Categories
мэдээ улс-төр

Xэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг хойшлууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.14/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар хэлэлцэж буй асуудлаар горимын санал гаргаж буйгаа мэдэгдсэн юм.

Учир нь өчигдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар Улсын Их Хуралд өргөн барьсан. Төсвийн тодотголыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй нийцүүлж оруулж ирүүлэхээр өөрчлөлт ороод явж байна. Өнөөдөр үнэхээр өр 55,2 хувиар өссөн байгаа бол энийгээ эхэлж бодитоор нь суулгаад, цааш нь үүнээсээ уламжлаад явах юм бол илүү зөв төсөвтэй болно гэдэг дээр гишүүд ярьж байгаа. Иймд энэ асуудлыг ярилцаж байж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй бол бодит тодотгол болохгүй гэсэн тайлбарыг өгөв. Мөн тэрээр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл , Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх асуудал ч Төсвийн тодотголтой холбоотой учир хойшлуулах саналыг давхар гаргасан юм.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Багш, эмч нарын цалинг 10-хан хувиар нэмлээ гэхэд 300 тэрбум хэрэгтэй

Эмч, багш нар цалин тэтгэвэр, тэтгэмийг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт жагссан. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмлээ гэхэд төсөвт 300 тэрбум төгрөг шаардлагатай. Эдийн засгийн хүнд байдлыг даван туулахын тулд төсвөө нэг их наяд төгрөгөөр танаж байхад багш, эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60 хувиар нэмэгдүүлбэл төсөвт улам дарамт учирна. Тиймээс тэдний жагсаал, тэмцээн хаданд хашгирсан цуурайтай адил юм. Улс орноо хямралаас аврахын тулд ард түмэн нь ээмэг, бөгжнөөсөө өгсүүлээд үнэт эдлэлүүдээ өгч байсан түүхүүд бий. Харин манайхан эдийн засгийн ийм хүнд үед цалингаа нэмүүлэх гээд жагсч байгаа нь эх оронч сэтгэлгээ мөн үү.

Жагсагчид “Цалинг 60 хувиар нэмэхийг шаардаж байна, Бид өр төлөгчид биш, Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө эхлүүлье, Эх орондоо сайхан амьдармаар байна” гэсэн лоозон барьчихсан байв. Тэд энэхүү шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлж, шаардлагын хариуг өчигдөр ирүүлсэн байна. Ямар хариу ирснийг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмараас тодруулахад “Бид цалинг 60 хүртэлх хувиар нэмэхийг шаардаж байгаа. Гэтэл энэхүү шаардлагын хариуд нааштай зүйл огтхон ч ирсэнгүй. Тиймээс бид ирэх баасан гаригт үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, дахин дуу хоолойгоо хүргэнэ” гэж байх юм.

Categories
гадаад мэдээ

Италийн ерөнхийлөгч, 89 настай Жоржо Наполитано өнөөдөр огцорно

Италийн ерөнхийлөгч Жоржо Наполитано өнөөдөр огцорно гадаадын эхсурвалжууд мэдээлжээ. Сонинд өгүүлснээр, өглөөний 11 цагт Наполитано огцрох өрөгдлөө бичих ба дараа нь Тамгын газрын дарга нь өрөгдлийн гурван хувийг ерөнхий сайд Маттео Ренци, Үндэсний парламентын хоёр танхмын тэргүүн Лауре Болдрини, Пьетро Грассо нарт хүргэх гэнэ.

Наполитано Италийн Европын зөвлөлийг даргалах хагас жилийн хугацаагаа дуусгангуут огцорно гэж мэдэгдсэн байлаа. Түүнийг албан ёсоор огцорсны дараа Сенатын дарга Пьетро Грассо үүргийг нь орлон гүйцэтгэнэ. Ерөнхийлөгчөөс огцроод Наполитано бүх насаараа сенатор болох юм.

Наполитано нь тус орны түүхэнд хоёр дараалан сонгогдсон анхны ерөнхийлөгч бөгөөд өдгөө 89 настай ажээ.

Италийн Үндсэн хулиар ерөнхийлөгчийг парламентын хоёр танхмын нэгдсэн хуралдаанаар долоон жилийн хугацаатайгаар сонгодог байна.

Categories
мэдээ цаг-үе

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.ӨЛЗИЙБОЛД: Монгол орны хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг даатгалын тогтолцоогоор хамгаалах суурь тавигдсан

Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.Өлзийболдтой ярилцлаа

Малын индексжүүлсэн даатгал төслийн хэрэгжилт ямар үе шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр МИД төслийг хэрэгжүүлж эхлээд 10 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд мал аж ахуйн салбар, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэлийг даатгалаар хамгаалах тогтолцоог тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж үндэсний хэмжээнд бүх аймаг сумдад Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн. Энэхүү ажлыг зохион байгуулахад олон чиглэлийн ажлууд хийгдэж төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, малчид, ард иргэд гэх зэргээр олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан хичээл зүтгэл шингэж бодитой ажил хэрэг болж ирлээ. Өнгөрсөн хугацааны үр дүнг тоймлон хэлвэл бид давхардсан тоогоор 83 мянга 500 орчим малчин өрхийг даатгалд хамруулж 15 мянга 619 малчин өрхөд 3.2 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон байгаа. Төслийн хэрэгжилтийн хүрээнд орон нутаг аймаг сумдад урт хугацааны болон түр ажлын байр 8500 гаруйг бий болгожээ. Төсөлд оролцогч арилжааны даатгалын компаниудын Малын индексжүүлсэн даатгалаас олсон ашиг 1.4 тэрбум төгрөг байна. Малын хорогдлыг нөхөн барагдуулах зориулалт бүхий хамтын эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө, олон улсын давхар даатгалд тархаасан эрсдэлийг хариуцах хэмжээ зэргээс харахад МИД-ын зээлийн бус хөрөнгөөр эрсдэл даах чадвар 5.6 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ хэмжээгээр зуд байгалийн гамшиг тохиолдсон үед төрийн үүрэг ачаа хөнгөлөгдөж байгаа гэсэн үг юм. Олон улсад нэр хүнд бүхий давхар даатгалын компаниуд МИД-ыг сонирхож 5 дахь жилдээ давхар даатгаж, бид зуд байгалийн гамшигаас үүдэлтэй их хэмжээний мал хорогдох үед хохирлыг бүрэн барагдуулах чадавх улам нэмэгдээд байна. Төслийн хэрэгжилтийн явцад анх дэвшүүлсэн зорилтоо үндсэнд нь хангаж цаашид төслийн эрхлэн явуулж байсан үйл ажиллагааг уламжлан хэрэгжүүлэх хувийн хэвшил, төрийн байгууллага тус бүрт үүрэг чиглэлийнх нь дагуу үйл ажиллагааг шилжүүлэх шилжилтийн үйл явц явагдаж байна. Төслийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд миний бие хэрэгжилтийг нь “оргил шатанд”-аа явж байна гэж хэлмээр байна даа.

