Categories
мэдээ спорт

Б.Жамц мөнгөн медаль хүртлээ

Энэтхэг улсын Мумбай хотноо бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний Атлетик бодибилдингийн төрөлд өрсөлдсөн Г.Жамц мөнгөн медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнээс бодибилдингийн анхны аварга төрж, Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр. Тамирчдадаа амжилт хүсье.

Categories
мэдээ улс-төр

Нано даавуугаар хийсэн төрийн далбааг Төрийн ордны дээр зална

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тамгыг нь гардууллаа. Шийдлийн Засгийн газрын шинэчилсэн бүтцээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, тус яамны хариуцаж байсан соёлын асуудлыг БШУЯ хариуцах болсон.

Тиймээс БСШУ-ы сайдын шинэчилсэн тамгыг С.Баярцогт сайд ийнхүү яаман дээр нь биечлэн очиж гардуулжээ. Л.Гантөмөр сайд тамгаа хүлээн авсныхаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод нано даавуугаар хийсэн төрийн далбаа бэлэглэсэн байна.

Сүүлийн хоёр жилд их, дээд сургуулиуд инновацийн төв болох зорилт дэвшүүлэн үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд зарим сургууль дэргэдээ гарааны компани байгуулан судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хослуулан ажиллаж байгаа юм. Үүний нэг илрэл нь ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээл үйлдвэрлэлд нэвтэрч Монголд нано даавуу үйлдвэрлэх болсон явдал гэдгийг Л.Гантөмөр сайд онцолж, нано даавуугаар хийсэн төрийн далбааг С.Баярцогт сайдад бэлэглэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн ордны дээрх далбаа цас, бороо, салхины нөлөөллөөс болж ойр ойрхон урагдаж гэмтдэг гэдгийг хэлээд норж, урагддаггүй нано даавуун далбаа бэлэглэсэнд талархал илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр иргэдэд цахимаар газар олгох бүртгэл дахин эхэлнэ

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын Баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Баянзүрх дүүргийн Улиастай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14,490 иргэнд олгох юм байна.

Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн зарлигаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээлээ

25 жилийн өмнө энэ өдөр “Хонх” хамтлаг одоогийн Улаанбаатар чуулгын гадна талбайд Ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу”-гаа цуурайтуулж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын нийт ард түмнийг ардчилалд уриалан дуудсан цогтой уриа болсон “Хонхны дуу”-нд өнөөдөр Төрийн соёрхол хүртээв.

Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг тохиолдуулан хүртээж буй Төрийн шагналыг уг дууны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу Сосорбарамын Цогтсайханы үг, ая “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.

“Хонхны дуу” нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэн хэллээ.

Урьд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ

Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу бидний сэрээ

Гэгээн наран элчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ
Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайтсаар
Өргөн талыг туулаарай
Аяа бэлгэдлийн минь хонх
Бидний хүслийг тээгээрэй

Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа
Хонхны дуу хүслийг түгээ түгээ
Хонхны дуу зоригийг бадраа гэсэн үгтэй “Хонхны дуу” ийнхүү Төрийн соёрхолт бүтээл боллоо.

Энэ өдрийг тохиолдуулан “Хонх” хамтлагын дуунуудыг шинэ залуу үеийн амьд хөгжмийн хамтлаг дуучид Улаанбаатар чуулгын гадна талбайд олон нийтэд нээлттэй тоглолт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Есүгэн охины аавын гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ

Хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарсан. Олон нийтийг цочроосон осол болсноос хойш хэрэг цагдаа, шүүхийн байгууллагад хэд хэдэн удаа ирж, нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны эцэст шүүхээс гэм буруутай этгээдүүдэд ял оноогоод байгаа. Тодруулбал, 2014 оны энэ сарын 4-ний өдөр дээрх Г.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус нэг жил зургаан сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан бол өнгөрөгч аравдугаар сарын 7-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээс хэргийг шийдвэрлээд байгаа. Харин талийгаач охины аав Ц.Батсайхан, түүний өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Том оврын автобус явган зорчигч дайрчээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жуковын музейн автобусны буудлын ойролцоо “Жоби-72 төв”-ийн урд талд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй том оврын автобусны жолооч нэгэн явган зорчигчийг дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг дөнгөж сая гарчээ. Нийтийн тээврийн 35 дугаар шугам буюу Улаанхуаран-Мах импексийн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобусанд дайрагдсан хүн газар дээрээ нас барсан байна. Одоогийн байдлаар цагдаа нар ослын газарт ажиллаж буй бөгөөд ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийг 15-наас өмнө батална

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

Уг төсвийн задаргааг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаас тодруулах гэсэн боловч тэрээр “Одоогоор төсвийн задаргаа хараахан албажиж гараагүй байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.

Төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн удирдлагууд эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох хассан, танасан хэмнэлттэй төсөв баталж байгаагаа онцолсон юм. Тиймээс нийт төсөв 542 тэрбум төгрөгийг хуваарилахад хүндрэлтэй байсан аж. Урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулж, 186 удирдах албан тушаалтан буюу нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарын орон тооны цалин, холбогдох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцоод байгаа юм.

