Categories
гадаад мэдээ

ЕАБХАБ-ын гишүүн, түнш улсууд Базельд чуулав

Швейцарийн Холбооны Улсын Базель хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцов.

Тус байгууллагын гишүүн 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 улсаас гадна НҮБ, Европын Холбоо, НАТО зэрэг олон улсын болон бүс нутгийн 10 гаруй байгууллага чуулж буй энэхүү уулзалтын бүгд хуралдаанд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг үг хэлж, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер, ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Михаэл Георг Линк, Серби, Австрийн төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Евроазийн бүс нутгийн тогтвортой байдалд занал учруулж буй уламжлалт бус аюул хийгээд олон улсын терроризмын асуудлыг тусгайлан хэлэлцэж байгаа энэ удаагийн уулзалтаар зэвсэг хураах, хүнийг тарчлааж, хүнлэг бусаар залхаахыг хориглох, гамшгийн эрсдэлийг бууруулах, авилгатай тэмцэх, Хельсинки+40 үйл явцыг үргэлжлүүлэх, Украйныг тойрсон хямралыг шийдвэрлэх, жендерийн тэгш байдлыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны 2004 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах зэрэг олон асуудлыг хэлэлцэн төгсгөлийн баримт бичгүүдийг батлахаар төлөвлөж байна.

ЕАБХАБ-ыг 2014 онд даргалж буй Швейцарийн Холбооны Улсын халааг 2015 онд Бүгд Найрамдах Серби Улс, 2016 онд ХБНГУ, 2017 онд Бүгд Найрамдах Австри Улс авах аж.

Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш улсаар 2004 онд, 2012 онд 57 дахь гишүүн буюу оролцогч орноор нэгдэн орсон болно.

Categories
мэдээ нийгэм

Монголын сайтын холбоо мэдэгдэл гаргалаа

Өглөө.мн сайт халдлагад өртсөнтэй холбогдуулан Монголын Сайтын холбооноосмэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд ” Өнгөрсөн долоо хоногт Монгол улсад улс төрийн томоохон акц болж өнгөрсөн бөгөөд шийдлийн Засгийн газар байгуулагдсан энэхүү онцгой цаг үетэй давхцан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цахим мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал Оллоо.мн, Өглөө.мн, Үндэстэн.мн, Баабар.мн зэрэг вэбсайтууд кибер халдлагад өртөж олон жилийн сэтгүүлчдийн нөр их хөдөлмөр, мэдээллийн бааз нь устлаа. Энэ хэрэг улс төрийн чухал үйл явдлуудтай давхцсан нь Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон нийтэд бодит үнэнийг мэдээлэх үүргээ биелүүлэхэд нь зориудаар саад хийсэн үйлдэл байж болзошгүй хэмээн Монголын Сайтын Холбоо үзэж цахим мэдээллийн хэрэгслүүдийг хакердсан халдлагыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Мөн Монголын Сайтын Холбооны гишүүн вэбсайтууд болон нийт цахим мэдээллийн хэрэгслүүдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, системийн хамгаалалтаа найдвартай хийж аливаа халдлагаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэн сануулж байна.Өглөө.мн, Үндэстэн.мн зэрэг халдлагад өртсөн манай гишүүн сайтууд кибер халдлагын ард хэн байв гэдгийг илрүүлэн тогтоолгохоор Тагнуулын Ерөнхий Газрын Кибер аюулгүй байдлын газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандаад байна. Хууль хүчний байгууллагууд хурдан шуурхай ажиллаж энэ хэргийн бодит үнэнийг олж тогтооно гэдэгт итгэлтэй байна. Монголын Сайтын Холбоо нь гишүүн сайтуудынхаа болон бусад цахим мэдээллийн хэрэгслүүд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалан зогсох болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлэг гаргалаа

ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэе.

Ял шийтгэл гэдэг таны амьдралд авч болох хамгийн том хар толбо учраас хэсэгхэн зуурын уур бухимдал, үзэн ядалтаас болж насан туршдаа харамсах зүйл хийхгүйн тулд өөрөө болон найз нөхөддөө энэ талаар сануулж байгаарай.

Та яг одоо хэн нэгний зургийг нь зөвшөөрөлгүйгээр хуулж авч өөр зүйлд ашиглах гэж байна уу, эсвэл хэн нэгэнд уурласандаа болон өөр бусад шалтгаанаар түүний талаар таагүй мэдээллийг олон нийтэд тараах гэж байна уу, тэгвэл энэ үйлдэл тань зөв эсэхийг дахин дахин бодож үзэхийг зөвлөе.
Та хууль зөрчсөн юм биш биз таны дээрх буруу үйлдэл хуулинд юу гэж зохицуулагдсныг үзье.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл “Доромжлох”
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111 дүгээр зүйл “Гүтгэх”
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Ял шийтгэл гэдэг таны амьдралд авч болох хамгийн том хар толбо учраас хэсэгхэн зуурын уур бухимдал, үзэн ядалтаас болж насан туршдаа харамсах зүйл хийхгүйн тулд өөрөө болон найз нөхөддөө энэ талаар сануулж байгаарай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд бизнесийнхэнд илгээлт хүргүүллээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурал хуралдаж байна. Тус хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээлт хүргүүллээ. Илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр уншиж, гардууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хуралд
Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ

Их хурлын хүндэт төлөөлөгчид өө!
Эрхэмсэг зочид, ноёд, хатагтай нар аа!

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч гол байгууллага. Тиймээс ч үе үеийн Засгийн газартай хамтран ажиллаж улс орныхоо хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гадаад, дотоодод нэр хүнд бүхий байгууллага хэмээн хүндэтгэн үздэгээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд юуны өмнө илэрхийлье.

Миний бие Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус бусад байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” үнэлгээний үндсэн чиглэлүүдээс гадна хилийн боомтын үйл ажиллагааг шат дамжлаг бага, хүнд сурталгүй, шуурхай болгох, тусгай зөвшөөрлийг зохист хэмжээнд хүртэл багасгах, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилго бүхий хэд хэдэн чиглэлээр Та бүхэнтэй хамтран үр бүтээлтэй ажилласандаа сэтгэл хангалуун байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо би Улсын Их Хурлын Чуулганы индрээс Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг эдийн засаг байх болно” хэмээн тодорхойлж эдийн засгийн хүндрэлээс бид хувийн хэвшил, хувийн бизнесийг дэмжсэн бодлогоор л гарах болно гэдгээ илэрхийлсэн билээ.

Эдийн засгийн хүндрэлийн учир шалтгааныг системээр нь зөв оношлож, түүнээс гарах бодлогоо макро болон бусад түвшинд нарийвчлан гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тууштай явуулахад хувийн хэвшлийнхний санаа бодол, идэвхтэй хамтын үйл ажиллагаанд Засгийн газар тулгуурлах болно. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан уулзалт дээр чухал олон санаа гарсан бөгөөд ийм цуврал уулзалтыг цаашид ч үргэлжлүүлнэ.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн гишүүн аж ахуйн нэгжүүдийн дунд салбар, салбарын төлөөллүүд байгаа. Эдгээр төлөөллийг Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах Эдийн засгийн Үндэсний зөвлөлд оруулах, улмаар салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцоог нь хангах, хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллахыг шинээр томилогдох сайд нарт үүрэг болгоно.

Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүх талаар хөгжүүлэх, Засгийн газрын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх болно.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувийн хэвшлийг дэмжих замаар төсөв, мөнгөний бодлогын салбарт болон бусад чиглэлээр хийх ажлуудаа Шинэ Засгийн газраас удахгүй УИХ-д өргөн барьж олон нийтэд танилцуулна.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас гадна Та бүхнээс бас шалтгаалах ажил бий. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд компанийн засаглалаа сайжруулах, хүний нөөцийн бодлогоо зөв зохистой хэрэгжүүлэх, гадна дотны хөрөнгө оруулалт татах замаар шинээр нөөц бололцоо бий болгох нь эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх зорилт болох учиртай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал нь төр засгаас гадна бас та бүхний гарт байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Засгийн газар төрийн өмчийг эзэнжүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн менежментийг нэвтрүүлэх зорилгоор “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төслөө улам сайжруулан УИХ-д өргөн барих гэж байна. Засгийн газар саяхан төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд төрийн төлөөллийг төрийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтан хэрэгжүүлж байсныг өөрчилж, хувийн хэвшлийн удирдлага, салбарын мэргэжилтнээр хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхтэй оролцоо маш чухал байна.

Яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлэх чиг үүргийн давхардлыг арилгаж, хувийн хэвшилд учруулдаг хүнд суртал, дарамтыг багасгах, шат дамжлагыг цөөлөх, хэрэгцээгүй олон хяналт шалгалтыг эрс багасгахажлаа улам эрчимжүүлэх болно.

Засгийн газраас бизнесийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн чиглэлээрх мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний оролцоотой салшгүй холбоотой явагдана гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Хувийн хэвшлийнхний эх орныхоо хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр улам өргөжин тэлэх болтугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг
Төрийн ордон Улаанбаатар хот

Categories
мэдээ нийгэм

Лаборатори ахлах сургуулийн нээлтэд оролцоно

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.08/ “Монголын ардчилал Японы хэвлэлд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэллээ. Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд 12.00 цагаас эхэлсэн юм.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлтийн арга хэмжээнд 13.00 цагаас оролцоно.

Залуу техникчдийн ордны суурин дээр ажиллаж байгаа тус сургуулийг хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженер техникийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын чиглэлээр лаборатори сургууль болгон их, дээд сургуулиудын дэмжлэгээр сургалтын кабинетууд байгуулж өмнө нь хичээллэж байсан сургалт дугуйлангуудыг сэргээн хичээллүүлж эхэлсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын даргад дөрвөн хүн нэр дэвшжээ

МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Тус хурлаар ирэх дөрвөн жилд МҮХАҮТ-ыг удирдах удирдлагуудыг сонгох гэж байгаа билээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнгөрсөн дөрвөн жилд хийж гүйцэтгэсэн ажлаа хурлын үеэр танилцууллаа. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчид С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшиж байна. МҮХАҮТ-ын даргад М. Оюунчимэг, Б.Хаш-Эрдэнэ, В.Отгондэмбэрэл, Б.Мөнхцэлмэг нар нэр дэвшжээ. МҮХАҮТ-ын орлогч даргад Ц.Янсанжав, Ч.Нэргүй, Т.Золбоот, М.Сарандаваа, С.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг нэр дэвшүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хувьцаат компаниудыг гурав ангиллаа

Монголын хөрөнгийн биржийн шинэчилж баталсан “Бүртгэлийн журам”-тай холбогдуулж холбогдуулж биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг I, II, III гэсэн шинэ ангилалд хуваасан байна. Монголын хөрөнгийн биржийн I ангилалд компани байхгүй бол II ангилалд 89 компани багтжээ. Харин III ангилалд 148 компани багтжээ. Бүртгэлийн I ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, хөрвөх чадвар сайтай, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах юм байна. II ангилалд үнэ цаас нь биржээр тогтмол арилжигддаг, компанийн зах зээлийн үнэлгээ нь тодорхой шалгуурыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүртгэгдэж байгаа аж. III ангилалд эрсдэл өндөртэй жижиг дунд хэлбэрийн компаниуд, 100 хувь төрийн өмчит хувьцаат компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг нь зогсоогоод байгаа арилжааны идэвхи сул компаниуд багтаж байгаа гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан үзэг” наадам болно

“Чингис” зочид буудлын хурлын танхимд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг бүх их дээд сургуулийн оюутны дунд зохион байгууллагддаг “Алтан үзэг” наадмын шагнал гардуулах ёслол болох юм байна. Ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Ням-Эрдэнэ: Хорлоо эмээгийн байшин ард түмний хүчээр босч байгаа

“Бөмбөгөр” худалдааны төв дээр цай зарж амьдралаа залгуудаг 90 настай Хорлоо эмээд туслах аян “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын санаачилгаар эхэлсэн юм. Аяны хүрээнд Хорлоо эмээг байшинтай болгохоор зорьсон билээ. Сайхан сэтгэлийн үүднээс эхлүүлсэн уг аяны явцын талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болов. Хорлоо эмээд туслах аяны явцыг мэдээлсэн уг хуралд”Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ, тусалж байгаа барилгын компанийн төлөөлөл оролцлоо. “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, тус байгууллагын ТУЗ-ийн гишүүн Ц.Сувд-Эрдэнэ, О.Түвшин, Ж.Цэцэгдарь нар хэвлэлийн хуралд ирсэн юм. ХЮОН консалтингийн зөвлөх Б.Ууганцэцэг, Барилга угсралт хариуцсан менежер Э.Энхбилгүүн, төсөл хариуцсан межежер Б.Мөнх-Эрдэнэ нар мөн оролцсон. “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын тэргүүн Б.Ням-Эрдэнэ “Манай байгууллага хүнд хэцүү амьдралтай ч сайхан амьдралын төлөө тэмүүлж яваа хүмүүст сэтгэлийн дэм хайрлах зорилготой нийгэмд үйлчлэх залуусын сайн дурын нэгдэл юм. Анх 2011 онд сайн үйлс хийх хүсэлтэй хэсэг залуус онлайнаар нэгдэж хүнд хэцүү амьдралтай хүмүүст туслах зорилгоор ажлаа эхэлсэн. Одоогийн байдлаар зуу гаруй хүнд тусалсан. Манайхан Хорлоо эмээд туслах санаачлага гарган байшин барьж өгөхөөр болсон юм. Байшин маань ард түмний хүчээр босч байгаа” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 1000 хүүхдийн шинэ жилийн баяр болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлчүүдийн шинэ жилийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын талаар танилцууллаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа. Нийслэлчүүддээ зориулан он солигдох мөчийг Их эзэн Чингис хааны талбайд хамтдаа угтан, өнгөрүүлэх, хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор жил бүр нэгдсэн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил төв талбайн сүлд модыг шар гэрлээр чимэх бөгөөд нийслэлчүүдтэйгээ хамт 12 дугаар сарын 15-ны өдөр гэрэл асаана. Д.Сүхбаатарын хөшөөг тойруулан цэнхэр өнгийн гэрлээр сүлд модны хэлбэртэй дөрвөн ширхэг торшёрт байрлуулахаар төлөвлөж байна. Харин шинэ жилийн үдшийн цэнгүүн 12 дугаар сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хааны талбайд болж, рок попын хамтлаг дуучдын урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэ жилийн баярын цэнгүүний төв тайз нь талбайн баруун жишгүүрт НЗДТГ-ын өмнөөс хойш сунасан хэлбэртэй байхаар тооцоолсон байна. Мөн шинэ жилийн баяраар нийслэлийнхээ хүүхэд багачуудад зориулан шинэ жилийн хоёр үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн баярын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 халамж асрамжийн төв хүмүүжиж байгаа 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болох юм. Харин Нийслэлийн Засаг дарга эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг аль болох нийслэлээс зардлаас гаргахгүйгээр хуульд нийцүүлэн хувийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж шийдвэрлэх боломжийг судлахыг зохион байгуулах комисст үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.