Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамба: Гурван сая дахь иргэн маань айлын ууган охин

Өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор мэдэгдсэн билээ. Үүний дараа гурван сая дахь иргэнтэй холбоотой асуудлаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын гурван сая дахь иргэн хэзээ, хаана мэндэлсэн бэ? -Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө 8:27 минутад эх орондоо мэндэлсэн байгаа. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Гурван сая дахь иргэн маань Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нэгдсэн эмнэлэгт төрсөн. 3.5 килограмм жинтэй, 50 см урттай охин байгаа.

-Айлын хэд дэх хүүхэд юм бол оо?

-Энэ төрөлт бол тухайн гэр бүлийн анхны төрөлт байсан. Өөрөөр хэлбэл, гурван сая дахь иргэн маань эх орондоо айлын ууган охин болж мэндэлсэн.

-Гурван сая дахь иргэнтэй чацуутан хэд байгаа вэ?

-Тухайн өдөр 181 иргэн мэндэлсэн. Үүнээс гурван иргэн хилийн чинадад, бусад хүүхдүүд нь эх орондоо мэндэлсэн байгаа.

-Гурван сая дахь иргэндээ улсаас үзүүлэх дэмжлэг, тусламж үйлчилгээг яаж хүргэх вэ? -Өнөөдөр үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Энэ хуралдаанаар гурван сая дахь иргэн болон энэ өдөр мэндэлсэн чацуутнуудтай холбоотой Засгийн газрын өмнөх хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлийн тодорхой ажлууд яригдана. Тэгэхээр тодорхой болох байх.

-Нийслэл болон хөдөө орон нутагт хэдэн хүүхэд төрсөн талаар мэдээлэл байгаа юу?

-Яг одоогоор тэр нарийн тоо нь алга байна.

Categories
мэдээ нийгэм

Харүмафүжи II амаржих газарт бүрэн тоноглолтой автомашин бэлэглэлээ

Харүмафүжи Д.Бямбадорж Нийслэлийн II амаржих газарт бүрэн тоноглолтой автомашиныг өчигдөр хүлээлгэн өглөө. Түүний Японоос авчирсан автомашин хүчилтөрөгчийн болон даралтын аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг жирэмсэн эхэд яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгсэлтэй юм байна. Тус амаржих газар 75 ортой ч өдгөө 130 эх хэвтэж байгаа аж. Мөн хоногт дунджаар 30 эх амарждаг байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар Сар шинийн баярын өмнөх замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор улсын дугаарын тэгш, сондгойн түр зохицуулалт хийхээр болжээ. Тодруулбал, томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Дугаарын хязгаарлалт энэ сарын 31-ны бямба гаригаас эхлэх юм. Мөн сар шинийн өмнөх өдрүүдэд Хүчит шонхор худалдааны төвийн орчим замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас Хүчит шонхор захын зүүн урд уулзвараас хойш 300 метрт нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн импортыг цуцалсангүй

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж тариаланчдын агуулахад хадгалагдаж байгаа 40 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 31.5 мянган тн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийхээр болсон. Тэгвэл ХХААЯ, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбоодын хамтарсан ажлын хэсэг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зургаан байршилд хадгалагдаж байгаа 31.5 мянган тн улаанбуудайнд хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын дүнгээр уг улаанбуудайн 84 хувь нь стандартын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь шаардлага хангаагүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна.

Харин тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тн улаанбуудай хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Энэхүү 40 улаанбуудайг Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос одоо хүртэл борлогдоогүй байгаа хэмээн өргөх бичиг ХХААЯ-д хүргүүлсэн юм. ХХААЯ-наас энэ сарын 19-ний өдөр албан тоотоор тус холбоонд 40 мянган тн улаанбуудайн байршлыг тодорхой ирүүлэхийг хүссэн ч одоогоор хариу ирүүлээгүй байгаа аж. Тиймээс ХХААЯ-ны зүгээс импортлох 20 мянган тн улаанбуудайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй хэмээн үзжээ.

Categories
мэдээ спорт

Крис Лавсон: Би багийнхаа лидер нь

Монголын Үндэсний саг­сан бөмбөгийн холбооны Супер лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тог­­лолтууд ид явагдаж байгаа билээ. Супер лигийн тэмцээн гурав дахь жилдээ амжилттай явагдаж байгаа бол гурав дахь жилдээ лигийн тэмцээнд оролцож буйСентоза арслангуудбагийн тамирчин Крис Лавсонтой ярилцлаа. Түүний хувьд сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тамир­чин болсон төдийгүйЛувсанхэмээн монгол нэрийг сагсан бөмбөгийн хорхойтнууд өгчихөөд байгаа билээ.

