Categories
мэдээ цаг-үе

Ө.Энхтүвшин: Намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй

МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин одоогийн намын дарга М.Энхболдод хаягласан шүүмжлэл захидал олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Ө.Энхтүвшин гишүүнээс тодрууллаа.

-Та намын даргадаа хаягласан ил захидал илгээсэн нь олны анхаарлыг татаж байна. Бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн гэсэн…

-Манайх бүлэг дээрээ ярьсан. Намын даргадаа ийм захидал бичсэн гэдгээ хэлж өчигдөр (уржигдар) гардуулан өгсөн. Намын даргыг энэ талаар ярилцах болов уу гэж хүлээсэн ч уулзсангүй. Ажил ихтэй байгаад уулзаж чадаагүй биз дээ гэж бодлоо. Гэхдээ энэ талаар уулзах байх гэдэгт найдаж байна. Захидалд нууцлаад байхаар ноцтой, намын эв нэгдлийг хагалан бутаргах, улс оронд аюул тарихаар зүйл бичээгүй.

-Таны захидал дээр МАН-аас оруулж ирсэн сайдуудын чадварыг харсангүй гэдэг утгагүй зүйлс ажиглагдсан. МАН сонголтоо буруу хийчихсэн юм уу?

-МАН-ын XXVII Их хурал нэг жилийн өмнө болсон. Тус хурлаас гарсан томоохон шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний асуудал байсан. Хүнийг мэддэг, чаддаг, шударга, дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй гэсэн шалгуурыг гол болгоод үүнийг хангаж байна уу гэдгийг нухацтай ярих ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижиг хүрээнээс хайдгаа больё. Аль болох намын гишүүдээсээ, олон түмнээсээ хайя. Энэ талаар судалгаа гаргаж, бүртгэл бий болгон чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэдгийг тунхагласан. Намын боловсон хүчний түвшнийг өөр хэмжээнд аваачна гэсэн шийдвэрийг Их хурал гаргасан. Их хурлаас хойш МАН төр засагт орох анхны томилгоогоо хийж байна. Энэ ямар замаар хийгдсэн бэ гээд үзэхээр өнөө Их хурлын шийдвэрээс гарсан зүйлс байхгүй байгаа юм. Өрсөлдөөн байхгүй, намын Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан болоод шөнө болгосон. Ингээд шөнөөр шийдчихэж байна.

-Өдөр шөнийн хооронд ялгаа байсан юм уу. Эртхэн томилгоо хийж Засгийн ажлыг явуулах санаа байсан юм биш үү?

-14 хоногт багтаан шийднэ гэсэн нь яахав. З.Энхболд дарга хойшлуулъя гэсэн бол хойшлуулж л байгаа биз дээ. Тиймээс ийм тохиролцоо хийгдлээ гэдгээ намын бүлэг, Удирдах зөвлөлөөрөө хонон өнжин ярьж байгаад шийдэх байсан юм. Айхтар яараад байх шаардлага байхгүй. Манайх ийм яам авах юм байна. Бүлгийн гишүүд дотор хариуцаад явчих тийм гишүүн байна, бүлгийн гадна талд байгаа гишүүдээс ажил хийгээд явчих ямар хүмүүс байна гэдэг судалгаагаа гаргаж уриад, ярилцлага хийх хэрэгтэй гэж би хувьдаа бодож хүлээсэн. Гэтэл шууд чуулганаар орчихоор би эгдүүцэж байгаа юм.

-МАН шийдвэрээ Тусгаар тогтнолын ордонд биш Төрийн ордны хоёр гурван давхарт болж байна гэсэн байна лээ. МАН-ын бодлогод АН-ын оролцоо их байгаа гэсэн үг үү?

-Манай нам зургаан сайдтай засагт орж байна гээд үүндээ уусчихаж болохгүй. Том намын хажууд цөөхөн сайд дагаж орж байгаа үед ерөнхийдөө тэдэндээ хөтлөгдөнө гэсэн үг л дээ. Анхны шинж тэмдэг нь харагдаж байна.

-Ямар шинж тэмдэг?

-Яагаад бүлэг дээрээ намынхаа асуудлуудыг сайн ярихгүйгээр АН-ын дарга, Ерөнхий сайдтай ярингуутаа чуулган руу оруулчихаж байгаа юм. Үүнээс харахад зарчимгүй байдал цаашид үргэлжлээд явах нь дээ гэсэн сэжиг төрж байна. Тиймээс өнгөрсөн хойно нь хашгирч байснаас томилгоо хийгдэж байгаа үед нь намынхаа XVII Их хурлын шийдвэрийг хэлж байх ёстой гэж бодсон. МАН-ын дарга байсан хүний хувьд иймэрхүү зүйлийг хэлэхгүй юм бол, намынхаа Их хурлын шийдвэрийг сануулж байхгүй юм бол намын дарга байсны хэрэг юу байнаа. Хамтарсан засагт орсон гээд бүгдээрээ амаа хамхиад суучих юм бол ямар ч зарчимгүй, нам нь ч нам биш болж улс орны хувь заяа хөөрхий болно.

