Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Саусгоби сэндс” ХХК 2014 оны шилдэг тогтвортой үйл ажиллагаатай компаниар шалгарав

Categories
мэдээ спорт

Аймгийн харцага А.Отгонбаатар түрүүллээ

Их Богд Дэвжээ Жаргалант, Галуут сумдын нутгийн зөвлөлтэй хамтран энэ сарын барилдаанаа 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаан уламжлал ёсоор улс, аймаг, сумын цолтой болон залуу бөх, сумын цолтой болон залуу бөхчүүд гэсэн 2 ангилалаар зохион байгуулсан. Барилдаанд у.з Б.Батмөнх, у.х Д.Батболд, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, у.н Б.Баянжаргал, Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Ч.Цогбаяр, Т.Баасанхүү, Ч.Батчулуун, а.х.а А.Алтанхуяг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, а.а А.Отгонбаатар, Д.Болдбаатар, Ж.Мөнгөн, Г.Батням, Бо.Батжаргал, С.Ерөөлт, Б.Бат-Өлзий, Т.Пүрэвсүрэн, М.Отгонням, Ч.Баасанбат, Б.Батдорж, Ш.Дарханбат, Б.Эрдэнэхүү, Н.Батсайхан, Давж.Батбаяр, Ж.Алтаншагай, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, Б.Уугандаваа нарын тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Хос ирвэс компани, Их Богд Дэвжээний бөх а.х А.Отгонбаатар түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Аврагч спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх у.з Б.Батмөнх үзүүрлэв. Их шөвгийн 4-т Ховд аймгийн Чандмань сумын харьяат у.н Ч.Цогбаяр, Увс аймгийн харьяат у.н Т.Баасанхүү нар шалгарлаа.

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх с.з Х.Энхчулуун түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат с.з Л.Жамбал үзүүрлэж их шөвгийн 4-т Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн дэвжээний бөх с.з Ж.Бямбадонид, , Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн дэвжээний бөх с.з С.Төмөрбаатар нар шалгарсан юм.

Барилдааны үеэр тусгай шагнал болох “Уран барилдааны шагнал”-ыг с.з Э.Совджамц, Ч.Баянмөнх захиралтай Бай Хөндий Цамхаг ХХК-ийн нэрэмжит “Ирээдүйтэй бөх” шагналыг а.х А.Отгонбаатар / Баянхонгор Баянбулаг/ , нар тус тус хүртлээ. Мөн аймгийн заан Б.Батгэрэл өнөөдрийн барилдаанд “Амжилттай барилдсан залуу бөх” шагналаа Заг сумын харьяат с.з Д.Цэрэнтогтоход гардууллаа. Мөн Галуут сумын харьяат а.а н.Ганзоригт хүндэтгэл үзүүлсэн юм.

Тус барилдааныг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан Жаргалант, Галуут сумдын Нутгийн зөвлөл, Жаргалант сумын Тамгын газар, Засаг дарга аймгийн заан н.Сайнбилэг, Галуут сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн хурлын дарга н.Батсайхан нарт Их Богд Дэвжээнээс хүндэтгэл үзүүлэв. Шилжин явах цомыг дараагийн барилдааныг хамтран зохион байгуулах Баян-Овоо, Эрдэнэцогт сумд хүлээн авлаа.

Их Богд Дэвжээнээс санаачлан Баянхонгор аймгийнхаа сумдуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү барилдаан өргөжиж, барилдах бөхчүүдийн тоо, чансаа улам өсч байгаад баяртай байна. Тэр ч утгаараа бөхчүүдэд маань өрсөлдөөн нэмэгдэж, бэлтгэл сургуулилт чанаржиж үр өгөөжөө өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Барилдаанд хүрэлцэн ирж зодоглосон нутаг, нутгийн хүчит бөхчүүд, үзэгч, хөгжөөн дэмжигчид, хамтран ажилласан жаяг дэгийн баг, ивээн тэтгэсэн нутгийн зөвлөлүүд, Их Богд Дэвжээний хамт олондоо талархаснаа иллэрхийлье!

