Categories
мэдээ нийгэм

Жан Жак руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” номын нээлт боллоо

Өнөөдөр Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ ойн өдөр Гадаад хэргийн яаманд Францын алдарт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх номын II дахь хэвлэлийн нээлтийн ёслол боллоо.

Энэхүү номыг Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Гадаад хэргийн яам болон Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ, “Эрх зүйт ёс” сан хамтран эрхлэн гаргасан байна.

Ёслолын арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ нар нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Хуран цугласан Та бүхэнд юуны өмнө ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн баярын мэнд хүргэе.

Мөн 2015 оны босгон дээр Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн эхний арга хэмжээ нь Жан Жак Руссог хамгийн ихээр алдаршуулж, нэрийг нь мөнхжүүлсэн Та бүхэнд толилуулж буй “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” сонгодог бүтээлийн нээлтээр эхэлж байгаад олзуурхаж байна.
Энэхүү бүтээлээс та бүхэн хүн төрөлхтөний хамгийн гарамгай сэтгэгчид мэргэн оюунаа уралдуулсаар ирсэн эрх чөлөөг дээдлэх үзэл, хууль дээдлэх ёс, ардчилсан төрийн талаар гайхамшигтай үндэслэл, нотолгоог олж мэдэх болно. Цухас дурдваас, аливаа хүчирхийлэл, эсхүл хэсэг бүлэг хүмүүс төр, засгийг бий болгодоггүй болохыг тэрбээр нотлон харуулахыг зорьсон юм. Үлгэрлэвэл, бүлэг дээрэмчид, эзлэн түрэмгийлэгч цэрэг арми, ерөөс таныг харанхуй гудамжинд дээрэмдэж буй зэвсэглэсэн этгээд таныг захирахын тулд хүч хэрэглэх нь бий. Гэвч тэднийг хэн ч “төр” хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Төр, засгийн бас нэг шинж бол хууль ёсны засаглагч болох тухай асуудал юм. Жирийн нэг дээрэмчин бол таныг “түрийвчээ өг, үгүй бол эрх чөлөөнд чинь халдана” хэмээн заналхийлдэг болохоос хэзээ ч “түрийвчээ өг, тэр чинь надад хуулиар олгогдсон миний эрх” гэж хэлдэггүй. Гэтэл төрөөс танд татварын тооцооны хуудас илгээхдээ, цэргийн албанд татахаар зарлан дуудах хуудас хүргүүлэхдээ, эсвэл улаан гэрлээр гарахад зогсохыг тушаахдаа, жолооны үнэмлэхтэй байж машин барина шүү гэсэн шаардлага тавихдаа таныг захирах эрх мэдлийг хууль ёсоор олж авсан байдаг. Харин “яагаад” гэсэн асуултын хариултыг та уг номноос олж аваарай.

Эцэст нь хэлэхэд цөөн хэдэн үгээр “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх энэхүү гайхалтай бүтээлийн үнэ цэнэтэй санаа бүрийг илэрхийлэх бололцоо байхгүй билээ. Тиймээс номыг эхнээс нь дуустал уншиж, мэргэн оюундаа шүүн тунгаах боломжийг уншигч абугай танд үлдээе. Онцлон хэлэх гэсэн нэг зүйл бол уг бүтээл дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулиас эхлэн бусад ардчилсан улс орнуудын Үндсэн хуулийн үзэл санааны язгуур үндэс болсныг тэмдэглүүштэй” гэлээ.

Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ хэлсэн үгэндээ “Юуны өмнө Монголын нийт ард түмэнд Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Өнөөдөр бид энд гурван учир шалтгааны улмаас цуглараад байна.

Нэгдүгээрт, Улс төрийн гүн ухаан, дэлхийн соёлын өвийн томоохон бичвэрүүдийн нэг бөгөөд эрх чөлөө, тэгш эрх, нийтийн сайн сайхан зэрэг бидний хамгийн үнэт ухагдахуунд тулгуурлан, ард түмний бүрэн эрхт байдлын зарчмыг бататган ардчиллын үзэл санааг тэжээн тэтгэж байдаг Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” номын 2 дахь хэвлэлтийг танилцуулж байна.

