Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тайлангаа өгөөгүй гээд эфирийг нь хаадаг улсад ардчилал, эрх чөлөө ярих хэрэг байна уу

Харилцаа холбооны зохицуулах газраас C1, TV8, “Шинэ дэлхий”, ТВ9 телевизийн хоёрдугаар сувгийн тусгай эрхийг түдгэлзүүлсэн гэж ярьж байна. Харилцаа холбооны зохицуулах газраас телевизүүдийн сувгийн эрхийг өгдөг аж. Эдгээр телевизүүдийн тусгай эрхийг түдгэлзүүлэх болсон шалтгаан нь тайлангаа хугацаанд нь өгөөгүй гэх. Дурын түшмэл тайлангаа хугацаанд нь өгөөгүй гээд хэвлэлийн эрх чөлөөнд халддаг оронд ардчилал, эрх чөлөө, хүний эрх ярих хэрэг алга. Хэвлэл мэдээлэл, хүний эрх манай оронд хаалгасан боолгосон нэг иймэрхүү байдалтай байна. Уг нь Үндсэн хуулиндаа бид хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заачихсан. Гэтэл энэ мэтчилэн Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд гарсаар байгаа ч үүнд анхаарал хандуулчих хүн ч байхгүй юм. Ер нь үүнийгээ мэддэг жижиг түшмэд Монгол Улсад байна уу гэж асуухад хүргэж байна.

Сүүлийн үед засаг төр нь хэвлэл мэдээллийнхэн рүү дайрч давшилсан үйлдэл ихээр хийгдэх болов. Үүний нэг баталгаа нь дээрх телеви­зүүдийн эфирийг хаасан явдал юм. Эфирийг нь хаалаа гээд жижиг түшмэд ажил хийсэн болж харагдах гээд байгаа юм уу. Энэ үйлдэл бүрийн чинь ард түмэн мэдээлэл авах эрхээ зөрчүүлсээр байна гэдгийг ойлгож байгаа юм болов уу. Ард түмэн мэдээлэлгүй, юу ч мэддэггүй гэж басамжилдаг түшмэд өөрсдөө үйлдэл бүрээрээ ард түмнийхээ нүдийг боож байгаа гэдгээ мэддэг л баймаар юм. Өмнө нь улстөрчид кабелийн сувгуудыг онилон сонгуулийн өмнө хаалгаж байсан бол энэ удаа “хурган” түшмэд хэвлэл мэдээллийнхний эрхэнд халдаад эхэллээ. Тэгвэл ССАЖ-ын сайдыг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж монгол уран бүтээлийн эфирээр гарах хувийг нэмэгдүүлэх тухай буюу монгол контентийн хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх болсон. Монгол контентийн уг хууль нь теле­визүүдийн уран сайхны бо­лон хүүхдийн нэвтрүүлэг, уран сайхны киноныхоо 50 хувьд монгол кино гарга эсхүл эфирийг нь хаана гэж дарамталж байна. Монгол Улсад кино урлаг үүссэн цагаас хойш 200 гаруй л кино үзэгчдийн хүртээл болжээ. Тэгвэл өнөөдөр 170 гаруй телевиз хэдэн өдөр монгол контент явуулах юм бэ. Бүх телевизүүд нэг өдөр л бараг энэ кинонуудыг гаргаад дуусна. Маргаашнаас нь юу үз гэж байгаа юм. Монгол контентыг бий болгохын тулд төрөөс таван тэрбум төгрөг төсөвлөнө гээд байгаа. Аманд ч үгүй хамарт ч үгүй бүх телевизэд таван тэрбумаа хуваах уу. Үгүй. Өөрийнх нь сонгуульд тусална гэсэн цөөхөн хэдэн телевиздээ Ц.Оюунгэрэл хуваагаад өгчих биз. Тэгэхээр бусад нь яах болж байна вэ. Бага юмыг дэвэргэлээ гэж бодож болох юм. Тэгвэл жижиг гэлтгүй эл үйлдлүүд хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд хүнд цохилт өгч байна. Ардчилсан нам Засагт гарч ирснээс хойш хууль тогтоомж гаргах бүртээ муу хууль батлуулчих гээд, хэвлэл мэдээллийг боомилчих гээд байдаг гэмтэй болчихлоо.

Э.ЭНХ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хорлоо эмээг тохилог сууцтай болгохоор залуус ажлаа эхлүүлэв

“Энх саран” сувилал 2014оны арванхоёрдугаар сарын 2.

-ТЭД САЙН ҮЙЛСЭД НЭГДЭЖ ЧАДДАГАА ЭНЭ АЯНААР ХАРУУЛЖ БАЙНА-

“Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан С.Хорлоо эмээд туслах аян эхлүүлээд байгаа. Тэд “Бөмбөгөр” худалдааны төв дээр сүүтэй цай заран амьдралаа залгуулдаг 90 настай эмээд шинэ байр барьж өгөхөөр болжээ. Сайн үйлс хийж буй залуустай болон С.Хорлоо эмээтэй уулзахаар гэрт нь очив. Эмээгийнх Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын дэргэд байдаг ажээ. Очтол гурван эмэгтэй байж байна. “Эмээг сувилалд хэвтүүлсэн. Шинэ байшинтай болтол дулаан газар байж байг. Өнөөдөр энэ амбаарыг буулгах гэж байгаа. Эрэгтэй хүний хүч хэрэгтэй байна. Хүн хүч хэрэгтэй байгаа тухай зараа фэйсбүүкээр тараасан” гэлээ.

Амбаарыг буулгахаар хорь гаруй залуу цуглажээ

Бусад нь барилгын захуудаар материалын судалгаа хийхээр явжээ. С.Хорлоо эмээгийн амьдарч байгаа гэр гэж жижигхэн амбаар байв. Ногоон төмрөн амбаарын дотор талыг цаасан хайрцгаар дулаалжээ. Дотор нь жижигхэн зуух, намхан модон ор, ганцхан талх тавиад дүүрчих хэмжээний ширээ л байв. Өөр зүйл алга. Хувцас хунар болон аяга тавгаа цаасан хайрцганд хийчихдэг ажээ. Галлаагүй болохоор жигтэйхэн хүйтэн, дээрээс нь хүйтэн салхи нэвт сийгэж байв. Хашаанд нь эмээгийнхээс гадна хоёр айл байдаг юм байна. Тэд уг хашааг долоо, найман жилийн өмнө С.Хорлоо гуайгаас худалдаж авсан гэнэ. Гэтэл эмээд очих газар байхгүй учраас тэндээсээ нүүлгүй амбаартаа амьдарч байгаа ажээ. “Эмээтэй уулзаад байшин барьж өгөх тухайгаа хэлэхэд нэг л итгэж өгөхгүй байгаа шинжтэй байсан. Арав хоногийн дараа гэхэд дулаахан, сайхан байшинтай болгочихмоор байна” хэмээн эмээд туслахаар ирсэн сайн санаатай залуус ярьж байлаа. Тэнд байсан залуусын утас цайны цагийн үеэр дуугарч эхлэв. Байшин нураахад туслах гэсэн юм, хаана вэ гэж асууж байна. Ингэж ярьсаар хорь гаруй залуу цуглачихлаа. “Цайныхаа цагаар хүрээд ирлээ. Олуулаа юм чинь юу байх вэ” гэлцэн амбаарыг буулгаж эхлэв. Залуусын зарим нь костюм пиджактай, зарим нь жинсэн өмд, пүүз өмсчээ. Харин хүүхнүүд хоол, цай хийн ирсэн юм. Дотуур байранд амьдардаг хоёр оюутан халуун савтай цай, гэртээ хүүхдээ харж буй эмэгтэй хоол авчирч өглөө. Мөн “Scotch” рестораныхан ажил хийж буй залууст халуун хоол, цайгаар туслахаар иржээ. Ингээд ганцхан цагийн дотор эмээгийн амбаарыг буулгав. Амбаар байсан суурин дээр шинэ байшингаа барих бөгөөд суурийн ажлыг барилгын инженер мэргэжилтэй залуу ажлын хөлсгүй хийж өгөхөөр болжээ. Харин ямар байшин барихаа судалж байгаад “Контейнер хаус”-аас 12 метр квадрат хэмжээтэй байшин авахаар болсон байв. Ийм хэмжээтэй чингэлэг 6.5 сая төгрөгийн үнэтэй ажээ. Харин “Контейнер хаус”-ынхан сайн үйлсийг дэмжин 2.5 сая төгрөгөөр худалдахаар болжээ. Байшингийн халаалтыг нэг мөсөн шийдээд шалнаасаа халдаг байлгая гэж ярилцсан ч С.Хорлоо эмээ гал голомтоо авч үлдмээр байна. Зуухыг минь үлдээгээрэй гэж хэлсэн болохоор галладаг байхаар шийджээ. Харин гэрийн тавилгыг модон эдлэлээр тавилга хийдэг залуу үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон гэнэ. Тэрээр “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхантай уулзаж ярилцаад тавилгаа хийхээр өчигдөр Эрдэнэт рүү явжээ. Тэнд очоод цэвэр модон ор, ширээ, шүүгээ, гурван ширхэг сандал зэргийг хийх юм байна.