Аймгуудад төслийн зарим үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор төсөл дуусч байна гэсэн ойлголт төрж байгаа бололтой?

-МИД төсөл нь 21 аймаг тус бүрт төслийн салбар нэгжийг ажиллуулж байсан. 2014 оны намраас аймгуудад Төсөл хэрэгжүүлэх нэгжийн салбар ажиллах шаардлагагүй гэсэн шийдвэрийг Төслийн удирдах хороо гаргаснаар аймгийн төвд төслийн салбар нэгж ажиллахгүй болсон. Гэхдээ төслийн салбар нэгж ажиллахгүй болсноор тухайн аймагт мал даатгахаа больчихож байгаа хэрэг огтхон ч биш юм. Төсөлд оролцогч даатгалын компанийн аймгийн салбарууд бие дааж даатгалын сурталчилгаа хийж борлуулалтаа явуулах болно. Төрийн байгууллагын зүгээс тавих хяналтыг аймгийн ХАА-н газар, сумдын засаг даргын орлогч, МЭҮТ-ын мэргэжилтэн зэрэг хүмүүс өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу гүйцэтгээд явна. Хамтын эрсдэлийн сангийн удирдлага хяналтыг Засгийн газраас байгуулсан ХАА-ын давхар даатгал ХК хариуцан ажиллана, Санхүүгийн зохицуулах хороо хяналтын чиг үүрэгтэй оролцоно гэх мэтээр төслийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан үйл ажиллагаанууд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу бүх чиг үүргийнхээ хүрээнд хариуцаж ажиллах субъектүүддээ шилжиж байгаа юм. Ийнхүү шат дараатай явагдаж байгаа шилжилтийн процессын талаар ойлголт дутуу байгаа мэр сэр хүмүүс төсөл дууссан, малын индексжүүлсэн даатгал гэж цаашид хийгдэхгүй мэтээр ойлгож байгаа нь ташаа ойлголт юм.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдол?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг батлан гаргасан нь олон талын ач холбогдолтой. Юун түрүүнд мал сүрэг төрийн хамгаалалтанд байх талаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалт хангагдсан. Улмаар малчин малаа сайн дурын үндсэн дээр даатгуулах, малын төрлөө өөрөө сонгох, малын хорогдлыг сумын хэмжээний индекст суурилан тогтоох зэрэг малын индексжүүлсэн даатгалын суурь зарчмуудыг хуульчилсан. Хамгийн гол ач холбогдол нь Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо цаашид үргэлжлэн тогтвортой оршин тогтнох баталгааг хангаж өгсөн явдал юм. Ингэснээр дан ганц мал аж ахуйн салбарыг индексжүүлсэн даатгалын тогтолцоогоор хамгаалаад зогсохгүй МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭРСДЭЛИЙГ ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГООР ХАМГААЛАХ СУУРЬ тавигдаж байгаагаараа ч ач холбогдолтой.

Хуулийн ямар заалтуудыг малчид анхааран үзэх шаардлагатай вэ?

-Хууль бол малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулна. Иймээс дан ганц малчид гэлтгүй даатгалын компани, тэдгээрийн төлөөлөгч нар, төрийн холбогдох байгууллага албан тушаалтнууд гээд МИД-тай холбоотой бүхий л хүмүүст хамааралтай. Эдгээрээс мэдээж гол оролцогч, хуулийн хэрэглэгч нь малчид юм. Малчдад шууд хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий л дээ. Тухайлбал, малчид сайн дурын үндсэн дээр малаа даатгана, сумын түвшиний хорогдлоор малын хорогдлыг тооцно, нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилна, өвөл хаврын улиралд гарсан зүй бус хорогдлыг тооцно, даатгуулах малынхаа үнэлгээг малчин өөрөө сонгож, хураамжаа тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээнэ гэх мэт малчдад хамааралтай хэд хэдэн заалт хуульд бий. Хамгийн чухал нь хуульд заасан эрсдэлийн бага түвшин буюу сумын хэмжээнд тухайн төрөл малын хорогдол 5-6% хүрээгүй тохиолдолд тэр түвшний эрсдэлийг даатгуулагч малчин өөрөө хариуцах хуулийн зохицуулалт байгаа.

Малын даатгалын тухай хуулийг бүрэн эхээр нь малчдад хүргэх боломжтой юу?

-“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №26 /839/-д албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс Төрийн мэдээлэл эмхэтгэлийн дээрх дугаараас төслийн гол оролцогч талууд болох яамдууд, ҮСХ, аймаг сумдын ЗД, түүний тамгын газарт гэх мэт төрийн байгууллагуудад албан ёсоор хүргүүлж хууль сурталчлах ажлыг хийсэн. Шаардлагатай гэж үзвэл хуулийг бүрэн эхээр нь хэвлэж малчдад хүргэх бүрэн боломж бий. Дашрамд дурьдахад олон нийтэд тэр дундаа малчдад хууль сурталчлах зорилгоор УИХ-ын БОХХААБХороотой хамтран хуулийн зарим заалт, үзэл санааг эмхэтгэн хялбаршуулсан агуулга бүхий сурталчилгааны хуудсыг гаргаж үндэсний хэмжээнд малчин өрхийн тоогоор 140 гаруй мянган хувийг тараасан.

Монгол Улсад Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулагдаж байна. Энэ компанийн үйл ажиллагаатай Малын индексжүүлсэн даатгал хэрхэн уялдаж явах вэ?

-Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Монгол орны мал аж ахуйн салбарын эрсдэлийг хамгаалах даатгалын шинэ тогтолцоог бий болгон суурьшуулах, улмаар энэхүү тогтолцоог цаашид тогтвортой оршин тогтнох эрх зүйн орчныг бүрдүүлэн баталгаажуулж хуульчлахыг гол зорилгоо болгон ажилласан. Багагүй хугацаанд олон талт ажлыг шат дараалан зохион байгуулж чамлахааргүй үр дүнд хүрч МИД төслийн үндсэн зорилт хангагдан Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдлаа. Хуульд тусгагдсанаар Малын индексжүүлсэн даатгал төслийн хүрээнд арилжааны даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг цаашид Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцан хэрэгжүүлнэ. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй, даатгал, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Энэхүү зорилгодоо хүрэх, давхар даатгалын компанийн үйл ажиллагаа цаашид өргөжин тэлж цар хүрээгээ нэмэгдүүлэх зэрэг бүхий л асуудал нь Малын индексжүүлсэн даатгалтай маш нягт уялдаж явна.

Энэ онд малын даатгал хэдэн сараас эхлэн мал сүргийг даатгалд хамруулж эхлэх вэ?

-2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд орон даяар бүх аймаг сумдад малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулах ажил зохион байгуулагдана. Малчид маань энэ хугацаанд амжиж малаа даатгуулан ирэх өвөл хаварт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд энэ жил өөрчлөлтүүд орсон уу?

Одоогоор малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнд өөрчлөлт орохоор хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Өнгөрсөн 2014 оныхтой адилхан нөхцлөөр малаа даатгуулна. Зах зээлийн үнэ ханшнаас шалтгаалаад малын үнэлгээнд өөрчлөлт орох гэх мэт бага сага зүйлс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Энэ нь жил бүр тогтмол хийгдэж байдаг өөрчлөлт юм.

Даатгуулагч малчиддаа хандаж юуг онцлон хэлмээр байна?

-Малын индексжүүлсэн даатгалын бас нэг онцлог бол “Төрийн ивээл-Малчны итгэл-Даатгагчдын зүтгэл” гэсэн нэгдэл дээр оршин тогтнодог. Нэг ёсондоо “төр-хувийн хэвшил-иргэн”-ий түншлэлийг төгс хангадаг ч гэж хэлж болох юм. Төр маань үүргээ биелүүлээд ямарч хэмжээний эрсдэл тохиолдсон хорогдол хохирлыг чинь бүрэн даахад бэлэн хүлээж байна, Даатгалын компаниуд маань ч үүргээ ухамсарлан элч төлөөлөгч нарыгаа илгээн малыг чинь даатгахад бэлэн байна. Одоо малчин таны сонголт л үлдлээ. Та даатгуулах малын төрлөө, үнэлгээгээ, даатгуулах компаниа зэрэг өөрт байгаа сонголтуудаа хийгээд малаа даатгуулах үүргээ биелүүлэх л үлдэж байна. Малынхаа буянаар орж ирж буй орлогоосоо багахаан хэмжээний мөнгийг буянт малаа эрсдэлээс хамгаалах даатгалын үйлсэд зарцуулаад малаа даатгуулж хэвшихийг л малчин түмнээсээ хүсэж, уриалж байна.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Ардчиллын төлөөх тэмцэл зөвшилцлөөр явах ёстой

Саяхан Гал үндэстэн холбооныхон хэвлэлийн хурал зарлаж өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр шоронд хоригдож байгаад амь насаа алдсан С.Дашцэрэнгийн үхэлд хууль шүүхийн байгууллага буруутай гэж үзэн түүний амь насыг нэхэхээ мэдэгдсэн. Хэвлэлийн хурлын үеэр “Гал үндэстэн холбоо”-ныхон “Бид цаашид ч Монгол газар нутгийнхаа төлөө тэмцсээр байх болно. Манай холбооны гишүүд болох Г.Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нарыг чөлөөлөхийг шаардаж байна” хэмээн мэдэгдэл хийж харагдсан. “Гал үндэстэн” холбооныхон уг нь анх тэмцлийг зөвөөр явуулж байсан.

Эх орныхоо төлөө гэсэн зөв тэмцэл хэмээн иргэд ч гэлтгүй төрийн түшээд ам сайтай дэмжиж байлаа. Гэвч тэдний тэмцэл яваандаа илд атгасан тэмцэл болон хувирсан юм. Илд цус дагуулдаг гэдэг. Орчин үед илд, галт зэвсэг агссанаар зөвдсөн түүх байхгүй. Хуучин бол хурдан морь, хурц илдээр ялалтын уухай өргөж байсан. Түүнээс хойш зуун зуун дамнасан он цаг өнгөрчээ.

Тэгвэл хориннэгдүгээр зуунд тэмцлийн гол хэлбэр зөвшилцөл байх ёстой. Зөвшилцөн хэлэлцэж нэгнээ ойлгохгүйгээр буу шийдэмдээ тулж асуудлыг шийдэхгүй. Бид хэл амаараа үг хэлээ ололцохоос өөр арга байх ч үгүй. Зөвшилцөнө гэдэг удаан ч гэсэн бүрэн төгс ялалтад хүрэх зам. Ц.Мөнхбаяр нар илд атгаагүй байсан бол түмэн олныхоо манлайд эх орноо гэсэн халуун сэтгэлээр магнайлан явах байлаа. Харамсалтай нь тэсрэх бөмбөг, галт зэвсэгтэй тэмцлийг өршөөх арга байхгүй. Харин ч хүчирхийлэл улс орныг цус урсгасан фронтын талбар болгон хувиргадаг гэмтэй. Үүнийг дэлхийн олон орны жишээн дээрээс харж болохоор байгаа юм. Египет, Украин, Грекийн бодит жишээн дээрээс харж болно. Тэд зөвшилцөл биш зэвсгийг сонгосон үр дүн нь хямарсан, хядагдсан улс болсон дүр зураг боллоо.

