Categories
мэдээ соёл-урлаг

“Хонхны дуу”-д Төрийн шагнал хүртээнэ

25 жилийн өмнө энэ өдөр “Хонх” хамтлаг одоогийн Улаанбаатар чуулгын гадна талбайд Ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу”-гаа цуурайтуулж байжээ.

Тиймээс энэ өдрийг тохиолдуулан Хонх хамтлагын дуунуудыг шинэ залуу үеийн амьд хөгжмийн хамтлаг дуучид яг одоо 11.00 цагт Улаанбаатар чуулгын гадна талбайд олон нийтэд нээлттэй тоглолт хийж байна.

Тоглолтын үеэр энэ дуунд Төрийн шагнал хүртээж буйг зарлах аж.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: “Монгол контент” хөтөлбөр чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг боомилно

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Монгол контент” хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэж байна. Нэвтрүүлэг, уран сайхны киноны 50 хувьд нь үндэсний кино, уран бүтээл байна гээд заасан. Уг хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын тогтоолын хүрээнд “Монгол контент” хөтөлбөрийг гаргаж ирсэн юм болов уу гэж бодоод байгаа. Уг хөтөлбөрийг эргээд харахад бидний явж ирсэн бүхэн сууриараа буруу байгаагийн нотолгоог үүнээс харж болохоор байна. Өнөөдөр хэн дуртай мөнгөтэй нөхөр мэдээллийн хэрэгсэл байгуулаад яваад байгаа нь зөв байсан уу гэдэг дээр суурилж ярих зүйл. Учир нь аливаа юм өөрийн орон зай, зах зээлтэй байдаг. Зах зээлийн хүрээнд нь аваад үзэхээр бидний мэдээллийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээ алдагдчихсан. Тиймээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон телевиз болон хэвлэлүүд юу гаргах вэ гээд үндсэндээ сэдэвгүй шахам болчихсон тул юу ч хамаагүй гаргаж байна.

“Монгол контент” хөтөлбөрийг хараад байхад телевизүүдэд хүчээр ийм, тийм нэвтрүүлэг хий, мөнгийг нь өгнө гээд тулгахаар байгаа юм. Энэ нь өөрөө социализмынтогтолцоо руу нь хөтлөөд байна. Нэг сайд юм уу хэн нэгэн хүнээс хамааралтай болчих гээд байгаа биз. Та телевизийнхээ 50 хувьд үндэсний кино, нэвтрүүлэг гарга мөнгө өгнө гээд хэлчихээр чанартай, чанаргүй бүтээлүүд олширно. Энэ нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнийг боомилж байгаа хэлбэр болно. Улс төрийн товчоонд таалагдсан нэвтрүүлэг хийж байж телевизээр цацагддаг хуучны тогтолцоо руу явах гээд байна л даа. Ингэхээр зах зээлийнхээ замаар чөлөөтэй хөгжиж буй сэтгэлгээнд ихээхэн тушаа болох нь. Бодоод байхад яавч зөв шийдэл биш.

Одоо тэгээд хэрхэх нь зөв бэ?

-Хамгийн эхэнд сууриа зөв болгох хэрэгтэй. Жинхэнэ чөлөөт өрсөлдөөн дундаас гараад ирсэн уран бүтээлийг төр засгаас үнэлж авдаг байж болно. Хүүхэлдэйн кино гэхэд үндэсний хэмжээнд уралдаан зарлаад хамгийн боломжит хувилбаруудыг нь телевизүүд аваад гэрээ хийж нэвтрүүлдэг байж болно шүү дээ. Энэ мэтчилэн арга хэлбэрүүдийг нь өөрчлөх хэрэгтэй.

-“Монгол контент” хөтөлбөр буруу биш зөв. Гэхдээ хэт туйлширсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд хандсан юм шиг санагдаад байх юм?

-Тодорхой хүмүүсийн эрх мэдэлд шилжих гээд байгаа гэж дээр хэлсэн дээ.

Тиймээс телевизүүдийг яавч ингэж хязгаарлаж болохгүй. Уран бүтээл зах зээлийнхээ зарчмаар чөлөөтэй яваг л дээ. Төрийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавьдаг шаардлагаа жаахан өндөрсгөхөд л болчих юм. Нийгмийн шаардлагаар аяндаа шалгуурт тэнцэхгүй нь алга болно.

Би Дархан хотод ажиллаж байхдаа хувийн телевизүүд үүдээ нээх гээд тэнтэр тунтар явахад нь чадахаараа тусалж л явсан хүмүүсийн нэг. Анх хүсч байсан хэмжээндээ хүрсэн үү гэж асуувал харин ч бид хэтрүүлэн хүрсэн гэж хэлнэ. Хэвлэл мэдээллийнхэн улс төрчдийн давалгаанаас салах байх гэж найдаж байна. Хэвлэлээр хэдий чинээ их гарч, хэдий чинээ өөрийгөө сурталчилна тэр хүн төдий чинээгээрээ түмэнд танигдсан мундаг хүн болно. Намайг сонгох байх гэсэн улс төрчдийн хийрхлийн үе өнгөрч байна уу даа гэсэн бодол төрж байна. Би ч гэсэн хэвлэл мэдээллээр олон гарчих юмсан гэж хийрхэж явсан цаг үе байсан. Телевизээр олон удаа гарч, их л юм яриад байвал сайн хүн болно гэсэн бодол одоо бодоход андуу байсан юм билээ л дээ. Хүн амьдралд бодитоор хандах ёстой. Улс төрийн намуудын болон Сонгуулийн хууль эмх цэгцэндээ орчихвол телевизүүд өөр өөрсдийнхөө орон зайд очно гэж бодоод байгаа.

Өнөөдөр Монголд 170 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. 200 гаруй уран сайхны кинотой манай улс хичнээн удаа монгол киногоо гаргана гэх вэ дээ?

-Өнөөдөр Монгол Улсад 170 гаруй телевиз эфирээ цацаж байна гэв үү. Эдгээрийг би сайн мэдэхгүй. Үндэсний ТВ, Ийгл, Блүүмбэрг, UBS, 25 дугаар суваг тв, ТВ5, ТВ9 гээд цөөхөн хэдэн телевизийг л мэднэ. Телевиз өөрөө өндөр зардалтай. Тиймээс үргүй зардал гаргаад хүмүүст мэдээлэл хүргэх хэмжээний хөрөнгөтэй хүмүүс байдаг гэвэл би итгэхгүй. Телевизүүдийг энэ хуулиар биш зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй. Монгол Улс 200 гаруй кинотой юм бол 170 гаруй телевиз чинь нэг өдөр л гаргаад дуусах нь л дээ. Цаашид эфирээрээ юу гаргах вэ гээд асуудал байна.

Мэдээллийн эрэлт, нийлүүлэлтийн тогтолцоо алдагдсаныг дээр хэлсэн. Эрэлт, нийлүүлэлт, үнэ гурвыг хүчээр зохицуулдаггүй гэдэг байх аа. Үнэ эрэлт нийлүүлэлт дээрээ тогтдог гэдэгтэй яг адилхан 170 гаруй телевизээс шалгарлаараа үлдэх нь л үлдэнэ. Нийгэм хөгжихийн хэрээр, улс төр тогтворжихын хэрээр ард түмний амьдрал аяндаа сайжраад ирэхээр үндэсний бахархал нь аяндаа дагаад сэргэж байдаг юм байна гэж ойлгодог хүн. Эдийн засаг нь тогтвортой цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрдэг болчихсон, бид үндэсний бахархлаа бий болгочихсон үед хүссэн хүсээгүй телевизүүд өөрсдөө хийгээд эхэлнэ. Харин хүчээр зохицуулах гэсэн оролдлогууд хол явахгүй.

