Categories
мэдээ цаг-үе

Төрийн банк, “Нэйшнл лайф даатгал” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

-ТӨРИЙН БАНК, “НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ” КОМПАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛТЭЙ, ХУРИМТЛАЛТАЙ ИРГЭДТЭЙ БОЛНО-

Төрийн банк “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн “Тэнүүн амьдрал-Тэтгэврийн даатгал” бүтээгдэхүүнийг Монгол Улсад анх удаа зуучлан борлуулахаар боллоо.Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болсон юм. Ёслолын ажиллагаанд хоёр талын албаны хүмүүсээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Гарын үсэг зурах ёслолын өмнө “Нэйшнл лайф даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүгээс компанийх нь талаар сонирхлоо. Тэрээр “Манай компани байгуулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Даатгалын салбарт компаниуд ердийн болон амьдралын даатгал гэсэн хоёр чиглэлд ажилладаг. Манай компани бол амьдралын даатгалын компани. Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хувь хүнтэй холбоотой даатгалын бүтээгдэхүүнийг гаргаж, үйлчилгээ үзүүлдэг. “Тэнүүн амьдрал-Тэтгэврийн даатгал” бүтээгдэхүүн бол хувийн, тэтгэврийн даатгал. Уг даатгалыг манай компаниас гаргаад Төрийн банкны салбаруудаар борлуулах юм. Энэ даатгал нь бидний мэддэг Нийгмийн даатгалаас огт өөр. Энэ даатгалаа даатгуулагчид маань өвлүүлж болдог эсвэл хуримтлалаа үүсгээд хүссэн үедээ зарцуулж болдог. Мөн гэнэтийн ослын хамгаалалтууд багтсан гэх мэт онцлогтой бүтээгдэхүүн” гэсэн юм.

Төрийн банк даатгалын зуучлалын үйл ажиллагааг бүх салбар, нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Тус банк иргэд, харилцагчдадаа даатгалын зуучлалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Энэ удаад “Нэйшнл лайф даатгал” компанийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэхээр болж байна. Уг бүтээгдэхүүн нь даатгуулагчийн нэр дээр бодит хуримтлал үүсгэх бөгөөд даатгуулагч үүссэн хуримтлалаа шаардлагатай үедээ буцааж авах, ар гэртээ өвлүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн эл даатгалд хамрагдсанаар даатгуулагч гэнэтийн осолд орсон тохиолдолд хуримтлалаа даатгалын компаниас хоёр дахин өсгөж авах бололцоог нээж байгаагаараа даатгалын онцлог бүтээгдэхүүн болж байгаа аж.

Ийнхүү гарын үсэг зурах ёслол болохын өмнө хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Төрийн банк болон “Нэйшнл лайф даатгал” компанийн товч танилцуулгыг хүргэсэн юм. Төрийн банкийг төлөөлж тус банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганболд, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Ёслолын үеэр Б.Ганболд захирал “Төрийн банкны хувьд 2013 оны наймдугаар сараас даатгалын компанийн бүтээгдэхүүнийг салбар, нэгжүүдээрээ зуучлан борлуулдаг үйлчилгээг эхлүүлээд амжилттай явж байна. Банк зөвхөн банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна даатгалын үйлчилгээг өөрсдийнхөө салбар нэгжүүдээр дамжуулаад иргэдэд хүргэдэг үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Манай банкны хувьд даатгалын зургаан компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, даатгалын бүтээгдэхүүнүүдийг нь өөрийн салбар нэгж байгаа сум суурин гээд бүхий л газруудад, иргэддээ борлуулж байна. Өнөөдрийн хувьд бид “Нэйшнл лайф даатгал” компанийн даатгалын цоо шинэбүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол онцлог үйл явдал. Тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг манай улсад хувийн даатгалын компани ингэж гаргаж байгаагүй. Анх удаа бий болж байгаа бүтээгдэхүүн. Арилжааны банк зуучлан борлуулах эрхийг нь авч хамтран ажиллахаар болж байгаа нь бас нэг онцлог нь. Төрийн банкны хувьд бүх сум суурин газарт салбар нэгжүүдтэй.Тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг бид эх орны орныхоо өнцөг булан бүрт зуучлан борлуулах боломж бүрдэж байна. “Нэйшнл лайф даатгал” компанийн хувьд даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хамт олон. Эдний хамт олон амьдралын даатгалын бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн бол одоо тэтгэврийн хуримтлалын даатгалаа гаргаж байна. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын даатгалын бүх бүтээгдэхүүн нь нэг жил хүртэлх хугацаатай байгаа. Гэтэл тэтгэврийн хуримтлалын даатгал нь харьцангуй урт хугацааных. Амьдралын даатгалын бүтээгдэхүүн ч гэсэн урт хугацааных. Бусад орнуудад урт хугацаатай ийм даатгалууд байдаг. Манай улсад хараахан бий болоогүй байсан. Гэтэл эдний хамт олон гаргаж ирлээ. Манай банк үүнийг нь дэмжин хамтран ажиллаж салбаруудаараа зуучлан борлуулах үйлчилгээ явуулж байгаа юм гэдгийг тэмлэглэе” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Г.Монголхүү захирал “Төрийн банк “Нэйшнл лайф даатгал” компани хамтран тэтгэврийн хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнийг Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь амьдралын даатгалын үйл ажиллагааг иргэдэд таниулахаас гадна даатгалын салбарын үйлчилгээг харилцагчдад ойртуулахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд ирээдүйдээ итгэлтэй, хуримтлалтай иргэдийг бий болгоно. Ингэснээрээ иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж тодотгосон юм.

Д.САРНАЙ

Categories
мэдээ цаг-үе

Д.Батмөнх: МХЕГ-ын даргаар бурхан ажиллаж байсан ч шүүмжлүүлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаарярилцлаа.

-Та МХЕГ-ын даргаар томилогдож, ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэрхэн ажилласан бэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-МХЕГ-ын даргын албан тушаалд 2014 оны нэгдүгээр сард томилогдсон. Эхэндээ даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, дараа нь сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр оноо авсан.