Барилдааны дүйз / улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх/

ГУРВЫН ДАВАА

1. Б.Батмөнх у.з Б.Отгонцоож а.а

2. Д.Батболд у.х М.Отгонням а.а

3. Ж.Отгонбаяр у.ө.н Б.Доржсүрэн а.х

4. Б.Баянжаргал у.н Ш.Дарханбат а.а

5. Н.Батзаяа у.н Г.Энхбилэг а.х

6. Б.Сангисүрэн у.н Г.Болдгэрэл а.н

7. Ч.Цогбаяр у.н Т.Пүрэвсүрэн а.а

8. Т.Баасанхүү у.н Д.Дарханбаатар а.з

9. Ч.Батчулуун у.н О.Бундхорлоо а.а

10. А.Алтанхуяг аха Х.Оргилболд а.а

11. Н.Жаргалбаяр аха Г.Батням а.а

12. О.Гантулга аха С.Ерөөлт а.а

13. Д.Болдбаатар а.а А.Отгонбаатар аха

14. Бо.Батжаргал а.а Ө.Сүхбат а.а

15. Б.Батдорж а.а Л.Цээсүрэн а.а

16. Б.Эрдэнэхүү а.а Н.Батсайхан а.а

ДӨРВИЙН ДАВАА

1. Б.Батмөнх у.з Г.Энхбилэг а.а

2. Д.Батболд у.х А.Отгонбаатар а.х

3. Ж.Отгонбаяр у.ө.н Б.Эрдэнэхүү а.а

4. Б.Сангисүрэн у.н Ш.Дарханбат а.а

5. Ч.Цогбаяр у.н Б.Батдорж а.а

6. Т.Баасанхүү у.н Бо.Батжаргал а.а

7. Ч.Батчулуун у.н О.Гантулга а.х.а

8. А.Алтанхуяг аха Н.Жаргалбаяр аха

ТАВЫН ДАВАА

1. Б.Батмөнх у.з О.Гантулга аха

2. Ж.Отгонбаяр у.ө.н Ч.Цогбаяр у.н

3. Б.Сангисүрэн у.з А.Отгонбаатар а.х

4. Т.Баасанхүү у.н А.Алтанхуяг а.х.а

ЗУРГААГИЙН ДАВАА

1. Б.Батмөнх у.з Т.Баасанхүү у.н

2. Ч.Цогбаяр у.н А.Отгонбаатар а.х

ДОЛООГИЙН ДАВАА

1. Б.Батмөнх у.з /үзүүрлэв / А.Отгонбаатар а.х / түрүүлэв /

Барилдааны дүйз / сумын цолтой болон залуу 128 бөх/

Дөрвийн даваа

1. Х.Энхчулуун с.з ИМХ Л.Маналсүрэн с.з

2. Ж.Бямбадонид с.з ИМХ О.Түмэн с.з Увс

3. С.Төмөрбаатар с.з Д.Баясгалан с.з Таван хан

4. Л.Жамбал с.з Н.Амарсайхан с.з Ховд

5. С.Очирбат с.з Г.Бат-Эрдэнэ

6. Э.Амгаланбаатар с.з Ж.Дүгэрдорж с.з

7. Э.Совджамц с.з Б.Чинбат с.з

8. Д.Цэрэнтогтох с.з Э.Оргилбаатар с.з

Тавын даваа

1. Х.Энхчулуун с.з Э.Совджамц с.з

2. Ж.Бямбадонид с.з С.Очирбат с.з

3. С.Төмөрбаатар с.з С.Оргилбаатар с.з

4. Л.Жамбал с.з Э.Амгаланбаатар с.з

Зургаагийн даваа

1. Х.Энхчулуун с.з Ж.Бямбадонид с.з

2. С.Төмөрбаатар с.з Л.Жамбал с.з

Долоогийн даваа

1. Х.Энхчулуун с.з Өвөрхангай Богд Л.Жамбал с.з Архангай Хотонт

түрүүлэв үзүүрлэв

Оноолт хийсэн: Улсын гарын даа С.Шижирбаатар, Н.Жүгдэн

Categories
ардын-цолтон мэдээ спорт

Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хацу башёд түрүүлснээр Японы эзэн хааны цомыг 33 дахь удаагаа авч түүхэн дээд амжилтын эзэн болов.Ингэж хоёр мянга гаруй жилийн түүхтэй сумогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор дэлхий нийтэд эх орноо сурталчиллаа. Дэлхийн түүхэнд Есүхэйн том хүүгээр Монголыг мэддэг. Одоо болМөнхбатын бага хүүгээр л биднийг мэддэг болж байна гэхэд хилсдэхгүй. Монгол хүний зориг тэвчээр гэж юу байдгийг, юунд хүргэдгийгХакухо М.Даваажаргалын амжилт дэлхий нийтэд харуулсан. Яагаад зориг тэвчээрийн тухай ярьж байна вэ гэхээр сумо бол ерөөсөө л маш өндөр зохион байгуулалттай, хатуу чанга дэглэмтэй спорт. Зүгээр нэг биеэ хөөлгөөд махан бөмбөг болчихсон нөхдийн амжилт гаргах талбар биш. Бэлтгэлийн үеэр тэсвэр тэвчээр алдарсандаа нулимс унагана гэдэг хамгийн энгийн үзэгдэл. Үнэхээр шүд зуун тэвчиж чадсан хүн л сая нэг өндийдөг. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс сумогийн дэвжээг зорин очсон олон аавын хүү тэсэж гарч чадалгүй шантраад нутаг буцдаг. Дэлхийн эрчүүд барилдах нь бүү хэл, сумогийн ертөнцийн босгыг давж чадалгүй гэртээ харьж байхад Хакухо М.Даваажаргал монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг харуулж түүхэн дээд амжилтыг эвдлээ. Монгол хүн ийм байдаг юм гэдгийг дэлхий нийтэд бахархалтайгаар харууллаа.

Яг нэг сарын өмнө сониныхоо томилолтоор Япон руу явж мэргэжлийн сумод барилдаж буй монгол бөхчүүдтэй ярилцлага хийсэн. Тэр үед хамгийн түрүүнд их аварга Хакухотой уулзаж байлаа. “Миягино” дэвжээн дээр бэлтгэлээ хийж байхад нь урьдчилж тохиролгүйгээр шууд яваад очсон хэрэг.Сумочдын бэлтгэл ямар хүнд хэцүү болохыг тэгэхэд ойлгосон юм. Бөхчүүд зурагтаар гардгаас хэд дахин хүнд бэлтгэл хийж байсан.Нус, нулимстайгаа холилдсон бөхчүүдийг хараад “Яаж тэсдэг байна аа” гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Хөх махаа чичигнүүлэн зогсоо бөхчүүдийг харж өрөвдөөд арай л сэмхэн уйлчихаагүй.Манай бөхчүүд, тэр дундаа их аварга Хакухо М.Даваажаргал энэнээс ч хэцүүг даван туулсан болохоор өнөөдөр эх орныхоо нэрийг мандуулж байна. Ярилцлага авахаар дэвжээ рүү нь явж байхад Японы “Сумо” сэтгүүлийн гэрэл зургийн албанд 20 гаруй жил ажилласан В.Даваа ах “Урьдчилж тохироогүй ч гэлээ ярилцлага өгчих байх. Сумочид хар багаасаа зовлон үзсэн байдаг болохоор ямар ч өндөр цолонд хүрсэн элдэв зангүй байдаг юм” гэж хэлж байсан. Нээрээ л их аварга маань энгийн сайхнаар хүлээж авсан даа. Жолооч, туслахууддаа “Манай “Өдрийн сонин”-ыхон хүрээд ирчихэж” гэж хэлээд л. Аварга цаанаа нэг элгэмсүү дотно болохоор нөгөө хэдэн туслах нь ч найр тавиад сүрхий байсан. Ярилцлагынхаа үеэр Тайхо аваргыг нутаглуулсан газарт цэцэг өргөхөөр явсан. Тэр үедээ “Тайхо аварга бол сумогийн ертөнцийн аав минь байгаа юм. Барилдаж байхдаа сумогийн дээд амжилтыг эвдэх үү, эвдвэл хүмүүс юу гэх билээ гэж хааяа боддог. Энэ тухайгаа Тайхо аваргаас асуусан. Тэгсэн “Би болон үе үеийн аваргууд дээд амжилтуудад хүрэхийг мөрөөдөж, зүүдэлж явсан. Харамсалтай нь эвдэж чадаагүй. Рекорд гэдэг бол эвдэгдэх гэж байдаг зүйл. Хэрвээ түүнийг эвдэх боломж байвал өөрийгөө бүрэн дайчлаарай. Боломжийг ашигладаг юм шүү” гэж хэлсэн. Энэ үгэнд нь их баярлаад, ямар ч байсан 32 удаа түрүүлж намайг сумод хөтлөн оруулсан таны ачийг хариулна гэж хэлж байлаа” хэмээн ярьсан. Аварга хэлсэндээ хүрч Тайхо аваргын ачийг хариулсан. 32 удаа түрүүлчихээд зогсож байхад мөрөн дээрээс нь хүнд ачаа аваад хаячихсан мэт сайхан болчихсон гэж ярьж байлаа. Харин “Та 33 удаа түрүүлнэ. Энэхүү дээд амжилтаа тэмдэглэж найр хийх үү” гэж асуухад “Хүүе чи яасан хамаагүй ярьж байх юм. 33 удаа түрүүлнэ гэж айхтар итгэлтэй хэлж байх чинь” гээд баахан инээсэн дээ. Тэгснээ “33 удаа түрүүлбэл найр хийхгүй байх аа. Цаана нь 34 дэх, 35 дахь түрүү байгаа байлгүй дээ. Энэ л миний дээд амжилт гээд найр хийгээд байвал найз нөхөд маань байнга надад бэлэг өгөх хэрэгтэй болно. Мөнгө их орно шүү дээ” гэж хошигносон юм. Бас ярилцлагынхаа төгсгөлд “Чи байнга ирээд байж чадахгүй юм чинь 33 дахь түрүү гээд гарын үгсээ зураад өгчихдөг юм билүү. 33 удаа түрүүлсний дараа үнэд хүрэх байх” гэснээ “За больё. Хацу башё эхлээ ч үгүй байхад дэмий юм болж мэднэ” гээд “Хакухо V32” гэж бичээд дурсгал болгон өгч байсан юм.

Ганцхан сарын өмнө 33 дахь түрүүгээ мөрөөдөн ярьж байсан их аварга маань өнөөдөр магадгүй дахиж хэзээ ч давтагдахгүй байж мэдэх түүхэн амжилтын эзэн болчихлоо. Түрүүлчихээд зогсож байхдаа “Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү” гэж хэлсэн дээ. Тэр үед аваргын ярьж байсан нь бодогдож байв. “Намайг монголчууд япон эхнэртэй болсон гэж нэг хэсэг янз бүрээр л ярьсан. Магадгүй тэр эмэгтэйн хүчээр би өдий зэрэгтэй барилдаж байгаа ч юм билүү. Спортоор амжилт гаргахад сэтгэл санааны тайван байдал нэн чухал” гэж эр нөхрийн хувиар гэргийгээ өмөөрч байлаа. Бас “Би Японы иргэншилтэй болох тухай бодож байсангүй. Аавтай зөвлөсөн юм ч байхгүй. Гэтэл зарим нэг хэвлэлээр намайг бараг л Японы иргэн болчихсон мэт ярьдаг. Тэрийг нь уншихаар гомдмоор. Намайг түлхээд ч байгаа юм шиг санагддаг. Бүр паспортоо гаргаж үзүүлдэг юм билүү ч гэж бодох юм” гэж гомдолтойхон ярьж байсан даа. Харин өнөөдөр аварга маань эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтууллаа. Хэдхэн жилийн өмнө Асашёорюү Д.Дагвадорж монголчуудад сумог жинхэнэ утгаар нь сурталчилж байлаа. Монголчууд төдийгүй арлын улсын ард түмэнд үндэснийх нь спортыг улам сонирхолтой болгож өгсөн. Аварга маань өнөөдөр барилдаж байсан бол Хакухогийн өндөрлөгт хүрнэ гэдгийг бид мэдэж байгаа. Түүхэн амжилтыг эвдэх бүрэн боломж, бололцоо байсан. Гэвч замаасаа харамсалтайгаар буцсан. Харин их аварга Хакухо одоо ухаалаг байх хэрэгтэй. Ах аваргынхаа алдааг давтаж болохгүй. Япон үндэстнийг, сумогийн их ертөнцийг дээд зэргээр хүндэлдэг байх хэрэгтэй.Японд байхад тэдний ганц бахархал нь Хакухо юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Тэр ард түмний хайр, хүндлэлийг дааж явахаа аварга юу юунаас илүүтэй ухамсарладаг байх. Үг хэл, үйл хөдлөлөө хянаж байхын зэрэгцээ хамгийн гол нь барилдаж л баймаар байна. Хакухо М.Даваажаргал барилдаж байна гэдэг дэлхийд Монголын нэр гарч байна гэсэн үг. Япон улсыг мэдэхгүй хүн гэж дэлхийд байхгүй. Энэ улс бол дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон.Япон улс гэхээр ямар ч хүнд сумо төсөөлөгддөг. Сумог мэдэж байгаа хүнд их аварга Хакухо л бодогдож байгаа. Харин Хакухогийн цаана Монгол Улс байгаа юм. Ингэж дэлхий дахинд Монголыг сурталчилж, мандуулсан хүүгээ Монголын төр шагна­маар байна. Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё. Хөдөлмөрийн баатар цолны үнэ цэнэ яг энэ үед л оршино. Яагаад гэвэл монголчуудын ерөнхий үнэ­лэмжийг, Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж байгаа манай суут хүүхдүүдийн манлай нь тэр юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын 3 сая дахь иргэн тодорлоо