Крис Лавсон та Монголд гурван жил дараалан ирлээ. Супер лигийн тэмцээнд анх ирэхэд ямар санагдаж байсан бэ. Гурван жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн байна?

-Анх Монголд ирээд лигийн тэмцээнд оролцож байхад өрсөлдөөн тийм ч ширүүн бай­гаагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрчлөлт гарах байх гэж бодож байлаа. Супер лигийн тэмцээн хоёр дахь жилдээ багууд болон тоглогчид сайжирсан. Харин энэ жил лигт тоглох багуудын тоо нэмэгдсэн тамирчдын ур чадвар илт дээшилсэн байна лээ. Супер лиг чинь сагсан бөмбөгийн ширүүн тулааны талбар болчихоод байгаа юм биш үү. Энэ жилийн лигийн тэмцээнд гадна дотнын тамирчдын ур чадвар илт дээшилсэн нь харагдаж байна. Легионер тамирчид гэхэд АНУ-д сагсан бөмбөгөөрөө алдартай сургуулиудын шигшээ багт тоглож байсан тамирчид иржээ. Шилдэг легионер тамирчид ирснээр гал гарсан өрсөлдөөн дундаас Монголын сагсчдын ур чадвар улам сайжирч байгааг хэлмээр байна.

Таны хувьд анх Хүлэгүү­дээс гараагаа эхэлж, Гурван тамираар дамжин энэ жил Сентоза арслангууд багт хүчин зүтгэж байна. Танай багийн давуу тал болон сул тал нь юу байна. Танай баг сайн тоглож байгаа хэдий ч сүүлчийн 1-2 минутад алдаа гарган хожигдчихоод байгаа нь харагдсан

-Манай багийн давуу тал мэдээж залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн болохоор хурдаараа аль ч багаас илүү байна уу гэхээс дутаж байгаа зүйл байхгүй. Залуу тамирчид их байгаа болохоор сурахыг эрмэлзэж, хичээж байгаа баг. Манай багийнхан намайг багийнхаа лидер гэдгийг ерөн­хийдөө хүлээн зөвшөөрсөн. Багийн сул талын тухайд гэвэл залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлсэн болохоор туршлага дутсан алдаануудыг тоглолтын сүүлчийн хормуудад гаргаад байгаа л даа. Гаргаж боломгүй алдаа гаргаад байгаа болохоор тоглолтын сүүлчийн мөчид 1-2 оноогоор хожигдоод байгаа. Зарим тоглолтод 5-8 онооны илүү явж байгаад энэ мэт жижиг алдаанаас болоод хэд хэдэн тоглолтод хожигдол хүлээсэн. Сентоза арслангууд баг ноднин лигт Говь-Алтай МонТорх нэрээр орохдоо нэг хожил л авсан юм билээ. Бусад тоглолтод хожигдохдоо 20-30 оноогоор хожигдож байсан. Энэ жил манай багт ахиц гарсныг дурдмаар байна. Манай багийн тамирчид маш дайчин тоглож, хэнээс ч эмээлгүй өөрсдийн чадах бүхнээ дайчилж байгаа. Ахиц гарсан гэдэг нь манай баг сайн сайн багуудыг буулган авч чадна гэдгээ харуулсан. Манай багийг басах хэрэггүй. Бидэнд хангалттай нөөц боломж бий.

Крис энэ жил нэлээд жин хаяад иржээ. Жин багассан ч гэсэн хүчний тоглолт хэвээ­рээ байна шүү. Хүчний тоглолтод жин багатай байх нөлөөлж байна уу?

-Миний хувьд ноднин жин нэлээд нэмсэн байсан минь үнэн. Би хэд хэдэн орны лигт тоглох санал тавьсан ч хүнд жинтэй байна гэсэн учраас татгалзсан хариу ирүүлсэн. Тэгээд ч би мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор биеийн хөгжилдөө анхаарал тавих ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьж өнгөрсөн зун тасралтгүй бэлтгэл хийж жингээ хасан, хүчний бэлтгэл хийсэн. Жин багаслаа гээд тоглолтод сөр­гөөр нөлөөлж байгаа зүйл алга. Харин ч хурд маань өмнөхөөсөө нэмэгдсэн.

Таны өндөр жин, хэд байгаа вэ. Таныг талбай дээр харахад тийм ч өндөр харагд­даггүй. Өндөр тамирч­дын эсрэг хүчний тоглолт хийж тэр дундаа довтолгоогоо оноо болгож чадаж байгаа давуу тал юу вэ?