-Таныг намаа хамтарсан засагт орох тал дээр эсрэг саналтай байсан гэсэн. Тэр үүднээсээ энэ бүгдийг гаргаж тавиад байгаа юм уу?

-Тиймээ, би засагт хамтарч орохыг эсэргүүцсэн. Учир нь 1.5 жилд нь бид хамтраад юу хийх юм. Хэрэв ингэж орох л байсан юм бол 2012 оны сонгуулийн дараагаас хамтраад Засгийн газраа байгуулж болох байсан. Би тухайн үед АН-ын даргатай санал солилцож байсан юм. “Та нар цаашид яаж улс орныг авч явна гэж бодож байгаа юм. Эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бид аваад явна. Бидэнд боломж байгаа. Бид “Шударга ёс” эвсэлтэйгээ нийлээд явна. Ардын намтай яасан ч эвсэхгүй. Манай ҮЗХ 80 хувиар шийдсэн” гэж байсан юм. Үнэхээр АН чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь “За за” гээд хамтарсан засагт орно гэвэл эртэдсэн шийдвэр гэж хэлнэ. Хэрэв хамтрах гэж байгаа бол их л бодох хэрэгтэй. Яах гэж засагт орж байгаа юм. Чадахгүй бол яах юм. Манай намыг ингээд орчихвол эрх баригч л гэж харна. Хариуцлагаа яаж хүлээх юм. Үүнийг ард түмэн хэрхэн хүлээж авах юм. 2016 оны сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ ярихгүйгээр шууд энэ сайд, тэр сайд гээд явчихаж байгаа нь буруу. Нэгдүгээр зорилгоо уг нь бүлэг дээрээ ярьчих байсан юм.

-Таны захидлыг харахад МАН-ын хагарал одоо л ил болж байна гэж харахад хүргэлээ?

-Энэ бол хагарал биш. Үнэн бодит зүйл. Өмнө нь иймэрхүү зүйл олон болж байгаагүй тул содон харагдаад байх шиг байна. Болохгүй зүйлийг нь хэлээд, захидал бичиж л байх ёстой. Тэгж байж манай нам ардчилалтай байх юм. Эв нэгдэл гэдэг нэрийн доор үгээ хэлж чадахгүй юм бол энэ бүхэн цаашаа явсаар дэлбэрнэ. Тиймээс үүнийг эртхэн сануулж байгаа хэрэг.

-Таныг МАН-ын дар­га байхад АН-ынхан тохи­рооноосоо буцаж байсан…

-Тийм ээ. Сайхан тэврэлдэж гар бариад “Цаашид ингэж явахаар боллоо” гэчихээд маргааш нь “Тийм биш юм байна. Хууль ингэж зөрчих юм байна” гээд бултчихдаг.

Хамгийн тодорхой жишээ нь Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний асуудал. Уг нь манай хоёр хоёулаа л тангараг өргөх ёстой байхгүй юу. Сүүлд нь арга байхгүй хүчиндээд байхаар нь “тэгвэл ядаж нэг нэгээр нь намуудаасаа оруулъя” гэхэд “тэгье” гээд гар хөлийн үсэг зурахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат байсан. Тиймээс маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. “Одоо яах вэ” гэхэд “Наадах чинь Их хурлын асуудал. З.Энхболд дарга дээр оч. Сонгуулийн Ерөнхий хороо руу оч. Тэндээс ийм шийдвэр гарсан гэсэн.

СЕХ руу очихоор Шүүхээс ийм шийдвэр гарсан” гэдэг. Би иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д хууртаж байсан. Тийм болохоор дэмжихгүй байгаа юм.

-Намаасаа сонгогдсон сайд нарт дургүй байгаа юм уу?

-Уг нь намаараа нухацтай хэлэлцээд хэрэв ажиллахаар бол захиасаа хэлээд “сайн ажиллаарай” гээд духан дээр нь үнсээд, дөрөөнд нь сүү дусаагаад явуулах байсан. Гэтэл харамсалтай нь бүлэгтэйгээ ярилгүйгээр асуудлыг оруулчихлаа. Өөр нэг санаа зовж байгаа зүйлээ хэлье. Уг нь манай нам 100 хувь гадна талаас УИХ-ын гишүүн биш хүмүүсээсээ сайд болгох ёстой байсан. Учир нь энэ талаар бид хоёр жил ярьсан. 1.5 жилийн хугацаанд зарим цагийг нь УИХ дээр өнгөрөөдөг, зарим цагийг нь яаман дээр өнгөрүүлдэг сайд хэрэггүй. Өнөөдрийн хямралын үед тэндээ сууж ажилладаг сайд хэрэгтэй байна. Тиймээс үр өгөөжтэй байж чадах уу. Тухайн салбартаа нэр хүндтэй, салбараа мэддэг яаман дээрээ үргэлж байдаг хүнийг тавьсан бол төрд илүү их хэрэгтэй байсан.

