Categories
мэдээ цаг-үе

Х.Бадамгэрэл: Топ модель гэх цолыг өндөрт өргөж явна аа

Гоёл-2015″ наадам уржигдар Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд загвар зохион бүтээх 22 салон, шилдэг 50 загвар өмсөгч оролцсон. Дэлхийн супер модель Ирина Пантаева урилгаар ирж оролцсон нь наадмын чимэг болж байлаа. Тус наадамд үе, үеийн топ моделиудаас Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг, Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг нар оролцсон. Харин Э.Одгэрэл тайзан дээр алхалгүйгээр шилдэг загвар өмсөгчид шагнал гардуулан өгсөн юм. Дизайнеруудын гранпри шагналыг “Говь” компанийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Г.Болор-Эрдэнэ, шилдэг эмэгтэй загвар өмсөгч П.Халиунаа, дэд байрт М.Наранмандах, шилдэг загварын товчоогоор “Монголжингоо”, шилдэг нүүр хувиргагчаар Наранмандах, шилдэг үсчнээр Баярчимэг, шилдэг дизайнераар үндэсний хувцасны төрөлд “Шилмэл загвар”-ын Өнөболор, уран сэтгэмжтэй төрөлд Энхсайхан, өдөр тутмын хувцасны төрөлд Батзогсоол, ирээдүйтэй залуу дизайнераар Томи, тусгай байрын шагналт дизайнераар Хоролмаа, Эрдэнэзул, Бямбацэрэн нар тус тус шалгарлаа. Энэ үеэр “Гоёл-2015″ наадмын топ моделиор шалгарсан Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.

-“Гоёл” наадмын отгон топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Маш их догдолж байх шиг харагдлаа?

-Үнэхээр их баяртай байна. Наадам эхлэхээс л миний сэтгэл их догдолж байсан. Нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байлаа. Эцсийн мөчид “Гоёл-2015” наадмын топ модель Х.Бадамгэрэл гээд зарлахад өөрийн эрхгүй нулимс унагасан. Нулимсаа барих тийм ч амар биш юм.

Гэр бүлийн хүн тань тайзан дээр гарч ирж баяр хүргээд нэлээн удаан тэвэрч зогссон. Бас чихэнд чинь юм хэлээд байх шиг байсан. Юу гэсэн бол?

-Топ моделийн шагналыг дэлхийн супер модель Ирина Пантаевагаас гардаж авлаа. Энэ хүн Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд нэр хүндтэй топ модель. Ийм хүнээс шагнал авсандаа бэлгэшээж байгаа. Топын цомоо аваад үзэгч олондоо мэхийн ёслоод зогсож байтал хань минь тайзан дээр гараад ирсэн. Тэвэрч аваад үнсэхэд нь бас л уйлчихсан. Чамаараа их бахархаж байна, дэндүү их хайртай шүү гэж чихэнд минь шивнэлээ. Хайртаасаа өдөр бүр сайхан үг сонсдог ч гэлээ тайзан дээр гүйж гарч ирээд хайртай гэдгээ хэлэхэд нь бүр их баярлаж байлаа.

Таныг топ модель болохыг мэдсэн юм шиг сагс дүүрэн цэцэгтэй ирсэн нь бас л содон харагдаж байна лээ?

-Тайзан дээр гарч ирэхдээ сагс дүүрэн сарнай барьчихсан зогсож байсан. Уг нь өдөржин миний арын ажлыг зохицуулж гүйсэн юм. Хэдий завандаа авсан юм бол доо гэж бодоод хайр хүрч байв.

Та хоёр хүүхэдтэй болсон байх аа?

-Нэг хүүхэдтэй. Хүү минь одоо ой гарантай. Эмээ өвөөтэйгээ гэртээ үлдсэн.

Таныг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өөртөө итгэлтэй байв уу?

-Яг топ модель болно гэсэн бүрэн дүүрэн итгэл байгаагүй. “Гоёл” наадамдаа амжилттай оролцъё гэж бодсон. Тайзан дээр гараад алхаж байхад олон хүн алга ташиж байсанд их урамшсан. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авч өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэж байлаа.

Энэ жил Х.Бадамгэрэл топ болно гэх яриа наадмын өмнө гарч байлаа. Та анзаарсан уу?

-“Гоёл” наадам дөхөөд ирэхээр тиймэрхүү яриа гардаг. Олон түмэн биднийг харж байгаа. Тэгэхээр хэн нь ямар байгааг гадарладаг биз. Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс л миний нэр яригдаж эхэлсэн. Өнгөрсөн жил би хүүгээ төрүүлчихээд удаагүй байхдаа “Гоёл”-ын тайзан дээр гарч ирсэн. Үзэгчдээ, тайзаа хүндэтгээд оролцсон. Нөгөө талаар ээж болсон олон эмэгтэйд урам зориг итгэл найдвар өгөх болов уу гэсэн зорилго байлаа. Мөн миний ард олон хүний хөдөлмөр байдаг. Хайрт хань, ээж, хүү болон “Andra model management” агентлагийн хамт олон минь бий.