Ингээд МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчаар томилогдсон юм. Мэргэжлийн хяналтын байгууллага олон жилийн түүхтэй.Намайг энэ ажилд томилогдож ирэхэд төрийн ажил явдгаараа л явж байсан. Одоо ч явж байна.Гэхдээ нийгэмд мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүнд уначихсан, иргэд тэр тусмаа аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ байгууллагад итгэх итгэл буурчихсан, хүнд хэцүү нөхцөл байдалтай байсан.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгана. Хэлтэс хэлтсээр нь яамдад тараана гэсэн улс төржсөн асуудал намайг ирэх үед яригдаж байсан. Гэхдээ цөөн тооны улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуультай холбогдсон, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг шахаж дарамталснаас үүдэлтэй асуудал байсан. Мөн албан ёсны удирдлага байхгүй хоёр жил болчихсон байсан. Ажилтан албан хаагчдын урам зориг, итгэл найдвар унтарчихсан. Тухайн үед байсан нэгжийн удирдлагууд ажилдаа сэтгэл гаргахаа больчихсон, хоноцын сэтгэлээр ажилдаа ханддаг байсныг олон зүйл гэрчилнэ. Тэд хэзээ шинэ дарга ирж, ажлаа хүлээлгэж өгөх бол гэсэн хүлээлттэй сууцгааж байлаа. Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллага маш хүнд байдалд орчихсон байсан. Гэсэн ч бид бүхэн 2013 оноос хойш хийж хэрэгжүүлсэн олон ажлаараа нийгэмд унаад байсан нэр хүнд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын итгэлийг эргүүлэн олж авсан гэж хэлж болно. Ажлаа авсан даруйдаа ажилтан албан хаагчдадаа итгэх итгэл урам зориг өгч, хуулиар хүлээсэнүүргээ биелүүлж чадаж байвал хэн нэгнийг ажлаас нь халж өөрчлөх шаардлага байхгүй гэсэн байр суурийг баримтлан ажиллаж эхэлсэн. Төд удалгүй ажилтнууд ч сэргээд ирсэн.

-Хянаж шалгахаас гадна аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байх шүү?

-Тийм ээ. Миний хувьд аливаа эрсдлийг бууруулахын тулд хянаж шалгаад байхдаа гол нь биш, харин алдаа дутагдлынхаа талаар санал бодлоо хуваалцаж, төр, иргэн аж ахуйн нэгж хамтарч ажиллах нь чухал гэсэн бодлого барьсан. Мөн хуучин арга барилаас аль болох татгалзахыг хичээсэн. Аж ахуйн нэгжүүдийг шалгалт нэрээр далайлгадаг, айлган сүрдүүлдэг, торгодог, шийтгэдэг, хүнд суртал гаргадаг механизмыг эрс өөрчилж, хамтран ажиллах, болохгүй байгааг нь зөвлөж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг, тухайн байгууллагын хөгжлийг дэмжсэн хяналтын үйл ажиллагаа бий болгохыг зорьсон. Ингэснээр бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгж, бизнесийнхнийг дэмжсэн хяналтыг зохион байгуулж, шинэ механизмуудыг санаачилж ажилласан. Тухайлбал, урьдчилсан хяналт, хяналт шинжилгээ, үнэлгээ, тандалт судалгаа гэх мэт. Энэ хяналтыг хийхдээ бид зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаараа эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой гэж харж ажлаа эхлүүлсэн. Тийм ч байж чадсан.

-Шалгадаг, торгодог, хянадаг байгууллага гэнэт зөвлөнө, хамтарч ажиллана гээд ирэхээр тухайн үед хүмүүс гайхаж байсан л даа. Хүмүүс болон аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хуучин бол бүгдийг хянаж шалгадаг, тэр чинээгээр үргүй зардал их гаргадаг төрийн машин байсан. Үүнийг бид өөрчилж, иргэдэд хамгийн ойр, итгэж болох, мэдэхгүй, болохгүй байгаа, тулгамдаж байгаа асуудлаа асууж, хамтран шийдэж болдог, итгэлцэл бүхий байгууллага байх ёстой гэж үзсэн. Хамгийн чухал нь мэргэжил аргазүйн талаас нь туслалцаа үзүүлдэг, хамтарч эрсдлээ бууруулдаг болсон. Гэхдээ бид хяналт, шалгалтаа бүрэн зогсоочихоогүй. Шинэчлэлийн энэ ажил маань бидний хийж буй ажлын 30-40 хувь нь байсан. Үлдсэн хувьд нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтаа хийнэ, бусад хяналтаа тавина, гүйцэтгэлийн хяналт хийнэ, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж байсан.

-Томоохон шалгалтуудаас дурдвал?

-2014 онд өмнө нь хийгдэж байгаагүй цогц хэмжээний том шалгалтыг нэлээд газарт хийсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарт хийсэн шалгалт. Монгол Улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд, эмийн сангууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад улсын хэмжээнд шалгалт хийсэн. Мөн савлагаатай цэвэр ус үйлдвэрлэгчид, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, Ойн сан бүхий 14 аймагт Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангуулах, модны хулгайтай тэмцэх тухай хяналт, шалгалтыг зохион байгуулсан.”Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт гэхэд зөвхөн уул уурхайн талаас биш, хийх ёстой бүх шалгалтыг тухайн обьектод хийж байснаараа онцлог.