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.

Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.

Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах гэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн наадмаас хүчтэй ямар алтан гулдмай гараад ирэв

Саяхан “Жем Интер­нэйшнл” компанийн нэрэмжит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Түрүүлсэн бөх нь 5 000 000, үзүүр бөх нь 2 500 000, шөвгөрснүүд нь 1 000 000 төгрөгийн “бай” шагнал авсан бололтой. Онцлог нь энэ барилдаанд аварга, арслангууд олноороо ирж зодоглов. У/а С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, отгон аварга Н.Батсуурь гэхчлэн цаашилбал гарьд Б.Гончигдамба, у/з Б.Соронзонболд… гээд хуйгаараа барилдацгаалаа. Үүний өмнөхөн болсон шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан барилдаанд хэн нь ч ирээгүй билээ. Үндсэн хуулийн барилдаан бол уг нь хамгийн том нь юм. Монголын төр засаг биечлэн оролцдог, төрт ёсны гэж хэлж болох дөрвөн том барилдаан байдаг. Наадам, Цагаан сар, Тусгаар тогтнолын баяр, шинэ Үндсэн хуулийн баярын барилдаанууд. Албан ёсоор томд тооцогдож, ард түмэн ирж үздэг билээ. Энэ жилийн Үндсэн хуулийн барилдаанд үндсэндээ том цолтой бөхчүүдээс бараг хэн нь ч ирж зодоглосонгүй гэж дээр хэлсэн. Барилдсан бөхчүүдээс хамгийн том цолтой бөх нь Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул улсын заан Д.Баасандорж, Увс аймгийн Улаангом сумын уугуул улсын харцага Ө.Бат-Орших тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Бусад бөхчүүд нь хаачив гэсэн чинь урд хөрш рүү алтан гулдмайн шагналтай барилдаан руу явчихсан байх юм. Бөхчүүд хамгийн ёс заншил ярьдаг, сүсэг бишрэлтэй хүмүүс гэгддэг. Хэрэв тийм их дээдлэх шүтээнтэй, сүсэг бишрэлтэй нь үнэн юм бол тэдний дээдлэх шүтээн нь ард түмний чинь сэтгэл зүрх, Монгол төрийн сүлд хийморь байх ёстой. Ногоон хашчулуу суурин дээр өндөр төрийнхөө сүлдийг дээдлэн байрлуулсан Монгол улсын Ерөнхийлөгчийн тэрхүү сайхан цомыг Ерөнхийлөгч өөрөө гардуулдаг нь бөхчүү­дийн хувьд хамгийн том бишрэл, хийморь лундаа нь бус уу. Тэгсэн тэгдэггүй юм байнаа, 500 граммын алтан гулдмайн сургаар урагшаа явчихдаг юм байна.

Ямар учиртай 500 граммын алтан гулдмай гараад ирэв. Энэ алтан гулдмай ихийг дагуулж мэдэх нь. Лав л Үндсэн хуулийн маань баярын өдрийг тааруулаад, манай бөхчүүдийг соронзон мэт татаад аваад явчихлаа. Бараг бид чинь Бөхийн өргөөндөө баахан сумын заануудын барилдаан үзэх шив дээ. Одоо Цагаан сарын битүүний өдрийг тааруулаад бас нэг алтан гулдмай гаргаж ирж шуугиулаад бөхчүүд явчих юм байна. Цааш нь наадмын өдрүүдийг тааруулаад ахиад нэг алтан гулдмай гарч ирж наадмын талбай хэдэн залуу бөхтэй үлдэх нь. Үндсэн хуулийн баярын үеэр бол хятадууд шилдэг найман бөхөө явуулаач хэмээн нэр цохжээ. Тэр найман бөх нь улсын арслан Н.Батсуурь, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй,Улсын начин Э.Энхбат, Б.Сугаржаргал, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа нарын бөхчүүд. Цагаан сар тааруулаад гулдмайгаа 100 граммаар нэмээд “600 грамм алтан гулдмай шүү, ирээрэй, ирээрэй…” гэж магадгүй нь. Бөхийнхөө тоог наймаар нэмэхэд аварга, арслан, гарьд 16 бөх чихэрт дуртай хүүхэд шиг гүйж очно. Наадмын үеэр дахиад 100 граммаар нэмж даллана. Тэгэхдээ 24 бөхийг дуудна. Монгол бөхийн дэвжээнд ид барилдаж байгаа 24 бөх урд газарт алтан гулдмайн төлөө барилдах нь. Төв цэнгэлдэх үзэх харах бөхгүй суултай биш наадмын комисс нас өндөр болсон аварга, арслангуудаа зодоглуулах байх л даа. Ж.Мөнхбат аварга барууны магнайд, Х.Баянмөнх аварга зүүний магнайд дэвэн дэвсээр гарна. Энэ хоёрыг дагаж Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням… арслангууд гэхээр арай л ахмаддаад байна. Яагаад гэхээр 80 нас хол давсан Х.Эрдэнэ-Очир, Сосорбарам, тэртээх 1950-иад оны үед тэмээ өргөж байсан гэх Жамьяндорж гуай гээд барилдахыг нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд ердийн иргэн би хүртэл шимтэн үзэх юм байна. Монгол бөхийн ирээдүй ийм л чиг хандлага руу, алтан гулдмайнаас өөрийг хардаггүй байдал руу орчихлоо.

