Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан шинэ жилээр халтуур хийхгүй, шууд тоглолт хийнэ

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй оржээ. Харин нөгөө талд нь урлаг соёлынхон хоолойгоо тордож хэчнээн байгууллагын шинэ жилд уригдан, ямар ханшаар дуулахаа бэлтгэж байгаа нь лавтай. Эхнээсээ үнэ ханш нь тодорхой болж байр сууриа олчихсон хэсэг нь өндөр дуугарч байгаа сурагтай.

Тэгвэл МУГЖ дуучин С.Жавхлан шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаар хэвлэлийн бага хурал хийжээ. Ямарваа нэгэн тоглолтод хамгийн өндөр үнээр дуулдаг дуучин маань энэ жил ямар ч халтуур хийхгүй хэмээсэн нь гайхал төрүүлж байна.

Гавъяатын хувьд Тэрбээр “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн мэдэгдэж байгаа сурагтай. Гэхдээ мөнгөнд дургүй хэн байхав. Шинэ жилийн халтуур хийхгүй ч шууд тоглолт хийхээр болжээ. Тоглолтын орлогоос эмзэг бүлгийн иргэдэд зориулах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 39 барилгыг дахин төлөвлөнө

Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Энэ ажлын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа нийтийн зориулалттай байрны оршин суугчдад мэдэгдэх хуудас тарааж, төсөл хэрэгжүүлэгч компанийг шалгаруулсны дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргана. Ингэснээр шалгарсан байгууллага иргэдтэй 2 болон 3 талт гэрээ хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зураг төслөө зөвшилцөж, батлуулснаар барилгын ажил эхлэх юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнууд

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр
  • Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 5, 6, 7,8, 9 дүгээр байр
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байр
Categories
мэдээ цаг-үе

Э.ТӨРМАНДАХ: Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохыг хүсдэг

Соёлын тэргүүний ажил­­тан дуучин Э.Төрман­дахтай ярилцлаа.

-“Аархал”, “Тайжийн хурд”, “Хурмастын хүлэг” зэрэг таны морины тухай сайхан дуунууд бий. Бүгд одоо ч хит. Ер нь морины тухай уран бүтээл танд илүү ойр санагддаг юм шиг?

-Миний хоолойтой холбоотой байх гэж боддог. Морины болон эр хүний гал цог, хийморьтой дуунууд надад илүү зохидог, тэр нь сонсогчдод хүрдэг санагддаг. Хүмүүс ч хэлдэг юм. Хоолойны онцлогоос шалтгаалдаг байх л даа. Эх орон, нутаг усны хурц өнгө аястай дуу бас их зохидог шүү. Хөдөөгийн байгалийн сайхан, монгол ахуйтай бага нас минь ойр өссөн болохоор морины тухай дуунд их дурладаг.

-Хүүхэд байхдаа морь унадаг байв уу?

-Манайх Дундговь аймгийн Дэлгэрхаан сумынх. Би зуны амралт эхлэнгүүт л хөдөө явж морь унана. Дөрөв, таван жил хурдан морь унасан. Гэхдээ ах нар намайг хурдны моринд хүнддэнэ гээд тэр болгон унуулж байгаагүй.

-Хэр их айраг, түрүү хүртэж байв?

-Айрагдаж үзээгүй ээ (инээв). Зүгээр л дундуур сайхан давхичихдаг байсан. Харин айргийн тавд орж ирж байгаа хүүхдүүдийг хараад битүүхэн атаархдаг байлаа. Миний наадам мориор дуусахгүй ээ. Бас барилдана. Сургуулийнхаа 80 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд түрүүлж даага, дугуй бас нэг хөгжмөөр шагнуулж байлаа. Ёстой магнайгаа тэнийтэл баярласандаа. Ахлах ангид байхдаа наадмаар сумын зааныг давж бүр их урам орж бөх болно гэж нэг хэсэг шийдчихсэн явлаа.

-Танай эцэг, эхийн удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн удамд Монгол Улсын заан хүн байсан гэж ярьдаг.

-Тэгээд бөх болох мө­рөөд­лөө яагаад орхичихсон юм бэ. Дуучин болоход хэн нэгэн их нөлөөлжээ?