-Сүүлийн үед таныг АТГ-т шалгагдаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Мөн МХЕГ шинэ даргатай болох нь, тус байгууллагын ажилтнууд нэлээд бужигнаж эхэллээ гэх мэт мэдээлэл гарч байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, сайд, дарга нар шинээр томилогдож, ажлаа хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор асуудал хариуцсан Шадар сайдтайгаа уулзаж, ярилцсан. Ер нь асуудал ойлгомжтой учраас ямар нэг шахалт, шаардлагагүйгээр, өөрийнхөө мэдрэмжээр ажлаа өгье гэсэн. Өгөхдөө өөрөө гэмтэй мэт, авлига, хээл хахуульд орооцолдсон мэт, айснаасаа болж ажлаа өгч байгаа мэт ойлголт хүмүүст төрүүлэхгүй байхыг хүсч байна. Гэвч харамсалтай нь Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх нь бараг өдөр тутам байгууллагын дотоод асуудалд оролцох, холбогдох болон холбогдохгүй асуудлуудаар тодорхой үүрэг чиглэл өгөх,бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд нөлөөлж байна. Тухайлбал, бүх тушаал, шийдвэрээ зогсоо, нэг ч шийдвэр, тушаал гаргаж болохгүй. Аливаа төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар болон нэгжийн удирдлагуудыг хамруулсан төлөвлөгөөт цуглаан, зөвлөгөөнөө хойшлуул гэсэн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар, товуудыг зогсоож, буцааж татуулсан зэрэг эрүүл бус байдлаар хандаж байгаад хувьдаа харамсаж байгаа. Уг нь бол дарга, цэргийн хэн нь ч солигдсон төр хэвийн, тогтвортой ажиллаж байх ёстой.Би ажлаа өгөхгүй гээд сандал,ширээтэйгээ зууралдаад байсан бол иймэрхүү дур зоргоороо ааш гаргаж болох талтай. Гэтэл өөрийн санаачилгаар, мэдрэмжээрээ мөн хувийн шалтгаанаар, тодруулбал, гэр бүлийнхээ хүнийг удаан хугацаанд гадны оронд эмчлүүлэхээр МХЕГ-ын даргын албан тушаалыг өгөх хүсэлтээ өгчихөөд байхад төрийн ажилд иймэрхүү байдлаар хандаж байгаа нь өрөвдөлтэй байна. Ажлаа өгөхгүй биш өгнө гээд байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээрилт гүтгэж, доромжилсон худлаамэдээллүүд нийтлүүлж байгаа нь харамсалтай юм.

-Бүр МХЕГ-ын удирдах зөвлөлийн хурал дээр ирж, дотоод асуудлыг чинь ярьж, нэлээд бужигнуулсан мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Тухайн хурал дээр байсан хүмүүс өөрсдөө хэлж ярих байх. Тэр өдөр болсонхурал дээр уг нь Монгол Улсын Шадар сайдын өгсөн ажил үүргийг танилцуулах байх гэж ойлгож байсан. Гэтэл ажилтан албан хаагчдаас зүй зохисгүй асуулт асуух, хооронд нь хагалан бутаргасан,муудалцуулах гэдэг ч юм уу ийм зохисгүй байдлаар хандах асуудал байсан.

-Ахлах зөвлөх Д.Батбаатар өөрөө энэ байгууллагыг удирдаж байсан зовлон жаргалыг мэдэх хүн байх аа. Таныг тэр үед ажлаа өг гэж шахсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Одоогоор надад учиргүй дарамт шахалт үзүүлээд, сүйд болоод байгаа зүйл байхгүй. Гэхдээ Шадар сайдтай уулзаж, асуудлыг тодорхой ярьж хэлээд, хүсэлтээ өгчихөөд байхад “Өргөдлөө өг,яг одоо бичиг өг” гэж хэд хэдэн удаа шаардаад байгааг нь гайхаж байна.Үнэхээр Шадар сайд тэгж яаруулаад байгаа юм уу, эсвэл энэ нөхөрямар нэг ашиг сонирхлын зөрчлөөр дунд нь ингээд байгаа юм уугэдгийг ойлгохгүй байгаа.

-Таныг их хэмжээний мөнгө авч хүнийг ажилд томилсон гэх мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл бий юу?

-Өнөөдрийн байдлаар АТГ-аас намайг шалгасан асуудал байхгүй. Харин ашиг сонирхлын зөрчлөөр томилгоо хийсэн байх магадлалтай байна. Үүнд албан бичгээртайлбар өг гэсэн. Үүний дагуу бүх хийгдсэн томилгоо, халаа сэлгээ зэргийн тайлбарыг албан ёсоор өгсөн. АТГ-аас дуудаад, албадан хянаад байгаа зүйл байхгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар худлаа мэдээлэл цацсан байсан. Гэхдээ МХЕГ-ын даргаар бурхан ажилласан ч шүүмжлүүлнэ гэж хүмүүст би хэлдэг юм шүү.

-Таныг халаа сэлгээ их олон удаа хийсэн. Өөрийнхөө гэгдэх хүмүүсийг ажилд авсан гэсэн мэдээлэл бас байсан?

-Халаа сэлгээ огт хийгээгүй гэж хэлэхгүй. МХЕГ-ын даргын ажилд томилогдож ирээдтөв болон орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудад чиглэл өгсөн. Мэргэжлийн хяналт мэргэжлийн байх ёстой. Ямар нэгэн танил тал, улс төрийн хүчнээр дамжиж ирсэн хүн байх ёсгүй гэсэн. Намайг ирэх үед мэргэжлийн хяналтын газарт мэргэжлийн бус хүн олон байсан. Мэргэжлийн бус ажилтнуудыг ажлаас чөлөөлөхдөө таван жил ажилласан,ажилдаа мэргэшсэн бол авч үлдээд, таваас доош жил ажилласан, мэргэжлийн бус хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, ажлаа огт хийдэггүй, ажилдаа ирэхгүй таслаад алга болчихдог, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын хэргээр шалгагдаж байгаа, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг, бусдыг дарамталдаг айлгадаг хүмүүсийг нэгжийн удирдлагын саналыг үндэслэн чөлөөлсөн асуудал байгаа. Миний ажлаас халсан хүмүүс олон байсан уу, цөөн байсан уу гэдгийг Шадар сайдын ажлын албаны дарга, ахлахзөвлөх нь ирээд он оноор нь орсон хүмүүсийг гар хөлийг өргүүлээд халагдсан солигдсон хүмүүсийн мэдээллийг аваад явсан.Тэр мэдээллийг авахад дийлэнх нь хуучин ажиллаж байсан, 2007 оноос хойш ажилд орж, ажлын байран дээрээ мэргэшсэн улсын байцаагчидбайсан.

-МХЕГ сүүлийн үед ажлаа сайн хийж байгаа гэж иргэд ярьж байна лээ. Алдсан оносон зүйлс байгаа байх?

-Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарчажиллаж байсан иргэд, аж ахуйн нэгж бизнесийнхэн биднийг хэрхэн ажилласан бэ гэдгийг дүгнэх байх. Миний хувьд шударга ажиллахыг хичээж эрмэлзэж, зорилго зорилт тавьж ажилласан. Нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн олон ажил байгаа ч цаана нь бодож төлөвлөж байсан олон ажил байсан. Гэхдээ удахгүй ажлаа өгөх болчихлоо. Намайг дэмжиж, нэг баг болж, гар нийлж ажиллаж байсан шударга улсын байцаагч нар миний эхлүүлсэн ажлыг хийж дуусгах байх гэж найдаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан хугацаанд нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Тэр нь юу гэхээр үнэт зүйл. Мэргэжлийн хяналтын газрын үнэт зүйл нь мэдлэгтэй, мэдрэмжтэй, чадвартай, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагч юм байна гэдгийг ойлгосон доо.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлангийн эхнэр “Монголоороо” нэртэй төв нээнэ

1907379_916466031699223_2228815545034036891_nМУГЖ С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг “Монголоороо” нэртэй шинэ төв нээж ажиллуулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Уг нь төв нь үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон бөгөөд тун удахгүй нээлтээ хийх юм байна.

Уг төвд

• Бий биелгээ
• Уртын дуу
• Монгол бичиг
• Баясуулан ариусахуйн(бясалгал) хичээлүүдийг зааж сургах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборыг гуравдугаар сараас ажиллуулна

Улаанбаатар хотын замын ачааллыг буруулах үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүний хүрээнд авто машины захуудыг нүүлгэж, 22-ын товчооны цаанаа Авто худалдааны цогцолборыг байгуулах ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн билээ. Энэхүү цогцолборын эхний ээлж аравдугаар сард ашиглалтад орох ёстой байсан ч хойшилсоор байгаа юм. Цогцолборын эхний ээлжийн ажил 80 хувьтай, ирэх гуравдугаар сараас ажиллуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөөд байгаа аж. Харин зургадугаар сард цогцолбор бүрэн ашиглалтад орж дуусах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгжээр өсгөж, 13.0 хувь болгон нэмжээ.Инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан байна.

Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уналтын улмаас суурь инфляци 12.6 хувьтай байгаа юм. Мөн зах зээлд гадаад валютын урсгал сул, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна. Иймээс Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн жагсана

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажиллагчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр болжээ. Учир нь тэдний хамтын гэрээнд зааснаар тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассантай холбоотой аж. Мөн Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, ИТА-чдын үндсэн цалин нэмэгдүүлж байх шийдвэртэй ч уг хэлэлцээр хүчин төгөлдөр биелэхгүй байгаа аж. Тиймээс өнөөдөр 12.00 цагт МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос энэ талаар мэдлээлэл хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эбола вирусээс хамгаалах хэрэгслийг тарааж байна

Засгийн газрын нөөцөөс эбола вируст халдвараас сэргийлэх тэмцэх бэлэн байдлыг хангахад 477 сая төгрөг гаргаж санхүүжүүлэхээр болсон. Үүнээс 56,2 сая төгрөгөөр ХӨСҮТ-ийн халдварт өвчний тусгаарлах тасгийг засварлах, 11,2 сая төгрөгөөр тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчилж, 31,7 сая төгрөгийн төнөг төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авсан байна.

Эбола вируст халдварын үед хэрэглэх 39 төрлийн, 409 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, 7 төрлийн багажыг хэмжээнд хувиарлаж байна. Энэхүү хуваариар халдварт өвчний улсын нөөцөд, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ, 21 аймгийн ЭМГ-т хүргүүлэн бэлэн байдлыг хангах байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрлийг 26-наас олгоно

уул уурхай Өнгөрсөн хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шинээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эхлүүлэхээр болсон. Эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хэсэгт хамаарах есөн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Энэ ажил ирэх 26-наас эхлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүх гуйвуулсан аймархи үлгэр

Баабар ингэж өгүүлэв

Ардчилсан хувьсгал Монголд өрнөөд 25 жил болж байна. Үе гэсэн ойлголт бий. 25 жил нь хүний нэг үе болох юм. Өөрөөр хэлбэл манайд ардчиллын бүхэл бүтэн нэг үе солигдож байна. Гэвч хараахан түүх болоогүй. Алив түүхэн факт түүх болохын тулд хэдэн үе дамжсан байх шаардлагатай. Ойроос бол үйл явдлын жинхэнэ үр дүн, олон тал, нөлөө, үүрэг тодорч амжаагүй байдаг. Үүнээсээ болоод судлагдаж амждаггүй. Судлаач ч өөрөө үйл явдлын оролцогч, амьд гэрч байдаг тул асуудалд субъектив хандана. Хайзэнбэргийн тодорхойгүй зарчим үйлчилнэ гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө Америкт үе өнгөрч амжаагүй байгаа Монголын ардчилсан хувьсгалын тухай Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, капиталистууд хүртэл гэсэн авсаархан ном хэвлэгджээ. Үүнийг мөн яаран монгол хэлээр ч хөрвүүлсэн байна, бодвол цаанаа ивээн тэтгэгчтэй биз. Зохиогч нь Колумбын их сургуулийн профессор Моррис Россаби гэгч. Хятад судлаач. Гэхдээ дундад зууны Хятадын түүхээр мэргэшсэн нэгэн. Тэрээр Хубилай хаан гэж нэг ном бичсэн. Хубилай нь дундад зууны Хятадын хаан учраас энэ асуудлыг шүүрч авсан болохоос талын Монгол гэдэг нь түүний судлахуун биш аж. Урьд нь Хубилайн тухай олон монографи гарсан, Россаби нэмж шинээр ганц мөр дүгнэлт бодож олж чадаагүй юм. Хэдийгээр Россаби араб гаралтай нэгэн авч тэр үеийн Араб Хятадын хооронд шинээр үүссэн олон талт харилцааны тухай нэмж юу ч олж судалсангүй. Ер нь дундад зууны монголчуудын түүхийг эхлэн гуйвуулагчид нь Араб, Персийн түүхчид байсан юм шүү.

Монголын тухай ойлголтгүй америкчууд Хятад, Монгол хоёрыг өөрийн орны баруун зүүн хоёр эргийн дайтай ялгаж байвал их юм. Ингэхээр XII зууны хятадууд, ХХ зууны сүүлчийн монголчууд төдийлөн ялгаагүй бололтой. Адилхан л онигор нүдтэй, хавтгай нүүртэй, ойлгомжгүй хэлээр ярилцдаг. Ингээд Рассаби гуай 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал хэмээх мэдэхгүй сэдэв рүү занг нь мэдэхгүй моринд дөрөөлөх мэт зоригтой орлоо. Гол нь ийм төсөл хэрэгжүүлэх мөнгө бэлэн болсон байсан хэрэг. Мөнгөнд дургүй хэн байх билээ?

