Categories
мэдээ улс-төр

Зөвшилцөл адармаатай, гарын үсэг зураагүй байна

МАН-ын дарга М.Энхболдод хандаж нөхөрсөг зөвлөгөө, шүүмжлэл хэмээх тодотголтой захидал бичсэн Ө.Энхтүвшин гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, өөрийнх нь хэлснээр гол асуудалдаа орлоо. “Зөвшилцөл гэж юм яваад байгаа. Гарын үсэг зураагүй байгаа. Гарын үсэг зурах гээд яваад орсон чинь Ардчилсан намын нөхөд маань орон нутаг дээр хамтарч ажиллахтай холбоотой асуудлаар хамтарч ажиллахгүй гэлээ” гээд ярьж эхэлтэл УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэж байгаа асуудлаараа ярь. Д.Оюунхорлыг дэмжиж байгааг чинь би ойлгосон” хэмээн үгийг нь тасалж орхив.

Дараа нь үг хэлсэн Г.Баярсайхан гишүүн мөн л зөвшилцлийн асуудал руу хальж “АН засаг барьж дийлэхгүй болохоороо бид нарыг урилаа” гэж ярилаа хэмээн “баалж” эхэлтэл УИХ-ын дарга мөн л “амыг нь барьж” орхив. “Нэр дэвшигчийн асуудлаар л ярь” гэж тэр лүндэн буулгасан. Д.Оюунхорол сайдыг УИХ 93.1 хувийн саналаар дэмжив.

Categories
мэдээ нийгэм

”Ice top” хамтлагийнхан хар тамхины хэрэгт холбогдов

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн баасан гаригт Говьсүмбэр аймгаас мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдуулан “Айс топ” хамтлагийнхныг авчран шалгаж эхэлжээ. Тухайн өдөр Чойрт “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн дүү нь “Гранд” хэмээх ресторан ажиллуулахаар болж, нээлтийн ёслолдоо хамтлаг, дуучдыг урьсан байна. Энэ үеэр ЗБГХТГ-ынхан тус баар руу орж, “Айс топ” хамтлагийнхныг саатуулан “Иргэдийн мэдээллээр та бүхнийг шалгах боллоо” гээд тайлбар, мэдүүлэг авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохоор шинжилгээнд хамруулсан гэнэ.

Улмаар тус хамтлагийнхныг мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

”Мунзуй” хочит Г.Нямдорж 1 жилийн ял авчээ

Өчигдөр Дүүргийн анхан шатны I шүүхээр “Мунзуй” хочит Г.Нямдоржид холбогдох хэргийг хэлэлцжээ. Улмаар түүнд мөрийтэй тоглоом давтан тоглосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн нэг жил хорих ялаар шийтгэжээ.

Үүнээс үүдэж мөрдөн байцаах болон прокурорын байгууллага шалгаж, хянаж байгаа нэрээр зургаан cap уг хэргийг хав дарсаны дараа хэсэг нөхдийг ял завшуулж, ганцхан Г.Нямдоржид ял оноолоо гэх хэл ам гадуур тарж байна.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “DHL” төвийн есдүгээр давхарт байрлах рестораны VIP өрөөнд энэ оны гуравдугаар сарын 21-нд хэсэг хүмүүс мөрийтэй тоглож байгаа мэдээллээр цагдаагийнхан очиж шалгажээ. Тэнд Г.Нямдоржоос гадна УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бүрэнжаргал, “Люмино” хамтлагийн Баажий буюу Б.Батхишиг болон иргэн Х.Баатархүү, У.Мөнхжаргал, Ч.Мөнхбат нар техас покер тоглож байсан аж. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Г.Нямдоржоос бусдыг нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа зургаан cap нь өнгөрмөгц хэрэгсэхгүй болгосон нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/1012 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгахаар боллоо.

Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГАГДАЖ БАЙГАА
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

Д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын байршил /хороо/ Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянголдүүрэг
1 Г.Аранзал 4 Орон сууц, гараж 1007 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 512
2 Б.Золтуяа 4 Үйлчилгээ 420 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 216
3 Орхонбуур ХХК 4 Контор, үйлчилгээ 2220 5 Эзэмшүүлэх НЗД-ын 1999 оны А/72
4 Бамаш ХХК 5 Үйлчилгээ 5627 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 670
5 Д.Гансүх 12 Худалдаа үйлчилгээ 67 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 358
6 Тэдмэнт ХХК 20 Үйлдвэрлэл, үйлчилгээ 2404 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 377
7 Гүнгэрваа ХХК 20 Үйлдвэрлэл 9062 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 324
Баянзүрхдүүрэг
8 Р.Сансармаа 2 Үйлдвэрлэл, үйлчилгээ 1568 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 358
9 Хурдгрупп ХХК 19 Аж ахуйн 6053 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 394
10 Мобиком корпораци ХХК 2 Агуулах 796 5 Ашиглуулах НЗД-ын 2008 оны 296
Сүхбаатардүүрэг
11 Нартсан ХХК 11 Үйлчилгээ 320 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 378
Сонгинохайрхандүүрэг
12 Я.Наранцэцэг 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
13 Я.Алтанцэцэг 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
14 Д.Содномдорж 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
15 М.Буяннэмэх 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
16 Д.Буянжаргал 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
17 Д.Ганбат 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/646
18 С.Буриад 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
19 Я.Дүйнхэржав 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
20 Б.Төрболд 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
21 Г.Минжбадам 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
22 Н.Түгжсүрэн 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
23 Н.Золзаяа 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
24 Ж.Бямбажав 19 Үйлчилгээтэй орон сууц 150 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 301
25 Элемент ХХК 18 Үйлчилгээ 400 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 301
26 Алтанговьтрейд ХХК 6 Үйлдвэрлэл 2300 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 210
27 Монвурст ХХК 20 Үйлдвэрлэл 1766 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 210
Чингэлтэй дүүрэг
28 Хөхиймянгад ХХК 4 Контор, үйлчилгээ 234 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 379
29 Хаян ХХК 5 Үйлчилгээ 120 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 349
30 Даян-Өндөр ХХК 2 Үйлчилгээ 9008 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 527
31 Бишрэлт индастриэл ХК 5 Худалдаа, үйлчилгээ 328 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2006 оны 586
Хан-Уул дүүрэг
32 Д.Сэдбазар 1 Амины орон сууц 352 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 527
33 Элеганттаун ХХК 15 Үйлчилгээ 105 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 358
34 Х.Одончимэг 15 Үйлдвэр, үйлчилгээ 1000 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 216
35 Б.Даваацэрэн 15 Амины орон сууц, граж 742 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 302
36 Д.Дашдаваа 8 Үйлчилгээтэй орон сууц 12000 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 418
Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Фортуна дэмжээгүй ч С.Баярцогт сайд боллоо

УИХ-ын гишүүн, экс сайд “Фортуна” Н.Батбаяр согтуудаа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай үг хэлэх гээд буруудсан. “Н.Батбаяр аа, согтуу байна, харьж унт” гэж хурал даргалагч түүнд зөвлөсөн юм. Харин энэ удаа мань фортуна эрүүл саруул ч амьсгаа өндөртэйгээр сайдад нэр дэвшигч С.Баярцогтын тухай саналаа хэллээ. Тэрбээр үгээ эхлэхдээ оршил хийхээ мартсангүй. “Төр засаг сонгох хурлыг өдрийн цагаар, хуулийн дагуу, сайн цагийг сонгон хуралдаж байгаа нь зөв” гэлээ. С.Баярцогттой нэг танхимд сайд байсан, найзууд гэдгээ тэрбээр онцлов. Гэхдээ С.Баярцогтын тухай ярихад Оюутолгойн тухай ярихгүй бол болохгүй гэнэ. Оюу толгой ажиллах нь зөв ч ямар замаар, яаж явах нь асуудал. Оюутолгойтой адилтгах үйлдвэр Эрдэнэт. Оюутолгой ашиглалтанд ороод, нэг жилд зэсийн үйлдвэрлэлээрээ Эрдэнэтээс давж гарсан ч Эрдэнэтийн өгдөг өгөөжийг Оюу толгой өгч чадахгүй байна. Манай Монгол Улсад валютын ханш эмзэг асуудал. Дэлхийн зах зээлд эрдэс баялагийн үнэ буурсан нь үүнд нөлөөлсөн. Нөгөө талаар энэ бүхэн Оюутолгойтой холбоотой. Зэс гардаг ч мөнгө орж ирэхгүй байна. Тэрбум доллар Монгол Улсын төсөвт орж ирэхгүй байна. Оюу толгойд мөнгөө оруулж ир гэж болохгүй. Учир нь гэрээнд мөнгөө гадаадын банкинд байршуулж болно гээд зөвшөөрчихсөн. Бондын хүүнээс 50 хувь өндөр зээлээр Оюутолгой хөрөнгө оруулсан. Ийм байдлаар Оюу толгойг явуулж болохгүй. Африкийн олон оронд ийм маягаар хөрөнгө оруулалт хийгдсэн ч улс оронд нь өгөөж өгөөгүй. Энэ асуудалтай холбоотойгоор С.Баярцогтыг дэмжихгүй гэж Н.Баятбаяр гишүүн хэлсэн юм. Г.Уянга гишүүн мөн ширүүн шүүмжилсэн.