С.Хорлоо эмээгийн хуучин амбаарыг буулгаж байгаа нь. 2014.12.02-ны 14.05 цаг

С.Хорлоо эмээд тусалж байгаа залуус хийж буй ажлынхаа тухай цахим ертөнцөд мэдээлжээ. Гэтэл хэдхэн цагийн дараа эмээд туслахыг хүссэн хүмүүс холбогдож эхэлсэн байна. “Хэдэн шуудай нүүрс дөхүүлээд өгье”, “Дулаан хөвөнтэй дээл аваачиж өгье”, “Байшин барих үеэр очиж тусалъя”, “Байшин барьж байгаа хүмүүст хоол, цай аваачиж өгье”, “Хөнжил аваачиж өгмөөр байна”, “Цагаан сараар хэрэглэх гээд авчихсан тогооны өрөм байгаа. Тэрийгээ эмээд өгмөөр байна. Яаж уулзах вэ” гэх зэргээр олон хүн эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээж байгаа ажээ. Бас үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд ч гэсэн гараа сунгаад эхэлчихэж. “АПУ” ХХК-ийнхан гэхэд С.Хорлоо эмээгийн бүтэн жилийн сүүний хэрэгцээг хангахаар болсон тухай сайхан мэдээ дуулгажээ. Олны дэмээр С.Хорлоо эмээг энэ сарын аравдаар байшинтай болгочихно. Цаашид байнга харж хандаж байна гэдгээ “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ынхан ярьж байлаа.

Эмээгийн амбаарыг буулгасны дараа С.Хорлоо гуайтай уулзахаар Био комбинат дахь “Энх саран” сувиллын газрыг зорилоо. Тус сувилал эмээгийн байшинг бэлэн болтол үнэ төлбөргүй амрааж байгаа юм байна. Үүдний хүнээр заалгаад өрөөнд нь яваад ортол унтаж байв. Өрөөндөө хоёулаа ажээ. Хамт байгаа эмэгтэй “Эмээ унтаж байна. Саяхан хажуулсан. Байс хийгээд утас нь дуугараад хөөрхийг унтуулахгүй юм” гэв. Ингэж ярьж дуусав уу, үгүй юу эмээ сэрчихлээ. “Хөгшин надад тусалж байгаа буянтай хүүхдүүдийн ачаар ийм сайхан газар ирлээ. Би нойронд муу. Тэгсэн дулаахан сайхан газар ирэхээр унтчихдаг юм байна” гэв. Түүнийг ТББ-ын залуус тус сувилалд уржигдар үдийн хоолны цагаар авчирчээ. Сувилуулахаар ирж байгаа хүн цагаан хэрэглэл, гар нүүрний алчуур, гэрийн шаахай зэрэг хувийн бэлтгэлтэй ирэх ёстой байдаг байна. Харин эмээд ор хөнжлийн даавуу битгий хэл солих хувцас цөөн болохоор хүргэж ирсэн залуучууд хувийн бэлтгэлийг нь хангаж өгөөд хэвтүүлжээ. Сувиллынхан эмээг хүлээж аваад усанд оруулан, хувцсыг нь сольж өгсөн байна. Мөн эмээд үзлэг хийн эмчилгээ эхлүүлчихэж. С.Хорлоо гуайн хоёр өвдөг хатгаж өвдөөд биеэ дийлэхээ больсон учраас байнга таягтай явдаг гэнэ. Бас баруун нүд нь юм хардаггүй ажээ. Түүнээс бусдаар өвдөж зовоох зүйлгүй гэсэн. Хараа, сонсгол, чих, ой ухаан сайтай. Өндөр настай болсон гэхэд хүний яриаг алдалгүй сонсоно. Бас дөч, тавин настай хүнээс дутахгүй яриа хөөрөө үүсгэж байв.

Эмээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынх. Залуудаа намын ухуулагч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байжээ. Ээжийнх нь нагац Лодон гэж мундаг бяр тэнхээтэй бөх хүн байсан гэнэ. Тэр хүнийг долоон хошуу даншиг наадамд ноёны бөхийг унагаж байсан гэж ярьдаг байж. Бөх удамтайгаас тэр үү гэрийнхэн нь эр, эмгүй айхтар чадалтай, бяр тэнхээтэй хүмүүс байжээ. С.Хорлоо гуай л гэхэд жин тээхэд хамт явдаг, хүнд ачааг эрчүүдээс дутахгүй өргөөд тэмээний нуруун дээр ачдаг байсан гэнэ. Мөн адууны бугуйл алдахгүй уургалдаг байсан тухайгаа ярилаа. “Бага залуу насандаа өмсөх дээлээ өөрөө оёод өмсчихдөг ганган хээнцэр гэж тоймгүй хүн явлаа” гэж залуу насныхаа тухай дурсав. Нутагтаа ухуулагч хийж явахдаа орсон айлынхаа хүүхдүүдэд цагаан толгойн үсэг зааж өгдөг байсан гэнэ. Харин гучин насныхаа босгыг даваад хот барааджээ. Нийслэлд ирээд орон сууцны байгууллагад мужаан хийдэг байсан гэнэ. Бүр мужааны дөрөвдүгээр зэрэгтэй. Хөгшин нь 1945 оны Халх голын дайнд Дандар баатартай мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчин. Хожим буюу 1990-ээд оны эхээр “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнуулсан гэнэ. Мөн байлдааны тэмдэг, халх голын ялалтын тэмдэг байдаг ч хэдэн жилийн өмнө нүүдэл суудал болохдоо гээчихжээ. Өвгөнийгөө өнгөрсөн хойно ахмад дайчны тэтгэмж авдаг гэж сонсоод холбогдох газраар нь явтал ямар нэгэн бичиг баримт шүүж үзээгүй хэрнээ “Танай өвгөн цэрэгт алба хааж байгаагүй юм байна” гэж хэлээд буцаасан гэнэ.