Таны хувьд загварын тайзнаа хэдэн жил гарч байна вэ?

-Би 2004 онд загварын ертөнцөд хөл тавьж байлаа. Харин “Гоёл”-д оролцож эхэлсэн нь 2006 он. Тэр үеэс хойш “Гоёл” наадмыг алгасаагүй. Жил бүр л арванхоёрдугаар сарыг догдлон хүлээж наадамдаа бэлддэг. Загвар зохион бүтээгчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг бид үзэгчдэд хүргэдэг. Тэр утгаараа хариуцлагатай байх ёстой. Дизайнеруудынхаа хөдөлмөрийг харуулж тэднийхээ урласан хувцсыг амилуулах юмсан гэх итгэлээр өнөөдрийг хүртэл тайзан дээр гарлаа. Хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа ч баяртай байгаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн Монголын дизайнеруудын холбоо, үе үеийн топ моделиуд, тайзнаа өрсөлдсөн загвар өмсөгчдөдөө баярлалаа гэдгээ хэлмээр байна. Жил бүр шилдгээр шалгардаг топ моделиудаас үлгэр дууриалал авдаг болохоор загварын тайзнаа амжилттай алхаж байгаа гэж боддог. Одоо өөрөө топ модель болчихлоо. Энэ том нэр хүндийг өндөрт өргөж явна аа.

Загвар өмсөгч болгосон багш тань хэн байв?

-Миний хамгийн анхны багш Халиунаа. Багш минь өнөөдөр шилдэг загвар өмсөгчийн шагнал авлаа. Би багшаасаа алхаа гишгээ, хувийн зохион байгуулалт гээд бүх зүйлийг сурсан. Манай багшийн онцлог гэвэл дэндүү сайхан сэтгэлтэй. Ийм мундаг хүний шавь болсондоо маш их талархдаг. Багш минь надад тус дэм урам зориг өгдөг. Амьдралын минь амжилтын эхлэлийг тавьж өгсөн багшдаа маш их баярлалаа гэж хэлье.

Багш шавь хоёр нэгэн уралдаанаас хамтдаа шагнал авна гэдэг бас сайхан тохиол байна шүү?

-Тийм ээ. Багштайгаа шагналын тавцанд хамтдаа зогсох сайхан байлаа. Бас эрэгтэй шилдэг загвар өмсөгч Болор-Эрдэнэ миний хар багын найз байгаа юм. Бид хоёр 2004 оноос эхлэн Халиунаа багшийнхаа дамжаанд бүртгүүлэн суралцаж байлаа. Тэр үед манай багш “Шилмэл загвар” агентлагийн модель байсан. Тиймээс би бас тэндхийн модель болж байжээ. Өнөөдрийн миний амжилт “Шилмэл загвар” агентлагтай салшгүй холбоотой.

Энэ жилийн хөтлөгч Э.Ууганбаяр таны сайн найзуудын нэг. Тэгэхээр тайзан дээр ер нь л ойр дотныхонтойгоо байжээ дээ?

-Бас л аз завшаанаар тэгээд таарчихлаа. Э.Ууганбаяр бид хэд гэр бүлийн найзууд. Намайг топ модель болоход бас их баярласан байх. Ханийг минь тайзан дээр гарч ирж надад баяр хүргэхэд гар утсаараа бичлэг хийж байх шиг харагдсан.

Таны нүүрний будалт их өвөрмөц харагдаж байна лээ. Ямар хүмүүстэй хамтарч ажиллав?

-Миний өнөөдрийн үсний засалт, өнгийг “Жей” салоны үсчин Хосоо, Ганаа хоёр маань хариуцаж ажилласан. Харин нүүр будалтыг Эрдэнэсувд, Отгоо эгч нар хийсэн. “Говь” компанийн загварын үзүүлбэр дээр урууландаа шигтгээ нааж гарахад үзэгчид алга нижигнүүлэн ташсан. Бас “Bess tailor” салоны цагаан даашинз их таалагдсан. Биндэрьяа дизайнер надад итгэл хүлээлгэсэн болохоор энэхүү даашинзыг сэтгэлд хүртэл нь амилуулахыг хичээсэн. Ер нь “Гоёл” наадмын дизайнеруудын бүтээл жилээс жилд гайхалтай болж байгаа. Дизайнеруудын бүтээл яах аргагүй том урлаг. Энэхүү урлаг шингэсэн бүтээлийг өмсч байгаадаа загвар өмсөгч бидний хувьд асар их сэтгэлийн таашаалыг амсдаг.