Орчин үеийн Монгол ном туурвих гэж тэрээр өөртөө нэг их зовлон хураасангүй. Америкт сурч байсан болон түүгээр явж байсан явуулын ганц хоёр монгол хүнтэй уулзсанаар эх материал цуглуулах ажлаа өндөрлөжээ. Ер нь бичих нь гол байснаас нотлох, хүнд зөвөөр ойлгуулах, тэр ч бүү хэл ядахнаа өөрөө бодитой ойлгоод авчих энэ тэр нь хоёр гуравдугаар асуудал байжээ гэлтэй. Хубилайн тухай бичихэд амьд гэрчүүд түүнд тааралдаагүйтэй харьцуулахад Орчин үеийн Монгол монографи түүнээс илүүтэй хөлс хөдөлмөр, чармайлт шаардсанаараа харьцуулшгүй “хүнд”, “шинжлэх ухаанч” болсон бололтой. Үнэндээ Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан олон америкчуудтай харьцуулахад орчин үеийн байтугай ерөөсөө монголчуудын тухай Россабигийн ойлголт илүүтэй үлгэр домгийн шинжтэй юм.

1989 оны 12-р сарын 10 өдөр анхны цуглаан Улаанбаатарт болсон тухай Россабигийн таамаглал огнооны хувьд зөв таарч байгаа нь нэн олзуурхууштай. Гэхдээ энэ өдөр Россабигийн таамагласан шиг жагсаал болоогүй, цуглаан л болсон юм. Энэ хоёр ялгаатай л даа. Уг нь бүр нарийвчилбал гурав хоногийн өмнө Ховдод, нэг хоногийн өмнө Эрдэнэтэд мөн жагсаал болсон байдаг юм. Харин цуглаан Засгийн газрын ордны өмнө болж, хүүхдүүдээ хэрхэн сахилгагүйтэж буйг элит аав ээж нь албан тасалгааныхаа цонхоор харж суусан гэдэг ч арай дэгсдүүлэл байхаа. Анхны цуглаан зохион байгуулсан бүх хүмүүсийн дотор төрийн ордонд ядахнаа үйлчлэгч ажил бүхий эцэг эхтэй ганц ч хүн байгаагүй гэдгийг энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүний хувьд баттай хэлэх байна. Энэ хувьсгалыг яахаараа заавал сайд дарга нарын хүүхдүүд хийсэн гэж Россаби зүтгээд байгаа нь хачирхалтай. Гадаадад дипломат ажил хийж байсан хүнийг элит гээд байгаа шинж харагдана. Ядарсан бүдүүлэг тэнэг мунхаг монголчуудын хувьд Москвад гурван жил амьдарсан л бол элит болчихдог нийгэмтэй ажгуу. Дээр үед цэрэгт алба хаагаад ирсэн залуу сумандаа элит болчихдог шиг л юмаа даа. Гэтэл цуглаан зохион байгуулагчдын дотор цор ганц Нинжийн эцэг Гадаад яаманд ажиллаж байсан бололтой байдаг. Харин өөрөө ямар зорилгоор АХ-д нэгдсэн нь тусдаа асуудал юм. Хэрэв сэхээтнийг элит гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан. Арван мянган хүнд ноогдох сэхээтэн, оюутны тоогоор Монгол нь хөгжилтэй орны зэрэглэлд багтаж байв. Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтөвшин гээд дундаж сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан. Тэр үед Улаанбаатарт дундаж хамтлаг буй болгоход ямар бүрэлдэхүүн үүсэх байв, тийм л дундаж дүр зургийн хамт олон. Хожим хоёр сарын дараа нэгэн цуглаан дээр НҮБ-д суугаа дипломатчийн хүүхэд Сүх-Эрдэнэ үг хэлсэн нь Россаби авгайн хүсээд байгаа “элит” гарлын цорын ганц аймаархи үнэн юм.

Россабигийн мэтгэж байгаагаар Ардчилсан хувьгалыг гардагсад нь Москва хавьд перестройкийн нууц дугуйлангаар хүмүүжсэн, юм ойлгодог гадаад хэлтэй хэдэн нөхөд байжээ. Бараг л Горбачевийн тагнуулууд байсан бололтой. Эд л Төрийн ордонд ажилладаг аав ээжүүдтэйгээ нийлж урдаас төлөвлөж бодож байгаад л хувьсгал хийсэн гэнэ. Нийгмийн хамгааллыг сайтар бодсон, капитализмын муу талуудыг олж илрүүлээд дүн шинжилгээ хийсний дүнд тойрон гарах аргуудыг нь тодорхойлчихсон хүмүүнлэг хувьсгалыг “нуль ухаан” болсон “элит” нар хийжээ. Тэр байтугай авлига хөгжинө гэдгийг мэдээд урьдчилан эсэргүүцэж байсан байх юм. 1917 оны большевик хувьсгалтай их төстэй байгаа биз? Гадаадад олон жил суусан, ард түмэндээ аз жаргал авч ирэхээр зориг шулуудсан мэргэжлийн элит хувьсгалчид ажилчин ангид хувьсгалын санааг халдаан хүн төрөлхтнийг мөнхийн жаргалд дуудан дагуулсан тухай Коммунист намын түүхийг цээжээрээ мэддэг хүний үг байгаа биз? Россаби бичихдээ: “Монголын сурвалжит элит давхаргын хөвгүүд охид л авторитар тогтолцоог нураахад хүргэсэн хүчирхийлэлгүй хөдөлгөөнийг санаачилсан юм. Их төлөв сэхээтний болон мэргэжилтний анги давхаргаас гаралтай шинэчлэгчид ямар ч цэргийн хүчинг удирдаагүй бөгөөд хүчирхийллийн арга хэрэглэхийг эсэргүүцэж байв. Тийнхүү өөрчлөлтийн хөдөлгөөн нийгмийн давхаргын дээд хэсэгт үүсч нийгмийн пирамидын ёроолд байгаа хүмүүсийг хөдөлгөөндөө татсаар, аажмаар өргөн олны байгууллага болж хувьсчээ. Эрх баригчид дарангуйлах арга хэмжээ аваагүй нь нэг талаар ардчилсан эсэргүүцэгчид элит давхаргад хамаарч байсантай холбоотой юм”.