Шөнө дөлийн хуралдаанаар С.Баярцогтын тухай үг хэлэх олон гишүүн үлдсэн байсан ч зарим нь өглөөний хуралдаанаас хожимдсон тул “хүрд эргүүлэх” боломж олдсонгүй. Санал хураалт явахад С.Баярцогт 75 хувийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Авто ослын улмаас 569 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 1167 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс 589 нь Улаанбаатар хотод, 577 нь хөдөө орон нутагт гарч, ослын улмаас бодит 569 хүн нас барсан тоо баримт байна.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 2.6 дахин өссөн аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаас Улаанбаатар хотод 62.1 хувь, хөдөө орон нутагт 37.9 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна.

2014 оны эхний 11 сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар авчээ. Үүнээс нийслэлд 41606 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Улаанбаатарт 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2014 оны эхний 11 сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүх хурлын онлайн танхим нээгдэв

Хоригдогсдыг шүүх хуралд онлайнаар оролцох боломжтой шүүхийн танхимыг Цагдан хорих 461 дүгээр ангид нээжээ. Уг танхим нээгдсэнээр цагдан хорих байранд хоригдсон сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийг шүүх хуралд онлайн системийг ашиглан биечлэн оролцуулах боломж нээгдэж байгаа бөгөөд ингэснээр шүүх ажиллагаанд хоригдогчийг биечлэн оролцуулах гэсэн хуулийн заалт, хүний эрх ,эрх чөлөөг дээдлэх, хоригдогч этгээд өөрийн эрхээ хамгаалахад чухал ач холбогдолтой аж. Онлайн танхимын техник талын ажлыг цагдан хорих 461 дүгээр ангийн сүлжээний инженер, харуул хамгаалалтыг тахарын алба хариуцаж ажиллах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН өмнөх дарга Ө.Энхтүвшин одоогийн дарга М.Энхболдод шүүмжлэлт ил захидал илгээлээ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА

Нөхөрсөг зөвлөгөө, шүүмжлэл хэлэх тухай

Эрхэм дарга дүүгийн амрыг эрье!

Сүүлийн хоногуудад өрнөж буй үйл явдлуудыг хараад өөрийн эрхгүй үзэг, цаас ийнхүү нийлүүлэхэд хүрлээ. Тэгээд ч ойрын үед Таны өрөөнд ороход пиг дүүрэн хүнтэй байдаг болсон учир аминчилж хэлэх боломж олдсонгүй. Гол нь юу хэлэхийг хүсэв гэвэл, Та бүхэн ердөө жилийн өмнө хуралдсан намынхаа XXVII их хурлын үзэл санаа, шийдвэрийг мартсан бололтой. Эсвэл үл ойшоож байгаа ч юм шиг. Ялангуяа Их Хурал дээр боловсон хүчний бодлогын талаар юу юу ярьж тогтлоо? Санаж байна уу? Их хурал дээр:

-Нам боловсон хүчний нөөцийн бүртгэл судалгаа гаргахгүй байгаагаас цус ойртох шахсан 200 орчим хүний хүрээнд л бүх томилгоо эргэлддэг боллоо.

-Боловсон хүчнийг шилж сонгохдоо “мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуун, харьцангуй нэр цэвэр явсан зам мөр зэрэг гол шалгууруудыг гээгдүүлсэн ноцтой гажуудлаа нэн даруй засна.

-Сүүлийн үед манай дарга нар бүлгэрхэх хандлагатай болж хат суугаагүй, үзэл ба үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, томилогдож очсон салбарынхаа талаар мэдлэг муутай, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөгч хүмүүсээр нам, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж улмаар тэдний өнцөгөөр нийгмийг хардаг, өгсөн мэдээллийнх нь хүрээн дотор л сэтгэж, шийдвэр гаргадаг болсон зохисгүй байдлыг даруй таслан зогсооно.

-Дээрх ноцтой алдаа, гажуудлын улмаас намын зарим залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн оронд хэн нэгэн нөлөө бүхий лидерийн ивээл дор ямар нэг аргаар багтах гэж зүтгэдэг, өрсөлддөг болсныг яаралтай засна;

-Дарга, даамалд улам бүр наалдахын тулд явцуу сонирхлын үүднээс, худал мэдээллийг дээш шивэгнэн удирдах нөхдийн харах мэлмий, сонсох сүвийг нь таглагч аливаа шимэгчдийн бат бөх хүрээ, хуягийг нэн даруй бяцлан хагална. Тэгж байж удирдлагыг олон түмэнтэй холбоно;

-“Боловсон хүчний томилгоонд бүс бүсийн төлөөллийг харгалздаг байя”;

-“Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, урд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүр мөсөн зогсооно. Үүнд тавих хяналтыг чангатгана”;

-“Аливаа томилгоог хэдхэн хүний хүрээнд хийдгийг халж намын олон түмний санал дээр тулгуурладаг болно”.

-“Сул орон тоо, тавигдах шаардлага, хэнийг хэрхэн томилох гэж байгаа тухай мэдээллийг нээлттэй ил тод болгоно”… гэхчлэн ярьж шийдвэрээ гаргасан.

Таныг МАН-ын даргаар сонгосон XXVII их хурлаас ийм мундаг дүгнэлтүүдийг хийж, зорилтоо тодорхойлон олон түмнийг алга ташуулсаар ажлаа өндөрлөсөн билээ. “За одоо л нэг сайхан цаг ирэх юм байна гээд их хурлын 1134 төлөөлөгч цээж тэнэгэр нутаг буцсан нь саяхан. Ийм шийдвэр гарснаас хойш яг нэг жил, нэг сарын дараа намын удирдлага Засгийн газарт анхныхаа томилгоог хийх гэж байна. Ам ажлын нэгдлийг ард түмэн харж байна. Гэтэл асуудалд хандаж байгаа Таны арга барил өмнөхөөс бүр дордох шинжтэй байна.

Миний ажигласнаар, Танд дараах дутагдлууд байна.

Та энэхүү анхны бөгөөд хариуцлагатай томилгоо гэдгийн нарийн утга учрыг сайн ойлгосонгүй бололтой. Өөрөөр хэлбэл, энэ томилгоо хэр зарчимтай, шударга явагдах нь дараа дараагийнхад шууд жишиг болно. Шинэ хандлага, шинэ арга барил амласан XXVII Их Хурлынх нь шийдвэр үнэхээр үнэн юм уу, эсхүл цаасан дээр үлдэх хоосон мөрүүд байв уу гэдгийг сорих анхны том шалгалт байсан юм.

-Боловсон хүчний бодлогын аливаа асуудлыг шийдэх гарын авлага болсон XXVII их хурлынхаа шийдвэрийн утга агуулгыг ч Та сайн ойшоосонгүй, судалсангүй бололтой.

Албан тушаалыг хүнд тааруулах гэсэн өнөөх аюултай хандлага танаас сайн арилаагүй байна.