-АН, МАН эвслийн Засгийн газар байгуулж байгаач АН амлалтаасаа ухарсан талаар мэдэгдсэн. Орон нутгийн сонгуулийн маргаантай тойргууд дээр ямар шийдвэр гаргахаар тохиролцоод байсан бэ?

-Одоогоор гарын үсэг зураагүй байна. Гарын үсэг зурахын өмнө ажиглахад өмнөх амлалтуудаасаа буцсан нь харагдлаа. Гэхдээ түүнийгээ өөрчилсөн байж магадгүй.

-Гурван аймаг, хоёр дүүрэг дээр маргаантай байгаа. Эдгээрийн Засаг дарга нарыг МАН авах юм уу?

-2012 оны орон нутгийн сонгуулийн дүн тодорхой байгаа. АН аль аймаг, дүүрэгт ялсан, Ардын нам хаана хаана ялсан бэ гэдэг ард түмний өгсөн сонгуулийн дүнг л баталгаажуулъя гэсэн зүйлийг тавьсан. МАН Сонгинохайрхан, Багануур дүүрэг дээр ялсан ч Ардчилсан нам булаагаад авчихсан. Хэрэв АН, МАН зөвшилцье гэж байгаа бол ард түмний сонголтыг хүндэтгэн байр байрандаа тавих ёстой л гэсэн шаардлагыг бид тавьсан. Гэхдээ яг юу болох нь вэ. Ер нь л явдалтай байна.

-Амлалтаасаа ухарсан гэдгийг та яаж мэдэж байгаа юм уу. Ардчилсан намынхан өөрсдөө хэлээд байгаа юм уу?

-Гарын үсэг зурах үед өөрчлөгдсөн байвал би гарын үсэг зурахгүй. Шаардлагыг хүлээж авсан бол гарын үсэг зурна.

-Сая гарын үсэг зурчихлаа шүү дээ?

-Тэр чинь өөр баримт бичиг.

-Та шинэ Засгийн газрын чадамж хийгээд, шинэ сайдуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би томилогдож буй сайд нарын талаар юм ярихгүй. Учир нь тэд дөнгөж томилогдож байна. Үнэхээр чадалтай мундаг хүн мөн үү гэдэг нь удахгүй ажил дээр гараад ирэхээр харагдана. Магадгүй үүнийг цаг хугацаа харуулна. Түүнээс биш энэ муу, тэр чадахгүй гэдгийг ярьж болохгүй. Бүгдээрээ харцгааж л байя.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна

Үүр дөнгөж хаяарч байхад Асгатын уулын баруун мөрөөр урагш даван давхилаа. Хол ойрын бараа харагдахгүй, бүрэнхий. Тэртээд гурван машины гэрэл тод харагдаж байв. Хоорондоо сүлжилдэн давхиад байгаа бололтой харагдав. Гэтэл хамт явсан жолооч ах “За нөгөө хэдэн цагаан зээрийг чинь хядаж байна даа. Гурван талаас нь шахаж байгаад л буудаж байгаа бололтой” гэдэг юм байна. Би ч машины гэрэл гарч байгаа зүг рүү сайтар харлаа. Үнэхээр л ямар нэгэн амьтан хөөгөөд байгаа нь тодорхой болов. Жолоочтойгоо ярилцаад зээр агнаж байгаа хүмүүстэй уулзахаар хурдаа нэмэн давхилаа. Тэгсэн зээрийн ан хийж байсан машинууд гурван тийшээ гараад давхичихдаг юм байна. Бүр машиныхаа гэрлийг унтраачихаад зугтааж гарлаа.

Биднийг хууль хяналтынхан шалгалтаар явж байна гэж андуурсан бололтой. Араас нь хөөвөл өөдөөс буудаж магадгүй гэж жолооч хэлсэн болохоор араас нь явалгүй хоцорлоо. Машины мөрийг үзэхэд хүнд даацын давхар дугуйтай автомашин байв. Цагаан зээр агнаж байсан газарт очлоо. Гурван машины гэрэлд шахуулан хядуулсан зээрийн өр эмтрэм дүр зураг харагдах аж. Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжлуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, бууны суманд шүүрэн шанага шиг, сэг болтлоо буудуулсан цагаан зээрээр хөндий тал дүүрсэн гэлтэй. Мөн гэдэс нь цуваад хөвчихсөн, сэвс нь гоожчихсон, шархадсан биеэ дааж ядан, бөгсөө чирэн урагш тэмүүлэн үхлээс зугтах гэж сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байгаа, аниргүйхэн шаргал талдаа тэрийн хадан унаад бүлээн амьсгалаа татаж байгаа улаан алаг зээрүүд тийчилнэ. Эмгэнэлтэй хувь тавилан гэдэг л энэ буюу.

Автомат буугаар хэдэн талаас нь шүршчихжээ. Цагаан зээр машины гэрэлд орохоороо тунгалаг хар нүд нь эргэлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй аж. Гэрлээс огт гарахгүй. Машины хурдны аясаар туугдан явдаг гэсэн. Бууны суманд оногдоогүй зээрийн сүрэг хэдийнэ баруун урд зүгийг чиглэн цахилжээ. Зүүн аймгуудын нутгаар цагаан зээрийн ан хууль хяналтынханд дийлдэхгүй болчихсон гэх мэдээллийг аваад Сүхбаатар аймаг руу хөдөлсөн бид Дарьганга сумын хойхно талд явж байгаад үй олноороо хядуулсан зээрийн сүрэгтэй ийн таараад байгаа минь энэ. Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт аравдугаар сараас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаатай цагаан зээрийн хууль бус антай тэмцэх аян эхлүүлсэн байна. Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан хамтраад хөдөө орон нутгаар явсан гэх мэдээлэл байна. Цагаан зээр агнаад баригдсан 70 гарсан өвгөнөөс эхлээд хэд хэдэн хүнд торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг нутгийн иргэд ярьж байв. Гэхдээ хууль хяналтынхан хоногийнхоо хоолыг залгуулахын төлөө хоёр зээр унагачихсан хэдэн хүнд л арга хэмжээ авсан байх юм. Харин үй олноор нь хүйс тэмтэрч байгаа нэг ч хүнийг барьж чадаагүй гэнэ.

Цагаан зээрийн хядлага болсон газраас урагш хөдөлж, замгүй давхилаа. Унаж яваа машинд саатах юм үнэндээ алга. Жалга гуу, чулуу, хад огт байхгүй. Зөвхөн л зах хязгааргүй шаргал, хялганын толгой салхинд сэрвэгнэх юм. Ийн явж байтал дахиад л зээр агнасан газарт яваад очдог юм байна. Дөрөө шүргэм өвсний толгойд цагаан зээрийн цус үсэрч хөлджээ. Цусны дусал бөнжийж хөлдөөд хялганын толгой бөхийсөн байв. Энэ жил туранхай орсон болов уу гэмээр шаргачингийн толгой дээгүүр машины дугуй гарчихжээ. Машинд дайрагдсан зээрийн толгой, нүд нь бяцарсан харагдана. Тэрүүхэн цаахна мөн л нэг бага насны болов уу гэмээр жижигхэн биетэй зээр гэлжийн хэвтэж байлаа. Жолооч харснаа “Цагаан зээрийн эр шүдлэнг цэнхэр ооно, эмийг нь зусаг шаргачин гэдэг юм. Зусаг шаргачинг буудаж унагаад хүзүүг нь хуга дарчихсан байна” гэлээ. Түүний хэлж буйгаар буудаж шархдуулаад газарт унахаар нь ан хийж яваа залуусын хэн нэг нь бууж гүйж очоод эвэр, толгойноос нь барьж байгаад хүзүүг нь нужигнатал нь хуга дарчихдаг юм байна. Ингээд үхэж гүйцээгүй байхад нь машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, дараагийнхаа зээр рүү гүйдэг гэсэн. Зусаг шаргачингийн хүзүүг хуга дарчихаад орхиод явсан нь тарга тэвээрэг муу учир голжээ.

“МУУСАЙН ӨГӨР ЦАГААН ЗЭЭРИЙГ БҮГДИЙГ НЬ БУУДВАЛ ТААРНА”

Асгатын ууланд хэдэн машин зогсож байлаа. Нар дөнгөж мандаж байгаа энэ үед талын цагаан чоно гүйдэг цаг. Унтлагандаа явах цаг юм гэнэ. Машиныхаа улсын дугаарыг авчихсан машинтай хүмүүс зогсож байх юм. Тэд сүүлийн үеийн дурантай вейпер, сайга зэрэг автомат буу зэвсэг агссан байлаа. Хотоос хийморио сэргээж чоно агнахаар ирцгээсэн гэнэ. Хэдэн тийшээ дуран тавиад байх юм. “Аз нь байвал талын цагаан чоно авлаад буцна даа. Түрүүнд гурван чоно авлачихсан хүмүүс явж байна лээ. Тэд хиймортой байна лээ шүү” хэмээн ярих ажээ.

Өнөө жил Сүхбаатар аймгийн зүүн сумдын нутаг намаржин түймэрт шатаад үнсэн нурам болсон байна. Уг нь цагаан зээрийн нутаг. Дөрөө шүргэм өндөр ургасан хялгана найгасан шаргал талд цагаан зээр өвөлждөг. Анхны цас орсон халуун намраар журайтал гүйлдсээр Асгат, Эрдэнэцагааны нутагт ирж тогтдог байжээ. Зээрийн бүс нутагт гал гарснаас үүдэн энэ жил цагаан зээр Сүхбаатар аймгийн баруун урд сумдын нутаг руу хэд хоногийн дотор нүүгээд очжээ. Уг нь Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Халзан сумын нутгийг дамнаад тогтсон гэнэ. Гэтэл цагаан зээрийн анчид элдэж хөөсөөр Дарьганга, Наран сумын нутаг хилийн зурвас руу элдэж байгаа юм байна. Араас нь үргээж, хөөгөөд л пэжигнэтэл буудаад байгаа аж.