Та өмнө нь бас “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч болж байсан байх аа?

-“Гоёл-2010” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Би нэгэнт хийж бүтээж, хөдөлмөрлөж л байгаа юм чинь хэзээ нэгэн цагт хүмүүс миний хөдөлмөрийг үнэлэх байх гэж боддог байлаа. Топ модель гэдэг чинь загварын салбарын оргил шүү дээ. Би энэ оргил өөд тэмүүлж байлаа. Гэхдээ цаг нь ирэхээр бүх зүйл сайхан болдог учраас тэгтлээ яараагүй.

ДУУЧИН БЭКИ: ХАНИЙГАА ТОП МОДЕЛЬ БОЛЧИХ БАЙХ ГЭСЭН ЗӨН СОВИН НАДАД БАЙСАН

Гоёл-2015″ наадмын топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэкитэй уулзав.

Таны гэргий Монголын загварын хамгийн том цолыг хүртсэнд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Бас ханиараа их бахархаж байна. Би урлагийн хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй. “Гоёл-2015” наадам эхлэхээс л гарын алга хөлрөөд сандраад байсан. Одоо хүртэл хөвөөд байгаа юм шиг гоё мэдрэмж төрж байна.

Х.Бадамгэрэлийг тайзан дээр гарч ирэхэд шүгэлдээд, алгаа ташаад их дэмжиж байсан. Танаас гадна ямар хүмүүс байв?

-Тайзны араас миний хайр гараад ирэх тэр мөчид үлгэрийн дагина амилав уу гэлтэй харагдаж байсан. Нэг насаараа үнэнч хайрлах хүн минь юм шүү дээ. Бахархаад ханашгүй байна.

Ер нь энэ жил топ модель болчих болов уу гэж бодож байсан уу?

-Ханийгаа топ моделиор шалгарчих авчих болов уу гэсэн зөн совин надад байсан. Гурван жил нэр нь яригдаж байгаа шүү дээ. Тиймээс энэ жил хоосонгүй болов уу гэж бодож байлаа. Гэхдээ дотроо л бодоод байсан хэрэг. Харин манай хүн чив чимээгүй л байгаад байсан. Бэлтгэл ажилдаа л анхаарна уу гэхээс шагналын тухай бид хоёрын хэн нь ч ам нээгээгүй. Гэхдээ миний хань наддаа дэлхийн супер модель л гэсэн үг.

Загвар өмсөгч хүний нөхөр байх хэцүү юу. Нарийн дэглэм барихаас эхлээд янз бүрийн залуусаас харамлана биз?

-Манайх урлагийн гэр бүл. Тиймээс хэн хэнийгээ ойлгоно. Миний хань ажлаа л хийж яваа хүн. Тиймээс эрчүүд харж байгаа болов уу гэж хардаад байх утгагүй. Харин хоол ундны тухайд тэгтлээ намайг залхаагаад байдаггүй. Идэх үедээ хүссэн зүйлээ идчихнэ. Гэртээ бол аль болох эрүүл, органик бүтээгдэхүүн сонгохыг чухалчилдаг юм.

Одоо яаж баярлуулъя гэж бодож байна вэ?

-Бодсон зүйл одоохондоо алга. Ямар ч байсан нэг сайхан гэнэтийн бэлэг барина даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Д.ДОРЖДЭРЭМ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай төр засаг яамгүй сайд, сайдгүй яамтай л явж байна даа

Монгол Улсын Засгийн газар огцроод удаагүй байна. Юу гэж хэлж огцруулсан, шалтгаан нь юу байв гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар нүсэр бүтэцтэй байна. Давхар дээлтэй байна. Эдийн засаг хямарлаа гэж дээр доргүй ярьж, дарга цэрэггүй зүтгэж байж Ерөнхий сайдаа унагаж авсан. Уг нь бол тэр Засгийн газар ажил хийх гэж үзсэн юм шүү. Даанч цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй үе таарлаа. Дээр нь хамгийн түрүүнд мөнгө олж болох байсан том төслүүд дээрээ анхаарлаа бага хандуулж, хүчээ сарниулсан гэх мэт алдаа бий. Гэхдээ огцруулах хэмжээнд очоогүй байжээ гэдгийг ирэх жил хагасын хугацаанд ойлгох биз ээ. Өнөөдрийн эрх баригчид хүнд нөхцөл байдлыг төрд үүсгээд, огцруулсан Ерөнхий сайдаа Солонгос руу цөлж явуулаад, одоо айл гэр болж тоглохыг үзүүлцгээж эхэллээ. Өнөөдөр харж байхад Солонгос нь манай социалист нийгмийн үеийн Сибирьтэй адил сонсогдох боллоо. Манай огцорсон, ороогдсон, жийгдсэн дарга бүхэн очдог газар болчихож. Цаашид хичнээн эрхтэн дархтнууд Солонгост очихыг хэн мэдэхэв. Айлгаж байгаанууд нь айгаад зугтаацгаах цаг ирэх ч юм бил үү хэн мэдлээ. Өнөөдрийн улс төрд байгаа хүмүүсийн маргааш ямар байхыг мэдэхийн аргагүй цөвүүн цаг иржээ гэж хааяа бодогдох юм. Эр хүнийхээ хувьд, хүн ёсныхоо хувьд дэндүү жудаггүй зан гаргац­гааж байна даа.

Өнөөдрийн манай төр засгийн байгаа царайг харахад яамгүй сайд томилж, сайдгүй яамд бий болгож эхэллээ. Сангийн сайдгүй улсын төсөв баталсан түүх Монголын түүхэнд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Эрх баригч хүчин нь бус сөрөг хүчин нь ирэх оныхоо улсын төсвийн төслийг бэлтгэн танилцуулж, хэлэлцэн баталж байсан түүх бас байсан ч юм уу, үгүй ч юм уу. Ийм л дампуу засаг төрийн тогтолцоог Монгол Улсад өнөөдрийн улстөрчид бий болголоо. Энэ ч гайгүй, сайд ч үгүй салбарууд олон болох нь. ССАЖЯ гэж байна. Энэ яам, энэ салбар нэгдүгээрт эмэгтэй сайдтай юм. Энэ эмэгтэй сайд эрчүүд шиг шөнөжингөө архидаж, хор найруулаад явж чадахгүй. Хоёрдугаарт МАН-ын занаанд орчихсон сайд юм. Наад зах нь Лениний музей буюу МАН-ын нийслэлийн намын байрыг төрд буцаан авч Батаарын музей болгос­ноор горыг нь амсах гэж байх шиг байна. Дээр нь яривал энэ салбар МАН-ын уурыг хүргэсэн их олон үйл явдлыг өрнүүлсэн. Ард түмэн төдийлөн анзаараагүй байж мэднэ. Үндсэндээ 2012 оноос өмнө засаглалд дүүрэн суусан МАН-ынхан төрийн өмчид хангалттай гар дүрсэн. Том обьектууд, том төслүүд… бүгдэд нь энэ намын Бага хурлын гишүүдийн ард байдаг компаниуд оролцсон. Монголоор нэг тарсан соёлын өвүүд, музей, соёл, спортын цогцолборуудын тендер төслүүд бараг тэр чигээрээ МАН-ын гишүүдийн хараат компаниудын мэдэлд байлаа. Энэ бүгд рүү ССАЖЯ төрийн төмөр нүүрийг оруулсан. Шударга өрсөлдөөнийг бий болгосон. Сөрөг хүчнийхний дээд, дунд, доод бүх шатанд энэ нь сөргөөр нөлөөлсөн. МАН-ынхны уурыг үнэхээр хүргэсэн үйл явдал болсон юм даа. Зөвхөн Лениний музейн барилгын асуудал гэхэд л МАН-ын санхүүг хөмрөх шахсаныг иргэд санаж байгаа байх. Сая долларын шахаанд оруулсан шүү дээ. Ийм нөхцөлд эмэгтэй хүнийг элэг барих нь аль аль талдаа амар байгаа байх. Өнөөдөр төрд байгаа эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө мэд­лэг боловсролтойг гайхдаг. Орчин үеийн дэлхий ертөн­цөд соёл бол тухайн улс үндэстний дархлаа, улмаар “Зөөлөн батлан хамгаалах яам” гэж олон улсад томьёо­логдох болсон. Улс үндэстэн бүр албан ёсны Соёлын яамтай байгааг хөрш зэргэлдээ улс орнуудаасаа харж болно, Орос, Хятад, Япон, Солонгос, Казахстан… манайхаас бусад нь Соёлын яамтай.

Дээр нь тал сайд гээч хачин нэр томьёог МАН-ынхан гаргаж ирлээ. Тал сайдтай яам гээч бий болох нь бололтой. Намуудын УИХ дахь суудлынх нь тоогоор хувь бодож сайдын суудал хуваарилах гэнэ. Тэгсэн ИЗНН-ын хоёр суудлыг хувьд шилжүүлбэл сайдын тал суудал ногдох юм байна. БОНХЯ-ны сайдын суудлын тал дээр нь С.Оюун, нөгөө тал дээр нь МАН-ын нэг гишүүн суух юм байна. Эрэгтэй нь арай хүч дийлээд дийлэнх хэсэг дээр нь бөгсөө тавьчих байх л даа. Эмэгтэй юм зайлуул С.Оюун юу шалихав үсрээд өгөх биз. Тал сайд гээч хачин алба лав Монголд урьд өмнө дуулдаагүй, бодвол Н.Номтойбаяр дэлхийн энэ олон улс орны аль нэгэнд нь байна гэж дуулсан юм байлгүй дээ.

Энэ бүхэн үнэндээ өнөөд­рийн Монголын төр засгийн эмгэнэл юм шүү дээ. Миний бие өмнө нь төр засгийн толгойд суугсад өөрөө өөрийнхөө амийг хорлодог тухай бичсэн. Түүнийгээ дахин сануулъя. “Өнөөдөр АН-ын өөрөө өөрийгөө устгах механизм ажиллаад эхэллээ. Байгальд өөрөө өөрийгөө устгах үзэгдэл түгээмэл байдаг. Жишээ нь Африкийн нэг зэрлэг үхэр байдаг. Зүв зүгээр сайхан өсч үржиж байснаа гэнэт юу болов хэмээн бужигналдаж хэдэн мянгаараа бөөгнөрөн нийлж мөөрөлддөг. Дуу чимээнд нь байж суухын аргагүй гэлцдэг юм. Ингэж байгаад гэнэт цувж давхилдаад усгүй цөлд очоод сүргээрээ хатаж үхдэг юм. Тэгж явалгүй үлдсэн ганц нэг нь өсч үржээд эхэлдэг. Үүнийг эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс өнөөдрийг хүртэл тайлж чадаагүй байна. Гэхдээ үхэр сүргийг ингэтэл нь үймүүлдэг, бусниулдаг, дагуулж цөл рүү давхидаг толгойлогчид байдгийг харин анзаарсан байна. Тэдгээр нь сэмхэн сугараад үлдчихдэг аж. Харин шашин талынхан болохоор энэ үзэгдлийг хилэнц нь ихдээд эрлэг номын орондоо очлоо, байгаль өөрийгөө цэвэрлэлээ гэдэг. Аль нь ч бай хамаагүй ерөөсөө Монголын улс төрд ийм үзэгдэл давтагдаад байдаг нь дээрх үхэр сүргийг санагдуулах юм. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийнхэн төрийн эрхэнд гарч зүв зүгээр ажлаа явуулж байснаа гэнэт бужигналдаад, тухайн үеийн МАХН-ынхантай сүлбэлдээд, байгуулсан Засгийн газраа цувуулаад устгаж эхэлсэн. Үр дүнд нь тэд бүгдээрээ сэнтийгүй тавиулж 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэн. Сугарч үлдсэнүүд нь гадагшаа явцгаасан. Дийлэнх нь замаа алдаж, архинд орж, өөрийгөө буудсан нь ч бий. Ийм үзэгдэл ганц АН-д ч тохиодог юм биш. 2012 оны сонгуулийн өмнө зүв зүгээр байсан МАХН гэнэт юу болов гэмээр бужигналдаж 90 жил гай болсон энэ нэрээ сольж хаяна хэмээн орилолдсон. Тэр үед энэ намд байдаг ганц нэг тулхтай хүмүүс “Сонгуулийн өмнө нэрээ сольдог нь зөв үү” гэсэн ч тоогоогүй яг л өнөө үхэр сүрэг шиг мөөрөлдсөн. Хэн ч намын нэрээ соль, улс төрийн үйл ажиллагаанд чинь саад болж байна гэж хэлээгүй, нотлоогүй байхад шүү. Ийм тохиолдолд ашиглагсад, завшигсад заавал гарч ирдэг жамаар ганц нэг хүн хожсон, харин МАН хоёр хуваагдан сонгуульд ялагдсан” гэж саяхан бичжээ.

Ардын үгээр бол өнөөдрийн төр засгийн толгойд байгаа хүмүүс гүү байхгүй азарга, азаргагүй гүүнүүд шиг боллоо. Гүүн сүрэг байхгүй азарга бол тувт айлын адуу үймүүлж, бусниулж, ийш тийш элдэж сарниулж байдаг. Өнөөдрийн улстөрчид энэ тэр баар сав, билльярдын ширээ, хөзрийн ард, бүр зочид буудлын өрөөнд хэлхэлдэн хор найруулж байгаа нь гүү хураадаггүй азаргануудын явдалтай зүйрлэмээр. Азаргагүй гүүнүүд бол аль дуртай айлынхаа адуун сүрэг рүү цувж, азарга дамжин аль ч үгүй сувайрцгааж байдаг. Зүйрлэвэл нам дамжин сүлбэлдэж, хувийн эрх ашгаа шударга дүрээр нууж явдаг өнөөдрийн УИХ-ын гишүүдтэй адилхан юм.

