Categories
мэдээ нийгэм

Б.Лхагважав МҮХАҮТ-ын дарга болов

МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурал болж, удирдлагуудаа сонголоо.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргад С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшиж, С.Дэмбэрэл нэрээ татсан юм. Санал хураалтаар Б.Лхагважав Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар сонгогдов. Соёлын төв өргөөнд болсон уг хурлаар Танхимын тайланг хэлэлцэж, дүрмийг шинэчилсэн байна. Өнөөдөр танхимын орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батчулуун: “Долдугаар сарын 1”-нд офицер, цагдаа нар орж ирээд зэвсэг, тусгай хэрэгсэл шаардаж байлаа

– ХОРИГДСОН ХҮМҮҮСТ ХООРОНДОО ЯРИХ БОЛОМЖ ОЛГОСОН Л БОЛ БОСЛОГО ГАРГАЖ МЭДЭХЭЭР БАЙСАН-

Цагдаагийн хурандаа Ц.Батчулуунтай ярилц­лаа. Тэрбээр “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр “Дэнжийн мянга” дахь Албадан саатуулах төвийн даргаар, түүний өмнө Багануур дүүрэгт олон хүн архинд хордож амиа алдахад дүүргийн Цагдаагийн хэлстийн даргаар ажиллаж байсан юм.

-“Долдугаар сарын 1”-ний үймээний үед та “Дэнжийн 1000” дахь Албадан саатуулах төвийн дарга байсан байх аа?

-2008 оны гуравдугаар сард Албадан саатуулах төвийн даргаар томилогдсон. Тэнд арваннэгдүгээр сар хүртэл ажилласан даа.

-Үймээний үеэр Албадан саатуулах төвд 800 гаруй иргэнийг хорьсон. Ер нь юу болсон юм бэ?

-Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс үймээн, шуугиан болж магадгүй гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байлаа. Зургадугаар сарын 30-нд үймээний эхний хүмүүс манай төвд ирсэн шүү дээ. Гудамжинд эмх замбараагүй байдал бий болгохыг оролдсон гэх зэрэг асуудал гаргасан хүмүүс л дээ. Маргааш нь жагсаал, цуглаан хүндрэх байдал руугаа орж 14.00 цагаас хүмүүсийг Албадан саатуулах төв рүү авчирч эхэлсэн.Тухайн үед би дүүргийн прокурорт “Ирж хяналтаа тавь. Эмх замбараагүй байдал бий болбол энд олон хүн саатуулагдах нөхцөл бий болчихлоо. Хууль зөрчигдөж болзошгүй байна” гэж мэдэгдлээ. Орой МАН-ын байр шатлаа, жагсаал, цуглаан нь үймээн боллоо. Тэр үеэс фургон, цагдаагийн машинуудаар дүүрэн, дүүрэн хүн зөөж авчраад буулгаад л байдаг. Сүүлдээ хэн гэдэг хүнийг хэн авчирч, яаж хүлээж аваад байгааг хянах ямар ч боломжгүй болсон.

-Нэг машинд хэдэн хүн авчирч байсан бол?

-10, 15 цаашлаад 20 хүн авчирна шүү дээ. Сүүлдээ хүн нэг бүрт үзлэг хийж хүлээж авах ямар ч боломжгүй болсон. Гэхдээ хууль зөрчихгүй ажиллахыг л хичээж байлаа. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас хүн хүч хүссэн ч гол асуудалдаа анхаарлаа хандуулсан байх, биднийг орхичихсон. Өглөөний 4.00 цаг хүртэл 800 гаруй хүнийг 45-уулаа барьж, хоносон юм шүү дээ.

-Албадан саатуулах төв 45 ажилтантай байсан юм уу?

-Тэдний арваад нь эмэгтэй. Гуч гаруй эрэгтэй алба хаагч байсан. Ачигдаж ирсэн хүмүүсийн олонхи нь согтуу, үймээн самуунд хөөрчихсөн. Эвгүй дуугарвал яаж ч мэдэх нөхцөл байсан. Тэр дунд цагдаагийн гурав, дөрвөн ажилтныг жагсагчид хөнөөсөн байна гэдэг яриа гарчихсан байсан. Үүнээс болж офицер, цагдаа нар хоёр, гурваараа орж ирээд зэвсэг, тусгай хэрэгсэл шаардаж байлаа. Тэр бүрт “Та нар тайван бай. Хүний эрх зөрчиж огт болохгүй. Нэг хүнийг ч зодож болохгүй шүү” гээд гаргаж байсан. Би алба хаагчдаа гав, бороохойгүй ажиллуулж байсан юм шүү дээ. Маргааш нь 04.00 цагт хүмүүстээ бороохой, гав тавьж өгсөн.

-Тэгвэл гар нүцгэн 40 гаруй цагдаа тэр олон хүнийг яаж хонуулсан юм бэ?

-Би алба хаагчдаа үнэхээр гавьяа байгуулсан гэж боддог. 800 шахам хүн суулгачихаад байж байхад “Эд нар цөөхүүлээ байна. Сүйтгээд гарцгаая. Дайралт хийе” гэдэг яриа гарч байсан. Тэгэхэд дөчөөд алба хаагчдаа зохион байгуулаад саатуулагдсан хүмүүст би өөрөө “Бидэнд хүч хангалттай бий. 300, 400 алба хаагч та нарыг хянаж байгаа. Ямар нэгэн хөдөлгөөн хийвэл зэвсэг хэрэглэнэ” гэж зарлаж, сүрдүүлж байлаа. Нөгөө дөчөөд алба хаагчдаа 300 болгож харуулахын тулд хооронд нь сэлгүүлж, янз бүр болж хоносон хэрэг.

-Саатуулагдсан хүмүүсийг хашаанд хэд, хэдээр нь ангилаад явган суулгачихсан байсан нь дээрээс нь харахад олон хайрцаг тавьсан мэт харагдаж байв?