Ингээд нутгийн айлуудаар орлоо. Орсон айл болгоны тогоонд зээрийн мах пор пор хийн буцалж байх юм. Гэрийн эзэгтэй тогооноос уур савсуулсан цагаан зээрийн мах хөнгөн цагаан түмпэнд гаргаад бидэнд өгөх. Энэ жил цаг агаар дулаахан, бас морь тушихаар цас эрт орчихсон болохоор цагаан зээр тарганаараа байгаа юм. Өдий цагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх бүгд цагаан зээрийн мах иддэг. Хэд хэдээр нь буудчихаад л гулууз махыг нь жиргэчихээд чанах эсвэл бууз, хуушуур хийдэг байна. Харин хажуу айл нь цагаан зээрийн махаар түрж хийсэн гурилтай шөл хийсэн сураг дуулдав. Гэрийн эздээс цагаан зээрийн ангийн талаар асуулаа. Тэгсэн өөдөөс “Муусайн өгөр цагаан зээрийг бүгдийг нь буудаж алж байвал таарна. Хамаг бэлчээр юу ч үгүй хуйхалчихсан юм шиг идчихнэ. Бас малд өвчин тараагаад лай болно. Ер нь цагаан зээр хэнд ч хэрэггүй амьтан. Хотоос хүмүүс ирчихсэн буудаж л байдаг юм” гээд цагаан зээрийг их ад үзсэн байдалтай ярьж байлаа. Ер нь нутгийн малчид бүгд цагаан зээрийг үнэн сэтгэлээсээ үзэн ядна. “Цагаан зээрийг хядаад байгаарай. Хурдан дуусаасай” гэнэ. Бүр хотоос цагаан зээрийн мах худалдаж авах сонирхолтой хүмүүст “Манай нутагт цагаан зээр ирээд хэдийг бол хэдийг аваад яв” гэж хэл өгч дууддаг байна. Хөдөөний айл болгоны жижиг гэрт зээрийн мах байх. Бүр гэрээ зээрийн гулууз махаар дүүргэчихсэн айл ч байлаа. Зээрийн махыг цагаан сар хүртэл идээд, цагаан сарын дараа өвлийнхөө идшийг иддэг байна. Долдугаар сард шинэ гарсан ногоонд зээр цадаад махлаад ирэхээр мөн л зээр буудаж эхэлдэг гэсэн.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД, ЦЭРЭГ, ХОРИХ АНГИЙНХАН ЦАГААН ЗЭЭР ХЯДСАН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ГЭВ

Дарьганга сумын нэгэн малчин бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сонин дээр гарчихвал цагдаа нар ирээд хэн хэн, хаана явсан гэж байцаагаад амар заяа үзүүлэхгүй. Бүр сүүлдээ зээрийн мах худалдаалдаг сүлжээтэй холбоотой гэж хардаж сэрдээд унадаг” гээд нэрээ нууцлахыг хүсэв. Бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.

-Танай энүүгээр цагаан зээрийн ан хэр байна даа?

-Цагаан зээрийг үй олноор л буудаж байна шүү дээ. Шөнө, өдөргүй л буудаж байна. Дуртай нь ирээд машин дүүрэн цагаан зээр овоолж аваад л явчихаж байна. Би уг нь цагаан зээрийг хамгаалах юмсан гэж их бодож явдаг хүн. Өнгөрсөн жил цагдаад зээрийн ангийн талаар хэлсэн. Бөөн юм болж, сүүлдээ мэдээлэл өгснөөсөө болоод буруудаж эхэлсэн. Одоо бол ямар ч хэл чимээгүй, зээр буудаж байсан ч нүдээ аниад хараагүй юм шиг л явдаг болсон. Манай нутагт сүүлийн хэдэн жил цагаан зээрийг ёстой дуусгаж байна. Газар давалгаалж хөндий талыг бүрхэн сүргээрээ явдаг зээр одоо байхгүй болчихсон. Олноороо гэхэд мянга хүрч байгаа юм уу, үгүй тоотой л явж байна. Цэрэг, хорих ангийнхан, уул уурхайн компаниуд л зээрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. 50 зээр агнах зөвшөөрөл авчихаад л 200-300 зээр агнаад явчихдаг. АК-гаар шөнөжин буудаад өглөө эрт яваад өгчихдөг. Хэн ч цагаан зээр агнаж байгаа хүмүүс дээр очиж “Боль” гэж хэлэхгүй.

-Та төрийн байгууллага цагаан зээрийн мах иддэг гэж байна. Хоол хүнсэндээ цагаан зээр хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ?

-Үгүй ээ. Хуучин цагт хамаа замбараагүй цагаан зээр агнадаг байсан бол одоо арай цэгцэндээ орсон. Гэхдээ бүгд зээрийн мах хоолондоо хэрэглэдэг хэвээрээ байгаа. Ногоон бүрхүүлтэй Зил 131 маркийн автомашинтай хэдэн цэрэг ирээд л хядчихаж байна шүү дээ. Хорих ангиудын албан хаагч нар биднээс ирээд цагаан зээр хаагуур их байгааг асуугаад л явдаг. Өчигдөр хоёр машин ирсэн. Уул уурхайн компаниуд ч ялгаа байхгүй. Ажилчдынхаа хоолыг зээрийн махаар намартаа хангаж байна. Уг нь цагаан зээр агнаж болохгүй. Нэг зээр агнавал 1.3 сая төгрөгөөр торгуулна гээд байгаа. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг байгууллага нэг ч байхгүй. Шөнөөр л яваад үз, энд тэндгүй машинаар зээр агнана. Харин ойртож очиж болохгүй шүү. Бууны тэнэсэн суманд оногдож магадгүй.