Цаг нь болоогүй юм уу?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Өмнө нь хэзээ байхдаа хүүхдийн комикс номуудыг өнөөдрийн байгаа шиг хийдэг байлаа. Өнөөдөр харин хүүхдийн комикс номыг хүссэн хүүхэд нь авч чадаж байна уу гэдгийг эргэж харах ёстой. Үүн дээр би нэг жишээ хэлье. Би Дарханд “Ном” хөтөлбөрийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлсэн. Жилд 15-20 сая төгрөгөнд бүгдэд нь хүүхдийн комикс ном худалдан авч оюутнуудыг хөлслөн бүх сумдынхаа гэр хорооллын хүүхдүүдээр уншуулсан. Давхардсан тоогоор 52 мянган хүүхэд ном уншсан дүн гарсан. Тухайн үед гэр хорооллын хүүхдүүд дунд комикс номыг унших нь байтугай барьж ч үзээгүй хүүхдүүд их байлаа. Номыг нь дамжуулж уншуулъя гэхээр энэ номыг надад үлдээчих гээд уйлаад гуйж байсан тохиолдлууд хүртэл гарч байсан. Тэгэхээр бид үндэсний бахархал төрүүлэх гээд байгаа зүйлсээ, энэ хэмжээнд сэтгүүлье гээд байгаа юмаа өөр арга хэлбэрээр хэрэгжүүлсэн нь зөв. Үүнд бодлогын л буруу байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батчулуун: Үймээний хэргээр цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл

Цагдаагийн хурандаа Ц.Батчулуунтай ярилцлаа. ТэрбээрДолдугаар сарын 1″-ний үймээний үеэрДэнжийн мянгадахь Албадан саатуулах, баривчлах төвд юу болж байсан талаар өмнөх дугаарт ярьсан билээ. Ц.Батчулуун хурандаагийн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Долдугаар сарын 2-ны өглөөнөөс байцаалт хийж, зарим хүмүүсийг суллаж эхэлсэн байх аа?

-УМБГ, дүүргүүдийн мөрдөн байцаагчид дайчлагдаж ирээд байцаалт хийгээд хорихыг нь хорьж, суллахыг нь суллаж байсан. Гурав хоногийн дотор Албадан саатуулах, баривчлах төвөөс бүгдийг нь гаргасан.

Хүний эрхийн үндэсний комиссынхон танайд ажиллаадХүний эрх зөрчөөгүйгэдэг дүгнэлт гаргасан. Дараа нь худлаа дүгнэлт гаргасан болж таарсан байх аа. “Эмнести интернэшнлолон улсын байгууллагын тайланд ч олон хүнийг хорьж, эрхийг нь зөрчсөн тухай орсон?

-Хүний эрх зөрчсөн гэдэг өөрөө харьцангуй асуудал. Гадна бороонд суулгасан, наранд удаан зогсоосон, ор дэвсгэрээр хангаагүй, хангалттай хоол хүнс өгөөгүй, бөөнөөр нь хорьсон гэдэг талаас дүгнэвэл хүний эрх зөрчигдсөн. Том утгаараа хүнийг зодож нүдсэн, эрүүдэн шүүсэн асуудал огт байгаагүй. Тийм зүйл байх ч үндэс байгаагүй. Байлгахгүйн төлөө маш сайн зохион байгуулсан. Прокурор хяналтаа тавьсан, Хүний эрхийн үндэсний комиссынхон байн байн ирж байсан. УИХ-ын гишүүдээс Л.Гүндалай хүртэл ирж хоригдсон хүмүүстэй уулзсан. Гараад ар гэрийнхэнд нь “Хүний эрх ноцтой зөрчсөн асуудал алга” гэж мэдэгдэж байлаа.

Танайхаас хүмүүс суллагдсаны дараа алба хаагчдад хариуцлага яригдсан уу. Эсвэл сайн ажилласан гэж магтуулсан уу?

-Би алба хаагчдаа том гавьяа байгуулсан гэж боддог. Дээд удирдлагууд биднийг үүр цайтал зүгээр л орхичихсон. Гуч гаруй эрэгтэй алба хаагчдынхаа малгайг хэдэн янзаар өмсүүлж олон хүн мэтээр харагдуулах гээд янз бүрийн арга зохиож хоносон доо. Тийм ч учраас алба хаагчдад арга хэмжээ авагдаагүй. Харин цөөн хэдэн алба хаагчийг шагнасан. Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагаа ашигласны үр дүнд хамт олон маань хохирол багатай, ял авахгүй салсан шүү дээ. Дараа нь УИХ-ын нээлттэй сонсгол дээр биднийг буруутгах гэж үзсэн бүтээгүй.

Дараа нь та Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилогдсон байх аа?

-Үймээний үеэр Эргүүл хамгаалалтын газрын 180 гаруй цагдаа бэртэж гэмтсэн шүү дээ. Намайг 2008 оны арваннэгдүгээр сарын 26-нд Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилчихсон. Д.Сандаг-Очир генерал дуудаж “Хүмүүсийн сэтгэл санаа, байдал маш хүнд байгаа. Тэнд очиж алба хаагчдын сэтгэл санааг аятайхан болгож, нягтруулахад анхаарч ажилла” гэдэг үүргийг өгсөн. Хамгийн их хохирол амссан, хэцүү хамт олон намайг хүлээж авсан. 400 гаруй алба хаагчийн 180 гаруй нь гэмтэл авчихсан. Олонхи нь сэтгэл санааны гутралд орчихсон. Намайг хоёр жил ажиллах хугацаанд хамт олон маань сэргэлт авч чадсан.

Тэр үед гудамжинд цагдаа хувцастай явбал бариад зодчихдог байсан юм биш үү. Эргүүл хийхэд хэцүү байсан гэх юм билээ?

-Цагдаагийн хувцастай хүмүүсийг иргэд үзэн яддаг үе байв. Алба хаагчдадаа сэтгэлзүйн чиглэлийн сургалт хийж, бие бялдрын хүмүүжил олгох гээд олон ажил зохиосон. Бүх цагдааг шөнийн эргүүлд гаргахад энгийн хувцастай явуулдаг болсон. Шөнө автобусаар чиглэл чиглэлээр гэрт нь хүргэж өгнө. Цагдаа нар ажлаас гарна гэж орж ирнэ.

Эргүүл хамгаалалтын газрын арван цагдааг үймээний үеэр хүн буудсан хэрэгт шалгаж байсан. Тэд одоо ажлаа хийж байгаа болов уу. Гадагшаа сурахаар явчихсан гэх юм билээ?

-Гадагшаа дүрвэсэн, зугтсан хүн байхгүй. Зарим нь тэтгэвэртээ гарсан байх. Нэг хэсэг нь өөр албанд орсон биз.

Хурандаа нарыг хүн буудсан хэргээр шалгаж, баривчлах үед Эргүүл хамгаалалтын газрынхан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг бүчиж, иргэдийг бас л айдаст автуулж байлаа.