-Тэр үед бороотой, их эвгүй байсан л даа. Согтуу голдуу хүмүүсийг зогсоочих юм бол дайрчих гээд байсан. Гарыг нь хойно нь бариулаад нэг, нэгийнх нь араас суулгаж хонуулсан. Нэгнийхээ нурууг хараад суучихаар хоорондоо нэг их юм яриад байж чадахгүй. Хэрвээ хоорондоо ярих боломж олгосон л бол бослого гаргаж мэдэхээр нөхцөл байсан. Согтуу, сэтгэлийн хөдлөлд автсан тийм олон хүнийг хариуцахдаа хүний эрхийг ноцтой зөрчилгүй, хүний амь настай холбоотой асуудал гаргалгүй хоносон нь тэр шөнө ажилласан дөч гаруй хүний гавьяа байсан гэдгийг дахин хэлье. Бод доо, нэг хүн л орилоод боссон бол бусад нь дагахаар байсан. 800 хүний өөдөөс ямар ч зэвсэггүй 40 хүн яах байсан бол. Би өөрөө л гар буутай, бусад нь бороохой ч үгүй байсан. Гурав, дөрвөн цагдаагийн амь хохирсон гэдэг яриаг сонссон алба хаагчдын сэтгэл санаа сонин болчихсон байсан учраас бороохой ч өгөөгүй. Хэрвээ бороохой өгсөн бол нэгийг нь цохино. Нөгөөдүүл нь хашгираад босно. Юу ч болж мэдэхээр байсан. Ерөөсөө л үүр цайж, гэгээ орохыг хүлээж байгаа юм шүү дээ.

-Жирэмсэн эмэгтэйчүүд цөөнгүй байсан гэх юм билээ?

-Шуурхай арга хэмжээ авч жирэмсэн эмэгтэйчүүд, гадаадын иргэдийн нэр, хаягийг нь бүртгэж аваад тэр шөнөдөө явуулсан.

-Нэмэгдэл хүч хэзээ нь ирсэн юм бэ?

-Үүр цайж байхад Цагдаагийн академийн сонсогчид ирсэн. Тэднийг ирсний дараа офицер, цагдаа нартаа резинэн бороохой тавьж өгөөд “Хүнд гар хүрвэл хатуу хариуцлага ярина” гэж сануулж байсан. Үүр цайхаас эхлээд хүмүүсээ сэлгэж, байрлуулах ажил эхэлсэн. Ерөөсөө тэнд хүмүүсийг саатуулсан гурав хоногт нэг хүнийг бороохойдсон, зодсон асуудал гараагүй. Удирдлагын хувьд дэд дарга, харуул хамгаалалт хариуцсан ахлах бид гурав гурван хоногийн турш нүд анихгүй ажилласан. Унтаж амрах тухай асуудал огт байгаагүй.

-Танайхаас суллагдсан хүмүүс манай сонинд ярилцлага өгөхдөө нуруугаа харуулахад эрээн алаг болтол нь зодчихсон байсан. Хэзээ нь тэгээд зодуулчихсан байсан юм бол?

-Үймээний үеийн асуудал байх. Албадан саатуулах төвд зодсон, бороохойдсон нэг ч асуудал гараагүй. Энэ тухай “Долдугаар сарын 1”-ний талаарх “Нээлттэй сонсгол” дээр тодорхой ярьсан шүү дээ.

-Тэр олон хүнд ямар хоол, унд өгч байв?

-Албадан саатуулах, баривчлах төв 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл 800 хүн ирчихсэн байдаг. Гадна зуух тавьж завсар зайгүй хар цай чануулж байлаа. Эхний ээлжинд хар цай, усаар таслахгүй байхыг хичээсэн. Бороонд сууж хоносон хүмүүсийн архи үүрээр гарсан байх. Маргааш нь нар шарна, бороо орно. Шартсан хүмүүсийн ам цангаж байгааг бодолцоод цай, усаар таслаж болохгүй шүү гэдэг чиглэлийг алба хаагчдадаа өгч байсан. Маргаашаас нь эхлээд хүмүүнлэгийн байгууллагуудаас багахан хоол хүнс ирсэн. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нэмэлт хоол хүнс авахуулсан. Долдугаар сарын 2-ны үдээс хойш хоол, хүнс тараасан. Гэсэн ч тэр олон хүнд хоол залгуулах дайны л байсан. Түүнээс цадтал хооллох боломж байгаагүй.

-Долдугаар сарын 1-ний шөнө онц байдал зарласан. Маргааш өглөө нь буутай цагдаа нар Албадан саатуулах байрны хашааны өмнө эгнэж зогсоод л. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн бужигнаад л. Сураггүй болчихсон хүнээ хайгаад байгаа хэрэг. Их сүртэй, аймаар байсан санагдана?

-Өглөө нь хүмүүсийн овог нэрийг бичиж авч дууссан. Бичиг баримттай хүн нэг ч байгаагүй. Өөрсдийнх нь хэлснээр л нэр, хаягийг нь авч байгаа юм. Гадна цугласан хүмүүс дайрчих гээд байсан. Албадан саатуулах төвийн хашааны өндөр 1.7 метрийн өндөр. Хашааг нь түлхэж унагаагаад дайрахад байдал хүндрэх л нөхцөл байсан. Тэр хүмүүсийг тайван байлгахын тулд 30 минут тутамд саатуулагдсан хүмүүсийн овог нэрийг би өөрөө нэг бүрчилэн дуудаж байлаа. Тэр үед ар гэрийнхэн нь чулуу нүүлгээд, хашгираад байсан. Би хүртэл шидсэн чулуунд нь оногдож нуруундаа гэмтэл авч байлаа.

-Түргэний машин албадан саатуулах төв рүү ороход л гадна байсан хүмүүс “Гараашид байсан хүн нас барсан гэнэ. Нас барсан хүнээ нуучихлаа” гэсэн яриа гарсан. Хоригдсон хэдэн зуун хүний хань ижил, аав ээж орилолдоод их түгшүүртэй байсан?

-Албадан саатуулах байранд гурван хүн нас барсан гэдэг яриа гарсан байлаа. Тэр яриаг сонсоод ар гэрийнхнээс нь төлөөлөгч болгож дөрөв, таван хүн оруулаад бүх өрөөг харуулсан. Гарааш гээд нүхтэй болгоныг харуулж байж тайвшруулсан. Тэр хүмүүс гарч ирээд “Нас барсан, өвдсөн хүн алга. Зодож нүдсэн асуудал алга. Ямар ч байсан хоол унд залгуулж байгаа юм байна” гэж ярьсны хүчинд бужигнаан намжсан.

-Цагдаа нарын дунд “Онц байдал зарласан учраас буудсан ч бид хариуцлага хүлээхгүй” гэсэн яриа гарсан байсныг сонссон. Цагдаагийн алба хаагчид хонзогносон, сонсогчид хүртэл өс санасан байдалтай байгаа нь ажиглагдсан болов уу?

-Бусад газар ямар байсныг мэдэхгүй. Би гурав хоногийн турш вакумжсан орчинд л ажилласан шүү дээ. Гурав хоног гаднаас ч мэдээлэл байхгүй, сонсох ч завгүй ажиллаж байсан. Ер нь “Долдугаар сарын 1”-ний үймээнд ганц цагдаагийн байгууллага биш нийгэм, төр засаг хүртэл цочирдож, зүг чигээ алдсан шүү дээ. Цагдаагийн байгууллага ч, төр засаг ч юу хийхээ мэдэхээ больчихсон байсан биз дээ. Эмх замбараагүй байдал бий болоход цагдаа ч, төр ч бэлэн байгаагүй. Бүх хүн цочирдсон. Цагдаа нар ч бухимдсан. “Хоёр гурван цагдаа алагдсан. Зуу гаруй нь гэмтсэн” гэдэг яриа ч байсан. Алба хаагчид маань “Манай цагдаа нараас хоёр, гурвыг нь алчихсан байна, дарга аа. Бидэнд зэвсэг өгөхгүй бол энэ зэрлэг хүмүүс юу ч хийж мэднэ” гэж хэд, хэд орж ирсэн. Тэр бүрт “Гадна болж байгаа асуудал бидэнд хамаагүй. Та нар тайван бай. Элдэв асуудалд өөрсдөө холбогдохгүй, энд байгаа хүмүүсийн амь насыг хамгаалж гурав хоног хадгалах ёстой шүү. Хүчирхийлж эхэлбэл та нар өөрсдөө хэрэгтэн болно шүү” гэж ятгаад гаргадаг. Яг л тийм байдлаар хяналт тавьж ажилласан.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Бумрунград эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна

Бумрунград эмнэлэгт эмчлүүлээд ирсэн Удирдлагын академид багш Ё.Батсүхтэй ярилцлаа.

-Та анх ямар оноштой байсан бэ. Монголдоо эмчлүүлж болохгүй байсан уу?

-Миний зүүн хөлний шилбэний гадна талаас товойж гарсан зөөлөн эдийг анх Хавдар судлалын үндэсний төвд “атерома” гэсэн таамаг оноштойгоор биопсийг (3х2х1 см хэмжээтэй) хагалгаа хийж авхуулсан юм. Хагалгаа хийлгэснээс хойш сар гаруй хугацаанд хагалгааны шарх идгэхгүй улмаар шүүс ихээр гарсан. Мөн биопсийн шинжилгээний хариу гарахгүй нэлээд удсан юм. 14-21 хоногийн дотор гардаг эсийн шинжилгээний хариу 36 хоногийн дараа гарсан л даа. 36 хоногийн дараа дермато-фибро-саркома нэртэй хорт хавдрын эс илэрсэн гэсэн. Тухайн үед их гайхсан. Үнэндээ бол итгээгүй. Худлаа юм шиг санагдаад нягталж үзье гэж бодсон.

Нэгэнт ийм онош гарсан учраас энэ талаар би маш олон эмч нартай уулзаж зөвлөлдсөн. Эмч нар энэ төрлийн хорт хавдрыг хэрхэн эмчилдэг тухай дэлхийн стандартыг мэдэх хэрэгтэй, мөн хорт хавдрын эсийг хагалгаагаар бүрэн авсан эсэхийг хэрхэн батлах, хорт хавдар үсэрхийлсэн үү гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.

Энэ төрлийн хорт хавдрыг эмчлэх дэлхийн стандарт эмчилгээ нь хавдрын эс байгаа үүрнээс эргэн тойрон 4-6 см зайтай эрүүл эсийг хамтад нь авах. Хэрэв үүнээс бага хэмжээтэй авбал хорт хавдар дахих магадлалтай гэсэн. Харин хорт хавдрын эс үлдсэн эсэх, бас үсэрхийлсэн үү гэдгийг мэдэх боломжтой PET/CT гэсэн нэртэй шинжилгээний аппарат дэлхийд байдаг гэж мэдсэн. Гэтэл манай улсад энэ аппарат аль ч эмнэлэгт байхгүй нь харамсалтай.

Ихэнх улс оронд хэрэв хорт хавдрын эс хүний биед үлдсэн бол туяа болон химийн эмчилгээ хийдэг юм байна. Түүнээс гадна туяа эмчилгээ хийхдээ хүний аль хэсэгт, хэдийн хэмжээтэй талбайг, бүр нарийн тодорхойлбол эсийн түвшинд нь хэдэн давтамжтайгаар шарах вэ гэдгийг нарийн тогтоосны дараа эмчилгээгээ хийх ёстой байдаг юм билээ. Монгол улсад энэ боломж нь байхгүй, миний мэдснээр бараг бүтэн биеийг шарчихдаг нь маш том асуудал. Бас химийн эмчилгээний хувьд хорт хавдрын амьд эсийг генийн түвшинд судалж байж химийн тариагаа сонгож, давтамжийг нь тодорхойлоод тарьдаг юм байна лээ. Энэ бас л Монгол улсад байхгүй, хөгжөөгүй, тэр байтугай хорт хавдрын эсийг нарийн тодорхойлох нэмэлт урвалж бодисууд нь байхгүй юм байна лээ. Онош нь тодорхойгүй эргэлзээтэй болохоороо интернэтэд шинжилгээний хариугаа байршуулж, гадаадын эмч нараас асууж оношоо тодруулж эхэлсэн. Гэхдээ энэ гадаадын эмч нартай санал солилцож байгаа нь сайн ч, яг ийм төрлийн хорт хавдар байна гэдгийг тодорхойлоод өгчихдөг урвалж бодис нь Хавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын лабораторт байхгүй. Ийм шалтгаануудын улмаас л Монголдоо эмчлүүлэх боломж хязгаарлагдмал байлаа.

-Яагаад Бумрунград эмнэлгийг сонгов. Өмнө нь мэддэг байсан юм уу?

-Хорт хавдартай гэсэн оношийг сонсноос хойш монголд байгаа нилээд олон гадаадын нэр хүндтэй эмнэлгүүдийн төлөөлөгчийн газарт хандсан. Эдгээрийн дотроос Бумрунград эмнэлгийг сонгох хэд хэдэн шалтгаан байсан. Эхлээд ямар ямар шинжилгээ болон эмчилгээг хэр хугацаанд хийх вэ. Оношлогоо, эмчилгээний зардал хэд болох вэ. Эмчилгээнээс гадуурх бусад үйлчилгээнүүд, дээрээс нь миний хүсэлтийн талаар хэр хурдан хариу өгч байна вэ гэх мэт үзүүлэлтүүдийг гол болгосон.