С.Хорлоо гуай залуудаа ганцхан охин төрүүлсэн. Харамсалтай нь газар дээрх ганц охиноо хүний гарт алдсан байна. Хожим дөчин нас хүрээд асрамжийн газраас нэгэн хүү өргөж авсан нь одоо группт байдаг ажээ. Эмээ өргөмөл хүүгээ эмчлүүлэх санаатай амьдарч байсан хашаа байшингаа зараад Бээжин явуулсан ч тус болоогүй гэсэн. Одоо хүү нь эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт тусдаа амьдарна. Сэтгэцийн өвчтэй болохоор хөгшин эхдээ туслах боломжгүй. Харин ч эмээ хүүгийнхээ амьдралд нэмэр болог гээд 200 мянган төгрөгийнхөө тэтгэврийг зээл хэлбэрээр урьдчилж аваад өгчихсөн юм байна. Мөн таньдаг хүнээсээ 300 мянган төгрөгийн зээл авчихсан байсныг “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус төлж өгчээ. Нутгаасаа гараад олон жил болсон учраас одоо ах дүү, хамаатан садан байхгүй. Туслах хүн байхгүй болохоор тэтгэвэрт гарснаасаа хойш буюу сүүлийн гуч гаруй жил цай чанан амьдралаа залгуулдаг болсон байна. Сүүлийн хоёр жил л гэхэд өглөө эрт босоод ойролцоох худгаасаа ус авна. Буцаж ирээд сүүтэй цай чанаад хоёр литрийнхээ халуун саванд хийн “Бөмбөгөр” худалдааны төв дээр зардаг. Эмээ хоёр гартаа таяг тулаад, халуун савтай цайгаа цүнхэнд хийж үүрээд явна. “Бөмбөгөр” дээр очоод нэг аяга цайгаа 500 төгрөгөөр зардаг. Цай авах гэж байгаа худалдагч нар томоо гээчийн аяганд хийлгэж авна. Ингэж явсаар өдөрт их сайндаа 2500 төгрөг олдог ажээ. Тэндхийн цагдаа нар цай, аарц, хуушуур, бууз зарж байгаа хүмүүсийг зах руу оруулахгүй хөөх, ороод ирчихсэн нэгнийг гаргадаг гэсэн. Харин С.Хорлоо эмээг цагдаа нар хөөж туугаад сүйд болохгүй. Тиймээс эмээ лангууны дундуур явж хоёр литр цайгаа зарчихаад гардаг юм байна. Олсон мөнгөөрөө ганц жижигхэн талх, гурил будаахан аваад буцна. Бас дараа өдрийнхөө зарах цайны сүү, шар будаа зэргийг авдаг ажээ. Эмээ иймэрхүү маягаар амьдралаа залгуулсаар 30 гаруй жил болж байгаа юм байна. Харин өнгөрсөн долоо хоногт цайгаа зарчихаад автобусанд суух гэж байгаад Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүйтэй таарсан нь эмээд тусалж байгаа ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

С.Хорлоо эмээтэй ярилцан сууж байхад утас нь байс гээд л дуугарч байв. Жижигхэн алчууранд ороосон “Samsung” маркийн гар утас өврөөсөө гаргаж ирээд ярих юм. Эмээд туслах гэсэн залуус үе, үе залгадаг болжээ. Уржигдар л гэхэд шөнө 12 цаг өнгөрч байхад утас нь дуугараад “Танайх хаана вэ. Түлээний мод хүргэж өгье” гэсэн байна. Барьж буй гар утсыг нь хэдэн жилийн өмнө хашааных нь айлын хүүхэд өгчээ. Эмээ утсаараа холбоо барихаас гадна цаг харна. “Шөнө унтаж байхдаа утсаа гаргаад цагаа хардаг юм байна лээ” гэж өрөөнийх нь хүн хэлэв. Бас эмээ цай зөөдөг цүнхээ гаргаж үзүүлэв. Шар шуудайг дөрвөлжин болгож оёод үүргэвч маягтай болгожээ. Түүнийгээ “Миний ажлын гол багаж” гэлээ. Ярьж байх зуур нь ширээн дээр нэгэн бичиг байхыг харвал “Энх саран амралт дээр 2014-12-1 ирлээ. Эмчид үзүүлж хоёр өвдөг тос түрхэж шарлага хийсэн. Нуруунд жин тавьсан” гээд дурайтал биччихэж. Цаас, бал олдвол энэ мэтээр өдөрт юу хийсэн тухайгаа тэмдэглэдэг ажээ. Эмчтэй нь уулзвал “90 настай хүн гэхэд бие сайн. Гэхдээ маш их хавантай ирсэн. Хүйтэнд хүнд юм үүрээд явахаар хавантаж байсан байна лээ” гэсээр эмчилгээнд нь оруулахаар аваад явав. Эмээ өрөөнөөс гарахдаа “Надад тусалж байгаа хүүхдүүдэд баярласнаа яаж илэрхийлнэ дээ гэхээс санаа зовох юм. Би чинь түмэн олныхоо сайн сайхны төлөө өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Одоо насан эцэс болтлоо энэ хэдэн хүүхдийн сайн сайхны төлөө залбирч сууя даа” гэлээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Өнөөдөр 09 цагт хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тодохойгүй хугацаагаар хойшиллоо. Тус байнгын хороо хэрэв хуралдсан бол өчигдөр Ерөнхий сайдын зүгээс Их хурлын даргад өргөн барьсан Засгийн газрын бүтцийн талаарх асуудлыг хэлэлцэх байсан юм. Байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүйн дээр хэлэлцэх асуудалтай холбоотойгоор зарчмын зарим зүйлс дээр нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд хойшлуулсан гэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хуралдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны орох юм.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөө нураахын “ЖАРГАЛ”

Баабар ингэж өгүүлэв

Манай заяа түшвэл

Манан будан татна…

(Монгол ардын уртын дуу)

Нэг. СУЛ ДОРОЙ ТӨР

“Хөгжлийн босгон дээр”, “хямралын босго” гэж ярьдаг үе нэгэнт өнгөрчээ. Хөгжлийн босго гээгдсэн, хямралын босгоор аль хэдийнэ даваад орчихсон. Эдийн засгаас илүүтэй төр, нийгмийн оюун санаа суларсан. Бид долларын ханш өссөнөөс хамаг гай ирж байна хэмээн үзэх боловч үнэн хэрэгтээ төгрөгийн уналтаас болж байгаа. Төгрөгийн уналтыг л хараад байгаа болохоор үүнээс илүү аюултай төрийн тогтолцооны сульдааг үзэхгүй байна.

Төр хоёр янзаар сулардаг. Хүчирхийлэн дарангуйлагч төр бол хүчээ барсан, итгэлээ алдсан сул төр юм. Яг л сул дорой, бяргүй, зориггүй үхээнц шаар гартаа буу барьчихаад бусдыг айлгаж байгаа шиг. Яг л өнгө жавхаа муутай, өөртөө итгэлгүйгээсээ болоод хүүхэнд тоогддоггүй учраас харанхуй гудамжинд хүчин хийдэг гэмт этгээд шиг. Нөгөө талын сул төр гэдэг нь хүчгүйдэн өөрийн гаргасан хууль журмаа биелүүлж чадахгүйг хэлнэ. Үүнийг хүчгүйдсэн төр гэнэ. Хүчгүйдсэн төр рүү нулимж, хууль цаазыг нь уландаа гишгэн доромжилж болно. Нэг талаасаа нь харахад ард түмэн нь төрийнхөө дээр гарчихсан ч юм шиг харагдана. Гэвч хуульгүй, эмх замбараагүй байдлын золиос нь ард түмэн өөрөө болно. Тэнд “төрийн эсрэг”, “ард түмний талд” хэн чанга хашгирч, популизм хийсэн нь өөрт ашигтай ширэнгийн хуулиа тогтооно.

Юу ч хийж чадах төр, юу ч хийж чадахгүй төр хоёр адилхан гаж тогтоц. Харин өөрийн тогтоосон хуулиа “а”,”б”-гүй биелүүлж, өршөөлтэй болох гээд сулардаггүй, өширхөж гэж чангардаггүй, хүчтэй байгаа нь энэ гээд өөрт хуулиар ногдсон хязгаараас дээшээ ч, доошоо ч давахгүй орших аваас л хүчирхэг төр мөн.

