Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” нээгдэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өнөөдөр “Мишээл экспо”-д боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр сайд Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол Улс өнөөдөр гурван сая дахь иргэнээ өлгийдлөө. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Тэгэхээр бид улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр хангаж, хамтдаа бүтээж, хамтдаа сайхан амьдарцгаая. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй жил тохиосон ч энэ нь нэг талаараа бидэнд боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүндрэлийг бид үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтын хүчээр даван туулах болно” хэмээн онцолсон юм. Мөн үйлдвэрлэгчидтэй уулзаж, тэдний санал, бодлыг хуваалцав. Түүнчлэн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн юм.

Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 04-ий өдрийг хүртэл “Мишээл экспо”-дүргэлжилнэ. “Драгон төв”, Үндэсний үйлдвэрийн худалдааны төв буюу хуучнаар /Шөнийн зах/ болон нийслэлийн төвийн зургаан дүүрэгт Цагаан сарын сарын баяр хүртэл зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд нийт 800 гаруй аж ахуйн нэгж оролцож, байгаагаас “Мишээл экспо” 226, Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу хуучнаар /Шөний зах/ 140, “Драгон” төв 40 гаруй, Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 400 гаруй аж ахуйн нэгж тус тус оролцож байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ байнгын ажиллагаатай Үндэсний үйлдвэрийн худалдааны хоёр төвийг ашиглалтад оруулж байгаараа онцлог юм.

Түүнчлэн үзэсгэлэнд, худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээрээ зарагдаж байгаад иргэд таатай байна гэв. Тэр ч бүү хэл зарим үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн 50 хувь хүртэл хямдарчээ.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэндээ МОНГОЛЖИН гэдэг нэр хайрлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН гэдэг нэр хайрлалаа.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчсөн зарим хэсгийг түдгэлзүүлэв

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Чулуунтогтохын мэдээллийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухаймаргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтад зөвхөн “Төлбөр төлөгч-иргэн”-ий зайлшгүй хэрэгцээт дараахь эдхөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй гэж хуульчилсан атал уг хэсгийн 55.1.2 дахь заалтад “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж зааж төлбөр төлөгч-иргэнээс гадна түүний гэр бүлийн гишүүдийн хувцаснаас төлбөр гаргуулахаар тусгасан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “… Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэснийг зөрчсөнбайна.” гэж Үндсэн хуулийн цэц үзэж тус заалтын холбогдох хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ легионерууд халз тулна

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй Супер лигийн тэмцээний бүх оддын тоглолт энэ сарын 30, 31, хоёрдугаар сарын 1-ний өдөр Буянт ухаа спорт цогцолборт болно. Энэ талаар Супер лигийн шилдэг тамирчин, дасгалжуулагчид хэвлэлийн хурал хийлээ. Бүх оддын тоглолтын эхний өдөр оюутны шигшээ багийн тамирчид залуу легионер тамирчдын эсрэг халз тулаан хийх бол энэ үеэр слэм данкын сонирхолтой тэмцээнийг үзэх боломжтой аж.

Тэгвэл хоёр дахь өдөр Үндэсний супер лигийн дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан лигийн “Одод” тоглогчид энэ удаа хоёр баг болон ур чадварын тэмцээн, холын зайн шидэлт, багийн тэмцээн, бүх оддын тэмцээн, слэм данк төрлүүдээр өрсөлдөх гэнэ. Харин тэмцээний гурав дахь өдөр гал гарсан тоглолтууд гарна гэдгийг ам бардам хэлцгээж байлаа. Учир нь Монгол Улсын шигшээ багийн тамирчид легионер тамирчдын эсрэг тоглох юм. Анх Супер лиг эхэлж байхад легионеруудын баг хожиж байсан бол өнгөрөгч онд манай баг легионеруудыг буулган авсан. Энэ удаагийн тоглолт хайнаа хагалах чухал тоглолт болох юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