-Тийм ээ. Манай аав ардын болон уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Аймгийн аварга дуучин Шархүү гэвэл Дундговийнхон андахгүй. Миний дуучин болох замыг аав минь хөтөлсөн гэхэд болно. Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохоор шийдсэн. Сурагч байхдаа урлагийн үзлэгээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй олон шагнал авсан. Хүүхэд болохоор тэрнээсээ их урам авна. Тэгээд ч ээж маань намайг хүүхэд байхад ах, эгч нарт “Дүүгээрээ хар бор ажил битгий хийлгэ. Манайхаас урлагийн хүн болох ганц хүү. Хуруу, гар нь эвдэрчихнэ” гэдэг байсныг би одоо ч санадаг. Тэгэхээр ээж маань намайг дуучин болно гэдгийг эртнээс зөгнөж байсан санагддаг. Ээжийг хүнд өвчтэй хэвтэрт байхад ээждээ зориулж дуу дуулж өгдөг байсан. Тухайн үед би сурагч байсан. Харин ээжийнхээ хүслийг биелүүлж СУИС-д ороход ээж минь аль хэдийнэ бурхан болсон. Би ээжийнхээ амьд сэрүүн үед “Хүү нь дуучин боллоо” гээд дуугаа сонсгож чадаагүйдээ битүүхэн гунигтай явдаг. Би гурван ах, нэг эгчтэй. Манайхан бүгд л уран бүтээлийг минь дэмжиж, санаа бодлоо хуваалцаж явна.

-Аавыг тань таксины жолооч байсан гэж ярьдаг. Одоо нутагтаа амьдарч байна уу?

-Миний аав насаараа эмнэлгийн жолооч хийсэн хүн. Одоо харин надтай хамт хотод манайд амьдарч байна. Би байсхийгээд тоглолт гээд хөдөө, гадаа явна. Энэ хойгуур эхнэр хүүхдүүдэд маань хань болдог ганц хүн шүү дээ.

-Таны гэргий бас дуучин байх аа?

-Тийм ээ. Гансувд гээд дуучин бүсгүй байгаа. Эхнэр маань манай дээд ангийн оюутан байсан. Бид хоёр оюутан ахуй цагаасаа л үерхэж, одоо урлагийн гэр бүл гэж ард түмэндээ хүндлэгдэж, уран бүтээл хамт хийгээд сайхан л амьдарч байна.

-Та саяхан хөдөөгүүр тоглолттой яваад ирсэн гэсэн. Хаагуур явав?

-Зөвхөн Хэнтий аймгийн сумдаар тоглолт хийгээд ирлээ. 18 сумын иргэдэд ая дуугаа өргөнгөө хөдөө агаар салхинд яваад ирсэн. Би Монголынхоо бүх сумаар орж ард түмэндээ ая дуугаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа. Одоогийн байдлаар 160 орчим суманд очсон байна. Он гаргаад нэгдүгээр сараас баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Хэнтий, Сүхбаатар, Булган гээд зүүн болон төвийн аймгуудаар тоглолтоор очоод үзчихсэн шүү.

-Таныг бас дөрвөн улирал зүгээр суудаггүй дуучин гэж найз нөхөд тань үнэлдэг юм билээ?

-Би СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн. Миний мэргэжил дуучин. Тиймээс би сонсогчдодоо үргэлж шинэ, сэргэг уран бүтээл хүргэж байх ёстой гэж боддог. Ерөнхийдөө миний онцлог бол улирал болгонд нь тааруулаад шинэ уран бүтээл гаргахыг хичээдэг. Өнгөрсөн есдүгээр сард “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. “Намайгаа дурсаарай” гээд шинэ уран бүтээл гаргасан. Зун урин дулаан цагийг харуулсан “Жаргалтай явна хоёулаа” гээд монгол ахуйг тусгасан дууг бас гаргалаа. Одоо харин шинэ жилийн уран бүтээл гээд завгүй болно доо.

-“Аархал” дууг таны брэнд дуу гэхэд болно. Эрчүүд ёстой цөс хөөр­гөсөн дуу болсон гэж ярьдаг. Энэ дуу өөрийг тань анх олонд таниулсан дуу байх шүү?

