Categories
мэдээ нийгэм

“Сахиусан дара эх” өвийн батламж гардууллаа

Монголын хосгүй үнэт дурсгал болох баримтат өв “Сахиусан дара эх” судрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэжээ.

Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв. Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин өчүүхэн ном бий. Энэ нь XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд Гандантэгчинлин хийдийн гайхамшигт гүн ухааны гурван дацангийн нэгний анги дамбын гэвш, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938) гуайн бүтээл мөн. Харин уг бичмэл дурсгал нь хэмжээний хувьд нийтийн тээврийн хэрэгслэлийн зорчих тасалбарын хэмжээтэй, өчүүхэн цааснаа шахаж бичсэн Сахиусан дара эхийн төвд бичмэл судар юм. Бүр тодруулбал уг дурсгалын хэмжээ нь 4.9×5.4 см, бичвэрийн хүрээ 4,5×5 см, зузаан нь 0.08 мм, жин нь 0.2 гр бөгөөд ХIХ-ХХ зууны зааг үед Монгол нутагт өргөн хэрэглэж байсан орос цаас ажээ.

Тэгвэл 2014 оны тавдугаар сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болсон юм. Уг судар нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бүтээл бөгөөд Тус судрыг бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Үндэсний номын сан хамтран ажилласан юм “Сахиусан дара эх” бүтээлийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвөөр бүртгэсэн батламжийг гардуулах ёслол Үндэсний номын санд боллоо. Батламжийг ЮНЕСКОГ-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан гардуулж, ССАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл, хамт Ш.Базар, СГЗ Г.Аким, СГЗ Х.Чилаажав, Доктор А.Нансалмаа нарын Үндэсний номын сангийн дөрвөн үеийн удирдлага ёслол төгөлдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Швейцарьчууд алт худалдан авахыг дэмжсэнгүй

Швейцарийн алт худалдан авах Засгийн газрын санаачлагыг иргэд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Ням гарагт болсон санал асуулгаар нийт оролцогчдын 77 хувь нь эсрэг санал өгчээ. Швейцарь улс 520 тэрбум ам.долларын валютын нөөцийнхөө 20 хувийг алт болгох саналыг дэвшүүлсэн ч ийнхүү хэрэгжих боломжгүй болж байгаа аж. Швейцарийн Төв банкны удирдлага уг шийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хэрвээ байдал эсрэгээрээ эргэсэн бол алтны үнийг цаашид тогтворжуулахад хүндрэл учирна гэж мөнгөний бодлого тодорхойлогчид нь үзэж байгаа юм. Алт худалдаж авах нь урт хугацаандаа олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна эдийн засгийн өсөлтийг бууруулна гэж санал асуулгад оролцогчид үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Харзны усанд орвол цусны эргэлт сайжирч, нян бактери устдаг

Сүүлийн үед харзны усанд ордог хүмүүсийн тоо ихэссэн. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, сэргээж өгдөг сайн талтай юм байна . Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, жин хаях үйлчилгээ үзүүлдэг аж.. Монголчуудын хувьд харзны усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байдаг. Намрын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярилцдаг нь ийм учиртай. Сонирхуулж хэлэхэд хүний биед орших элдэв өвчний нянгууд 42 градусын халуун шууд үхдэг байна. Гэхдээ хүний бие хэзээ ч 42 градус халдаггүй гэнэ. Өвөл харзны усанд ороход огцом хүйтнээс хамгаалах рефлексээрээ хүний биеийн халуун 60 градус хүрч эрүүлжих порцесс явагдаж элдэв нянгууд үхдэг аж.

Categories
мэдээ улс-төр

Оксфорд бизнес группын үүсгэн байгуулагчтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Оксфорд бизнес группын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрю Жеффризийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн энэ оны дугаарт орох ярилцлага болон бусад мэдээ материалуудын талаар санал солилцов.

Оксфорд бизнес групп нь дэлхийн 33 оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2010 оноос Монголын макро эдийн засгийн тайланг жил бүр хэвлэж, дотоодын эдийн засгийн талаарх бодитой мэдээ, судалгааг дэлхий нийтэд хүргэж иржээ. Тус байгууллага нь Монголын уул уурхай, банк санхүү, дэд бүтэц зэрэг макро эдийн засгийн 17 салбараар тайлан гаргадаг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Солонгосын вон юань руу хөрвөдөг болов

Солонгосын мөнгөн тэмдэгт ам.доллар, иен, евро зэрэг валютын эгнээнд элсч байгаа аж. Вонтой шууд хөрвөдөг болсноор юань дэлхийн хоёр дахь хамгийн сайн хөрвөдөг валют болж байна. “Goldman Sachs” өмнө нь энэ арилжааг воны ам.доллартай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө гэж үзэж байсан юм. Мөн үүнээс гадна Өмнөд Солонгосыг чиглэх ам.долларын урсгалыг татрахад гол буруутан болно гэж тооцоолж байсан билээ. Учир нь вон юаньтай шууд хөрвөдөг болсноор Өмнөд Солонгосыг чиглэх юанийн хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна Хятадыг чиглэх экспорт нэмэгдэх төлөвтэй гэж шинжээчид анхааруулж байв. Хоёр орны худалдаанаас Өмнөд Солонгосын тал энэ оны эхний зургаан сард 24 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байна. Үүний нийт төлбөрийн дөнгөж 0.3 хувийг нь юаниар гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэн дээр бичигдсэн тоонууд ийм утгатай

Бидний төдийлөн анзаардаггүй зүйл бол эмэн дээр бичигдсэн тоо. Эдгээр тоо ямар утга, анхааруулга илэрхийлж байдагийг мэдэх хүн ховор. Эдгээр тоо нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэнэ гэх мэтээр анхааруулдаг байна. Тиймээс эм уухын өмнө эмэн дээр бичигдсэн тоог ажиглаж зааврын дагуу хэрэглэх нь заншаарай. Ингээд эмэн дээрх тоо ямар утга агуулдгийг сонирхуулъя.

1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.

2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ. /ер нь ямар ч эмийг дээрх төрлийн зүйлтэй хамт хэрэглэдэггүйг санаарай./

3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.

4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.

5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.

6. Уг эм шээсний өнгө хувиргана.

7. Эмийг галаас хол хадгална.

8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.

9. Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.

10. Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрглэж болохгүй.

11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.

12. Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.

13. Багаар түрхэх, дусаах

14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.

15. Ууж хэрэглэж болохгүй.

