Categories
мэдээ нийгэм

Номын худалдаачид шинэ байрандаа ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан 58 худалдаачин тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг Сүхбаатар дүүргийн 8-р хороо Багшийн хөгжлийн ордны ар талд барьж, номын худалдаачдад хүлээлгэж өгсөн.

Тус худалдааны төв нь 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгааны асуудлыг ердийнхөөс тав дахин хэмнэлттэйгээр шийдэж өгсөн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан. Харин худалдаачид байрны ашиглалтын төлбөрөө өөрсдөө төлж, гаднах талбайгаа тохижуулахаар болсон юм. Энэхүү худалдааны төвд хуучны ховор номуудыг зарж байгаа төдийгүй ажлын байр дулаахан, тохилог учир үйлчлүүлэгчид ам сайтай байгаа гэдгийг худалдаачид хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд камераар нийт 169635 зөрчил илрүүлсэн байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2013 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 285833 зөрчил гарч байжээ. Харин энэ жил 169635 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс улаан гэрлэн дохионы зөрчил 26968 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 142667 тохиолдол бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гарчээ. Ийнхүү “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхэлснээс хойш зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд С.Цогтсайхан агсны хөшөөний нээлтэд оролцов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд С.Цогтсайхан агсаны хөшөөний нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг хүргье. “Монголын ардчилсан хувьсгалын дууч” бидний журмын нөхөр С.Цогтсайхан агсаны гэгээн дурсгалд зориулж бүтээсэн дурсгалын хөшөөний нээлт болж байгаад баяртай байна.

С.Цогтсайхан агсан шилдэг нийтлэлч, улс төрийн манлайлагч, Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-ны зохиогч гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ дуу 25 жилийн турш ардчиллыг сурталчлах гол хэрэгсэл болж цуурайтсаар ирлээ. Монголд Ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бий болгох үйлсэд гүйцэтгэсэн түүний үүрэг гавьяаг үнэлж, хойч үеийнхний бахархал болсон халуун эх орончийн дурсгалын хөшөөг бүтээсэн уран бүтээлчид, дэмжиж тусалсан бүх хүмүүст УИХ, Ардчилсан намын өмнөөс гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсье гэлээ.

Уг хөшөө Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн санаачилгаар бүтсэн байна. Энэхүү хөшөөний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа болон С.Цогтсайхан агсаны гэргий Н.Наташа, Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, ардчиллын үе үеийн төлөөлөл, иргэд олон нийт оролцож хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдав

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Үнэт цаасны зах зээлийг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор эрсдэл багатай бүтээгдэхүүн болох Засгийн газрын өрийн хэрэгсэл буюу бонд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулан арилжаалагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан уг арилжаанд оролцох иргэд, хөрөнгө оруулагчдад зуучлагч байгууллагын асуудлыг хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий 11 арилжааны банкинд олгосон. Мөн “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох нь зүйтэй тухай зөвлөмжийг гаргалаа. Санхүүгийн зохицуулах хороо уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход иргэд, хөрөнгө оруулагчид өөрийн брокероор дамжуулан Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авах боломжтой болох юм

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөрөөдлийн шинэ жил”цирк шоу болно

“Аса” цирк, “Гэрэлт медиа” групп, “Гэр” монголын маркетингийн агентлаг, “Circus Mongolia” хамтран хүүхэд багачуудад зориулсан “Мөрөөдлийн шинэ жил” цирк шоуг энэ сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Хүүхдүүдэд зориулсан хамгийн том “Мөрөөдлийн шинэ жил”-д дуучин Ану болон өвлийн өвгөн, цасан охид оролцох юм байна. Тоглолт Аса циркэд болох аж. Тоглолтод ирсэн хүүхэд бүр бэлэгтэй гэж зохион байгуулагчид нь ярьж байна.

Categories
мэдээ спорт

Олныг дагуулагч од тамирчид

Инстаграмд хамгийн олон дагагчтай зуун хүний жагсаалтад тамирчдаас ердөө есхөн нь багтсан байх юм. Тэд хэн бэ. Эдгээрийн заримыг нь танилцуулъя.

Нэймар ( 12.970.609 дагагчтай)

Нэймар багийн анд Халкийн хамт.

К.Роналду(9.935.084 дагагчтай.)

Роналду ба Португалийн шигшээ баг.

Роналду “ганнибал”-ыг дуурайв.

Л.Месси(8.263.776 дагагчтай)

Месси ба түүний гэр бүл.

Л. Жэймс (7.855.727 дагагчтай)

Асар их хөдөлмөр л үр дүнд хөтөлнө.

Энэ зураг гарсан даруйдаа Кливленд хотыг доргиож байв.

Тээр жил түүнийг хамрын ясаа бэртээхэд хөгжөөн дэмжигчдээс нь бэлэглэсэн хамгаалалтын маск.

Флойд Мейвэйзэр(4.553.256 дагагчтай).

Флойд Мейвэйзэр мөнгөнд дуртай. Ялангуяа бэлэн мөнгийг асар их шүтнэ. Тийм ч учраас унтахдаа хүртэл мөнгөөр “хучилга” хийх дуртай

Сайн найз Жастин Биберийн хамт

Categories
мэдээ нийгэм

АПУ-гийн борлуулагчийг хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүллээ

“АПУ” компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн сард гарсан. Түүний унаж явсан УНК 2983 улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуунмод хотоос олсон юм. Мөн Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн гэгч байсныг цагдаагийнхан нотлох баримтаар баталгаажуулан саатуулсан билээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Түүнд холбогдох хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар шунахайн сэдлээр танхай авирлаж, бусдын амь насанд санаатай халдсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мал тооллого эхлэв

Үндэсний статистикийн хорооноос орон даяар мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн мал тооллого өчигдөр эхэлж, 17-ны өдөр өндөрлөх аж. Малтай өрх, аж ахуй нэгжийн бүртгэл тооллогын ажлын чанарыг сайжруулах зорилгоор бүртгэлийг онлайнаар явуулахаар төлөвлөжээ. Ийнхүү тооллогын мэдээллийг аймаг, сумаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах юм байна.

Мал тооллого эхэлсэнтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын хүн ам өрхийн мэдээллийн санг шинэчилж, хашаа худаг, мал тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай захирамж гаргажээ. Сумын хэмжээнд тооллогын ажлыг зохион байгуулах, дүн мэдээг гаргах, зэргэлдээ сумын нутагт өвөлжиж байгаа тус сумын айл өрхийн хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулах хашаа худгийн судалгаа авах зургаан ажлын хэсэг байгуулан заасан чиглэлийн дагуу хөдөөгүүр ажиллаж байна. Мөн сумын төвд айл өрхийн хашаа худаг, мал, тэжээвэр амьтдын тооллого хүн ам өрхийн мэдээллийн санг баяжуулах ажлыг явуулах салбар ажлын хэсэг ажилдаа орсон байна. Сумын Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын тавны өдрөөс эхлэн 17-ны өдрийг хүртэл мал тууварлах, нядлах, малын мах зөөвөрлөхийг түр зогсоож, малын шилжилт хөдөлгөөн хийх, түүхий эд тээвэрлэхийг бүрэн зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд булш ухсан залуус их хэмжээний үнэт эдлэл олжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар дөрөвдүгээр багийн нутагт хэсэг бүлэг хүмүүс эртний булш ухсан хэрэг гарчээ. Тус багийн нутагт эртний булш маш их байдаг гэнэ. Дөрвөн хүн хамтарч уг булшийг ухсан байна. Сэжигтнүүд булш ухсан хэргээ нууж, хатдын зүүлт, алтан бугуйвч зэрэг үнэт эдлэлийг гарган зарж борлуулж их хэмжээний мөнгө болгосон аж. Борлуулсан мөнгөө дансандаа байршуулахаар ирэхэд нь их хэмжээний мөнгийг сэжиглэн шалгасан юм байна. Тэд булш ухаж болохгүй гэдгийг мэдээгүй учраас ухсан хэмээн мэдүүлэг өгчээ. Хэргийг аймгийн цагдаагийн ажилтнууд нягтлан шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шувууны томуу хүнд халджээ

Өнгөрсөн бямба гаригт Хятадын зүүн нутгийн Шанхай хотод шувууны томуугийн “H7N9” вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. Шанхайн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссоос мэдээлснээр халдвар авсан Шөн овогт өвчтөн нь 38 настай эрэгтэй юм байна. Өвчтөнд халуурах, ханиах шинж тэмдэг илэрдэг аж. Тиймээс онцын шаардлагагүй бол шувууны томуу гарч байгаа улс оронд аялал, жуулчлалаар явахгүй байх, түр хойшлуулахыг холбогдох албанаас анхааруулж байна. Хэрэв өвчлөл гарч байгаа улс оронд зайлшгүй аялах болвол амьд амьтны зах, дэлгүүрээр орохгүй, тахиа, шувуу, гахайны фермээр зочлохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байх хэрэгтэй аж. Шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж сайтар буцалгаж хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах ёстой гэсэн зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгч байна.