1911 онд сэргээсэн тусгаар тогтнолын дараа Монголын удирдагч нар эв гаваа олохгүй байсаар төрөө хямралд унаган хүчгүйдүүлсэн. Хүчгүйдсэн төрийн эрхийг Сю Шүжан, Барон Унгерн, улмаар Зөвлөлтүүд мэдэлдээ авсан. Бидний мэдэж авсан зүйл бол төр хүчгүйдэхийн хэрээр хүчирхийлэгч төр түүнийг залган авдаг гэдэг дүрэм.

1990 онд монголчууд хүчирхийлэгч төрөө өөрчилж, хүчирхэг ардчилсан төр байгуулж эхэлсэн. Олж мэдсэн бас нэг зүйл бол хүчирхийлэгч төрөөс хүчтэй төр рүү шилжих явцад эргээд хүчгүй төрөөр дамждаг бололтой. Лав л бид тэгж байна. Гэвч энэхүү шилжилтийн хүчгүйдэл дуусч өгөхгүй үргэлжилснээс нийтээрээ залхаж, заримдаа ил тодоор хүчирхийллийн засаглалаа мөрөөдөх боллоо. Монголчууд ХХ зуунд хүчирхийлэгч төртэй байсан бол ХХI зуунд хүчгүйдсэн төртэй амь зогоож байна.

Хоёр. АЙСАН ХҮН АДУУ ҮРГЭЭНЭ, АЙСАН ТӨР ХҮНЭЭ ҮРГЭЭНЭ

Ханиад хүрсэн хүн халуурдаг, сульдсан төр хуулиа биелүүлж хүчрэхээ больдог. Наад захын жишээг л харцгаая л даа. Манай Үндсэн хуулиар хүчирхийлэл аллагыг сурталчлах, дээрэм тонуулд ил далд утгаар уриалах, хүнийг арьсны өнгө, нийгмийн гарал, шашнаар нь ялгаварлах хориотой. Гэвч Төрийн ордон руу сум тавьж, буу дуугаргасан төдийгүй бөмбөг дэлбэлэн террор үйлдэхийг завдсан этгээдийг өнөөдөр эх орноо хамгаалагч гэж нэрлэн, суллахыг шаардаж болж байна. Энэ бол хаанаас нь ч харсан терроризмыг сурталчлан өөгшүүлж сайшаасан гэмт хэрэг. Гэвч Монголын сулдсан төр ганхийх чадваргүй сулдайн ажиглаж байна.

Дурын этгээд “хятадтай тэмцэх” нэрийн дор гэгээн цагаан өдрөөр зэвсэгт дээрэм хийж, манайд төдийгүй дэлхий дахинд үндсэндээ хориглогдсон фашист бэлгэдлээ чөлөөтэй сурталчлан, зурагт телевизээр цээж ханагар ярилцлага өгч байна. Монголын сулдсан төр бариад авахаа байг гэхэд “байг” гэх тэнхээ алга.

Хулгай дээрэм хийх бүү хэл түүнийг уриалах, энэ чиглэлээр нэгийг сануулж, хоёрыг бодуулсан үйл ажиллагаа явуулах хуулийн цаазтай. Гэтэл цэнхэр дэлгэцээр “Хог доор амьдардаг хүмүүс хамгийн түрүүн Зайсан руу оч” хэмээн уриалж, нийгмийн эмзэг, тэр хэрээрээ уурлан догширсон хэсэгт санаа өгч, дээрэм тонуулын чиглэл гаргаж өгөхөд хэн ч гайхахаа байж.

Дургүй нь хүрсэн улстөрчөө “хужаагийн эрлийз” хэмээн цоллон, нийгмээс гадуурхахыг уриалан хочлоход буруушаах хүн алга. Тэр нь эрлийз биш байсан ч гэсэн өмөөрөхөөс айна. Эрлийзийг өмөөрч байгаа хүнийг өмөөрөх нь өөрийгөө эрлийзээр дуудуулах аюултай. Төр нь тэдний өөдөөс ганхийх чадваргүй юм чинь иргэн нь айлгүй яахав.

Айсан хүн адуу үргээнэ. Харин айсан төр хүнээ үргээнэ. Мянга мянган хүний мөрөөддөг шударга ёс бол ердөө л хуулийн өмнө тэгш байх. Сая сая хүний хүсдэг шударга төр бол ердөө л хуулиа мөрдүүлдэг төр. Хүчирхэг төр гэдэг буу агссан, шөнө дөлөөр хаалга нүдэж орж ирээд туугаад гардаг төр биш, ердөө л улаан гэрлийн өмнө улаан цагаан номертой бүх машиныг зогсоож чаддаг тэр л төр.

Ард түмэн ширэнгийн хуулиар хүчтэй нь хүчгүйгээ дарлан амьдрахгүйн тулд хүний ертөцийн хууль дүрмийг зохиож түүнийгээ мөрдүүлэх аппарат бодож олсон нь төр. Ардчилсан төртэй иргэн гэдэг бол юу дуртайгаа хийдэг, “Яасан ч яадаг юм бэ” гэсэн бодолтой шулуудсан этгээд биш, бүтэн нойртой хоночихоод, өглөө нь “би яагаа ч үгүй учраас намайг хэн ч яах ч үгүй” гэсэн бардам итгэлтэй гараад явдаг хүн. Ард түмэн хүчирхэг төр, хүчирхийлэгч төр хоёрыг эндүүрдэг. Ийм болохоор олон түмний мөрөөдсөн шударга ёсныхоо оронд “шудардаг ёс”-ыг хүлээн авсан нь нэг бус.

Гурав. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ НАМ БАЙНА УУ ГЭВЭЛ ЯВЖ ЯВЖ ӨНӨӨ ХОЁР ШИВ

Өнөөдөр олон түмэн “Нам хэрэг алга” гэж ярих болж. Энэ бол намуудын хооронд ялгаа алга болж байна гэсэн үг шүү. МАН бол “М” үсэгтэй АН, МАХН гэдэг МХ хувилбартай АН болоод байгаагийн шинж.

1990 онд эдний хооронд зарчмын зааг байсаан. Гэвч өчигдөрхөн нүүдэллэж сая суурьшин хотошсон монголчуудын хувьд цорын ганц намын туршлага нь МАХН л байсан. Жараад онд малчны хотонд тоглож байсан циркчдийн акробат үзүүлбэр нурж унахад “ингэдэг л учиртай юм байлгүй” гэж бодсон үзэгчид нижигнэтэл алга ташиж байсан гэдэг. Яг түүн шиг нам л юм бол ингэдэг байлгүй хэмээн эхний үед бүтэц зохион байгуулалтыг нь, улмаар бодлого явуулах аргачлалыг нь, улмаар хуйвалдааны зарчмыг нь МАХН-аас хуулан авч өөриймшүүлсэн. 1990 онд бүх шинэ намууд МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинг дуурайн өөрийн “үнэн”-үүдийг “Үг”, “Эрх чөлөө”, “Ардчилал” нэрээр гаргаж байлаа. Сая Ардчилсан намын дарга Алтанхуягийг огцруулах тал дээр МАН-тай санал нэгдсэн арваад гишүүнээ намаас хасах шийдвэр гаргаж байна. Намын удирдагч Цэдэнбалыг шүүмжилсэн Лоохуузыг МАХН-аас хөөж, нутаг зааж байсны арай шинэлэг, хавьгүй хүнлэг энэрэнгүй хувилбар л юм шүү дээ. Энхбаяр сая ирээд буцахын зууртаа Цог, Тэрбишдагва, Улаан, Чулуунбат нарыг МАХН-ын улс төрийн товчооноос гаргаж хаяад буцаж байгаа зэрэг нь Монголын улс төрийн намууд нэг л багшийн шавь гэдгийг хэлээд өгч байна.