Өнөөдөр манайд болж байгаа зүйлсийг төр засаг өөхшүүлчихэв үү гэж хардахаар байна. Цагдаагийн мөрдэсийг хуулж байхад дуугүй, шүүгчдийг дарамталж байхад дуугүй, Төрийн ордон руу дайрахад дуугүй л байсан. Төр ингэж давраасан учраас 2008 оны долдугаар сарын нэгний хар өдөр болсон юм. Сүүлд нь Гал үндэстний галт бөмбөгтэй тэмцэл болон үргэлжилсэн. Энэ бүхэн ардчилсан иргэний хөдөлгөөний үзэл санаанд нөхөж баршгүй гарз байлаа. Тэмцлийг хүчээр бус зөвшилцлөөр явуулж сурахгүй бол бид хүссэн зорилгодоо бус дарангуйллыг бий болгосоор байна.

Ө.ТЭНГИС

Categories
мэдээ цаг-үе

Г.Уянга: Надад амьд гэрч байгаа

УИХ-ын гишүүн Г.Уянга­тай ярилцлаа.

Одонтой эхчүүд, жирэм­сэн эмэгтэйчүүд, хүүхдийн мөнгийг танах хэлбэрээр төсвийн тодотгол орж ирсэн. Чуулганаар хэлэлцэхэд нь та ч хатуу үг хэллээ. Таныхаар төсвийн тодотголын энэ таналтыг ямар хэлбэрээр хийх байсан бэ?

-Буруу хэсгийн орлогоос таналтаа эхэлсэн нь Ерөнхий сайдыг, цаашлаад энэ Засгийн газрыг ч хүнд байдалд оруулж мэдэхээр байна. Эмзэг, дундаас доод бүлгийн иргэдийнхээ гар дээр очдог багахаан мөнгийг танаад харин нийгмийн бүлгийн дээд хэсэгт ихээхэн хөнгөлөлт үзүүлж байгаа нь маш буруу. Манай төсвийн гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн экспортоос ордог орлогыг ихээхэн хэмжээгээр бууруулсан нь уул уурхайн компанийн эздэд хөнгөлөлт болж очиж байгаа. Өнгөрсөн жил борлуулалт хамгийн бага үедээ 18 сая тонн нүүрс экспортолсон хэрнээ энэ жил 15 сая болгож гурван сая тонноор бууруулжээ. Гурван саяын экспорт л 300 тэрбум төгрөг. Төмрийн хүдрийн экспортыг гэхэд л 1,6 сая тонноор бууруулжээ. Энэ нь бараг 200 шахам тэрбум төгрөг. Нөгөө хэмнэх гээд байгаа мөнгөний тал нь энэ хоёр бүтээгдэхүүнээс гарч ирж байна. Олон хүнд таалагдахгүй шийдвэр гаргахдаа олонхид таалагдахгүй, үнэхээр буруу шийдвэр гаргаж байна. Дээд хэсэгт нь, газрын баялгаар наймаа хийдэг тэр хэсэгт таалагдахгүй шийдвэрээс өөрчлөлт шинэчлэлтээ эхлэх байсан. Дээрээс нь онцгой албан татварыг монгол төгрөгөөр илэрхийлж төлүүлэхдээ нэг долларыг 1450 төгрөгөөр тооцож авахаар хуулийн төсөл бас орж ирсэн. Архи үйлдвэрлэгч, тамхи импортлогчид гэхэд л энэ хөнгөлөлтөөс 40 тэрбум төгрөгийн татвар завшихаар болж байх жишээтэй. Хуулийн агуулга зөв боловч төсөв хүндэрч, ээжүүд, хүүхдүүдийн мөнгийг хүртэл хасахдаа тулж байгаа энэ үед оновчтой шийдэл биш байна гэж би үзсэн.

Хямралын үед харин ч ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулж, харин үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг урамшуулал хөнгөлөлт олгодог. Төр нь бүсээ чангалж түшмэл хүнд сурталтнуудаа цөөлдөг. Гэтэл энэ Засгийн газар яг эсрэгээр нь хийж байна. Камиказе болох гэж байгаа бол засгаараа л туг тахидаг юм байгаа биз, яахаараа нийгмийн хамгийн эмзэг хэсгийн голыг гогодож байгаа юм гэж би хэлээд байгаа. Хэдхэн жилийн өмнө 85 мянган төрийн албан хаагчийн хийж байсан ажлыг өнөөдөр 185 мянган хүн хийж байна. Тэднийг цөөл, цомхотго хэмнэ. Улс төрийн томилгоогоор дарга болсон хүмүүс ардаа бизнестэй байдаг. Сая дэд сайд болгох хүмүүсийг сонгохдоо сонгуулийн үеэр намдаа 100 саяас дээш төгрөг хандивласныг гол үзүүлэлт болгосон гэсэн. Ийм хүмүүсийг цомхотго, нэг хүн хоёр ажил хийж болохгүй, тийм л 100 саяыг цацах бизнестэй юм бол хямралын үед тэрийгээ өөд нь татвал эдийн засаг сэргэхэд тустай байх. Ингээд бодвол энэ Засаг энэ төр ард түмний биш цөөнх дээдсийн төр болж хувирсан байгаа биз. Ардчиллыг дээдэсчлэл, элитчилэл болгож байна. Ард түмнээ хар масс гэж хочилж байна.

Монголбанк газрын дарга нараа 60-250 сая төгрөгөөр шагнасан тухай та хэлсэн. Үнэхээр баримттай үнэн зүйл хэлсэн биз дээ. Танд нотлох баримт бий юу. Яагаад гэвэл худлаа гээд таны хэлсэн зүйлийг үгүйсгээд байна л даа?

-Тэд юу гэж бид авсан гэж хэлэх билээ дээ. УИХ ирж шалгахад бэлдээд тушаал шийдвэр гаргаж гар хөлийн үсэг зурж байгаад тийм мөнгө өгнө ч гэж юу байхав. Одоо тэнд хөндлөнгийн аудит оруулж шалгуулах ёстой гэж бодож байна. Монголбанкны тансаглалыг бараг хүн бүхэн мэднэ дээ. Байсгээд л байр сууц, мөнгө төгрөгийг сайн тараадаг. Надад амьд гэрч бол бий.

