Categories
мэдээ соёл-урлаг

“Төгсгөлгүй” тангог тайзнаа амилуулна

Дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна.

Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд энэ оны тавдугаар сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид нь ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байгаа юм. Тус балетыг СТА Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд УДБЭТеатрын гоцлол бүжигчин СТА Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байран дээрх ослоор 237 иргэн амиа алджээ

-НДЕГ-ын санаачлагаар Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгээс “Эрүүл, Эрүүл Аюулгүй Ажлын Байр” форум болон үнэ төлбөргүй сургалтын арга хэмжээнүүдийг өнөөдөр зохиохоор болжээ-

Монгол улс гурван сая дахь иргэнээ ирэх оны эхээр хүлээн авах гэж байна. Бид олуулаа болохоор чармайж байгаа хэдий ч харамсалтай нь осол гэмтлийн улмаас иргэд амиа алдсаар.

МХЕГ-аас энэ оны есдүгээр сарын байдлаар үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан иргэдийн талаарх мэдээллийг гаргажээ.

2010-2013 онууд, мөн 2014 оны эхний есөн сард бүртгэгдсэн ослын тоог нэгтгэж үзвэл нийт 1,414 удаагийн үйлдвэрлэлийн осол бүтгэгдэж, 237 иргэн ажлын байран дээрх ослоор амиа алдсан дүн гарчээ.

Түүнчлэн 2010-2014 онуудын нэгтгэсэн дүнгээр 301 иргэн үйлдвэрлэлийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, 958 иргэн хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсан харамсалтай дүр зураг харагдаж байгаа юм.

МХЕГ-т бүртгэгдсэн ослын дүнгээс харахад үйлдвэрлэлийн осол нь дараах салбарт илүү байна. Үүнд:

  • Уул уурхай,
  • Барилга,
  • Зам тээвэр,
  • Боловсрол,
  • Эрүүл мэнд

Мөн үйлдвэрлэлийн ослын тэргүүлэх ТАВАН шалтгаанд:

  • Уналт нуралтын осол
  • Ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан,
  • Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл,
  • Технологийн процес зөрчсөн,
  • Өргөх механизмийн эвдрэл гэмтэл зэрэг тодорхойлолтууд багтаж байна.

Ажлын байрны осол, мэргэжлээс шалтгаалсан өчвнөөс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, гүйцэтгэл, хяналтыг сайжруулахад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах үүднээс НДЕГ-ын санаачлагаар Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгээс “Эрүүл, Эрүүл Аюулгүй Ажлын Байр” форум болон үнэ төлбөргүй сургалтын арга хэмжээнүүдийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тодорлоо

Монголд анх удаа Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу буюу “Wheelchair fashion show” өнгөрсөн жилийн зургадугаар сард зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөсөн билээ.

Тэгвэл өчигдөр Монголын “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-г анх удаа шалгарууллаа. Энэхүү арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцсон бөгөөд тэд хамтран бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүллээ. Мөн шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н эрхийн төлөө чадвараа сорьсон юм. Архангай, Булган, Баянхонгор, Завхам аймгаас дөрвөн сайхан бүсгүй энэхүү тэмцээнийг зорьж оролцжээ.

Тэмцээний ялагч, сайхан бүсгүй Б.Цолмон

Монголын хамгийн анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шагналыг хувийн дугаар 06 Б.Цолмон хүртэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгчөөр сонгогдон, шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнагдсан юм.

Мөн,

  • Авъяаслаг сайхан бүсгүй Ч.Тунгалагтуяа
  • Оюунлаг сайхан бүсгүй Б.Батчимэг
  • Төгс сайхан инээмсэглэлтэй сайхан бүсгүй Б.Нарантунгалаг нар тус тус шалгарчээ

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг гурван жилд нэг удаа, Тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг жил бүр зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Улсын их дэлгүүр”-ийн баруун талын байранд гал гарчээ

Төв зам дагуу буюу “Улсын их дэлгүүр”-ийн баруун талын байранд яг одоо гал гарч байна. Тодруулбал, зам дагуух таван давхар шар байрнуудын нэгэнд гал дэгджээ. Гал гурван давхрын айлын тагтнаас гарсан бөгөөд одоогийн байдлаар унаас болж гал дэгдсэн нь тодорхойгүй байна. Зарим хүмүүсийн ярьж буйгаар цахилгаанаас үүдэлтэй байж магадгүй гэсэн таамаг байна. Ямартай ч онцгой байдлын гал унтраах анги дуудлагаар очиж байна гэсэн мэдээлэл байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