Ингээд сүүлийн 25 жилд АН болон шинэ намууд илүү шинэлэг, маневр сайтай МАХН болон хувирч, харин МАХН нь боловсронгуй АН болон хөгжиж, үнэхээр хувьсгалч санаагаа орхиж бусадтайгаа ижилсэж байна. Морь удах тусам ижилсэж, хүн удах тусам толхилцоно гэдэг. Намууд ч удах тусам ижилсэж, гишүүд нь ч удах тусам толхилцож байна. Үнэхээр ч АН-ыг санагдуулам МАН, МАН-тай андуурагдам АН, томорч чадаагүй л болохоор ялгагдах юмгүй ирээдүйтэй бусад аль алин нь үеэ өнгөрөөжээ. Ард түмэн энэ улигт байдлаас уйдаж байгаа юм.

Өнөөдөр АН-ын рейтинг унаж байна. Засаг унах гэхээр дагаад урууддаг, унагасны дараа бах нь ханасан олон түмэн дахиад дэмждэг дүрэмтэй. Энэ хэрээр МАН-ын рейтинг өсч байгаа юу гэвэл тэрэн шиг эндүүрэл байхгүй. Үүний өмнө эрх баригч АН-ын рейтинг унаж байсан нь цаанаа өөр учиртай. Тэднийг таньж амжаагүй ард түмэн 1996 онд хуйлран санал өгсөн боловч дараа нь тэднийг тэнгэр сахиулсан лугаа адил үзэж байсан олон түмэн бусад шигээ л эвдэрдэг хэрэлддэг хүмүүн болохыг мэдэж урам хугарсан. 2004 онд хүн нь хүн боловч МАХН-ын хүнээс дээр байх гэж үзэн сонгосоор ирсэн. Харин одоо АН гэдэг чинь “М” -гүй МАН юм байна гэж үзэн урам нь хугарч байгаа юм.

Ийм болохоор АН-ын нэр хүнд унахын хэрээр МАН-ын нэр өснө гэж ёстой байхгүй болсон. Хамтдаа л рейтинг нь унаж байгаа. Аажим аажмаар хоёулангаас нь жигшиж байгаа гэсэн үг. МАН-ын зүгээс хийж байгаа АН-ын эсрэг үйлдэл бүхэн сайн нэр авчрахын оронд саар нэр авчирч байна. Өнөө “Большевикууд өөрөө сайхан амьдардаггүй, өрөөлийг ч сайхан амьдруулдаггүй” гэдэг шиг МАН бол өөрснөө ч засаг барихаараа балладаг, засаг бариагүй үедээ эрх барьж байгаа нэгнээ балладаг этгээд болон харагдах аж.

Өдгөө МАН, АН хоёр бол худагт унаж байгаа холбоотой хоёр бяруу болсон. Нэг нь унаад, нөгөө нь үлдэнэ гэж байхгүй. Унавал хоёулаа үхэх, аврагдвал хамтдаа үлдэх. Унадгаараа унаад дараа дараагийн бяруу үлддэг юмаа гэхэд бас хайран. Юу нь хайран гэхээр нам нь биш. Дараа дараагийн жижиг бүлэглэлүүд гарч ирээд, эдний хэмжээнд хүртэл идэж ууж томроод нураад унатал соруулах ард түмэн хайран, Монгол төр хайран.

Энэ хоёр нам хариуцлага хүлээх чадвартай. МАН Энхбаяраасаа салж байгаа нь, АН даргаа сольж байгаа нь хариуцлага хүлээх чадварын илэрхийлэл. Учир нь эдний цаана зуу зуун мянган хүний итгэл найдвар бий. Сонгуульд хэр оролцохоос тэр хүмүүсийн хувь заяа, итгэл үнэмшлийнх нь зөв буруу хамаардаг учраас удирдлагаа яаж ийгээд хянана. Хичнээн хуйвалдаж, өөрийн талынхнаар удирдах аппаратаа бүрдүүлж чадлаа ч гэсэн намын олон түмний санал бодлыг харгалзахгүйгээр явах ямар ч аргагүй. Гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг авч явахын тулд нийт сонгогчдын итгэлийг авах хэрэгтэй. Сонгогчид итгэхээ боливол засгаас гадуурхагдана, засгаас гадуурхагдвал намын гишүүд нь удирдлагаа барьж иднэ. Ийм хариуцлагыг л улс төрийн хариуцлага гэхгүй юм бол өөр юуг улс төрийн хариуцлага гэхсэн билэ.

Гэтэл манайд ийм хариуцлагаас чөлөөтэй намууд бас байна. Эрлийн нам гэж хувийн нам байв. Эхнэр нь л хаячихгүй бол огцрох буруушаагдах хариуцлагын тогтоц даргад нь огт байхгүй. Тэдний дарга гэр бүлийнхээ өмнө гавьяа байгуулсаар одсон. Өдгөө МАХН улам бүр Энхбаярын гэр бүлийн намын шинжийг олсоор байна. Гэр бүлтэй нь зөрөлдөх чадвартай улс төрчдийг тэрээр уран илтгэгч Молор-Эрдэнийг зайлуулснаар эхэлсэн бөгөөд өдгөө нөлөө бүхий Тэрбишдагва, Улаан, Чулуунбат нарыг холдуулах нь тодорхой болов. Тэд ялахад гэр бүл нь хожно, ялагдлаа гэхэд хохирч хариуцлага нэхэх намын хамт олон, даргаас болиулна гэж шаардах гишүүд гэж цаана нь үгүй. Тэр хэрээрээ улс үндэстний өмнө хүлээх хариуцлага үгүй. Хариуцлага хүлээхгүй эрх мэдэл гэдэг бол Будда, Христ нарын ч санаанд ороогүй бэлэг. Тэдний үед хаан байсан ба тэр нь үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээдэг болчихсон байж. Та нар сонсоо л байлгүй, “Пролетари нарт гинжнээсээ өөр алдах юм байхгүй, харин олж авбал бүх дэлхийг олж авна” гэсэн үгийг.

Тэгэхээр бие даагчдын талаар бол бүр ч ярилтгүй. Хамгийн бага хариуцлага хүлээдэг бие даагчид яагаад хүчтэй байна гэхээр нийт сонгуулийн тогтолцоо нь өөрөө бие даагчдын байдалтай. Сонгуулийн мажоритор тогтолцоо нь намаас дэвших боловч тухайн тойрогтоо сайн тоглолт хийсэн нь ялдаг. Түүнийг нам нь өөр хүнээр солих, нийт хамт олны саналаар түүнийг өөрчлөх эрх байхгүй. Тийм болохоор нам нь парламентын гишүүндээ хариуцлага тооцох боломжгүй. Тухайн эдгээд намдаа нэр хүнтэй байх хэрэггүй, тэр бүү хэл нийт гишүүддээ магтагдах муулагдах хамаагүй. Харин ямар нэг аргаар тойрогтоо л хаан, ус голдоо атмаан байхад хангалттай. Тойрогтоо нэр хүндтэйг нь бодоод нам яаж ч чадахгүй учир дахиад нэр дэвшүүлэхээс аргагүй. Ингээд намын сахилгаас давсан “гишүүнэн гишүүн” бий болно. Тэдэнд улс орны хэмжээний шинэтгэл, намын нэр хүнд хамаагүй, гагцхүү улсаа нураагаад ч хамаагүй тойрогтоо хөеө хураах учиртай. Энэ нь намуудын дотоод сүйрлийн шалтгаан болж байна.

Дүгнэж хэлэхэд өнөөдөртөө бага ч гэсэн хариуцлага дээр оршин тогтнож байгаа энэ хоёр нам л улс орноо, тэр хэрээрээ өөрсдийгөө аварч чадна.

Дөрөв. “АНГИ ХАМТ ОЛНООРОО” ХҮМҮҮЖИХ ШААРДЛАГА

Нөгөө талаас, тун дажгүй ард түмнийг энэ хэдэн улс төрийн ба гэр бүлийн нам, хэсэг бие даагчид баллаад хаячихав уу гэвэл бас үгүй. Бүгд л ард түмний хүсэл зоригоор гарч ирээд, хүсэл зоригоор явж байна.