-Дарга гол бодлогыг бодно, даргын шийдвэр ер нь л зөв байдаг, тийм учир бусад нь дуугүй дагах ёстой гэсэн хуучны хандлагын амьсгаа танаас бас үнэртэж байна. Дээрх сул талууд чинь сая хэд хэдэн ноцтой алдаанд хүргэлээ. Үүнд:

Нэг. Нээлттэй, ил тод байдлыг огт хангасангүй. Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх, намуудад яаж хуваарилагдах нь вэ гэдэг асуудал хамгийн сүүлд амаргүй нөхцөлд шийдэгдсэн нь үнэн. Мөн тодорхой хүний талаар ярихад бүр хэцүү байсан нь ч бас үнэн. Гэхдээ энэ нь зөвтгөх гол шалтгаан болж чадахгүй. Засгийн газрыг хамтран байгуулах тухай, Бага Хурлын шийдвэр 6 өдрийн өмнө гарчихаад байхад боловсон хүчний бодлогыг цоо шинээр гаргаж тавих Их Хурлынхаа шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, сайд нарт ямар үндсэн шаардлага шалгуур тавих талаар гишүүдтэйгээ санал солилцож болох байсан. Тэгсэнгүй, эсвэл Та хүссэнгүй. Тантай саяхан уулзахдаа би энэ тухай асуудлыг зориуд хөндөхөд, Та: “2016 онд нэг суудал аваад ирэх боломж, бас тэгээд … гээд 2 шалгуурыг л хэлсэн. Энэ 6 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдчихвол л нам шууд олонхи болохгүй шүү дээ. Ер нь тэгээд, сайд болговол суудал авчирна, сайд болоогүй бол ялагдсан ч болно гэдэг жишиг тогтвол яана! Нөгөө Их Хурлаас зааж өгсөн гол гол шалгуурын талаар Та ам ангайхгүй байсан. Ядахдаа намын боловсон хүчний бодлогыг НУЗ хэрэгжүүлнэ гэсэн намын дүрмийн заалт байсаар атал НУЗ-ын гишүүдтэйгээ ч олигтой санал солилцоогүй бололтой юм билээ. Энэ буруу. Та ухаантай байж болно, гэхдээ ганцаараа шийдэх эрх танд байхгүй.

Хоёрт. Сая зургаан сайдыг сонгохдоо ядаж ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн болон бүс нутгийн төлөөлөл гэсэн зарчмуудыг харгалзаж болоогүй юм уу? Бүр сонирхолтой нь, энэ 6-гийн 4-ийг нь Зүүний хүчний холбооноос тодруулсан байх юм. Олон нийтийн бусад байгууллага нь яасан бэ? Цаашдаа энэ намд иймэрхүү эвсэл холбоод байгуулагдахыг дэмжиж байгаа хэрэг үү? Улмаар намыг фракциудад хуваах тал руу хандана гэсэн үг үү? “МАН-ыг нэн яаралтай чөлөөт фракциудад хуваах ёстой гэсэн санал шаардлагыг намайг МАН-ын дарга байх үед тавьж байсан хүн энэ 6 дотор байгаа учир бас тэгж асууж байна.

Манай нам хичнээн ядарсан ч одоогийн АН шиг албан тушаалын төлөөх олон фракцийн зөрчилд туйлдсан хүчин болж доройтохгүй гэдэг байр суурийг би хатуу баримталдаг бөгөөд, цаашдаа ч энэ шугам дээрээ тууштай зогсох болно. Харин таны бодол ямар байна вэ? Дэд сайд нарын бүрэлдэхүүн бас иймэрхүү байх уу? Эдгээр 4 сайдын яамд, харьяа агентлаг газруудад Зүүний хүчнийхэн тэр чигээрээ шилжин байрлах уу гэсэн асуултууд хүссэн хүсээгүй гарна даа.

Гуравт. Та Ардчилсан Намын удирдлагуудад илт хөтлөгдөж эхэллээ. “Тэр, тэр яамыг манайд яагаад ч өгөхгүй юм билээ” гэчихээд л Та суугаад байсан шүү дээ. Тэгсэн хирнээ аль яамыг авч хэнийг тавихаа олон хоногийн өмнө тэдэнтэй тохирсон юм байна гэдэг хардлага надад бас сүүлийн үед төрсөн. Үүнийгээ юугаар нотолж байгаа юм бэ? гэвэл Ардчилсан намын нэг гишүүнтэй би бооцоо тавиад алдчихаад сууж байна. Тэр нь, өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр дээрх нөхөр надтай тааралдаад танайх тэр тэр яамыг авч тийм тийм хүн сайд болно. Танай, манай дарга нар сая тохирчихлоо гэж барин тавин хэлэхэд нь, би манайхан арай ч тийм зарчимгүй биш гэж бодоод бооцоо тавьчихсан чинь 5 дахь өдрийн орой Та яг тэр нэрүүдийг гэнэт оруулаад ирж байх юм даа. Манай намын асуудал тусгаар тогтнолын ордонд биш, төрийн ордны зүүн, баруун жигүүрийн II, III давхрын 2 өрөөнд шийдэгддэг болж байгаа юм байна. Хэлэх ч үг алга!

Эвсэж эхлээгүй байхад ингэж дөрлүүлж байгаа юм чинь цаашаа юу болохыг тааж мэдэхийн аргагүй л дээ. Та нар тэр тохиролцоогоо төвөггүй хэрэгжүүлэхийн тул гишүүдийг өдөржин ордонд хүлээлгэж байгаад их шөнө болсон хойно гэнэт чуулган зарлаж гэнэдүүлэн батлуулах гэж бас оролдсон чинь бүр гайхшрал төрүүлсэн.

Та “цаг байгаагүй, тэгээд ч хуулиар 14 хоногийн дотор Засгийн газрыг байгуулж өгөх заалттай шүү дээ” гэж тэдний үгийг давтан хэлэх байх. Тэр 14 хоног гэдэг чинь тийм ч чухал биш гэдгийг Их Хурлын дарга сүүлд нь нотоллоо шүү дээ. Юу гэвэл, чуулганаар 5 дахь өдрийн шөнө гэнэдүүлж батлуулах гэсэн Та нарын төлөвлөгөө нь бүтэхгүй болохыг З.Энхболд дарга ойлгомогц ямар ч тайлбар хийлгүй “За, за гишүүд нэлээд ядарсан бололтой. Дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр үргэлжлүүлэн хэлэлцье дээ гээд тараачихаж байгаа биз дээ. Үнэхээр 14 хоногт багтаана гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа бол гол субьект болох ерөнхий сайд хугацаагаа тооцож Ардын намд асуудлыг дотроо нухацтай ярих боломжийг олгох ёстой байсан. Гэтэл Ч.Сайханбилэг хамтрагч талаа анхнаасаа хүндэтгэсэнгүй, Та нар ч зүй ёсны шаардлага тавих ухаан гаргасангүй. Зүгээр л дагаад л намирчихлаа.

Дөрөвт. Таныг нам дотроо бас хэдэн хүнд хөтлөгдөөд байна гэж ярих боллоо. Та арай олон хүнтэй уулзсан бол, “парламентын хяналт устлаа, УИХ-ын дээр Засгийн газар нь гарчихлаа, Засгийн газрыг 100 хувь гаднаас томилъё гэж 2 жил хоолойгоо сөөтөл хашгирсан Монгол Ардын Нам энэ амандаа хүрэх л ёстой”, “Сайд нарыг тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг жирийн иргэдээс олонтаа сонсох байсан болов уу.

Үнэндээ, богино хугацаанд үнэхээр ажил сайжруулъя гэж бодож засагт орж байгаа юм бол, ажлаа мэддэг, салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сайдад тавиад, тэдгээр нь асуудлуудаа шууд барьж аваад тас тас хийтэл шийдээд явах хувилбарыг сонгох нь зөв байсан биз ээ. 1.5 жилийн 1 жилийг нь ажилтайгаа танилцана, учрыг нь олно гээд өнгөрөөх юм бол тэр сайд хямралын үеийн дайчин штабын удирдагч байж яасан ч чадахгүй. 4 жил байсан бол яах вэ, нэг жилийг нь дамжааны хугацаа болгож болохсон. Гэтэл, харамсалтай нь ямар үед эд нар томилогдож байгаа билээ дээ. Энэ мэтчилэн Та арай өргөн харж болоогүй юм уу?