-Миний жин 106 кг, өндөр 192 см. Өндөр тамирчдын эсрэг довтолно гэдэг миний хувьд тийм ч хүндрэлтэй зүйл биш. Би коллеж, их сургуульд байхдаа янз бүрийн өндөр тамирчдын эсрэг тоглож байсан. Мөн Монголоос гадна гадны хэд хэдэн оронд тоглож байхдаа өндөр хүмүүстэй таарч байсан. Өрсөлдөгч тамирчин өндөр, би намхан байна гэдэг надад бол асуудал огт биш. Харин яаж эднээс илүү ухаалаг тоглох вэ, би довтолгоо хийх боломжгүй үед багийнхаа шидэх боломжтой тамирчныг яаж чөлөөлөх вэ гэдэг дээр л анхаардаг. Би сагсан бөмбөгийг тоглоод сурчихсан болохоор ямар ч хурд, хүчтэй тамирчин байсан хүнд нь тааруулаад тоглочихдог.

Та сагсан бөмбөгийн гараа­гаа хаанаас эхэлж бай­сан бэ. Ямар ямар багуудад хүчин зүтгэж байсан бол?

-Би 15 нас хүртлээ саг­сан бөмбөг тоглоогүй. Харин сагсны оронд талбайн тенни­сээр хичээллэдэг байлаа. 15 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхлэхэд ойр дотнын хүмүүс маань “Крис чи теннисээс илүү сагсан бөмбөгт авьяастай юм байна. Сагсаар хичээллэ” гэж хэлсэн. Тэгээд ч миний гаргасан амжилт теннисээсээ илүү болж эхэлсэн л дээ. Ингэж л би сагсан бөмбөгт орсон хүн байгаа юм. Мэргэжлийн сагсан бөмбөгийн хувьд би Мексикт нэг жил тоглоод Хятадад хоёр жил тоглосон. Одоо харин Монголд гурав дахь жилдээ тоглож байна.

Одоо та хэдэн настай вэ?

-Би 31 настай.

Манай тамирчдаас ямар тамирчдыг үнэлдэг вэ. Ур чадвар өндөртэй ямар тамирчид байгаа гэж харж байна?

-Мэдээж Т.Санчир байна. “Танан гарьд”-ын Ц.Азбаяр, О.Ууганбаяр нар сайн тоглож байгаа. “СБЛ Хасын хүлэгүүд”-ийн холбон тоглогч О.Сэргэлэн, манай багийн Тамжид нарын ур чадвар илт дээшилж байгаа.

Монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?

-Би хуушуур идэх дуртай. Хуушуур идэх чинь гоё шүү дээ.

Та өвлийн энэ хүйтэнд нимгэн хувцастай явж байх юм. Даарахгүй байна уу?

-Би Чикагод төрж, өссөн. Монголын хүйтэн Чикагогийн өвөлтэй харьцуулахад тийм ч хүйтэн биш. Чикагод маш их цас орж, цасан шуургатай байдаг. Чийглэг хүйтэн салхи улам л хэцүү байдал бий болгодог. Манай нутагт ажилдаа явж чадахааргүйгээр хүйтэрдэг. Тийм болохоор Монголын хүйтэн надад хүндрэлтэй биш ээ. Би даарахгүй байна.

Крис чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна?

-Зундаа би Америкт бай­даг. Тиймээс хүүхэддээ л цаг зав гаргахыг хичээдэг. Зуны улиралд өндөр эрчимтэй бэлт­гэл хийж 3-4 цаг хүчний бэлтгэл хийдэг юм. Үдээс хойш сагсан бөмбөг тоглох, зааланд орж бөмбөг шиддэг. Монголд бол өглөө Орчлон сургуулийн заа­ланд очиж бэлтгэл хийдэг.

Зуны дэлгэр цагт Монголд байж үзсэн үү. Анх Монгол Улсад ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Одоо Монголын талаар юу хэлэх вэ?

-Гурван жилийн өмнө анх ирэхдээ яг үнэнийг хэлэхэд айж байсан. Айхтай зэрэгцэн гайхшрал төрж байлаа.

Юунаас айсан гэж?

-Би Монголд газардаад нисэх онгоцны буудлаас хотын төв рүү явахад машинд суулгаад шороон замаар авч явсан. Тэр үед “Намайг хааш нь авч яваад байнаа” гэсэн айдастай байсан. Намайг ирсэн анхны жил лигийн тэмцээн зургаан сар хүртэл үргэлжилсэн. Тэр ч утгаараа зуны эхэн саруудад урин цагт нь байж үзсэн. Зургадугаар сард багаараа Мэлхий хад руу явсан. Өөр хэд хэдэн газарт очиж үзсэн шүү. Монголын хөдөө надад маш их таалагдсан. Сүүлийн хоёр жил Монгол Улс эрчимтэй хөгжиж байна. Гудамж талбай, дэлгүүрүүд, хотын өнгө үзэмж өөр болсон.

