Categories
гадаад мэдээ

НҮБ хүнсний тусламжаа зогсооно

НҮБ санхүүжилтийн асуудлын улмаас Сирийн иргэдэд үзүүлж буй хүнсний тусламжаа зогсоохоор болсон тухай “Ройтерс “агентлаг мэдээллээ. Сири улсад үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсад хоол, хүнсний хомсдол үүсээд буй. 2012 оны нэгдүгээр сараас эхлэн НҮБ болон олон улсын байгуулагууд хамтарч иргэний дайны хөлд нэрвэгдэж, хүнс тэжээлийн хомсдолд орсон сири иргэдэд хоол хүнс болон эд материалын тусламж үзүүлж эхэлсэн юм.

Хэрвээ НҮБ хүнсний тусламжаа зогсоовол Иордан, Ливан, Турк болон Египет улс руу дүрвэсэн 1.7 сая сири иргэд хүнд байдалд орох билээ. “Сири улсын нөхцөл байдал улам дордсоор байгаатай холбоотойгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа сири иргэдийн тоо хэдийнэ 10.8 сая давсан” тухай НҮБ-ээс мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашинаас хулгай хийдэг этгээдүүдийг баривчилжээ

Сүүлийн үед тээврийн хэрэгсэлтэй холбоотой хулгайн гэмт хэрэг нэлээд гарах болсон байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58 дугаар байрны гадна байрлуулсан машинаас эд зүйлээ алдсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, “Prius 20” маркийн автомашины хоёр толийг хулгайлсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байгаа аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр 8-12 дугаар сарын хооронд нийтдээ 17 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрнуудын гадна тавьсан тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг нь эвдлэн эд зүйл хулгайлдаг Б, Г гэгч 23-25 насны хоёр залууг илрүүлэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Тухайн этгээдүүд мөрдөн байцаалтын явцад харанхуй, гэрэлгүй, албан ёсны зогсоолгүй байрны гадаа тавьсан тээврийн хэрэгслүүдийн гурвалжин цонхыг шөнийн цагаар эвдэн, дотор нь байгаа эд зүйлийг хулгайлдаг хэмээн мэдүүлээд байгаа аж.

Тиймээс иргэдийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, хэрэв боломжгүй бол дохиололтой болгох зайлшгүй шаардлага байгааг ЦЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хориглосон барааны жагсаалтад өөрчлөлт орууллаа

“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан.

“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тогтоол батлахаар тогтлоо.

“Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болох “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль” Байгаль орчны багц хуулийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан.

“Хог хаягдлын тухай хууль”,”Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай”, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012 оны 12/22 дугаар тогтоол, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 139/A/148 тоот хамтарсан тушаал зэрэг хууль, эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодчилсон жагсаалтад зарим өөрчлөлтийг оруулахаар боллоо.

Тухайлбал

  • Мансууруулах бодис бүхий гурван зүйл ургамал
  • Шөрмөсөн чулуу агуулсан бүтээгдэхүүн буюу асбест агуулсан тоормозны накладка
  • Судалгаа шинжилгээний зориулалттайгаас бусад, 80 хувь эсвэл түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт
  • Судалгаа шинжилгээний зориулалттайгаас бусад ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт
  • Химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодис, түүний хаягдал зэргийг хоригложээ.

Мөн Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхгүй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн чулууны бичиг 790 нас хүрлээ

Өнгөрсөн түүх он цагийн ой санамж дотор нойрсож, түүхэн дэх ганц үгийг сэрээхэд үй түмэн мэдээллийг хойчдоо дамжуулдаг ажаам.

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөөг 1224 онд сийлжээ. Бараг хоёр зуун жилийн өмнө Сибирь судлаач Спасский манай хилийн гадна орших Өргөнө мөрний цутгалан болох Хархираа голын хавиас дорно зүгийн бичигтэй хөшөө олсон тухайгаа анх мэдээлж, 1932 онд Петербургт аваачсан байдаг. 1833 онд монголч эрдэмтэн Шмилдт, арваад жилийн хойно буриадын эрдэмтэн Банзарын Дорж, залгаад Японы эрдэмтэн С.Маруяама, мөн Оросын эрдэмтэн Г.Н.Румянцев нар тавиад он хүртэл тайлан унших оролдлого хийж, судалгааны үгүүллүүд бичсэн байдаг. Харин 1960 онд Монголын түүхч Х.Пэрлээ Эрмитаж дахь гэрэлт хөшөөг нүдээр үзэж, гараар имэрч үзсэнийхээ дараа жил “Чингисийн чулууны бичээс” хэмээх томоохон үгүүлэл бичиж, үг бүрийг нягтлан тайлбарлаж, үнэн зөвөөр тайлан уншсан болой.