16. Уг эмийг хэрэглэхдээ их хэмжээний ус ууна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэрсүүд тугчин

Данзанбалжирын Энхтай­ван 1975 онд Дүрлэх урлагийн дунд сургууль төгсөхдөө “Тус­гаар тогтнолын туг” зургаараа дипломын ажлаа арай л өөр нүдээрхамгаалж байлаа. Ардын журамт цэргийн анхны магнаг үсэгтэй тугийг урлаж буй зурагт толгойдоо торгон алчуур зангидаж, гоёлын дээлээ өмссөн бүсгүйчүүд цагаан эсгий ширмэл ширдэг дээр тойрон сууцгааж, улаан торгон дээр алтан соёмбо, ацаг шүд нь жигдхэн үсгүүдийг зээгт наамлаар урлаж буй нь сүр жавхлантай.

Эрдэнэтийн ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван

Уг нь социализмын үеийн үзэл суртлаар бол харц ардын хувцас хунар уранхай ноорхой байх ёстой байсан авч тэрсүүд оюутанд тийм санаа төрсөнгүй. Дипломын удирдагч нь далан настай, ардын зураач Ү.Ядамсүрэн гуай. Чухамдаа монгол үндэс­ний хувцсыг насаараа судалж цуглуулсан өвгөн зураач, монголчууд ядуу байгаагүй. Дөрвөн улирлын хувцастай, толгойдоо булга, минж, суусрын арьс л хүргэнэ үү гэхээс одооны хүмүүсийн хошуураад байгаа андаатар гэгчийг тавихгүй, тарваганаас бол бүр ч сэжиглэнэ гээч гэнэ.Тэр Дүрслэх урлагийн сургуульд ардын зураач Л.Гаваа, Д.Доржпалам, Б.Гом­­бо­сүрэн нарын гурван ланжгарын гараар орсон болохоор үндэсний үзлийн үнэр эрт оржээ.

1985 онд зурсан “Талын гэрэл” хэмээх энэ бүтээлээрээ Д.Энхтайван ардчилсан үзэл баримтлалыг нийгэмд тунхаглаж байсан гэдэг.

Энэ нь хойно И.Е.Репиний нэрэмжит Уран сайхны академик институтэд очоод бүр ч сэдэрсэн. Нева мөрний эрэг дээрх түүхт хотын энэ сургуульд Зөвлөлт эх орны дайны үеийн Ленинградын 900 хоногийн бүслэлтийг давсан “ветеран войны” Ю.М.Непринцев, А.Д.Романычев,О.А.Ермеев, Е.Е.Мойсеенко, А.А.Мыль­ников нарын дайнд хамаг муу муухай, худал хуурмагаа гөвчихсөн ямар ч будаггүй жинхэнэ хүмүүс багшилж байлаа. СССР-ийн ардын зураач тэдэнд марксизм, ленинизмийн үнэр ч байсангүй. Амьдралын га­шуун үнэнийг ааш аяг, уран бүтээлээрээ илэрхийлнэ. Тэр нь шавь нарт нь халдварлана. Гоц халдвартны тоонд монгол оюутан ч амархан багтав.Энд Д.Энхтайван “Тусгаар тогтнолын туг”-аасаа яг арван жилийн дараа “Талын шөнө” зургаа зурсан. Тас харанхуй шөнө талын дунд нэгэн гэрэл цайвалзах нь ойртсоор ахуйд Монголын говь нутагт малчин ардууд “Цогт тайж” киног шимтэн үзэж буй нь харагдана. Энэ бол 1985 он. Түнэр харанхуйг нүхлэн гэрэлтүүлсэн тэр зураг одоо ч И.Е.Репиний институтэд хадгалагдаж буй монгол зураачийн цорын ганц бүтээл юм.

1986 онд будаг нь ханхалсан зураач маань Эр­дэнэтэд томилогдож, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Гоо зүйн секторын эрхлэгчээр ажлын гараагаа эхлэв. Энд Эрдэнэтийн яруу найрагч, зохиолч, зураачид цугларч, нийгэм нэг л бишээ гэдгийг ярилцана. Михайл Горбачёвын өөрчлөн байгуу­лалтын шуурга Монгол, Зөв­лөл­тийн найрамдлын энэ хотод дорхноо исгэрч, бүгчимдсэн залуус ил тод байдлыг хүсэмжилнэ. Нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлгүүд ч тайвшруулсангүй. Тийнхүү 1989 ондЗасвар механикын завод дээр До.Ганболд тэргүүтэн улс төрийн бүлгэм байгуулж, яруу найрагч Дашдондог, Дашдондов, Лхүн­дэв, Болдсайхан, Бат­лүн­дэн, зураач Батбилэг, Баттөр, сэтгүүлч Амаржаргал, Хүүхэлдэйн театрын най­руулагч Хүрэлбаатар нарын уран бүтээлчдийг нэгтгэсэн”Эв нэгтний холбоо” буюу “ЭНХ” бүлгэм мэндэлсэн билээ.

Нууцхан энэ бүлгэмээс удалгүй МоАХ-ны салбар төрж, Эрдэнэт хотын сал­бар зөвлөлийн анхны зохицуу­лагчаар зураач Д.Энхтайван сонгогдлоо. Ийнхүү тэр “Тусгаар тогтнолын туг”-ийг урласан шигээ 90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын тугийг ч барилцав.Барих барихдаа бүр тэрсүүд явдлыг нь зэмлэсэн нутгийн өвгөний үгээр бол “Оролцох нь ч яахав, оройд нь явдаг нь ч юув дээ” гэгч болсон. Түүний “Торой банди” зураг хүйтэн царцанги нийгмийн тогтолцоог халахад өөрийгөө хөсөр гээсэн зоригтон л тодорч, ялалтад хүргэж чадна гэдгийг илэрхийлсэн байдаг нь учиртай. Тэр энэ зургаа Ардчилсан намын анхдугаар их хуралд бэлэглэсэн билээ.

Тэгэхэд тэрсүүд зураач нар МоАХ-ны салбар зөвлөлийг хаа сайгүй толгойлж байсан юм, Хөвсгөлд Батжаргал, Сэлэнгэд Нороврагчаа, Өм­нө­говьд О.Лодон гээд л. Ер нь зураачид зөн мэдрэмжээрээ нийгмийн өөрч­лөлтөөс түрүүлж явдаг. 90 онд Я.Үржнээ, Х.Цэгмэд, Х.Баттулга, Н.Арвис, Ч.Энхээ нарын олон залуу зураач ардчилсан хувьсгалын тү­­рүү эгнээнд явсныг түүх гэрчилнэ.

Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны 12 дугаар сарын гурванд”Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм. Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын ТХ-ны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах. 1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ.

Эрдэнэтийн МоАХ-ны сал­бар зөвлөл навч нахиагаа дэлгэж, Л.Лувсан-Очир дарга­тай МоАН, А.Батбаярын тэргүүлсэн МҮДН, Т.Ганбол­дын удирдлагаар МСДН байгуулагдав. Хөвсгөлийн дөрөвдүгээр сарын улс төрийн өлсгөлөнг ч Эрдэнэтийн ардчилсан хүчнийхэн анх­наас нь тууштай дэмжиж байлаа.Гэвч тэдний тэмцлийг эсэргүүцэгчдийн зүгээс яруу найрагч Лхүндэвийн толгойг чулуугаар шидэж хагалах гэх мэт бусармаг үйлдэл гаргаж байсан тул Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг нартай хэлэл­цээрийн ширээний ард суу­хад хүрэв. Ингэснээр Хөвсгөлчүүдийн тавьсан нэ­гэн шаардлага болох олон намын оролцоотой төрийн эрх барих дээд байгууллагыг зарчмын хувьд дэмжиж, Эрдэнэтийн МоАН, МҮДН, МСДН-ын зөвлөлийн Хамтар­сан мэдэгдэлд гарын үсэг зурснаараа улс төрийн зөв­шилцөлд хүрсэн анхны алхам болсон юм. Үүний үр дүнд ГОК-ийн ажилчид ч ажил хаях шийдвэрээ цуцлав. Энэхүү алхмыг үнэлж, МСДН-ын дарга Б.Батбаяраас Эрдэнэтийн МоАХ-ны зохицуулагч Д.Энх­тай­ванд талархлын бичиг ирүүлж байлаа.

90 оны анхны ардчилсан сонгуулиар Эрдэнэтээс Ц.Эл­бэг­дорж, До.Ганболд хоёр АИХ-ын депутатаар сон­гогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцлаа. Тэгэхэд Эрдэнэтийнхэн санал асуул­гаар шинэ намуудыг 51,2 хувийн саналаар дэмжиж, анх удаа орон нутагт цэнхэртсэн нь УБХ-д суудал эзлэхэд ч ихээхэн нөлөө үзүүлсэн. 1996-2000 онд Д.Энхтайван УИХ-ын гишүүнээр сонгогдон, улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.Эрхэм гишүүний сэтгэлийг өмнөд хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн зас­гийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа.

Энэ хооронд Туж, Дух нарс хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм таван хувь болтлоо сэглэгджээ.Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан “Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмж­сэн дуу хоолой олон улсын байгууллагад хүрэв.Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны экспортыг таслан зогсооххууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүний тухай “Лус савдаг баярлуулсан хүн” хэмээн бичсэн нь бий.

Тэр үед ямар газрын баялгаа олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн донтонгууд түүнийг элдвээр дайрч давшилж, нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв. Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр “Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг.

Тэр ганц л юмнаас “айдаг”. Тэр нь завсраас завшигчид. Аливаа хувьсгалын дараах шилжилтийн үед авлига, хулгай, луйвар гаарч, эзэнгүйдсэн нийгэмд завсраас завшигчид дандаа хожсон байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгал ч ялгаагүй. Хэн таргалж, хэн турсныг ард түмэн одоо мэднэ. Харин Д.Энхтайван хэзээд тугчин байсан. Тэр үүнийгээ

Би халуун сэтгэл, энэхэн биеэ бусдад зориулах монгол эр хүн дээ

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навчаа

Би энхрийн нутгаа бусдаас харамлаж, дээшээ огших монгол эр хүн дээ хэмээн “Би монгол эр хүн” дуундаа мөнхөлсөн билээ. Энэ дууны хөшөө эдүгээ Боорчийн талд гэрэлтэн байна. Чингис хааны менежментийн холбооны тэргүүн Д.Энхтайван дээд тэнгэртээ итгэдэг, дээлтэй Монголоо мандан бадрахад итгэдэг тугчин. Тэр талцдаггүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай жин­хэнэ монгол эр хүн дээ.

Х.АРИУНБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Наранд халж, бороонд нүдүүлж, үерт боогдсон Ч.Мөнгөндалайн аяллын тэмдэглэл

Чимэдсэлгээгийн Мөнгөн­далай баруун аймгуудаар 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 сумын нутгаар дайрч 6200 км замыг туулаад ирлээ. Тэр ярьж чаддаггүй, сонсдоггүй. Мөрөөдлөө бие­лүү­­лэхэд хэл яриа, сонсголын бэрхшээл, ер нь юу ч саад болдоггүйг тэр харуулж чадлаа. Уг нь тэр сонсголтой байсан юм билээ. Хоёр настайдаа антиобтикийн хордлогод орсноос болж чих нь дүлийрч, ярьж чадахгүй болсон гэдэг. Гурав, дөрөв орчим настайдаа аав, ээжээсээ өнчирч Сэлэнгийн Хөтөлд хамаатнуудаараа дам­жиж өсчээ. Түүний түрийвчинд ээжийнхээ өвөр дээр сууж байгаад авахуулсан зураг бий. Зургаас харахад өөрөө хоёр, гуравтай байсан болов уу гэмээр. Ээжийгээ тэр зургаар төсөөлдөг гэж ярьсан. Хамаатнууд нь түүнийг 29 дүгээр тусгай сургуульд оруулаад буцсанаас хойш холбоо барих нь багассан юм уу даа. Сургуулийнхаа дотуур байранд өсч, дунд сургуулиа дүүргээд Барилгын коллежид цахилгаанчаар сурч, мэргэжилтэй болсныхоо дараа сургуульдаа ажилд оржээ. Өөрийг нь гэх хамаатан садан байхгүй, гэр оронгүй, дугуйчдынхаараа хоног төөрүүлдэг, хөгжлийн бэрхшээлтэй гээд өрөвдмөөр амьдрал түүнд бий. Гэхдээ Ч.Мөнгөндалай өрөвдүүлэх дургүй. Тэр том мөрөөдөлтэй, түүндээ хөтлөгдсөн эрч хүчтэй залуу. Өөртөө үргэлж “Би чадна аа” гэж хэлдэг. Түүнийг мэддэг, ичнээ таньдаг хүн бүр “Чи чадна” гэж урмаар тэтгэдэг. Тэр үргэлж чаддаг. Чадсаар ч байх болно.

Дугуйн аяллынх нь тэмдэглэлийг бичих санал тавихад Ч.Мөнгөндалай эрхий хуруугаа гозойлгож (Сайн байна. Гоё санаа) угтсан юм. Бид хоёрыг ярилцахад “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Соёлмаа тусалж, орчуулга хийж өглөө. Бид гурав дундаа Монголын газрын зураг, бал цаас, гар утас, Ч.Мөнгөндалайн тэмдэглэлийн дэвтэр, ноутбүүк тавиад эхний өдөр тасралтгүй гурван цаг ярилцлаа. Ч.Мөн­гөн­далай аяллынхаа зураг нэг бүрийг тайлбарлана. Орчуулагч бид хоёр яриад байгаа газрыг нь газрын зураг дээр хуруугаараа дарж, дэвтэр дээрээ тэмдэглэнэ. Дохиогоор ярьдаг хүний сэтгэл хөдлөл, гомдол, баяр бүгд нүүрэн дээр нь ил байх юм. Зарим үед бид гурвуулаа чанга гэгч нь инээцгээнэ. Хааяа үзэг шар, шархийхээс өөр чимээгүй нам гүм болчихно. Удаан ярилцахаар зарим үгийг нь орчуулагчгүйгээр ойлгох янзтай. Бидний яриан дунд “Чи чадна аа”, “Чи мундаг”, “Маш сайхан байсан”, “Амжилт хүсье” гэдэг үг олонтаа давтагдсан юм. Хоёр гараа чанга атгаад өргөвөл “Чи чадна”, гарынхаа араар хацраа доороос дээшээ илбэл “амжилт хүсье”, цээжээ цохивол “Маш сайхан байсан. Бахархсан” гэж байгааг нь ойлгодог болчихлоо. Ингээд түүний ярьснаар аян замын тэмдэглэлийг нь хүргэе. Бидэнд орчуулга хийж байгаа Л.Соёлмаад баярласнаа илэрхийлье.

“МОНГОЛ ОРНЫХОО САЙХНЫГ ХАРАХЫГ ХҮССЭН”

Ч.Мөнгөндалай багаасаа л аялах дуртай. Гэхдээ түүнд аялаад байх боломж байгаагүй. Барилгын коллежид сурч, анхны цалингаа авснаас хойш дугуй унаж, түүгээрээ аялах мөрөөдөл тээх болжээ. Хүссэн дугуйгаа ч авч. Монголын залуучуудын холбооны “Залуу дугуйчдын холбоо” клубт гишүүнээр элс­сэнээс хойш Монгол орноороо аялах мөрөөдөл нь илүү ойр санагдаж эхэлжээ. Клубийнх нь залуус түүний хувьд гэр бүл нь байлаа. Мөрөөдлөө холбооныхондоо хэлэхэд “Чи чадна аа” гэцгээж. Ч.Мөн­гөн­далай ч аяллаа хаанаас, хэзээ эхлэхээ судалж эхэлжээ. Хамгийн үзэсгэлэнтэй байгальтай гэж баруун аймгийг сонгосон гэнэ. Ярьж, сонсч чадахгүй учраас Монгол орныхоо сайхныг нү­дээрээ харахыг хүссэн нь тэр. Ингээд судалгаагаа хийж байтал дугуйгаа хулгайд алдчихаж. Клубийнхэн нь түүнд үнэтэй дугуй бэлэглэж, америк найз нь 100 мянган төгрөг хандивласнаас эхлээд түүнд маш олон хүн тусалсан. Төрсөн нутгийнх нь ах буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга 100 мянган төгрөг, “Compass” аяллын дэлгүүр майхан, “Атилла” клуб дугуйны сэлбэг хэрэгсэл өгсөн гээд тусалж дэмжсэн хүн маш олон. Спортын сэтгүүлчдийн холбоо түүний талаарх мэдээллийг олонд хүргэж, Монголын залуучуудын холбоо аяллынх нь ар талыг хариуцахаар болжээ. Ингээд “Нарантуул” захаас солих хувцас, борооны цув, аяны тогоо, цэвэр ус, боорцог, зэрэг ойр зуурын хэрэглээгээ бэлдэж ачаагаа баглачихав.

2013 оны зургадугаар сарын 7-ны өдөр Чингис хааныхаа хөшөөнд мөргөөд аяллаа эхэлжээ. Залуучуудын холбооныхон түүнийг 45 км дагаад буцав. Аяллаа эхлээд шөнөжин давхиад үүрээр Лүн сумын цайны газарт очиж амсхийжээ. Сэтгэл хөдөлж, маш хурдан давхиснаас болж нүд нь хавдаж, хөлийн булчин зангираад сүйд болж. Тэндээ гурилтай шөл идээд цааш хөдөлж. Зөрж өнгөрөх зарим машины жо­лооч цонхоороо “амжилт”, “сайн шүү”, “хичээгээрэй” гэж байгаагаа дохиогоороо илэрхийлнэ. Тэгэх бүрт сэтгэл нь хөдөлж, хурдан давхиснаас болж хөлийнх нь шөрмөс татчихна. Газар хэвтэж, хөл гараа гозогнуулж байгааг нь харсан жолооч нар хурдаа сааруулж ирээд гайхна. Засмал зам засч байгаа газар шороон замаар явахаар зөрж өнгөрсөн машины тоосонд булагдчихна. Элсэн тасархайд очоод байгалийн сайхныг биширснээ цээжээ цохиж ирээд илэрхийлэв. “Тэмээ, манхан, заг… Ямар гоо үзэсгэлэнтэй вэ”.

Давхисаар эхний суурин газар болох Хархоринд очиход хүмүүс хамт зургаа авахуулъя гээд тэр хавьдаа л бужигнаан болж. Гэр бү­лээ­рээ мотоцикльтой дав­хиж ирээд дугуйн дээр нь бөөгнөрч суугаад гэр бүлийн зураг авахуулав. Машинтай хүмүүс ирээд хамт зургаа авахуулчихаад facebook-тээ “Дугуйчин Мөнгөндалайтай тааралдав” гэж тавина. Зураг хамт авахуулсан хүн бүр хоол унд, ус ундаа өгнө. “Хоол идсэн, ус байгаа” гэж бичээд харуулсан ч “илүүдэхгүй. Аваад яв” гэцгээх аж. Хүний өгснийг хаялтай нь биш. Гэлээ гээд ачаад явахаар дугуй нь хагарчихвал яах билээ. “Од” байхын зовлон эхнээсээ мэдрэгдэж эхлэх нь тэр. Зарим хүн дугтуйтай мөнгө өгөхөөр нь үнэтэй чихэр (twix, самар, чипс) аваад үлдсэнийг нь хадгалчихаж.

ЭЭЖИЙН ЭНХРИЙЛЭЛ

Хархориноос цааш хөд­лөөд шороон замаар тоосонд булуулж явсаар Бат-Өлзий суманд ирэв. Тэр дунд бороонд цохиулж, даараад багахан зутарсныг эс тооцвол саадгүй Арвайхээрт очжээ. Тэнд Залуучуудын холбооны ажилтан, Ч.Мөнгөндалайн аяллын ар талыг хариуцаж байгаа Сансархүүгийн ээж бий. Тэднийд очоод найзынхаа зургийг хараад маш их санаснаа мэдэрчээ. Тэгэхдээ л “Нэг гэр бүлийнхэн холдохоороо нэгийгээ ийм их санадаг юм уу” гэж бодсон гэдэг. Найзынхаа ээжээр хар шөл хийлгэж идээд нам унтчихаж. Өглөө нь босоод явах гэтэл Сансархүүгийн ээж “Ийм ядруу царайтай яаж явах юм. Дахиад нэг хоно” гэж тас загнаад хонуулчихаж. Ээжийн энхрийлэлд хоёр хоносон хүн бөөн эрч хүчтэй гараад давхичихаж. Нар шарна гэж жигтэйхэн. Цэвэр усаараа толгойгоо шавшаад ч нэмэргүй. Малгайгаа норгоод хэдхэн минут болоод хатчихна. “Үнэтэй усаа дэмий үрэхгүй” гэж бодовч халуун нарыг яалтай билээ. Цайны газар таарахгүй болохоор ойролцоо айлд очно. Очсон айл бүр дайлж цайлаад “дугуйгаар яваад нуруу чинь өвдөж байгаа” гээд хоймрынхоо орон дээр унтуулах гэнэ. “Айлын хойморт унтах их ичмээр. Тэр их хүндэтгэлийг хүлээх эвгүй юм билээ” гэж ярилаа.

БОРООНД ЦОХИУЛЖ, ҮЕРТ БООГДОВ

Баянхонгор хүрэхэд 45 км дутуу байтал гэнэт мөндөр нүдээд эхэлж. Гялгар цаасаар ачаагаа баглачихаад, цуваа өмсөөд дугуйгаа жийж өгч. Урдах зам харагдахгүй. Нүүр нүдгүй мөндөр цохиод ухаан балартах шахам байж. Мөндөр ширүүн бороогоор үргэлжилж явахын аргагүй болжээ. Ашгүй, дэргэдүүр өнгөрсөн машин буцаж ирээд жолооч нь “Чамайг телевизээр харсан. Хичээгээрэй” гээд гар барихад бээрсэн гар нь салганаад ичмээр байсан гэнэ. Осгож үхэхийн даваан дээр Баянхонгорт хүрч зочид буудалд усанд орж байж амь оржээ. Зочид буудалд байхад нь залуучуудын холбооныхон ирж, дайлж цайлсныг ярихдаа сэтгэл нь ихэд хөдөлж байгаа бололтой байв. Баянхонгор сумын Засаг дарга Төмөрбаатар 70 мянган төгрөг хандивласныг дэвсгэрт нэг бүрээр нь дэл­гэж байгаад зургийг нь дарж facebook дээрээ тавьчихаж. Ч.Мөнгөндалайн нэрийн хуу­дас “Залуучуудын холбооны “Залуу дугуйчин клуб”-ийн гишүүн. Дугуйгаар 5500 км аялахаар 2013 оны зургадугаар сарын 7-нд Улаанбаатараас гарсан. Чи чадна аа” гэсэн дөрвөлжин цаас. Очсон газар бүртээ түүнийгээ үзүүлээд, бичиг цаасаар ойлголцчихно. Залуучуудын холбооныхон нь тосч аваад аймаг, сумын удирдлагуудтай уулзуулна. Хотод байгаа нөхдүүддээ хаана яваагаа мессежээр мэдэгдчихнэ. Замын сум, айм­гийн эмнэлэгт биеэ үзүүлээд дусал залгуулчихна. Ер нь зохион байгуулалт сайтай явсан нь тэр. Харин замд булчин нь чангарч, шөрмөс татах нь хамгийн том зовлон. Хурдтай явж байгаад зургадугаар сарын 24-нд шагайгаа гэмтээж, цаг алдсанаа харамсангуй ярив.

Баянхонгороос Говь-Алтай руу явах замдаа Байдрагийн гол гарахад бараг усгүй байж. Гол гараад цайны газар хоол идчихээд гараад иртэл хоёр талаар үерийн ус улаанаараа эргэлдээд буу­гаад ирж. Бараан үүл нүүгэлтээд байхаар нь яарч цайны газарт очиж аврагдсан нь тэр. Голын наана цайны газар, цаана нь хоёр айл. Тэр хоёр айл малаа авч чадахгүй, Ч.Мөнгөндалай аяллаа үргэлжлүүлж чадахгүй нэг өдөр үерт боогдож хоножээ. Хотоос баруун тийш явж байгаа, хот руугаа дөхөж яваа машинууд голын хоёр талд боогдчихсон. “Утасны сүлжээ ч барихгүй. Дэлгүүрт нь цөөн бараатай. Уйтгартай байсан” гэж ярихдаа байдгаараа ярвайх аж. Байдрагийн голын гүүр эвдрээд ус даваад гарчихсан. Үерийн усанд газрын хөрс идэгдээд ангал үүсчихсэн тун айхавтар гэрэл зургуудыг үзүүллээ.

Үерт боогдож хоносныхоо маргааш өглөө нь арай гэж гол гатлаад, замдаа ортол хөл доор чулуу нүүгээд байгаа мэт мэдрэмж төржээ. Тэгтэл яг хажуугаар нь үерийн ус бууж байж. Сонсохгүй болохоор яалтай билээ. Золтой үерт урсчихаагүй гэнэ. “Үхэхээсээ их айсан. Үер яг хажуугаар урсахаар, амжиж гарсандаа ёоё л гэж бодсон” гэж ярихдаа залбирах юм. Шаварт суугаад яахаа мэдэхээ больчихоод байж байтал гадаадын аялагчид ирж мотоциклиороо дугуйг нь чирч өгчээ.

Бууцагаан суманд очихдоо “wow” гэж дуу алджээ. “Шинэ сум” төсөл хэрэгжиж аймгийн төв шиг тохижсон байгааг хараад гайхамшигтай санагд­сан гэнэ. Сумын эмнэлэг нь хотын дүүргийн эмнэлгээс том харагдсан аж. Сумын төвөөрөө засмал замтай. Хү­мүүс бөөгнөрчихсөн баяр хийж байгаа бололтой байхаар нь манай хүн давхиад оччихож. Шинэ эмнэлгийн нээлтээ хийгээд сумынхан тэр чигээрээ зугаалж байсан нь тэр. Очсоныхоо дараа ичээд сүйд болж. “Би их нүүрэмгий. Өөрөө өөрийгөө уриад л яваад оччихож байгаа юм чинь” гэж яриад тас тас инээв. Тэнд байсан хүмүүс халчихсан болоод ч тэр үү, өөрийнх нь тухай мэдээлэл авсан уу угтаж аваад дайлж цайлж. Сүүлдээ ичихээ ч больж бүгдтэй нь зургаа татуулж, тэрүүхэндээ “од” болох нь тэр. Бүсгүйчүүд нь бүчиж аваад л зургаа татуулаад, зарим нь “Би хажууд нь зогсоно” гэж зүтгээд байхаар нь дахиад иччихэж. Үүнийгээ ярихдаа нүүрээ дараад сүйд. “Би борооноос зугтаад машинд суух гэхээр бүсгүйчүүд гаръя гээд…” гэж ярихдаа нүүр нь улайчихав.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Өвөл, хаваржилтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгаа гэв

ҮХААЯ-ны Мал бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунаас өвөл­жил­тийн бэлтгэл ажлын талаар дараахь тодруулгыг авлаа.

-Салбар яамны зүгээс өвлийг өнтэй давахын тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Энэ оны өвлийн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүх шатанд хангуулахаар Засгийн газрын 241 дүгээр тогтоол, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж ажиллалаа.

Энэ жил улсын хэмжээнд 142 мянга гаруй малчин өрхөд 49.5 сая мал өвөлжилнө гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа. Эдгээрээс 18 мянгаад өрхийн долоон сая шахам мал аймаг, сум дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт отроор өвөлжиж, хаваржих тул салбар яамны зүгээс энэ талын зохион байгуулалтуудыг хийгээд байна.

-Малчид хадлан, тэжээлээ хэр бэлтгэсэн бол?

-Малчид маань өөрсдөө 1.2 сая тн хадлангийн өвс бэлтгэсэн байна. Түүнчлэн 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээлийг ч бэлтгэж аваад байгаа. Харин үйлдвэрүүдийн хувьд 30 мянга шахам тн тэжээл бэлтгэжээ. Энэ бүхэн нь яамнаас тавьсан төлөвлөгөөний 93 хувь нь биелэгдсэн гэсэн үг юм.

Засгийн газрын дээрх тогтоолоор аймаг, сумдад аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгаврыг мөн өгсөн. Гэтэл энэ даалгаврын дагуу аймгууд өвсний нөөцөө сайн бүрдүүлсэн атлаа тэжээлийн нөөцөө хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлт гараад байгаа. Тодруулбал, хадлан бэлтгэх даалгавар 95 хувиар биелсэн бол тэжээл бэлтгэх даалгавар ердөө 66 хувьтай байгаа юм.

Хангалтгүй биелүүлсэн аймгуудын хувьд хэрэв цаг хүндэрвэл аймгийнхаа нөөц хөрөнгөд бэлэн мөнгө байршуулсан тул энэ тал дээр асуудалгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр эрсдлийн сан бүрдүүлсэн аймгууд өвөлжилт хүндэрвэл хадлан сайн бэлтгэсэн аймгуудаасаа өвс, тэжээл авах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд гэхэд 42 сая төгрөг, Архангай 50 сая, Хөвсгөл гурван сая төгрөгийг тус тус эрсдлийн сандаа байршуулсан гэсэн мэдээлэл өгч байгаа.

-Нийт малын тарга тэвээрэг ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд малын тарга тэвээрэг харьцангуй сайн байгаа. Өнгөрсөн зуны тухайд улсын хөрөнгөөр 1100 гаруй худаг гаргасан. Энэ нь 1.5 сая га бэлчээр, 3.5 сая малын усан хангамжийг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр худаг гаргасан аймгуудын малын тарга тэвээрэгт нэг талаар нөлөөлсөн гэж үзэж байгаа. Мөн бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг есөн аймгийн 540 мянган га талбайд, царцаатай тэмцэх ажлыг дөрвөн аймгийн 112 мянган га-д хийсэн. Ингэснээр 652 мянган га бэлчээрийг эргэлтэд оруулсан нь дээрх аймгуудын малын таргалалтад үлэмж нөлөөлсөн.

Ер нь энэ жилийн өвөл­жилт, хаваржилтын бэлтгэл ажлыг дүгнэн хэлбэл 90 гаруй хувьтай байгаа. Үүнийг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэн гаргадаг юм.

ЦАС АХИУ ОРЖ, ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Цаг, уур орчны шинжил­гээний газраас мэдээлж буйгаар энэ өвөл буюу хүйтний улирлын эхний саруудад төвийн болон зүүн, говийн нутгийн зүүн өмнөд хэсэгт Их нууруудын хотгороор олон жилийн дунджаас ахиу цастай байх ажээ. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм байна.

Агаарын температурын хувьд улирлын эхээр нутгийн баруун хойд хэсэг болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаас 0.5-1 градусын дулаантай байна.

Энэ сарын тухайд олон жилийн дунджаас ахиу хур тунадас нийт нутгаар жигд орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Түүнчлэн ирэх оны эхээр ч ийм төлөв ажиглагдаж буй гэнэ. Гэхдээ Төвийн нутгийн ихэнх Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр дундаж хэмжээний хур тунадас орох юм байна.

Температурын хувьд харилцан адилгүй байх аж. Тухайлбал, нутгийн баруун хагас, говийн нутгаар дулаан байх төлөвтэй байгаа бол Увс, Завхан Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй гарчээ.

Харин өвлийн төгсгөл, хаврын эхэн сар буюу хоёр, гуравдугаар сард температур дундаж байх гэнэ. Гэхдээ зарим аймаг буюу Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн урд хэсэг, Дорнод аймгийн нутгуудаар өмнөх жилүүдийнхээс дулаахан байна. Харин Их нууруудын хотгор олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.

Энэ хугацаанд орох хур тунадасны хувьд мөн л өвөлтэйгээ ижил ахиу орох төлөвтэй байгаа юм. Ингэхдээ нутгийн баруун хагас болон зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Мэргэжлийн байгууллагын гаргаж буй мэдээллээр цас ахиу орох аймгууд ялангуяа зуны бэлчээрийн даац багтаамжаас харахад нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж. Тиймээс хадлан тэжээл татаж авах, отор нүүдэл хийх ажлыг цасан бүрхүүл тогтох, даваа хаагдах, их хүйтрэхээс өмнө өвлийн бэлтгэл ажлаа сайтар хангах шаардлагатай байгааг онцгойлон анхааруулж байна.

