Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах боломж бүрдлээ

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар жил гаруйн хугацаанд хүлээгдэж байсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнийг нь АНУ-ын Элчин сайдын яам талархан хүлээж авсан байна. Энэхүү хэлэлцээрийг өнгөрөгч оны есдүгээр сард Нью-Иорк хотноо АНУ-ын Худалдааны төлөөлөгч Майкл Фроман, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар үзэглээд байсан юм. Тэгвэл тус хэлэлцээрт УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг сайд өөрийнхөө Засгийн газрын нэн тэргүүний зорилтыг тодорхойлохдоо нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг гэж тодорхой хэлсэн.

Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг Их хурал хэлэлцэн, соёрхон баталснаар парламент ч гэсэн хөрөнгө оруулалтыг татах асуудал дээр тууштай үүрэг хүлээж байгаа гэдгээ нотолсон чухал алхам боллоо” гэсэн юм. Түүнчлэн АНУ болон Монгол Улсын бизнесийн хүрээнийхэн бизнесээ хийхэд илүү дөхөм болно гэлээ. Хэлэлцээрийг соёрхон батлахын өөр нэг давуу тал нь худалдааны чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомжийг гадны хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид хуулийг батлагдахаас нь өмнө англи хэл дээр төсөл хэлбэрээр нь харах боломж бүрдэж байгаа гэнэ. Хуулийн төсөл дээр бизнесийнхэн өөрсдийн саналыг хэлж болох бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх явцад тэдний гаргасан саналаас тусгах боломж бүрдэж байгаа юм байна. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр авлига буурна гэж үзэж байгаа гэдгийг хэлж байсан юм. АНУ-ын бизнесийнхэн манайд хөрөнгө оруулах боломж бүрдэж байгаа бөгөөд манайхан ч гэсэн АНУ-д хөрөнгө оруулах боломж нээгдэж байна.

Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллээс дараахь тодруулгыг авлаа.

-Та саяхан ярилцлага­даа АНУ-ын компаниуд Монгол Улсад бизнес хийх сонирхолтой байдаг гэсэн. Ил тод байдлын хэлэлцээр соёрхон батлагдсанаар АНУ-ын аль салбарын бизнес эрхлэгчид орж ирэх бол?

-Салбар салбарын компаниуд Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой байдаг. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт ялангуяа түлхүү анхаарч байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний компаниуд ч сонирхож байгаа. Өнгөрөгч есдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Америкийн өдрүүд” гэсэн үзэсгэлэнг зохион байгуулсан. Тухайн үед аль аль талын бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгаа нь анзаарагдсан.

-Ил тод байдлын хэлэл­цээр авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж чадах уу?

-Бид авлигатай тэмцэж чадна гэж бодож байгаа. Учир нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаарх заалтууд уг хэлэл­цээрт маш тодорхой туссан. Түүнчлэн авлигын талаар эхэлж мэдээлсэн хүнийг хамгаалах заалт орсон.

-Хэлэлцээрийг соёрхон баталсан юм чинь чөлөөт бүсийн худалдааны гэрээг хэзээ байгуулах вэ?

-Өмнө АНУ, Монгол Улсын хооронд жил бүр Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байнга уулзалт хийдэг байсан. Зөвлөлдөх уулзалтын үеэр ил тод байдлын асуудлаар ярилцан хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон. Одоо хэлэлцээрээ соёрхон баталсан юм чинь Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн уулзалтуудаа үргэлжлүүлэн хийх болно. Яваандаа худалдааны нэмэлт гэрээ байгуулах арга замыг эрэлхийлнэ. Хэлэлцээрийг соёрхон батлахын тулд байнгын хороод дээр нэлээд удаан явсан. Намрын чуулган эхлэх үед УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулган эхлэх үед асуудлуудын дотор байгаа гэсэн. Даруйхан ингэж баталсан нь анхаарлын төвд байна гэдгийг илэрхийлж байгаа үйлдэл юм.

-Ил тод байдлын хэлэл­цээ­рийг соёрхон баталснаар хоёр орны бизнесийнхэн ха­рилцан тэгш эрхтэй оролцох байх. Гэхдээ Монголын талд ямар боломж, давуу тал байгаа бол?