Таны зорилго юу вэ. Залуу байхад мэдээж NBA-д тоглоно ч гэдэг юм уу мөрөөддөг байсан байх?

-Ямар ч сагсчид NBA-д тоглох мөрөөдөлтэй байдаг. Он жил өнгөрөөд нас ахиад ирэхээр NBA-д тоглох боломж бага юм байна гэдгийг хүссэн хүсээгүй ойлгодог юм билээ. Ингэснээрээ өөрийн зорилго болон мөрөөдлөө бодитоор харж эхэлдэг. Би бол тоглож байгаа багтаа аль болох чадахаараа туслахыг л хичээдэг. Миний үүрэг бол багтаа хожил авчрахад өөрийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой. Тэглээ гээд өөрийнхөө хувийн амжилтыг ахиулах гээд оноо хөөх биш шүү. Тоглож байгаа багаа амжилтад хүргэхийн төлөө л явдаг.

Миний амьдралын зорил­го бол хүүхдээ зөв хүн бол­гон хүмүүжүүлэх. Сагсан бөмбөгийн хувьд хүүхэддээ “Манай аав сагсан бөмбөг тоглож байсан шүү. Аав маань мэргэжлийн сагсан бөмбөгөөр хичээллэн хатуужилтай байна” гэдэг ухамсрыг төрүүлэх. Тэгснээр хүү маань ааваасаа илүү тамирчин болох хүсэл мөрөөдлийг төрүүлэх юм. Хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх мөрөөдөлтэй явна.

Супер лигт тоглож эхэлснээс хойш карьерийнхаа ямар дээд амжилтыг тогтоо­сон бэ?

-Ноднин би “Гурван тамир” багт тоглож байхдаа “СБЛ Хасын хүлэг”-үүд багийн эсрэг тоглолт хийсэн. Тэр тоглолт надад маш их сэтгэгдэл төрүүлж чадсан. Учир нь Хүлэгүүдийн легионер тамирчид “Танай багийг манайх түвэггүй хожно” гээд над руу дайралт хийсэн. Уг тоглолтод цаг сунган хожсон маань надад сайхан санагдсан. Ер нь бол трибл дабль хийсэн үед сэтгэл хангалуун байдаг. Нэгэнт л би тамирчин юм чинь өндөр оноо авахыг хичээдэг.

Монголд ирээд гурван жил боллоо. Монголоор дав­гүй ярьж сурсан гэж дуулсан?

-Би монгол хэл тийм ч сайн сураагүй. Нэг л сайжирч өгөхгүй байна. Бэлтгэл дээр манай багийнхан байнга хэрэглэдэг үгийг нь “Юу гэж байгаа юм бэ” гэж асуудаг. Тэр үгийг нь давтаж хэлдэг. Би монгол хэл сурах хэрэгтэй. Талбай дээр багийнхантайгаа ямар нэгэн харилцаа үүсгэж байх ёстой.

Монгол хэл сурах хэцүү байна уу. Өмнө нь хоёр жил Хятадад тоглохдоо хэлийг нь сурсан уу?

-Монгол хэл сурахад хэцүү. Хятад хэл бүр ч хэцүү юм билээ.

Хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Танай баг ямар амжилт үзүүлэх бол?

-Бидэнд одоо найман тог­лолт үлдээд байна. Тоглолт бүртээ хариуцлагатай хичээ­гээд тогловол плэй офф-т шалгарах боломжтой. Би багаа Супер лигийн эхний тавд багтах хэмжээний чадвартай гэж боддог. Манай залуучууд туршлагагүйн алдаагаа гарга­хаа байчихвал болох гээд байгаа юм. Гэхдээ манай баг эрч хүч дүүрэн байгаа. Плэй офф-т шалгарчихвал аваргын төлөө тоглох бүрэн боломжтой. Манай багийн хожигдсон тог­лол­тууд бага зэргийн алдаанаас болж 1-2 онооны зөрүүтэй ялагдал хүлээгээд байгаа. Энэ багийн төлөө би юу ч хийхэд бэлэн байна. Дасгалжуулагч надад юу гэж хэлнэ тэр бүгдийг хийх болно. Манай баг нэг учраа олоод эхэлчихвэл дийлдэхгүй шүү. Учир нь манай багийнхан ядарч цуцдаггүй, залуу эрч хүчтэй. Тамирчид маань тоглолтоос тоглолтын хооронд сайжирч байгаа.