Уг эмнэлгээс надад хариу ирэхдээ миний дээр бодож байсан шалгууруудыг хангасан байсан. Өөрөөр хэлбэл, уг өвчний тархац болон үлдэгдлийг оношлох PET/CT болон MRI шинжилгээ, мөн цус болон бусад ерөнхий шинжилгээнүүдийн талаар, түүнээс гадна уг өвчнийг эмчилэх дэлхийн стандарт бүхий хагалгаа хийх санал, хагалгааны дараах нөхцөл байдлын талаар тодорхой бичсэн байсан. Дээрээс нь эмчилгээнээс бусад үйлчилгээнүүд болох нисэх онгоцны буудлаас тосож авах, эмнэлэгтэй ойролцоо байдаг зочин буудлуудад өрөө захиалж өгөх, шаардлагатай гэвэл зочид буудлаас эмнэлэг хүртэл хүргэж өгч авах үйлчилгээ, эмнэлэгт үйлчлүүлэх үед орчуулагч үнэ төлбөргүй, эмчилгээний түүх болон оношлогоо, шинжилгээний хариуг цаасаар болон CD-ээр авах боломжтой зэрэг олон зүйлийг дурьдсан байсан. Бас эмнэлэгт очоод хэзээ, хэдэн цагт эмчтэйгээ уулзахыг хүртэл миний өмнөөс хийж өгсөн.

-Өөр гадаадын эмнэлэг рүү явсан уу. Үнийн хувьд ямар байсан?

-Надад нэг л эмнэлэг сонгож эмчлүүлэх нөхцөл байсан учраас дээрх үзүүлэлтүүдээрээ нэгийг л сонгосон. Бусад эмнэлгүүд хариу ирсэн л дээ гэхдээ зөвхөн оношлогоо хийх зардлаа л бичсэн байсан. Онош хэрхэн гарахаас хамаарч дараагийн эмчилгээ тодорхой болох учраас одоогоор ийм тийм эмчилгээ хийнэ гэж хэлэх боломжгүй гэж байсан л даа. Олон улсын нэр хүндтэй эмнэлэгүүд хэзээ онош нь тодорхой, баталгаатай болоогүй цагт ямар ч эмчилгээ хийдэггүй юм байна лээ. Бумрунградад очиход бас л тийм байсан. Заавал онош тодруулж, баталгаажуулсны дараа эмчилгээ хийсэн. Гэхдээ солонгос эмнэлэг болон Бумрунград эмнэлэгийн оношлогоо өртөг нь ойролцоо юм билээ. Харин Европын орнуудын эмнэлэгүүдийн оношлогооны өртөг нь Азийн орнуудынхаас бараг хоёр дахин өндөр байсан.

-Тайландад хэзээ очсон бэ. Эмчилгээнд хэр хугацаа шаардав. Ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

-Бумрунградаар эмчлүүлэхээр төлөвлөчихөөд бараг бэлтгэл ажил гэж 20-иод хоног зарцуулсан. Тэгээд энэ оны аравдугаар сарын 6-нд яваад 23 хоноод ирсэн. Тэнд очоод эмчтэйгээ уулзах графикийнхаа дагуу уулзаад маргааш өглөө нь PET/CT аппаратаар шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу нь шинжилгээ хийлгэснээс хойш цагийн дараа гарсан. Харин нэг хэрэгтэй зүйл нь эмчтэйгээ уулзаж байхдаа оношлогоо хийлгэсний дараа хэзээ эмчтэйгээ эргэж уулзах вэ гэдгээ тохирч, цаг авч байсан. Манай улсын нэгдсэн эмнэлэгүүд шиг үүр шөнөөр оочирлож, эмчдээ үзүүлэх гэж цаг авахын төлөө тулалдахгүй нь амар. Тэгээд нэг хоноод эмчтэйгээ дахиж уулзаад, эмч шууд хагалгаа хийнэ, хагалгаанд хэзээ хийх боломжтой вэ гэж асуусан. Учир нь оношлогооны аппаратаар зүүн хөлний шилбэний хажуу талд 4.5 см урттай, 1.8 см өргөн, 0.8 см гүн үлдэгдэл байгааг оношилсон.

Хагалгаанд аль болох богино хугацаанд орох санал хэлэхэд шууд маргааш өглөөний зургаан цагт хагалгаа хийхээр болсон. Хагалгаа хийх эмч маань хагалгаа хийхээс өмнө шалгах ёстой нилээн хэдэн зүйлүүдийг шалгаж, мөн хагалгааны дараа хэзээ эмчтэйгээ дахиж уулзах, боолт хэрхэн хийх, ямар хоол, ямар дасгал хөдөлгөөн хийхийг хүртэл зааж өгсөн. Тайландын энэ нэр хүндтэй эмнэлэгт хагалгаа хийхээс өмнө бөглөдөг анкет болон анхааруулах ёстой зүйлүүдийг бичсэн гурван нүүр орчим материалыг хүртэл монгол хэлээр орчуулаад бэлдсэн байсан. Надад эмнэлэгийн нарийн мэргэжлийн нэр томъёо, хэллэгийг хэрхэн ойлгох талаар ямар ч хүндрэл гараагүй. Харин тэр анкет дээр нэг зүйл их сонин байсан. Тамхи татдаг хүн байвал эмч нь хагалгаа хийхээс татгалзах эрхтэй гэсэн байсан. Тамхи хагалгааны дараах шархны эдгэрэлтийг удаашруулдаг учраас хэрэв та тамхи татдаг бол хагалгаа хийхээс өмнө дор хаяж дөрвөн долоо хонгийн өмнө тамхи татахаа зогсоосон байх ёстой гэсэн байсан.

-Эмнэлэгийн үйлчилгээ хэр байв. Хэвтэж эмчлүүлсэн үү?

-Эмнэлэгийн үйлчилгээ бол гайхалтай. Өглөө зургаан цагт хагалгаанд ороод орой найман цагт эмнэлгээсээ гарсан. Зүүн хөлний шилбэний хажууд учраас ямар нэг үйл хөдлөл хийхэд заавал хөлний булчин хөдлөдөг юм байна лээ. Тэгэхээр хагалгааны шарханд цус хурах, хавагнах, чинэрэх сөрөг үзэгдлүүд илэрдэг учраас хөлөө дээш нь сойж, шагайн хэсгээрээ аль болох хөдөлгөөн хийж цусныхаа эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй шүү гэж эмч зөвлөж байсан даа. Тэрнийхээ тусламжтайгаар хагалгааны дараах зовиургүй үндсэндээ дөрөв хоноод шарх эдгэсэн шүү.