-Нутгийн малчид цагаан зээрийг их ад үзэх юмаа. Шүлхий өвчин гараад байгаатай холбоотой юм уу?

-Зээр үнэндээ ямар ч гэм хоргүй амьтан юм ш дээ. Бусад амьтад шиг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, малчны хотонд ороод хонь малыг нь идээд байхгүй. Шүлхий өвчин тараалаа гээд ад үзээд байгаа юм. Үүн шиг худлаа юм байхгүй. Үнэхээр л зээр шүлхий өвчин тараагаад байгаа бол бүх зээр шүлхий тусаад бүгд үхчихдэг юм байгаа биз дээ. Мал малаасаа л шүлхий өвчин тусдаг байхгүй юу. Зээр малд өвчин халдаадаг амьтан биш.

Бид буусан айлаасаа хөдлөөд баруун энгэр дээр гартал өглөөний чоно авлахаар ирсэн хоёр “Жийп”-тэй залуус зээр элдэж байлаа. Яагаад гэнэт зээр рүү буу шагайх болсныг асуухаар хөдөллөө. Тэд сүргийн манлай Цэгц буюу хондлой нь ховилтсон Оонын араас элдэхэд “Сайга” буугаар буудах тачигнасан чимээ гарсаар байлаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АРМАДА” ТАНК шинэ үеийн зэвсэг

Ирэх онд ОХУ-ын зэвсэгт хүчнийг шинэ үеийн гэгдэх “Армата” буюу “Т-16” танкаар хангаж эхлэх гэнэ. Хамгийн эхний 20 танк бараг бэлэн болсон бөгөөд удахгүй ОХУ-ын Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгөх юм. Оросын “Уралвагонзавод” үйлдвэр нь түүнийг хийхээр 2009-2010 онд шаргуу ажилласан байна. Харин зохион бүтээгчид таван жил хөдөлмөрлөхдөө маш нууц байдалд ажиллажээ. Орчин үеийн танкийг бүтээсэн гэхэд харьцангуй бага хугацаа зарцуулсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. “Армата” гэдэг нь arma буюу зэвсэг гэсэн латин үгнээс гаралтай аж. Шинэ танкийг 2020 он хүртэл үйлдвэрлэж Оросын зэвсэгт хүчинд 2300 ширхгийг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Т-16” -ын буу нь янз бүрийн сум хэрэглэдэг онцлогтой. Нэг удаа цэнэглээд 22 удаа буудна. Тэр дундаа газар-газар ангиллын пуужинг хүртэл харвах чадвартай. Гинжин дугуйтай бөгөөд ямар ч замаар 70 км/цаг хурдтай явна. Шатахуунаар нэг удаа цэнэглэсэн байхад 500 километр газрыг туулах чадвартай. Таван метрийн гүн усанд болон босоогоороо нэг метрийн өндөртэй газрыг ямар ч саадгүйгээр туулна. Мөн 30 хэмийн налуутай газраар чөлөөтэй явна. Шинэ үеийн танкны бас нэг онцлог нь трамплинаас харайх мэт өндрөөс “үсэрдэг” аж. Цэргийн үзүүлэн сургуулилтын үеэр үүнийгээ нэг бус удаа харуулсан тул нисдэг танк гэгдэх болсон.

Дотроо гурван хүний суудалтай. Түүнээс гадна агаарын довтолгооноос хамгаалах зенитийн системтэй, радартай, зорьсон газраа аль замаар очихыг маш тодорхой харуулдаг тусгай төхөөрөмжтэй. Зарим мэргэжилтнүүд “Армада”-г танк гэхээсээ эсрэг талдаа хүчтэй цохилт өгч чадахуйц универсаль машин хэмээн тодорхойлсон. “Т-16” нь бүрэн алсын удирдлагаар ажилладаг бөгөөд дотор нь сууж яваа хүний аюулгүй байдлыг хангахад нэлээд анхаарсан байна. Тиймээс жолоочийн болон бусад бүхээг нь сум, дэлбэрэлт зэрэгт өртөхгүй. Хөдөлгүүр нь 130 морины хүчтэй тэнцэхүйц, танкны жин нь хамгийн ихээр бодоход 55 тонн. Жолооч нь орчин тойрноо 360 градус эргэж харах боломжтой. Одоогийн байдлаар хамгийн орчин үеийн цэргийн хүнд техник. Харин хэдэн рублиэр үнэлсэн талаар тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан хэдэн сая рублийн үнэтэй гэнэ.