2015 оныг хариуцлагын жил болгохоор шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/-ны дарга, гишүүд өнөөдөр Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хорооныхоо үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын эхэнд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсад 3 дахь сая иргэн мэндэлснийг зарласан энэ сайхан өдөр хорооныхоо талаар хэвлэлийн бага хурал хийх болсондоо бэлгэшээж байгаагаа илэрхийлээд тус хороо зарчмын шинжтэй хэд хэдэн чухал шийдвэр гаргасныг сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрбээр ярихдаа “Юуны өмнө ӨБХ нь ард түмний Байнгын хороо байх ёстой. Тиймээс ард түмний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авдаг саналын хайрцгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Иргэний танхимд байршуулж, 14 хоног тутамд мэдээллийг нь гарган авч, тухайн газар ямар асуудал тулгамдаж байгаа талаар мониторинг хийн, чухал шаардлагатай асуудлыг УИХ-аас гаргах бодлого, шийдвэрт тусгуулна” гэлээ.
Тус хороо УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 10 тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг тухайн салбарын сайд, гомдол гаргасан иргэдийг оролцуулан нээлттэй хэлэлцэж, тодорхой заасан хугацаанд үүргээ биелүүүлээгүй сайд нарт хариуцлага тооцож байхаар шийдвэрлэсэн тухайгаа Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байна.
Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлсэн үгэндээ “ӨБХ-ны дарга солигдсоноос хойш анхны хуралдаанаа өчигдөр хийсэн. Өмнөх дарга Р.Бурмаагийн үед тус хорооны ажлыг эхлүүлэн жигдрүүлэх бэлтгэл ажил хийн, үйл ажиллагааны дүрэм журмаа батлуулан, иргэд, олон нийттэй харилцах сүлжээгээ байгуулсан. ӨБХ бол иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх онцгой үүрэг гүйцэтгэдгийн хувьд Улсын Их Хурал дахь 8 байнгын хорооноос хамгийн чухал хороо. 2015 оныг тус хороо хариуцлагын жил болгон зарлаж байгаа бөгөөд иргэдийг хохироосон, үүргээ биелүүлээгүй сайд нарт хүчтэй шахалт үзүүлэн, хариуцлага тооцож байх санаачилга гаргаад байна” гэв. Тэрбээр мөн ӨБХ-ны хурлыг зөвхөн Төрийн ордонд төдийгүй орон нутагт, тухайн газар дээр нь ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргыг нь ороцуулан хийж байх санаачилга гаргаснаа дурдаад эн түрүүнд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ийм хурал хийх гэж байгаагаа дуулгалаа.
Тус хорооны гишүүд малын хөлийн татвар, бэлчээр ашиглалттай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд тус хэсгийн ахлагч С.Ганбаатар ярихдаа “Улсын Их Хурал 20 гаруй жилийн түүхэндээ олон хууль тогтоомж, шийдвэр гаргасан ч тэдгэээрийн хэрэгжилтэд тавих хяналт муу байснаас Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ үндсэндээ 24 жил биелүүлээгүй. Гэтэл ард иргэдийн зүгээс хууль хэрэгжихгүй байгаа талаар байнга гомдол гаргадаг. Бэлчээр, амь амьжиргааныхаа асуудлаар тавьсан малчдын өргөдөл гомдлын мөрөөр бид Архангай, Дорноговь, Баянхонгор аймгуудад очиж газар дээр нь танилцан, Бэлчээрийн тухай, Газрын тухай хуулиудад өөрчлөлтт оруулахаар ажиллаж байна” гэлээ.
Байнгын хорооны мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт тавьсан бөгөөд “Саналын хайрцагт хийсэн өргөдөл гомдлыг хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?” гэсэн асуултанд Байнгын хорооны дарга О.Баасанхүү хариулахдаа:
-Байнгын хороо тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэлээрээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбартай холбоотой үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгч ирсэн. Бүтэн жил болоод байхад тэдгээр асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул тухайн салбарын сайд нарыг нь дуудан асууя гэж байгаа. Цаашдаа ч иргэдийн санал гомдлыг 14 хоногт нэг удаа авч мониторинг хийгээд Байнгын хороогоор хуралдаж хэлэлцэнэ. Урьд өмнө нэг асуудлыг 1800 хүн дэмжсэн бол Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргахаар дүрэмд заасан байсан бол одоо энэ тоог хэт өндөр байна хэмээн үзэж 900 болгон өөрчилсөн. Ер нь аливаа Байнгын хороо гаргасан шийдвэрийнхээ араас явдаг байх ёстой. Үйл ажиллагаа нь эхлээд хоёр жил болж байгаа ӨБХ арга барилын хувьд том шинэчлэл хийж, 7 хоног бүр нэг сайдыг дуудан ирүүлж, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөөд тухайн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон, албан тушаалаас нь буулгаж байхаар шийдвэрлэсэн. Мөн 7 хоног бүр бид орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байх болно гэв.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд тус Байнгын хорооноос Төрийн ордны 4-р давхарт нээлттэй сонсголын тусгай өрөө засуулж, нийгэмд тулгамдсан, олон нийтийн санаа сэтгэлийг зовоосон асуудлуудыг мөрдөн шалгах сонсгол хийж байх хуулийн төсөл өргөн барьснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сая дахь иргэний ээж Г.Аззаяа: Охиноо Х.Сэлэнгэ гэж нэрлэсэн

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Э.Хатанболд гэх айлын ууган охин болон мэндэлсэн билээ. Эх дэлхийд мэндлээд удаагүй гурван сая дахь иргэний ээж Г.Аззаяатай утсаар холбогдлоо.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрүүлсэнд баяр хүргэе. Эх хүүхдийн биеийн байдал сайн уу?