-Таягтай очоод таяггүй ирсэн гэсэн. Үр дүнгийн хувьд хэр байв?

-Хагалгааны дараа оёдолтой шарх бүрэн нийлээгүй үед гишгэж явах эрсдэлтэй байдаг учраас монгол эмч нар таяг тулж аль болох хөндөхгүй байх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэгээд ч миний шарх эдгэхгүй удаж байсан, гишгэхээр хөндрүүлээд байсан учраас таяг тулах хэрэгтэй болсон л доо. Харин Бумрунградад очоод хагалгааны дараа долоо хоноод бүх оёдолоо авхуулаад, хоёр долоо хонгийн дараа гэхэд гишгээд л явсан. Гишгэхээсээ өмнө нь хөлний цусны эргэлтийг сайжруулах, хөлний булчинг сэргээх дасгалуудыг хэвтэж байхдаа хийсэн. Тэгээд дахиад нэг долоо хоног явж дасгал хийгээд, эмчтэйгээ уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар зөвлөлдөөд ирсэн.

-Одоо биеийн байдал хэр байна. Сэтгэлд нийцсэн эмчилгээ хийсэн үү?

-Одоо биеийн байдал сайн байна. Хөлнийхөө булчингийн үйл ажиллагаагаа сэргээх гэж дасгал хийж байгаа. Таяг тулаад хөдөлгөөн хийхгүй нэг сар болоход хөлний булчин суларчихдаг юм байна. Тайландын эмч нар намайг бараг хоёр сар орчим дасгал хөдөлгөөн хийж байж хуучин хэвэндээ орно гэсэн. Хамгийн чухал зүйл гэвэл хавдрын үсэрхийлэл байхгүй гэдгийг нотолсон явдал. Мөн хагалгаагаар бүрэн авсан учраас химийн болон туяа эмчилгээ хийхгүй нь сайн мэдээ болсон. Тайландын Бумрунград эмнэлэгийн хамт олон, Монгол дахь Бумрунградын төлөөлөгчийн газрын эмч нарт, Arthi Kruavit эмч, Даваасүрэн эмч, монгол орчуулагч нартаа, надад үнэтэй зөвлөгөө өгсөн монголын эмч Анар, Баянмөнх, Энхтуяа, Одонтунгалаг нартаа, миний төлөө санаа зовж, тусалж дэмжсэн Удирдлагын академийн хамт олон, захиргаанд, Хан-Уул дээд сургуулийн ангийн хамт олон болон Дархан-Уул аймгийн арван жилийн ангийн хамт олонд, Ах дүү, хамаатнууд, найз нөхөддөө маш их баярлалаа.

-Давтан үзлэгт орох гэж дахиж явах уу?

-Эмч урт хугацааны хяналтад орох ёстой талаар надад онцолж хэлсэн. Тиймээс зургаан сарын дараа MRI шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн. Үндсэндээ зургаан сарын дараа очиж шинжилгээ хийлгэх төлөвлөгөө байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Хавдрыг эсийн түвшинд оношилж, эмчлэх монгол эрдэмтний судалгааны ажлыг европ, америкчууд практикт нэвтрүүлжээ

Дэлхийн болон АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, Академич, доктор, профессор Г.Цэрэнчунттай ярилцлаа.

-Та саяхан Дэлхийн Шинжлэх ухааны Академийн 2014 оны шагналаар шагнагдсан. Юуны өмнө танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны төгссөн сургуулиас яриагаа эхлэх үү?

-Би 2000 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм. Сургуульдаа нэг жил гистологийн багшаар ажиллаад 2001 оноос ХБНГУ-ын Гумболдтын болон Фрии их сургуулиудын докторантурт суралцсан. 2006 оны дөрөвдүгээр сарын 24-нд докторын зэрэг хамгаалсан. Докторантурт суралцаж байх үедээ Гумболдтын Их сургуульдаа эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 2006 онд Монголдоо ирж ажилласан л даа. Сүүлийн жилүүдэд Европын холбооны улсуудын хэд хэдэн их сургуулиудад олон удаа зочин профессороор уригдан ажилласан.

-Судалгааныхаа ажлын талаар тодруулаач?

– Оюутан байхаасаа л эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг байсан. Миний бие иммуногистохими, молекул биологийн судалгаа, шинжилгээний арга дээр суурилан, хавдар, хавдар төст эмгэг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношилгоо, эмчилгээний асуудлуудыг бүхэлд нь шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй олон шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.

Хавдар, хавдар төст эмгэгийг эсийн түвшинд дөнгөж бүрэлдэж буй үед нь нарийн ялган оношлох иммуногистохимийн маркеруудыг тогтоож, тодорхойлж, нээсэн. Түүнээс гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, Европын Холбооны улс болон Хойд Америкийн анагаах ухааны практикт нэвтрүүлсэн.

-Манай улсад хавдрын өвчлөл нилээд их байдаг. Таны судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлбэл хүн амын эрүүл мэндэд их хэрэгтэй санагдаж байна?

-Би 2006 онд докторын зэрэг хамгаалчихаад Монголдоо ирснийхээ дараа Германд хийж байсан, бүтээсэн ажлаа эх орондоо нэвтрүүлэх, бий болгох талаар их хичээсэн. Тухайн үед болоогүй. Олон талын шалтгаантай байх л даа. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй. Нөгөө талаас, бэлтгэгдсэн хэд хэдэн эмч мэргэжилтэн болон туслах ажилтан шаардлагатай. Гэхдээ шаардагдах хөрөнгө мөнгөний зардал улс орны хувьд жижиг асуудал л даа. Засгийн газар, салбарын яам энэ бүхнийг шийдвэл хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт хийнэ гэж илэрхийлснийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ хүрээнд энэ асуудал шийдэгдэж болох байх. Ерөнхий сайд ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө л асуудлуудад ажил хэрэгчээр хандан ажиллаж байгаад нь хувь хүнийхээ хувьд талархаж байна.

– Герман, Австри улсуудад таны судалгаа, шинжилгээний ажлын чиглэл өндөр түвшинд хөгжчихсөн үү?

-Тиймээ. Ер нь Европын холбооны улсууд, тэр дундаа Герман улс бол анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Австри, Швейцарь улсуудын анагаах ухааны салбар Германаас дутахааргүй өндөр түвшинд хөгжсөн. Эдгээр анагаах ухаан өндөр хөгжсөн улс орнуудад, мөн Хойд Америкт бидний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлж, хүлээн зөвшөөрч практикт нэвтрүүлсэн. Тиймээс өнөөдөр, манай улсын хувьд бидний ажлын үр дүнг практикт шууд нэвтрүүлэх нь чухал юм.