Ийнхүү Монголын түүхийн нэгэн хуудас чулуун дээр арваадхан үгээр улбаалан олон учигаа тайлжээ. Учир юун гэвэл: Чингис хаан Хорезмаас буцахдаа Бух сочигай хэмээх газарт 1224 оны өвөл их хуралдай хийлгэж, тэр үеэр болсон наадамд Хавт Хасарын хүү Есүнхэ ноён 335 алд хол байсан байг оносон түүхэн амжилтыг тэмдэглэсэн бичээс болох нв тодорхой болжээ. Мөн Рашид-аддины “Сударын чуулган” дахь мэдээтэй яв цав таарч байгаа юм. “Сударын чуулган”-д Хаан Бух Сочигайд бууж, их алтан орд барьж, хурилдай хурж, их хурим хийх зарлиг буулгасан тухай дурдсан буй. Дайлаас буцаж яваа их цэргийг Монгол эх нутгаас алтан ургийн ноёд тосож очсон бөгөөд угтагсадын дотор Тулуйн 2-р хүү ирээдүйн их хаан 10 настай Хубилай цуг явсан тухай нэгэн түүхэн сурвалжаас уншиж байсан минь тод санагдаж байна.

Миний бие 1990 оны өвөл Мигжид Жанрайсиг их бурханы эрлийг мухарлахаар Санкт-Петербург хотноо байх ялдар тэр үеийн оюутан, эдүгээн нэрт эрдэмтэн С.Бадралын хамт Эрмитажид очиж Чингисийн чулууны бичигт шингэж үлдсэн түүхэн мэдрэмжүүдтэй шүргэлцсэн минь үлэмж их хувь хэмээн дурсдаг билээ. Тэгэхэд “засвартай тул үйлчлэхгүй” хэмээн хаалттай байсан Монголын танхимд С.Бадрал дүүгийн сүүхэй гаргаснаар эрдэм шинжилгээний ажилтан настай авгайгаар цоожыг онгойлгуулж, эзэд нь юм шиг хэдэн мөч өөрийн үзмэрүүдийн дэргэд баясан саатсан сан.

Чулуун бичээсийн тэргүүн дээдэд Чингис хааны нэрийг мөр тэтгэн залж, Есүнхэгийн нэрийг их эзний нэрнээс доогуур, гэхдээ бусад бичээсээс дээш илүү гаргаж бичсэн нь монгол төрт ёсны бэлгэдэл хүндлэлийн илэрхийлэл төдийгүй, монгол бичиг соёлын уламжлалын чухал ул мөр юм даа хэмээн бодож зогссон бөлгөө.

“Чингисийн чулууны бичиг” бол мянга хол илүү жилийн түүхтэй монгол бичиг үсгийн олон дурсгалуудаас гал усны бэрхийг туулж бидний үед хүрч ирсэн хамгийн ууган нь болохын хувьд ч, манай түүхийн төрт ёсны нэгэн томоохон бодит гэрч мөний тухайд ч “ХОСГҮЙ” хэмээх тодотголтой бичигдэх соёлын өв билээ. Бас нэгэн сонирхолтой тохиолдлыг дурдахад Чингисийн чулууны бичиг бүтээгдсэн 1224 оноос яг 400 жилийн дараа Цогт хун тайжийн шүлгийг 1624 онд Дуутын хар чулуунд Дайчин хиа, Гүен баатар хоёр сийлсэн байдаг. Түүнээс яг 300 жилийн хойно Жамьян гүн, Наянт ван хоёр “Монгол Данжуурын гэрээ бичиг”-ийг бас чулуунаа гэрэлтүүлэн сийлсэн нь Үндэсний номын санд буй.

Өнөө жил дээрх үйл явдлуудын тэгш ой тохиож байгаа юм. Монгол бичгийн, тэр тусмаа түүхэн агшиныг чулуунд мөнхлөн сийлэх соёлын гурван үйл явдал зэрэгцэх тэгш ойг Монгол төр ядаж 10 жил тутамд дуртган санаж, сэрээн дуудаж, бахархан тэмдэглэж байваас зохиолтойсон. Өнөө жил ч эдийн засгийн хүндрэл гэх мэт элдэв шалтаг тоочин, дээрээ ч төвхнөж өгөхгүй, юу болохыг хүлээн дээш өлийж, мөнгөний хомсдол хэмээн доош толгой гудайн өнгөрөх шиг боллоо. Арван жилийн дараа Чингисийн чулууны бичиг 800, Цогтын чулууны бичээс 400, Данжуурын гэрэлт хөшөө 100 нас хүрнэ. Арван оны дараа бичиг соёлын томоохон хуралдай хийж дурсах шиг дурсах цагийг хүлээхээс дээ? Тэр цагт монгол бичиг соёлдоо зориулж мянган жилийн салхи шуурганд ч баларахааргүй нэг томохон гэрэлт хөшөөг сийлж мөнхжүүлэхийн ерөөлөөр болзоо талбису.

Зохиолч Г.Мэнд-Ооёо

2014.11.23

Дөрвөн уулын дунд

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балетийг өвөл цагийн нээлтэд зориулж тоглоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетийн хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетийг Улаанбаатар хотноо тоглох гэж байна.

Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглоно.

Тус тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд анх удаа хүргэх гэж байгаагаараа онцлогтой юм.