-Бизнес эрхлэгчид төсөл хэлбэрээр хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр өөрсдийн саналыг илэрхийлэх механизмыг бүрдүүлж өгсөн. Хууль батлагдсаны дараа түүнийхээ үр шимийг хүртэх боломж нээгдэнэ. Аль аль орны бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хэлэлцээрээр хууль тогтоомжийг батлагдахаас нь өмнө англи хэл дээр болгох үүргийг мөн хүлээж байгаа. Ганцхан АНУ гэлтгүй Канад, Япон зэрэг олон орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуулийг төсөл хэлбэрээр байхад нь уншиж танилцах нь илүү өгөөжтэй гэж байсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд байдаг концепциудыг тусгасан. Яг тийм бизнесийг дэмжинэ гэдэг ч юм уу тодорхой заалт байхгүй. Тэдгээр асуудлуудыг дараа дараагийн бичиг баримтууддаа тусгах байх.

-Монголын талаас АНУ-д хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн хэр олон байдаг вэ. Байдаг бол ямар ямар салбарт бол?

-АНУ-д хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхэн байдаг. Өнгөрөгч долоо хоногт гэхэд АНУ-д өөрийн бизнесийг аль хэдийнэ эхлүүлсэн бизнесийнхэнтэй уулзсан. Хоёр тал руугаа чиглэсэн бизнес хийх сонирхол байдаг нь анзаарагддаг.

Хөрөнгө оруулалт, худалдаа хоёрыг салгаж авч үзвэл хөрөнгө оруулалт нь үнэт цаасны тал дээр чиглэсэн. Худалдааны тал дээр түүхий эдийн худалдааны сонирхол байдаг.

-Хэлэлцээр маань зөвхөн бизнес эрхлэгчдэд хамаатай юу. Том жижиг бизнес гэж ялгах уу?

-Ил тод байдлын тухай хэлэлцээр маань худалдаатай холбоотой хууль тогтоомжийн асуудлууд руу чиглэгдэж байгаа. Үүнд том, жижиг бизнес гэх ялгаа байхгүй. Адилхан үйлчилнэ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

“Алтан үзэг” наадам зохионо

Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг 18 их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах “Алтан үзэг” мэргэжлийн наадам маргааш эхлэх гэж байна. Маргааш 15.00 цагаас Чингис кочид буудалд болох уг наадмын шаларуулалтыг сэтгүүлзүйн нийтлэл, радио, телевзийн нэвтрүүлэг, нийгмийн реклам гэсэн дөрвөн төрлөөр явуулах юм байна. “Алтан үзэг” наадам оюутнуудын дунд тав дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд шилдгийн шилдэгт шалгарсан оюутныг мөнгөн шагнал хүлээж байгаа юм байна. Мөн ивээн тэтгэгчдийн шагнал буюу “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонины нэрэмжит шагналууд эзнээ хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Хилчид шилдгүүдээ шалгаруулав

Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 1-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагджээ. Зөвлөгөөнөөр 2014 оны ажлаа дүгнэж, ирэх оны зорилт, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон байна. Мөн ХХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар өөрсдийн чиглэлээр 2014 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, “Хил хамгаалах албаны үйл ажиллагааны бэлэн байдлын журам”, “Эрүүл чийрэг хилчин” хөтөлбөр, “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”, “Буудлагын талбайн заавар”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, “Хүний нөөцийн шинэчлэл, албан хаагчдын нийгмийн хамгаалал”, “Монгол Улсын хилийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зарим хууль тогтоомжийн хэрэгжилт, хилийн гадаад, дотоод цагийн байдал, дүгнэлт, анхаарах асуудлууд, хилийн боомтын албаны үйл ажиллагаанд анхаарах асуудал, байгууллагын нууц хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал, анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Хилийн отряд ангиудын 2014 оны ажил, менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд өмнөд хилийн ангиудаас хилийн 0214, хойд хилийн ангиудаас хилийн 0287, Төвийн бүсийн ангиудаас хилийн 0303 дугаар тусгай салбар тэргүүлж, дэд байранд хилийн 0286, 0132 дугаар ангиуд бусдыгаа хошуучилжээ. Хилчид 2015 онд “Сургалт, бэлтгэлийг эрчимжүүлж, бие бүрэлдэхүүний албаны ур чадварыг дээшлүүлнэ” гэсэн зорилт тавин ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт өсчээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор өнгөрсөн арваннэгдүгээр сард экспортонд гарсан нүүрсний хэмжээ өмнөх аравдугаар сараас эрс нэмэгдсэн дүн гарчээ. Тухайлбал, өнгөрөгч аравдугаар сард Шивээхүрэнгийн боомтоор 10.812 машинаар тээвэрлэсэн 531.7 мянган тонн нүүрс гарсан бол арваннэгдүгээр сард 20.699 машинд ачсан 927 мянган тонн нүүрс экспортолж, бараг хоёр дахин өссөн байна.

Харин Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн аравдугаар сард 7482 машин бүхий 827 мянган тонн нүүрс хил нэвтэрчээ. Энэ боомтоор арваннүгээр сард 10 230 машин буюу нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гарч 26 хувиар өссөн дүн мэдээ иржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам сайд нарын суудлыг бөхийн боорцог шиг булаацалдав

Давсан бөхийн гараас боорцог шидэгдэхэд асарт суусан үзэгчид хэдэн арваараа булаацалддаг шиг улс төр МАН дотор өрнөлөө. Бүдүүлгээр хэлэхэд хоёр бөх барилдахдаа нэгнийхээ хонго, зоо, суга, цавийг ухаж ухаж давсан нэг нь хөлсөнд хутгалдсан гараараа хишиг түгээж, түүнийг нь бөхийн хорхойтнууд хүртэхээр тэ­мүүлдэг шигээр тэд өнгөрсөн хэдхэн хоногт, өөрт оногдсон зургаан сайдын суудлаа булаацалдлаа. Арай өөрөөр жишихэд хоёрхон жил эрх мэдлээс хол байсан тэд говийн халуун наранд ангасан үхэр сүрэг худгийн бараа харсан мэт ээлж дараалалгүйгээр дайралдаж байсан сурагтай. Сүүлийн 90 гаруй жил оршин тогтносон том намын аранга, нам доторх эв нэгдэл, ичих нүүр гээд үнэ цэнтэй бүхнээ уландаа гишгэчин улайрч намынхаа удирдлагуудыг хэ­сэгтээ л сандаргаад авлаа.

Сайдын зургаан суудлын төлөөх уралдаанд бараг 50-60 хүн оролцсоныг гадуур ярьж байгаа. Үүнээс шигшмэл 17 хүн мөн л өөр хоорондоо өрсөлдөж шилдгийн шилдгээр шал­­­гарсан эрхмүүд шинэ за­сагт яам тэргүүлэхээр болов бололтой. Бараг Тө­рийн ордон хийгээд түүний ойролцоох зоогийн газруудын хооронд МАН-ынхан машинд дайруулчих нь холгүй хөлхөлдөж, хор найруулж байсан юм байх. Нойр дутуу, нүд нь улайж бүлцийсэн ч эс тоон сайд болох чин хүсэлтэйгээр наадамд ногт ганзагалж ирсэн хүчтэн шиг дарга нарынхаа үүдийг сахиж байж. Ийм л үйл явдлын дараа Шадар сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар нэр дэвшиж уралдаанд оролцсон бусдыгаа орхин цойллоо.

Тусгаар тогтнолын ор­дон сүүлийн 14 хоног хөл хөдөлгөөнтэй байсны үр дүн энэ. Ёстой л хоёр литрийн бидонд арван литр сүү багтаах аргыг МАН-ын удирдлагууд хэрэглэж эцсийн үр дүнгээ ийн гаргажээ. Нам дотроо энэхүү үйл явдлыг элэглэн шоолох нэгэн ч байна. Тухайлбал, “Манайхан шоронд орчихоогүй дээрээ, өлсч үхээгүй дээрээ бушуухан засагт хамтаръя. Мөнгөний үнэр ямар байдаг билээ. Мөнгө барьж үзэх минь гэцгээж байгаа” хэмээн Ардын намын нэлээд нэр нөлөөтэй нэгэн хошигнож байсныг олон ч сэтгүүлч сонссон доо. Шууд хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулах сураг сон­согд­соноос хойшхи МАН-ын улс төр ингэж өрнөлөө. Бусад нам эвслүүдийн дунд ялгаагүй иймэрхүү уралдаан болж байгаа ч МАН-ынхан арай л эрээ цээргүй дайрч нэг нэгнээ нухчин дарахыг оролдож байгаа харагдах юм.

