Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн аврах албыг тусгай ангитай нэгтгэлээ

Монгол Улсын Засгийн Газрын 325 дугаар тогтоолоор Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангитай нэгтгэхээр болжээ. Уул уурхайн аврах алба нь Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэрүүд, ажлын байр нь хортой, хий, тоосны тэсрэх аюултай аж ахуйн нэгж байгууллагуудад гарч болох аливаа аваар ослоос урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, аюулгүй ажиллагааны байдалд мэргэжлийн хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага аж.

Тус алба нь 1 салаа, 4-6 тасаг, эмнэлэг, хими лаборатори, баг аппаратур, канат шалгах станц, хөдөлгөөнт тасаг, сургалт мэдээллийн төвтэйгөөр нийт 50 гаруй ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын өнгөрсөн долоо хоногт шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 31 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоогоор 18 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж. Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 45 хэргийг шалгаж байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

Хакухог Японы тэрбумтаны жагсаалтад албан ёсоор оруулжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос энэ жилийн бооцооны нийт үнийн дүн 432 сая иенд хүрснийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж Японы сэтгүүлчид их аварга Хакухо Даваажаргалын хөрөнгө орлогын талаар сонирхох болсон байна. Мөн Япон улс их аваргыг тэрбумтануудынхаа жагсаалтад албан ёсоор оруулсан талаар мэдээлжээ. Японы сэтгүүлчид түүний орлогыг монгол мөнгөн тэмдэгтээр тооцвол 400 гаруй тэрбум төгрөг болно хэмээн зарласан байна.

Мөн ёкозуна Хакухогийн хувийн амьдрал, орлого гээд санхүүтэй холбоотой бүхий л мэдээллийг сайтууддаа байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэл гаргажээ. Тус нийтлэлд бичсэнээр, их аваргын амьдардаг байр 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц юм байна.

Их аварга Д.Даваажаргал орлогынхоо тодорхой хэсгийг “Мэргэжлийн сумогийн холбоо”-нд хандивладаг ажээ. Тэрээр цолныхоо эрэмбээр тус холбооноос сард 2750000 орчим иений цалин авдаг. Үүнээс гадна тэрээр Японы томоохон компаниудын сурталчилгаанд онцгой байр суурь эзэлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчид таван долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 19-нөөс эхэлнэ. Бага ангийхныг II улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрахаар болсон байна. Хөдөө орон нутгийн сурагчид мал төллөх үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас нэг долоо хоног илүү амардаг тул энэ улиралд дунд ангийнхан 2 долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амрах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Баянголд нурах аюултай 39 байр бий

Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Энэ ажлын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа нийтийн зориулалттай байрны оршин суугчдад мэдэгдэх хуудас тарааж, төсөл хэрэгжүүлэгч компанийг шалгаруулсны дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргана. Ингэснээр шалгарсан байгууллага иргэдтэй 2 болон 3 талт гэрээ хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зураг төслөө зөвшилцөж, батлуулснаар барилгын ажил эхлэх юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнууд

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр
  • Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 5, 6, 7,8, 9 дүгээр байр
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байр
Categories
мэдээ соёл-урлаг

“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сарын 10-ны өдөр “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна.

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Мөн Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ. Энэхүү жүжиг нь Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлэсэн бэсрэг долоон жүжгийн зургаа дахь жүжиг бөгөөд “Буруугүй буруутан” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав жүжгийнхээ нээлтээр Монгол Улсын СТА цолоор шагнуулж театрт урлагт хайртай үзэгчиддээ давхар давхар бэлэг барьсан билээ. Тэгвэл энэхүү жүжиг маань ирэх 05, 06-нд тоглогдох гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалагчдыг сургажээ

ЦЕГ-ын даргын 566 дугаар тушаалаар гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг Сургалт дадлагын төвд 21 хоногийн хугацааатай зохион байгуулж, 63 иргэнийг хамруулжээ. Сургалтанд хамрагдсан иргэд бие бялдрын бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадвар, бие хамгаалах бэлтгэл хийснээс гадна харилцааны соёл, ёс зүй, сэтгэл зүй, аюулгүй байдлаа хангах сургалтанд хамрагдаж, гэрчилгээ гардан авсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 59 хувиар буурчээ

Төлбөрийн тэнцлийн гол үзүүлэлт болох урсгал тэнцэл энэ оны эхний арван сарын байдлаар 1,107.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнээс үзэхэд, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар буурсан хэмээн төв банкнаас мэдээлэв. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 142 хувиар буюу 1,723.6 сая ам.доллараар буурч 511.2 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ. Мөн хөрөнгө, санхүүгийн тэнцэл 550.8 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буюу 462.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гэнэ. Учир нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу 1,028.3 сая ам.доллараар буурснаас болжээ.

Categories
мэдээ нийгэм

Офицерууд чоно хөөж яваад осолджээ

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн хоёр офицер осолдож нэг нь амиа алдан, нөгөө нь хүнд гэмтсэн хэрэг уржигдар гарчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хилийн 0311 дүгээр ангийн хоёр офицер чоно хөөж яваад машинтайгаа эрэг рүү онхолдсон байна. Хоёр офицерын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь Баруунтурууны эмнэлэгт хүргэгджээ. Ослыг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Автомашины хучлага хулгайлах хэрэг ихэсч байна

Хүйтний эрч чангараад ирэхээр тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэдийн хувьд дулаан граж асуудал болдог. Хувьдаа гражгүй иргэдийн хувьд хучлага хэрэглэн автомашиныхаа бүрэн байдлыг хангах нь элбэг. Харин үүнтэй холбоотойгоор машинаа харуул хамгаалалтгүй орхисноос хучлагаа хулгайд алдагдах тохиолдол ихэсч баыгаа талаар Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд хулгайлсан хучлагаа бусдад хямд үнээр худалдаж борлуулах явдал ч мөн гарч эхэлсэн тул иргэд та бүхэн бусдын хулгайгаар олж авсан хучлагыг гар дээрээс худалдан авахгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Иймээс хулгайн хучлага худалдахыг завдсан иргэдийн талаар дүүрэг хорооны цагдаад мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье.