Categories
мэдээ цаг-үе

“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид хүйтэнд зутруухан сууж байна

Төрийн орон сууц санхүүжилтийн корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулаад тун удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ өвлийн эхний хүйтэн өдрүүдэд эдгээр барилгуудын “тар” нь танигдаж эхэлжээ. Тодруулбал, эдгээр 25 барилгын цонх нь гаднах орчин харагдахгүй болтлоо цантаж, зарим хэсэгтээ овойж, товойсон мөс болон хөлдөж байгаа юм байна. Энэ талаар манай сонинд оршин суугчдын зүгээс гомдол ирсний дагуу “Буянт-Ухаа” хорооллыг зорилоо.

Хорооллын орчимд очвол байрныхаа гадна нарлаж буй өвгөд хөгшид олонтаа сууж байна. Хөгшдийн хувьд эдгээр барилгууд нь ерөнхийдөө хүйтэн, цонхоор нь үргэлж салхи сийгэж байдаг тухай ам уралдан хэлж байна. Зарим айлын хана нь цантаж, обой нь хуурч байгаа тухай ч ярьж байлаа. Эдгээр байрууд нь хүйтэн, дулаан нь харилцан адилгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, захын байрууд нь хүйтэн, дунд талын байрууд нь харьцангуй дулаан байдаг аж. Хүйтэн байрууд дотроо найм, есдүгээр давхар нь л ихэвчлэн хүйтэн байгаа тухай оршин суугчид хэлж байлаа.

ШИНЭ БАЙРАНД ОРСОН ГЭСЭН НЭРТЭЙ Л БАЙНА”

Ингээд хөгшдийн зөвлөсний дагуу хамгийн захын буюу 726, 727, 728 дугаар байрууд руу орлоо. Эдгээр байрны онцлог нь нэг блок байр гурван орцтой бөгөөд орц бүрийг нэг байр хэмээн нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, бидний орсон гурван байр нь тус хорооллын нэг л блок гэсэн үг юм.

Эхлээд орсон айл бол 726 дугаар байрны есөн давхарт оршин суух Ц.Шижирийнх юм. Эднийх өнгөрөгч аравдугаар сард, бусдын л адил найман хувийн зээлд хамрагдан тус байранд оржээ. Залуу гэр бүл маань бага насны хоёр жаахан хүүхэдтэй юм. Ц.Шижирийнд ороход өөдөөс пүн хийсэн дулаан агаар угтсангүй. Бид гадуур хувцастай байсан болоод ч тэр үү, эсвэл гэрийн эзэд өөрсдөө зузаан ноосон цамц, монгол үйлдвэрийн эсгий шаахай өмссөн болоод ч тэр үү нэг л тух муутай байцгаана. Хэдийгээр гал тогоондоо ямар нэг хоол, унд хийгээгүй байсан ч гэсэн том болон жижиг өрөөний цонх нь битүү цан болсон байв. “Харин ч өдөр болоод жаахан онгойчихоод байна” хэмээн тэд хэлэх ажээ. Өглөө, оройд хоол унд хийх үед бүр битүү цан цохидог байна. Тэр ч бүү хэл хоол хийгээгүй үед, гэрийн гишүүд бүгд цуглараад халуун амьсгал олшроод ирэхийн цагт л цонх нь цантаж эхэлдэг ажээ. Эдний жижиг өрөөнийх нь цонхноос цангийн хайлсан ус гоожсоор тавцангийнх нь доод талын обой нь хууларчихсан байна. Үүн дээрээс паар нь дөнгөж амь төдий л дулаантай. Гэрийн эзэд үүнийг тайлбарлахдаа “Есөн давхар барилгын дулаан нь дээрээсээ доошоо явдаг. Гэтэл энэ барилгынх доороос дээшээ явдаг юм шиг байгаа юм. Манай нэг давхрын айлууд их дулаахан. Паар нь сайн халдаг. Тийм болохоор бидний хэл ам хийж байгааг дэмждэггүй” гэсэн юм. Үнэхээр ч гэрийн эзэн Ц.Шижир тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-д олон удаа хандаж, асуудлыг хэлж байжээ. Тэр болгонд нь “Танайхыг тэмдэглээд авчихлаа. Удахгүй хүн очиж үзнэ. Гэхдээ ер нь гадаа нэг их хүйтрээгүй байгаа болохоор халаалт тийм ч сайн биш байгаа шүү дээ. Ес эхлэхээр дулаан жигдэрнэ” гэсэн тайлбар сонсдог байна.

Эднийх өмнө нь мөн л Нисэхдээ есөн давхар байрны есдүгээр давхарт байсан бөгөөд өвөл ч гэсэн гэртээ майктай, тэр ч бүү хэл хөл нүцгэн байдаг байжээ.

Агааржуулагч нь огт ажилладаггүй хэмээн гэрийн эзэгтэй мөн ярьсан. Хэрэв агааржуулагч нь ажиллачихвал хоол хийсэн уур нь сорогдож, уур цан болохгүй байх ёстой гэнэ. Бүр агаар сорох нь байтугай хүйтнээр үлээдэг гэх нь ч дуулдлаа.

Паар ажиллахгүйн дээр ийм хүйтэн байгаа өөр нэг шалтгаан нь цонх муугийнх. Нүүж ирсэн даруйд гадаах температур дулаан байсан учир гэрт ч мөн тийм байлаа. Харин хүйтрэх тусам цонхны жийргэвч резин нь хөлдөж, булан тохойноосоо авахуулаад наалт нь хуурч эхэлсэн байна. Үүний улмаас цоож нь барихгүй байх үе ч олонтаа тохиолдох болжээ.

Ийн залуу гэр бүл өвлийн улиралд зутарч буйгаа нэгд нэгэнгүй учирлалаа. Тэд “Том хүмүүс бид ч яахав. Хүүхдүүд маань л ханиад, шуухинаанаас салахаа байлаа. Алсдаа энэ нь бүр том өвчний эхлэл болчих вий дээ л гэж санаа зовж байна” гэж байв.

Ц.Шижирийнхээс гараад оршин суугчдын дулаан гэж яриад буй гурав, дөрөвдүгээр давхрын айлууд руу орлоо. Ингэхдээ тус байрны дөрөвдүгээр давхрын оршин суугчийнд орсон юм. Эдний хувьд өглөө, оройдоо цонх нь жаахан цантаж, ус гоождог ч тийм их айхтар биш гэнэ. Есөн давхрын айлыг бодвол тэд гэртээ нимгэн цамц, футболктойгоо сууж байна лээ. Паар нь ч тийм муу биш халаалттай юм билээ.

ОРШИН СУУГЧДЫН ОЛОНХИ АМ МУУТАЙ БАЙНА

726 дугаар байрнаас гараад 721, 715 гээд хэд хэдэн байрны есөн давхрын айлуудын хаалгыг цохиж үзлээ. Ингэхэд тэдгээр айлууд их хүйтэн, дандаа зузаан цамц, өмдтэй байдаг тухайгаа учирлаж байлаа. Бага насны хүүхдүүдтэй айлууд нь даарснаас болж ханиад хүрсэн хүүхдэдээ элдэв янзын эм өгсөөр зарим нь хордлогод орж байгаа тухайгаа ч хэлж байсан билээ.

724 дүгээр байрны найман давхрын оршин суугч Г.Цэцэгээ гуай гэхэд “Дөнгөж сая байрнуудын дунд байх ТОСК-д хандаад ирлээ” гэсээр сууж байв. Учир нь эдний паарны дулаан хангалттай биш байгаагийн дээр мөн л цонхноос нь салхи сийгэж, уур, цан болж ус гоожсоор доод хэсгээрээ овгор, товгор мөс болсон байв. Г.Цэцэгээ гуай өдөр бүр шахам ТОСК-д ханддаг бөгөөд дээрх оршин суугчийн адил “Таныг тэмдэглээд авлаа. Удахгүй хүн очиж үзнэ” гэсэн үгсийг л сонсдог байна. Эдний агааржуулагч нь мөн ажилладаггүй. Үүнийг хэлэхээр “Та лаа асаагаад эсвэл шүдэнз зураад үз. Тэгэхэд дөл нь татагдаж байвал ажиллаж байгаа гэсэн үг” хэмээн утсаар зөвлөгөө өгдөг гэнэ. Г.Цэцэгээ гуай хэлснийх нь дагуу үзэхээр агааржуулагч нь огт сордоггүй байна. Тэр мөн л орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан тус байранд орсон. Тиймээс “Олон жилийн өр тавьж ийм байранд орох ч гэж дээ” хэмээн халаглаж сууна лээ.

Байрны гадна байх хүүхдээ агаарт гаргаж буй бүсгүйтэй хэсэг ярилцлаа. Тэрээр тус байрнууд ерөнхийдөө хүйтэн гэдэгтэй санал нэг байв. Нялх хүүхдээ усанд оруулахад их хүндрэлтэй байдаг тухай хэлж байлаа. Түүний хэлснээр заримдаа саван зуурчихсан юм шиг зунгааралдсан ус гоожих үе ч бий гэнэ. Мөн халуун усны крантнаас баахан хүйтэн ус гоожиж байж халуун ус нь гарч эхэлдэг аж. Түүнчлэн нарлаж байсан хөгшид болон энэ эмэгтэйн хэлснээр СӨХ-ны мөнгө нь хэтэрхий их гэнэ. Ам бүл хоёулаа залуу гэр бүлийг сардаа 30 мянган литр ус хэрэглэдэг хэмээн мөнгө авсан тохиолдол бий тухай тэд ярьж байв. Мөн 66 мкв талбайтай айлаас 35 мянган төгрөг үргэлж авдаг гэдгийг ч хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй СӨХ нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын талд үйлчилдэг хэмээн хэлэх хүн ч байсан юм.

АМЬДАРЧ БАЙГАА ГАЗРАА МУУЛААД ЯАХАВ”

Оршин суугчидтай ийн уулзаад эргэх зуурт нэг давхрын, цонхоо дулаалж буй хоёр залуутай тааралдав. Залуу гэр бүл маань өнгөрөгч сарын 6-нд түлхүүрээ авчээ. Гэсэн ч байрандаа бүрэн нүүж ирэхгүй байсаар арав хоногийн өмнө ирсэн байна. 722 дугаар байрны нэг давхрын оршин суугч залуу хосынд орвол бүрэн нүүж ирээгүй байгаа тул тавилга сав гэхээр зүйлгүй юм. Тиймээс ч орой ажлаа тарж ирээд газар ор засаад хэвтэхэд цонхноос нь салхи сийгээд байдаг ажээ. Худалч хүнд бол хөшиг нь хийсэх нь холгүй байдаг гэнэ. Эдний паарны хувьд маш сайн халдаг аж. Гол асуудал цонхонд байгаа тул ийнхүү хоёр залуу цонхоо дулаалж зогсоо гэнэ. Байрны засвар үйлчилгээг хариуцах хүмүүст олонтаа хэлсэн ч мөд ирэх шинжгүй байгаа тул “Нэг цагийн өмнө ч гэсэн дулаан байх минь” гэцгээж өөрсдөө барилгын материал худалдан авч дулаалж байгаа нь энэ аж. Эдний тагтны хаалт нь гаднах орчин харагдахгүй болтлоо цан болжээ. Гэрийн эзэн шилэн дээр нь “Цан” хэмээн бичиж үзүүлэх аж.

Цонхоо дулаалахын тулд энэ гэр бүл 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргажээ. Чигжээс парлон, цацдаг хөөс гээд олон зүйл харагдаж байв. Залуусын хувьд “Энэ байр бүхэлдээ ийм биш. Дөрвөн давхарт байдаг манай найзынх бол янзын дулаахан. Гэтэл бид л азгүй тохиолдлоор ч юм уу ийм байртай болчихжээ. Гэхдээ амьдарч байгаа газраа муулаад яахав. Өөрсдөө засаад л авчихъя. Манай цонхыг хийсэн компани л ажилдаа хариуцлагагүй хандсан бололтой” хэмээн уужуу сэтгэлээр хандах ажээ.

ОРШИН СУУГЧИД АГААР СЭЛГЭЛТ ХИЙДЭГГҮЙН УЛМААС УУР, ЦАН БОЛДОГ ГЭВ

Ийнхүү оршин суугчидтай уулзаж, хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ирж буй бэрхшээлийн талаар сонссоныхоо дараа тус байрнуудын барилга угсралтын ажлыг хариуцан ажилласан Үндэсний бүтээн байгуулалтын корпораци руу орлоо. Тус корпорацид таван компани багтдаг бөгөөд “Буянт-Ухаа” хорооллын угсралтын ажлыг бүрэн хариуцаж хийжээ. Тиймээс тус корпорацийн ашиглалтын баг болон Опен хаус СӨХ, борлуулалт хариуцах үүрэг бүхий ТОСК-ийн салбар зэрэг байгууллагууд хорооллынхоо дунд нь хоёр давхар, тусгай байранд байрлаж байдаг юм байна. Ашиглалтын багийн хувьд бүрэн ашиглалтад ороогүй байгаа хорооллынхоо ашиглалтын өмнөх засвар үйлчилгээг хийж, шинэ оршин суугчдадаа хүлээлгэн өгдөг юм байна. Бүрэн ашиглалтад ороогүй гэдэг нь тус хорооллын 25 барилгын 1575 айл байх ёстойгоос өдгөө 1250 айл л байгаа юм байна. Тиймээс байранд бүх айлууд нүүж ортол тус баг ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ. Дээр уулзсан иргэд ТОСК-д хандаад ирлээ гэцгээж байсан. Гэтэл үнэндээ тус багийнхантай уулздаг байжээ.

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн айлуудаас халаалт, цонх гэсэн гомдол олонтаа ирэх болжээ. Тиймээс өнгөрөгч мягмар гаригт тус корпорацийн зөвлөл хуралдаж, долоо хоногийн онцгой байдал зарлаад байгаа юм байна. Энэ хугацаанд угсралтын ажилд оролцсон таван компани тус бүртээ “асуудал” үүссэн болон үүсээгүй айлаар орж, засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тодруулж, улмаар шаардлагатай бол газар дээр нь засах арга хэмжээ авч байгаа юм байна.

Биднийг тус корпорацид орох үед инженерүүдийн утас чөлөө завгүй дуугарч, ихэвчлэн “Цонх сийгээд байна” гэх дуудлага ирж байв. Инженерүүд ч тэмдэглэн авч утсаа салгаад засварчин бололтой хүмүүстээ “Тэдийн тэдэн тоот, цонх сийгсэн гэж байна. Яаралтай очоорой” хэмээн үүрэг өгч байгаа нь дуулдана.

Энд ажиллаж буй инженер н.Цогбадрах болон бусад инженерүүд ийн ярьж байв.

Айлуудаар ороход ихэвчлэн цонх сийгэж байгаа тухай хэлж байна. Танай зүгээс хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Бид газар дээр нь янзалж байгаа. Өөрөөр хэлбэл, корпорацийн таван компани бүрээс тусгай баг гарч ажиллаж байна. Одоогоор 100 гаруй айлын цонхны резинийг солиод байна.

Гэхдээ цонхны хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Манайх бол шинэ байр. Ийм байранд барилгын чийг гэж байдаг. Тиймээс өдөрт 4-5 удаа таван минутаар агаар сэлгэлт заавал хийх ёстой. Гэтэл айлууд огт агаар оруулахгүйгээр, хоол унд хийж, юм угааж, уур савсуулдаг учир цонх нь цантаад байгаа юм. Зарим хүмүүс “Яагаад өвлийн улиралд цонх онгойлгох ёстой юм, даарч байна гэдэг”. Гэхдээ тийм биш, агаар сэлгэлт ямар ч үед байх ёстой. Бүр бариулаа аваад скочидчихсон айлууд ч бий шүү.

Танай байрнуудын агааржуулагч ажиллахгүй байгаа юм биш үү. Агааржуулагч байвал тийм уурыг сороод авчихна биз дээ?

-Зарим айлууд өөрсдөө агааржуулагчийн нүхэн дээрээ тавилга тавьчихдаг. Жишээлбэл, гурван өрөөтэй айл зөвхөн зочны өрөөндөө агааржуулагчтай атлаа түүнийгээ бөглөчихдөг. Хиншүү сорогчоо холбочихдог айлууд ч бий. Барилгын чийг хамгийн хүйтэн хэсэг болох шилэн дээр л гарч ирдэг. Гаднаа хүйтэн агаартай байгаа учир ус нь урсаж орж ирээд байгаа нь цонхон дээр л гол асуудал байгаа мэт харагдаад байгаа юм. Хэрэв агаар сэлгэлт хийдэг бол тийм асуудал байхгүй л байна шүү дээ.

Есөн давхрын айлууд халаалт нь нэг давхраас явж байгаа тул дээд давхрууд нь муу халж байна гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Есөн давхрын айл дээрээ айлгүй учир тааз байгаа, яавч л хүйтэн байж таарна гэж сэтгэлээрээ бодоод байгаа болов уу. Түүнээс бус халаалт яг жигд байгаа.

Паарыг нь барьж үзсэн шүү дээ. Үнэхээр амьтай төдий л байна лээ?

-Бид айлуудад ороод дулаан хэмжигчээр үзэж байгаа. Таазан дээр нь барихад 17, 18 градус буюу хэвийн л байгаа.

Нөгөө талаас даваа гаригаас эхлэн манай энэ хавиар тог тасарсан. Өчигдөр гэхэд бүтэн өдөржин тоггүй өнжсөн. Тиймээс халаалт доголдолтой байгаа юм. Манай узель мотор буюу цахилгаанаар ажилладаг. Тиймээс тог тасрах үед ийм асуудал үүсдэг.

Танай байруудыг Мэргэжлийн хяналт хэзээ хүлээж авсан юм бэ?

-Долдугаар сарын эхээр хүлээж авсан.

Танай зарим байрнаас шаардлага хангахгүй ус гардаг тухай нэг оршин суугч хэлж байна лээ?

-Одоогоор тийм гомдол ирээгүй байна.

Өнөөдөр нэлээд дуудлага ирж байх шиг байна. Одоогоор хичнээн айл танайд хандаад байна вэ?

-Бид гомдол ирсэн, ирээгүй айл бүртээ орж үзэж байгаа. Тог, цахилгаан гэх мэт бүх зүйлсийг нь шалгаж байгаа.

Ер нь анхнаасаа яагаад ийм шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлдэг компани корпорацийн бүрэлдэхүүнд орчихсон юм бэ. Жишээлбэл, гол асуудал үүсгээд буй цонхыг “И Си Си” зэрэг компани хийсэн юм байна. Хариуцлагын тухай ярих уу?

-Бид хариуцлага гэхээсээ өмнө алдаагаа засах талаар ажиллаж байна. Асуудлыг тухай бүрт нь шийдэхээр манай корпорацийн 20 гаруй хүн ажиллаж байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЛЭГНИЙ ГАМЛЕТ: Эмтрэх үү, эс эмтрэх үү

Нэг. САЙН ЮМНЫ САЙНГҮЙ ТАВИЛАН

Олон түмэн муу юмыг анзаарамтгай. Нийгэм нээлттэй болохын хэрээр муу муухай үйл хэрэг олон түмний хараанд өртдөг, нийтийн хүсэл зоригоор адлагддаг болж байна.

Харин сайн үйлс бага анзаарагддаг. Бага анзаарагдахын хэрээр сайн үйлсийн хувь тавилан сонирхол татахгүй өнгөрнө. Нэгэн үеийн монголчуудын хүзүүн дээр зайдалж байсан, орос эхнэр Филатоваг олон хүн залуу настайгаа хамт дурсаж, тэр авгай л улсын хөрөнгөөр пионерийн зуслан барихыг тушаасан учир бүх хүүхэд аандаа жаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр хуримын ордон босгохыг зарлигласны үрээр гэр бүл тарчихаагүй үлдсэн аятай ярьдаг. Харин хэдэн жилийн өмнө өөрийн босгосон хөрөнгөөр Монголын орон гэргүй хүүхдүүдийг асарч тойлж байгаадтүймэрт өртөж, хүүхдүүдийн амийг авраад өөрөө үхсэн нэгэн гадаад эмэгтэйгбол таг мартсан. Түймэр гарсан тухай мэдээ явж байсныг бүүр түүр санах нэгэн байвч нэрийг нь ч таг.Ийм л байдаг. (Эргэлзэжбайвал Монгол Улсын хамгийн шударга, хамгийн нүдээ олсон шагнал болох “Шударга журам” медальтай нэг хүнийг нэрлэх гэж оролдоод үзээрэй)

Сайн үйлсийн хувь заяаг бага сонирхохын хэрээр түүнд учрах садаа элбэг. Сайн юм чинь, зөв юм чинь, өөрийн санаачилга хөрөнгөөр хийж байгаа юм чинь болно гэсэн итгэлээр эхлүүлсэн олон сайхан үйл хэрэг замхарсан байдаг.Ихэнх буянтан гомдол гаргахгүй, сайн сайхан юмны төлөө явж байж хэрүүл уруул хийж, буяндаа бузар оруулаад яахав гэдэгтэй холбоотой. Буяны үйл, тусламж нь тухайн проблемоор бизнес хийж, тэндээс ашиг олж, үгүйдээ л тулгамдсан бэрхшээлийг зөвшөөрөгдөж болох зардлаар шийдэж байсан бүлгийн эсэргүүцэлтэй үргэлж л тулдаг. Жишээлэхэд, гэр хороололд хувиасаа үнэгүй түлээ бэлэглэх сайн үйлс өрнүүллээ гэхэд мод, нүүрсний ченжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч л таарах шиг зүйл. Өвөг дээдэс “Сайн юманд садаа мундахгүй”хэмээн дэмий нэг сануулаагүй аж.

Хоёр: ЭЛЭГ ЭМТРЭМ СТАТИСТИК

МонголУлс элэгний хорт хавдрын үхлээр манай гариг дээр тэргүүлж байна. Дэлхийн дунджаас найм дахин их байгаа статистикийг монгол маягаар,хол саахалтын дайтайбиш, харин өртөө хэртэй тасархайяваатай зүйрлэж болно.Элэгний хорт хавдрын ээж болох хепатитын С вирусийн эсрэг цор ганц эмчилгээ байсан интерфероноортариулахад30.000 орчим ам.доллар байсан нь орон сууцтай хүнд түүнээ зараад амиа аварч болох зам байж.Хайртай дотно хүнийхээ амь насны төлөө орон гэрээ зольж гудманд гарахшаардлагатай тулгарч болох гэр бүл Монголд тойм судалгаагаар 200.000 орчим байх.Гэтэл хепатитын С вирусийг найдвартай дардаг мөртлөө интерфероноос бага хугацаанд хэрэглэдэгэмSovaldi (Софосбувир)хэмээхнэрээр гаргаад ирэв. Үнэ нь 85.000 орчим доллар. Бүгдээрэнд нь зарах орон сууц байхгүй ч гэсэнболомжгүй нэгэндээ туслах хөдөлгөөн өрнүүлдэг сайхан практик манайд бий боллоо. Олон нийтийн хандиваар гадаадад, үнэтэй мэс засал хийлгэж, нэгийнхээ амийг нь аварсан явдал сонин, хэвлэлийн хуудас дүүрэн байна. Ингэж бодохоор аюулын ирмэгт байгаа 200.000 хүнийхээ тоог 30.000-85.000 ам.доллараар үржүүлээд нэг тоо гаргаад харахад гэмгүй. Эрүүл мэндийн бизнес эрхлэгчдийн хувьдМонголын зах зээл дээрямар том боломж гарч ирээд байсан нь эндээс харагдана. Эрүүл мэнд бол бизнес, үргэлж л тийм байсан. Монголын уран сайхны “Өглөө” кинон дээр эмчилгээний хөлс авсан маарамбыг буруушаахад “Авч өгч сурсан самбай янчаан хоёр шүү дээ” хэмээн биеэ өмөөрдөг дөө.

Гурав. ЭЛЭГ

НЭГТНИЙ ЭЛЭГ

Гэтэл бүх юм орвонгоороо эргээд, гайхалтайбизнесийн орчинг нураагаад эхэлжээ.Нэг талаас “Оном сан” хэмээхсайн санааны сан энд нөлөөлсөн. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ Монголын сэхээтний нэг,Доктор Д.Наранбаатар,мөн л олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эмч, доктор Д.Наранжаргал нар 2008 онд энэ санг байгуулжээ.

Мянга мянган монгол айл өрхийн нэгэн адил өвөө, нагац ах нараа элэгний хорт хавдраар алдаж байсан залуус, аавыгаа энэ өвчнөөс аварч ихээхэн итгэл найдвар төрснөөс энэ бүхэн үүджээ. Залуу насны оргилсон хүсэл мөрөөдөл, судлаачийн тооцоо, анагаах ухааны шинэ ололтууд тэднийхүсэл зорилгын тулгын чулуу болж байж. Доктор Д.Наранбаатар физикч бээрАНУ-ын Аргонне үндэсний лабораторийг орхин мянга мянган монгол айлыг элэг бүтэн үлдээж болох үйлст зүтгэхээр шийджээ. (Дашрамд дурьдахад, АНУ-ын үндэсний лабораторид эрдэмтнээр уригдаж ажиллана гэдэг бол Монголд танил талгүй хүн төрийн албанд орохоос ч хүнд шалгууртай). Доктор Д.Наранжаргал ч гэсэн Германы Макс Планкын Институтэд судлаачаар ажиллах урилгыг хүлээн авалгүй энэ үйлст зүтгэхээр мөн шийджээ. Тухайн үед шинээр туршиж эхлээд байсан хепатитынС вирусийн эсрэг шинэ эмийн туршилтын явц ч урам зориг төрүүлсэн юм байна.

Ингээд Анагаах ухааны доктор, профессор Я.Дагвадоржоос эхлээд тухайн салбараар мэргэшсэн, туршлагатай эмч нараар баг бүрдүүлэн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх дэд хэсгүүдтэй, цогц хөтөлбөр боловсруулж, түүндээ хэрэгтэй судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулжээ. Уг хөтөлбөрөө “Эрүүл элэг хөтөлбөр” хэмээн нэрийджээ. Дэд хэсгүүд нь хүн амыг нийтэд нь шинжилгээнд жигд хамруулах, урьдчилан сэргийлэх сайн тогтоц бий болгож халдвар аваагүй хүмүүсээ хамгаалах, улмаар эмчилгээг хүртээмжтэй хийн голомтоор дарж авах гэсэн санаа шүү дээ. Санаа зөв бол заяа зөв гэгчээр хамгийн сүүлийн үеийн мөнөөхэмийг үйлдвэрлэгч тал чбараг 100 дахин хямд үнээр Монголд өгөхөөр болжээ. Энэ ньцаанаа их учиртай боловч бидний боддог шиг монголчууд хүнээс дээгүүр төрснийг илтгэх “хөх толбо” энэ тэрээс үүдээгүй юм байна.Хэдийгээр “С” вирүстэй хүнийхээ хувь процентоор хэтэрхий тэргүүлэх боловч цөөхөн хүн амтай учраас сонирхол татсан аж.Учир нь 200.000 орчим хүнийг эмчлээд хаяахад лбүхэл бүтэн Монгол Улсыг “С” вирусээс чөлөөлсөн аугаа ялалт анагаах ухаанд гарах учиртай.Нөгөө талаасдэлхий ертөнцхөгжихийн хэрээрбизнестхүнлэг чанар давамгайлж,хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг дээдлэн, ялангуяа ядуу буурай орнуудад онц хэрэгцээтэй эм , эмчилгээний үнийг бууруулах хандлагатай болсон нь ч нөлөөлсөн гэнэ. Жишээлэхэд л ДОХ-ын эмчилгээний үнэ хэрхэн бууснаасэхлээдманайхны мэдэх хепатит “В” вирусийн эсрэг эмний үнэ 500.000-аас 50.000 төгрөг болтлоо буусан олон жишээ үүнийг хэлээд өгнө.

Гэвч урам зориг бадарсан, Монголын төр, ард түмэн минь ч халуунаар дэмжинэ гэдэг найдан ирсэн залуусыг эх орон нь тэврэн угтсангүй, тэр ч бүү хэл найрсгаар гар барин мэндэлсэнгүй.Хурал номын газар хараалын үйлчилгээ байдаггүй шиг,сайхан үйлсийн тухай яриаг муу мэдээгээр чигжихгүй гэсэндээ олон үйл явдлыг товчилъё доо, одоохондоо.

Дөрөв.