Алтан гулдмай авсан бөхтэй хамт очсон бөхчүүдэд 5000 юанийн үнэтэй алтан зоос өгсөн гэнэ лээ. Айхавтар татах хүч шүү. Алтан гулдмай гэж түрүүнээс хойш бичлээ, ингэхэд ямар үнэтэй эд юм бэ. 500 грамм алт чинь 17.7 унци юм. Нэг унци алтны үнэ 1663 ам.доллар байгаа (өчигдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээрх ханш). Энэ тооцоогоор тэр гулдмай 30.000 орчим ам.доллар болж байна. Монгол мөнгөөр бол 58 сая төгрөг юмуудаа. Улсын наадамдаа гайгүй барилдчихвал 570, 200 унадаг болоод байгаа биз дээ. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож байна. Энэ бол бөхчүүдийн хувьд дээд хүндлэл. “…Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг. Цол олгох тухай. Архангай аймгийн Хашаат сумын уугуул, “Ажнай” корпорацийн бөх Чимэдрэгзэнгийн Санжаадамбад Монгол Улсын заан цолыг олгосугай” хэмээн ард түмний өмнө аав ээж, Асралт хайрханыхаа нэрийг дуудуулах шиг гайхамшиг лав л Ч.Санжаадамбад байгаагүй байхаа. Төрөөс өгч буй энэхүү өндөр хишгийн дэргэд алтан гулдмай юу вэ. Ийм өндөрт өргөсөн төрт ёс, хууль цаазны том баяраа орхин Хятад руу бөөгнөлдөөд явчихаж байгааг юу гэж үзэх вэ. Өнөөдөр төр засаг, улс орон маань эдийн засгийн хувьд хүндрэлтэй л байна. Тэгэхдээ бөхчүүдийг барилдуулж, зарим нь баясан цэнгэг, зарим нь хэдэн төгрөг олог гэж л төрөөс Шинэ Үндсэн хуулийн баярын барилдаанаа хийсэн. Гэвч аварга арслангууд нь тоож ирсэнгүй. Ийм тохиолдолд төрөөс зарлигаар цол хүртсэн бөхчүүдийг төрөө хуурлаа гэж үзэх ёстой. Тэдний зүгээс ёс суртахуунгүй байвал, цааш даамжирвал Төрийн зүгээс цол олгох шаардлага байна уу. Сүүлийн үед улсын том цолтой бөхчүүд залуу бөхтэйгээ барилдаад дийлэхээ байсан. Улсад түрүүлсэн С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Х.Мөнхбаатар… улсад үзүүрлэсэн Д.Азжаргал, Б.Гончигдамба… эд бүгдээрээ заалны барилдаанд дөрөв давсан уу. Аймгийн арсланг ч дийлэхгүй байцгаана шүү дээ. Хүч чадал, авьяас чадвараараа залуу бөхчүүдээ дийлэхгүй байж улсад түрүүлж, үзүүрлээд байдаг сонин нөхдүүдээс төр өгсөн цолоо эргүүлээд авах хэрэгтэй. Харж байхад аймгийн арслангийн гарыг ч нугалж дийлэхгүй байгаа нөхөд бол Монголын төрийг хуурч байгаа хэрэг гэж бөх сонирхогчид, бөх судлаачид их ярьж, бичих боллоо.

Өнөөдөр Монголын төр бөхийн цолон дээр анхаарах цаг болжээ. Төрөө хүндэтгэхгүй, залуу бөхийн хоёр гараас илүү гарахгүй ширвүүлж байгаа нөхдийг анхааралдаа авч өгсөн цолоо эргүүлж өгөхийг хуульчилж, дүрэмчилье. Бөхийн цолыг хоёр хуваая. Чансаагаараа цааш ахиад явдаг цол, хүндэт цол гэж хуваая. Наадамд түрүүлсний дараа сайн барилдаад байвал чансаа улам өндөрсөж цол ахих.

Categories
мэдээ цаг-үе

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааны хамгийн үнэтэй хөөрөг 300 сая төгрөг

Сар шинийн баярын өмнө­хөн хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Монголын өв соёлыг хадгалах, таниулах, олон нийтэд сурталчлах гүүр болдог үзэсгэлэн худалдаа “Ирэх жилийн өнгө-2015” нэр­тэйгээр Барилгачдын талбайн баруун талд байх “Арт хаус” төвийн гуравдугаар давхарт үргэлжилж байна. “Арт хаус” төв, “Master jewelry”, “Азийн урлаг” галерей, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд арав гаруй аж ахуйн нэгж болон хувь хүн оролцож буй ажээ.

Үзэсгэлэнгийн танхим руу орж явтал өөдөөс зөрөх хоёр залуу “Ёстой нүд сэргэж, сэтгэл сэргэмээр сайхан эд байна. Гурав хоногийн дараа ирээд авбал зарагдчих болов уу яах бол” хэмээн ярилцаж байв. Тэр хоёрын нэг нь хөөрөг авах санаатай бүтэн жил болж байгаа гэнэ. Өмнө нь хөөрөг хэрэглэж байгаагүй болохоор ямар хөөрөг авах вэ гэж эргэлзэж байгаа ажээ. Бас хөөргөө танихгүй учраас чулуу муутай хөөрөг өндөр үнээр авчих вий гэж санаа зовж байсан гэнэ. Харин хуурай ахынхаа зөвлөсний дагуу энэхүү үзэсгэлэн худалдааг хагас жилийн турш хүлээж байгаад иржээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид нь үнэт эдлэлийн мэргэжилтэнгүүд байдаг болохоор сайн чанарын эд зардаг юм байна. Тэдэнтэй ийн ярилцаад дотогш орлоо. Хөл хөдөлгөөн ихтэй, эрчүүд голдуу байв.

Үзэсгэлэнд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам гээд төрөл бүрийн чулуун хөөрөгнүүд тавьжээ. Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, XVIII зууны үед зурсан бурхдын хөрөг, даалин, ээмэг, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа гэхчлэн үндэсний уламжлалт хэрэглээний эд зүйлс байна. Хамгийн эртнийх нь XVIII зууны эхэн үеийн хөөрөг юм билээ. Цаашлаад ХVIII зууны сүүл, XIX зууны эхэн, дунд, сүүлийн үеийнх болоод өнөө үед урласан ховор, нандин хөөрөг ч байсан. Алдар цуутай хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан хөөрөгнөөс Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Ө.Тулгаагийн манан хөөргийг олон хүн сонирхож байв. Сайн чанартайд тооцогдох уг хөөрөг XVIII зууны үеийнх гэсэн. Үнэ нь 80 сая төгрөг. Энэхүү манан хөөрөг үзэсгэлэн, худалдааг сонирхохоор ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Үүх түүхийг нь сонссон хүмүүс гар утсаараа зургийг нь авах ажээ. “Худалдаж авдаггүй юмаа гэхэд хааяа нэг зургийг нь хараад сууж байвал энерги өгнө” гэх юм. Бас 180 сая төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг орж ирсэн хүн бүр сонирхож байсан. Ер нь энд зарж байгаа хөөрөгнөөс хамгийн үнэтэй нь 200-300 сая төгрөгийн үнэтэй. Ингэж үнэлэгдсэн хөөрөгнүүд их гарын хэмжээтэй, чулуу нь нэгдүгээр зэрэглэлийн тунгалаг чанартай, өндөр зэрэглэлийн нарийн хийцтэй, XVIII-XIX зууны үеийнх ажээ. Дээрх үнээс доошлоод 150, 100, 80, 50 саяын сонголт ихтэй хөөрөгнүүд бий. Боломжийн үнэтэй гэвэл 10-15 сая төгрөгийн үнэтэй хөөрөг ч байгаа. Орчин үеийн гайгүй хөөрөг авъя гэвэл гурваас таван сая төгрөгтэй байхад худалдаж авч болохоор юм билээ. Харин эмэгтэйчүүд сүүлийн үед хөөрөг хэрэглэх нь харьцангуй их болсон гэнэ. Эмэгтэйчүүд өвөрмөц тогтоцтой, чамин чулуугаар хийсэн жижигхэн хөөрөг барьдаг ажээ. Шүрэн, чулууны сүүдэр нь шилжиж гүйдэг гартааман хөөргийг бүсгүйчүүд сонгодог юм байна.