-Таны судалгааны олон бүтээл дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн гэсэн. Яг ямар сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан бэ?

– Миний бие олон бүтээлээ ХБНГУ, Англи, Польш, АНУ, Англи, Грек, Канад ба ОХУ зэрэг улсуудын Clinical Cancer Research, Journal of clinical pathology, British Journal of Cancer, Folia Histochemica et Cytobiologica, Virchows Arch, Pathology Research and Practice, Anticancer Research, Journal of Orthopedic Research, Histopathology, Pathology & Oncology Research, Oncology reports, Senologie-Zeitschrift fuer Mammadiagnostik und-therapie, Siberian Journal of Medicine, Journal of Histochemistry & Cytochemistry болон Breast Cancer Online зэрэг олон улсын олон нийтийн хяналттай, IF өндөртэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн. Бүтээлүүдээс маань олон зуун ишлэл авсан байдаг. Энэ нь миний судалгааны ажлын үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэж буйн илэрхийлэл юм.

-Таны бодлоор Монголын анагаах ухааны салбар дэлхийн чиг хандлагын хаана яваа бол?

-Ний нуугүй хэлэхэд, баруун Европын анагаах ухааны хөгжилтэй одоохондоо харьцуулах нь утгагүй болов уу. Баруун Европын анагаах ухаан бол асар олон зуун жилийн түүхтэй, өндөр түвшинд хөгжчихсөнийг нь хүн бүхэн мэднэ. Манай Монголын анагаах ухаан сүүлийн жилүүдэд техник технологийн хувьд хурдацтай хөгжиж, мөн эмч, мэргэжилтнүүд маань олон шинэ нарийн мэргэжлийн чиглэлүүдээр мэргэшиж байна. Баруун Европынхоос дутахгүй хөгжих цаг ойрхон байна. Би үүнд итгэлтэй байна.

-Манай улсын эмч мэргэжилтэн бэлтгэдэг анагаахын сургуулиудын чанарын түвшинг юу гэж үздэг вэ?

– Манай улсын анагаахын чиглэлийн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд хангалттай үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ дэлхийн шилдэг Их сургуулиудын түвшинд хүрэхийн төлөө илүү их ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Миний хувьд АШУҮИС болон ” АЧ “- Анагаах ухааны Дээд сургуульд багшилж байсан. Энэ хоёр сургууль хоёулаа л чадварлаг багшлах боловсон хүчин сайтай, сайн сургуулиуд. 2013 онд АШУҮИС-н захирлаар профессор Г. Батбаатар багш томилогдсон. Энэ нэг жил гаруйн хугацаанд Г. Батбаатар захирал маш олон бүтээлч ажил хийсэнд миний бие баяртай байна. АШУҮИС маань удахгүй өөрийн гэсэн бааз эмнэлэгтэй болох цаг ойрхон ирснийг та бүхэн сонссон байх.

-Та эрдэмтэн хүний хувьд Монгол Улсын ШУА-ийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай улсын ШУА маш сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа үздэг. Төрөөс өгдөг төсвийн хөрөнгө оруулалт маш бага. Гэсэн хэдий ч ШУА-ийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, академийг өдий зэрэгтэй авч яваа нь талархууштай хэрэг. Ер нь Шинжлэх ухааны байгууллагаа төр засгаас маш сайн дэмжмээр байна. Шинжлэх ухааны салбараа тэргүүн эгнээнд тавьсан улс орон хөгждөг шүү дээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ

“Шийдлийн” гэх тодот­голтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэл­дэхүүнийг хэлэлцсэн Их хурлын чуулган дээр Ц.Нямдоржийн хэлсэн үг олон ч хүний дургүйг хүргэв бололтой. Өөрийнхөө эхнэ­рийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжилж, доог тохуу хийсэн түүний энэ үйлдлийг гишүүд харин инээдэм наргиа, марзаганал мэтээр хүлээн авч наадаан болгоод өнгөрсөн.

Төрийн түшээгийн тө­рийн ордонд, Их хурлын чуулганы танхимд хэлсэн үг гэр бүлийнхээ хүнийг хэрхэн яаж доромжилж болдгийн, өнөөгийн төр засгийн эрх мэдэлтэн дарга, сайдууд гэргий нартаа, охид эмэгтэйчүүдэд ноён зангаар дээрэнгүй ханддагийн нэг том баталгаа болчихов уу даа.

Ц.Нямдорж “УИХ-д суу­далтай бүх намуудад сайдын суудал өгч түүгээрээ дамжуулан гишүүдийн амыг хааж, Их хурал парламент ёсыг байхгүй болгох гэсэн увайгүй оролдлогыг эрс эсэргүүцэж байна. Тийм учраас би үлдсэн хугацаанд сөрөг хүчний байр суурин дээр хатуу зогсох болно” гэдгээ мэдэгдээд “яагаад хүн болгоны саналд нийцүүлэх гэж олон яам, олон сайд оруулж ирж байгаа юм бэ. Өөрт чинь бололцоо байсан ш дээ, Ерөнхий сайд аа. Энэ олон яам хэнд хэрэгтэй юм. Аж үйлдвэрийн яам гээд сонин юм оруулж ирлээ. Яамгүй сайд гээд бас сонин юм байна. Одоо яршиг сайд чинь ийм хамаагүй болсон юм бол энэ яамгүй сайдынхаа суудлыг манай авгайд өгчихөөч. Гончигдорж бид зургаа зургаан сараар ээлжлүүлээд хоёр авгайгаа энэ яамгүй сайдаар чинь ажиллуулъя” гэж тохуутай нь аргагүй хэлсэн.

Чуулганы танхимд, ард олны нүдэн дээр Ц.Нямдорж ингэж эхнэрээрээ доог тохуу хийх ямар хэрэг байсан юм бол. Түүний хэлж буйгаар тэдний гэргий, Гончигдоржийн гэргий сайд хийгээд улс орныг удирдалцаад явчих хэмжээний боловсрол мэдлэг, дадлага туршлагатай хүмүүс биш гэж үү. Ухаандаа, Нямдоржийн гэр бүлийн хүнийг олон түмэн төдийгүй төр засгийн хүрээнийхэн мэднэ. Нийслэл хотын захирагчийн ажлын албаны хүнс, үйлдвэр үйл­чилгээний хэлтсийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Монголын төрд туршлагажсан албан хаагчдын л нэг. Гэвч нөхөр нь тохуурхаж даажигнаад, муу муухайгийн жишээ болгоод ярьж байдаг.