Хоёрдугаарт, Жан Жак Руссогийн уг бүтээл Франц улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, олон арга хэмжээ зохиогдох 2015 оны босгон дээр монгол хэлээр дахин хэвлэгдэж буй нь нэн тааламжтай байна. Ижил үнэт зүйлстэй ардчилсан, анд нөхөд улсууд болсон нь өнөөдөр манай хоёр орны харилцааны гол үндэс нь болж буйг энэхүү хэвлэлтээр дамжуулан сануулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр хоёр өөр тивд оршдог ч бидний хамтын ажиллагааг энэ үнэт зүйлс ойртуулан холбож байдаг. Учир нь ардчилал бол нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Франц улс болоод Европыг холбож буй бат гүүр мөн.

Гуравдугаарт, Саяхан Франц улсад болсон аймшигт үйл ажиллагаа нь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эсэргүүцсэн үйл явдал байлаа. Үүнийг Монгол, Франц улс аль аль нь буруушааж байгаа.

Энэхүү бүтээлийг дахин хэвлэхэд санаачилга гарган ажилласан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, орчуулагч Р.Янжмаа, сайд Л.Пүрэвсүрэн болон энд хүрэлцэн ирсэн бүхий л салбарын хүмүүстээ баярлалаа.
Тус бүтээл эдүгээгээс 25 жилийн тэртээ Монголын ард түмний сонгосон ардчиллыг бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

30 гаруй үйлдэлтэй хулгайчдыг баривчилжээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.

Энэ сарын 08-09-нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглаж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй удаагийн үйлдлээр үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа ажээ. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэл талаас илүү хувьтай байна

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна. Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг мэргэжлийн байгууллагатай хамтран зөөврийн дискэнд зориулан шинэчилж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн 152 хороонд суурилуулан бүртгэлийг зохион байгуулж байгаа юм.

2015 оны 1 дүгээр сарын 12-ны байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 50.2 хувь, дүүргүүдэд дараахь хувьтай байна. Үүнд,

  • Баянгол дүүрэг – 48.3
  • Баянзүрх дүүрэг – 46.8
  • Сүхбаатар дүүрэг – 46.8
  • Сонгинохайрхан дүүрэг – 50.6
  • Хан-Уул дүүрэг – 45.2
  • Чингэлтэй дүүрэг – 44.9
  • Багануур дүүрэг – 40.6
  • Налайх дүүрэг – 65.4
  • Багахангай дүүрэг – 63.2

Цэргийн үүрэгтний тоо бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлд хамрагдахдаа Цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерийн үнэмлэхтэй хүрэлцэн ирнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгайгаар олон тооны зээр агнажээ

МХЕГ-ын харьяа Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан саяхан шалгалт хийжээ. Шалгалтаар хулгайгаар зээр агнасан хэрэг илэрчээ. Тодруулбал тус аймгийн Хэрлэн сумын нэг иргэн хууль бусаар 49 зээр агнасныг илрүүлсэн байна. Уг иргэнийг 49 сая төгрөгөөр торгож, гэмт үйлдлийг нь цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж байна. Эко үнэлгээгээр нэг зээрийн нөхөн төлбөр 500 мянган төгрөг, нийт 24 сая төгрөгийн хохирол учруулсан тул хуулиар үүнийг хоёр дахин нэмж торгох заалттай аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилга болон газрыг дуудлагаар худалдахаар болжээ

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд, хэдэн чухал шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Дээрх хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх, засч тохижуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Гэвч тус компанийн хувьцааны 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа учраас дээрх барилгад эмнэлэг байгуулах асуудал ихээхэн төвөгтэй, удаашрах шинжтэй байгаа аж. Бусад барилга нь “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, өрөөний гэрэлтүүлгийн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, барилгад эвдрэл, ан цав үүссэн болон бусад үндэслэлээр хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн байна. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бээжин+20”-ийн өмнө бид юуг ярив?