“Эрх чөлөөний өргөн чөлөө”-г албан ёсоор нээлээ

Монгол улсын хэмжээнд жил бүр арванхоёрдугаар сарын 10-ний өдөр ардчилсан хувьсгалын ойн баярыг тэмдэглэдэг. Харин Орхон аймгийн тухайд 1989 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр монгол улсын хэмжээнд ардчилсан хувьсгалын төлөөх хамгийн анхны тайван жагсаалыг хийж ардчиллын өлгий нутаг болсон түүхтэй.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд анхны жагсаалыг хийж байсан гудамжийг “Эрх чөлөөний өргөн чөлөө” болгон нэрийдлээ. Түүнчлэн анхдагч илгээлтийн эздийн хөшөөнөөс дурсамж жагсаалыг эхлүүлж Амарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн түүхэн үйл хэргийг эхлүүлсэн замналыг баримтат кино болгон, мөн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг ойн хүрээнд олны хүртээл болгож байна.

Эрдэнэт хотноо ардчиллын анхны тайван жагсаал эхэлснээр ардчиллын салхи газар авч Ховд аймагт 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Багшийн дээд сургуулийн оюутан багш нарын жагсаал болж мөн анх удаа “Улс төрийн товчоо огцор” гэсэн шаардлага гарсан аж.

Түүнчлэн Монголын ардчилсан холбоо хэмээх анхны чөлөөт байгууллага багуулагдаж , арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод анхны цуглаан Хүний эрхийн өдөрт зориулагдан зохион байгуулагдаж байжээ. Энэхүү цуглаанаар МоАХ байгуулагдсанаа зарлаж төр засагт тавих 14 зүйлт шаардлагыг хүргүүлж байсан түүхэн цаг үеийг үеийн үед хүндлэн санаж явах ёстойг 25 жилийн ойн дурсамж жагсаалын үеэр ардчилсан холбооны партизанууд захиж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Тахарын албыг татан буулгана гэв

47162-26214700Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудлын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа Шинэ Засгийн газрын бүтцээр 464 орон тоо хэмнэгдэх бөгөөд 13 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо байгаа гээд эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төсвийг хэмнэсэн бодлого баримталж Засгийн газрын бүтцийг оруулж ирж байна гэсэн юм. Мөн Монгол улсын сайд гэсэн орон тоог шинээр буй болгож томоохон хөтөлбөр төслүүдийг хариуцуулах нь зөв гэж үзсэн гэдгээ хэллээ. Үүний хүрээнд саяхан байгуулагдсан Тахарын албыг татан буулгах ёстой гэдгийг тэрбээр энэ үеэр мөн танилцууллаа.

Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулж байна. Шинээр өргөн барьсан Засгийн газрын төрийн захиргааны тогтолцооноос Тахарын албыг хасах саналыг Ерөнхий сайд гаргасан юм. Харин энэ талаар Хууль зүйн сайд үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллага гэрчийг гэм хэрэгтэнтэй адилхан үзэх хэмжээнд ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед Тахарын алба байх ёстой. Ер нь яагаад энэ албыг татан буулгах болов. МАН-тай хийсэн тохироо байв уу. Цагдаагийн байгууллага чинь одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулахад 1250 орон тоо дутуу явж байгаа. Үүнийг өмнөх засгийн газрын Ц.Нямдорж сайд ч хэлж байсан. Гэтэл ийм хүрэлцээгүй байгууллага дээр Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг нэмж байгаа үед дийлэхгүй. Гэрч хохирогчийг, шүүх үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг байхгүй болгож болохгүй шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэрч хохирогчыг хамгаалах бүтэц нь ахицтай шинэ зүйл байсан. Тахарын албаны тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй гээд “Тахарын алба 500 гаруй ажилчинтай үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан. Уг албыг татан буулгах нь буруу” хэмээсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол авилгын индексээр 80-р байранд жагсчээ

“Transparency International” байгууллага дэлхийн 175 орноос Дани, Шинэ Зеландыг авилгал хамгийн багатай, коммунист Хойд Солонгосыг авилгал хамгийн өндөртэй улсаар нэрлэжээ. Мөн Сомалийг дээрэмчдээрээ тэргүүлж байгаа гэж дүгнэсэн аж. Харин Монгол улс энэ жагсаалтын 80-д орж, өмнөх оныхоос 3 байр урагшилжээ.