Энэ жил Хятадын Жухай хотод болсон “AirShow China 2014” үзэсгэлэнд уг танкийг толилуулсан. Шинэ үеийн техникийг Хятад хамгийн ихээр сонирхсон бөгөөд түүнийг худалдан авч анхны гадаад хэрэглэгч нь болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Гэвч “Армата”-г үйлдвэрлэгчид үүнийг эрс эсэргүүцсэн аж. Стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд технологи алдагдах аюултай хэмээн үүнийгээ тайлбарласан байна. Ямар ч байсан ирэх жил Улаан талбай дээр болох Ялалтын парадад шинэ танкийг оролцуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн залуучуудын ассамблейн дэд ерөнхийлөгчөөр анх удаа монгол хүн сонгогдов

Дэлхийн залуучуудын ассамблейн XVI чуулган Албани улсын Тирана хотноо “Залуучуудын манлайлал: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганаар тус ассамблейн Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгодог. Энэ зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг аж. 2014-2018 онд ажиллах Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нэр дэвшиж, чуулганд оролцогчдын олонхийн саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн залуучуудын ассамблей нь 1949 онд байгуулагджээ.

Categories
гадаад мэдээ

Эбола вирустэй тэмцэгчдийг Оны онцлох хүнээр тодруулжээ

Өнгөрсөн хоёрдугаар сараас Баруун Африкийн орнуудаар тархаж, 7000-аад хүний аминд хүрээд буй эбола вирусийн эсрэг тэмцэж байгаа эмч, сувилагчдыг Америкийн “Time” сэтгүүл Оны онцлох хүнээр зарлалаа. Долоо хоног тутмын, дэлхийн хамгийн том сэтгүүл, олон улсад хүндтэй “Time”-ын редакц тэднийг амь, бие үл хайрлан, бусдыг аврахын төлөө зүтгэсэн, шувтарч буй 2014 онд хамгийн олон хүнд нөлөөлсөн, онцгой гавьяатнууд хэмээн үнэлжээ.

Тус сэтгүүл өмнө нь Унгарын хувьсгалчид, Америкийн эрдэмтэд, энхийн зуучлагчид гэхчилэн бүлэг хүнийг Оны онцлох хүнээр тодруулж байв. Энэ оны “Time”-ийн онцлох хүнээр уншигчид болон сошиал медиа хэрэглэгчид Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг тодруулсан ч тэрбээр хоёр дахь шатны шалгаруулалтад үлдсэн найман хүний нэг ч болж чадаагүй байна. Өнгөрсөн жил “Time” сэтгүүл Ропын пап Францисийг Оны онцлох хүнээр нэрлэж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Парламентад суудалгүй намууд “Сүүдрийн” Засгийн газар байгуулахаа мэдэгдэв

Шийдлийн Засгийн газар байгуулагдсан даруйд парламентад суудалгүй намууд эвсч Сүүдрийн Засгийн газар байгуулахаа мэдэгдлээ. Монголын Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн нам хамтран нийгмийн нүд чих болж ажиллая хэмээн бусдыгаа уриалжээ. Уриалгад “АН засаг, төр удирдан жолоодох чадваргүй гэсэн нэрийн дор УИХ-ыг сөрөг хүчингүй болгох зорилт тавин парламентад суудалтай бүх намын төлөөллийг хамарсан “Шуурхай” Ерөнхий сайдтай, “Шийдлийн” гэх Засгийн газрыг байгууллаа” хэмээн онцлоод ийм үед парламентад; суудалгүй улстөрийн хүчнүүд улс орон, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж, төр засагт хөндлөнгийн хяналт тавих, эх орноо зөв голдрилд оруулах чадвар, чадавхи болон боломжоо харуулах хариуцлагатай үе ирсэн тул хамтарч ажиллахыг санал болгожээ.

“Сүүдрийн” Засгийн газрын хууль эрхзүйн баримт бичгийн төсөлд Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Сүхжаргалмаа, дэд дарга Ж.Занаа нар ажиллаж байна. Ингэхдээ Английн жишгээр, тодруулбал Эзэн хааны доор Засгийн газрын хоёрын танхим ажилладагаас санаа авч үзэл баримтлалаа боловсруулж буй сурагтай. Монголын Ногоон намаас Сүүдрийн Засгийн газар танхимын бүтцээр ажиллахгүй, тиймээс Ерөнхий сайдгүй байх гэнэ. Харин намууд өөр, өөрсдийн чиглэлээр асуудал хариуцаж хяналт тавьж ажиллах санал дэвшүүлсэн бол цөөнгүй улстөрийн хүчин энэ эрчээрээ 2016 онд эвсэл болж оролцоё гэсэн байр суурь илэрхийлжээ. Монголд “Сүүдрийн” Засгийн газар байгуулж ажилласан жишиг бий. Тухайлбал, Иргэний Зориг нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, “Сүүдэр”-ийн засаг байгуулан танхимын бүтцээр ажиллаж байсан удаатай. Гэхдээ тэр нь сонгуульд чиглэгдэж байв. Тэгвэл, энэ удаагийн эвсэл ч гэсэн 2016 оныг угтсан шоу байх магадлалтай ч эвсэлд нэгдсэн Ногоон нам, Хамаг Монгол Хөдөлмөний намын дарга нар үгүйсгэж байна. Тус эвслийг Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нам болон БНН дэмжиж байгаа бол, МУНН сөрөг хүчин байх ёстой гэдэг үүднээс дэмжиж байгаа ч үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ачигч машиныг байрлуулах найман түр саатуулах байртай боллоо