XXVII Их Хурлаас өгсөн өөр нэг үүрэг болох боловсон хүчний нөөцийн судалгаа бүртгэлийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Зүй нь өнөөдрийнх шиг ийм асуудал гэнэт гарахад энэ том нам бэлэн байх ёстой шүү дээ. Жишээ нь Эрүүл мэндийн салбарыг толгойлох боломжтой ийм ийм 5 хүн байна, Уул уурхайн салбарын хувьд бас тийм, тийм 4 хүн байна гэхчлэн бүх салбараар гаргачихсан бэлэн нөөцтэй байх ёстой биш үү? Тэгээд томилгоо хийх үед бүгдийг нь дуудаад ярилцлага хийгээд чөлөөт өрсөлдөөнөөр тодруулах шаардлагатай гэж тогтсон шүү дээ. Ийм судалгаа байхгүйг далимдуулж өнөөх овжин этгээдүүд өөр өөрсдийнхөө кандидатуудыг шургуулж амждаг шүү дээ.

Тавд. Яах гэж, юу хийх гэж, хаанахын ямар Засгийн газарт орж байгаа юм бэ?, ахиц, өөрчлөлт гаргаж чадахгүй бол ямар хариуцлага ирэх вэ, гэх мэтийн хамгийн гол асуудлыг ойлголцох талаар энэ хугацаанд тун муу ажиллаа гэж бодож байна. АН-аас урилга ирсэн, бидэнд хадаг барьсан, хэдэн яам авах вэ, хэнийг сайд болгох вэ гэсэн асуудлыг тойроод л хэдэн хүн бужигнаад байлаа. Халуун нурман дээр ч буухаа мэдэхгүй, үсэрч л байдаг дэвхрэг шиг хүмүүс цөөнгүй байхыг энэ өдрүүдэд харлаа. Яах гэж Засагт хамтрахаа сайн ойлголцохгүйгээр, зүгээр л “аяндаа учир нь олдоно доо” хэмээн хандаж байгаа хүн цөөн биш байгаа нь цаашдаа байдлыг улам хүндрүүлнэ гэж би айж байна. Тийм ч учраас би Засагт орохыг анхнаасаа эсэргүүцсэн, тэр бодол минь өдрөөс өдөрт улам бүр итгэл үнэмшил болж байна.

Зургаан сайдтай боллоо энэ тэрээ гээд баярлаж хөөрцөглөх юм бидэнд огт байхгүй шүү.

Бид сонгуульд ялчихаад Засгаа байгуулж байгаа бол өөр хэрэг.

Хүний өмнөөс хариуцлага үүрэх гэж, “бохирын цэвэрлэгчийн” үүрэг гүйцэтгэх гэж ийм эрсдэлтэй алхам хийсэн шүү.

Удахгүй Ард түмэн асар ихийг шаардана. Ам асууна. Тэр нам их хариуцлага хүлээнэ энэ нам бага хариуцлага хүлээнэ гэж олон нийт үзэх нь юу л бол? Ард түмэн бидэнд арай зөөлөн хандана хэмээн төсөөлж байгаа бол туйлын гэнэн хэрэг, том эндүүрэл.!

Амьдрал дээшлэхгүй, өөрчлөлт гарахгүй бол өнөөх л “дэлхийн эдийн засгийн хямрал”, “алт, зэс, нүүрсний үнэ бага” гэхчлэнгийн улиг болсон юм яриад суувал бүгдээрээ ард түмний өмнө “Бүгд найрамдах”-аа уншуулахаар очих болно гэдгийг Сайд, дэд сайд болох хүмүүстээ Та сайн ойлгуулж чадаж байгаа юу?