Т.ГЭРЭЛ

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Америкийн Монголчууд Их эзэн Чингис хаанаа 27 дахь удаагаа тахилаа

ЧИНГИС ХААНЫ ТАХИЛГА АНУ-Д ИРСЭН НЬ

Хорьдугаар зууныг хүртэл монголчууд их эзэн Чингис хаанаа тогтсон дэг уламжлалынхаа дагуу тахисаар иржээ. Монгол нутгийн урд хязгаар болсон Ордос нутгийн Эзэн хорооноо энэхүү тахилгыг үйлдэнэ. Тахилгыг жилд дөрвөн удаа, улирал бүрд, билгийн гуравдугаар сарын 21-ний өдөр хийдэг уламжлалтай. АНУ-д энэхүү тахилгын зан үйлийг авчирсан Хангин Гомбожав гуай 1947 онд Хятадад коммунист засаг тогтсоноор, ялангуяа 1954 онд Алтан Ганжир байгуулан, эд өлөг, соёлын бүхий л зүйлийг нэг дор байрлуулснаар жинхэнэ зан үйл нь байхгүй болсон хэмээн үздэг юм билээ. Нэг үгээр бол тайлга, тахилгыг чухам удирдан явуулдаг Дархад монголчуудын мэдлийн асуудал биш болсон гэсэн үг.

Тусгаар тогтносон манай Монголд бол байдал бүр хэцүү байв. Тахих нь байтугай магтан сайшааж ч болдоггүй үе байсан билээ. Тэр цагт буюу 1986 онд Индианагийн их сургуулийн монгол хэлний багш Хангин Гомбожав гуай эх нутгаасаа гарсаар 40 жил болсны дараа анх удаа Эзэн Хороондоо очжээ. Гомбожав гуайн овог болох Хангин нь Ри багшийн тэмдэглэн үлдээснээр бол Ордосыг бүрдүүлэгч долоон аймгийн нэг (Даруй Далд, Зүүн гар, Хангин, Ван, Засаг, Үүшин, Нутаг), мөн Чингис хааны шүтээнийг харж хадгалж байхаар томилсон Дархад нэрт 1000 өрх айл байсны нэг гол сурвалжит (жонон цолт) овог нь байжээ. Тийм ч учраас Хангин Гомбожав гуай нутагтаа очуутаа Чингис хааныг тахих өв уламжлалаа судлан сурвалжилж, баримт бичиг, тэмдэглэл зэргийг АНУ-д авчирсан байна. Ирээдүйд улс төр хэмээх яаж ч хөрвөсөн бай, АНУ-д дэлхий даяарх монголчууд цуглан Чингис хаанаа чөлөөтэй тахисаар байх боломжтой гэдгийг зөгнөн харж чадсаны учир тэрбээр Цорж лам, Лувсан Хиёод нартай хамтран Америкийн Монголчуудын Соёлын Холбоог үүсгэн байгуулж, Чингис хааны тахилгыг эртний уламжлал ёсоор нь үйлдсэн аж. Гэхдээ бас АНУ-д хийж байгааг нь бодолцон, бага зэрэг нэмэлт засвар оруулсан байна.

ЕСӨН ЯМТАН-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ

Бидний хэсэг нөхөд Чингис хааны уламжлалт 27 дахь удаагийн тахилгад ороцохоор Нью – Жерси мужийн Принстон хотыг зорилоо. 11 сарын 8-ны өдөр. 27 дахь гэдэг нь АНУ-д тахиж эхэлсээр 27 шүү дээ. Өмнө өгүүлсэн Хангин Гомбожав гуайн Эзэн хорооноос авчирсан зан үйлийн дагуу болдог тахил л даа.

Тахилыг “Есөн ямтан” гүйцэтгэдэг юм байна. Есүүл өөр өөрийн нэр цолтой, хүлээсэн үүрэгтэй аж. Үүнд, Жонон, Хонжин, Тайш, Тайбуу, Хөх, Манлай, Тууль, Хасага, Чэрби гэх агаад Хөх нь Их эзэнд зул өргөсөн бол Тууль нь сархад барих гэх мэтээр тус тусын ёслолыг гүйцэтгэдэг, ингэхдээ бүгд өөр өөрийн хэлдэг үгтэй аж. Тухайлбал хамгийн эхэнд Жонон “Жээ, Богд Чингисийн минь зохиосон Бүгд Монголын зан журам минь” хэмээхэд үлдсэн найман ямтан бүгд зэргээр “Жээ, байжухуй” хэмээнэ. Үйлдсэн зан үйл бүрийг энд нэгд нэгэнгүй тайлбарлавал хэвлэлийн сурвалжилга биш угсаатны зүйн тэмдэглэл болчихын учир дараа өөр газар бичихээр амлаад цааш нь үргэлжлүүлье.

Тахилгыг зохион байгуулагчид дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа аль болох татан оролцуулахыг хичээсний илрэл нь есөн ямтаны угсаатны бүрэлдэхүүн байлаа. Тухайлбал, Жонон, Хөх, Хонжин, Тууль нар нь Өвөр Монгол, Тайбуу нь Буриад, Тайш нь Тува, Чэрби нь Халимаг, Хасага нь Хазара, Манлай нь Тусгаар Монгол улсаас ирэгсэд байсан юм.

ГҮНЗИЙН ХҮРЭЭЛЭН ГЭЖ БАЙДАГ ШИГ ЧИНГИСИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Үүний дараа тархан суурьшсан монголчуудын төлөөлөл үг хэлэв. Хазара Монголчуудыг төлөөлөн түүхч Ишак Мохаммади, Халимаг Монголчуудыг төлөөлөн “Билгийн далай” төвийн судлаач Цэцэн Надбитов, Тува иргэдийг төлөөлөн Андрей Кужугет үг хэллээ. Өвөр Монголчуудын төлөөлөл болсон зохиолч Б.Түмэн -Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад дахь монголчуудаа нутагтаа ирэх уриалга гаргасан боловч яг өнөөгийн нөхцөлд улс төрийн боломж нь бүрдээгүй байгааг онцлов. Буриад Монголын эрдэмтэн Владимир Хамутаев Хятадын Гүнзийн Хүрээлэн дэлхий даяар Хятад соёлыг түгээж байдгийг дурдаад үүн шиг монголчууд бид “Чингисийн хүрээлэн”-г үүтгэж, хэл соёлоо түгээн дэлгэрүүлж явах ёстойг өгүүллээ. Миний бие эцэст нь тусгаар Монгол улсаа төлөөлөн мэндчилгээ хүргэхдээ Нармай Монгол үзэл улс төрийн хувьд биелэх боломжгүй ч оюун санаанд хил хязгаар гэж байдаггүйг, мөн дэлхий даяар тархсан олон монголчуудыг нэгтгэх үзэл санааны цөм нь хэл, соёл, шашин гэхээсээ илүүтэй Чингис хаан болж буйг дурдлаа.