1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн хурлаас хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидын эрхийг дээшлүүлэх тухай Бээжингийн тунхаглал гарч, өнгөрч буй хорь шахам жилийн дотор багагүй ахиц дэвшил гарчээ. Дэлхийнхэн таван жил тутам үр дүнгийнхээ талаар ярьсаар ирсэн бөгөөд ирэх жил нийт 20 жилийнхээ үр дүнг хэлэлцэх “Бээжин+20” хурал болох юм. Хийж бүтээсэн 20 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг хэлэлцэх, хүйсийн тэгш байдлыг хангаж сайн засаглалыг бий болгохын тулд дэлхийн хүмүүс бид юу хийв, цаашид юун дээр анхаарах вэ, охид эмэгтэйчүүдийн хаягдсан эрхийг хамгаалж, тэднийг чадавхижуулахын тулд хэрхэх вэ гэдэг дээр дэлхийн толгой байгууллага болох НҮБ түүний мэргэшсэн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд санаагаа чилээсээр байна. Тийм ч учраас хурал болохоос жилийн өмнө буюу өнгөрсөн сарын дундуур дэлхийн өнцөг булан бүрт улс гүрнүүдийн төлөөлөл бүс бүсээрээ цуглан урьтал хурлуудаа хийсэн билээ. Манай улс хамаарагддаг Ази, Номхон далайн орнуудын хурал Тайландын Бангкок хотноо болсон юм. НҮБ-ын зүгээс энэхүү хуралд асар ач холбогдол өгч буй нь анзаарагдаж байсан. Азийн улс орнуудаас Засгийн газрын түвшинд төлөөлөл оролцож, улс орондоо тулгараад буй асуудал бас өнгөрсөн 19 жилийн хугацаанд шийдэж чадсан ололтууд бас барахгүй байгаа асуудлуудаа нэг нэгтэйгээ илэн далангүй ярилцсан. Түүнээс гадна иргэний нийгмийн төлөөлөл, бас хэвлэл мэдээлэлийнхнийг цуглуулж, сургалтад хамруулсан нь эмэгтэйчүүдийг чадавхижуулах тэдний эрхийг хангахад сэтгэл зүтгэлээрээ ажиллаж ирсэн иргэний нийгмийн төлөөллийнхнийг цэнэглэх маш том хүч болдгийг ойлгосных биз ээ. Бас жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг яриад эхлэхэд нэг том дэмжлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж таардаг. Сэтгүүлчид өөрсдөө жендерийн мэдрэмжтэй байж гэмээнэ асуудалд зөв зүйтэй хандаж улмаар нийгэм нь өөрөө жендерийн мэдрэмжтэй болж, хүйсийн тэгш байдлыг хангасан нийгмийг байгуулах үндэс суурь нь болж өгдөг билээ. Тийм ч учраас “Бээжин+20”-ийг хэрхэн сурвалжлах, жендерийн тэгшбайдлын талаар ойлголт өгөх, охид залуучуудын асуудалд яаж хандах талаар сэтгүүлчдэд зориулан тусгайлсан сургалтыг явуулсан.

Үнэндээ сэтгүүлчид бидний хувьд жендерийн тухай мэдлэг мэдээлэл, асуудалд хэрхэн хандах талаар ойлголт байдаггүй учраас асуудлыг буруу хандуулчих гээд байх нь бий. Энэ бол ганцхан Мон­голынх гэлтгүй газар газрын сэтгүүлчдийн асуудал ажээ.