-Баярлалаа. Бид хоёрын бие сайн байна. Эмнэлгээс гараад хоёр хонож байна.

-Охиндоо нэр өгч амжсан уу?

-Охиноо Х.Сэлэнгэ гэж нэрлэсэн. Будаанд хийж байгаад л сугалсан. Энэ нэр гарч ирсэн.

-Та одоо хэдтэй билээ. Та хоёр аль нутгийнх вэ. Ямар ажил эрхэлдэг вэ?

-Бид хоёр Даланзадгад хотын иргэд. Нөхөр маань хувиараа ажил хийдэг. Би 1992 онд төрсөн.

-Таны анхны төрөлт үү?

-Тийм ээ. 3-4 цаг л өвдсөн байх. Ямар нэг хүндрэл өгөөгүй. Өөрөөрөө төрсөн.

-Аймгийн чинь удирдлагууд гурван сая дахь иргэнд олгох урамшууллын талаар амласан зүйл байна уу?

-Одоогоор тийм зүйл байхгүй байна.

-Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

Categories
мэдээ нийгэм

С.Мэндсайхан: Дөрвөн сая дахь иргэн мэндлэх хугацааны давтамж өмнөхөөсөө богино байх магадлалтай

Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайханаас Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнтэй холбогдуулан дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ямар аргачлалаар тодруулсан бэ?

-Нэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын хүн ам хоёр сая 995 мянга 949 байсан. Энэ тоог энэ сарын нэгдүгээр сарын тавны өдөр улс орон даяар зарласан. Энэ өдрөөс хойших бүх төрөлтүүдийг бүртгэж, цаг, минутаар нь жагсаасан байгаа. Мөн нас баралтын тоо хэмжээг аргачлалынхаа дагуу хасаж байсан. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хүүхдийн тоог бид гаргасан. Ингээд 19-ний өдрөөс 26-ны өдрийн бүх төрөлтийг цаг, минутаар нь бүртгэж авсан. Төрөх эмнэлгүүдийн цагийг стандарчлал хэмжил зүйн цагтай тааруулсан. Энэ тооцооллын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт байсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанбаатар, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн.

-Чацуутнуудыг хэрхэн тодруулсан бэ?

-Журмынхаа дагуу энэ сарын 24-ний өдөр төрсөн бүх хүүхдүүдийг чацуутнаар нэрлэж байгаа. -Энэ өдөр гадаад улс оронд төрсөн хэдэн хүүхэд байгаа вэ?

-Энэ өдөр хилийн чинадад гурван хүүхэд мэндэлсэн. Гурвуулаа АНУ-д төрсөн. Хоёр нь ихэр хүүхэд.

-Хагалгаагаар төрсөн хүүхдүүдийг тооцсон уу?

-Монгол Улсын иргэн болж мэндэлж байгаа бүх хүүхдийг тоололд оруулсан. Гурван сая дахь иргэнийг тодруулах явцад хүүхэд аль аргаар төрсөн эсэхийг харгалзаагүй.

-Гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд буюу өнгөрсөн бямба гарагт мэндэлсэн байхад яагаад ийм орой зарлаж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт 24-ний өдөр бямба, 25-ны өдөр ням гараг байсан. 24-25-ны өдрүүд гадаадад Монголын иргэн мэндэлсэн байх боломжтой байсан. Тэр хүүхдүүд консулд бүртгүүлэхийн тулд ажлын өдөр буюу 26-ны өдөр хандах ёстой. АНУ-д 26-ны өдөр гэхээр манай энд 27 гэсэн үг. Тиймээс бид 27-ныг дуустал авсан. Хоёрдугаарт, гурван сая дахь иргэн яг хэдний өдөр, хэдэн цагт төрөхийг бид мэдэхгүй учраас 19-нөөс хойш юм байна гэж үзээд 26-ныг дуустал мэдээлэл авсан. Өчигдөр орой 19-нөөс хойших бүх төрөлтийн мэдээллийг харахад 23-ны шөнийн байдлаар Монгол Улсын хүн ам 2 сая 999 мянга 943 байсан. Гурван сая болоход 57-хон хүүхдээр дутуу байсан. Өөрөөр хэлбэл, бид 24-нд гурван сая дахь иргэн төрсөн юм байна гэж мэдсэн. Тэгээд энэ өдөр төрсөн бүх хүүхдийнхээ мэдээллийг шалгасан. Цаг, минут, овог нэр нь зөв эсэхийг шалгасан. Ингээд 181 хүүхдээс 09:45 цагийн орчимд төрсөн хүүхэд нь Өмнөговьд төрсөн хүүхэд байна гэж тогтоосон. Тэндээсээ шууд гараад комиссын хуралд ороод, гарч ирээд Ерөнхийлөгчид айлтгасан. Одоо бол гурван сая дахь иргэний аав, ээж нь ч мэдээгүй байгаа. Бид мэдээд л Ерөнхийлөгчид танилцуулаад, олон нийтэд мэдэгдэж байгаа нь энэ юм.

-Нэг, хоёр, гурван сая дахь иргэд төрөх хоорондын зайн давтамж нь хэр ойр байна вэ?

Нэг сая, хоёр сая дахь иргэний хоорондын зай 27 жил, хоёр, гурван сая дахь иргэний хоорондын зай 26 жил гаруйн хугацаанд төрлөө. Гэхдээ энэ бол нэлээд урт хугацааны давтамжтай байна гэсэн үг. Сүүлийн үед төрөлт харьцангуй өсөж байна. Тиймээс дөрвөн сая дахь иргэн төрөх хугацаа энэ давтамжаас богино байх магадлал байна. Учир нь төрөлт нэмэгдсэн хамгийн оргил үед төрж байсан хүүхдүүд 26, 27 насанд буюу нөхөн үржихүйн насанд хүрсэн учраас төрөлт тэр хэмжээгээр нэмэгдэх байх. Харин хэдэн жилийн дараа буюу төрөлт хамгийн бага үед төрсөн хүүхдүүдийг нөхөн үржихүйн насанд хүрэх тэр хугацаанд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялгана

Сар шинийн баярын өдрүүд дөхөж байгаа учраас Улаанбаатар хотын замын ачаалал томоохон худалдааны төв болон зах орчмын хөдөлгөөн ихэсч иргэдийг цаг зав, эдийн засгаар нь хохироох тохиолдол их байдаг. Иймээс нийслэлийн Засаг даргын 2015-01-28-ны өдрийн А-74 тоот захирамж гарч өмнөх жилд хэрэгжүүлж байсан улсын дугаарын сүүлийн цифрийн тэгш, сондгойгоор бямба, ням гаригуудад хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ: Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг олгоно

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.

-Гурван сая дахь иргэнийг урамшуулах ажил хэзээнээс эхлэх вэ. Засгийн газраас гурван өрөө байр гардуулна гэсэн мэдээлэл байна?

-Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнаар тодорсон иргэдийг урамшуулах мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Тухайн өдөр төрсөн гурван сая дахь хүүхэддээ 70 сая төгрөг олгоно. Мөн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний гучин хүүхдэд тухайн аймаг, дүүргийн ИТХ-аас нь 70 сая төгрөг олгох эрхийг олгоод байгаа.

-Гурван сая дахь иргэнийг яг хэзээнээс алдаршуулах вэ. Байр болон 70 сая төгрөгийг хэзээ өгөх юм бэ?

-Дөнгөж төрсөн хүүхэд учраас хамаагүй мэдээллийг нь дэлгээд байж болохгүй. Эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан үед буюу аль тохиромжтой үед алдаршуулах ажлаа хийнэ. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Уг хуралдаанаар энэ ажлыг хэрхэн, яаж зохион байгуулах талаар ярилцаж шийдвэр гаргана.

Categories
мэдээ соёл-урлаг

“Зууны манлай” хос дуучиддаа хүндэтгэл үзүүллээ

Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40-н жилийн турш “Вансэмбэрүү”, “Бид мартахгүй″, “Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуунуудаараа хөглөгдөж яваа МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Мартагдахгүй юмсан” тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө үзэгч түмний хүндлэл дор, дуу хууртай хоёр өдрийг өнгөрүүлсэн юм.
“Зууны хос” манлай хос дуучдын энэхүү тоглолтын тайзнаа, эрхэм уран бүтээлчдийн залгамж халаа болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хүндлэл үзүүлсэн юм.

Үнэхээр түмэн олны талархал, хүндэлэлийг хүлээсэн уг тоглолт хослон дуулахын бахдалыг төрүүлсэн сайхан тоглолт болж өндөрлөсөн гэж дууч ард түмэн нь өндрөөр үнэлсэн билээ.