-Би 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон. Хамгийн анх хөгжмийн зохиолч Бямбабаяр багшийн ая, яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Нарны орон” дууг дуулсан. Мөн яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Цэцэрлэгийн ая “Аав л нутаг хоёр” дууг дуулж байлаа. Харин “Аархал” дууг яруу найрагч Н.Баянмөнх бичсэн. Аяыг А.Анхбаяр найз маань бичсэн. Анхбаяр найзтайгаа олонд хүрсэн сайхан уран бүтээл хийх юмсан, олны танил болчихоод тэгж дуулж байна гээд л мөрөөддөг байлаа. Тэгж ярьж байгаад

Ембүү мөнгөн сарнаар нь

Ажнайн салхинд исгэрээд

Есөн булгийн усыг ээ

Цалгиулж явсан хийморь байна аа

Тэсийн гол Галшарын

Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна

Алтан Дарьганга, Говьшанхын

Арагмагийн тоос дээлэнд минь байна гэсэн үгтэй “Аархал” дуу төрсөн. Баянмөнх ах омогшмоор, ёстой л цөс хөөрмөөр сайхан үгтэй шүлэг бичиж өгсөн дөө. Үнэндээ мөрөөдөл минь биелэлээ олж “Аархал” дуу ард түмний сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг. “Сайхан”, “Зүүдний шувуу шиг бүсгүй” зэрэг миний дуунууд байдаг л даа. Гэхдээ би “Аархал”, “Тайжийн хурд” зэрэг морины дуундаа илүү хайртай.

-Дуулсан дуу бүхэн хит болно гэдэг дуучин хүн болгонд олдоод байх хувь биш биз?

-Тэгэлгүй яахав. Дуу хит болоход надад заяасан хувь тавилан гэж би хүлээж авдаг. Мэдээж хэрэг нэг дуулахдаа хит болгоно, хүн бүхэнд хүргэнэ гээд мөнгө цацах гол биш. Хэрвээ хоолойндоо тохирохгүй дуу дуулбал хүн хүлээж авахгүй. Ер нь уран бүтээлийг хамгийн шударгаар үнэлдэг хүмүүс бол ард түмэн, сонсогч байдаг. Миний хувьд дуу хуурын өлгий Дундговийн хүү болж төрсөндөө их баярладаг. Ялангуяа манай Дэлгэрхаан сумаас 29 гавьяат төрсөн байдаг. Ард олны хайр хүндлэлийг хүлээж өдий зэрэгтэй яваа маань нутгийн буян, урлагийн буян гэж боддог. Тиймээс би нутагтаа очих бүртээ Дэлгэрхаан ууландаа мөргөдөг.

-Та чинь сургуулиа төгсөөд л СТА цол авсан билүү?

-Сургуулиа төгсөөд хоёр сар болж байтал “Монгол үндэстний дууны их наадам” улсын анхдугаар уралдаан болж би түрүүлж гран при хүртсэн. Тэгж анх Соёлын тэргүүний ажилтан цол авсан. Тэмцээнд 800 гаруй дуучин оролцож байсан. Тухайн үед БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр СТА цолыг, автомашины хамт гардуулж өгч байлаа. Тухайн жилдээ би “Сайхан” цомгоо гаргаж, анхныхаа бие даасан тоглолтоо хийж байсан юм. Тиймээс энэ цолоо хүндэлж явдаг. Тэрнээс биш ганц, хоёр тоглолт хийгээд СТА болоогүй. Сүүлийн үед энэ цолны нэр хүнд их унасан болохоор би жаахан эмзэглэж явдаг, уран бүтээлч хүнийхээ хувьд.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл-2015” наадмын ТОП моделиор Х.Бадамгэрэл шалгарлаа

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 21-р хороонд гүүр хаана

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10 у/м гүүрэн гарцыг 2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 16-ны хооронд хааж гүүрийн засварын ажил хийж гүйцэтгэхийг мэдэгдэж байна. Гүүр хаалттай үед Горький 18-р гудамжаар 604-р худгийн урдуур гарсан замаар тойрч зорчино гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд камераар нийт 169635 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2012 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 285833 зөрчил гарч байжээ. Харин энэ жил 169635 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс улаан гэрлэн дохионы зөрчил 26968 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 142667 тохиолдол бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гарчээ. Ийнхүү “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдсөнөөр зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Боксчид ОХУ-ыг зорилоо