Нөгөө талаас манайд жендер гэдэг үгийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал гээд өрөөсгөлөөр бодчихдог. Харин аливаа нийгэм хүйсийн тэгш байдлыг тогтоож байж, эргээд эрүүл, зөв тогтолцоотой, сайн засаглал бүхий төрт улсыг бий болгох боломжтой болно хэмээн үзэцгээдэг. Тэр ч үүднээс НҮБ энэ асуудалд ингэтэл анхаарал тавиад байгаа хэрэг шүү дээ. Ирэх жилийн есдүгээр сард эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы авч хэлэлцэх гол асуудлын нэг нь эмэгтэйчүүдийнх байна гэхээр асуудалд ийн анхаарахаас аргагүй биз.

Тэгээд ч сүүлийн хориод жилийн турш энэ чиглэлд НҮБ хүч тавин ажилласан. Тиймээс ч ирэх жил “Бээжин”-гийн тунхаглал цаасан дээр тунхаглаад өнгөрсөн зүйл байв уу, эсвэл дэлхийн хүмүүсийн амьдралд үнэхээр өөрчлөлтийг авчрав уу гэдгийг нийтээрээ ирэх жил шүүн тунгаах юм. Тэгэхээр энэ талаар мэдээлэх, шүүн хэлэлцэх, цаашдын гаргалгааг гаргах хүмүүсээ эртнээс сургаж чадавхижуулж байгаа нь зөв хэрэг биз ээ. Ази, Номхон далайн орнуудын бүсийн энэ удаагийн хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комисс (ESCAP), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага (UN Women) хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хуралд НҮБ-ын ажилтнуудаас гадна 50 гаруй орны төр засаг, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн гээд 700 гаруй хүн цугларсан байсан гэхээр ямархуу нүсэр ажиллагаа болсон нь ойлгогдох байх аа. Тэр дунд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комиссын нарийн бичгийн дарга Шамшад Ахтар, Бутаны эзэн хааны ээж Аши Сангай, Тайландын Ерөнхий сайдын орлогч Чоден Вангчук, Тувалугийн Ерөнхий сайд Энэлэ Сопога, Энэтхэгийн Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн сайд Манека Ганди нарын олон хүн байсан нь Азийн улс орнууд уг асуудалд хэрхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл биз. Манайхаас Жендерийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Болормаа, тус хорооны зөвлөх О.Оюунцэцэг, Хууль Зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд өөрийн орны нөхцөл байдлын үнэлгээг бусдын адил сонирхуулсан билээ.

Ерөнхийдөө тэнд өрнөж байгаа хурлын үйл явцыг харахад манай Засгийн газрын төлөөлөл болж дандаа бүсгүйчүүд явсан шиг гадны орнуудаас хүүхнүүд л түлхүү ирсэн нь ажиглагдана. Жендерийн тэгш байдлыг ярихаар эмэгтэйчүүдийн асуудал яах аргагүй яригддаг. Дэлхийн олон газар эмэгтэйчүүдийн эрх нөгөө хүйсийнхтэйгээ адил тэгш байдаггүй учраас тэнцүүлэх явдлыг ярьж эхлэхээс аргагүй болдог. Тэгэхээр л үүнийг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг яриад байна гэж эгдүүцэх гээд байдаг. Үнэндээ нийгэм, улс төрийн амьдралд хүйсийн тэгш байдал хангагдаад ирэх нь сайн засаглал төлөвшиж бий болох үндэс болдог нь нэгэнт тодорхой болчихсон. Бас дайн самуунтай газар эмэгтэй хүний оролцоо, дуу хоолой ороод ирэхэд энх тайван байдал тогтдог гэдэг нь ч тогтоогдчихсон. Олон сая хүнээ хомроглон алж, дайн тулааны үүр болоод байсан Руандад эмэгтэйчүүд нь эрчүүдийнхээ эсрэг бойкот гаргаж байлаа. Тэд “Энэ дайн самуунаа зогсоохгүй бол эмэгтэйчүүд бид та нартай бэлгийн харьцаанд орохгүй” гэж байж энэ улсад дайны гал зогсч байв. Мэдээж, олон улсын байгууллагууд энэ орны асуудалд анхаарсан. Өдгөө энэ улсын парламентын 63,8 хувь нь эмэгтэй гишүүд гэж байгаа. Энэ нь дайн дажинд нэрвэгдэж гүйцсэн тус улсын иргэд эмэгтэйчүүдийн оролцоог үнэлдэг болсных биз. Ер нь улс орон бүрт л өөр, өөрийн асуудал байдаг нь олон зүйлээс харагдаж байсан. Ялангуяа НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комисс (ESCAP), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас (UN Women) сэтгүүлч бидэнд зориулсан тусгайлсан сургалт улс орнуудын ялгаа ямар байгааг илүүтэй ойлгуулсан билээ. Бидний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа тэгж асуудал болдоггүй. Хэн чадвартай нь илүү цалингаа аваад явдаг. Тэгвэл Азийн ихэнх оронд хүйсийн ялгаанаас болсон цалингийн зөрүү асуудал болж байдаг. Бас хүүхэд насанд нь гэрлүүлдэг, шашны асуудлаас болж эмэгтэй хүнийхээ хувьд эрүүл мэндийн тусламж авдаггүй гэсэн бидний ойлгохгүй асуудлууд бусдад том зовлон болж байдаг ажээ.

