаанд оролцогчид бол Монголынхоо түүх соёлыг уламжлан авч яваа гавьяатай хүмүүс юм. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг тасралтгүй 18 жил зохион байгуулж, эх орныхоо өнцөг булан бүрээс шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулан, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчилдаг МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонд талархал илэрхийллээ. Мөн энэ уралдааны шагналын санд жил бүр хувиасаа сая төгрөг хандивлаж байх болно гэж хэллээ. Уралдаанд ирүүлсэн шилдэг 99 бүтээл, үйс, торго, мод, арьсан эдлэлүүдээс гадна арвижихуйн бэлгэдэл болон дорно дахины алдартай урлаг цаасан урлагийг монгол бичигтэй холбосон бүтээлүүдээр Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргажээ.