Categories
мэдээ улс-төр

20,9 км замын ажлыг гүйцэтгэх санамж бичиг байгуулав

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанийн дэд ерөнхийлөгч Ху Фан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын нэр хүнд бүхий CRCC төрийн өмчит компани Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж, Баянзүрхийн товчооноос Налайхын чиглэлийн 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дахь 288 метр гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэхүү компани нь нийслэлийн орон сууцны барилга угсралтын ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Та бүхнийг нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж байгаад талархаж байна. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн эхлэл бөгөөд цаашид олон төсөл дээр Та бүхэнтэй харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийн эцсийн хэлэлцүүлэг болно

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу нийслэл ирэх оны оныхоо төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хоёр хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу төсвийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар хийж, нийслэлийн ИТХ-ын хороод, намын бүлгүүдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдөр хийх бөгөөд төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийг хэлэлцэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25 хувь байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэмжилт хийлээ

“Өдрийн сонин”-ы байрны хойно барьж буй “Астра интернэйшнл” компанийн үйлчилгээ, орон сууцны зориулалттай “Астра бьюлдинг” барилгыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу баригдаж байгаа эсэхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шалгалаа. Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт тус газрын геодезийн инженер С.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг ирж, барилга хоорондын зайг хэмжлээ. Тус ажлын хэсгийн албан дүн буюу барилга хоорондын зай нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон 8.4 метр байгааг хянан нягталж байгаа юм. Уг ажлын хэсгийнхний хэмжилтийн дүн өнөөдөр гарах бөгөөд хариуг дүүргийн ерөнхий архитекторчид өгнө. Улмаар дүүргийн архитекторч дээрх хоёр байгууллагын хүчин төгөлдөр хэмжилтийн дүнд дүгнэлт хийж, “Астра бьюлдинг” барилгыг буулгах ажлыг албан ёсоор эхлүүлэх учиртай билээ.

Үйл явдлыг эргэн сануулахад, өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн VIII хороо буюу “Өдрийн сонин”- байрны хойд талд “Астра интернэйшнл” компани арван гурван давхар өндөр барилга барьж эхэлсэн. Энэ нь “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн нар харах эрх чөлөөг зөрчөөд зогсохгүй, бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах гэсэн Үндсэн хуульд заасан эрхийг зөрчөөд байгаа юм.

Тиймээс манай сонины зүгээс “Астра интернэйшнл” компанийн уг барилга хуулийн дагуу баригдаж байгаа эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт “Иргэн С.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн VIII хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 64 айлын нэг блок орон сууцны барилгын угсралтын зураг төсөл нь зөрчилтэй” байгааг шалгалтаар тогтоосон тухайгаа бичиж ирүүлсэн юм. Улмаар зураг төслийн зөрчлийг арваннэгдүгээр сарын 31-ний дотор арилгуулах үүргийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мөн өгсөн юм. Тиймээс уг бичгийн дагуу давтан хэмжилт хийсэн нь энэ билээ.

Дашрамд хэлэхэд, дээрх албан бичигт зураг төсөл нь зөрчилтэй байгааг мэргэжлийн байгууллага албан ёсоор шалгаснаа хэлсэн. Зөрчил арилгана гэдэг зургаа дахин зурах, улмаар дахин шинээр барилга барина гэсэн үг билээ. Мэргэжлийн хяналтын газраас шалгасан нь дараагийн шалгалтаар ч мөн нэгэн адил гарах нь тодорхой тул “Астра бьюлдинг”-ийн барилгыг нураах асуудал тун удахгүй яригдах нь.

Т.ГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Резиний үйлдвэр ажиллаж эхэллээ

Түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Мэйнспринг ХХК-ийн түүхий резиний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ Эрдэнэт хотод болжээ. Энэ үйлдвэр Монгол улсын хамгийн анхны түүхий резиний үйлдвэр болж байгаа юм байна. Манай улс одоогоор Хятад, Орос зэрэг орнуудаас түүхий резинийг голлон импортлодог. Үйлдвэр нээгдсэнээр эхний ээлжинд Эрдэнэт хотын түүхий резиний хэрэглээг бүрэн хангаж цаашид өргөжин тэлэх бүрэн боломжтой аж. Түүхий резиний үйлдвэр нь Тайвань улсаас оруулж ирсэн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Түүхий эд болох каучукийг Вьетнамаас оруулж ирдэг юм байна. Цэвэр каучукаар хийж байгаа учраас тус үйлдвэрийн түүхий резин нь импортоор оруулж ирдэг резин болон резинэн бүтээгдэхүүнээс илүү чанартай аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Лондонд “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулагдав

ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотноо 2014 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр уул уурхайн Англо-Американ компанийн төв байранд “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт болов. Монгол-Британийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан тус уулзалтад Британийн хөрөнгө оруулагчид, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд, Британи дахь Монголчуудын Холбооны гишүүд, Элчин сайд Н.Тулга болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид оролцов. Тус арга хэмжээний үеэр Англо-Американ компанийн Монгол дахь төлөөлөгч Грэм Хэнкок, Сандерланд /Sunderland University/ их сургуулийн Бизнес хөгжлий менежер Жорж Хант, Чевнингийн сангийн магистрын тэтгэлэгт оюутан, бие даасан судлаач Ч. Эрдэнэдалай, Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбооны гишүүн Жэйн Айзакс, Австралийн Парламентын гишүүн асан Кэрстен Ливермур нар Монгол Улсын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, бизнесийн орчин, боломжуудын талаар тус тус танилцуулга хийв.

Англо Американ компанийн Монгол дахь төлөөлөгч Грэм Хэнкок хийсэн танилцуулгадаа Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахад хялбар боловч хууль эрх зүйн тогтворгүй байдал, гэрээ хэлэлцээрийг чанд мөрдөхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад бэрхшээл үүсгэдэг тухай дурдав. Мөн тэрээр Англо Американ компани нь Монгол Улсын уул уурхайн аж үйлдвэр, бизнесийн орчны талаар мэдээ мэдээлэл авах, Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоох, ирээдүйн боломжийг тодорхойлох, зэсийн хайгуулын төсөлд үнэлгээ хийх, хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бэлтгэл ажлыг хангах зэрэг ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухайгаа ярив.

Сандерланд Их сургуулийн бизнес хөгжлийн менежер Жорж Хант Монгол улсад чанартай боловсролын хэрэгцээ шаардлага их байдаг тухай болоод түүнд хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж байгаа талаар ярив. Тус сургуульд 2014 онд Монголоос 2 оюутан сурч байгаа, 2015 онд 5 оюутан сургахаар төлөвлөж байгаа юм байна. Британи Улс жилдээ 17 тэрбум фунт стерлингийн ашгийг боловсролын салбараас олдог ба жил бүр 300,000 гадаадын оюутан тус улсад суралцдаг гэв.

Бие даасан судлаач Ч.Эрдэнэдалай Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн бодлоо толилуулав. Өнөөгийн эдийн засгийн бууралтын шалтгааныг 2008-2009 онуудад үүссэн нөхцөл байдалтай харьцуулан шинжилж, цаашдаа эдийн засгийн өсөлтийн хэвийн нөхцлийг хангахад засаглалын тогтвортой байдал чухал байгааг онцлов.

Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбооны гишүүн Жэйн Айзакс нь Монгол Улсад 2014 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Mongolia Mining-2014” олон улсын үзэсгэлэнд оролцож, тэнд ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, мэдээ мэдээлэл авах, цаашдын бизнес боломжийг тодорхойлох зэрэг зорилготой байсан тухайгаа ярив. Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбоо нь 1978 онд байгуулагдсан ба тус холбооны гишүүд болох 32 компани нь жилд 1 тэрбум фунт стерлингийн уул уурхайн тоног төхөөрөмжийг экспортлодог байна.

Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж буурсан ч эрдэс, ашигт малтмалын арвин их баялагтай Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай ажиллах боломж их байгааг Британийн компанийн төлөөлөгчид онцлов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн ханиад ба түшмэдийн ордон