Ер нь энэ ном их наргиантай, элитийн хувьсгал гээч нэг юм түрүүлээд бодоод олчихсон, түүндээ тохируулж үйл явдлыг санаанаасаа зохион “баримтжуулжээ”. Бичлэг, дизайн, баримтжуулалт, дүгнэлт зэрэг нь Сталины 1938 онд хэлж өгч бичүүлсэн Большевик намын түүхтэй гайхмаар төстэй.

Нүүдэлчин малчны удам болсон ХХ зууны монголчууд элит давхарга үүсгэж амжаагүй өдий хүрсэн юм. Язгууртнууд нь гучаад оны хядлагад толгой дараалан өртсөн тул үнэхээр Марксын мөрөөдсөн сурвалж язгуургүй нэгэн анги болж чадсан магадгүй цорын ганц нийгэм ажгуу. Ардчилсан хувьсгалаас хойшхи нэгэн үеэ оруулж тооцоод сэхээтэн албан хаагч, хотын иргэний дөнгөж гуравдугаар үе рүүгээ орж байгаа нийгэм шүү дээ. Нэгнийх нь аав нь, нөгөөгийнх нь өвөө нь тал нутгаа орхин Улаанбаатарт орж ирсэн болохоор хот бараадсан хориодхон жилийн ялгаагаар хэн нь хэнийгээ элит сурвалжит болж дээрэлхэх вэ дээ? Номонд бичсэнээр Элбэгдорж хэмээх ард гаралтай хөдөөний молхи, бүдүүлэг маанаг эр Ардчилсан холбоог үүсгэсэн гадаад хэлтэй, гадаадад амьдарч байсан элит ухаантнуудын дургүй зэвүүг хүргэж хөх инээдийг нь бардаг байсан тухай өгүүлжээ. Малчин эцэгтэй Элбэгдорж хот орж ирсэн нэгдүгээр үеийн төлөөлөгч байснаараа л гадаадад амьдарч байсан ч мөн л малчин өвөөтэй хоёрдугаар үеийнхнээс хорин жилийн л ялгаатай байлаа. Түүнээс биш тэр өөрөө ч гадаадад сурсан, мөн л орос хэлтэй нэгэн. Харин тэдний хооронд нэг том ялгаа байсан юм. Номонд Ардчилсан хувьсгалыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн гэгдээд байгаа, уран зохиолын хэлээр бол “эх дүр” маягтай зохиогдсон дарга нарын хүүхдүүд үнэндээ бэртэгчид байлаа. Сайд дарга нарын хүүхдээс хэн нь ч ардчилсан хувьсгалд огтоос оролцоогүй. Бэртэгчид зөвхөн ялсан талд нь ордог юм. Хэн ялах нь мэдэгдээгүй тэр үед тэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дулаан буланд нуугдаж байсан. Ардчилал үзэл санааны хувьд бүрэн ялсан өнөөдөр тэд нийгмийн бялууны аль өнгөтэй өөдтэйг нь өөрийн болгосон төдийгүй завьжаараа гоожих тосоо ч арчих завгүй хэрхэн Ардчилсан хувьсгалыг бодож олсон тухайгаа, сайхан санааг нь мэдрэлийн өвчтэй, архичин монголчууд хэрхэн сүйд хийн балласан тухай баруун солгойгүй гайхуулан ярьж яваа. Үнэндээ тэдний түрүүч нь бүх юм болоод дууссан 1992 оны үеэс л зориг зүрх орон АХ-ы үүдээр эргэлдэн латин үсэгтэйгээрээ гайхуулж олбогны дээгүүр гарч суух гэж оролдон нэгэнт буй болоод олширсон намуудыг шилж сонгож эхэлсэн юм.

Ардчилсан холбоог цэрэглэн дарах гэсэн хэсэг махчингууд байсныг мөнөөх элит аав ээжүүд сэрэмжлүүлэн Горбачевоор боль гэж хэлүүлж байсан ч юм болоод явчихлаа. Гэтэл дараа үеийнхэндээ төрийн эрх мэдлээ шилжүүлэх цаг болсон гэдгийг ойлгож үүнийг гардсан хүн нь “махчингийн толгойлогч” Батмөнх гуай өөрөө байсан юм. Ерөөс ардчилсан хувьсгал нь монголчуудын зөвшлийн үр дүн байсан. Гэтэл мань хятад судлаачийн пантааз нь бүр сагаад хятадууд цэрэг илгээж магадгүй гэж Монголын коммунист удирдагчид айгаад Ардчилсан холбооныхонд бууж өгсөн болгож зохиомжилжээ. Монголд Зөвлөлтийн 100 мянган цэрэг байрлаж байхад хятадууд цэрэглэн халдахаас өнөө “ухаант” элитүүд айж байж гэнээ! Ардчилсан холбоо өлсгөлөн зарласан явдал ч нэгэн хятад хэлтэй элит эрлийз л Тэньаньминд хятад оюутнууд хэрхсэн тухай сонссоноос үүдэн хэрэгжүүлсэн болж таарав.Россабигийн судалдаг Сүн, Юань, Мингийн үед ч монголчууд хятадуудаас айж шийдвэр гаргаж байгаа­гүй. Айж бай­сан Чин динас­тийн үе судлах хүрээнээс нь халих учир мань эр мэдэхгүй. Гэтэл Манж-Чингээс хойш дахиад 100 жил өнгөрчихөөд байна шүү дээ.

Россаби хувьсгалын элитар онол­доо хэт хөтлөгдөөд гудам­жинд ярьдаг худал цуу үгийг баримтжуулан “шинжлэх ухаан­жуулжээ”. Түүний бичсэнчлэн Энхсайхан, Амаржаргал нар саяхан хөдөөнөөс шилжин нүүж ирэгсэд, Ганболдын аав хятад, Зоригийн ээжийн аав буриад малчныг зөвлөлтүүд даалгавар өгч монголчууд алсан, Бат-Үүл ерөнхий сайд Бямбасүрэн нар ойрын хамаатан зэрэг нь бүгд худлаа. Иймэрхүү яриаг Ардчилсан холбоог анхлан байгуулсан гэгдэж номонд бичигдээд байгаа бэртэгчдийн эх эцэг тухайн үедээ Дотоод яамны чекист байхдаа зохиож тарааж байсан юм. Монголын ардчилсан хувьсгалыг Хятадын болон Оросын элит эрлийзүүд хийсэн гэж Россаби батлахыг оролджээ. Ийм яриаг 1989 онд До яамныхан зохиож Үнэн сониноор нийтэд тарааж байсан. Одоо ч ийм яриаг нь үнэн болгон шивэгнэж явдаг шаарууд нэг бус. Монголын ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан юм.