Хөөрөгнөөс гадна алт, мөнгөн аяга сонирхож байгаа хүн олон байв. 46 см-ийн диаметртэй, мөнгөөр урласан идээний таваг 40 сая төгрөг гэсэн. Бас 50, 100, 200, 300 граммын хэмжээтэй алтан аягыг үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүс худалдаж авах дуртай байгаа ажээ. Иймэрхүү аяга алтны орц, хийцээсээ хамаараад 5-30 сая төгрөгийн үнэтэй. Мөн “Master je­welry” дарханы газар бүтээсэн мөнгөн эмээл байв. Энэхүү эмээлийг хийхдээ олон жилийн турш үргэлжилсэн судалгааны үндсэн дээр бүтээжээ. Манжийн эзэмшилд орсноос болж монгол эмээлийн хийц өөрчлөгдсөн байсныг 2007 оноос эхлэн өөрчилж, жинхэнэ монгол хийцийн эмээл хийж эхэлсэн байна. Гөлөм, дэвс зэргийг зүү ороодог хатгамлаар хийсэн, Хүннүгийн үеийн хээ дүрслэлээр чимэглэсэн уг эмээлийг 1.6 жилийн турш найман хүний хамтын хөдөлмөрөөр бүтээжээ. Зарж байгаа үнэ нь 200 сая төгрөг гэсэн. Иймэрхүү эмээлийг морь уядаг, моринд хайртай хүмүүсээс гадна үнэт эдлэл сонирхдог, цуглуулдаг, бизнес эрхэлдэг гээд янз бүрийн хүмүүс сонирхдог гэсэн. Зохион байгуулагчид нь “Үзэсгэлэнгийн гол онцлог нь нэгдүгээрт маш өндөр чанартай, нарийн хийц бүхий эдлэл зарж байгаа. Хоёрдугаарт, зах зээлийн бодит үнэлгээтэй. Хүмүүст үнэ хүрэхээргүй зүйлийг их мөнгөөр авчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл эндээс худалдаж авсан зүйл хаана ч очиход худалдаж авсан үнээ барина. Жишээлбэл, таван сая төгрөгийн хөөрөг авлаа гэхэд тодорхой жилийн хугацаанд үнээ барьж чадна. Жилээс жилд үнэ өснө үү гэхээс хямдрахгүй” гэв. Үнэт эдлэл худалдаж авахдаа зөв сонгож чадвал хэдэн жилийн дараа “чулуу” болдог тухай ч ярив. Үзэсгэлэнгийн үеэр дан ганц худалдаа явагдахаас гадна өөрсдөдөө байгаа хөөргийг авч ирж үзүүлээд мэргэжлийн хүмүүсээр нас, чулуу, хийцийг нь тодорхойлуулж болно гэсэн.

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааг сонирхохоор ирсэн хүмүүс зөвхөн худалдан авалт хийхээс гадна хөөрөг болон үнэт эдлэлтэй холбоотой домог, түүх ярилцаж, сонин хачнаа бие биетэйгээ хуваалцаж байв. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын нэг “Азийн урлаг” галерейн захирал А.Алтангэрэлээр Монголд байгаа хамгийн нандин хөөрөгний тухай яриуллаа. Тэрээр хөөрөг болон үнэт эзлэлийн зах зээлтэй холбогдоод 25 жил болж байгаа гэсэн. Тиймээс хэний ямар хөөрөг хэнд, хэзээ, яаж очсоныг өөрийн намтар шигээ мэдэх юм билээ.

Хөөргийг үнэлэхдээ чулуу, чулууны чанар, хийц гэсэн гурван үндсэн шалгуурыг голлодог ажээ. Орчин үед янз бүрийн чулуугаар хөөрөг хийж байгаа ч гэлээ шүр, хаш, мана бол хөөрөгний үндсэн гурван чулуу юм байна. Монголд байгаа хөөрөгнөөс хамгийн ховор, нандин нь “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнийн шүрэн хөөрөг гэсэн. Манайд маш нарийн хийцтэй 20 гаруй шүрэн хөөрөг байдгаас хамгийн оргил бүтээл нь Д.Бат-Эрдэнийнх гэнэ. Уг хөөргийг Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Төв аймгийн Дэлгэрхаан суманд ирж нутагшсан Бор гэж хүн барьдаг байжээ. Их гоё сийлбэртэй, хамгийн том хэмжээтэй их гарын шүрэн хөөрөг гэнэ. Арваад см-ийн өндөртэй. Өмнө нь Нэргүй, Оюун гэж хүний гар дамжаад одоо Д.Бат-Эрдэнэд байгаа юм байна. Манжийн үеийн хааны үйлдвэрт хийсэн, луу толгойтой, үхэр биетэй, бар хөлтэй, олон амьтны дүрслэлийг оруулсан “Аварга” гэж амьтны сийлбэртэй. Толгойн дээрээ номын зурагтай. Ур хийц, чулуугаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уг хөөргийг Д.Бат-Эрдэнэ 1996 онд арван сая төгрөгөөр худалдаж авч байжээ. Харин одоо дэлхийн хэмжээний цуглуулагчид ямар ч үнэ хэлж магадгүй. Зарах дээрээ тулбал нэг тэрбум төгрөг гэж дуугарах наад захын асуудал болжээ.

Бас Завхан аймгийн Алдархаан сумын баян Мангал гэж хүний хөөрөг байдаг. Нэгдэл байгуулагдахад олон мянган мал улсад бэлэглэж байсан хүн. Баян Мангал гэдгээрээ алдартай. 1997 онд түүний хэрэглэж байсан хөөргийг нэгэн бизнесмэн мөн л арваад сая төгрөгөөр худалдаж авчээ. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүнд шүрэн хөөрөг байсан. Цагаан хэрмийн хажуугаар хатан хүн морь уначихсан, хөгжим тоглоод явж байгаа сийлбэртэй. Их гарын хэмжээтэй шүрэн хөөрөг өдгөө “Макс”-ын Д.Ганбаатарт байгаа ажээ. Үнэлбэл дор хаяж 800 сая төгрөг хүрэх юм байна.

“Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Барилгын компаниуд хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгох санал гаргажээ

Сүүлийн таван жилд барилгын ослоор 100 гаруй хүн амиа алдсан гэх баримт байна. Энд тэнд осол гарч, хүн амиа алдлаа гэх мэдээлэл барилгын ид ажлын үеэр буюу дулааны улиралд дуулддаг. Цаашид энэ салбарт хууль эрхзүйн дорвитой өөрчлөлт хийж, хариуцлагын механизмыг нь тодорхой болгохгүй бол хэдэн ч хүн амиа алдаж, хичнээн ч компанийн үйл ажиллагаа доголдож болзошгүй болоод байгаа юм. Барилгын нэг компанийн үйл ажиллагаа зогсоход дунджаар 500 хүн ажилгүй болдог гэсэн судалгаа байдаг. Нэг хүний ард хичнээн ам хоол нэхэн хүлээдэг билээ. Энэ сарын 22-нд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн ноцтой осол гарсан гэх компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ.

Салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн осол гарсан компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг анх удаа хүлээж авсан нь энэ гэнэ. Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг шинэчлэн боловсруулж, өөрчлөхөд эдгээр компанийн саналыгтусгахын тулд ийн цуглуулсан юм байна. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хийх гол ажлуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах явдал. Шинэчлэн боловсруулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдлын журамд та бүхний сургамж, алдаа дутагдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлуудаас санал авч, тусгах саналтай байна” гэж онцолжээ. Яамны зүгээс цаашид барилгын салбарт ажиллаж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, барилгын салбарт эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход онцгой анхаарч ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Уулзалтад оролцогчид одоогийн мөрдөгдөж байгаа журам, хууль эрхзүйн актад зөрчилтэй байгаа зүйлүүд болон өдөр тутамд тулгардаг бэрхшээлүүдийнхээ талаар ний нуугүй ярилцжээ. Дээрх компаниудын зүгээс олон санал хэлж байсан ч бүгд хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгохыг хүсч, хууль тогтоомжиндоо энэ бүхнийг тодорхой тусгахыг санал болгосон байна.