Сонгуулийн тогтолцооны гажигт нам, ард түмэн хамтдаа буруутай. Олон түмэн шударга сонгууль нэхэхийн зэрэгцээ өгөөжтэй сурталчилгаа нэхдэг болсон. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нэхэхдээ гарыг нь хардаг ард түмэнтэй намууд тэрийг нь дагахаас өөр замгүй. Анхандаа гурил будаанд унаад өгдөг байсан сонгогчид одоо баргийн юмыг тоохоо больсон төдийгүй, өглөгөө цааш үргэлжлүүлэхийг шаардах болсон. Ийм болохоор сонгууль нь мөнгө амлах уралдаан болсон. Мөнгө амлахгүй бол саналаа өгөхгүй ард түмнийг “мөнгө амлахаас өөрөөр яаж төр барихад татан оролцуулах юм бэ!”, “мөнгө өгч байхгүй бол төр нураадаг ард түмнийг мөнгөө тарааж дуусгаад яахаа үзэхээс өөр ямар замаар удирдах юм бэ!”

Чухам эндээс хүний хөгжлийн мөнгө, уул уурхайн хишиг, хүнтэй суусан хүүхэд төрүүлсний шан, оюутныг хотоор тэнүүлэх мөнгө урган гарсан. Сургууль барьсангүй л гэнэ, цэцэрлэг дутсанаас хүүхэд гэртээ цоожлогдоод шатлаа л гэнэ. Сургууль барих, цэцэрлэг босгох мөнгийг хуваагаад л идээ биз дээ. Дарга нар идлээ уулаа л гэнэ, улсаараа хуваагаад эв найртай гудраа л биз дээ. Их багын ялгаа л байгаагаас биш бүгдээрээ л “хам хэрэгтнүүд” шүү дээ. Төрийн менежмэнт муу байна л гэнэ хувийнх сайн нь хаа байна? Банкнаас иргэдийн авсан зээлийн 75 хувь нь ахуйгаа сайжруулах чиглэлтэй байгаа нь нэгийг хэлэх байх. Зээл авсан 100 хүний 75 нь байшингаа сайжруулж, машинаа томсгож, зурагтаа нимгэрүүлжээ, харин үлдсэн хэдхэн нь лангуугаа сунгаж, наймаагаа арвижуулж. Ингэхээр “анги хамт олноороо” өөрчлөгдөхөөс өөр гарц алга.

Тав. ТАВДУГААР ЭНХБАЯР ХААНЫГ ТӨРҮҮЛМЭЭР БАЙНА УУ?

Өнөөдөр Ерөнхий сайдын тамгыг аваад хэдхэн хонож байгаа Сайханбилэгийг “өндөр болохоос Алтанхуяг мөн” гэсэн яриа их гаргаж байна. Оргүй яриа биш. Олон Ерөнхий сайд урьдахынхаа хойд дүр болчихоод байгааг анзаарсан хэрэг. Бид хамтдаа засаглалаа шинэчлэхгүй бол үнэхээр тэгнэ. Тэр ч байтугай гозгор цагаан хархүү маань царай нь шарлаад, нуруу нь агшиж ч мэднэ. Яагаад гэвэл бид “яагаад?” гэдэг асуултыг тавьдаггүй. Бид таварцаглаж уначихаад юунд бүдрэв гэдгээ харахын оронд ахиад халтирч л таарна гэж яриад яваатай адил.

Үнэхээр л Сайханбилэгийн засаглал Алтанхуягийн засаглалын үргэлжлэл юм бол Алтанхуягийн засаг Батболдын засгийн үргэлжлэл байх нигуртай. Сайханбилэг нь “өндөр Алтанхуяг” юм бол Алтанхуяг нь “булчинлаг Батболд” мөнөөсөө мөн. Тэрнээс биш хамаатан саднаа татаад, тэдэндээ чирэгдэж унасан нь ганц Алтанхуяг биш. Ер нь бол дээр үеийн монголчууд мориндоо чиргүүлж үхдэг байсан бол өнөөгийнхөн хамаатандаа чирэгдэж унадаг болсон шиг байна. Энхбаяр ээжийгээ таван яамны зөвлөхөөр томилж, хотын агаарыг цэвэрлэхэд гарцаагүй хэрэг болох нигуртай мебель тавилгыг МИАТ-ийн онгоцоор зөөлгөн шахуулж л байлаа. Алтанхуяг ээжийнхээ оронд хүргэнээ, хүүхдээ ажиллуулаа л биз. Алтанхуягийн алдаа нь бусдаас илүүтэйгээр бохир саванд гараа дүрсэн явдал биш. Тэр өмнөх Ерөнхий сайдуудын, өмнөх засаглалын уламжлалыг буруу гэж мэдэж байсан ч өөрчлөхийг хүсээгүй юм. Энэ л түүний алдаа. Тэр Энхбаярын дараагийн, дараагийн, дараагийн Ерөнхий сайд байсан боловч өөрөөсөө гурван үеийн өмнө ч байсан уламжлалт нүхэнд унасан.

Нарийн яривал дооз орцыг нь тааруулах асуудал л байгаа болохоос биш төрөл саднаа төр рүү татаагүй гишүүн хаа байгаа юм бэ, өнөө “За даа, ямаанаас эхлээгүй хүн гэж ч хаа байлаа” гэдэг наргиа шиг.

Төрсөн ахыгаа ажлаас хал хэмээн дүвчигнэж байсан Батзандангийн бусад олон олон ах дүү нар түүнийг энэ сэнтийд сууснаас хойш ямар цалинтай алба хаана хашиж эхэлснийг, ялзраад байх нам ч үгүй учраас бие даан ариунаараа яваа гэгдэх Болорчулуун энэ тэрийн эгч дүүс татвар төлөгчдийн ямархуу мөнгийг захиран зарцуулж явааг сонирхоорой л доо.

Бид шинэ засаг гарч ирээд өмнөхөө үгүйсгэж, бүх юмыг нь өөрчилдөг гэж ярьдаг. Үнэхээр ч хийсэн гэрээг нь өөрчилж, боловсон хүчнийг нь сольдог. Гэвч нэмэгдэхүүний байрыг л сольдгоос бодлогын нөхцөлийг өөрчилдөггүй. Гаднаас нь харахад гэрээ хэлэлцээрийг бүхлээр өөрчлөөд, дарга цэргийг нь бүтнээр нь солиод байдаг. Үнэн хэрэгтээ түрүүчийн хүний хийсэн гэрээн дэх “түрүүчийн хүндээ ашигтай” хэсгийг нь сольж “сүүлийн хүндээ ашигтай” байдлаар засамжлаад, түрүүчийн хүний хамаатан садангийн оронд өөрийнхийгөө томилоод цаашаа явдаг. Ийм болохоор эзэд нь солигдсон ч гэсэн засаглалын мөн чанар хэвээрээ. Яг л XIV Луй хаан, XV Луй хаан гэдэг шиг тус тусын хувийн номертой боловч серийн дугаараараа III Энхбаяр, IV Энхбаяр болсон Ерөнхий сайдууд явсаар. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжилбэл Сайханбилэг нь ч удахгүй II Алтанхуяг, III Батболд, V Энхбаяр болон үргэлжилнэ.