Харин өмнө нь МАН-ынхан юу гэж хэлж Засгийн газрыг унагаж байлаа. Ямар дүгнэлт гаргаж, ямар санал давшүүлж Н.Алтанхуягийг огцруулж кабинетыг нь тараасан билээ. Тэдний өмнө нь хэлсэн үг бүр өнөөдөр худлаа сонстож байна. “Эдийн засаг, уул уурхайн салбарын доголдол, ард түмний өлөн ходоод, тал талх, нэг төмс энэ л Монголын өнөөдөр. Монголчуудын худалдан авах чадвар ийм байна. Монголдоо сайхан амьдарч чадахгүй нь. Бид хяналт тавих эрхтэй сөрөг хүчин учраас энэ бүхнээ засахыг шаардаж байна. Огцор” гэцгээж байсан санагдана. Гэлээ ч өнөөдөр Ардын намынхны ард түмний өмнөөс хэлж байсан эдгээр үг, өгүүлбэрийн аль нь ч сонсогдохоо болив. МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа “Эдийн засаг ойрын арван жилдээ сэргэхгүй. Монгол Улс их өрөнд унаж, дампуурлын ирмэгт ирсэн” гээд хариуцлага нэхэж байсан бол хамтрах шийдвэрийг гаргахдаа “Бид л улсаа хямралаас гаргаж чадах юм байна. Тиймээс АН-тай хамтарна” гэсэн. Харин өчигдөр Засгийн газарт ажиллах сайд нарынхаа нэрсийг зарласан даруйдаа “Бид хамтарснаар болзошгүй хямралаас урьдчилан сэр­гийлэх арга хэмжээ авлаа. Ард түмэн ихийг хүлээх хэрэггүй шүү. Та нар мөнгөтэй болж чадахгүй байх магадлалтай” гэж хаяагаа манаж эхэллээ.

МАН-ын энэ мэхлэлт, эрх мэдлийн төлөөх марафон хэдхэн сайд томилсноор дуусахгүй нь ойлгомжтой. Харин ч эхэлж байна гэж хэлж болохоор байгаа юм. Одоо дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн дар­га, алба, хэлтсийн даргын төлөөх уралдаан МАН дотор эхэллээ. Энэ нь сайд томилсноос ч илүү их цар хүрээг хамарч, цаг хугацааг авах магадлалтай. Ирэх даваа гаригаас эхлээд МАН долоон дэд сайдын суудалд хүнээ томилох тухай ярьж эхэлнэ. Мөн тооны Төрийн нарийн бичгийн даргын квот оногдож, 11 агентлагийг даргалж, боловсон хүчнээ байршуулах учиртай. Энд мөн л Ардын намын бараг хэдэн зуун хүн шүдээ хүртэл зэвсэглэчихээд жагсч байна. Энэ нь дахиад л өнгөрсөн өдрүүдийг санагдуулам үйл явдал саяынхаас ч урт хугацаанд өрнөнө гэсэн үг.

Долоон дэд сайдын суудалд нь 20 гаруй хүн өрсөлдсөнөөс одоогийн байдлаар 10 нь шалгарч үлдээд байгаа юм байна. Тэдгээрийн дунд гурван ч эмэгтэй байгаа бололтой. Нэрийг нь дурдвал нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, “Мон-Уран” тодотголтой Б.Саранчимэг нар эмэгтэйчүүдийн эгнээгээ тэргүүлж байгаа аж. Харин эрчүүдийг нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын бүлгийн зөвлөх Ш.Раднаасэд, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, UFC группийн дэд ерөнхийлөгч Цэрэнбат, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтай, Зүүний хүчний Тэнгэр нарын нэр дуулдаж эхэлсэн. Нэр бүхий арван залуугийн долоо нь дэд сайд үлдсэн гурав нь агентлагийн дарга, эсвэл аль нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн амлалтыг ч дарга нараасаа авчихаад байгаа бололтой юм. Дэд сайдын суудал өнгөрсөн өдрүүдийн жишигт хүрч яригдахгүй ч бас л намын удирдлагуудын нухацтай сууж байж шийддэг асуудал. Тэгэхээр хишиг горилон зүтгэх гишүүддээ “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх” зарчмаар албан тушаал хуваарилах их ажил МАН-ын удирдлагуудын өмнө байна.

МАН-ын томилгоо, нам доторх албан тушаалын төлөөх уралдаан дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга томилсноор ч дуусахгүй. Бүр энэ жилдээ ч дуусахгүй байж мэдэх нь. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 40 орчим хувийг МАН мэдэлдээ авахаар Засгийн газарт хамт­рах зөвшилцөл хийж байхдаа тохиролцжээ.

МАН-ын өнөөдрийн гар­гаж байгаа энэ шийдвэрүүд өнгөрсөн хугацаанд хийсэн үйлдлүүдийнхээ эсрэг чиглэс­нийг ийн харж болно.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Нуруугаар өвдөх 5 шалтгаан ба тэднийг шийдэх нь

Ууц нуруугаар шархиран өвдөх хүн бүрт тохиолддог түгээмэл өвчин юм. Гэхдээ энэ өвдөлтийн олон шалтгааныг эмнэлэгийн оролцоогүйгээр өөрөө шийдэж болно. Зөвхөн өөрийн амьдралын хэм хэмжээг арай өөрөөр аваад үзэх хэрэгтэй.

Нуруу өвдөлтийн түгээмэл таван шалтгаанд мэргэжлийн эмч нар зөвлөгөө тайлбар өгсний та бүхэнд хүргэе.

Таргалалт

Ууц нурууны өвдөлтийн гол шалтгаан нь өөхлөлт, таргалалт юм. Нуруу чинь өвдөөд эхэлбэл та хамгийн түрүүнд өөрийнхөө жинг үзэх хэрэгтэй.

Жин нэмэгдсэн байвал тэр нь нурууны тань өвчний шалтгаан болсноос зайлахгүй.

Жин хасагдаад ирэхээр өвдөлт аажмаар намдахаас гадна ядаж түүний өвдөлтийг багасгана. Дараагийн алхам нь мэдээж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах.

Булчин шөрмөсийн суналт

Газраас ямар нэгэн зүйлийг бөхийгээд авах гэх мэт хөдөлгөөний улмаас үүсдэг их дэлгэрсэн гэмтэл бэртэл нь булчин болон шөрмөсний суналт. Шөрмөсний суналт нь нурууны доод хэсэгт булчин татах дагалдсан өвдөлтийг үүсгэнэ. Сунгалтын ноцтой эсэхээс хамааран өвдөлт үргэлжлэх хугацаа янз бүр.

Түүнээс бүрэн сална гэж байхгүй. Гэхдээ нурууны булчинг чангаруулснаар өвдөлтийг багасгаж болно. Сунгалтын хаванг багасгахын тулд өвчтэй газар нь 2-3 цагийн хугацаанд мөсөн жин тавих хэрэгтэй. Ер нь манайхан өвчнийг намдаах гээд халуун жин тавьдаг. Тэр нь өрөвслийг нэмэгдүүлдгийг мартаж болохгүй. Бололцооны хирээр хөдөлж байх ёстой. Амьдралдаа спортыг нэм.

Мөгөөрсний гэмтэл буюу ивэрхий

Нурууны нугалаа бүр нь хөдөлгөөнийг хангахын тулд хоорондоо мөгөөрсөн дисктэй. Насны явцад мөгөөрс нь элэгдэн эвдэрч мэдрэлийн төгсгөлүүд дээр даран өвдөлт гаргаж ирнэ. Элэгдлийн гол шалтгаан нь хөдөлгөөн багатай амьдрал ба тамхи татах болдог байна. Хэрэв мөгөөрсийн гадна хэсэг гэмтэлтэй бол бидний радикулит гэх өвчнийг үүсгэдэг.

Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь муу зуршлаас татгалзах, спортоор хичээллэх явдал юм.

Сул булчин

Биеийн муу байрга нь нурууны өвчний гол шалтгааны нэг. Ширээний ард удаан бөгтийн суухад нуруу өвдөөд байдаг. Өгзөгийн булчингууд нэг байрлалд удаан байгаад өвдөлт үүсгэх бөгөөд түүн дээр нурууны булчин шөрмөс суларсан нь нэрмээс болдог.