Монголын боксын эрэгтэй шигшээ баг ОХУ-д зохион байгуулагдах олон улсын тэмцээнд оролцхоор эх орноосоо морджээ. ОХУ-ын Ханти-Марийнск хотноо өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай тамирчид оролцоно. Тус тэмцээнд дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д А.Даваадалай, 60 кг-д М.Батхүү, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д З.Энхзориг, 75 кг-д Б.Содгэрэл. Шүүгчээр Б.Атарбаяр, багийн даргаар Б.Батбаяр, нар оролцохоор хойд хөршийг зорьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы цонх хаасан асуудлыг төрийн байгууллагууд хуулийн дагуу шийдвэрлэхийг мэдэгдэж байна

Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүн “Өдрийн сонин”-ы байрны цонхыг хааж “Астра интернэйшнл” компанийн “Астра бьюлдинг” үйлчилгээ , орон сууцны барилга баригдаад таван сар гаруй хугацаа өнгөрлөө. Уг барилга баригдаж эхэлсэн цагаас тус сонины сэтгүүлчдийн Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн. “Өдрийн сонин”-ы зүгээс шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, хууль журмын дагуу асуудлыг тавьж иржээ.

“Астра бьюлдинг”-ийн тэрхүү барилга манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн эсэхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгаж байгаа аж. Хэн бүхэнд илэрхий байгаа хамгийн ноцтой зөрчил нь “Астра бьюлдинг”-ийн барилга “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4 метр зайд баригдаж байгаа явдал юм. Энэ нь барилга хоорондын зайг зөрчсөн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоогоод байгаа.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд барилга хоорондын зайг дахин хэмжиж байгаа аж. Уг хэмжилтийн дүнг дахин нягталсны дүнд “Астра бьюлдинг”-ийн барилгыг буулгах ажлыг албан ёсоор эхлүүлнэ.

Иймд эрх нь ноцтойгоор зөрчигдөөд байгаа “Өдрийн сонин”-ы хамт олны асуудлыг шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагууд анхаарч, хууль ёсны шийдвэрээ гаргахыг Монголын өдөр тутмын сонины холбооноос мэдэгдэж байна. Гишүүн байгууллагынхаа эрх ашгийг хүндэтгэх үүднээс бид цаашдаа ч хууль ёсны шаардлагыг тавих болно.

Монголын өдөр тутмын сонины холбоо

Categories
мэдээ нийгэм

17 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлджээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид 2014-09-р сараас 11 р сарын хооронд нийт 17 удаагийн үйлдлээр Тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг нь хагалан дотроос нь эд зүйлийг нь хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүд удаа дараагийн энэ үйлдлээрээ олон иргэдийг эд зүйлсээр нь хохироогоод байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшдэг иргэд та бүхэн машинаа зориулалтын харуул хамгаалалттай зогсоол талбайд байрлуулах зайлшгүй шаардлагатай. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан машины хучлага бас алдагдах тохиолдол ч мөн цөөнгүй бүртгэгдэж байгаа тул хучлагаа гинжлэх, дугаар тавих, түгжих, машинаа дохиоллын систем байрлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдээс санаачлан “Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлье” сэдэвтэй өдөрлөгийг өнөөдөр 13.00 цагт Баянбүрдийн тойргийн 50 дугаар сургуулийн урлагийн зааланд зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, халамж үйлчилгээний хэлтэс, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, улаан загалмай, 19 хорооны Өрхийн эмнэлгүүд, мөн хороо бүрээс 5 нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүд нийт 150 гаруй хүн оролцох аж. 2014 онд эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг сайжруулах, эрүүл мэндийн дэмжих чиглэлээр явуулсан үйл ажиллагаануудыг танилцуулж, хороо бүр оролцогч эмэгтэйчүүдэд “Өгөх өдөр”-ийг зохион байгуулж тодорхой хэмжээгээр тэдэнд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.