Ийнхүү салбарын сайд нь томоохон сургамж авсан гэх компаниудын төлөөлөлтэй анх удаа нээлттэй ярилцсан нь авууштай юм. Компаниудын хэлж, анхааралдаа авахыг хүссэн хариуцлагын тогтолцоонд хариуцах эзнийг нь тодорхой болгож өгөхийг нь хүссэн нь бүх юмны зангилаа л даа. Ямар нэгэн барилга дээр осол гарахад бүгд л буруутанг нь эрэхдээ нэр нь тод сонсогдож байгаа компаниу руу нь дайрдаг сөрөг хандлага нийгэмд бий болчихсон. Ерөнхий гүйцэтгэгч гэх нэр нь компаниудыг буруутгах үндэс болдог мэт. Ерөнхий гүйцэтгэгч гэдэг бол барилгын суурь, хана, хучилт, араг бүтээц, дээврийн гэх том, бүхэл, ерөнхий ажлыг нь хийдэг. Ингээд бусад ажил болох сантехник, цахилгаан, гадна, дотно заслыг туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэдэг. Ерөнхий гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд дараагийн компанидаа ажлаа хүлээлгэн өгнө. Гэтэл дараагийн гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан ослыг аль хэдийнээ ажлаа гүйцэтгээд өгчихсөн компанид тохож, буруу шийдвэрлэсэн хэд хэдэн жишээ гарсан билээ. Ийм үйлдлээс болоод ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг барилгын томоохон компаниуд хариуцлагын тогтолцоог ойлгомжтой шударга байлгахыг хүсээд байгаа нь энэ юм. 2014 онд нийслэлийн хэмжээнд барилгын хэд хэдэн осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн билээ. Осол гаргасан гэх хэдэн компани байсны нэг нь “Зуншин”. Тус компанийг тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр элдвээр дайрч, ослын буруутан хэмээн зарласан. Ингэж тус компани руу дайрсан нь өөрөө хууль бус үйлдэл л дээ. Хууль хяналтын байгууллагаас буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад мэргэжлийн бус хүмүүс хувийн дүгнэлт гаргаж, олон нийтэд ташаа мэдээлэл цацсан. Гэтэл цагдаа, хууль хяналтын байгууллага “Зуншин” компанийг буруугүй гэдгийг тогтоосон байдаг. Гэсэн ч тус компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлчихсэн байгаа. Үүнээс болоод зөвхөн энэ компани хохироод зогссонгүй олон мянган хүн ажилгүй болж, улсын төсөв ч тодорхой хувиар тасарчихаад байна. “Зуншин” компани ажилгүйдлийг бууруулахад өөрийн бодит хувь нэмрийг оруулж, жилд давхардсан тоогоор 1500-1600 хүнийг ажлын байраар хангадаг бол улсын төсөвт сүүлийн жилүүдэд дунджаар 2-3 тэрбум төгрөгийн татвар төлсөөр иржээ. Ерөөсөө барилгын салбар ч бус манай аль ч салбарт хууль тогтоомж нь алдаа мадагтай, хариуцлагын тогтолцоо нь ойлгомжгүй байдгаас энэ мэт үйлдэл гарсаар байдаг.

“Зуншин” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ч.Оюунбилэгтэй уулзлаа. Тэрээр мөн л хариуцлагын тогтолцоонд эзэн холбогдогчийг нь тодорхой болгохыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнээс зарим зүйлийг тодруулав.

Танай салбарын сайд осол гарсан гэх компаниудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Та тэр уулзалтад оролцов уу. Уг уулзалтад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөллийг уриагүй. Уулзалтаар чухам юу ярив?

-Тухайн салбартаа биечлэн ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүмүүсээс нь санал авъя гэж уг уулзалтыг зохион байгуулсан юм билээ. Үүсч буй бэрхшээл, хууль эрхзүйн талаасаа ямар саад тотгор байна вэ, цаашид яавал осол эндэгдлийг багасгах вэ, энэ бүгдийг хууль эрхзүйн талаас нь өөрчлөлт оруулж зохицуулахад ямар санал байна вэ гэдгийг асуусан.

Уулзалтад оролцсон компаниуд ямар санал гаргаж байв?

-Барилга дээр туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч гэсэн нэр томъёо гарч ирээд байгаа шүү дээ. Гэтэл Барилгын тухай хуулинд ерөнхий гүйцэтгэгч гэсэн нэр томъёо байдаггүй. Барилгын ажил гүйцэтгэгч гэж л байдаг юм. Барилгын ажил гүйцэтгэгч нь дотроо үндсэн ажил гүйцэтгэгч буюу барилгын хана, тааз, дээвэр, үндсэн карказ, шат зэрэг гол араг бүтээцийн ажлыг гүйцэтгэдэг. Бусад сантехник, цахилгаан, гадна дотор заслын ажлууд нь үндсэн ажилд орохгүй нь байна шүү дээ. Тэгэхээр үүнийг туслан гүйцэтгэгчийн л хийдэг ажил юм байна гэж ойлгоод, туслан гүйцэтгэгч гэдэг нэр гаргаад ирсэн. Үндсэндээ бол үндсэн ажил гүйцэтгэхээс гадна тэр барилга дээр ажиллаж байгаа бусад компаниуд ч тэр ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөхийн төлөө оролцдог. Барилгын тухай хуулинд “Барилгын ажил гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаа бүрэн хариуцаж ажиллана” гэсэн заалт байдаг. Энэ нь барилгын үйлдвэрлэлд оролцож байгаа бүх гүйцэтгэгч нарт хамаарах ёстой байтал “ерөнхий гүйцэтгэгч” гэсэн хуулинд байхгүй нэр томъёо зүүн үндсэн ажил гүйцэтгэгч компанидбүх хариуцлагыг үүрүүлж, бүгд л ерөнхий гүйцэтгэгч буруутай мэтээр ярьцгаадаг. Үнэндээ юунаас болж хэрэг гарав гэдэг дээр баттай мэдээлэл, хууль хяналтын байгууллагын буруутай этгээдийг тогтоосон шийдвэр гараагүй байхад ямар ч ул үндэслэлгүй буруутгадаг. Манай дээр яг ийм асуудал гарсан.

Танай дээр хоёр асуудал яригдсан?

-Өнгөрсөн жил “Макс”-ын барилга дээр осол гарсан. Манайх үндсэн ажлаа буюу цутгалт, хана, дээврээ гүйцэтгээд 2013 оны аравдугаар сарын 2-нд барилгын талбайгаа хүлээлгээд өгчихсөн байтал дараа жилийнх нэгдүгээр сард гадна заслынх нь ажлыг хийж байсан компанийн гаргасан ослыг л манай компани дээр ерөнхий гүйцэтгэгч гэдэг нэр зүүгээд тохчихсон. Тэгээд манай компанийг хэвлэл мэдээллээр буруутгаад байсан. Уг хэргийг манайд ямар ч хамааралгүй гэдгийг хуулийн байгууллага нь тогтоочихсон.Хамааралгүй гэдэг нь тогтоогдоод хэрэг нь аль хэдийнэ шийдэгдээд өнгөрчихсөн асуудал. Дараагийн осол нь гадна заслын ажил гүйцэтгэж байсан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас болж гарсан. Тэр компанийн гаргасан ослыг мөн л манай компанид хамаатуулаад буруутгасан. Ингэж яригдсаар байгаад эцэст нь юу болов гэхээр манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлчихсэн, бүтэн гурван сараар. Манай компани асар их хохирол амсч байгаа юм. Хуулиараа бол манайх тийм үүрэг хариуцлагыг хүлээх ёсгүй. Манайх үндсэн ажлаа хийсэн. Бусад ажлыг хийж байгаа тэр компаниуд ч хуулийн этгээд. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Ажил олгогч эзэд нь ажилчдынхаа болон тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэж заасан байдаг. Ийм заалт байсаар байтал яагаад үүргээ биелүүлээгүй юм бэ. Тэр үүрэг, хариуцлагыг нь тус тусад нь тогтоох байтал яагаад манай компанийг ерөнхий гүйцэтгэгч гээд үүрүүлээд байгаа юм. Энэ тал дээр ерөнхийдөө санал гарсан л даа. Тус бүртээ, компани бүр хариуцлага үүрэх ёстой гэдэг хариуцлагын тогтолцооны талаар оруулж өгөх нь зөв юм. Үүнийг тодорхой болгож өгөх ёстой юм байна гэдэг дээр олон санал гарсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд гэж хүмүүс байна. Барилга дээр осол гарахаар л энэ хүмүүс дуудагдаж, хэрэгт татагдаж, хэрэг үүрдэг. Тэгсэн мөртлөө энэ хүмүүст тухайн талбай дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад хариуцлага тооцох эрх байдаггүй. Хатуухан хэлэхэд торгуулийн арга хэмжээ авч, ажлаас хөөх эрх байхгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд барилга дээр ажиллаж байгаа ажилчдад шаардлага тавихаар шаардлагыг нь хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэх нийтлэг дутагдал байсан гэв үү?