Крис Лавсоны нүдээр монгол бүсгүйчүүд ямар харагдаж байна?

-Монгол бүсгүйчүүд дэгжин, хөөрхөн.

Та хүүхдэдээ маш хайртай гэсэн. Сагсан бөмбөгч болгох уу. Та ямар мэргэжилтэй вэ?

-Хүүгээ заавал сагсан бөм­бөгч бол гэж албадахгүй. Хамгийн гол нь зөв ухаантай, эрүүл болж л өсөх учиртай. Би нийгэм судлал, социологич мэргэжлээр их сургууль төгссөн. Яагаад социологи тэр дундаа хар тамхины талаар судлах болсон, энэ мэргэжлийг ямар учраас сонгосон бэ гэхээр манай аав, ээж хар тамхи хэрэглэдэг байсан. Би доороо хоёр дүүтэй. Аав, ээж хоёр маань хар тамхи хэрэглэдэг байсан болохоор биднийг би хар тамхийг сонгосон. Тиймээс хоёр дүүг маань хамаатнуудад үрчлүүлж, ээжийн найз нь намайг өргөж авсан. Би айлын өргөмөл хүүхэд. Би том болоод яагаад аав, ээж маань өөрсдийн хүүхдүүдээсээ татгалзах болсон юм бэ гэдэг хариултыг олохоор шийдсэн. Тэр ч утгаараа энэ мэргэжлийг сонгосон.

Тэгээд хариултаа олж чадсан уу?

-Тэр хариултыг олсондоо одоо ч би харамсдаг.

Яагаад?

-Судлаад үзсэн чинь аав, ээжийн маань хувиа хичээсэн байдал бид гурваас илүү байж. Тиймээс бид гурвыг сонголгүй хар тамхийг сонгон, амьдралаа сайхан авч явъя гэсэн хүсэл эрмэлзэлгүй болсон байжээ. Сайхан амьдаръя гэсэн хүмүүс хар тамхи хэрэглэж байгаад шууд гарч чаддаг. Тухайн үед аав, ээж минь хар тамхинаас холдохыг хүсээгүй юм билээ. Энэ хариултыг олж мэдээд зүрх зүсэгдэх шиг болсон. Одоо аав, ээж хоёр маань хар тамхи хэрэглэхээ больсон. Одоо хар тамхинаас татгалзаж чадсан байж тухайн үед яагаад хар тамхинаас гарч чадаагүй юм бэ гэж бодохоор л гомдох сэтгэл төрдөг юм.

Монголд мэргэжлээрээ ажиллах санал ирвэл ажиллах уу. Монголын иргэншил авах хүсэл бий юу?

-Мэргэжлээрээ Монголд ажиллах, Монголын иргэн бо­лоод удаан хугацаагаар Монголд байх бодол надад төрж байгаагүй. Би Монголд удаан хугацаагаар амьдарвал хүүгээсээ холдох болно. Хүүгээ аваад ирье гэхээр хүү маань ээжээсээ холдчихно. Тиймээс тийм боломж байхгүй.

Монголчууд танд ямархуу хандаж байна?

-Энд тэнд явж байхад хүүхдүүд хамт зургаа авахуулах санал тавьдаг. Саяхан 12 настай нэг хүүхэд тоглолтыг маань үзэх дуртай, уулзах гэсэн юм гэсэн санал ирүүлснийг хүлээн авч уулзан хоол хамт идсэн. Ер нь бол монголчууд намайг таньдаг болсон байна лээ. Хүүхдийн төлөө сайн сайхан зүйл хийх дуртай.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Маргааш Мегатөсөл хөгжлийн форум болно

Нэг тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан, мөн төслийн байршил, дэд бүтцийн хувьд шийдэл шаардсан төслийг Мегатөсөл гэж тодорхойлдог байна. Том хөрөнгө оруулалт шаардаж, хүнд нөхцөлд хэрэгждэг учраас Мегатөслийг “Шил”-тэй зүйрлэх нь бий. Тийм ч учраас дэлхий дээр хэрэгжиж буй Мегатөслүүдийн 2/3 нь бүтэлгүйтдэг байна.

Монгол улсад хэрэгжиж буй Мегатөслүүдийн хэрэгжилт Монголын ирээдүйг тодорхойлох энэ цаг үед “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 29-ны өдөр болох энэхүү форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл танилцуулах бол Японы Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл танилцуулах юм байна. Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөсөн байна.