Замын хөдөлгөөний дүрмийн түр зогсох хориотой заалт болон хориглох тэмдэг зөрчиж автомашинаа зогсоосон иргэдийн тээврийн хэрэгслийг тусгай ачигч, чирэгч автомашинаар зөөж шилжүүлэх зардлыг автомашины төрөл, марк харгалзахгүй 55000 төгрөг болгосон Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал шийдвэр өнгөрсөн сард гарсан. Тиймээс 2014-11-25 наас ийнхүү ачигч автомашины ачиж тээвэрлэх зардлыг 55000 төгрөг болгож мөрдөж эхэлсэн юм. Ачиж тээвэрлэх зардлыг бууруулж 55000 төгрөг болгосон үндэслэл нь өмнө нь гурван түр саатуулах байртай байсан ба тэр нь их хол байрладаг тул ачиж тээвэрлэх үйл ажиллагааны зардал нь харьцангуй өндөр байсан тиймээс иргэдэд илүү ойр байрлалтай найман түр саатуулах байрыг шинээр байгуулж дүүрэг бүрт ачигч машиныг хуваарь гарган ажиллуулж эхэлсэнтэй холбоотойгоор зөөх зай нь богиносож, иргэд ч ойр дөхөм байрлах түр саатуулах байрнаас автомашинаа авах үйл ажиллагаа нь чирэгдэлгүй болж ачигч машинаар тээвэрлэсний зардалд 55000 төгрөгийг төлөх боломжтой талаар тодорхой судалж гаргасан албан шийдвэр ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрийн чуулганаар ийм асуудлууд хэлэлцэнэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙННЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

09.00 цагаас:

1.Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

2.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

3.“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний тогтолцоог Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах нөхцөл бүрдүүлэх тухай, соёрхон батлах/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хуульзүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.

4.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

5.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

6.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөртөө бол ялалтын нэг алхам хийлээ

Утсаар ярьчих санаатай нэгэн танил руугаа залгаад нэмэр болсонгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн эргээд залгаж байна. Ширээний теннис тоглоод утасны дуудлага сонсоогүй гэлээ. “За тэгээд хэр тоглов, хожив уу” гэтэл “Хожигдсон гэхдээ бас хожсон ч гэж болох юм” гэж хэлэв. Хэрэгт дурлаад “Юу гэсэн үг юм бэ” гэтэл тоглоомонд хожих хожигдохдоо чухал биш л дээ. Хөдөлгөөн хийснээрээ би өөртөө хожил авчирч байгаа юм” гэлээ.

Тэр цайны цагаараа ширээний ард аль нэг хоолны газар хэсэг нөхдийн хамт сууж хоол хүлээнэ гэж нэлээдгүй хугацааг, тэгээд болоогүй идэж дууссаны дараа баахан дэмий ярьж суудаг байж. Нийтлэг байдаг зүйл л дээ. Харин тэр байнгын энэ байдлаа өөрчилж өглөө арай эрт босоод үдийн цайгаа бэлдэж ажилдаа явдаг болсноор хоол идэхэд зарцуулдаг цаг хамаагүй багасч бас эдийн засагт ч хэмнэлттэй болоод явчихаж. Тэр хэмнэсэн мөнгө, цаг хугацааг өөртөө ашигтайгаар зарцуулж спортоор хичээллэж эхэлж. Нэг сумаар нэлээдгүй туулай буудна гэдэг л энэ байх. Дөнгөж сурч байгаа болохоор ихэвчлэн хожигддог ч өөртөө бол ялалтын алхам хийсэн гэж үүнийгээ тайлбарлана лээ. Байнгын хэвшсэн байдлаа жаахан л өөрчлөхөд ялалтын нэг алхам ирж байгаа нь энэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ спорт

Амьсгалж чадахгүй байна

Өнөөдөр “Лос Анжелес”-“Сакременто” багуудын тоглолтын өмнөх бие халаалтын хэсгийг нутгийн сагсчид “I cant breathe” гэсэн бичээс бүхий хар өнгийн цамц өмсч эхлүүллээ. Гол зорилго нь хэд хонгийн өмнө “Чикаго” багийн холбогч Деррик Роузын эхлүүлж “Бруклин”, “Кливленд”-ийн сагсчид үргэлжлүүлсэн нэгэн буухиаг дэмжиж буйгаа илэрхийлсэн үйлдэл гэв. Эрик Гарнер хэмээх 43 настай хар арьстай эрийг цагдаа нар боомж амийг нь хөнөөсөн хэргийг олон нийтийн анхааралд хандуулахын тулд ” би амьсгалж чадахгүй байна” гэх утга бүхий бичигтэй богино цамц өмсч байгаа ажээ.

Б.Хулан