ЭЛЭГГҮЙ ЯВДАЛ

Өрнөсөн үйл явцтай уялдаад элэгний С вирустэй тэмцэх хүрээнд хийж болох байсан, гоёор хэлэхэд “хүмүүнлэгийн бизнес”-ийн аугаа зах зээлийн ирээдүй бүрхэг болоод ирсэн байна. Эндээс будлиан үүсч, нэг талаас нь харахад үнэ нь ойлгомжгүй болчихоод бүтэхгүй ч байгаа юм шиг, нөгөө талаас нь харахад “хэн нь анхдагч” болохыг шийдэхгүйгээс болоод манайд нэвтэрч болохгүй байгаа ч юм шиг байдалхарагдаад, эцсийн дүндээ зуу зуун мянган айл, сая сая монгол хүнийг өнчрөл хагацлаас аврах ажил удааширчээ.

Нарийндаа бол элэгний хорт хавдраа хамгаалах “ариун зах зээл” дээр том бизнест бэлдэж байсан бүлэглэлүүд “оргүйд орвол охинтой” үлдэхийг хүсэгчид 900 доллараар орж ирэх эмний үнийг 1800 энэ тэр болгон будлиантуулаад эхэлжээ. Өнгөц харахад “Ард түмнийг би аварна. Үгүй, яасан ч чамаар авруулахгүй, зөвхөн би л аврах нигууртай” гэлцэн үзэлцэхүзэгдлийн мөн чанар нь энэ. Интернэтээс харахад эмийг 900 доллар болтол хөнгөлж байгаа ньБлоомберг дээр ч бэлээхэн харагдаж л байх.

тав. ЭЛЭГ БҮТЭН ҮЛДЭХИЙН ТУЛД…

Ер нь бол энэ эм хэзээ нэг цагт, Хятадаас ч юмуу, Энэтхэгээс ч юмуу, хуулбар нь ороод ирэх байх, олж авч чадсан нь дураараа хэрэглэх л байх, дуртай эмээ идэж сураагүй юм биш гэж. Харин элэгний хорт хавдрын шалтгааныг илрүүлэх, эмчлэх, арилгах цогцолбор ажил хийгдэхгүй учир, нэг хүн энд эдгэхэд, тэнд хоёр хүнд тусаад, гурав дахь ямар аймшигт юм туссанаа мэдэхгүй хугацаа алдаад л цаашаа явах биз.

Үүнээс илүү их алдаж байгаа зүйл бол хугацаа юм. Эдийн засагт хугацаа алдвал мөнгө алддаг, харин анагаах ухаанд хугацаа алдвал амь алддаг. Амин хувийн шальгүй эрх ашиг дээр алалдаж байх зуур, вирус тээгч 200.000 хүн үхэл рүү алхам алхмаар дөхөж, цаазын ял шиг сонсогддог “эмчлэгдэхгүй, сүүлийн шатандаа орсон байна” хэмээх хариултын хязгаарыг давж байна.

Зориуд тэмдэглэн хэлэхэд, Оном сангийнхан уг эмийг Монголд борлуулаад, хэн нэгэнд очих байсан бага боловч олз (нэг эмнээс нэг ядаж нэг цент унагах чюм уу) ашгийг амжиж булаах гэсэн юм бүр биш.Аюултай “С” вирусийн аранга болсон эмийг хийж буй компани Монгол дахь борлуулагчаа аль хэдийнэ сонгож, нэр нь Омбол гэсэн. Угаасаа эрүүл бизнесийн ертөнцөд төсөл хэрэгжүүлэх болон бүтээгдэхүүний дистербуци хоёр үүргийг нэг газарт өгдөггүй. Тэрийг ч Ономынхон мэдэж байсан хэрэг. Харин тэд монгол хүний элгийг эрүүлжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмийн үнэ, борлуулалтад хяналт тавина.

Нөгөө талаас манайхан Оном сангаас илүү оновчтой хөтөлбөр боловсруулаад өөрсдөө хийгээд явчихна гэж санаж яваа байх. Харамсалтай нь барууныхан хүнд итгэхийн өмнө их цэрвэдэг, нэг итгэсэн хүндээ үргэлж найддаг, нэгэнт итгэлийг нь хүлээсэн этгээдтэй зөрөлдсөн, зөрчилдсөн улсыг өөрийнхөө эсрэг этгээд гэж шууд ойлгодог. Ийм учраас анхлан итгэлцсэн тэр үйл ажиллагааг нь нураагаад оронд нь өөрийнхийгөө босгож ирнэ гэж ёстой найдалтгүй. Зүгээр л цаг алдана, цаг алдахын хэрээр мянга мянган монгол хүн амь алдана.

Оном сангийн боловсруулсан хөтөлбөрөөр бол 2020 он гэхэд “С” вирусийг бүрэн арилгаж, үндэстнээрээ эрүүлжих ба ингэснээрээ 2030 оны өндөрлөгөөс харахад элэгний хорт хавдраар амь алдах байсан 40.000 хүний амийг аварсан байх аж. Энэ бол 40.000 айлын голомт бүтэн үлдэж зуу зуун мянган монгол хүн элэг бүтэн үлдэнэ гэсэн үг.

За яахав, элэгний вирусийн эмчилгээний шинэ эм, аргачлалыг дарамталсаар байгаад өөрийнх болгоод хождог юм байж, жаргадаг юм байж. Гэвч эмчилгээгээ оройтуулснаас болон амиа алдаж байгаа мянга мянган хүн”Тэр гэгч муу хүн садаа болоогүй бол би эртхэн эмчлэгдээд амьд үлдэж болох байсан” хэмээн гомдсоор бурхан болох, зуун зуун мянган өнчид элэг эмтэрсэндээ буруушааж явааг мэдэрч амьдрахжаргал юм гэж үү.