-Хэн хэнийг, ямар зэвсгээр буудсаныг одоог хүртэл тогтоогоогүй байж цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн нь эмгэнэл шүү дээ. Улстөржсөн юм бол улстөржөөд л явчихдаг нь тэр хэргээр харагдсан шүү дээ. Хэтэрхий улстөржвөл хэнийг ч буруутгаж, шийтгэж болдгийг харуулсан. Төрд зүтгэсэн нь бие, сэтгэл санаагаараа хохироод үлддэг жишиг тогтчихлоо шүү дээ. Үүний нэг жишээ нь бидний үеийн хурандаа нарт “Хөрөнгөжсөн хурандаа” нэр зүүчихсэн. Хөрөнгөтэй нь байдаг л байх. Гэтэл бүгдийг нь хөрөнгөтэй гэсэн нэр хоч зүүгээд ажлаас нь хөөчихсөн. Төрд зүтгэснийх нь төлөө муу нэр өгөөд хоморголоод хөөгөөд гаргачихсан нь энэ төрийн том хэлмэгдүүлэлт.

Саяхан хурандаа нарын чуулга уулзалт болсон. Тэнд цугласан хурандаа нар үүнийг ихэвчлэн ярьж байна лээ.

-Жишээ нь би хөрөнгөгүй. Хөдөө олон жил ажилласан. Хотод ирээд зээлийн байранд л амьдарч байна. Төрд итгээд ажиллаж байтал нэг өдөр боловсон хүчний нөөц гээчид оруулаад л гаргачихсан. Хоёр, гурван сар хүлээгээд бүгд үг дуугүй гараад явсан. Айсандаа биш “Болъё” л гэж бодсон, юу ч дуугараагүй. Гэтэл дахиад “Ингээд байвал муу муухайг чинь дэлгэнэ шүү” гэж ирээд л чулуу шидээд байсан. Бид цагдаагийн байгууллагаар орохоо ч больсон. Дургүй хүрээд байдаг юм. Насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж, хурандаа цол зүүсний хувьд хэн нэгний эсрэг ажиллах ёс зүй бидэнд огт байхгүй.

Цагдаагийн дээд цолонд ойртоод ирэхээр хэн нэгэн улстөрчтэй холбодог, тэрний хүн гэж ярьдаг болох юм.

-Би улстөрчийг дагаагүйдээ алдсан болов уу гэж боддог юм. Тийм боломж байсан ч хэний ч нөлөөнд орж яваагүй. Улс төрд надад найзууд би. Гэхдээ алийг нь дагаж намирч явсангүй.

Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?

-Хувиараа хууль зүйн товчоо ажиллуулж байгаа.

Багануур дүүрэгтАзийн чонокомпанийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдах үед та цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр хэргээс болж танд хариуцлага тооцсон байх аа.

2007 оны сүүл, шинэ жилийн баярын өмнө олон хортой спиртээр архи үйлдвэрлэсэн хэрэг гарч, олон хүний амь эрсэдсэн. Тэр асуудлаас үүдэж эхний ээлжинд цагдаагийн хэлтсийн даргад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж байлаа.

Тэр үедАзийн чонокомпанийн удирдлагууд өөрсдөө архиндаа хордож байсан. Ажилтан нь хувь хүнээс спирт авсан нь метиллийнх болж таарсан. Түүгээр архи үйлдвэрлэснийг компанийнхан тэр чигээрээ мэдээгүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан. Тэгэхээр архи үйлдвэрлэх үед цагдаагийн байгууллага хяналт тавих боломж байгаагүй болов уу?

-Архи үйлдвэрлэдэг, худалдаалдаг компаниудад нэлээд хатуу хяналт тавьдаг, тэр хэрээр арга хэмжээ тооцдог байсан. “Азийн чоно” компанид ч олон удаа арга хэмжээ авч байсан. Гэхдээ метиллийн спиртээр архи үйлдвэрлэсэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдэх ямар ч боломж байгаагүй. Гэрээтэй үйлдвэрээс спиртээ авдаг байтал нэг ажилтан нь Налайхаас хувь хүнээс спирт авсан нь үйлдвэрийн дамжлагад орчихсон. Хэн ч мэдээгүй байхад л хортой архи худалдаанд гарчихсан байсан шүү дээ.

Шинэ жилийн баярын өмнө шөнө хордсон хүмүүс эмнэлэгт хүргэгдэж байсан. Хортой архи аймгууд руу ачигдчихсан байсан. Олон хүн баяраар хэрэглэх архи авчихсан байсан үе. Илүү олон хүн хордох эрсдэл байсан гэдэг. Гэхдээ дүүргийн цагдаа, онцгойгийнхон маш сайн ажилласны хүчинд хортой архийг хурааж байсан гэж яригддаг. Ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Эмнэлэгт хоёр хүн нас барсан тухай мэдээлэл авсан даруйд согтууруулах ундаа худалдаалдаг бүх дэлгүүрүүдийг хааж, ямар архинд хордсон талаар судалгаа хийж эхэлсэн. Ингээд “Азийн чоно” компанийн “Хэрлэн” гэдэг архинд хордсоныг тогтоосны дараа ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нэмэлт хүч дуудсан. Нэмэлт хүч ирэхээс өмнө “Хэрлэн” архи хаана зарагдсан, хаашаа ачиж явсан гэдгийг бүрэн тогтоочихсон байсан. Хөвсгөл аймаг руу авч явсан болохыг тогтоосон даруйд араас нь хүч явуулж хураалгаж байлаа. Ингэж ажилласны дүнд архинд хүн хордсоныг мэдсэнээс хойш дахиж тэр архийг уулгахгүй байх бүх арга хэмжээг авч чадсан.

Тэр үед архи зарахыг хорьж, эргүүл хамгаалалт маш хатуу болчихсон байсан. Худалдаанд гарсан бүхХэрлэнархийг татаж устгасныг ч мэдээлж байлаа. Ингэж ажиллаад байхад хамгийн түрүүнд танд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхөд гомдолтой байв уу?

-Цагдаагийн алба хаагч томилолтоор ажилладаг. Хэвлэлийн хурал дээр “Албаа өг” гэсэн. Өгсөн. Тухайн үед зарим нам, эвслээс “Цагдаагийн дарга буруугүй. Цагдаагийн даргад хариуцлага тооцсон нь эзнээ олоогүй бүдүүлэг асуудал болж байна” гэж мэдэгдэл хүртэл хийж байсан. Миний дараа дүүргийн Засаг даргыг ажлаас чөлөөлж байлаа.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Манай жудочид Токиогийн “Их дуулга”-ын шалыг арчиж байгаад ирлээ

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотод боллоо. Энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээнд 65 орны 470 гаруй жудоч өрсөлдсөн юм. Харин манайхаас үндэсний шигшээ багийн эрэгтэй арван хоёр, эмэгтэй найман тамирчин дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Одын хамтаар оролцов. Манай улс тив, дэлхийн жудочдыг дийлж барилддаг “дархан аваргууд”-аа уг тэмцээнд явуулсан. Тэднийг татами дээр гарч ирэхэд өрсөлдөгч бөхийн зүрхэнд шар ус хурж байгаа даа гэж аархан бодож байлаа. Учир нь манайд олимпийн аварга, дэлхийн аварга, тивийн аварга гээд спортын төрөлд авч болох бүх дээд амжилтын эзэд бий. Бас дэлхийн чансааг манай бөхчүүд итгэл төгс тэргүүлж байгаа. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин, Д.Сумъяа нарын барилдааныг хүлээн, тэдний ялалтыг харж бахархах гэж амралтынхаа хоёр өдөр зурагтынхаа өмнөөс босоогүй хүн олон. Гэвч манайхан шигшээд тунаж медалийн тавцан дээр зогсох бүү хэл тойргоосоо ч гарч дийлсэнгүй. Эхний тойрогтоо ичгэвэртэйгээр ялагдаж “шалны алчуур” болов.