ОНГОД ОРШДОГ УУ,

СҮНС БАЙДАГ УУ?

Тахилгын үеэр судлаач нар мөн илтгэл тавив. Профессор Николас Гайер Хазара нарыг шашных нь хувьд гадуурхан хэрхэн хөнөөсөөр ирсэн тухай тайлагнасан бол Массачусеттсийн Технологийн Хүрэээлэн (MIT) хэмээх нэртэй сургуульд хичээл зааж буй багш Буяндэлгэрийн Мандухай буриадууд бөө дээр яагаад очдог, бөөд хонио өргөснийхөө хариуд чухам юу хүлээн авдаг талаар сонирхолтой илтгэлээ. Тэрбээр орон нутагт очиж, бөөлөх ёслолыг нүдээр үзэн судалсныхаа эцэст онгод сүнс хэмээгч буусан үедээ болж өнгөрсөн түүхийг хэлдэг, сануулдгийг, жишээлбэл гучаад оны их хэлмэгдүүлэлтийг өгүүлж байсан нэгэн онгодын тухай яриад үнэхээр онгод байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ өнгөрсөн явдлыг ийнхүү өгүүлж буй нь мартсаныг сануулах, болж өнгөрснийг ном сонинд бичсэнээс өөрөөр хэлж өгөх ач холбогдолтой, тэр бүгдийг цуглуулаад байвал нэг сонин дүр зураг гарч ирэх боломжтойг ярив. Өөрөөр хэлбэл сүнс онгод гээч болж өнгөрснийг эргэн санах дуртгал хэлбэрээр оршдог гэсэн үг. Ингээд Мандухай буриадуудыг бөөд өргөсөн хониныхоо хариуд эрүүл мэнд, эд баялаг, амжилт гэхээсээ илүү аман түүх, домог сэлтийг хүлээн авдаг хэмээн дүгнэлээ.

НАРМАЙ МОНГОЛ ТОГЛОЛТ

Илтгэлийн дараа газар газрын монголчууд авьяас чадлаа үзүүлэн, ёстой л нөгөө “өвдөг газрыг өлчиртөл” бүжиглэн наадав. Вашингтон Хотын Монгол Сургуулийн хүүхдүүд Дашмагт, Ботго, Шигшрэгт, Цаатан, Уургатай адуучин бүжгүүдээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Буриад дуучин Аюуша, Дарина хоёр хурсан олныг уриалан дуудаж ёохор хатируулав. Тэр хоёр мөн “Түрүүшын дуран” хэмээх сайхан дуугаа өргөлөө. 17 настай Роберт гэж багашаархан америк залуу тува нараас хөөмий сурснаа үзүүлэв. Халимаг Монголчуудын “Орон нутаг” хэмээх хамтлаг дуу, бүжиг, хөөмий бүхий бүтэн тоглолт сонирхууллаа. Манай тусгаар Монгол улсын төлөөлөл мэргэжлийн жүжигчид учраас үнэхээр ялгарч байв. Дуучин Эрдэнэбатын Саран, Батчулууны Дэлгэрмаа, морин хуурч Хатанболд нар Хэлхээ аялгуу, Икэлийн аялгуу, Аягатай бүжиг, Үелзүүр, Монголын тал нутаг зэрэг аялгуу, дуу бүжгээрээ хурсан олон монголчуудын цөсийг хөөргөж, Чингис хаан хэмээх их өвгөөрөө бахархах сэтгэлийг нь бадраасан билээ.

ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭД ӨГЛӨГ ИЛГЭЭВ

Их эзэн Чингис хаанаа тайна, тахина гэдэг бол зүгээр нэг “саглагар модны доор найрладгийг” нь дуурайх төдий хэрэг биш, үйл хэрэг, үзэл бодлыг нь үргэлжлүүлэхийн нэр билээ. Өнчдийг асрах, ядуусыгг тойлох хааны бодлогыг Америкийн Монголчууд бас үл мартан үйлдэж, Монгол дахь Асрамжийн газарт хандив илгээх зорилгоор уран зургийн дуудлага худалдаа зохион байгууллаа. Худалдааг зохион байгуулсан Чимид Энхээ, Палжий нар уран зургуудыг дуудлагаар авсан мөнгө ямар нэг шимтгэл хуваарилалтгүйгээр 100 хувь Монгол дахь асрамжийн газарт хүрнэ гэдгийг онцлон хэлж байлаа. Арваад зураг дуудлагаар худалдсаны дотор Ардын зураач Амгалан гуайн гурван ч бүтээл байв. Худалдааг зохион байгуулагчдын хувийн цуглуулга ажээ.

Мундаг өрсөлдөөн болно хэмээн бодож байсан боловч тэгсэнгүй. Өрсөлдөөн өрнөсөнгүй гэсэн нь зургууд үнэд хүрсэнгүй гэсэн үг биш л дээ. Давид Содбинов гэж Принстоны их сургуульд ажилладаг халимаг эр дуудсан зураг бүрийн үнийг зуу зуугаар нэмэн, өрсөлдөгч гарч ирсэн тохиолдол бүрд хоёр, гурван зуугаар нэмж дуудсаар бүх зургийг авчихдаг юм байна. Доод тал нь 1000, дээд тал нь 5000 хүрсэн тэр бүх хөрөнгө Монголын өнчин хүүхдүүдэд хүрнэ гэж бодохоор бас л буянтай үйл хийлээ дээ, Давид Содбинов гуай.

Ийнхүү Америкийн монголчууд их эзэн Чингис хаанаа 27 дахь удаагаа тахилаа. Өнгөрсөн энэ бүх үйл ажиллагаа, зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний голыг Санж Алтан гуай нуруун дээрээ үүрсээр иржээ. Түүний нас өндөр болж, их ажилд түүртэн чилээрхэх болж. Тиймээс дараа жилээс тахилгыг Америкийн Монголчуудын Соёлын Холбоо бус, шинээр буй болох Чингис Хааны Дуртгалын Сан хэмээх байгууллага үргэлжлүүлэн хийж байхаар шийдвэрлэлээ.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь

тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Т.ӨСӨХБААТАР