Нийгмийн амьдрал нээлттэй болсны дээр монголчууд угаасаа буруутныгөөрөөсөө гадуурхайдаг зантайг хэлэх үү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гарц байдаг

Үсчид өдөр бүр хүний үс засч, янзалж байж гэмээнэ орлоготой сууна. Гэтэл монгол зурхайгаар сарын гуч хоногийн бараг талд нь үс засуулахад муу, тохиромжгүй, сүлд тэнэж холдоно, үгүйрнэ гэх мэтээр номлосон байдаг. Хэрвээ энэ зурхайг хатуу баримтална гэвэл амьдрал дээр буушгүй юм. Тэгтэл үсчид хүний үсийг өдөр бүр засч, орлогоо таслахгүй байх аргаа олчихсон. Ямар ч өдөр, цаг, нар дор үс засахад харшлах үйлийг нь хариулдаг гэх тарни олоод толиныхоо дэргэд хадчихсан байдаг. Үйлчлүүлэгч орж ирээд “За, байз өнөөдөр чинь хуучны хэдэн билээ. Үсэндээ хайч хүргүүлчихвэл яадаг бол” хэмээн эргэлзэн асуухад өнөөх тарниа заагаад өгчихнө. Ингээд л боллоо. Үсчид монгол зурхайг харааж, зүхсэнгүй. Өөрсдийнхөө орлогыг тогтмол байлгахын тулд яах вэ гэж санаагаа чилээснийхээ хүчинд ийм энгийн гарц олчихжээ.

Үүн шиг юм бүхэнд гарц байдаг, том ч бай, жижиг ч бай. Эдийн засаг хямарлаа, хямарч байна, амьдрал хэцүүдлээ гэж хичнээн орилолдоод нэмэргүй. Бүгд л дор дороо хийж байсан ажлаа үргэлжлүүлж, авч байгаа цалин нь өмнөх шигээ хүрэлцэхгүй байгаа ч болно, бүтнэ гэсэн сэтгэлтэй зүтгэх хэрэгтэй юм шиг ээ. Эдийн засаг унтаж байсан хүн сэрэх шиг хормын төдийд сэргэдэггүй. Ард түмэн өмнөх шигээ амьдралаа залгуулж, хичээж ажиллах нь ирэх цагийн гарц нь ч юм билүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Өндөр настан эмээг дээрэмдсэн гурван охиныг барьжээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Сонгинохайрхан дүүргийн иргэн өндөр настан И-г охид дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг уйгагүй зохион байгуулсны үр дүнд 16-21 насны гурван сэжигтэй этгээдүүдийг олж илрүүлэн , Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тэд зам хөндлөн гаргаж өгөхийг гуйсан өндөр настай И гуайг гарцаар гаргаж өгөөд, дэлгүүрт даган орж улмаар их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд дэлгүүрээс гарахад нь 900 гаруй мянган төгрөгийг нь дээрэмдсэн байна. 16-21 насны эдгээр гурван эмэгтэй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тус дүүрэгт амьдардаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Залуу эрдэмтэд мэдлэгээ баялаг болгоно

Монгол Улс уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан. Энэ зорилгыг биелүүлэхэд шинжлэх ухаан – төр – бизнесийн хамтийн ажиллагаа маш чухал. Монгол улс мэдлэгийг баялаг болгох үйл явцын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, Гарааны компани байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Монголын залуу эрдэмтдийн холбооноос Залуу эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компани байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд МЗЭХ болон Стартап Монгол ТББ хооронд хамтран ажиллах санамж бичгийг үйлдлээ. Тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны бизнесийг хөгжүүлэх, технологи дамжуулалт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Монгол залуусын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх эхний ажил нь БШУЯ, МЗЭХ, ШУА, ШУТС-аас өнгөрсөн 10 дугаар сард хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2014” эрдэм шинжилгээний хурлын шилдэг бүтээлийг олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор “Startup Weekend” арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тогтжээ. Тус арга хэмжээнд бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл мөн оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн архивын мэдээлэл цахимд шилжинэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн цахим архив” төслийн ажлыг баталсан билээ. Тэгвэл уг төслийн талаарх сургалт өнөөдөр ШӨХТГ-ын сургалтын танхимд боллоо.

Сургалтад төсөвт байгууллагуудын архив, албан бичиг хэрэг хөтлөлт хариуцсан нийт 140 гаруй ажилтан оролцсон байна. Уг сургалтаар цахим архивын сангийн технологийн шинэчлэл болоод салбарын асуудлыг хэлэлцэх аж.

Цахим архивын сангийн технологийн шинэчлэлийн хүрээнд хамгийн түрүүнд захирамжлалын баримт, бичгүүдийг цахимжуулах ажил хийгдэх ажээ. Учир нь иргэд уг баримт, бичгийн талаарх лавлагааг авахаар Архивын газарт олноор ханддаг байна.

Одоогоор Нийслэлийн Архивын газарт 1924 оноос 2013 он хүртэлх захирамжлалын бүх баримтууд хадгалагдаж байгаа аж.

“Нийслэлийн цахим архив” төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд бусад баримтуудыг дээрх ажлын дараа цахимд шилжүүлэх юм байна. Ингэснээр иргэдийн мэдээлэл авах явц хялбар болохоос гадна архивын ажилчдын ачаалал, цаг завыг хэмнэнэ гэдгийг албаныхан онцоллоо. Тэд архивын цахим тайлан, мэдээг NAD-ADI хэмээх программыг ашиглан гаргаж буй гэнэ.

Түүнчлэн иргэд Архиваас авдаг лавлагаа, мэдээллийг http://archive.ub.gov.mn/new/ сайтаар орж авах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Ахмад үеийнхнээ баярлуулцгаая” үзэсгэлэн худалдаа болно

Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбооноос Улс тунхагласны 90 жилийн ойн баярт зориулж “Ахмад үеийнхнээ баярлуулцгаая” хямдралтай, сугалаатай үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн худалдаа 12 дугаар сарын 6-нд буюу ирэх бямба гарагт 11 цагаас Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.