Үүнтэй тэмцэхэд биеийн цэгц байрлал, ажилдаа үе үе завсарлага авах нь тус болно. Тэр нь булчинг эргэн байрлалд нь оруулж өвдөлт үүсэх шалтгааныг бууруулна.

Остеоартроз

Артрит гэдэг нь шархиран өвдөх үе мөчний олон өвчин, хаван гүйхийн ерөнхий томъёолол юм. Гол шалтгаан нь хөгшрөлт, өөхлөлт, сахрын шижин, генетикийн өөрчлөлт болдог.

Өмнөх тохиолдлууд шигээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн спорт зайлшгүй шаардлагатай.

Өмнөх шалтгаануудыг өнгөрөөгөөд сүүлчийг нь сонгоно гэвэл та хамгийн түрүүнд эрүүл амьдралын дэглэмийг эрхэмлэ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал эхэллээ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. 25 жилийн ойн баярын хүрээнд 21 аймагаас ардчилсан намын гишүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж баяртаа оролцож буй ажээ. Ойн баярын хурал UB палас-т яг одоо эхлээд байгаа бөгөөд МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Орос-Энэтхэг 15-20 гэрээнд гарын үсэг зурна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх долоо хоногт Энэтхэг улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр болжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд 15-20 гэрээнд гарын үсэг зурагдах гэнэ. Түүнчлэн эдгээр хэлэлцээрүүд батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, гааль, банкны салбарыг хамаарна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Мөн Арванхоёрдугаар сарын 10-нд Энэтхэг улсад Энэтхэг ОХУ-ын хамтарсан дээд хэмжээний 15 дахь удаагийн уулзалт болох аж. Үүний зэрэгцээ байгалийн хий дамжуулах хоолой, Куданкуламын атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр нэгжийг барих асуудал хөндөгдөхөөр болжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Энэтхэгт хэрэглэдэг цэргийн тоног төхөөрөмжийн 60-70 хувийг Оросоос нийлүүлдэг бөгөөд тус улсын хувьд Москва цаашид ч батлан хамгаалахын томоохон түнш хэвээр үлдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр улсын батлан хамгаалахын салбар хамтран тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөр гарын үсэг зурахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дуудлагын жолооч үнэгүй үйлчилнэ гэв

“САЙН СЕРВИС” дуудлагын жолоочийн үйлчилгээ долоон жилийн ойгоо тохиолдуулан эрхэм хэрэглэгч жолооч нартаа энэ сарын 10-ны өдөр үнэгүй үйлчлэх бэлэг барьж байгаа юм байна. Дуудлагын утас нь 310909 бөгөөд өдөр бүр 19.00– 06.00 цагийн хооронд ажилладаг тус хамт олон энэ өдрөөр дуудсан бүх хэрэглэгчиддээ эхний 30 минутын үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгон бэлэг барьж байгаа юм байна. Шөнөөр замын хөдөлгөөн эрс буурсан байдаг учраас энэ хугацаа нь гэртээ машинаа хүргүүлэх хангалттай хугацаа гэдгийг тус байгууллагынхан хэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Филиппинд хар салхины аюул ойртож байна

Филиппин улсын Таклобан хотыг чиглэн Хагупит хэмээх хүчтэй хар салхи ирж буй бөгөөд салхины хурд 192 км/цаг гэнэ. Тиймээс нийслэл Манилла болон хар салхинд өртөж магадгүй бусад хотуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино хэлэхдээ “Руби хар салхи бидэнд хүнд сорилт болоогүй. Харин Ёлонда хар салхины үеэр хэцүү байсан гэж би бодож байна. Тиймээс өчигдөр хийх байсан зүйлсээ яг одоо хийж, бэлтгэлээ бүрэн хангахыг иргэддээ уриалж байна” гэжээ. Хагипут хар салхи 44 мужаар дайран өнгөрч магадгүй бөгөөд энэ чиглэлд 35 сая гаруй хүн амьдардаг аж. Таклобан хот жил гаруйн өмнө Хаяан хар салхины улмаас нөхөж баршгүй гарз хохирол амссан бөгөөд гамшгийн улмаас 7000 гаруй хүн амиа алдаж байсан юм. Хагупит хар салхи нь Хаяан салхитай ижил чиглэлээр дайран өнгөрч магадгүй гэж цаг уурчид таамаглажээ.