Ажиглаад байхад, цаагуур чинь нэг л их хийрхсэн, өөрийгөө магтсан, “цээжин дотор нь горьдлогын гал дүрэлзсэн” хүмүүс л цөөнгүй алхаад байна шүү. Уг нь манай намд үлэмж чадалтай, сайхан хүмүүс асар их байгаа юм даа. Даанч Та нарын нүдэнд өртөхгүй байгаа. Тэднээсээ л цөөнийг ч гэсэн гаргаж ирвэл сайнсан.

Бас, нам ялагдаж, хүнд байдалд орсон үед чин сэтгэлээсээ хандаж байсан тоотой хэдэн хүний талаар Таныг залхтал би их ярьсан… Тиймээ? Хариу өгвөл зүгээр байна.

За ингээд, танд зөвхөн зарчмын асуудлуудыг хөндөж тавьлаа. Хувийн асуудал би тавихгүй. Одоо сайд болох гэж байгаа 6 хүний тухайд тэр нь сайн, энэ нь муу гэх юм алга. Аяндаа цаг, хугацаа хэлээд өгнө. Сайн ажиллавал дэмжинэ, золигтоод байвал хүний өөрийн гэхгүй хатуу шүүмжлэх болно. Бүр хатуу ч ярих болно. Гол хэлэх гэсэн зүйл бол, шинэ хандлага, шинэ арга барилыг тунхагласан Их Хурлын шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх бол гэж хүсэн хүлээж буй олон түмний их хүлээлтэд тоомжиргүй хандаж байна, арга барил чинь биш байна гэдгийг нөхөрсөгөөр сануулах гэсэн юм.

Танд жилийн өмнө намын даргынхаа ажлыг зарим хүнтэй марган байж шилжүүлэхдээ “М.Энхболд чадна” гэсэн дотоод сэтгэл итгэлээ чагнан гагцхүү түүндээ захирагдсан билээ.

Би Таныг сайн ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэгтээ ингэж жаахан хатуухан хэлчихлээ.

Ер нь надаас өөр Танд ингэж үнэнийг шууд хэлэх хүн ховор байхаа. Магтаал урсгаж долигносон, оров ч гарав ч дагасан “суганы үс” шиг нөхөд өдөр тутамд хэдэн арваараа нэмэгдэх болов уу даа.

Намыг удирдаж байсан хүмүүс бие биедээ энэ зэргийн үгийг хэлэхгүй юм бол намын дарга байсны хэрэг ч юу билээ, тийм биз дээ?

Хариу өгнө үү.

АМЖИЛТ ХҮСЬЕ.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН

2014.12.06

Хувийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга С.Бямбацогт нарт.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын нэр дэвшигчдийг байнгын хороо дэмжлээ

Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлсэн хоёр сайдын нэрийг тухайн үедээ УИХ-д өргөн бариагүй байсан тул байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй юм.

Иймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод үдээс өмнө хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 9 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг томилох асуудлыг хэлэлцэв. Тус байнгын хорооны дарга гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Сайдад нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Ц.Цолмон нь инженер, дипломатч мэргэжилтэй, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Засгийн газрын гишүүн, Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан төрийн туршлагатай албан хаагч учраас энэ албан тушаалд томилуулахаар санал болгож буйгаа Ерөнхий сайд дурдав.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд сайдад нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжив.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08 цаг 50 минутад 52,6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамбыг томилох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Нэр дэвшигчийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан, Ж.Батсуурь, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар асуулт асууж, санал хэллээ.

Эрүүл мэндийн салбар нэлээд шүүмжлэл дагуулсан хоцрогдолтой салбар. Иймд эрүүл мэндийн салбарт системийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн салбар улстөржих салбар биш. Өнөөдөр сумын эмнэлгийн түвшинд хүртэл улстөржиж байгаад анхаарал хандуулж таслан зогсоох хэрэгтэй. Ажил сайжруулах бодлогын шүүмжлэл байсан, цаашид ч гарах болно. Үйлчлүүлэгчиддээ ээлтэй эмнэлэг бий болгох, царцаагдсан эмнэлгийн барилга, обьектуудыг шийдэх, төрөх болон хүүхдийн эмнэлгийн асуудалд юуны түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг гишүүдийн зүгээс сануулж байв.

Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшигчдийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа.

Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК тус тус дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, шалгарсан компаниудад гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.