Ийм байдалтай хичнээн удах юм бэ. Яамдаа байгуулж, сайдаа томилох болоогүй юу. Ард түмэн та нарын тоглоомын аяыг даахгүй нь байна шүү. Ард түмнээрээ тоглож болдоггүй, хариу нь заавал ирдэг гэсэн мэргэдийн сургаал бий шүү дээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг мягмар гаригт хэлэлцэхээр болов

Өчигдөр шөнө УИХ-ын чуулган шөнө төл хүртэл хуралдаж, Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийг Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд 98.3 хувийн саналаар томилсон. Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцэх үед олон гишүүн асуулт асууснаар хуралдаан сунжирсан. Асуулт асууж буй гишүүдийн олонх нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшээд буй С.Баярцогтоос дансаа нууж ёс зүйн том алдаа гаргасан болон Оюутолгойн гэрээний талаар түлхүү асуусан юм. Гишүүдийг асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд “Хэт орой болсон учраас чуулганы хуралдааныг мягмар гарагт үргэлжлүүье” хэмээгээд хуралдааныг өндөрлүүллээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг мягмар гаригийн чуулганаар үргэжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр Ардчилсан хувьсгалын баярын өдөр тохиож буй. Энэ баярыг тохиолдуулан Чингисийн хөшөөнд 11.40 цагаас цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцох юм. Цэцэг өргөсний дараа 12:30 цагт Ардчиллын дууч Хонх хамтлагийн С.Цогтсайхан агсны хөшөөний нээлт болно. Хөшөөний нээлт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, олны нэрлэж заншсанаар ТБД-ийн өмнө болно. Харин 15:00 цагт Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Улаанбаатар паласт болох ажээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан Монгол Улсын сайд болно

АН-ын сайдууд тодроод байна. Тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, сайд нараа тодруулаад буй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Л.Гантөмөр хуучнаараа, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуйн сайдад Р.Бурмаа гишүүн, Эрчим хүчний сайдад Д.Зоригтыг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нараа тодруулаад байна. Шадар сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн байна.

Одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж эл асуудлыг хэлэлцээд байна.

Харин МАХН-ыхан хоёр сайдаа тодруулж чадахгүй дуншсаар байна.

УИХ дахьМАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт гурван сайдын квот ногдсон. МҮАН-аас М.Энхсайханыг Монгол Улсын сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.

МАХН Батлан хамгаалах болон Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх юм. Батлан хамгаалахын сайдад Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэж яригдаад байгаа. Харин Эрүүл мэндийн сайдад Н.Удвалыг дахин дэвшүүлэх үү, эсвэл өөр нэр санал болгох уу гэдэг тодорхойгүй байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Сайн дурынхан


Гэрэл зургийг Чехийн сайн дурын ажилтан Мирослав Ходечек

“Та хамгийн сүүлд ямар хүнд туслав” гэж асуувал хүмүүс янз бүрээр л хариулах буй за. Харин Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд амьдардаг Ө.Уламбаяр гэдэг эмэгтэй “Манайхан саяханой цэвэрлээд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 20 өрхөд түлээний мод буулгаж өгсөн. Хот руу гарахаасаа өмнө ийм л ажил хийлээ” гэж ярив.Энэ эмэгтэй “Сайн дурынхан” хэмээх армийн идэвхтэн билээ. Сайн дурынхан юу хийдэг талаар сонирхов.

-Адгийн наад зах нь “Эдний хүүхэд, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасгүй байна” гэдэг асуудлыг орон нутаг, олон улсын байгууллагад тавьдаг, тэд ч дэмжлэг үзүүлдэг. Бид цалин хөлс урамшуулал өгсөнгүй гэж гомдоллодоггүй гэж энэ эмэгтэй хуучилсан юм. “Улаан загалмай” нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, орон нутгийн төр захиргаа биднийг дэмжиж ажилладаг гэж тэр хэлсэн. Дэлхийн зөнгийн сайн дурын ээж нар гэж Дулаанхаан тосгонд бий. “Бид эмч нарын сургалтанд суугаад, сурсан зүйлээ 0-5 насны хүүхэдтэй ээж нарт зааж өгч, хүүхдээ эрүүл бойжуулж, амьдралын зөв дадал хэвшил олгоход нь тусалдаг” гэж Ө.Уламбаяр хэлсэн. Тэрбээр 2005 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын эрүүл мэндийн ажилтанаар ажиллаж,төсөл дууссан ч сайн дурын идэвхтэнээр үлджээ. “Орон нутгийн удирдлага сайн дурын идэвхтэн хүмүүсийг холбож өгвөл бид олуулаа болно. Уялдаа холбоо дутагдаад байдаг” гэж энэ эмэгтэй ярьсан юм. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага гэхэд 17 аймаг, нийслэлийн долоон дүүрэгт 1400 сайн дурын ажилтантай гэнэ. Ө.Уламбаяр тэдний нэг.