Зургаа. “ЭХ ОРОНЧДООС” ЭХ ОРНОО АВРАХ ЦАГ

Хувьсгалыг зоригтойчууд хийдэг, учир нь тэр бол нураах ажил. Хувьсгалт түүхнээ “хаант засгийг нурааж”, “капитализмын хана хэрмийг нурааж” хэмээн ардын хувьсгалаа бахдан дуулсаар ирсэн. Ардчилсан хувьсгал ч гэсэн социализмын хана хэрмийг нурааж өрнөсөн. Нураах ажилд цөстэй зоригтой, юмыг хайран гэж эргэлздэггүй хүн л хэрэгтэй. Хэдийгээр нураагч боловч хувьсгал үеэ өнгөрөөсөн дэг ёсыг унагаж, хөгжлийн шинэ боломж нээдэг. Байгаль дээр ч тийм, сая сая жилийн тэртээ амьдралын түүхэнд хувьсгал гарч үлэг гүрвэлийн ертөнц мөхсөний буянаар хөхтөн, тэр дундаа хүний хорвоо мэндэлсэн бөлгөө. Харин хувьсгалын маргаашаас бүтээн босгох ажил эхэлдэг. Эцэс төгсгөлгүй нураагаад явбал улс орон сүйрч дуусна. Яг л динозавр сөнөснөөс хойш тувт л солир унаж ниргээд явсан бол юун хөхтөнтэй манатай, дэлхий юутай хээтэйгээ сүйрэх байсан шиг л юм даа.

Ийм учраас хувьсгал хийсэн үндэстний хамгийн тулгамдсан асуудал бол хувьсгалаа хурдхан дуусгах, хувьсгалч үзэл санаанаасаа салах явдал. Чухам ийм учир шалтгаан байдгаас үүдээд “Хувьсгал хүүхдүүдийнхээ толгойг залгидаг” гэсэн үг гарчээ. Хувьсгал хийж урамшсан, хувьсгал ялуулж амташсан баатрууд биеэ барьж дийлэхээ больдог учраас л тэднийг зайлуулахдаа тулдаг байсан хэрэг. Өдөр болгон хувьсгал хийхийг ямар ч үндэстэн дааж давах аргагүй. Францын хувьсгалаас сэдэвтэй гэгдэх “хүүхдээ залгих ёсон” Зөвлөлтийн октябрийн хувьсгал, Монголын ардын хувьсгал дээр давтагдсан. Гэвч нийгэм дэвшин хөгжихийн хэрээр хувьсгалчид өөрснөө хүмүүжиж, хувьсгалчийн зориг зүрхээ хувьсган шинэчлэх мэнэжмэнтээр сольж чаддаг болжээ.

Харин манайд жаахан онцлогтой өрнөж байна. Хувьсгалчид өөрснөө бүтээн байгуулагч болохтой зэрэгцэн шинэ цагийн хувьсгалчид төрсөөр, алдаршсаар. Хувьсгалчид төрөөд л байна гэдэг нь нураах сүйрүүлэх ажил үргэлжлээд л байна гэсэн үг. Хүмүүс байшин барьсан хүний нэрийг тогтоодоггүй, харин нураасан хүний нэрийг санадаг. Хүн төрөлхтөн Ром хотыг байгуулсан хүнийг мэдэхгүй, харин түүнийг шатаасан хүнийг Нерон гэж мэднэ.

Манай өнөөдрийн улс төрд шат ахих систем, сонгуулийн тогтолцоо чухам нэр дуулдаагүй Ром хотын архитекторыг тодруулах бус, нэрд гарсан Нероныг сонгоход чиглэсэн бүтэцтэй. Улс төрийн “популизм” гэдэг бол хэн их шуугиан тарина тэр дээшээ гарна л гэсэн энгийн утгатай. Ийм учраас Оюутолгойг гацааж ард түмний амны хишгийг арчсан, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж үндэсний хөгжлийн алхааг дэгээдсэн монгол Неронууд л алдар хүндийг замаар өгссөөр…

Буруу гэдгийг мэдсээр байж буруушааж чадахгүй сульдсан төртэй болохоор ард олон ч үг хэлж үл чадна. Эсэргүүцвэл “хятадын тал” гээд л зарлачих юм чинь хувьсгалчаас бүгд айна. Айсныхаа төлөөсөнд улсаараа хямарна, хохь нь гэмээр юм уу даа?!!

Өнөөдрийн хямралыг тэд л авчирсан шүү дээ, бүгд л мэдэж байгаа. Одоо дахиад хямруулах гээд л бэлдэж байна. Тогтвортой тайван амьдрал бол хувьсгалчдын хувьд үхэл гэсэн үг. Учир нь муулах юмгүй, хүн айлгах юмгүй болчихно. Тайван хангалуун амьдралтай олон түмэн үргээсний хэрээр хуйларч өгөхөө болино. Улс төр хуйлрахгүй бол хувьсгалчид оройд гарч чадахаа больчихно. Ардчилсан хувьсгал 25 жилийн өмнө болдгоо болоод өнгөрсөн. Өнөөдөр бид хувьсгалч үзэл санааныхаа толгойг залгихгүй бол хувьсгалаасаа салж чадалгүй нүд аних нь байна.

Хувьсгалч хүн юм л нураахгүй л бол мартагдах аюултайг сэтгэл зүрхээрээ мэдэрч байдаг. Тийм учраас өнөөдөр энийг нураах зуураа, маргааш юуг нураахаа бодож сэдэхээс өөр замгүй. Тэдний гарт нэгэн үеийн зурвас боломж нураад дууссан. Ганцхан жишээ хэлэхэд, Австралийн нүүрс үерт орчихоод Монголын нүүрс моод болж болох байсан үе нурсан. Нуранги дээр тэд л тугаа өргөөд тэнгэрт мандсан. Харин Монголын эдийн засаг сөхөрч эхэлсэн. Өнөөдөр монгол хүнийг гулигтал хооллож байх учиртай Оюутолгой тэмбэржүржиг болсон. Тэмбэржүржиг дээр нь зогссон хувьсгалчид гишүүн болсон. Харин Монголын эдийн засаг элгээрээ мөлхсөн. Гашуун байна уу? Одоо тэд Оюутолгойг өндийдөг л юм бол, Монголын эдийн засаг сэргэдэг л юм бол дахин нурааж алдаршихаар зэхэж байгаа. Тэрний ч буруу биш. Нураахгүй л бол алдаршихгүй, алдаршихгүй л бол сонгогдохгүй юм чинь, өөр яах билээ. Тэрний ч буруу биш, төрийн эргэлтээр төрд гараагүй. Бид сонгосон, хийснийг нь зөв гэж урамшуулсан. Тэр чиний дэмжлэгтэйгээр чиний хувь тавиланг нурааж байгаа. Алив, уурлахаасаа өмнө нүүрээ толинд хараадах даа, ухаантай харагдаж байна уу?

Хувьсгалчийг төрөхөд нь харж байсан, аюултай юм төрлөө гэдгийг мэдэж байсан ч тоогоогүй, буруутайг мэдэж байсан ч хулчийсан, төрийн мэдэл гарт байсан ч ашиглаагүй, өрсөлдөгч нь бай болж байхад бах нь ханаад харж байсан бүгд буруутай төдийгүй, буруутай байсныхаа балгаар золиос болдог. Хамтаараа бий болгосон гамшгаас хамтдаа хүчээ нэгтгэж салахаас өөр аргагүй. Яахав хувьсгалчид эхлээд чиний өрсөлдөгчийн толгойг залгин баярлуулж болох ч маргааш чинийхийг залгихаар ороод л ирнэ. Учир нь тэр толгойгоор хооллодог билээ.

Ийм учраас тогтвортой хөгжил рүү хийх хамгийн түрүүний алхам бол хувьсгалыг зогсоох, хувьсгалчаас салах явдал. Яг түүн шиг эх орныг гадны дайснаас бус гадны дайсны нэрийг барин дотроос нь идэж байгаа “эх оронч” нараас хамгаалах хэрэгцээ ч гарч байна.

Хамтдаа намуудын хөгжлийн муу уламжлалаас салахгүй бол болохгүй байна. Хамтаараа тэмцэхгүй бол хувьсгалчдаасаа салж чадахгүй нь байна. Буруу гэдгийг нь мэдсээр байгаа боловч яваандаа манайд ашиг гарч магадгүй гэж горьдсоор хамтдаа сүйрдэг зуршлаасаа нийтээр гармаар байна. Нийлж бий болгосон улс төрийн тогтолцооны гажиг, сонгуулийн системээ шинэчилмээр байна. Холбоотой чигээрээ худагт унахгүйн тулд шүү дээ.