Иргэдийн зүгээс дарга нар өөрсдийнхөө төсвийг хасахгүй байж ард түмний халаасыг хоосолж байна гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Таны хэлснээр бүсээ тасартал таргалсан дарга нарынтоонд аль аль шатныхан орох вэ. Парламентын гишүүд өөрсдөө багтах уу?

-УИХ-ын гишүүд, сайд нарын зарим нь багтана. Дунд шатны хурган дарга нар, мөн уул уурхайгаас хөлжиж байгаа тэр хэсгийнхэн багтах болов уу. Их хурлын гишүүд бүгдээрээ орохгүй л дээ. Энэ 76 дотор чинь их олон өнгө байгааг нийгэм бас сайн ялгаж, олж харах хэрэгтэй. Мөнгөний тоо мэдэхээ байсан, энд байхаасаа гадаадад амьдардаг хүмүүс олон бий. Чимээгүй сууж байгаад лобби хийж хүссэн шийдвэрээ гаргуулаад яваад байдаг хүмүүс байна. Түүнийг нь гаргахад нь туслаад аялдан дагалдаад явдаг хэсэг байна. Цалингаараа л амьдардаг над мэтийн хүмүүс бас цөөн боловч байна. Энэ чинь олон өнгөтэй, Монголын амьдралын, ард түмний дүр зураг ерөнхийдөөбайж л байгаа.

Шинээр хоёр татвар бий болгохоор төсвийн тодотголд тусгажээ. Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Бууны, өөрөө явагч хэрэгслийн, нийслэлийн татварууд нь нөгөө л дээд хэсэгт төдий л мэдрэгдэхгүй татварууд. Цаг үе нь одоо биш гэж бодож, алийг нь ч дэмжээгүй. Иргэдийн гар дээр очдог мөнгийг нь хасчихаад цаанаа махаа идэж олдгоос нь ахиад татвар авч байгааг одоо юу гэх юм бэ дээ, төрийн мөлжлөг гэх үү?

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд төсвийг ингэж тодотгоод өрийн таазыг 70 хувьд хүргэснээр эдийн засгийг сэргээнэ гэж хараад байгаа юм болов уу. Үр дүн нь хэр вэ. Та юу гэж бодож байна?

-Өр тавьснаар эдийн засаг сэргэхгүй. Юуны өмнө дотооддоо эмх цэгц дэг журам хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтыг татахаас өмнө орж ирсэн мөнгийг үр ашигтай зөв зарцуулах зөв бодлогоо гаргасан байх нь юу юунаас илүү үгүйлэгдэж байна. Монголд алт, зэс, нүүрс, жонш, төмрийн хүдэр, өнгөт чулуулаг гээд үй олон ашигт малтмал олборлож экспортолж байна. Зөвхөн өнгөрсөн Засгийн үед цоо шинэ 60 уурхай хүлээж авсан шүү дээ. Энэ уурхайнуудын ухаад зарсан манай баялгийн үнэ, олсон мөнгө манай эдийн засаг руу орж ирэхгүй байна шүү дээ. Үүнийг хэн ч хянаж чадахгүй байна. Нөгөө манай шилдэг либеральчдын шүтээд байгаа хөрөнгө оруулагч Оюутолгойн олборлож экспортолж байгаа алт зэсийн хүдэр, түүний мөнгө хаана явдгийг ч мэддэггүй. Олборлож, зарж байгаа ашигт малтмалуудын мөнгө бүгд манай эдийн засагт орж ирдэг бол долларын ханш ингэтэл савлаж, хүмүүсийг ширвэхгүй шүү дээ.

Нөгөө талдаа энэ бүх ашигт малтмалыг зарсан мөнгө бүгд орж ирвэл гуравхан сая хүнтэй зах зээл шингээж чадахгүй нь ойлгомжтой. Ийм л учраас бодлоготой уул уурхай хэрэгтэй байгаа юм. Аль аль уурхайг ямар дэс дараалалтай, хэдэн жилийн хугацаанд олборлох, тэр мөнгөө хэрхэн эдийн засагтаа шингээж, яаж аажим, бат суурьтайгаар эдийн засгаа тэлэх вэ гэдэг иж бүрэн бодлого хэрэгтэй байна.

Баялаг бүтээгчдээ дэмжье л гээд яриад байгаа шүү дээ. Таны хэлж байгаа шигээр хийвэл их олон уурхайг хаах хэрэгтэй болох байх. Уул уурхай бол баялаг бүтээгчид биш гэж та хэлсэн нь нэлээд уурхайчдын эгдүүг хүргэх шиг болсон?

-Уул уурхайг бизнес гэж хэлэх үнэхээр төвөгтэй байгаа юм аа. Энэ бол банкнаас мөнгө зээлээд ресторан ажиллуулж байгаа, гутал хийж, цамц нэхэж, оймс оёод зарж байгаа бизнесээс арай өөр. Газрын доорх баялгийг тэд бий болгоогүй.

Монголчуудын хэдэн үеийн цус, хөлс, нулимсаар энэ ард түмэнд өвлөгдөж ирсэн хөрөнгө. Их хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй нь үнэн. Түүнийг босгож ирж байгаа байх. Гэхдээ баялаг дээр тэр мөнгө босч байгаа. Тэгээд зараад олсон мөнгө нь хөгжлийн суурь болж Монголд үлдэхгүй байгаа шүү дээ. Гадаадаас хөрөнгө олж ирлээ гэдэг, ухдаг ачаад явдаг мөнгө нь нөгөө гадаадын хөрөнгө оруулагчид нь үлддэг. Харин манай шилдэг бизнесмэнүүд дараагийн ордыг ухах гэж дотооддоо лиценз, гадаадад хөрөнгө хайгаад гүйдэг. Ийм байж болох уу. 500, 1000 хүнийг ажлын байраар хангаж байна, төсөвт төдөн төгрөгийн татвар төлж байна гээд л, энэ л та нарт болоо, бусад нь мөнгө олж ирсэн учраас гадныхантай хувааж авна л гэж ярьцгаах юм. Нөхөн сэргээлт хийж байгааг нь бол орой дээрээ тахиж дээдлэн шүтэх аястай болцгоочихож бид. Эцсийн дүндээ уул уурхайгаас орж ирж хуримтлал үүсгэж байгаа юм алга. Хэдхэн хүнийг тасартал баяжуулаад, гадагшаа урсаад алга болж байна. Энэ чинь зөв юм уу. Үнэндээ Монголд бодлогогүй уул уурхайн зовлон л нүүрлээд байна шүү дээ. Ер нь бол баялгийг ард түмэн бүтээдэг. Хөрөнгөтнүүд зохион байгуулагч л юм.

Таныхаар энэ засгийн газар эдийн засгийг сэргээж хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлэхийн тулд таналтаас өөр ямар бодлого явуулах хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн уул уурхай­гаа цэгцлэх бодлого хамгийн чухал байна. Юуны өмнө бид баялгаа экспортолсон л юм бол тэр мөнгө нь Хонконгийн банкинд биш, Лондонд үл хөдлөх хөрөнгө болж биш, Макаод казиногийн орлого болж биш Монголын банкинд орж ирдэг болмоор байна. Тэгээд бизнес хийе, өөрөө өөрийнхөө амьдралыг босгоё гэж байгаа хүмүүст бага хүүтэй, урт хуга­цаатай зээл болж очдог баймаар байна. Ингэвэл ядаж л долларын ханш ингэ­тэл галзуурч, биднийг багалзуурдаад байхгүй шүү дээ. Үүнийг хийнэ гэдэг нь л хувьсгалтай дүйх ажил болчихоод байна шүү дээ. Түүнээс татвар бодож олж нэмээд, өрийн бичиг гаргаад, хүүхдийн мөнгө хасаад эдийн засгийг өөрчлөхгүй ээ. Орон тоо цомхотгох ч нэг их том бодлого биш, ер нь. Үндсэн ажил руугаа л орохгүй байна л даа, манай аль ч засаг. Барьж авахаас айж бэргээд тойрч гүйгээд байна. Дарга нар нь бодлого бодохоос ч залхуурч, түшмэлүүд нь хэдэн тоо бодохоос залхуурсаар энэ улс баларч байна.

Өр зээлээ эмхэлж цэгцлэх нэг том ажил бас байна. Засгийн төлөх гадаад өрөөс илүүтэй хувийнхны төлөх графикт гадаад өр өнөөдөр Монголыг хямраагаад байна. Энэ бол дахиад л уул уурхай, банк. Тэдний гадаад төлбөрөө хийх хугацаа нь болмогц Монголоос баахан төгрөг доллар болоод гадагшаа урсаж байгаа. Энэ нь долларын хомсдол үүсгэж төгрөгийн ханшийг унагадаг нэг том урсгал болчихоод байна. Өрийн таазаа нэмэхгүйгээр хувийнханд засаг өрийн баталгаа гаргаж өгчихөөд түүнийгээ өөрийнхөө төлөх өрд тооцохгүй байя гэдэг нь хүүхэд нүдээ дарчихаад өөрийгөө бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил. Өөрөө өөрсдийгөө ингэж хуу­рах хэрэггүй. Одоо хэ­дэн том компаниа УИХ дуудаж асуудал, зовлонг нь сонсох хэрэгтэй гэж бодож байна. Гарц боломжуудыг хамтаараа хайх хэрэгтэй. Өнөөдөр тэдний асуудал улсын асуудал болчихоод байхад бид нэг их наядын хэмнэлт тойрч хэрэлдээд суух нь оновчтой биш байна гэж би харж байна. Миний бие гишүүдтэйгээ хамтраад энэ ажлыг санаачилж хийе гэж бодож байна.

Ер нь өнөөдөр УИХ-ын түвшинд танаас өөр шүүмжлэлхэлэх хүн ховор байна. Энэ утгаараа та энэ парламентын сөрөг хүчний үүргийг гүйцэтгээд байна уу даа?

-Сөрөөд нураагаад, гацаагаад байя гэж бодоод, тэгж ажиллаад байгаа юм надад үнэндээ алга. Тэр ч байтугай Монголын төрд сөрөг хүчин гэж байх ёсгүй гэж би үздэг. Бүгд бие биеэ үгүйсгэдэг сөрөг хүчин биш, Монголын төлөөх нэг бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүгд эерэг хүчин байж ажиллах ёстой гэж үздэг. Алунгоо эхийн таван сумын үлгэрийг парламентын таван намд ярьж өгөх цаг болсон гэж боддог.

Гэхдээ энэ чинь “эвтэй бай” гэхээр л эвлэчихдэг юм биш шүү дээ. 25 жилийн турш биднийг, ерөөс улс үндэстэн, ард иргэдийг бүгдийг нь хооронд нь салгах систем үйлчилсэн байна. Үүнийг өөрчилж үндэснийхээ эрх ашгийн төлөө нэг байдаг системийг бүрдүүлэх Үндсэн хуулиа яаралтай ярьж хиймээр байна. Эвийг ингэж л бий болгоно. Одоо бол зөв зүйл санаачлахаар явдаггүй, буруу нь маш хурдан яваад байгааг та нар өөрсдөө харж л байгаа биз дээ.

Буруу зарчим дээр эвсээд зөвийг нь нийлж боорлоод байхаар хэлэх үгээ хэлэх л ёстой. Ингэх л гэж би сонгогдсон. Ядаж л болохгүй байгаа юмны талаарх мэдээллүүд иргэдэд ил тод хүрч байвал миний энд байсны нэг хэрэг гэж бодох юм. Тэртээх 1980-аад оны сүүлч шиг “Ардчилал ил тод байдал олон ургальч үзэл хэрэгтэй” гэж дахиад ярих хэмжээнд энэ улс хүрсэн байна шүү дээ.

Гэхдээ таны шүүмжлэлт байр суурийг популизм хийж байна гэж үнэлэх нь бий?