Худал гүтгэлэг, ийм байсан болоосой хэмээн хүсэмжлэн зохиосон “факт”-аар уг ном дэндүү баян. 1988 онд “Шинэ үе” нууц дугуйлан байгуулж хотоор ухуулах хуудас нааж явсан хүмүүс нь Бат-Үүл, Цогтсайхан, Амарсанаа нар болохоос энэ явдалд Зориг ямар ч холбоогүй. Ер нь 11-р сарын 26-нд болсон Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөлгөөнөөс Ардчилсан холбоо анхны шаваа тавьсан, тэгэхэд Зориг огт байгаагүй юм. Дараа дараагийн уулзалтан дээр хэн нэг нь түүнийг дагуулж иржээ. Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулагчаар түү­нийг сонгосон учир нь тэрээр Их сургуулийн коммунизмын онолын багш байсантай хол­боотой болохоос Россабигийн хэлж байгаачлан хүмүүс түү­нийг “алтан шаазгай” хэмээн өргөмжлөн хүндэтгэж байсанд биш юм. Учир нь Ардчилсан холбоог анхлан байгуулагчид социализмыг улам төгөлдөржүүлэх үзэл санаан дээр нэгдэж байсан тул тэр талын онолын мэдлэгтэн чухал хэрэгтэй байжээ. Түүнээс биш Россабигийн нотлох гэж оролдоод байгаачлан зах зээл рүү шууд орох, нийгмийн хамгааллаа үлдээгээд аажмаар шилжих гэсэн үзэл суртлын хэд хэдэн фракцид хуваагдсан юм огт байгаагүй.Ерөөсөө тэр үед бараг нэгэн зэрэг үүсч байсан шинэчлэгчдийн бүлгэм дугуйланг Россаби хооронд нь хольж бантан хутгасан төдийгүй өөрийн бодож олсон янз бүрийн “изм”, үзэл санаануудыг тааралдсаныхаа духан дээр наан “ангилал зүй” хийжээ.

Россабигийн номонд хүний санаанд оромгүй зохиомол үлгэр домог чихээстэй. Мөнөөх элит ардчилагчид одоохон хувьсгал хийе гэсэн чинь коммунист удирдагчид таван жилийн дараа хийе гэж гуйсан гэнээ. Элитүүд таван жил гэдгийг нь эсэргүүцээд дахиад жагсаал зохион байгуулж гэнэ. Магадгүй, ийм яриа Дотоод яамны чекист хурандаа, түүний гадаадад сурдаг элит оюутан хүү хоёрын хооронд гал тогооны өрөөнд нь болсон байж болох л юм. Гэхдээ тэр нь Монголын ард түмэн өөрийн хүсэл зоригоор зам мөрөө сонгосон тэрхүү түүхэн үйл явдалтай ямар хамаатай юм бэ? Оросуудыг жигшин үздэг Эрдэнэтийн ажилчид бослого гаргажээ. Тэр тухай сонсонгуутаа Ардчилсан холбоог санаачлагч элитүүд маань хулигаан төрхтэй, бүдүүлэг агсам Бат-Үүлийг тийш нь илгээсэн байх юм. Нөгөөх нь хаа очиж уран панаал сайтай учраас Эрдэнэтийн ажилчидтай хэлэлцээ хийж өөртөө татаж авч гэнэ.

1-р сарын 21-нд Лениний нас барсан өдрийг баяр болгон тэмдэглэдэг байсныг нь далимдуулж мөнөөх элитүүд улам том цуглаан бодож олж гэнэ. 2-р сарын 16-нд хүйтэн цэвдэг сэтгэлтэй увиагүй шаар Даваадоржийн Ганболд хамгийн анх Үндэсний дэвшлийн нам байгуулж төрийн бүх өмч болон үйлдвэр банкуудыг хувьчлахыг уриалж гарч гэнэ дээ. Төрийн нийгмийн халамжийг ор тас үгүйсгэгч түүнийг Ардчилсан холбоог сэдэгч элитүүд эсэргүүцсэн учир Ардчилсан холбоонд хагарал гарч эхэлсэн юм байх. Үүнээс хоёр хоногийн дараа мөнөөх бүдүүлэг хулигаан Бат-Үүл Ардчилсан нам гэдгийг байгуулж 200 сэтгүүлч хуралдаа уриадахсан чинь коммунист удирдагчид сэтгүүлчдэд зөвшөөрөл олгоогүй гэнэ. Хөөрхий Бат-Үүл том найр хийх гээд эзгүйрсэн бололтой юмаа, янз нь! Гэхдээ Ганболд яагаад халзарсан, Бат-Үүл яагаад бууралтсаныг одоохондоо зохиогч хөндөөгүй байна билээ. Удахгүй тайлбарлах биз. Шинэ толь гэгч анхны зөвшөөрөлгүй сонин гарч коммунист удирдагчид балмагдаж үхэж гэнэ. Коммунистууд монгол дээл өмсөхийг хуулиар хориглодог байж гэнээ. Гэтэл ийм хориотой хувцас өмссөн 10 эр гэнэт өөрсдийн санаачилгаар сайн дураараа Сүхбаатарын талбай дээр гарч хэвтээд өлсгөлөн зарлаад унаж гэнэ. Тэгэнгүүт нь Ардчилсан холбоо энэ өлсгөлөнг дэмжсэн төдийгүй мөнөөх элит удирдагчид нь өлсөгчдийн хавьд очоод зогсчихсон гайхсан олон түмэндөлсгөлөн зөв болох тухай ухуулан таниулж эхэлжээ. 1990 оны 3-р сарын 7-ны өлсгөлөнг Ардчилсан холбоо зохион санаачлаагүй болохыг ингэж Россабигаас олж мэдлээ. Ийм учиртай байх нь л дээ!