Эхний өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанаар эхэлсэн. 60 кг-д манайхаас дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж байгаа Г.Болдбаатар, дэлхийн мөнгөн медальт Д.Амартүвшингийн хамтаар зодоглов. Гэвч хоёулаа гуравдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Бүр хоёулаа торгуулиар ялагдсан. Уг нь Г.Болдбаатарыг медалийн салхийг хагална гэж олон хүн итгэл төгс хүлээсэн дээ. Жудо сонирхогчид “Болдоо медалийн тавцанд зогсох нь гарцаагүй. Алт уу, мөнгө үү” л гэж ярьж байлаа. Тэгсэн хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Д.Амартүвшин ч бас барсангүй. Монголчуудыг тэргүүлж барилдсан хоёр бөхийн араас 66 кг-д Д.Төмөрхүлэг зодоглосон. Азийн наадам, Азийн элсний спортын наадам, Самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд дараалан аваргалчихсан болохоор түүнээс уран гоё барилдаан, ялалт хүлээх нь зүй ёсны хэрэг байлаа. Гэвч бүр эхний тойрогтоо л өвдөг шороодож зурагтынхаа өмнө суугаа монгол түмний итгэлийг алдав. Ингэж ялагдахдаа өмнө гаргасан алдаагаа яг тэр чигт нь давтлаа. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын Челябинскт болсон дэлхийн аваргын тэмцээнд яалаа даа. Хятадын бөхтэй учраа таарч, оноогоор ялж явсан. Барилдааны минут дуусах болоогүй байхад хэзээ язааны ялсан аятай бааварлаж байгаад ялагдсаныг нь мартаагүй байгаа. Токиогийн тэмцээнд ч яг ингэж барилдав. Өрсөлдөгчөө хэт их бассаны улмаас оноогоор илүү явж байснаа эцсийн мөчид яаж ч чадалгүй дийлдлээ. Үнэнхүү гутмаар ялагдал тэр л байсан байх. Ингээд тэмцээний эхний өдөр зодоглосон эрчүүд медалийн тавцанд зогсох бүү хэл хагас шигшээд ч шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгав. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг барилдсан. Тус жинд манай улсын нүүрийг тахалдаг дэлхийн аварга М.Уранцэцэг гэмтлийн улмаас зодоглоогүй. Бас гавьяат тамирчин М.Бундмаа дэвжээнд гарсангүй. Мөн л бэртэлтэй гэсэн. Дэлхийн аваргын оронд эх орноо төлөөлсөн Г.Отгонцэцэг өрсөлдөгчдөө хөнгөхөн “зууш” болоод өнгөрлөө. 52, 57 кг-д зодоглосон А.Цолмон, Д.Сумъяа нар ч бас дараалан ялагдав. Манай эмэгтэйчүүд өрсөлдөгч бөхийнхөө эсрэг юу ч хийж чадалгүй яах ийхийн зуургүй ялагдсан нь тун харамсалтай. Илүүрхэж чаддаггүй юмаа гэхэд эн тэнцүүхэн, ана мана үзэлцэж яагаад чадсангүй вэ. Дээрх жинд барилдсан манай гурван эмэгтэй Японы жудочдод ялагдсан. Бүр гурвуулаа шүү. Г.ОтгонцэцэгХарүна Асамид, А.Цолмон Шишимид, Д.Сумъяа Тукаса Ёшидад ялагдав. Тэдний ялагдал спорт сонирхогчдын аманд байдаг “Манай бөхчүүд Япон, Францын жудочдоос айдаг” гэх яриаг баталсан мэт. Япон, Францыг л ялахгүй юм бол дэлхийн хэмжээний гэж яриад яах билээ. Тэднийг л ялж байж олимп, дэлхийн аваргын шагналын тавцанг мөрөөдөх бус уу. Гэтэл манайхан энэ удаагийн тэмцээнд нутгийнх нь нэрнээс сүрдээд ялагдчих шиг боллоо.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийнхээр эхлэв. “За одоо л үзүүлээд өгнө дөө” гэсээр тун чиг итгэлтэйгээр харж байв. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглосон болохоор итгэл төгс байхаас ч аргагүй. Гэтэл бас л хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээж монгол түмний нүүр рүү нулимсан гэж хэлж болно. Хамгийн өндөр амжилт үзүүлэх хоёр тамирчны нэгд зүй ёсоор тооцогдож байсан Х.Цагаанбаатарын ялагдлыг гавьяат тамирчин С.Ням-Очир нөхөх байсан ч тэрээр дэвжээнд гараагүй. Учир нь Токиод очсон хойноо бэлтгэлийн үеэр бэртэл авчээ. Ингээд зоолттой медаль авах байсан 73 кг-ын жингийн барилдаан баяртай болов. 81 кг-д О.Ууганбаатар, Н.Даваасүрэн нар зодоглоод бас л тойргийн барилдаанаасаа гарч чадсангүй. 62, 70 кг-д барилдсан эмэгтэйчүүд ч бас өвдөг шороодон үзэгчдийн суудалд шилжсэн. Сүүлийн өдрийн ганц гялтайх бөх нь олимпийн аварга Н.Түвшинбаяр байлаа. Токиогийн “Их дуулга”-ын ганц найдвар болсон тэрээр Чежүгээс мөнгөн медаль хүртээд байсан. Бас бэлтгэл сайтай байгаа гэж явахаасаа өмнө ярьж байлаа. Тиймээс түүнийг барилдахын өмнө “За даа, олимпийн аварга маань л монголчуудынхаа нүүрийг тахлах нь дээ. Арай ч ганзага хоосон буцахгүй биз ээ” гэж байлаа. Гэтэл эхний тойргоосоо ч гарч чадалгүй Монголын жудочдын нэр хүндийг шалан дээр унагаав. Ингэснээр “Их дуулга”-д хорийн хориулаа явсан хэрнээ энгэртээ гялтайх юу ч үгүй ирлээ. Медаль зүүдэггүй юмаа гэхэд шигшээ барилдаанд ч шалгарч чадаагүй мөртлөө цахим ертөнцөөр янз бүрийн шалтаг тоочиж байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “…Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй болчихдог юм Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх. Тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь, хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголт. Тэр орон зайг өөрөө эзэлж чадахгүй бол дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60, 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад өгчихсөн байгаа биз дээ” гэж бичжээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар болчихсон хүн ингэж гоншигнох хэрэг байсан юм уу. Бас олон хүн намайг зайгаа тавьж өг гээд байгаа, би харин болоогүй гээд биччихэж. Залууст үлгэр дуурайл болж байгаа гэнэ. Дэлхийн чансааг жинхэнэ утгаар нь тэргүүлдэг, өндөр зэрэглэлийн хамгийн гол тэмцээнд тойргоосоо ч гарч чадалгүй барилдчихаад ингэж хэлж болох уу даа. Токиогийн татами дээр шал арчиж залуусын дуурайл болж байгаа гэх нь хэр ёс зүйтэй юм бэ. Амжилт гаргаагүй л бол буруугаа бусдад биш өөртөө тохож гэмээнэ залуу тамирчдад үлгэрлэх бус уу. Бас “Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж, бас тэмцээний заал руу тус бүрт нь нэг цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан” гэж бичжээ. Гэтэл үнэндээ хамгийн их мөнгө зарж байгаа төрөл жудо байж мэднэ. Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга олсон хэдэн төгрөгөө жудочдодоо л барьж гүйдэг. Харин сүүлийн хэдэн тэмцээнд тамирчид өөрсдийнхөө зардлаар явсан юм байж. Энэ удаагийн “Их дуулга”-д оролцсон тамирчид хувийнхаа мөнгөөр явжээ. Тийм болохоор л медаль авчраагүй юм байна. Улсаас, жудо бөхийн холбооноос хэдэн төгрөг өгөөд үнэтэй зочид буудалд байрлуулсан бол алт, мөнгө, хүрэл медаль хэдийг л бол хэдийг аваад ирэх байсан бололтой юм. Бас улсын мөнгөөр явчихсан бол тэгж бааварлаад, томроод байлгүй бүх анхаарлаа барилдаандаа хандуулан ялах байжээ. Өөрсдөөсөө мөнгө гаргачихсан болохоор ялна уу, ялагдана уу гэдэг ард түмэнд ямар ч хамаагүй гэж байгаа бололтой. Тэдний ярьж буйгаар ялагдалд Х.Баттулга буруутай юм шиг байна. Х.Баттулга жудо бөхөд оруулах хөрөнгө оруулалтаа багасгаснаас болоод манай жудочдын амжилт эрс буурсан гэж ойлгууллаа. Харин спорт мэдэх хүмүүс “Чансаанд үл хамаарах жижигхэн тэмцээнд орж байна. Тэр тэмцээнд нь дэлхийн томчуул оролцдоггүй. Гэтэл манайхан очиж түрүүлээд түүнийгээ том амжилт мэтээр ойлгуулдаг. Ингэж жижигхэн тэмцээнд оролцож өөрсдийгөө хэтэрхий их судлуулснаар өндөр зэрэглэлийн тэмцээнд ялагдаад байна. Бас шоу нь ихдээд байгааг саяын тэмцээн харууллаа. Бүгд л биеэ тоон бааварлаж байгаад ялагдлаа шүү дээ” гэж ярьж байна. Хэрэв цаашид энэ янзаараа барилдаад байвал амжилтдаа ханаж, өөрсдөдөө эрдсэн хөгшин “бурхинуудыг” залуу тамирчдаар цус сэлбэх зайлшгүй шаардлагатай болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын удирдлагууд томилогдож дууслаа