-Шаардлагыг биелүүлдэггүй. Шаардлагаа биелүүлэхийн тулд бид ажилчдад тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлэх ёстой болно доо, тэгтэл тийм хариуцлага үүрүүлэх эрх нь бидэнд байдаггүй. Хуулинд ёсыг нь бодоод “Онц ноцтой нөхцөлд ажлыг зогсооно” гэсэн мөр оруулаад өгсөн боловч тэр эрх нь бидэнд байдаггүй. Онц ноцтой нөхцөлд гэж байгаа боловч энгийн үед гардаг жижиг алдаа дутагдал болгонд, ажилчин бүр дээр очиж шаардлага тавьж “Та барилгын талбайгаас гар, яв” гээд хөөчих эрх нь бидэнд байдаггүй юм. Хариуцлага үүрүүлэх эрх нь бидэнд байхгүй байтал бидэнд баахан үүрэг хариуцлага тогтоогоод ажилчин бүрийг сахиж зогсч байх ёстой мэтээр ойлгодог.

Орон сууцны бүхэл бүтэн цогцолбор барилаа гэхэд тэнд 1500 гаруй хүн ажиллана. Сүүлд осол гарсан орон сууцны барилга дээр 370 хүн нэг удаагийн ээлжинд ажиллаж байсан байдаг юм. Тэр олон зуун хүнийг ганцхан ХАБЭА-н ажилтан нэг бүрчлэн дагаад явна гэж байхгүй. Тэгэхийнхээ оронд тэр бүхэнд хяналт тавиад хэн зөрчил гаргаж байгаад нь хариуцлага тооцоод явах юм бол хувь хүн “Би өнөөдөр ийм хариуцлагатай юм байна шүү. Би энэ хариуцлагаа биелүүлж чадаагүй болохоор ажлаасаа халагдлаа, торгууль хүлээлээ” гэж ухамсарлах болно. Ийм хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсноос энэ ажил хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Энэ талаар уулзалтад ирсэн мэргэжилтнүүд асуудал дэвшүүлж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгохыг хүссэн. Мөн хөдөлмөр хамгааллын зардлын асуудлыг хөндсөн. Захиалагч тал нь барилга бариулах гээд мөнгөө өгсөн л бол боллоо гээд хаячихдаг. Гэтэл хуулинд “Захиалагч тал нь хөдөлмөр хамгааллын зардлыг нэгээс доошгүй хувиар гаргаж өгнө” гээд заачихсан байдаг. Гаргаж өгсөн хөрөнгийг нь гүйцэтгэж байгаа байгууллага нь хөдөлмөр хамгаалалдаа зөв зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тэгтэл уулзалтын үеэр нэгэн захиалагч компани “Бид мөнгөө л өгсөн бол болоо биш үү. Хариуцлага үүрэх ямар үүрэгтэй юм” гэж ярьж байна лээ. Үгүй юм аа, шат шатандаа хариуцлага үүрэх ёстой. Гүйцэтгэж байгаа компани, ажилчдаа ахалж байгаа бригад, хэсгийн дарга, хувь хүн өөрөө ч хариуцлага үүрэх ёстой. Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байж чадах юм бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой л байхгүй юу.

Барилга, хот байгуулалтын яамнаас цаашид энэ талаар хэрхэн анхаарч яаж ажиллана гэж байна вэ?

-Хуулинд өөрчлөлт оруулахад бидэнд асар их бэрхшээл тохиолдоно. Яагаад гэвэл аливаа хуулиуд хоорондоо зөрчилдөх асуудал гардаг. Гэхдээ бид хариуцлагын тогтолцоог нь тодорхойг болгож өгье, хөдөлмөр хамгаалалд байх ёстой зардлыг нь заавал гаргаж өгдөг, хэрэгжүүлдэг тогтолцоог нь бий болгож өгье, журмандаа тусгаж өгье гэдгээ сайд маань хэлсэн. Уулзалтын үеэр гарсан хамгийн гол санал бол ерөнхий болон туслан гүйцэтгэгч буюу тухайн барилгад оролцож байгаа бүх хүмүүсийн хариуцлагыг шат шатанд нь тодорхой болгож өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг заавал хэрэгжүүлэх механизмыг нь бий болгох. Ийм хоёр саналыг манай компани ч тэр, бусад компаниуд ч тэр тавьсан. Манай “Зуншин” компани “Бид барилгын салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байна” гэсэн уриатай. Бид энэхүү уриагаа биелүүлж, хэрэгжүүлэхийн тулд бүхий л үйл ажиллагаандаа анхаарч ажилладаг гэдгээ энэ дашрамд уламжилъя гэлээ.

Ямартай ч шил шилээ даран гардаг барилгын ослыг бууруулах, багасгах тал дээр яам, хувийн компаниуд ийн хамтарч ажиллахаар болж байгаа нь зүйтэй. Хэрэв салбарт нь ажиллаж зовлон жаргал бүхнийг нь амсч яваа компаниудынхаа гаргаж буй саналыг төр засаг нь анхааралдаа авч, хууль эрхзүйн орчныг нь сайжруулаад өгчихвөл барилгын осол мэдэгдэхүйц буурах нь лавтай. Энэ бүхэн эцсийн эцэст хүний алтан амьтай холбоотой асуудал шүү дээ. Хувь ажилтан хүний өөрөөс нь гол нь шалтгаална гэдгийг дор бүрнээ өдөр болгон санаж ажиллах ёстой.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Буруу эргэлт буюу зөн совин

“Шинэ үе” продакшны хамт олон өнгөрсөн жилээс “азгүйтэж” эхэлсэн. Хамтлагийн гишүүдтэй нь холбоотой дуулиан шуугиан, хэл амтасраагүй. Хийж бүтээж, гэрэлтэж яваа залуусаар хүрээлэгдсэн атлаа энэ хамтлаг нэг л ёозгүй байх болсон. Тус продакшны бие дааж гаргасан анхны кино байдаг. “Буруу эргэлт” гэсэннэртэй.Тус кинонд дөрвөн найзын тухай гардаг бөгөөд тэдгээр залуус буруу зүйл рүү санамсаргүйгээр орж тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаагаар үйл явдал өрнөдөг. Яг л энэ кино шиг “Шинэ үе”-ийнхэнч буруу зүйл рүү орчихоод тэр эргэлтээсээ гарч чадахгүй байгаа юм шиг санагдах болов. Тэд энэ эргэлтээс гарахын тулдюугаа золиосолж цаашбас ямар эрсдэл хүлээх ёстой юм бол. Жил гаруйн өмнө янз бүрийн асуудалд орооцолдож, хамтлагийнхан тархай бутархай байдалтай байгаа тухай мэдээлэл нь цахим ертөнцөөр гарах болсон. Үүний дараахан аялан тоглолтоор явж байхдаа тус хамтлагийн эмэгтэй жүжигчид бие бие рүүгээ халуун ус цацалцсан гэх хэрэг гарч багагүй хэл амны бай болсон. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө продакшны хамт олон ӨМӨЗО-нд аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд орсон харамсалтай мэдээ ирэв. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амиа алдсан бол А.Энхжин, Р.Алтансүх нар гэмтэл авчээ. Талийгаачийн цогцсыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор авчирсан байна. Талийгаачийг сүүлчийн замд нь маргааш үдэхээр болжээ. Энэ харуусал дагуулсан эмгэнэлтэй мэдээголон хүн сонсоод “Шинэ үе”-ийнхэн чинь юу болчихоо вэ гэж халаглаж байна. Цэл залуухан идхийж бүтээх насандаа амиа алдсан Т.Билгүүний араас харамсаад баршгүй нь. Олон хүн энэ тухай цахим ертөнцөд жиргэж, талийгаачийн араас буян ном хуруулж, зул өргөх тухай ярилцаж, өдөр судар товложбайна. Баруун дөрвөн замд байрладаг Үйлдвэрчний соёлын төв ордонд талийгаачтай салах ёс хийнэ. Гэмтсэн А.Энхжин, Р.Алтансүх нарыг удахгүй Хөх хотын эмнэлэг рүү шилжүүлж эмчлүүлэхээр болсонгэнэ. “Шинэ үе” продакшны жүжигчид Улаанбаатарт иржээ.