Уг үзэсгэлэн худалдаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, компаниуд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ хямдралтай, сугалаатай санал болгох юм. Энэ үеэр оролцогч байгууллагуудыг өвөөгийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, эмээгийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, аавын дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, ээжийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014 номинацаар тус тус шалгаруулж, энэ оны ахмадыг дээдлэн хүндэтгэгч шилдэг байгуулла Грампри шагналыг гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүжигчийн хүүхдүүдэд бэлэг өглөө

ШШГЕГ-ын харьяа Хорих 405 дугаар анги буюу гянданд ял эдэлж буй хүмүүжигч Ц-ийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ. Тус хорих ангийн нийгмийн ажлын албанаас санаачлан “Монголын залуучуудын холбоо”, “Монголын амжилтын оюун ухааны академи”, “Их хөлөгний уламжлал хадгалах” төв, “Бялхам хайр” төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүжигч Ц-ийн 10-16 насны хоёр хүүд Монголын амжилтын оюун ухааны академийн захирал, ажилтнууд “Амжилтын оюун ухаан хөгжүүлэх” 21 хоногийн сургалтын эрхийн бичиг, “Их хөлөгний уламжлал хадгалах төв”-өөс хичээлийн хэрэгсэл, дотуур хувцас, бясалгалын хичээлд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, “Бялхам хайр” төрийн бус байгууллагаас өвлийн куртка, дулаан хувцас зэргийг бэлэглэснийг Монголын залуучуудын холбоон дээр гардуулж өглөө.

Ам бүл олонтой нагац эгчийнхээ гэрт амьдардаг сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжгүй тус хүүхдүүд дээрх бэлэг, эрхийн бичгүүд оюуны хөрөнгө оруулалт болж, их урам зориг өгсөнд ихэд талархан хариуд нь эх орондоо хэрэгтэй сайн хүн болж өсөж хүмүүжихээ амласан юм. Мөн үр хүүхдэд нь сэтгэлийн илч дулаан өгч, оюунд нь бэлэг барьж, өвлийн хүйтэнд дулаан хувцас бэлэглэсэнд хүмүүжигч Ц маш их баярлаж талархаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Спортоор овоглодог эмэгтэйчүүд зөвлөлдөв

МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд комисс”-оос “Олимпийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр МҮОХ-ны байранд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүд, Спортын холбоод, Их дээд сургууль, спортын байгууллагын төлөөлөл болсон эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, спортын сэтгүүлчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комиссын дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Халтар үг хэллээ.

Үүний дараа МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комисс, Азийн олимпийн зөвлөлийн Спорт ба эмэгтэйчүүд байнгын хорооны гишүүн П.Тунгалаг “ОУОХ, АОЗ-ийн спорт ба эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьсан бол “Бидний боломжууд” сэдвээр МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн багш, доктор Б.Номин, олимпод оролцогч Б.Алтанцэцэг, спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар танилцуулга хийлээ.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1990 онд байгуулагдсан. Тэр даруйдаа Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS) болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоонд (ASPU) гишүүнээр элсэж, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх жил МССХ-ны 25 жилийн ой тохиох юм.

МССХ бол гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус ТББ юм. Одоо эгнээндээ спортын сэдвээр дагнан ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчин, тайлбарлагч, найруулагчдыг нэгтгэсэн 100 гаруй гишүүнтэй. Эдгээрийн 20 гаруй буюу дөрөвний нэг орчим нь спортын сэтгүүлч мэргэжил, мэргэшилтэй эмэгтэйчүүд байдаг.

МССХ нь ТББ-ын удирдлагын төвшинд болон холбооны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн төлөөллөө багтаах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал, МССХ-ны Удирдах зөвлөл 13 гишүүнтэй. Үүнд эмэгтэйчүүдийг төлөөлөн Eagle TV-ийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Б.Онон багтдаг. Мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажилладаг юм.

МССХ-ны эмэгтэйчүүд өөрсдийн ажилладаг байгууллагадаа спортын сэтгүүлч, зураглаач, орчуулагч, нэвтрүүлэгч, редактор, гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг хашдаг аж. МССХ эмэгтэй гишүүдийнхээ байр суурийг нэмэгдүүлэх, гадаадад тэмцээн, уралдаан сурвалжлах эрхийг тэнцвэртэй байдлаар олгох, гадаад хэлний сургалт, дамжаанд хамруулах зэрэг асуудалд өөрсдийн боломж бололцоонд суурилан, мөн бусад байгууллагын дэмжлэгтэйгээр анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал, Спортын бэлтгэлийн төв, МҮОХ, зарим спорт холбоодын дэмжлэгтэйгээр МССХ-ны эмэгтэй гишүүдээс

  • Азийн спортын эмэгтэй сэтгүүлчдийн чуулган
  • Азийн орнуудын залуучуудын уулзалт
  • Олон улсын олимпийн академийн сургалт зэрэг оролцож,
  • Монгол туургатны хүүхдийн спортын наадам
  • “Якут 2012” Азийн хүүхдийн спортын наадам
  • “Нанжинь-2014” Залуучуудын олимп
  • “Серби 2009”, “Шинжинь 2011” Оюутны Универсиад наадам
  • Оюутны болон насанд хүрэгчдийн ДАШТ /Таэквондо, чөлөөт бөх, буудлага/
  • Азийн наадам, Азийн элсний наадам
  • Бээжин, Лондонгийн олимп, паралимпийг сурвалжлах зэргээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гадаад томилолт, сургалтад хамрагдах байдал харьцангуй нэмэгдсэн байна.
Categories
мэдээ улс-төр

Засгийн бүтцийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

Монгол Улсын Ерөнхий сайд хуралдааны эхэнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дагалдсан Боомтын захиргааны тухай, Тахарын тухай болон ЦЭГ-ийг татан буулгах тухай хуулийн төслийг татаж авлаа.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ерөнхий сайдад асуулт тавьж, саналаа хэлсэн юм.

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 71,7 хувийн саналаар дэмжив. Ингээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.