НҮБ-ын байранд “Монгол орны хөгжлийн төлөө сайн дурын үйлс ба залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов. НҮБ-ын Хөгжлийн Суурин төлөөлөгчийн орлогч Томас Эриксон “Монголд албан ёсоор 6000 гаруй сайн дурын ажилтан байна” гэж хэлсэн үгэндээдурдсан юм. “Та бүхэн ашиг сонирхлын төлөө бус бусдын сайн сайхны төлөө ажилладаг хүмүүс. Та бүхэнд талархаж байна” гэж тэр хэлсэн юм. Өнөөдөр Олон Улсын сайн дурынхны өдөр агаад сайн дурынхны чин үнэнч сэтгэлийг магтан талархдаг. Учир нь эдгээр хүмүүс цалин хөлс авдаггүй чнийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг хүмүүс. “Байгалийн гамшгийн үед сайн дурынхан бусдад туслахаар хамгийн түрүүн хөдөлдөг” гэж Томас Эриксон хэлсэн юм. “Монгол дахь сайн дурын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд юу хийх ёстой талаар бид эхлээд бодсон. Эхлээд Ерөнхийлөгчийн зүгээс тогтоол гаргаж, Сайн дурынхны үйл ажиллагааны үндэсний стратеги боловсруулах хэрэгтэй гэж үзсэн.Санхүүгийн механизм, сайн дурын үйл ажиллагаанд оролцох нөхцөл хэрхэн бүрдүүлэх, нарийн мэргэжлийн хүмүүс сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах нөхцөд бүрдүүлэх учиртай. Монголчуудын бусдад туслах уламжлал мянга мянган жилийн өмнөөс өвлөгдөж ирсэн” гэж тэр онцолсон юм. “Сайн дурынхны үйл ажиллагаа нийгэмд сайн нөлөө үзүүлж, зөв хандлага тогтоодог. Залуусын хувьд сайн дурынхны эгнээнд шилжсэнээр чадавхиа сайжруулж, ирээдүйд сайн мэргэжилтэн, чадварлаг удирдагч болж төлөвшдөг аж. Ерөнхийлөгчийн иргэний оролцоо ба эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж эндирж, “Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах” тухай онцолсон.

Энэ өдөр Монголын сайн дурынхны байгууллагуудын сүлжээний 2014 оны тайланг сонсч, оны шилдэг ажилтануудыг шагнаж урамшуулах юм.

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

Хамрын ханиад болон томуу ялгаатай

Хаа сайгүй ханиад ихэссэн ч мэргэжилтэнүүдийн зүгээс жинхэнэ томуу арванхоёрдугаар сарын сүүл, оны эхээр дэгдэнэ хэмээн мэдэгдэж буй. “Монос”-ынхон харин ханиад томуугийн ялгааг ийнхүү тайлбарлажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Засгийн газар бүрдүүлэх ажлыг шуурхайлуул гэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартшинэ Засгийн газар бүрдүүлэх ажлыг шуурхайлах чиглэл өгөв.

Засгийн газрын бүтцийг УИХ-аар эцэслэн батлаад байгаа тул бүрэлдэхүүнийг яаралтай томилж, улс орон, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх ажилд цаг хугацаа алдалгүй орох нь чухал гэсэн байр суурийг Төрийн тэргүүн илэрхийлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Удахгүй өргөн барих сайд нарын нэрс задарлаа