Тэр үеийн тухай бидний мэдэхгүй, огт олж сонсоогүй олон үйл явдлыг Россаби ил болгож шинжлэх ухааны эргэлтэнд оруулснаараа энэхүү монографи нь 1990 оны ардчилсан хувьсгалаас өөрөөс нь илүү лут ач холбогдолтой болжээ.Тухайлбал өлсгөлөн зарласныг дэмжиж Эрдэнэт, Дархан, Мөрөн болон бусад газруудад, өөрөөр хэлбэл улс даяараа ажил хаялт зарласан юм байна. Дотоод яамны тавдугаар цуваа гэж ойлгогдож байсан Гандан хийд өлсгөлөнг дэмжиж өнөөгийн Бирмийн нэгэн адил лам нараа цуглаан жагсаал руу зохион байгуулалттайгаар илгээж байж. Хөөрхий муу Дэмчигийн Моломжамц гуай өлсөгчид рүү цагдаа цэрэг оруулна гэж цамнаж байж. Тэгэхээр нь Бат-Үүлийн ах Бямбасүрэн гуайг өлсөгчид рүү явуулсан чинь харин овоо доо, хэлэлцээ хийж дөнгөсөн аж. Өлсөгчид болон жагсагчид Төрийн тэргүүн Батмөнхийн өргөө болон, Зөвлөлтийн элчин сайдын яам руу дайрсан юм байна. Жагсагчдын ихэнхийг архичид, сэтгэцийн өвчтэй хүмүүс эзэлсэн учир мөнөөх Ардчилсан холбооны элит удирдагчид хяналтаа алджээ. Ингээд аймаар юм болсон байна! Дал гаруй хүн шархтаж нэг хүн үхжээ! Ганц цонх хагараагүй, оготнын хамраас ч цус гараагүй хувьсгал гэж яриад байдаг маань ийнхүү шинжлэх ухааны хөдөлшгүй “баримтаар” нэгмөсөн нуга цохигдлоо!

Тэр үеийн Ардыних хурал, МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо зэрэг нам болон төрийн тогтолцооны тухай анхдагч ойлголт Россабид алга. Тиймээс хооронд нь хольж хутгаад өөрөө ч юун тухай өгүүлж байгаагаа ойлгоогүй бололтой. Дотор нь байгаа тоо баримт, огноо, үйл явдлын тухай наад захын баримт үзэж нягтлан өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Үнэндээ ч энэ тухай баримт хятад, араб хэлээр түүнд олдоогүйг ойлгож болох юм. Тэгээд ч ядахнаа дундад зууны хятад хэл одоогийнхоос өөр ханз хэрэглэдэг байсан л даа.

Хэдэн жилийн өмнө Польшийн нэгэн сэтгүүлчийн Монгол дахь ардчилсан хувьсгалын тухай бичсэн өгүүллийг уншиж байсан. Тэнд өгүүлэхдээ 1990 оны өвөл хэдэн польш оюутнууд Улаанбаатарт ирж гэнэ. Тэгээд Каспаров Плэйбой сэтгүүлд ярилцлага өгөхдөө Монголыг Хятадад худалдах тухай санаа гаргасан гэдгийг монгол оюутнуудад ярьжээ. Уур нь хүрсэн оюутнууд төв талбай дээрээ очиж өлсгөлөн зарласнаар Монголд ардчилсан хувьсгал болсон гэнэ. Польш оюутнууд тэр үедирээгүй болж гэм монголчууд өдий болтол социализмаа байгуулсаар ухантаад суух байж л дээ. Сайхан л хялбаршуулсан пантааз. Гэхдээ энэ бол сонин дээр нэг удаа хэвлэгдээд өнгөрсөн сэтгүүлчийн ямар ч хоргүй нэг муу өгүүлэл. Гэтэл үүнээс ч дор болхи пантааз шинжлэх ухааны арьс нөмөрч, судлалын жигүүр углаад дүүлээд гараад ирэхээр яахав?

Цаг хугацаа явсаар. Ардчилсан хувьсгал эхлээд 25 жил өнгөрчээ. Улам улам холдон түүх болох дөхөж байна. Амьд гэрчүүд дуусах үед Россабигийн аймаархи зохиомж шилээвэр түүхэн үнэн болно. Илүү хорлонтой нь энэ түүх Америкийн эрдэмтний бүтээл гэгдэж англи хэлээр хэвлэгдсэнд байгаа юм. Алив шинжлэх ухааны бүтээлийн үнэ цэнийг бусад бүтээлд ишлэгдсэн тоогоор нь хэмждэг. Англи хэлээр бичигдсэн бүтээл мөн адил сэдэвт франц хэлээр хэвлэгдсэн бүтээлээс 20 дахин олон ишлэгддэг гэнэ. Гэтэл франц хэлээр бол герман хэлнээс 10 дахин олон ишлэгдэх магадлалтай. Гэх мэт цааш явна. Англи хэлний бүрэн дарангуйлал ийм л юм даа. Доромжиллоо, гүтгэлээ гээд манайхан биенийгээ шүүхэд өгөн тэрбумаар нь мөнгө нэхэхдээ уг нь сүрхий л юм билээ.

1921 оны үйл явдлыг 1955 онд оросууд бидэнд тайлбарлаж өгсөн юм. ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас эрхлэн БНМАУ-ын түүх хэмээх ном хэвлүүлснээр тэр үед юу болоод өнгөрснийг хөөрхий монголчууд олж мэдэж билээ. Бидний үеийнхэн тэр түүхээр шалгалт өгч, тэр түүхийг цээжилж өссөн. Нэг л эргээд харсан бүгд худлаа байсан. Аугаа Цэцэрон нэгэнтээ өгүү­лэх­дээ “Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм” гэжээ.

2015.1.10

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцсэн юм. Энэ талаарх мэдээллийг бүлгээс өнөөдөр хэвлэлийнхэнд өгөх болсон аж. Бүлгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн байр суурь зөрөлдсөн тухай мэдээлэл байна. Хуулийн төсөлд улсын өрийн хэмжээг энэ онд ДНБ-ийн 60 хувьд хүргэхээр тусгасан юм. Үүнийг бүлгийн зарим гишүүн нь “Дэмжих ёстой, Засгийн газрын ажил хийх боломжийг олгох ёстой” гэсэн бол одоогийн төвшинд нь хадгалах ёстой” гэж сөрөх гишүүн ч байжээ.