МҮХАҮТ-ын XIX их хурал болж, танхимын шинэ удирдлагуудыг сонгожээ. Их хурлын гишүүдийн олонхын саналаар Б.Лхагважав танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгвэл МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг, орлогч даргаар М.Сарандаваа нар сонгогджээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Оюунтэгшийг улируулан ажиллуулахаар болсон байна. ө МҮХАҮТанхимын шинэ удирдлагууд өнөөдөр 11.00 цагаас Танхимын 404 тоот өрөөнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр зар тараажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар хүний амь аварчээ

Цагдаагийн албан хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж, хүний амь нас аварсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа цагдаагийн а/а Э.Бямбадэлгэр а/а Г.Батмөнх нар байрны дээрээс үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ.

Тэднийг Баянгол дүүргийн 13 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тус дүүргийн 20 дугаар байрны дээвэр дээрээс нэг хүн амиа хорлох гэж байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авч шуурхай шалгаж, уг этгээдийг аман хэлэлцээрийн аргаар тайвшруулан эрдэнэт хүний амь насыг нь аварсан байна.

Categories
мэдээ спорт

Г.Эрхэмбаяр аварга түрүүллээ

Ардчилсан хувьсгал өрнөж, Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнөө өчигдөр боллоо. Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат Увснуур дэвжээ, “ДЦС-4” ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засаг төрөх нь заан тугаллахаас удаан байх юм

Засгийн газраа унагах тун амархан байлаа. Юу юугүй л унагачихсан. Данхар бүтцээ өөрчилж, цомхон болгох гэж санал оруулан хэлэлцүүлж байсан Засгийн газрыгАрдын намынхан огцруулах санал оруулсан.Ардчилсан намын сандал суудлын сонирхолтой зарим фракцын санал үүн дээр нэгдээд Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар унасан.Айл гэр болж тоглодог нялх хүүхэд шиг Засгаа огцруулж тоглоод байвал улс орон яаж өөдлөх билээ.

Засгийн газраа унагаснаасхойш бараг сарын хугацаа өнгөрлөө. Цаг хугацааг барьж, ажил удаашруулахсонирхолтой байгаа аятай ингэж тэгэсхийсээр өвлийн хахир хүйтэн, ханиад томуутай залгууллаа. Ид бүтээн байгуулалтын үеэс эхлээд л ажил явуулахгүй элдэв арга саам хийж ирлээ.Унагахаа болохоор элдвээр нь хэлж байгаад цай уух зуураа шийдчихдэг улстөрчид минь одоо Засгийн газраа байгуулахаа түргэвчилж үз.Шийдлийн гэх Засгийн газарт ганц Ерөнхий сайд, ганц Шадар сайд л байна. Бусад нь сайдгүй яамд, яамгүй сайдад нэр дэвшигч нар л байна.Нэг хоногийн өмнө ч гэсэн танхим бүрдэж байвал хойш тавьсан ажлууд урагшлахад нэмэртэйсэн. Даанч нэг л яарахгүй байх чинь.

Энэ бүгдээс ажиглахад Монголыгмаш ухаалгаар маш бодлоготойгоор, дэс дараатай хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байх шиг.Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих, бүтээн байгуулалт хийх гэхээр заавал нэг улстөржсөн, саад хийсэн асуудал үүсгэдэг. Монголыг монголоор нь сүйрүүлэх гээд байгаа мэт.Одоогоор үүнд идэвхтэй оролцогч нь мэдэгдэж байгаагаарМАН. Тэд төлөвлөгөө, дэс дараатай Засаг унагахаар улайрсан. Давхар дээл, дан дээл гэж баахан жүжиглэв. Улс орон өнөө маргаашгүй өрөнд баригдаад сүйрэх нь гэж ирээд л баахан айлгав.Мэдээлэл муутай жирийн иргэд нээрээ л улс орон өрөнд явчих нь гэжяриад эхэлсэн шүү дээ. Ингэж МАН популизмдсаныхүчинд санасандаа хүрч Засгийн газрыгунагаж авсан. Ингээд санаа нь амарсангүй. Шинээр томилогдсон Ерөнхий сайдыг ч томилохгүй гээд гүрийчих нь тэр. Гэсэн атлаа дараагийн Засгийн газарт инээдалдаад ороод ирлээ. Бас дээр нь элдэв шаардлагатайгаа шүү. Үүгээр санаа нь амарсангүй.Тэдэндяарах шинж огт алга. Хэн нэгний дохио зөвлөгөө, заавраар хийж байсан юм шиг. Засаг байгуулахаар бүлэг хуралдаж байгаа, Бага хурал шийднэ гээд цаг авсан, сүүлдээ Удирдах зөвлөл гэж ирээд бас баахан цаг авлаа. Яаж өдөр хоног удааж уях вэ гэдгийг бүх аргыг хэрэглэв.

Өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохоор УИХ хуралдана. Цаг гарздалгүй яаран томилгоогоо хийхгүй бол улс орон хэцүүдэх нь. Засгийн газрын гишүүнээр тодроод байгаа нөхдийг эхнээс нь элдэвлэж булхайг нь дэлгээд эхлэв. Тэр бүү хэл хужаа хятадаар дуудаад эхэлчихсэн. Биесийнхээ мууг үзэхээрээ ингэдэг. Үр дүн нь дуусашгүй хэрүүл тэмцэл, улс орны хөгжлөөс л хойш чангааж байгаа юм.

Монголыг муутгах гэж байгаа юм шиг өдөр хоногийг ингэж л аргацааж боломгүй. Энэ хэнд хэрэгтэй юм. МАН-ын сонгуульд хэрэг болох уу. Эсвэл бидэнд тэгж харагдаад байгаа юм уу. ОдооЗасгийн газраа яаравчлан байгуулах хэрэгтэй. Сайдад нэр дэвшигчээс элдвийн юм асууж, цаг авах хэрэггүй. Юу асууж, юу хариулах нь бараг л тодорхой юм. Ажлаа авч амжаагүй, салбараа ч судлаагүй нөхдөөс нарийн ширийн юм асуугаад хэн шууд хариулах билээ. Монголын энэ хэдэн нам нэгэнт тохирч ярилцсан л бол олны өмнө цаг барж шударгын дүрд тоглож, жүжиглээд яах юм. Нэг өдөр ч гэсэн улс орны төлөө хийх ажлаа урагшлуулмаар байна. Тэрнээс нээх их ухаалаг мундаг хүмүүс хүлээгээд сууж байгаа аятай цаг алдаад яахав.

Сөрөг нам нь 2012 оны төсвийг хуулаад жаахан танаад л тавьчихсан баталсан гэж шүүмжилж байгаа. Үүнийгээ яаралтай засч, Шийдлийн Засгийн газраа хурдан байгуулж,шийдлүүдээ эхнээс нь гаргамаар байна.

Өнөөдөр Монголын амьдралд эмх замбараа алга. Дээр дороо орж хэрэлдэж хэмлэлдэн, засаг төр ч байхгүй, ард иргэд нь яах учраа олохгүй, баахан шүүмжлэлээр л өдөр хоногийг өнгөрөөсөөр.

Чухам яах гэж Монголыг ийм байлгах гээд байна. Улстөрчид та нарын хэн нь дарга, хэн нь цэрэг болох нь ард түмэнд огт падгүй. Яаран засгаа байгуулж ажлаа л явуулж үз. Ингэж удаан бүтэлгүйтэж байгаа зүйлийгхүмүүс заан тугаллахтай адилтгадаг. Энэ Шийдлийн гэх Засгийн газартөрөх гэж заан тугаллахаас ч удаан юм болж байна шүү.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, сайд нараар дараах хүмүүсийг томиллоо.

1. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

2. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

4. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

5. Сангийн сайд Ж.Эрдэнэбат

6. Хууль зүйн сайд Д.Дорлигжав

7. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

8. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар

9. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон

10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

11. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү

12. Уул уурхайн сайд Р.Жигжид

13. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг

14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

15. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

16. Эрчим хүчний сайд Д.Зоригт

17. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба

18. Монгол Улсын сайд М.Энхсайхан

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим сайд нарт тамгыг нь гардууллаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт тамгыг нь гардуулж, улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын дараагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын сайд нарыг томилов

МАН-ЫНХАН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРНА ГЭСЭЭР ЗУРГААН ГИШҮҮНЭЭ САЙДААР ТОМИЛЛОО

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан. Ийн С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилоход гишүүд “С.Баярцогт таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, бэлтгэгдсэн боловсон хүчин. Гэхдээ оффшор бүсэд нэг сая ам.долларыг Хятадын Монгол гэсэн бүртгэлээр хадгалуулж байсан нь эргэлзээ төрүүлээд байгаа юм” гэцгээж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Ийм хариуцлагагүй хүнээр ЗГХЭГ-ын даргын албыг хашуулах болсон нь харамсалтай байна. Энэ албан тушаал байнга чухал бичиг баримтад гарын үсэг зурж байдаг. Харин оффшор бүсэд С.Баярцогт мөнгөө хадгалуулахдаа Хятадын Монгол гэж бичсэн байсныг нь анзаараагүй гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Ийм хариуцлагатай асуудалд гарын үсэг зурахдаа анзааргагүй байсан нь энэ албан тушаалыг хашиж чадах уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Бас С.Баярцогт Оюу толгойн гэрээг хамгийн муу хэлбэрээр боловсруулж, үзэглэсэн хүн” хэмээж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигчийг өмөөрч байлаа. Тэрээр “С.Баярцогт таван удаа УИХ-д сонгогдсон. Шүүмжлэлийг хэлэхдээ шударга байх ёстой. Оюу толгойн гэрээг Ардын намын үед үзэглэсэн. Сү.Батболд, С.Баяр нар хамтдаа байсан. Зөвхөн Оюу толгойн гэрээг байгуулахын тулд нөхөн сонгуулиар Д.Зоригтыг оруулж ирж байсныг санах хэрэгтэй” гэж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуудалтай холбогдуулан магтаал, шүүмжлэл хэлсний дараа санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн С.Баярцогт 75 хувийн саналаар ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Энэ өдөр Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн бага хувиар сайд болсон хүн нь С.Баярцогт гишүүн байлаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс онцолж шүүмжлэх хүн гараагүй. Гэхдээ УИХ-ын гишүүн А.Бакей “Чуулган эхэлснээс хойш УИХ дээр ажил явсангүй. Хүн бүр сандал ширээтэй хөөцөлдсөөр өдийг хүрлээ.

Д.Оюунхоролыг бүлгийн дэд даргын хувьд асуухад хамтарсан Засгийн газар байгуулагдаагүй байхад л МАН-ынхан асуудлаас бултаж эхэллээ. Өнгөрсөн даваа гаригаас хойш МАН-ын бүлгийн дарга нар Засгийн газрын бүрэлдэхүүн ингэж бүрдсэн нь манай намын байр суурь биш гээд ярьж эхэлж. Хэрвээ тийм юм бол та нар хамтрахаа больчихооч” хэмээсэн. Тэгэхэд МАН-ын бүлгийн дарга “Бид гуйгаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Одоо тэгвэл энэ засгаас чинь гарчихъя л даа” хэмээж МАН-ын гишүүд баруун жигүүрээс түрж байв. АН, МАН-ынхан ингэж талцсан ч эцсийн шийдэлд хүрэлгүйгээр хуралдаан энгийн горимоор үргэлжлэв. А.Бакей гишүүний асуултад ч Д.Оюунхорол нэр дэвшигч дорвитой хариулт өгөөгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “АН-ынхан зөвшилцлийн үед ярьж байсан зүйлээсээ ухраад эхэллээ. Хэрвээ асуудал ингэж эргэвэл…” хэмээгээд цааш ярих гэтэл УИХ-ын дарга З.Энхболд асуудалтай холбогдолтой зүйл ярьсангүй гэж үзээд үг хэлэх эрхийг Г.Баярсайхан гишүүнд шилжүүлэв. Тэрээр ярьж эхлэхэд Ө.Энхтүвшин гишүүн “бас л хэлэлцэж буй сэдэвтэй холбогдолгүй зүйл ярилаа” хэмээн заргалдаж үг хэлэх эрх дараагийн хүнд шилжив.

