Categories
мэдээ нийгэм

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг иргэд сонирхож байгаа гэв

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний хэрэгжилт сайн байгаа аж. Энэ оны хоёрдугаар сараас эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бүрдсэн юм. Үүнээс хойш улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эвлэрүүлэн зуучлалд ханджээ. Өнөөдрийн байлаар анхан шатны 33 шүүхэд 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа аж. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа шийдүүлсэнээр шүүхийн ачаалал төдий чинээ багасч байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Дээрх иргэдийн талаас илүү нь хэрэг маргаанаа шийдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осгож нас барсан байжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт архи хэтрүүлэн хэрэглэсэн 50-55 насны эрэгтэй хүн өнгөрсөн шөнө осгож нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагынхан нас барсан хүнийг олсон бөгөөд хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрч байгаа учраас архи ууж, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон хүнтэй таарсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж туслахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

2.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжив

Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай явагдах Засгийн газрын үнэт цасны арилжаанд, 2.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 26.816 ширхэг хувьцаа худалдан авах захиалга иржээ. Тус үнэт цаасыг жилийн 15.96 хувийн өгөөжтэй худалдах юм. Дээрх саналыг Сангийн яамны зүгээс 100 хувь нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд оролцсон байна.

Categories
гадаад мэдээ

Либери эболагийн халдвараар тэргүүлж байна

Гвиней, Либери, Сьерра-Леоне орнуудад Эболагийн вирусийн улмаас нас барагчдын тоо нь өвчин дэгдэж эхэлснээс хойш 6928 хүн болжээ. Либери улс халдвартай хүмүүсийнхээ тоогоор тэргүүлж байгаа аж. Энэ улсад аюулт эбологаар 4181 хүн нас баржээ. Сьерра-Леоне улсад 6802 халдвар гарч, 1463 нь нас барсан статистик байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд тусгай зориулалтаар 40 угалз, 60 тэх агнана

Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар 2015 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрээр тусгай зориулалтаар 15 аймгийн 40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн угалз 40, тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар тогтож байна.

2015 онд ан амьтны нөөц ашигласны төлбөр 2,1 тэрбум төгрөг орон нутагт төвлөрөх бөгөөд түүний 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах, ан амьтан өсгөн үржүүлэх, хөв цөөрөм бий болгох, бэлчээр сэргээх зэрэг ажилд зарцуулах журамтай.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийн менежментийг 11 аж ахуйн нэгж, байгаль хамгаалах иргэдийн хоёр холбоо, 10 нөхөрлөл, орон нутгийн зургаан ТББ хариуцан ажиллаж байна.

Ан амьтны хуулийн хүрээнд ан амьтныг хамгаалах, үржүүлэх менежментийн төлөвлөгөөг нутгийн иргэд, аж ахуйг түшиглэн хийснээр сүүлийн жилд зэрлэг ан амьтны тоо толгой өсч байгаа бөгөөд одоогоор нийт 6000 гаруй аргал угалз, 12000 орчим янгир ямаа тоологджээ.

Categories
гадаад мэдээ

“Хар баасан” гаригаар америкчууд есөн тэрбум доллар үржээ

“Хар баасан” гаригийн худалдаагаар америкчууд есөн тэрбум ам.долларыг худалдаанд зарцуулсан гэж Associated Press агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс долоон хувиар бага аж. Америкчуудын ихэнх “Талархлын өдөр”-ийг гэртээ, гэр бүлийн хамт өнгөрөөсөн байна. Худалдааны ашиг бууснаас зарим худалдагчид дэлгүүрийнхээ ажлын хуваарийг уртасгасан байжээ. Хар баасан гаригаар интернэтийн худалдаа 22 хувиар өссөн байна.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Турк улсад айлчилж байна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид өчигдрөөс эхлэн хоёр өдөр Бүгд Найрамдах Турк улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцаж байна. Тус улсын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар уулзалт хийж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийв.

Мөн шүүхийн зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шүүхийн шинэчлэлийн талаарх туршлага судлах тухай ярилцжээ. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Туркийн Хууль зүйн академид зочилж, хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Уг баримт бичигт жил бүр Монголын 40-өөс доошгүй шүүгчдийг Туркийн Хууль зүйн академийн сургалтанд хамруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох, техникийн туслалцаа үзүүлэх талаар тусгажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээхүрэн, Гашуунсухайтын нүүрсний экспорт эрс өсчээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор 11 дүгээр сард экспортонд гарсан нүүрсний хэмжээ өнгөрөгч аравдугаар сарынхаас эрс нэмэгджээ. Аравдугаар сард Шивээхүрэнгийн боомтоор 10.812 машинаар тээвэрлэсэн 531.7 мянган тонн нүүрс гарсан байна. Харин 11 дүгээр сард 20.699 машинд ачсан 927 мянган тонн нүүрс экспортолж, бараг хоёр дахин өссөн статистик гарчээ. Гашуунсухайтын боомтоор өнгөрөгч 10 дугаар сард 7482 машин бүхий 827 мянган тонн нүүрс хил нэвтэрчээ. Энэ боомтоор 11 дүгээр сард 10 230 машин буюу нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гарч 26 хувиар өссөн дүн мэдээ байна.

Categories
мэдээ нийгэм

Прокурорууд олон улсын хуралд оролцоод иржээ

Улсын Ерөнхий Прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Цэцэгмаа нар 2014 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Куба Улсын нийслэл Гавана хотод “Эрүүгийн эрх зүй – 2014″ сэдвийн дор зохиогдсон олон улсын хуралд оролцоод ирлээ.

Уг хуралд дэлхийн 20 гаруй орны 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд УЕПГ-ын хяналтын прокурор Г.Цэцэгмаа “Компанийн эрүүгийн эрх зүйн хариуцлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүжигчдийн цалингаас 282.5 сая төгрөгийг гэм хорын хохиролд барагдуулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрүүгийн хуулийн ялын зорилгыг биелүүлэхдээ ял эдлэгсдийг хөдөлмөрийн дадал чадвартай болгож, ажлын байраар ханган тэдэнд мэргэжил эзэмшүүлэн нийгэмд бэлтгэн гаргах ажлыг чухал зорилтоо болгон ажилладаг. Хүмүүжигчдэд хөдөлмөр эрхлүүлж цалин олгосноор хөдөлмөрийн дадал чадвар эзэмших, бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлж, барагдуулах, нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болох зэрэг олон давуу талтай юм. 2014 оны 10 дугаар сарын байдлаар 4290 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, нийт 1.283.0 сая төгрөгийн цалин бодогдсноос 282,5 сая төгрөгийг гэм хорын төлбөрт нь суутгасан байна. Эдгээрээс 2416 хүмүүжигч нь байнгын буюу тогтмол ажлын байраар хангагдан ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг 2013 оны мөн үетэй харьцуулбал 0,9 хувиар, цалин 0,8 хувиар, өөрийн цалингаас төлбөр барагдуулалт 55,4 хувиар тус тус өссөн дүн гарчээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв нь 8 төрөл мэргэжлээр хүмүүжигдэд мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгодог байна.