Форумын хоёрдугаар хэсэгт Сумитомо Мицуй банкны төлөөлөгчид “Эрчим хүч”, “Боловсрол”-ын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх тухай семинар хийхээр болжээ.
“Мегатөсөл хөгжлийн хүрээлэн” ТББ-аас зохион байгуулж байгаа энэхүү хурлын талаарх мэдээллийг 99092460, 77111051 утсаар авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлд 93.9 хувь нь хамрагджээ

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2014 онд баталсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэдийн 93.9 хувь нь хамрагдсан байна. Бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хамруулахаар зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Бүртгэлийн ажлыг дүүргүүд хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулсан бөгөөд байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн дүнг 2014 оны жилийн эцсийн хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгааг гаргаж нэгдсэн мэдээлэлтэй боллоо.

2015 оны цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, дүүргийн мэдээллийн санд орсон зөрүүтэй мэдээллийг олж засварлах боломжийг нэмэгдүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд гурван сая болсныг албан ёсоор зарлалаа


Энэ оны нэгдүгээр сард Монгол Улс гурван сая иргэнтэй болно хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнийг угтан авах комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт мэдээллийн үеэр Төрийн тэргүүн “Монголчууд 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая болсон. Тэгвэл 2015 онд гурван сая боллоо” гэсэн бол гурван сая дахь иргэнийн угтан авах комиссын дарга П.Цагаан “Шинэхэн цас бударсан өглөө Монголчууд гурван сая болсноо зарлаж байна. Манайхан хүү төрвөл хил манана. Охин төрвөл мал манана гэж ярьдаг. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гал манах охин гурван сая дахь иргэн болж мэндэлжээ” гэв. Үндэсний статистикийн хорооны дарга Мэндсайхан “Монгол Улсын хүн ам тусгай батлагдсан аргачлалаар тодруулсан” гэсэн бол комиссын ажилтнууд өчигдөр орой албан ёсоор тодруулсан юм байна. Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин өглөөний 08.27 минутад 73 дахь төрөлт болон бүртгэгдсэн гэнэ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “эх хүүхдийн эрүүл мэнд сайн байгаа” гэдгийг дуулгасан юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг угтах асуудлыг манай яаманд өгсөн. Гурван сая дахь иргэнийг алдаршуулан хоёр өрөө байр, тэтгэмж өгөх бол ойролцоо төрсөн 29 хүүхдэд мөн тэтгэмж олгоно. Түүнчлэн энэ өдөр төрсөн бүх хүүхдүүдэд тэтгэмж болгох юм” гэдгийг нэмж тодотголоо.

Хосууд охиндоо Х.Сэлэнгэ гэдэг нэрийг хайрласан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэдэг нэр өгөх саналтай байгаагаа хэлсэн билээ. Гурван сая дахь иргэн эмнэлгээс гараад хоёр хонож байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

“Бүх оддын тоглолт” Буянт-Ухаа ордонд болно

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Оддын тоглолтын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын залуучуудын шигшээ баг америк легионеруудтай, нэгдүгээр сарын 31-нд Бүх оддын тоглолт болж, сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглох ажээ. “Бүх оддын тоглолт 2015”-ыг “Сэнгүр”, “Sprite” брэнд, “Скайтел” компаниуд ивээн тэтгэх ажээ.

Нэгдүгээр сарын 31 (18.00 цагт, Баасан гариг)

Монгол Улсын залуучуудын шигшээ баг, АНУ-ын ленионеруудын багуудын халз тоглолт.

Энэ жилийн Үндэсний супер лигийн Бүх Оддын тоглолтын нэг онцлог нь 11-н багт ирээд буй 26 легионер тоглогчдыг 2 баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон.

Залуучуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн АШТ-нд 4 хожил 1 хожигдолтойгоор 5-р байранд шалгарсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх 7-р сард БНСУ-д болох Дэлхийн Универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.

Мөн энэхүү тоглолтын үеэр үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг гайхамшигт Спрайт Слэйм Данкын тэмцээн зохион байгуулагдана.

Нэгдүгээр сарын 31 (13.00 цагт, Бямба гариг)

Үндэсний супер лигийн дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан Супер лигийн “ОДОД” тоглогчид энэ удаа нэг баг болон өрсөлдөнө.

-Бүх Оддын тоглолт
-Ур чадварын тэмцээн
-Багийн тэмцэн
-Холын зайн шидэлтийн тэмцээн
-Спрайт слэйм данк шоу арга хэмжээнүүд

Хоёрдугаар сарын 1 (13.00 цагт, Ням гариг)

Инчёний Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан Монгол улсын шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолтыг хийнэ.

Гуравдахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү халз тоглолтонд 2013 онд Легионеруудын баг хожсон бол 2014 онд Монгол улсын шигшээ баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожлыг байгуулсан нь таны нүдэнд илхэн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их Засаг олон улсын их сургууль oлон улсад магадлан итгэмжлэгдсэн батламжаа гардан авлаа

Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль Их Британий Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэлд орж шалгуур үзүүлэлтүүдийг нь ханган биелүүлснээр олон улсад Магадлан итгэмжлэгдсэн байна.

Тус сургуулийн эрдмийн хамт олны олон улсад магадлан итгэмжлэгдсэн Батламжаа гардан авах ёслол 2015 оны нэгдүгээр сарын 22-нд Улсын Драмын Эрдмийн театрт боллоо.

Энэхүү ёслол хүндэтгэ­лийн үйл ажиллагаанд Англид сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюун, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсынЭлчин сайдын яамны зөвлөх хатагтай Люиз Эдвардс, тус элчин сайдын яамны IIIнарийн бичгийн дарга ноён Мартин Батлер, Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал ноён Марк Тассе, Дэзэрэт олон улсын байгууллагын захирал ноён Том Таулер, “Импати групп” -ийн гүйцэтгэх захирал ноён Ихсан Акар нар болон гадаад дотоодын олон нэр хүндтэй зочид төлөөлөгчид оролцож, үг хэлж баяр хүргэлээ.

Их Засаг олон улсын их сургууль, Рояаль академийн эрдмийн хамт олон 2014 онд төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг ёслон тэмдэглэж 20 жилийн ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, цаашдын он жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон билээ.

Хорин жилийн хугацаанд Их Засаг ОУИС-ийн олсон ололт амжилтуудын дотор Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэн энэ үйл явдал онцгой байр суурь эзэлж нийт багш, ажилтан ажиллагсад, оюутан, суралцагч, төгсөгчдөд онцгой сайхан мэдрэмж,аугаа их бахархалыг төрүүлж байна.Олон улсын магадлан итгэмж­лэлийнбатламжгардан авах ёслол дээр Их Засаг олон улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Н.Учрал Английн боловсролын тогтолцоо, Ма­гадланитгэмжлэхүндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар дэлгэргүйилтгэл тавьж Их Засаг олон улсын их сургуулийн ректор, доктор, профессор Н.Ням-Осор үг хэлсэн юм.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН

БАТЛАМЖ ГАРДАН АВАХ ЁСЛОЛ ДЭЭР ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН РЕКТОР

Н.НЯМ-ОСОРЫН

ХЭЛСЭН ҮГ

Их Засаг олон улсын их сургууль Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Магадлан итгэмжлэх зөвлөлөөр магадлан итгэмж­лэгдэж, өнөөдөрбатламжаа гардан авчбайгаадаа баяртай байна.

Энэ бол эх орондоо дээд боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хөгжүүлэхийн төлөө тодорхой зорилго зорилтын дор нэгдэн нягтарч, хичээн зүтгэсэн манай хамт олны бүтээлчхөдөлмөрийн үр шим юм.

Бидний энэхүү баярыг хуваал­цахаар хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтан, ажиллагсад,оюутан суралцагсад, төгсөгчдийн төлөөлөл Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэр­хийлж, энэ баярт өдрийн халуун дотно мэндчилгээг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн 20 жилийн ху­гацаанд бид 15 мянган төгсөгчөө нийгэмд бэлтгэж төгсөгчдийн маань 53 хувь нь мэргэжлээрээ 25 хувь нь төр захиргааы болон хувийн хэвшлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

Оюутан суралцагсадаа хүмүүжүүлж төлөвшлүүлэх талаар Монголын нийгэмдөөрийн гэсэн брэндийг буй болгож чадлаа.

Оюутан сурагчдад “Цогц боловсрол, хувь хүний чадамжийг хөгжүүлэх хөтөл­бөр”-ийг хэрэгжүүлж энэ хөтөлбөрийн хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж ирлээ. Жил бүр уламжлал болгонзохион байгуулж бай­гаа “Супер студент” реалити ШОУ, тэтгэлэгт хөтөлбөр ам­жилттай хэрэгжиж уг хөтөлбөрийн ялагч 30 шахам оюутан залуус АНУ, БНСУ, Японы их дээд сур­гуулиудад 100 хувийн тэтгэл­гээр суралцаж байна. Мөн Бага олимп спортын наадам, Урлагийн их наадам, Оюутны эрдэм шинжилгээний хурлууд зэрэг олон хэлбэрийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Их Засаг ОУИС-ийн түүхэн хөгжлийн 20 жил Багш нар нь тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан 20 жил байлаа. Багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого барьж ажилласнаар эдүгээ нийт багш нарын дотор 5-аас дээш жил ажилласан багш нар 70 хувийг эзлэж байна.