Ийн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилж Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнг томилох тухай асуудлаар ярилцлаа. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Гадаад харилцаа, эдийн засгийн яамны аппаратад сайдын хүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын талын хүн гэсэн талцал байгаа. Энэ бол том асуудал. Бас сайдад нэр дэвшигч таныг Европын холбооноос тааламжтай бус хүн гэж тодорхойлсон. Тамхи тээвэрлэдэг гэх мэтийн асуудлууд дуулддаг. Тэгэхээр Европын холбоотой хамтарч ажиллах арга барилаа тодорхойлох нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинээр Элчин сайдын яам битгий байгуул, мөнгө байхгүй. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд энэ яаманд ажилд авсан мэргэжлийн бус, чадваргүй хүмүүсээ цэгцлээрэй” хэмээн захиж байв. Ийнхүү Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгтомилсноор УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан. Энэ үед сэтгүүлчид Д.Хаянхярваа гишүүнээс “Та ямар браимт үндэслэлээр Л.Пүрэвсүрэнг Европын холбооноос тааламжтай бус хүн гэж тодорхойлсон гэж байна вэ” гэхэд “2005 оны хавьцаа нэг тийм асуудал үүссэн юм билээ. Олон жилийн өмнөх асуудал л даа. Зүгээр л сануулж хэллээ” гэж байв.

Д.Дорлигжав “Х.ТэмҮҮжин ӨӨрийнхӨӨ хҮрээний хэвлэлҮҮдтэй нийлж намайг гҮтгэсэн”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлаар үргэлжилсэн юм. Нэр дэвшигчийн зүгээс гишүүдийн асуултад хариулахдаа “Монгол Улсын эдийн засаг хямарсан” гэж тодотгов. Үүнийг даван туулах төлөвлөгөө боловсруулна гэдгээ ч хэллээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар түүнээс “АН биднийг засагт орооч гэж гуйсан гэж танайхан мэдээлсэн. Та гуйлганы үндсэн дээр сайд болохоор шийдэв үү, эсвэл улс орныхоо төлөө ажилла гэв үү” гэж лавлаа.Гишүүн Ж.Эрдэнэбат “Эдийн засаг хүнд байдалд орсон гээд хамтран ажиллах санал гаргасан гэж ойлгож байгаа. Улс орноо бодож хамтран ажиллах нь зүйтэй гэж удирдах байгууллагаас шийдвэр гарсан. Миний хувьд удирдах байгууллагынхаа шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж хариулсан юм. Тэгвэл “Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй юу” гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй байсан. Гэвч энэ яам улс орны эдийн засгийн тал руугаа анхаарлаа хандуулаагүй. Гэвч хөрөнгө оруулалт тал руу анхаарлаа хандуулсан нь алдаа болсон” гэв. Гишүүдээс өрийн таазын хувьд ямар байх нь тохиромжтой, хямралын үед эн тэргүүнд ямар асуудлыг шийдэх зорилготой байгаа тухай асуултыг Ж.Эрдэнэбат гишүүнд үргэлжлүүлэн тавив.Үүнд “Хямралаас гарахын тулд эдийн засгаа сэргээх боломжуудыг судална. Юуны өмнө өөрсдийнхөө боломжоор хямралаас гарах гарцыг харна. Цаашид ямар нэгэн байдлаар гадаадын тусламж, төсөл хөтөлбөрүүдийг авах шаардлагатай бол тухайн үед нь шийдэх болно. Өрийн таазын асуудлыг парламентад суудалтай намууд шийдэх байх. Ямартаа ч Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэн ажиллана” гэсэн хариултыг өгч байлаа. Харин Ө.Энхтүвшин гишүүн “Ж.Эрдэнэбат аа тун амаргүй яамыг толгойлохоор болж байна. Бид идэр ес тачигнах гэж буй цагаар явдалтай, түчигнээнтэй айлын хашаанд буулаа даа. Одоо АН-ынхан МАН-аас сонгогдсон Сангийн сайдыг шахаад өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй боллоо гэв дээ. Ийм зүйл байхгүй шүү. Энэ яаманд очсон даруйдаа тайлан балансыг нь гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хожим ийм ч мөнгөтэй яам өгсөн гэж мэднэ шүү цаадуул чинь” гэв. Ингээд санал хураалт явуулж, олонхийн саналаар Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлыг дэмжлээ.

Дараагаар нь Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүдийн зүгээс өмнөх сайд Х.Тэмүүжингийн шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудыг шүүмжилж байсан. Улмаар цагдаагийн байгууллагын томилгоо хурдан эргэлттэй байгааг онцолж, шинэ сайд үүнд хэрхэн анхаарч ажиллахад нь ам авав. Д.Дорлигжав хариулахдаа “Цагдаагийн байгууллагыг үнэхээр дээрээс нь доош хүртэлсамарчээ. Миний хувьд халаа сэлгээний тухайд баримталдаг зарчим бий л дээ. Ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөхийг шаардана. Харин ажлаа сайн хийж байвал асуудалгүй” гэв.

Мөн Төрийн ордны баруун талд, төрийн тусгай албан хаагчдад зориулж барьсан эмнэлгийг зориулалтынх нь дагуу ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг сануул­лаа.Ц.Нямдорж гишүүн энэ тухай хэлэхдээ “1990 оноос хойш Монголд нэг ч эмнэлэг бариагүй. Гэтэл төрийн албан хаагчдын эмнэлгийг хоёр жил чангаалаа. Эмнэлэг, албан тасалгааны барилгын өндөр өөр л дөө. Тэгэхээр зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй” гэв. Мөн Г.Баярсайхан гишүүн “Ядаж Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх эмнэлэг болгомоор юм” гэсэн саналыг нь шургуулаад авлаа. Ө.Энх­түвшин гишүүний хувьд төрийн тусгай албан хаагчдад зориулж барьсан эмнэлгийн хүүхдийн эмнэлэг болгох саналтай байгаагаа дуулгаад Д.Дорлигжаваас хэд хэдэн зүйлийг тодруулна лээ.

Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Голомт банк”-аар их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийсэн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр үүнийгээ авлигын хэрэг мэтээр тайлбарласан. Дөрвөн сая ам.доллартай холбоотой энэ асуудлын цаана Д.Дорлигжав холбогдсон мэтээр сүүлийн үед зарим хэвлэлээр мэдээлсэн нь ч бий. Энэ тухай Ө.Энхтүвшин гишүүнийг тодруулахад “Х.Тэмүүжин өөрийнхөө хүрээний хэвлэлүүдтэй нийлж намайг гүтгэсэн. Энэ бол гүтгэлэг. Хууль зүйн сайд байсан хүн үүнийг лавлачихгүй дээ. Хэтэрхий хөнгөн хуумгай хандсан даа. Би үүнийг шалгуулна” гэж ярив. Ийнхүү Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар гишүүн “Таны нэрийг барьж ажилладагУвсын дарга, тэр аймгийн ард иргэдийг айдаст автууллаа” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн “Сүүлийн хоёр жил хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа алга болсон. Үүнд анхаараасай. Бас хуулийн байгууллагуудыг улс төрийн зэвсэг болгож ажиллахаа зогсоогоорой. 2012 оны сонгуулийн өмнө Ц.Анандбазарыг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ё.Отгонбаярын эхнэрийг хууль хүчнийхэн хэлмэгдүүлсэн. Бүр сүүлд нь улс төрийн зорилгоор АТГ, гадаад тагнуулын байгууллага нэг намын байранд шөнө дүлээр нэгжлэг хийж байх жишээтэй. Одоо хуулийн байгууллагууд дахин улс төрийн ажиллагаа хийхийг хатуу хориглох хэрэгтэй” гэж захив. Ингээд санал хураалт явуу­лахад 94.9 хувийн саналаар Д.Дорлигжав Хууль зүйнсайд болохыг дэмжлээ.

Чуулганы танхимд байсан гишүүдээс Ц.Нямдорж ганцаараа эсрэг кноп дарсан юм.

Тэгвэл Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд болохыг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.Түүний асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын дарга асуулттай гишүүний нэр “нэхэхэд” Ё.Отгонбаяр кнопоо дарлаа. Тэрбээр “Та бол давхар дээлийг эсэргүүцэж байсан намын бүлгийн дарга. Тэгэхээр та давхар дээлээ тайлах уу” хэмээн асуухад Д.Эрдэнэбат “Хуулиа л мөрдөж ажиллана” гэж хариуллаа. Ингээд үг хэлэх саналтай гишүүд байсангүй. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар шууд баталлаа. Энэ горимоор Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдаар томилов. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Д.Арвин нар нэр дэвшигчээс асуулт асуухаар нэрээ өглөө. Ц.Даваасүрэн гишүүний хувьд түргэвчилсэн томилгоог шүүмжилсэн байр сууринаас хандав. Тэрбээр “Бид чинь Засгийн газраа байгуулж байна шүү дээ. Олон түмэн харж байгаа. Хашгиралдаад ногоон гэрлээр явуулаад байх юм уу” гэлээ. Д.Арвин гишүүний хувьд өмнөх сайд Д.Бат-Эрдэнийг “Зэвсэг, техникийн шинэчлэл хийсэн. Ахмадуудад зориулсан сувилал байгуулсан” гэж сайшаав. Харин Ж.Энхбаяр гишүүн “Хилийн цэргийн асуудлыг эргэж харах шаардлага бий. Зэвсэгт хүчний нэгдмэл байдал алдагдаж, бодлогын том алдаа гарч байгаа. 10 тэрбум төгрөгөөр 300 айлын орон сууц барихаар таван жилийн өмнө шийдвэр гарсан ч одоо хүртэл баригдаагүй. Өндөр албан тушаалтай офицерууд салбарын нэр хүндийг унагах явдал гарч байна. Та энэ салбарт ганцаараа очоод ганцаараа буцах ёстой, мэргэжлийн салбар. Та иргэний хяналт л тавих үүрэгтэй” гэж сануулсан. Ц.Цолмон 96.6 хувийн саналаар дэмжигдлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөрөөс олон гишүүн асуулт асуув. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн “Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах нь. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна” гэлээ. Гишүүдийн олонхийн саналаар Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдов.

Чуулганы хуралдаанаар Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдад томилох тухай асуудлыг хэлэлцээд 98 хувийн саналаар дэмжлээ. Тэрбээр “Өмнөх сайдын хийсэн ажлын ахицийг бууруулахгүй, нэмэгдүүлж ажиллана” гэж хэлсэн. Гишүүдийн зүгээс “Гудамж” төсөл болоод Төмөр замын ажил гээд салбарын асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, Г.Баярсайхан гишүүн “Зөвхөн хөдөөд зам тавих асуудлыг манай яам хариуцна гэж өмнөх сайд нь хэлдэг байсан. Ийм зүйл байж болохгүй. Хоёрдугаарт, төмөр замын асуудал. Шийдлийн Засгийн газар төмөр замаа түргэвчлэх хэрэгтэй. 2015 онд төмөр замаа багтаан барина хэмээн амлаж, анхаарч байгаад чинь баяртай байна” гэв. Мөн гишүүдээс “Өндөрбуянт” гэх барилга, замын компанитай нь холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсгэх вий гэдгийг нь сануулна лээ.

Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох саналыг хэлэлцэж, гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ. Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг нэр дэвшүүлэн хэлэлцэхэд гишүүдийн зүгээс “Цаашид цалин тэтгэвэр нэмэх тал дээр анхаараарай. Эдийн засаг хүнд байгаа үед албан байгууллагууд ажилтнуудаа цомхотгоно. Энэ тал дээр анхаараарай” гэсэн юм. Харин тэрбээр “Хямралыг давахын тулд ажлын байрыг хадгалах ёстой. Энэ тал дээр анхаарна. Цаашид танхимын зарчмаар ажиллана” гэлээ. Санал хураалтаар түүнийг гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэнээр Хөдөлмөрийн сайдаар томилогдлоо. Харин Хүн амын хөгжил, Нийгмийнхамгааллын сайд С.Эрдэнийг дэмжих эсэх асуудлаар хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн 98 хувийн саналаар дэмжлээ. Түүнээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг нэр дэвшүүлэн 91.5 хувийн саналаар дэмжлэг хүлээсэн. Түүний дараа Эрүүл мэнд, спортын сайдад Г.Шийлэгдамбыг хэлэлцсэн. Гишүүдийн зүгээс нэлээдгүй шүүмжлэл өрнүүлсний эцэст Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдад дэмжих үү гэсэн санал хураалтаар 88.3 хувийн дэмжлэг хүлээсэн бол УИХ-ын гишүүн Д.Зоригтыг Эрчим хүчний сайдаар гишүүдийн 93.2 хувийн саналаар дэмсэн юм. Монгол Улсын сайдаар М.Энхсайханыг нэр дэвшүүлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул сайдаар томилогдлоо. Монгол Улсын сайд яг ямар ажил, үүрэгтэй байх вэ гэдгийг гишүүд тодруулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэв. Түүнчлэн гишүүд Монгол Улсын сайд мега төслүүдийг хариуцна гэж байгаа ч бусад салбарын сайд нартайгаа хэрхэн уялдаа, холбоотой ажиллах вэ гэдгийг тодруулсан. Нэр дэвшигч М.Энхсайхан “Монгол Улсын сайд гэдэг нь магадгүй шинэ практик байх. Гэхдээ Монгол Улсын сайд дангаараа шийдвэр гаргаад байх боломжгүй. Гарцаагүй бусад сайд нартайгаа уялдаа холбоотой ажиллана. Ингэж ажиллахаас өөр арга байхгүй юм” гэлээ. Сайд нарыг бүхэлд нь томилох тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр дээрх сайдууд албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр өмнөх Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Их хурлын дарга З.Энхболд “Хоёр өдөр дамнуулан завсарлагагүй хуралдууллаа. Цаашид энэ эрчээрээ ажиллаарай” гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

М.МӨНХ

Л.ТӨР