Ер нь тэгээд монгол эмэг­тэй хүн, эхчүүд энэ сайдын чинь албан тушаалыг хийж болохгүй хэрэг үү. Тэд улс орныг удирдан манлайлаад, аль нэг салбар яамыг аваад явчих нэр нүүргүй хүмүүс юм гэж үү. Эмэгтэйчүүд дарга сайдын албыг хаших тухай яригдах нь төрийн түшээ харчуудад доромж мэтээр ойлгогдож, дээр доргүй иймэрхүү яриа хөөрөө гарган бах таваа хангах болжээ. Түүнийх нь баталгаа шинээр байгуулагдаж байгаа Зас­гийн газарт Алтанхуягийн кабинетад ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, С.Оюун, Н.Удвал нарын сайдууд алга. Оюунгэрэл Соёлын яам ч үгүй болсноо бүр сүүлд мэдэж байх жишээний.

Манжийн үеийн ноёд эхнэ­рүүдээ боолын боол босгоны шороо мэтээр үзэж, бүсгүй хүн богино ухаантай зэргээр элдэв хоёроор хэлдэг байсныг уран зохиолын номноос уншиж байв. Харин эзэн Чингэсийн үед бол хатдынхаа мэргэн ухаанд түшиглэж хууль цааз хийгээд төр улсаа төвхнүүлэх ажлаа явуулж байсныг Монголын түүхэнд тодорсон гайхамшигт хатдын билиг сургаал, үүх түүхээс бид мэдэх юм.

Нямдоржийн Их хурлын чуулган дээрээс Ерөнхий сайд руу чиглүүлсэн болгоод ард түмэнд хандаж өөрийнхөө эхнэрийг төдийгүй өрөөлийн эхнэрийг доромжилж хэлсэн үг Монгол Улсын Үндсэн хуу­лийг зөрчиж байна. Түү­гээр зогсохгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх учиртай Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ноцтойгоор зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн хоёрт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийг­мийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялган га­дуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хоёрдугаар зүйлд “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжид байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй” гэж заасан байдаг.

Хууль тогтоох байгууллагыг толгойлж байсан хүн, Хууль зүйн сайдаар хэдэнтээ сонгогдон ажиллаж байсан хүн ийнхүү Үндсэн хуулиа ноц­той­­гоор зөрччихлөө. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг харамсалтайгаар зөрчлөө. Гэвч болоогүй, цаана нь хүн ёсны нэг юм бий. Бүхий л насаараа ханилж зовлон жар­гал, баяр гунигаа хуваалцан хүмүүний орчлонгийн он жилүүдийг хамтдаа элээж яваа халамжит ханиа ингэж элдвээр хэлэх нь хүн ёсныхоо хувьд байж болох зүйл мөн үү. Хүний ёс жудаг, нас намба гэж нэг юм байна. Дээр нь монгол төрийн түшээгийн ноён нуруу, туйлбартай тулхтай чанар, хэлэх үг, аяг ааш гэж бас нэг юм байна.

Аль ч гаргалгаанаас нь авч үзээд Нямдоржийн энэ үйлдлийг ойлгохгүй л байгаа юм. Адаглаад эхнэр нь уурладаггүй юм байх даа. Орой гэртээ хариад эхнэ­рийнхээ нүүрийг яаж харсан бол хөөрхий. Ээжийг нь ин­гэж элдвээр хэлэхэд үр хүүхэд, ач зээ нарт сайхан байгаагүй нь мэдээж. Тэд аавдаа гомдсон байж таараа. Гомддоггүй юмаа гэхэд Их хуралд суугаа харчууд шиг баярлаж, хөөрцөглөөгүй нь лав. Манай төрийн түшээд улс төр хийж тодрох гээд бүр ядчих юм.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал юм уу, чуулганаар олон түмний сонирхлыг татсан улс орны, хүн бүхний хувь заяатай холбоотой асуудал хэлэлцэх үед бүгд л гоё ганган үг хэлэх гээд ангаж цангасан үхэр мал шиг орилолдон дайрцгаана. Телевизийн бүх сувгаар гарах учир бусдаасаа онцгой байх гэж хяналтаа алдан өөрөө өөрсдийгөө “алчих” нь харамсмаар. Амны бөхөө уран гоё мэхээр хаях гэж байгаад нэгийн даваанд уначихсан аваргуудын халаглал байдаг даа. Түүний нэгэн илэрхийлэл Нямдоржийн үг боллоо.

Уул нь Нямдорж гишүүн бол Монголын парламентад хамгийн удаан сууж хууль бат­лалцсан луугаруудын нэг юм сан. Дэмбэрэл, Гончигдорж, Лүндээ, Нямдорж энэ хэд буруу зөрүү ярих нь бүү хэл сул үг унагах эрхгүйгээр Монголын төрд ширээгдсэн хүмүүс. Бүгд л хууль тогтоох байгууллага-Их хурлыг удирдаж байсан бөхөөр хий нь арилсан улстөрчид. Гэтэл өнөө хий нь гарсан, сул үг ч унагах эрхгүй хашир бурхи чинь буруу зөрүү ярихын дээдийг мэдрүүлж, нийгэмд тодорч л байвал юуг ч хамаагүй ярьж, үйлдэж дэвэн дэлхийгээр цуурч болдгийг өөрийн биеэр харууллаа.

Аргаа барахдаа авгайгаа­раа хүртэл улс төр хийлээ. Айна, ичнэ гэдгийг ч мартав бололтой. Халдавч хар халзандаа гэдэг шиг ядах нь ээ өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг хавчуулж ирээд элдэв дээдээр хэлдэг нь юув дээ. Гончигдоржийн гэргий “Чиний эхнэр сайд хийж болдоггүй юм байгаа биз. Би яахаараа сайдаар ажиллах нүүргүй хүн бэ. Чуулганы танхимд хэн нэгнийг тэгж хэлэх эрх чамд байгаа юм уу” гэвэл манай хүнд хариулт байна уу. Ингээд бодохоор хүний амнаас гарч байгаа үг бүхэн цаанаа утга учиртай. Улс төр хийнэ гэдэг эхнэр хүүхдээ хүртэл доромжилж эрээ цээрээ алдахын нэр биш байлтай.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гандангийн тагтааг нүүлгэн шилжүүлье