Гадуур хүүхдийн ханиад их байна. Зүгээр ч их байгаа юм биш. Бүүр хавтайгайдаа “хиярчихаад” байна. Үүний баталгаа нь хүүхэд хэвтэж эмчлүүлэх эмнэлэгэ олдохгүй байгаа байдал юм. Аль ч дүүргийн хүүхдийн эмнэлэгт очсон ор байхгүй гээд буцааж байна. Ганц ортой эмнэлэгэ байгаа нь Гранд мед эмнэлэг. Гэвч энэ эмнэлэгийн орны төлбөр нэг хоногт 180,0 мянга байгаа нь энгийн иргэдэд ахдсан үнэ аж. Тийм ч учраас энэ эмнэлэгт бөөнөөрөө хэвтэх, шал таазаар зулах гэсэн зүйл алга. Бусад хүүхдийн эмнэлгүүдэд орохоос зүрх үхэм дүр зураг угтаж авна. Яг л дайны үеийн бөмөгдөлтөөс нуугдах хорогдох байранд байгаа адил. Эмнэлгийн ор дуусаад шалаар дүүрэн зулж, одоо кридороор нэг нялххан үрс маань зулаастай байна. Харин дүүргийн дарга болон түүнээс доош хотын түшмэдүүд арав хорин давхар ордоныхоо хөл бөмбөгийн талбай шиг “давчуу” өрөөндөө уйтгартайхан шиг холхиж байгаа биз ээ. Тэднийг юм ярихлаар дуу нь цуурайтан зовоож байгаа гэх бөгөөд ихэнх өрөөнүүдээ төсвийн мөнгөөр доторлох тухай хэлэлцэж байгаа гэх. Энэ үүлэнд тулам тансаг гантиг ордуудыг татвар төлөгчдийн мөнгөөр барьж босгосон. Харин түшмэдүүд татвар төлөгч ард түмэнд зориулж сүүлийн хорин жилд ганц хүүхдийн эмнэлэг болон цэцэрлэг барьж өгсөнгүй. Монголчуудын амьдрал, монголчуудын төр барих ухаан, бас монгол түшмэдүүдийн зан авир ийм л байна даа.

Categories
мэдээ нийгэм

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын зар

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийн материалыг Засгийн газар(хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;

“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 264093, 264413 утсаар холбогдож лавлагаа авч болно.

Categories
мэдээ нийгэм

Дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажил өрнөж буй.

Нийтдээ таван дүүргийн таван байршилд 12.911 иргэн цахим хэлбэрээр газар өмчлөн аваад байгаа аж. Харин цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харьяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй байна. Ийм шалтгаанаар эдгээр иргэдийн сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож, сонгогдоогүй иргэдийн дунд дахин цахим системээр сонголт хийжээ. Дахин сонголт явуулж өргөдөл хүлээн авах хугацааг олон нийтэд зарласнаас хойш дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба цөөнгүй өргөдлийг хүлээн авч байгаа боловч иргэдийн оролцоо сул байгаа гэнэ. Тиймээс сонгогдсон иргэд идэвхтэй оролцохоос гадна сонгогдсон эсэхээ мэдэхийн тулд иргэд www.umch.ub.gov.mn цахим хуудаснаас “Газар өмчлөлийн цахим системээр сонгогдсон эсэхээ шалгах хайлтын систем” гэсэн цонх руу орж регистрийн дугаараа оруулж шалгах боломжтой юм байна. Дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна гэж нийслэлийнхэн мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барина

Монгол Улсын хэмжээнд нийт 96 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 10.869 нь 0-18 насны хүүхэд байгаа юм. Мөн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь амьжиргааны түвшинээс доогуур орлоготой амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт бий. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулсанаар хөгжлийн бэрхшээлийн бүх хэлбэрийг эрт үед нь оношлох, илрүүлж хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Ингэснээр сургуулийн өмнөх болон их дээд сургуульд суралцах, нийгмийн амьдралд жирийн иргэдтэй ижил тэгш оролцох, ажилтай орлоготой болсноор ядуурал буурна гэж үзэж байгаа.

Тэгвэл өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын иж бүрэн зураг зохиох, тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны багийн ахлагч IPPR олон улсын инженерийн компанийн төлөөлөгч Шен Ган нар барилгын зураг төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хөгжлийн төв ашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн гишүүд, хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл ч үйлчүүлэх боломж нээлттэй байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээ хийдэг, сурган хүмүүжүүлэгч, боловсон хүчин бэлтгэх бүх төрлийн сургалтыг тус төвд зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал гэрээг үзэглэх үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэл засал, бие засал, сэргээн заслыг хөгжүүлэх чиглэлийн үйлчилгээг цогцоор нь авах боломж бүрдсэн, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хөгжлийн төвийн барилгыг барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй уг барилгын ажлыг хүлээлгэн өгөх БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн үсэглэсэн гэрээний хүрээнд хөгжлийн төвийн барилга товлосон хугацаа буюу 2018 онд багтаж ашиглалтад орно гэдэгт итгэж байна” гэдгээ илэрхийлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвөөр үйлчлүүлсэн иргэд бүхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр, хүүхэд бүр талархсан, тэдэнд хөгжлийн болон амьдралын итгэл төрсөн үйлчилгээний цогцолбор байна гэдгийг ч онцолсон юм.