Тус хамтлагийн жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг цахим ертөнцөд дэлгэж, харууслаа илэрхийлсэн байна. Тэрбээр талийгаачтай хамт байсан сүүлчийн хормынхоо талаар ийн бичжээ. Ахыгаа маш ихсанаж байна. Бүх зүйл нүдэн дээр болж, ахыгаа хүний нутагт өвөр дээрээ хэвтүүлж байгаад алдсан ч одоо болтол итгэхгүй байна. Утас дуугарахаар ах залгаж байгаа юм шиг, булан тойрохоор урдаас гараад ирэх юм шиг… Энэ өмнөх орой нь авахуулсан бид хоёрын хамгийн сүүлчийн зураг.ҮүнийгБилгүүн ах facebook-т тавина гээд л, би яахын гэхэд тэгвэл устгахгүй, тавихгүй алдаж болохгүй гээл инээгээд байж байсан. Арай ч дээ ийм хатуу байх юм уу.Билгүүн ахын хуурамч facebook нээж “Би амьд” гээдбичээдбайгаа хүмүүс арай ч дээ… Амьддаа бие биенээ амжиж хайрлацгаая. Миний ах арай эрт бурхны орон руу явлаа даа. Дүү нь тан шиг сайн уран бүтээлч болохыг хичээх болно…” хэмээжээ.

Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Т.Билгүүн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин болсон байна. Анх тайзан дээр гарсныхаа дараа “Би ч жүжигчин болох болоогүй юм байна даа” гэж байжээ. Хошин шогийн тоглолттой байж, хүмүүст тэвэр тэврээр инээд бэлэглэдэг ч гэлээ тэрбээр өнгөрсөн жил “Намайг хүмүүс хошин шогийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна” хэмээн даруухан “загнаж” байсан аж.

Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино. Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөнтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй нэлээд төстэй ч байжболох талаарүеийнхэн нь ярьж байна. Хөгжилтэй нэгэн ч дэггүйтэж, буруу зүйл хүнд хийж яваагүй цайлган нэгэн байсан тухай найзууд нь дурсчээ.

“Буруу эргэлт” кино нь дөрвөн залуугийн нөхөрлөлөөр эхэлж эцэст нь буруу зүйлтэй хутгалдаж, тэр эргэлтээсээгарч чадахгүй байсаар амиа алдаж буйтухай өгүүлдэг. Харин ганцхан Т.Билгүүний дүр тэр кинон дээрээ амьд үлддэг. Тэгвэл саяхан youtube-т “Гэгээн домог”,”Шинэ үе” Т.Билгүүн гэсэн хошигнол байхыг олж үзлээ. Үүн дээр “Чи минь сонсооч…” гээд дуучин Болдын дууг дуурайж дуулж буй бололтой. Автозамын голд төгөлдөр хуур даран дуулж байх аж. Тэгж байтал нэгэн цагаан өнгийн жижиг ачааны машинхурдтай ирээд түүнийг төгөлдөр хууртай нь хамаад аваад явчихаж байгаа харагдав. Кадр солигдсоны дараа тэрбээр зүүж байсан нарны шилнийх нь нэг тал байхгүй “…Ийм болохоор чамдаа хайртай. Илүү зүйл хэрэггүй” хэмээн дуулах аж. Энэ бол түүний цагаахан хошигнол байсан байх. Гэвч магадгүй үхлээ зөгнөсөн ч юм билүү гэсэн бодол төрж буй юм. Тэр бичлэг саяхных гэдэг нь дамжиггүй. Уран бүтээлчид ер нь үхлийг зөгнөсөн байдаг нь тэдний бүтээл туувил, яруу найргаас нь тод мэдрэгддэг. Уншигч та санаж байгаа бол Б.Есүгэн охины тухай энд өгүүлье.

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Тэмүүлэл” ХК-ийн барилга дээрээс өргөгч кран унаснаас болж 12-хон настай Есүгэн охины дээр унаж, түүний алтан амийг авч одсон. Тэрээр өөрийнхөө үхлийг харамсалтай хэрэг явдал болохоос өмнө зөгнөж байсан мэт “хэрвээ би насан эцэслэвэл тэнгэр дэх сахиусан тэнгэр болно” хэмээн дэвтэртээ тэмдэглэн бичиж байсан байдаг. Талийгаач охины бичсэн шүлгүүд хэн хүнд нэгийг бодогдуулж, үнэндээ түүний гар, сэтгэл оюунаар тэрлэгдсэн шүлэг нь охиныг авьяасын охь ундарга байсныг баталж өгсөн юм.

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байсан гэдэг. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзсэн байдаг. Харин түүнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сүүлийн үед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бүтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан гэдэг. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унаснаас яг арав хоногийн дараа нас барсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.

Энэ асуултанд янз бүрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн гурван зуун хүний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хүний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хүний нэг нь энэ тухай ярихаас ч эмээж цэрвэдэг бөгөөд муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэдгээ хэлжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцүү. Гэхдээ хүнд зургаа дахь мэдрэхүй нь эртнээс бийгэдгийг бид ч, эрдэмтэд ч баталдаг. Yүнийг эрдэмтэд зөн совин хэмээн хэлж заншиж ирсэн байх магадлалтай байдаг. Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон байсан байх.

Yхлээ харсан байдаг зарим авьяастны талаар эрдэмтэд тайлбар хийхдээ хүний эмзэг сэтгэлтэй холбоотой гэсэн байдаг. Насанд хүрсэн ямар ч хүн аз жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айдаг байна. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг муу совинд хүн амархан итгэдэг гэнэ. Австрийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд утсаар ярихаас үхтлээ айдаг байжээ. “Утасны цаанаас хүн дуугарах нь шөнийн харанхуйд сүнс амилах шиг болж муу ёр дууддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зүйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хүнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хүмүүст ч бас зөв совин байдгийг мартаж болохгүй юм. Мэдээж өөрийн үхлээ зөгнөсөняруу найрагчид бол олон байдаг. Пастернакийн яруу найрагч, зохиолчдод “Өөрийн үхлээ зөгнөж бүү бич” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Тийм ч учраас үг амьтай гэдэг. Хүний сэтгэлээс гарч буй учир тэр үг бас зөн совинтой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Дээрх алдар цуутнууд шиг Т.Билгүүн ч тэр цагаахан хошигнолоороо бас үхлийг зөгнөсөн нь бидэнд баримтболж үлдсэн байж мэднэ. Хүн төрөлхтөнд угаасаа ёр бэлгэ гэж байсаар ирснийг дээрх жишээнүүд бэлхнээ нотлох биз ээ.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлжээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар албаныхан мэдээлж байна. Энэ талаар Үндэсний статистикийн хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох хүмүүс гурван сая дахь иргэн мэндэлсэн талаарх мэдээллийг хүлээн авсан бөгөөд өнөөдөр энэ мэдээллийг зарлах ажээ. Хүүхдийн төлөө үндэсний төвийн хэлтсийн дарга Н.Оюунчимэг “Гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар мэдээлэл бидэнд ирсэн. Албан ёсны мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч хийнэ. Өнөөдөр Төрийн ордны V давхарт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн нь үүнтэй холбоотой байх. Ямартай ч гурван сая дахь иргэн төрснийг зарлах ч хаана, хэнийх гэдэг айлд мэндэлсэн хүүхэд вэ гэдгийг 10 гаруй хоногийн дараа зарлана гэсэн мэдээ байна” гэлээ.

Үндэсний статистикийн хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох хүмүүс Ерөнхийлөгчтэй яг одоо уулзаж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт орон даяар шууд зарлах ажээ. Шууд дамжуулалтыг МҮОНТ-ээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв 2015” Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас Мишээл экспо төвд болно. 2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно. Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцасаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм.

Төвийн зургаан дүүрэгт дараахь байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа болж байна.

  1. Баянзүрх “Скай” их дэлгүүрийн гадна талбай
  2. Бөхийн өргөөний гадна талбай
  3. “Тэнгэр” бөөний худалдааны төв
  4. Сүхбаатар Цэрэндоржийн гудамж гадна талбай
  5. Чингэлтэй Тусгаар тогтнолын талбай
  6. Урт цагааны зүүн тал гадна талбай
  7. Баянгол “Leon tower”
  8. Хан-Уул “Скай трейдинг”
  9. Номингийн бөөний худалдааны төвийн дотор
  10. Home плазагийн дотор талбай
  11. “Номин Их дэлгүүр”
  12. Сонгинохайрхан “Silver” худалдааны төвийн дотор талбай
  13. “Сувдан төв”-ийн дотор талбай