Өнөөдөртөө багтаж Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барина. Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газарт орох сонирхолтой олон хүн байгаа ч 18 сайдын нэр тодрох учиртай. Одоогийн байдлаар 10 гаруй сайдын нэр задраад байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Я.Санжмятав, С.Баярцогт нарын нэр дуулдаж байна. Н.Алтанхуяг хийгээд Алтангадасын гишүүд Я.Санжмятавыг дэмжиж байгаа бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг С.Баярцогтыгоо оруулж ирэхээр фракцийнхантайгаа үзээд эхэлсэн сурагтай. Уг нь С.Баярцогт өөрөө амбицлахгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд ихээхэн хүчтэй дэвшүүлж байгаа гэх. Харин Шадар сайдын суудалд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдаар Д.Оюунхорол ажиллахаар болжээ. Мөн Сангийн сайдад Ж.Эрдэнэбат гишүүн нэр дэвшиж байгаа бол МАН-ынхан Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав, Уул уурхайн сайдаар Р.Жигжид, Г.Баярсайхан нарын нэг нь сонгогдох нь. МоАХ мөн Зам, тээврийн яамыг авч байгаа бөгөөд Х.Баттулга гишүүн имижээ хадгалж, А.Гансүхийгээ гаднаас дахин зүтгүүлж байгаа юм байх. Тэрчлэн АН-ын МҮДН фракцид Эрүүл мэнд, спортын яам, Батлан хамгаалын яамыг хуваарилсан бол тэд яамаа голж Аж үйлдвэрийн яамыг авахаар болжээ. МҮАН-ын дарга М.Энхсайхан Барилга, хот байгуулалтын яамыг тэргүүлэх бол МАХН-ынхан Эрчим хүчний яаманд хүнээ томилох аж. Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хуучнаараа ажиллах юм байна. Ингээд үлдсэн яамыг толгойлох сайд нарынхаа нэрсийг тодруулчихвал өргөн барихаар зэхэж байна.

Л.ТӨР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд “Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр төрийн ордонд болж байна. Энэхүү хуралд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.

Тэрээр эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн хүмүүст Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, Монгол Улсын ардчиллын өнөөгийн бодит байдал, 25 жилийн хугацаанд бидний олсон ололт, амжилтыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэх, дүгнэх нийгмийн шаардлага байгааг мэдэрч, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа Улс төрийн боловсролын академи, Монголын Ардчилсан холбоонд талархаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн хорин тавхан жилийн дотор тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэн, ижил гараанаас эхэлсэн бусад оронд үлгэр жишээ болохуйц амжилтад хүрсэн учраас Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг 2011-2013 оны хооронд даргаллаа. Энэ бол бидний ололт амжилт юм. Шинэ Үндсэн хуулиа баталж, хүний суурь эрх, нийгэм, улс төр, эдийн засгийн чөлөөт байдлыг тунхагласанаар 1990 оны өмнөх монгол хүн цоо шинэ үнэлэмжтэй болж чадсандаа монгол хүн бүр бахархдаг.

Сонгуулийн явц, олон ургальч байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн үндсэн үзүүлэлтүүдэд тулгуурлаж ардчиллыг үнэлдэг олон улсын судалгаагаар манай орны ардчиллын индекс алгуурхан боловч жил бүр тодорхой нэгжээр урагшилж байна. Монгол Улсын авлигын индекс анх үзэхэд 120 дугаарт байсан бол хоёр хоногийн өмнөх мэдээгээр 80 дугаарт бичигдсэн байна. Хэдийгээр огцом буурсан сайн мэдээ байгаа ч авлига ардчилалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байсаар байна. Энэ мэт олон саад бэрхшээл Монголын ардчилалд тулгарч, бэрхшээлүүд гарсаар байна.

Ардчилсан хувьсгалын ололт амжилтыг өнгөрсөн үетэйгээ харьцуулж үнэлвэл бодит байдал тодорхой болж, цаашдын хөгжил шинэ шатанд хүрэх боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны арга зүйд үндэслэсэн судалгаа, дүгнэлт, үнэлгээг эрдэмтэн, судлаачид та бүхэн л хийж чадна гэж найдаж байна.

Ардчилсан хувьсгалын ач тус, гүйцэтгэсэн түүхэн үүргийг зохиомлоор үгүйсгэх, эсвэл хэт дөвийлгөх нь шинжлэх ухаанч бус хандлага юм. Иймд ардчиллын үнэт зүйл, түүхэн үүрэг, ололт амжилтыг зөв тодорхойлж, судлахад энэхүү бага хурал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний бага хуралд “Монголын ардчилал ба ардчиллах үйл явц” сэдвээр Төрийн соёрхолт нийтлэлч Б.Батбаяр, “Ардчилал ба улс төрийн хөгжил-тоон хэлээр” сэдвээр Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат, “Ардчиллын үнэт зүйлс, өөрчлөлт, төлөвшил” сэдвээр Сант Марал төвийн захирал Л.Сумати, “Ардчилал ба Үндсэн хуульт ёсны хөгжил” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “Монголын залуучуудын ардчиллын ойлголт, төсөөлөлд гарсан өөрчлөлт” сэдвээр ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Хатанболд нар тус тус илтгэл тавина хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.