ТӨГСГӨЛ БУЮУ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ

Энэ бол Монголын улс төрийг намууд удирдах сүүлчийн боломж. Энэнээс цааш явбал, дарангуйлагч төр залгана. Ард түмэн журам хүсээд болохгүй болохоор журам тогтоогчийг хүснэ. Тэр нь бэлэн байгаа. Энхбаяр сая ирээд буцахад л Монголын засаг онхолдоод өгч байна. Ирээд буцахгүй бол жаахан удахад л төр түүний өмнө нурж унана. Сонирхуулахад, тэр эхлээд өөрийнхнөөсөө өшөөгөө авдаг зантай ба “намын доторхи цэвэрлэгээг” тогтмол хийдэг заншилтай. “Өмнө талд Тангад улс байгааг өглөө болгон надад сануулж бай” гэж Чингис хаан захисан юм гэнэ лээ. Өнөөдөр бидний өмнө хамтын сүйрэл байна. Үүнийг хамтын хүчээр л давж болно.

2014.11. 25

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жавар жанжин жар хонодог гэдэг дээ

Манай өвөл эхэлж байна. Гадаа тас няс хийсэн жавар тачигнах аж. Энэ хүйтэнд ч мань хэдээс нь өөр амьтан тэсч амьдрахгүй л дээ. Хэдэн муу бор шувуу шороо ухаж бөөвийцгөөгөөд, хэдэн мал минь даарч өлссөндөө шүдээ хавиран хөлөө эвхэцгээгээд л. Дээр нь хэдэн халтар монголчууд согтоод уначихгүй шүү бол тэсээд хаврын тэргүүн сарыг үзчихнэ дээ. Энэ хэдээс бусад нь манай хотын тачигнасан жавар, манарсан утаанд байж чаддаггүй юм гээ биз дээ. Байвал хүн амьдарч болохгүй аюултай газар байсны нэмэгдэл гэх мэт цалин цавгаа нэмэгдүүлж байгаад Бээжин хавьцаа л өвлийг авдаг бололтой юм. Муу годил тарвага хүртэл өвөл болохоор доошоо ухаад хөлдүүсийнх нь дор ороод унтаад өгнө гээч. Монголын энэ мөсөн дээр азарган чоно л бөөн хөөр баясал болж “хавтагаа” наан хөргөж ороо отоо нь орж байгаа. Бас тарган мах уур савсуулан чанаж халуунаар нь огтолсон монгол хархүү бөөн цан хүүрэг татуулан гэрээсээ гарч сэгсүүргэн дээлийнхээ энгэрийг яран жавар сэвэн сэрүүцэж байгаа. Өөр амьтай голтой амьтан энэ хөлдүүсэн дунд тэснэ гэж үү. Жавар тачигнаж бүх л юм хөлдөн болор мэт болж түүний талстан дээр туссан нарны гэрэл гялс гялс хийн ойно. Тийм ээ, Монголын энэ их тас няс хийсэн жавар ариусгах чанартай. Хөлдүү цэцэг, хөлдүү бохир хоёр ямар ч ялгаагүй мөс байдаг. Бас хөх Монголын хүйтэн жавар бидний тусгаар тогтнолын баталгаа ч болдог. Ай хүйтэн байна шүү. Жавар жанжин жар хонодог гэсэн үгтэй дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраажээ

Оюутолгой ордын баяжуулах үйлдвэрт өнөөдөр 17.55 цагт гал гарсан. Галыг бүрэн унтрааж аюулгүй болгожээ. Ямар нэг хүн гэмтэж бэртээгүй гэсэн мэдээллийг төслийн зүгээс мэдээллээ. Галын хэмжээ ноцтой хохирол учруулахаар хэмжээний биш гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Үйлдвэрт ямар шалтгаанаас болж гал гарсныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Эрдэнэтээс ч илүү хүчин чадалтай уг баяжуулах үйлдвэр хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат гэдгээрээ онцлог юм. Уг үйлдвэрийн хагас өөрөө нунтаглах тээрэм нь өдөрт 50 мянган тонн хүдрийг бутлах хүчин чадлаараа дэлхийд хоёрт бичигддэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгой ордын баяжуулах үйлдвэрт гал гарчээ

Оюутолгой ордын баяжуулах үйлдвэрт өнөөдөр 17:55 цагт гар гарчээ. Уг гал гагнуураас гарсан аж. Зурган дээрээс харахад их хэмжээний утаа суунаглаж байсан ч галын хохирол тийм ч их биш хэмээн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Оюутолгойн орд дахь аюулгүйн харанга, дохио дуугарахгүй байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн дээврээс утсаа суунаглаж байгаа гэнэ. Баяжуулах үйлдвэрийн талаар цухас дурьдвал хагас өөрөө нунтаглах тээрэм болон бөмбөрцөг тээрэм гэсэн хоёр тээрэм байдаг. Хагас өөрөө нунтаглах тээрэм нь өдөрт 50 мянган тонн хүдрийг бутлах хүчин чадлаараа дэлхийд хоёрт бичигддэг юм байна. 11.6 метрийн диаметртэй тээрэм хүдрийг 1.4 см-ын голчтой болтол нь нунтаглаж, дараагийн тээрэмд шилжүүлдэг. Бөмбөрцөг тээрэмд хүдрийг бүрэн нунтаглаж, хөвүүлэн баяжуулах бортого руу шилжүүлдэг аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Винни-Пух хүүхэлдэйн киног хүүхдэд үзүүлэхийг хоригложээ

Польшийн Тушин хэмээх жижиг хотын зөвлөл хүүхэд багачуудын хамгийн дуртай хүүхэлдэйн киноны нэг Винни-Пух киног хүүхдэд үзүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Тэр бүү хэл киноны баавгай баатруудын дүрсийг энд тэнд зурахыг ч хориглосон байна.

Учир нь энэ киноны баатар баавгай нь ямар хүйстэй нь мэдэгдэхгүй, тэгээд ч өмдгүй явдаг учраас хүүхдэд зөв үлгэр дууриал болохгүй гэж үзжээ. Ийм шийдвэр гаргасан хүмүүс эцэст нь Винни-Пух бол манин гэсэн шийдэлд хүрч хориглохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын соёлын өдрүүд” Бээжинд зохиогдоно

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яамны хооронд 2014 онд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байна.

БНХАУ-ын дарга Ши Жинпин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион ажилттай зохион байгуулагдаж, Хятадын соёлын өвийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн, урлагийн тоглолтоор Монголын үзэгчдэд бэлэг барьсан. “Монголын соёлын өдрүүд” 2014 оны арванхоёрдугаар сарын 5-наас 14-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдаж “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлтгээд байна.

Categories
мэдээ спорт

Тэргэнцэртэй сагсчид тив, дэлхийд өрсөлдөх боломж бүрдлээ

Монголд анх удаа Тэргэнцэртэй Сагсан Бөмбөгийн үндэсний шигшээ баг болон Холбоо байгуулагдлаа. Ингэснээр тэд цаашид Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болоод олон улсын тэмцээнүүдэд оролцох үүд хаалга нээгдэж байна.

Монголын тэргэнцэртэй сагсчид өнөөдрөөс эхлэн бэлтгэлдээ гарч байгаа бөгөөд энэ ажлыг МҮСБХ болон Монголын Паралимпийн хороо хамтран эхлүүлж байгаа юм. Энэ тухай Паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо болон МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, Тэргэнцэртэй Сагсан Бөмбөгийн Холбооны ЕНБД Н.Нямдорж нар өнөөдөр албан ёсны мэдээлэл өглөө.

Мөн уг үйл явдал манай улсад сагсан бөмбөгийн спорт Үндэсний хэмжээнд, бүхий л түвшинд хөгжих боломжтой болж байгааг харуулж байгаа юм.