Алдарт “Цөмөөхэй” балетад тоглох бяцхан бүжигчдээр Монгол хүүхдүүдийг шалгаруулж авсан бөгөөд МУГЖ Д.Алтанхуяг АНУ-аас эх орондоо ирж, тоглолтын бэлтгэлдээ орсон байна.

Categories
мэдээ нийгэм

А.Мэндбаярыг шүүж байна

Өнгөрсөн оны аравдугаар сард Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mustang” баарны гадна иргэн Э автомашиндаа зургаан удаа буудуулж, амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг хохирогчийн найз А.Мэндбаяр үйлдсэн нь тодорхой болж, анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн ял оноосон билээ. А.Мэндбаярт оноосон ялыг давж заалдах шатны шүүх ч хэвээр үлдээсэн юм.

Харин хохирогчийн тал шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа учраас Дээд шүүхэд хандаад байгаа юм. Энэхүү гомдлыг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавантолгойд хамтрах сонирхлоо дөрвөн компани илэрхийлэв

Т.Энх
Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг компаниудын сана-лыг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч дуусчээ. Ингэхэд “Чайна Шен-хуа энержи”, “Сумитомо корпорац” болон “Энержи ресурс” компанийн консорциум, “Пиибоди энержи” корпорац санал ирүүлсэн байна. Харин “Иточу” болон “Сожиц”-ын консорциум, “Мицуй”, “Таван-толгой” компани Засгийн газрын тогтоолд заасны дагуу хөрөнгө оруулах бус нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд хамтран ажиллах саналаа ирүүлжээ.

Засгийн газар наймдугаар сард 268 дугаар тогтоол гаргаж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулахаар болсон. Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент болон өр төлбөрийг хариуцах, 2.5 жилд Тавантолгойн бүсэд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал бий болгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, хоёрдогч улсад коксжих нүүрс борлуулах үүрэг хүлээнэ. Тогтоолд хөрөнгө оруулагчийн 51 хувийг нь нүүрсний салбарт таван жил ажилласан, хувь-цааны хяналтын багцыг Монгол Улсын иргэн эзэмшдэг компани байна гэж заасан. Энэхүү шаардлагыг “Энержи ресурс” компани л хангаж байгаа аж.
“Өнөөдөр”

Categories
мэдээ нийгэм

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаажээ

Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргалаа. Мөн Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг хариуцсан сайд нарт үүрэг өгчээ. Уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхлагдаж, их хэмжээний тоосжилт үүсч, хөрс бохирдсон байдаг. Энэ бүх байгаль орчин болоод нутгийн уугуул оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй Цагаан хадны гаалийн хяналтын талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг тооцох ажлыг БОНХЯ эхлүүлээд байна гэж тус яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. – See more at: http://builder.mn/mn/news/show/2/300#sthash.WPb35kLt.dpuf

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үнийн хэлбэлзэл

ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо бууруулахгүй гэсэн хэдий ч “Brent” болон WTI маркийн нефтийн үнэ сүүлийн 4 жилийн хамгийн доод тевшинд хүрчээ. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд “Brent” маркийн нефтийн үнэ 13 хувиар буураад байна. Саудын Арабын газрын тосны сайдын мэдээлснээр ОПЕК-ийн орнууд өдөрт 30 сая баррель газрын тос олборлох бөгөөд АНУ-д занарын тосны үйлдвэрлэл сүүлийн 30 жилд байгаагүйгээр нэмэгдэж байгаа нь бусад орны эрэлт буурах төлөвтэйг “Bloomberg” мэдээллэсэн байна.

“BNP Paribas”-ын таваарын ахлах стратегич Харри Чилингуйриан “ОПЕК-ийн орнууд газрын тосны үнэ хямд байхад бэлтгэлтэй байгаа бололтой” хэмээн ярьсан байна. Баасан гаригт Нью-Йоркийн металлын биржид ирэх сард худалдан авах WTI маркийн нефтийн ханш 7.54 ам.доллар буюу 10 хувиар буурснаар баррель нь 66.15 “ногоон”-той тэнцэх болов. Энэ нь 2009 оны есдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж буй. Тазрын тосны үнэ цаашид ч хямдарна гэж бид таамаглаж байгаа” хэмээн Tyche Capital Advisors”-ын шинжээчТарик Захир өгүүлсэн байна.

– See more at: http://builder.mn/mn/news/show/2/293#sthash.OlDI3GT9.dpuf

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 20,9 км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх санамж бичиг байгуулав

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанийн дэд ерөнхийлөгч Ху Фан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр БНХАУ-ын нэр хүнд бүхий CRCC төрийн өмчит компани Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж, Баянзүрхийн товчооноос Налайхын чиглэлийн 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дахь 288 метр гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэхүү компани нь нийслэлийн орон сууцны барилга угсралтын ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Та бүхнийг нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж байгаад талархаж байна. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн эхлэл бөгөөд цаашид олон төсөл дээр Та бүхэнтэй харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.