-Одоо намайг юм яри­хаар популизм гэдэг ганц үгээр л хариулдаг болж дээ. Өөр үндэслэл, хариу тэдэнд байхгүй. Би ганц жи­шээ хэлье. Гацууртын ордыг стратегийн ордод оруулж Урт нэртэй хуулиас бултуулаад олборлуулах гээд л УИХ шийдэх гэж байна, бас л лобби. Гэтэл тэнд чинь Хүннүгийн үеийн булш бунхан хэдэн зуугаараа байна. Дөнгөж арваадыг нь л малтаж гаргаад байгаа. Хүн төрөлхтний түүхэнд Монгол нутагт анхны төрт улс үүссэнийг, монголчуудыг өвөг Хүннү нар мөн гэдгийг батлах дэлхийн хаанаас ч олдохгүй үй олон олдвор зөвхөн энд байна. Дэлхийн бүх түүхчид Ноён уулаар Монголыг мэддэг юм билээ. Эрмитажид байгаа Хүннү хивс, ноён уулын олдворыг бид бүгд мэддэг. Энэ чинь монгол үндэстний юм, үүнийг 50 тн алтаар арилжиж болох юм уу. Бид чинь дэлхийн түүхэнд төрт улс байгуулж явсан цөөхөн үндэстний нэг. Гарцаагүй ийм зүйл дээр би эсэргүүцэх байтугай л юм болох байх. Ажил гацаалаа, эсвэл популизм хийлээ гэцгээх юм. Үүнийг хамгаалах нь үндэсний эрх ашиг уу, эсвэл популизм уу.

Өмнө нь 40 тонн алтыг нь анхны тогтвортой байдлын гэрээгээр ямар ч татваргүй аваад Монголыг 2,8 тэрбумын өрөнд оруулчихаад явчихсан нөхөр нэрээ өөрчлөөд одоо Ноён уулыг чинь ухнаа гээд ирж байхад л Монголын төр солонгос савангийн дуурийн ой санамжаа алдсан хүн шигөгөөд л явуулах нь байна шүү дээ. Ийм сериал найруулаад байгаа хүмүүс популист уу, түүнийг нь хэлсэн би популист уу. Чухамдаа тэр Тогтвортой байдлын гэрээг анх зурсан нөхөр л “популист” энэ тэр гэх мэт нэр хоч зохиож эд нарынхаа чихэнд шивнэж, эд нар нь түүнийг нь тоть шиг давтахаар өөрийнхөө ухаантайг гайхаж явдаг гэнэ билээ. Учир нь “Тогтвортой байдлын гэрээ”-ний нэрийг ХОГ гэж өөрчлөөд Монголыг тонож байгаа нөгөө л гадныханд долигонож яваа. Би чадлаараа лобби хийж л байна. Тэднийг дийлэх эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ та нар ч гэсэн популист болохоос айлгүй Ноён уулын төлөө дуугараад өгөөч.

Ер нь таны шүүмжлэл дарга нарын шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх нь ховор. Тэгэхээр та бүх зүйлийг сөрөх шаардлага байна уу?

-Бүх зүйлийг сөрдөггүй. Болохгүй зүйлийг л сөрдөг. Их олон зүйл сөрж байгаа бол их олон юм болохгүй байгаа нь л тэр байх даа, миний нүдээр. Харин миний үйл ажиллагаа томоохон үр дүнд хүргэж байсан зүйл бол бий. Улс төрийн намуудыг сонгуульд бэлэн мөнгө амладаггүй болгосон, сонгуулийн хуульд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийдэг болсон зэрэг бол манай холбооны зохион байгуулсан тэмцлийн үр дүн гэж хардаг. Энэ бол хамгийн том нөлөөлөл.

Өнөөдөр ч миний үг хэл, үйл ажиллагаа Монголын улс төрийг зөв болгох чиглэлд хувь нэмрээ оруулж, зохих нөлөөгөө үзүүлж байгаа байх аа. Сөрөх зүйл байвал хэн нэгэн юу гэхийг даанч нэг тоохгүй сөрөх л болно. Дэмжих зүйлээ бол хэлж байгаад дэмжээд л явдаг. Харин нийгэм, сэтгүүлчид өөрөө сөрж байгааг нь илүү хараад дэмжлэг, магтаал сайшаалыг үл тоодог болсон шүү дээ. Санал тоолбол би ганцаардах үе байдаг учраас үргэлж өөрийнхөөрөө шийдэж чадахгүй байна, дандаа миний зөв байх алба үгүй, ЗГ-ын асуудлаар Х.Баттулга бид хоёр л сөрөг өгсөн. Яахав энэ бол ардчилал.

Гэхдээ би энд байгаагийн хувьд болох болохгүйг хэлээд байя, харин иргэд түүний дагуу төр засгаа шахах ёстой шүү дээ. Ингэвэл иргэдийн зөв гэж бодсон асуудал шийдэгдэнэ. Би танхимд ч, гудамжинд ч зэрэг ажиллахад заримдаа бие хүрэлцэхгүй юм бас байна. Хүмүүс санаа зовсондоо л надаас шаарддаг байх л даа, жагс, уулзалт хий, хууль өргөн барь, судалгаа хий л гэнэ. Энэ бүхнийг хийж л байна. Гэтэл одоо гудамж эзгүй, би энд л нөгөө мэргэн хүний хэлдгээр “сүгсэлзэж” байх шив. Энэ олон асуудал хуримтлагдсаар нэг өдөр тэсэрвэл эд нар яах юм бол. Гэхдээ энд дандаа л идэх уухын донтон байдаг юм биш, бас хамтрахдаа хамтраад ойлголцохдоо ойлголцоод явж л байна. Олон зөв бодолтон байна.

Та ажил хэрэгч санал гаргаад дэмжээд хамтраад явбал яадаг юм бэ?

-Бас л дээр хэлсэн шиг харахгүй байгаа хэрэг л дээ. Бид хамтарч их зүйл хийдэг. Өмнөх Засгийн газартай Түрээсийн хууль дээр хамтраад ажиллаад явсан, энэ засагтай ч гэсэн хуулиуд дээрээ хамтрахдаа хамтраад л явна. Манай эмэгтэйчүүд хүүхэд харах үйлчилгээний, тамхины хууль дээр ямар санаа нэгтэй байгаа нь үлгэр жишээ болж харагдахгүй байгаа бол харамсалтай л байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай миний санаачилсан хуулийн төслийг дэмжиж хэлэлцүүлэх ажлыг МАН-ын бүлгийнхэн дэмжсэн гэх мэт хамтарч хийдэг, ойлголцдог зүйл зөрдгөөсөө арай л илүү байдаг гэж би санадаг.