Түүнчлэн ирэх 2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хэмжээ 208 тэрбум төгрөг байсан бол энэ жил 170 орчим тэрбум төгрөг болж буурсан талаар мэдээлж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ice top” хамтлагийнхан хар тамхины хэргээр саатуулагдлаа

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Говьсүмбэр аймагт нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Чойр хотод “Жигүүр гранд” группийн Ерөнхий захирал Д.Баттөрийн төрсөн дүү Хааны элч хэмээх Д.Дашдаваа “Гранд” нэртэй ресторанаа нээсэн байна. Ингээд нээлтийн үйл ажиллагаандаа хамтлаг, дуучдыг урьж оруулсан аж. Харин энэ үед ЗБГХТА-ныхан гүйцэтгэх ажиллагаа явуулахад “Айс Топ” хамтлагийн зарим гишүүд, “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар хочит Ш.Батбаяр болон тус хамтлагийн нэр бүхий зарим гишүүд, Д.Дашдаваа нарын 6 хүнийг хар тамхины төрлийн зүйл хэрэглэж байхад нь барьж, саатуулжээ. Тэдний нэгийг гадуур шалгаж байгаа бол бусдыг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Дашрамд дурьдахад, “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр өнгөрсөн 2013 онд хар тамхины хэрэгт холбогдон, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа түлэгдэж байв. Тухайн үед хамгаалалтад гарч байсан хорихын ажилтнууд Бааварыг “Эмнэлгийн зориулалттай хорих өрөөний нийлэг дулаалгыг хуулан авч толгойгоо бүтээгээд өөрийгөө шатаахыг оролдсон гэж мэдээлсэн ч тэр өөрөө “Надад өөрийгөө шатаах шалтгаан байхгүй, миний өрөөнд хэн нэг нь санаатайгаар гал тавьсан” хэмээн мэдүүлж байгаад батлан даалтад гарсан юм. Ингээд Ш.Батбаярт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс 3.5 жилийн хорих ял оноосон бол Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээгээд хэрэгсэхгүй болгосон байдаг.

Үүнээс өмнө буюу 2006-2007 онд тэрээр мөн л хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч тухайн үед хамсаатнуудаа илчилснээр өөрөө ялаас мултарч, түүнтэй хамт шалгагдаж байсан 13 залуу 6 сараас 11 жилийн хорих ял авч байсан. Хар тамхи хил дамнуулан худалдаалсан, тээвэрлэсэн хэргээр ял сонссон тэдний дунд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат, “Айс топ” хамтлагийн дуучин Манлай, Коби болон дижи Өөжий зэрэг Монголын рок попын шинэ залуу “од”-ууд байлаа. Харин хэсэг хугацааны дараа Өршөөлийн хууль батлагдсанаар тэд эрх чөлөөтэй болсон юм.

Categories
гадаад мэдээ

2014 оны хамгийн “террорист” утсыг нэрлэжээ

Форбес сэтгүүл 2014 хамгийн “террорист” ухаалаг гар утсаар Оросын технологийн шинэ бүтээгдэхүүн болох “YotaPhone 2”-ийг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ нь радикал шинэчлэл, өвөрмөц програм хангамж болон уламжлалт дизайныг хослуулж чадсанаараа ихээхэн өндөр үнэлэлт аваад байгаа аж.

Нөгөөтэйгүүр уг ухаалаг гар утас нь Оросуудын үндсэрхэг үзлийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх бас нэг тулгуур болжээ. “YotaPhone 2” гар утсыг хамгийн анх өнгөрөгч гуравдугаар сард танилцуулж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гарч эхлээд байгаа билээ. Тус ухаалаг гар утас нь “Google Android” үйлдлийн системтэй, хос дэлгэцтэй юм. Тодруулбал, “YotaPhone 2” уламжлалт дэлгэцээс гадна ардаа хар цагаан “e-link” дэлгэцтэйгээрээ онцлог аж. Урд тал нь таван инчийн хэмжээтэй “amoled” дэлгэцтэй бол ардаа “LCD” загварын 4.3 инчийн дэлгэц байрлах аж.

Арын дэлгэц нь видео үзэх, тоглоом тоглох, интернетэд холбогдох боломжтой бөгөөд ямар нэг идэвхжүүлэлт хийхгүйгээр сошиал сайтуудад тогтмол холбогдох боломжтой гэнэ. Үүнээс гадна хоёр дэлгэц зэрэг ажиллавал тасралтгүй 50 цаг, дангаараа ажиллавал зургаан өдрийн турш цэнэгээ бүрэн барьдаг юм байна. Зах зээлд 555 фунт стерлингээр худалдаалагдаж байгаа “YotaPhone 2” ухаалаг утасны давуу талуудыг цухас дурьдахад ийм байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн сард Бээжин хотноо болсон АПЕК-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын тэргүүн Си Зиньпинд уг ухаалаг гар утсыг бэлэглэж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Удирдах хорооны гишүүд болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хурлаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн талаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Улаанбаатар хот ба Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар танилцуулга хийлээ. Энэ үеэр Удирдах хорооны гишүүд санал шүүмжлэл өрнүүлж, эдийн засгийн хөгжлийн стратегийг нийслэлийн зохих төвшний байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас мэдээллээ.