Жагсаалтыг гаргахдаа засаглалын 12 институтыг шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ мэргэжлийн шинжээчдийн үзэл бодлыг харгалзжээ. Үүнд авилгал хэр зэрэг тархсан, түүнийг хэр мөрдөн шалгаж байгаа, Засгийн газар нь хүн ардынхаа үндсэн эрхийг хэр хангаж чадаж байгаа зэргийг дурдаж болно. Сургуулийн тоног төхөөрөмж, хүрэлцээ муу, эмнэлгийн тусламж үйлчилгээ тааруу, татварын мөнгийг хувьдаа завшсан хэрэг их гардаг зэрэг нь үзүүлэлтийн бас нэг чухал шалгуур юм байна.

Хаалттай хөшигний цаана явагдаж буй гэрээ хэлэлцээрүүд нь байгалийн баялгийн завших эх үндэс болдог гэж дээрх судалгааг гаргасан шинжээчид дүгнэжээ.

Snapshot_2014-12-04_120442

Categories
мэдээ нийгэм

Нотариатчид хууль зөрчиж өндөр хөлс авдаг байжээ

ШӨХТГ-аас нотариатчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг тогтоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 тоот тушаалд өвлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд үнийн дүнгийн 1 хувиар үйлчилгээний хөлс авахаар заасан байдаг. Гэтэл нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээс өндөр үнэ тогтоож, түүний 1 хувиар нотариатын үйлчилгээний хөлс авсан зөрчил илэрчээ. Өвлөх эрх гэрчлэхдээ өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үнэлгээгээр эсхүл өвлөгчийн тогтоосон үнэлгээр тооцож авахыг Монголын нотариатчдын танхимд үүрэг болгож, зөрчил арилгуулахыг үүрэгджээ.

Categories
мэдээ нийгэм

73 жолооны багш шалгалтанд бүдэрчээ

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аттестатчилах” хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн 6 дүүрэгт, алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэг, орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Тев аймгуудад хийжээ. Хяналт шалгалтад нийт 136 авто сургууль, 1557 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 1484 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон. 70 тээврийн хэрэгсэл, 73 ЗХХД-ийн болон жолоодлогын дадлагын багш шалгалтад тэнцээгүй тул хасагджээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зориулалтын ангаас 2.1 тэрбумын ашиг олно

Ирэх онд тусгай зориулалтаар агнуулах амьтны тоо толгойг 40 угалз, 60 тэх, 15 халиун буга, 20 саарал чоно, 10 бор гөрөөс, 10 зэрлэг гахай байхаар Засгийн газраас тогтоосон билээ. Энэ тоо хэмжээгээр ан хийлгэхэд 2015 онд 11 аймгийн 38 сумдын төсөвт агнуурын амьтны нөөц ашигласны төлбөр 1.6 тэрбум төгрөг, хураамж 436 сая, нийт 2.1 тэрбум төгрөг төвлөрөх аж. Үүнээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төлбөрийн 50 хувь буюу 834 сая төгрөгийг тухайн амьтны амьдрах орчныг сайжруулах, өсөж үржиж нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах аж. Өнгөрсөн онд угалз 28, тэх 41, халиун буга 20, саарал чоно 2, бор гөрөөс 4, цагаан зээр 16 толгойг тусгай зориулалтаар агнуулж 15 аймгийн 40 гаруй сумын төсөвт нэг тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

2013-2014 онд нийт 58 агнуурын бүс нутгийн агнуурын амьтны нөөцийг нарийвчлан тогтоосон байна. Энэхүү судалгааны тайлан, тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менжментийн төлөвлөгөөнд үндэслэн ирэх онд агнах амьтны төрөл, тоог тогтоожээ. Тухайлбал, 12 аймгийн 36 сумын 40 агнуурын бүс нутаг 6200-7500 орчим аргаль хоньтой учир жилд 50-60 угалз агнуулах нөөцтэй аж. Мөн 4 аймгийн 20 сумын 24 агнуурын бүс нутагт нийт 12.000 орчим янгир ямаа, 8 агнуурын бүс нутагт 1450 орчим халиун бугын нөөцтэй байна.