Их Засаг ОУИС 20 жи­лийн хугацаанд 32 мянган квм талбай бүхий бүтээн байгуулалтыг хийж түүхэн 20 жилтэйгээ золгосон юм. Бидний туулж өнгөрүүлсэн 20 жил бол Монгол улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 20 жил бай­лаа. Энэ 20 жилд дэлхийн 15 орны 50 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажил­лаж Японы болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай Чингис-Соосэ, Жэсан-Чингис хаан сургуулиудыгбайгуулан ажиллуулж ирлээ.

Монгол Улсын төр засгаас боловсролын шинэчлэлийн талаар олон чухал ажлуудыг санаачлан хэрэгжүүлж бай­гаа билээ.Үүний нэг жишээ нь ЮНЕСКО-ийн гар­гасан зааврын дагуу дээд боловсролын мэргэжлийн индекс, үндэсний ажил мэр­гэжлийн ангилал тодор­хойлолтыг шинэчлэн батлаж хэрэгжүүлж байгаа явдал билээ.

Энэ цаг үед манай сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орсон нь нэн чухал ач холбогдолтой юм.

ИхЗасагОУИС ИхБри­­­тани Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орсон явдал бол зөвхөнИхЗасагОУИС,Рояаль академийн төдийгүй Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн тод илэрхийлэл болж байна.

Их Британи Умард Ирлан­дын нэгдсэн вант улсын парламент, Засгийн газрын итгэмжит байгууллага болох тус улсын үндэсний магадлан итгэмжлэлд орж олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр манай 2 сургуулийн эрдмийн хамт олон, оюутан залуучууд маань дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагаар дэвшин урагшлах их үйлсийн үүд хаалга цэлийтэл нээгдэж байна.

Энэхүү олон улсын магадлан итгэмжлэлд орс­ноор багш ажилтнуудын маань ажлын байрны үнэ­лэмж дээшлэх болно. Тус сургуулийн оюутан, су­ралцагчид, төгсөгчдийн маань дипломын үнэ цэнэ олон улсын түвшинд үнэлэгдэхболно.

Их Засаг ОУИС-ийн хөтөл­бөрүүд болон дипломыг дэлхийн олон орны их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөх, улмаар гадаадын олон орны их дээд сургуулиуд манай 2 сургуулийн төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөх боломжууд бүрдэж байна.

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэх зөвлөлийн магадлан ит­гэмж­лэлд орж магадлан итгэмжлэгдсэнээр Их Засаг ОУИС-д олон давуу талууд буй болж байна.

1. Их Засаг ОУИС Их Британи болон дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдлээ.

2. Их Засаг ОУИС олон улсын хэмжээнд өндөр нэр хүнд, итгэл хүндэтгэл, чанарын баталгааг оюутан, суралцагчиддаа буй болгож байна.

3. Их Засаг ОУИС сур­галтын чанар, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг үнэлэх, дүн шинжилгээ хийх олон улсын сүлжээнд хамрагдлаа.

4. Их Засаг ОУИС-ийн диплом болон хөтөлбөрүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай сургуулийн төгсөгч оюутнууд олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллах боломж илүү нээлттэй болж байна.

5. Их Засаг ОУИС-д олон улсын дээд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага, солилцох өргөн боломжууд нээгдэж тус сургуулийн гадаад харил­цааны хөгжилд нэн таатай хөрс суурийг бий болголоо.

6. Их Засаг ОУИС дэлхийн олон орны ижил мэргэжлийн их дээд сургуулиудтай ха­рилцах, тэдний итгэлийг олох, хамтран ажиллах өргөн дэлгэр боломж нээгдэж байна.

7. ИхЗасагОУИС энэхүү магадлан итгэмжлэлд орсноор сургалтын орчин, сургалтын хөтөлбөр, сургалтын арга зүй, дэлхийн улс орны их дээд сургуулиудын баялагтуршлагаар өргөжин тэлж байнгын ахиц дэвшил гарах боломж бүрдэж байна.

2014 оны морин жилд 20 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Их Засаг ОУИС Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлд орж магадлан итгэмжлэгдсэнээр цаашдаа үндэсний боловсролыгдэл­хийн боловсролын стан­дартад нийцүүлэн хэрэгжүүлж ажиллах шинэ зорилт тавигдаж байна.

Их Британи Умард Ирлан­дын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлийн нэр хүндийг өндөрт өргөж, эрд­мийн хамт олныхоо ололт амжилтыг бататган аривжуулах зорилтыгханган биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Ийнхүү Их Британий Магадлан итгэмжлэлийн Батламж гардан авах хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж энэ ёслолд оролцогсод Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг үзлээ.