Э.ЭНЭРЭЛ

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ нийгэм

Нярай хүүхдийнхээ амийг хохироосон гэх хэргийг шалгаж байна

Санамсар болгоомжгүйн улмаас хүүхдийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт иргэн М нь анхаарал болгоомжгүйн улмаас нярай хүүхдээ хөхөөрөө дарж амь насыг нь хохироосон байж болзошгүй байгаа аж. Иймээс энэ хэрэгт Эрүүгийн хуулийн дагуу хавтаст хэрэг нээн, тухайн эхийг сэжигтнээр татаад байгаа юм байна

Categories
мэдээ нийгэм

Амгалангийн дулааны станц аравдугаар сард ашиглалтад орно

Эрчим хүчний сайд Д.Зоригт болон бусад албаны хүмүүс “Амгалан дулааны станц”-ын үйл ажиллагаатай очиж танилцлаа. Ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд тус станц нь ирэх 10-р сарын 15-аас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд жилдээ 360 мянган тонн нүүрс хэрэглэх бол энэ нүүрсний 70 хувийг Шивээ овоогоос үлдсэн 30 хувийг Багануурын нүүрсний уурхайгаас авахаар төлөвлөжээ. Мөн энэ станцад 120-130 хүн ажиллах тооцоо гарчээ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд золгүй байдлаар таван хүн нас баржээ

2015 оны нэгдүгээр сарын 12-наас 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1152 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 5 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 18, танхайрах гэмт хэрэг 9, зам тээврийн хэрэг 4, осол 12 гарч 4 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад үүрд хадгалагдах цом гардуулав

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхны барилдаанд түрүүлж анхны цомоо гардаж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн Улсын аварга С.Мөнхбатад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрд хадгалагдах цом гардуулав.

Цом гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монголчуудад дэлхийг эзэгнэж байсан цаг бий. Мөн хоорондоо эвдрэлцэж, эв түнжин хагарсны балгаар бусдын боол, босгоны зарц болсон гунигтай түүх бий. Тэр гунигтай түүхээс салсан цэг бол 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал юм. Уг хувьсгалын ойг тэмдэглэдэг болсон үеэс хойших чансаа өндөр, шигшмэл бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж түмэн олноо баясгасан Монгол Улсын аварга танд баярлалаа. Улсад дахин түрүүлэхийг ерөөж үүрд хадгалагдах хоёр дахь цомыг гардуулъя” гэлээ.

Улсын аварга С.Мөнхбатад мөн цомын батламж олгож , Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн “Монголын эх түүх” 6 боть номыг дурсгал болгон өгөв.