Тэжээлгээд сурчихсан “Гандангийн тагтаа” ч хөөрхий, тагтааны сангаснаас болоод түүх соёлын нандин дурсгал болсон хийдийн дээвэр нурахдаа тулсан нь ч хэцүүхэн хэрэг болоод байна. Ганданд ирж үзсэн араб эр “Танай лам нар нэг шонхор тэжээх хэрэгтэй юм байна” гэж зөвлөсөн гэнэ билээ. Шонхор тагтаа үргээдэг гэнэ л дээ. Шувууны ханиад, тагтааны сангаснаас болоод хөөрхий тагтаа ад үзэгдэх боллоо. Тагтааны сангаснаас болоод хийдийн байшин барилга хэцүүдсэн гэдгийг ойлгож байгаа ч хөөрхий номхон тагтааг зөнд нь хаяж боломгүй. Гандангийн үүдээр явахдаа тагтаанууд нэг юман дээр жигтэйхэн овоорч байхыг олж харлаа. Юун дээр тэгтлээ овоороод байгааг нь олж харах санаатай дөхсөнөө зүрх хүрээгүй. “Арай нэг нэгнийгээ…” гэж муу юм бодож, нүгэл хураав. Сүм хийдийн газрууд тагтаанд будаа өгөхийг хориглох амархан. Харин тэжээлгэж сурсан тагтаанууд яаж амь зогоох бол. Тэдэнд ядаж шилжилтийн үе байх ёстой. Төрийн бус байгууллагынхан Ганданд санаа тавьсан байна лээ. Тэд тагтааны сангас дээврийг нураахад хүргэдэг тухай, тагтаа харшил өвчин үүсгэдэг тухай ухуулж, будаа зарсан хүмүүстэй “тулж ажиллаж” байна. Харин хөөрхий тагтаануудад хэн санаа тавих вэ. Амьтан хамгаалагч нар аа, шувуунд анхаарал тавиач. Хөөрхий номхон тагтааг өлсгөлөнгөөс болж амиа алдахад бүү хүргээч. Тагтааны сангас хэрэгтэй газар заавал байгаа. Сангас нь бордоо болж ашигтай түүхий эд болж болно. Хөөрхий тагтаануудыг нүүлгэн шилжүүлж, амь зогоож, бие дааж суртал нь бага ч гэсэн тэжээх хэрэгтэй байна. Бурханы шавь нар амьтан амьдрах аргагүй болж байгааг зүгээр хараад сууж боломгүй. Сүсэгтнүүдийнх нь сэтгэл алдарна. Лам нар аа, тагтааг өөрөөр амьдрахад нь заавал туслаарай.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ

1500 цэргийн албан хаагчийг Ирак руу илгээнэ

Нэгдсэн хүчний командлагч дэслэгч генерал Жеймс Терри даваа гаригийн өглөөний хэвлэлийн хурлын үеэр 1500 цэргийн албан хаагчийг Ирак руу илгээхээр боллоо гэдгийг зарлав. Reuters агентлагийн мэдээлснээр эдгээр албан хаагчид нь ” Исламын улс”-ын эсрэг нэгдсэн орнуудын иргэдээс бүрдэх юм байна. Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мөн 1500 америк цэргийг Ирак руу илгээх шийдвэр гаргаж эдгээр хүмүүс нь ирак болон курдын дайчдыг “Исламын улс”-ын босогчдын эсрэг байлдах тактикт сургах болно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Алга болсон оюутнуудын цогцсыг таниулж эхлэв

Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутнуудын цогцсыг таниулж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгч эхэлсэн байна. Оюутнуудын аминд хүрсэн “Геррерос унидос” гэмт бүлэглэлийн 15 гишүүнийг баривчлаад байгаа аж. Игуала хотын цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийж, мөргөлдөөн гаргасан хэсэг оюутнуудыг баривчлан, “Геррерос унидос”гэмт хэргийн бүлэглэлд хүлээлгэн өгсөн гэнэ. Гэмт хэргийн бүлэглэл оюутнуудыг Герреро мужийн Кокула гэх хотод аваачин амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатааж, голд хаясан байна. Энэ хэрэгт холбогдуулан 80 гаруй хүнийг баривчилсаны дотор мужийн шүүх, цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш нар хүртэл байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Шатарчин хүүхдүүд дэлхийд дахин аваргалав

Бразил улсын Жуисде Пора хотноо явагдсан 10 дахь удаагийн Сурагчдын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны охидын ангилалд Гобичесс клубын тамирчин, ОУ-ын шатрын холбооны дэд мастер, Эрдэм төгс сургуулийн сурагч Батсайханы Энхсаран “Мөнгөн” медаль, тус насны хөвгүүдийн ангилалд Цэцэн нүүдэл клубын тамирчин,ОУ-ын шатрын холбооны дэд мастер, Шинэ монгол сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат “Мөнгөн” медаль хүртэж, Гобичесс клубын тамирчин, 13-р сургуулийн сурагч Батдэлгэрийн Одгэрэл шагналт 4-р байрт шалгарсан байна.

8-9 насны охидын ангилалд коэффициентийн дутуугаар Багануур дүүргийн Төр Монгол клубын тамирчинГанганбарсынМаралгуашагналт 4-рбайрт, Дагшаахүү клубын тамирчин, 52-р сургуулийн сурагч Болдбаатарын Алтантуяа шагналт 5-р байрт,10-11 насны хөвгүүдийн ангилалд Орхон аймгийн шатарчин, ОУ-ын шатрын холбооны мастер, Логарифм сургуулийн сурагч Дамбасүрэнгийн Батсүрэн 8-р байрт шалгарлаа.

Батсайханы Энхсаран

Categories
гадаад мэдээ

Дуунаас хурдан онгоц туршиж байна гэв

Хятадууд цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд дуунаас найман дахин өндөр хурдтай буюу цагт 12300 км хурдлах чадалтай байлдааны онгоцыг гурав дахь удаагаа туршиж байгаа аж. Ву-14 хэмээх дуунаас хурдан онгоцны туршилтын нислэгийг АНУ-ын Тагнуулын албаныхан хянажээ. Иймэрхүү дэвшилтэт технологийг пуужингийн хамгаалах системд нэвтрүүлэх гэж байгаа нь ноцтой заналхийлэл гэж Пентагоны Стратегийн хүчний мэргэжилтэн асан Марк Шнайдер ярьсан байна. Сүүлийн үед Америк, Хятад хоёр улс дуунаас хурдан зэвсэг, техникүүдийг туршиж өрсөлдөж байгаа билээ. Мөн Орос, Энэтхэгчүүд ийм хэрэгслүүдийг 2020 оноос өмнө турших төлөвлөгөөтэй байгаа аж.