Categories
мэдээ нийгэм

Таксины мөнгөө өгөхгүй гээд машиныг нь шатаажээ

Согтуу залуу автомашин уруу бензин цацаад шатаачихлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ц гэгчийн тоёото маркын автомашиныг тус дүүргийн 12-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй П гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төлбөрийн мөнгөнөөс болж маргалдан, бензин цацаж, шатааж танхайрсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар таван хүн осгож амиа алджээ

Он гарсаар цагдаагийн байгууллагад архи хэтрүүлэн хэрэглэснээс осгож хөлдсөн, өөрийгөө боомилсон гэх мэт золгүй тохиолдлоор амь насаа алдсан хэргүүд нэлээд бүртгэгдсэн байна. Үүнээс осгож амь насаа алдсан тохиолдол тав бүртгэгджээ. Осгож амь насаа алдахаас гадна хацар, нүүрээ хөлсөөлсөн дуудлага их ирж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд ч мэдээлж буй юм. Мөн архины хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ авахгүй нас барж байгаа тохиолдол өдөр алгасалгүй шахам бүртгэгдэж байгаа гэсэн юм. Хүйтний эрч энэ долоо хоногийг дуустал чангарахтай холбогдуулан иргэд та бүхнийг архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаагаа нээлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 04-ий өдрүүдэд болно. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдах юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-нд эхлэх бол албан ёсны нээлтээ лхагва гарагт хийх аж. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна. Хэдхэн хоногийн дараа тохиох сар шинийн баяртаа үндэсний үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийхийг тэд уриаллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашин ачих ажлыг дүүргийн Засаг дарга нар хариуцна

Нийслэлд замын хөдөлгөөний гарц, хааж тавьсан, нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг ачиж, журмын хашаанд шилжүүлдэг. Машинаа ачуулсан жолооч тодорхой хэмжээний төлбөр төлж машинаа авдаг. Гэтэл эндээс олсон орлогын ихэнх нь хувийн компанийн дансанд ордог байна. Тиймээс тун удахгүй энэхүү журмандаа өөрчлөлт оруулах юм байна. харин автомашин зөөж шилжүүлэх үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдсан байна. Ингэснээр аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин буурчээ

Нийслэлийн хэмжээнд 80446 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 6874 тохиолдол буюу нийт үзлэгийн 8.5 хувийг томуу, томуу төст өвчин эзлэж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанар ийм байна

Улаанбаатар хотын гэр хорооллын орчим агаар “Их”, “Маш их” бохирдолтой, бусад хэсгээр “Бага зэргийн” болон “Дунд зэргийн” бохирдолтой байлаа. Агаар бохирдуулах бодисын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6-51 хувиар тус тус бага байна.

Хүснэгт. Агаарын чанарын төлөв байдал, 1 дүгээр сарын 19-нөөс 25

Categories
мэдээ улс-төр

Хуулбарласан баримтаар төрийн санд гүйлгээ хийхгүй

Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Төрийн сангийн үйл ажиллагааны журам нь төсвийн хэрэгжилтийг орон даяар нэгэн жигд хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд гол түлхэц болохуйц эрх зүйн бичиг баримт бөгөөд журам шинэчлэгдэн батлагдсанаар хөтөлбөрт суурилсан төсвийн хэрэгжилтийг зохион байгуулж, төсвийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах цаашлаад төвлөрлийг сааруулах зохицуулалт бий болно гэж үзэж байна. Тодруулбал, төсвийн хэрэгжилтийг хөтөлбөрт суурилан зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өртгийг чухалчилдаг бус үр өгөөж ба өртгийг хамтад нь авч үзэх боломж бүрдэх юм. Мөн журмаар төсвийн байгууллагын төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, хуулбарласан баримтаар төрийн санд гүйлгээ хийхгүй болж байна.

Categories
мэдээ улс-төр

Аймгийн Засаг дарга нар цуглана

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар ирэх сарын 2, 3-нд Төрийн ордонд болох юм байна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт нэгдсэн ойлголт, чиглэл өгөх юм байна. Мөн, хамтран ажиллах гэрээ байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа ч үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг төсөвт тусгаагүй. Үйлчилгээний үнэ, тарифыг хэрхэн тогтоох зохицуулалт байхгүй байна. Иймээс холбогдох зардлыг тооцож, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд гарч буй үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд ангийн элэгдлийн зардлуудыг улсын төсөвт тухай бүрт суулгаж, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгарчээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, ТҮЦ машинаар хүргэж байгаа үйлчилгээний хөлсийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу тогтоож байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа. Мөн ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг холбогдох хуулийн дагуу хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарах зардал болон орлогыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад, ТҮЦ машинаар зөвхөн хууль тогтоомжид заасан буюу нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо харилцаа, эрчим хүч болон бусад байгууллагын үйлчилгээг хүргэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох,” “Иргэдийн өргөдөл, гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төслүүдийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2014 оны 5 дугаар сард нийт 108 ТҮЦ машин байршуулж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 21 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд 485 мянган иргэн үйлчлүүлээд байна. Сүүлийн нэг жилийн тооцоогоор ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэд 4.8 тэрбум төгрөг, нэг иргэн 1 цаг 40 минут хэмнэжээ.

Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрийг бодлогоор хөгжүүлнэ

“Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологид суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортын бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сулыг харуулж байгаа юм. Аж үйлдвэрийн талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтгүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулжээ. Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.

1. Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх

2. Аж үйлдвэрийн бүсийн хөгжлийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах

3. Үйлдвэрлэлүүдийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх

4. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих

5. Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих

6. Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх

7. Худалдааны таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх

Эдгээр зорилтуудыг 3 үе шаттайгаар тус бүр 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.