Таныг МҮАН-аас гарч С.Ганбаатар болон хамтдаа гудамжинд жагсаж явсан нөхдийнхөө хамт өөр нам байгуулна гэдэг яриа ч гарсан байна. Энэ үнэн үү?

-Хүмүүс, олон нийт хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа хүмүүсээ нэгдэжнийлээсэй, нурж байгаа улс орныг босгож ирэх хүчин болчих юм биш байгаа гэсэн горьдлого хүлээлт байгаа юм байна л гэж ойлгосон.

Хоёрдугаар сарын 9-нд цуглаж намаа зарлах гэж байгаа гэсэн яриа ч бас гарсан байна лээ?

-Ирэх сарын 9-нд Магнай болон бидний хамтран зохион бай­гуу­лах цуглааныг л янз бүрээр тайлбарлаад байгаа байх.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны арилжаа эрхлэгчид дүрмийн санг эргэн харахыг хүсчээ

Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдоод удаагүй байгаа З.Нарантуяа өчигдөр салбарынхаа мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, ХААБ-ын брокерын нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын зуучлагчдын холбооны төлөөлөгчид уулзалтад оролцсон байна. Тэд салбарынхаа хууль эрх зүйн болон зах зээлийн орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа төрийн үйлчилгээтэй холбоотой бэрхшээл чирэгдэл болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсан байна.

Энэ салбарын бизнес эрхлэгчдэд тулгамддаг түгээмэл асуудал нь чухал шаардлагатай бус журам, зөвшөөрлийн тоо хэт ихэссэн, үйл ажиллагаа явуулахад чөдөр тушаа болдог шалгалт, хяналт болон тэдгээрийн төлбөр мөн өндөр байдаг гэнэ. Тухайлбал, үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг дүрмийн сангаа 500 саяд хүргэх хуулийн заалт хэрэгжиж эхэлжээ. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед 50 сая байсан дүрмийн санг энэ оны долдугаар сар гэхэд 500 сая болгоход хүндрэлтэй байгаа учир уг хугацааг өөрчилж, тодорхой үе шаттайгаар хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг хүсчээ.

Даатгалын салбарынханд дээр дурдсан журам зөвшөөрлийн дарамтаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зөв хэрэгжүүлэхгүй бол энэ даатгалын үндсэн зорилт нь хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, зам тээврийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн ч бодит байдал дээр даатгалын компаниас хохирол гаргуулах хэлбэр рүү орох эрсдэлтэйг хэлжээ.

Банк бус санхүүгийн байгууллагууд, ХААБ-ын брокерын нэгдсэн холбооныхон ч мөн адил эдийн засгийн хямрал, төрөөс шалтгаалсан бичиг баримт, зөвшөөрөл шаардсан олон асуудал байгааг уулзалтын үеэр дурдлаа. Өнөөдрийн байдлаар үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй компани, 350 гаруй Банк бус санхүүгийн байгууллага байдаг юм байна.

Салбарынхаа мэргэжлийн холбоодтой уулзаж санал бодлыг нь сонссон З.Нарантуяа захирлын хувьд зөвшөөрөл, журмыг цөөлөх болон удахгүй батлагдах тус салбартай холбогдох хуулийн төслүүдэд тэдний санал хүсэлтийг тусгана гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн оролцож байна

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, нийслэлийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2015 онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний төлөвлөгөө, “Найрсаг Улаанбаатар” аяны талаар хэлэлцэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган баталж, нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” аяныг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргалаа. Хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан аялал жуулчлалын зөвлөл байгуулагдсан нь тус салбарын хувьд анхных бөгөөд шийдвэр гаргах түвшинд хувийн хэвшлийн оролцоог хангасан бодит алхам болж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн аван тухай / Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгө, барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Моннис” ХХК-ийн 9 давхар барилгын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1, 2 давхрын барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй стадионы эд хөрөнгө /
  • Барилга бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилга /
  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 193 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлэх /
  • Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2 ,3 дугаар байрны 47 айлын орон сууц /
  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэх тухай / Нийслэлийн дүүргүүдийн Онцгой байдлын балансад бүртгэлтэй тусгай зориулалтын 10 тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх /
  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй автогражийн барилгыг “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх /
  • Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлд нийслэлийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай
  • Хөтөлбөр батлах тухай / Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр /
  • Журам батлах тухай / Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай /
  • Журам батлах тухай / Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай /
  • Журамд өөрчлөлт оруулах тухай / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам” /
  • Ой тэмдэглэх тухай
  • Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай
  • Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх тухай
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Туруутан амьтдыг харангадахаас сэргийлжээ

Өмнөговь аймгийн зарим суманд сүүлийн хоёр жил зундаа хур бага, өвөлд өө цас ороогүйгээс туруутан амьтад усгүйдэн харангадах болжээ. Энэ өвөл гэхэд Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт ийм шалтгаанаар 26 янгир хорогдсон байна. Амьтдыг аврахын тулд тус аймгийн Байгаль орчны газар эдгээр суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад био техникийн арга хэмжээ авах санал тавьсан байна. Ингэснээр “Дун юань” ХХК аргаль, янгир нутагладаг газрын ойролцоо, Номгон сумын Алтны ам болон Алтны голд 10 тонн мөс, “Чинхуа МАК” компани Гурвантэс сумын Тостын нурууны Аргалийн ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрхны өвөр бэлээр 40 тонн мөс, МАК Гурвантэс сумын Тостын нурууны ойролцоо 25 тонн мөс, “Өмнийн говийн элс” компани Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөс тараан байрлуулжээ.

Мөс тавьснаас хойш дахин амьтан хорогдоогүй аж. Мөн тус аймгийн Байгаль орчны газар, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан туруутан амьтад нутагладаг газруудад хиймэл нуур байгуулан, ус зөөж байна. БОНХ-ийн сайдын 2014 оны хоёрдугаар сарын 14-ний А/43 тоот тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгө гарган өгсөн аж. Уг мөнгөөр Говийн бага дархан цаазат газарт сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, гүний хоёр худаг гаргуулж эхэлсэн гэнэ.