Categories
гадаад мэдээ

Шведийн хаан Нобелийн шагналтнуудыг хүлээн авна

Өнөөдөр Осло болон Стокольм хотноо Шведийн хаан энэ жилийн Нобелийн шагналтнуудыг хүлээн авч уулзаад шагналуудыг нь гардуулах болно. Хэдхэн цагийн дараа эхлэх энэ арга хэмжээнд энх тайвны шагналын эзэн Пакистаны 17 настай охин Малала Юсафзай ч бас оролцож байгаа. Таван жилийн өмнө Талибуудын эзэмшил нутагт амьдарч байхдаа сурах эрхээ боомилуулсан жаахан охин хэрхэн тэмцэж зорилгодоо хүрч болдогийг, бие багадахгүй гэдгийн амьд жишээгээр харуулсан энэ охин шагналаа гардана. Сонирхуулахад А.Нобелийн дүрстэй алтлаг тэмдэгээс гадна барагцаалбал хагас сая орчим ам.долларын мөнгөн шагналаар бүхий л ялагч нарыг байлдаг билээ.

Б.Хулан

Categories
мэдээ спорт

Хасагдах шатанд тоглох найман багийн нэр тодорлоо

Аваргуудын лигийн зарим хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Ингэснээр шөвийн 16-д шалгарах найман багийн нэр эцсийн байдлаар тодорхой болсон юм. Одоогийн байдлаар “А” хэсгээс Атлетико Мадрид 13 оноотой нэгээр гарсан бол Ювентус клуб 10 оноотойгоор удааллаа. “В” хэсгээс Реал Мадрид боломжит 18 оноог бүгдийг авч нэгээр гарсан бол хоёроор Швейцарийн Базель клуб шалгарлаа.

Тэд Ливерпүүлийг талбай дээр нь хожсон. Харин “С” хэсгийг Монока клуб тэргүүлсэн бол хоёроор Байер Ливеркузен гарлаа. “D” хэсэгт Боруссия Дортмунд болон Арсенал клубын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж оноо тэнцсэн ч хоорондын тоглолтын харьцаа болон гоолын зөрүүгээр Германчууд хэсгээ тэрүүлсэн юм. Өнөөдөр үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд манай цагаар шөнийн 02:45 минутаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Есүгэн охиныг хөнөөсөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Өнгөрсөн оны есдүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр дээд шүүх дээр хохирогчийн аав Ц.Батсайханы гомдлын дагуу хэргийг дахин шүүн хэлэлцлээ.

Тус хэрэгт холбогдогчдын шат шатны шүүх хурал болж шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус нэг жил зургаан сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 10 мянган төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан шийдвэр гаргасан.

Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасны дагуу уг шүүх хурал өнөөдөр болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Categories
гадаад мэдээ

Обамагийн эхнэр, нөхрийнхээ юунд дургүй вэ

Стивэн Колбертын хөтөлдөг хошин шогийн нэгэн нэвтрүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцохдоо гэр бүлийн хүрээний зарим нэг нууцаа “нууц шүү” гэж байгаад нийтэд тараав. Тэдний гэр бүлийнхэн халуун ам бүлээрээ байх тохиолдолд эхнэр, хүүхдүүд нь эрхэм ерөнхийлөгчийн хоёр чихийн томийг гайхаж шоолдог гэнэ. Мөн эхнэр нь Обамаг гэртээ хүссэн газраа өмсөж байсан оймсоо тарааж хаяхыг тэвчдэггүй хэмээн нууцаа илчилжээ.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Занабазарын хийцийн Ногоон дарь эхийг дуудлагаар худалдана гэв

“Sotheby” компани маргааш Монголын нэгэн ховор бүтээлийг Парист дуудлага худалдаагаар зарах гэж байна. Энэ нь Монголын анхдугаар Богд Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн хүрэл цутгамал Ногоон Дарь эх /Shyama Tara/ бурхан юм. “Sotheby” компани дэлхийд алдартай чамин, ховор, үнэтэй эдлэлийг дуудлага худалдаагаар оруулдаг гэдгээрээ алдартай. Манай улсын үнэт өв болох Занабазар хийцийн хүрэл Дарь эхийн цутгамал дүрийг худалдах гэж буй талаар зар таржээ. Аукционы албан ёсны цахим хуудаст зарлаж буйгаар Дарь эхийг 200000-300000 еврогоос эхлэн дуудах гэж байгаа аж.

1954 онд Парист Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан ба анх авсан хүний үр удам нь одоо хүртэл эзэмшиж байгаа юм байна. Улаанбаатар хот дахь Богд хааны ордон музейд Дарь эхийн 23 хувилгаан дүр бүхий хүрэл цутгамал дүр байдгийг “Sotheby” компани хүрэл бурхны тайлбар дээр онцлон бичжээ.

Categories
мэдээ улс-төр

Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулахаар тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан “Иргэд аль ч номын санд үйлчлүүлж болно” гэсэн саналын томьёолол шинээр гаргасныг хуулийн төсөлд нэмж тусгуулахаар санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаярыг томилсон бол Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярвааг томилов.

Түүнчлэн тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Ажлын хэсгээс тогтоолын төслийг энэ удаад хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасныг хүлээн авч уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргав

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харъяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харъяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоохдоо хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харъяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харъяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг, нийслэлийн шүүх, … дүүргийн шүүхээс бүрдэх …” гэснийг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргалаа.

Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулагчид Улаанбаатарт иржээ

Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод иржээ. Хөрөнгө оруулагчид өчигдөр, өнөөдөр Улаанбаатар хотод ажиллаж, шалгаруулалтад бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг авах юм байна. Үүний дараа цахилгаан станцын талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажиллах аж. а Төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг энэ компаниудаас ирэх оны хоёрдугаар сард хүлээн авах аж. Харин хөрөнгө оруулагчийг шалгаруулах бүхий л харилцааны ил тод, шударга байдлыг хангах үүднээс Америкт төвтэй Deloitte аудитын компани хяналт тавих юм байна.

Categories
мэдээ спорт

Манай 17 тамирчин олимпийн тэтгэлэг хүртэнэ

“Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагджээ. Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлсэн байна.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нэр дэвшигчдийн анкетийг МҮОХ-ноос Олон улсын олимпийн хороонд илгээснээс манай 17 тамирчин тэтгэлэгт тэнцжээ. Жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Очир, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртжээ. Чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт хамрагдах бол боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар тэтгэлэг хүртэнэ. Харин буудлагын төрөлд Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам нар шалгарсан бол байт харвааний тамирчин Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар хөтөлбөрт хамрагджээ. Мөн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шалгарсан бол хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тэнцсэн байна.

Тамирчид улирал бүр 1000 ам.долларын тэтгэлэг авах юм байна. Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргах буюу допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдах журамтай аж. Бээжин-2008 олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт манай улсын найман тамирчин тэнцэж, бүгд олимпийн эрхээ авч оролцож байжээ. Мөн Лондонгийн олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт манай 10 тамирчин хамрагдаж байсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Элбэгдорж: “Хонхны дуу” мөнхийн бүтээл

25 жилийн тэртээ Монголын ард түмнийг ардчилсан нийгэм рүү уриалан дуудсан С.Цогтсайхан агсны “амьдруулсан” “Хонхны дуу” бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээлээ.

Түүх сөхвөл 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, тэр үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарласан байна.

Уг бүтээлд Төрийн соёрхол хүртээж байгаагийн ач холбогдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч “ХХ зууны үед хүйтэн дайн гэж байх үед нийгмийг өөрчлөхийг хүссэн маш олон дуу зохиогдож байсан. Гэхдээ “Хонхны дуу” шиг өөрчлөлт рүү уриалсан, татсан, ардчиллыг бүрэн утгаар нь гаргаж чадсан, сүлд дуу болтлоо хоногшсон бүтээл байхгүй. Өнөөдөр ч хүмүүс “Хонхны дуу”-г дуулмаар санагдах юм гэж ярьдаг. “Хонхны дуу “ирээдүйд ч ач холбогдлоо алдахгүй, хэдэн үеийг нийгмийг шинэ зүйлд дуудсан мөнхийн бүтээл байна. Энэ агуулгаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээж байна. Төрийн соёрхолыг бүтээлд олгодог юм шүү” гэлээ.

Төрийн соёрхолыг С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, хүү Ц.Түшиг, нарт гардууллаа. Дээрх арга хэмжээнд С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр, мөн “Хонхны дуу”-г хамтран дуулсан дуучин Н.Энхбаяр нар оролцлоо. Энэ үеэр Н.Наташа, “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нараас сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа:- Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдрүүдэд Цогоогийн маань гэрэлт хөшөө босч, түүний зохиож дуулсан дуунд Төрийн соёрхол хүртээж байгаа нь түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна.

“Хонхны дуу”-нд нь Төрийн шагнал хүртээж байгаа нь өөрөө их онцлогтой гэж Ерөнхийлөгч маань хэллээ. Энэ сайхан билиг дэмбэрэлтэй өдрийг тохиолдуулаад сэтгэлийнхээ үгийг хэлье. Талийгаач нөхрийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх энэ хувьсгалд оролцсон үеэс ойлгож, мэдэрч тусалж явсныг би их сайн мэднэ. Талийгаач маань өнгөрөөд 10 жил өнгөрсөн ч ард үлдсэн хоёр хүүхэд, гэр бүлд Цогоо маань байгаа юм шиг тусалж ирлээ. Аавынх нь оронд аав болж, хоёр хүүхдийн маань боловсролд анхаарал тавьж, анхны амьдралынхаа алхмыг гишгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газар тусалж, үр хүүхдийг маань тохьтой нөхцөлд амьдраасай гэж бодож Ерөхийлөгчид өгсөн хоёр өрөө байрыг бэлэглэсэнд бид билигшээж явдаг.

Хамт тэмцэж явсан журмын нөхөр нь энэ хорвоод байхгүй ч гэсэн хүнлэг сайхан сэтгэлээр ар гэрийнхэнд нь хандаж, бүтээлийг нь мөнхлөхийн төлөө сэтгэл гаргаж байгаад гэр бүлийнхнийхээ өмнөөс чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж, гэр бүлийнхэнд урт наслахыг хүсэн ерөөе.

“Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр:-Би энэ дууг хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэж бодож байсан. Үүнийгээ би хаана ч хэлдэг. Энэ дуу бол үнэхээр ардчиллын сүлд дуу гэдэгтэй маргах хүн байхгүй. Энэ дууг бүтээлцэхэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Цолмон, даралтат хөгжимчин Батболд, даралтат гитарчин агсан Дамдинсүрэн нар өөрийн чадах бүхнээ зориулж байлаа. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин агсан Баяраа, хөгжимчин агсан Галсанбат нар биднийг бичлэг хийж байх үеэр дэм өгч байлаа. Нөхөддөө би их баярлаж байна. Баярлаж, талархаж явдгаа дахин дахин илэрхийлье гэсэн юм.