Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна

2014 оны 12 дугаар сарын 01-07-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.415 (8.6%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношилогдсон байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16.8, өмнөх оны мөн үеэс 15.7 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 33.955 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.469 (10.2%) нь ТТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 3.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна гэж Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.12.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 55 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжжээ.

Манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан байдаг. Эдгээр нь харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамаарч санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг байна. Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэл тооллогод хамрагдан, хамгаалагдаж, хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явж иржээ. Номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, уншлага үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. Эдгээр шаардлагын үүднээс Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм.

Уг хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох бусад харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад 2 удаа, ажлын дэд хэсэг 1 удаа хуралдаж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 15, найруулгын чанартай 16 саналыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж буйг Байнгын хорооны танилцуулгад дурдав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тухайлахад, гишүүн Ц.Даваасүрэн сумдад соёлын төв, сургуулийн номын санг нэгтгэж нэгдсэн нэг номын сантай байх нь зөв биш үү гэдгийг тодруулахад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр энэ хууль нь номын сангийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Сумдад нийтийн номын сан, сургалтын номын сан гэж тусдаа байх юм. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй, нийлүүлж нэгтгэх нь ч зохимжгүй. Сургуулийн сургалтын номын сангийн зорилго, түүнд авах номын сэдэв, агуулга нь ч нийтийнхээс өөр байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн номын санд авах номын жагсаалтыг боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгөв. Энэ талаар байнгын хорооноос дэмжсэн “бүх шатны сургалтын байгууллага нь сургалтын номын сантай байна” гэсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэн юм.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын Ерөнхий хороо хуралдана

УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болно. Ерөнхий хорооны хуралдаанд оролцох Оросын талын төлөөлөгчид Улаанбаатарт ирээд байгаа ажээ. Тэд салбарын яамны удирдлагуудтай уулзалт хийж байгаа бөгөөд өнөөдөртөө багтан Ерөнхий хорооны хурлаа хийх гэнэ.

Хурлаар чухам ямар асуудал хэлэлцэх талаар одоогоор мэдээлэхгүй байна. Зарим эх сурвалж “УБТЗ” ХНН-ийн даргын асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Одоогоор “УБТЗ” ХНН-ийн даргынүүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж ажиллаж буй юм.

“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүнд:

ОХУ-ын талаас:

  1. В.Н. Морозов- “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч
  2. А.С. Цыденов- ОХУ-ын тээврийн орлогч сайд
  3. В.В. Морозов- “Оросын төмөр замууд” НХН-ийн Монгол улс дахь Ерөнхий төлөөлөгч

Монгол улсын талаас:

  1. Ё.Манлайбаяр- “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орогч дарга, Зам тээврийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  2. Д.Болдбаатар- Эдийн засгийн хөгжлийн яамны эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын дарга
  3. Г.Вандандагва- Монголын Төмөр замчдын холбооны ерөнхийлөгч нар ажилладаг.
Categories
гадаад мэдээ

Оросын Ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр тэрээр Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Кумар Мукерджи, Ехөнхий сайд Н.Модитой уулзаж хэлэлцээ хийх юм. Энэ айчлалын үеэр хоёр улсын хамтран ажиллах тухай нэлээд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа. В.Путин Энэтхэгт байх хугацаандаа тус улсын ажил хэрэгч хүсүүтэй уулзахаас гадна Дэлхийн алмазны чуулган оролцохоор төлөвлөжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хүндэтгэлийн зоогонд оролцох тасалбар 10 мянган ам.доллар

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уильям, гүнж Кейт нар саяхан АНУ-д айлчилсан билээ. Тэдний айлчлалын төгсгөлд АНУ-ын тал хүндэтгэлийн зоог барьсан байна. Түүнд оролцогчид урилгын үнэ хэмээн 10 мянган ам.доллар төлсөн аж. Уг тасалбарын борлуулалтаас олсон мөнгийг буяны үйлсэд хандивласан гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
редакцийн-нийтлэл

Жамсранжавын Амарзаяа: Миний аав үнэндээ сод хүн байсан

Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Жамсранжавын охин СТА Ж.Амарзаяатай ярилцлаа. Тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G intertainment” студийн найруулагч юм.

-Таныг орчин үеийн театр “Black box”-ын жүжгүүдээр олны өмнө гарч ирэхэд агуу удирдаач Жамсранжав гуай эрхгүй санагдаж байлаа. Тэгээд аавын тань тухай дурсан ярихыг хүссэн юм. Олон түмний сэтгэлд аав тань сонгодог хөгжим, Ховд нутаг хоёроороо дэндүү тод овоглогдон үлджээ?

-Миний аав уг нь нийслэл хотод төрсөн хүн. 1943 онд. Өвөө, эмээ хоёр маань бараг л хотын уугуул. Ээж, аавын тал аль аль нь хотын уугуул. Гэсэн ч Ховдоор овоглочихсон, Ховдын Буянт сумынх гэж явдаг юм. Манай дээд өвөг элэнц хуланц маань Жамьян гэж хүн байсан юм. Жамьян өвөө маань Ховдод анх театр байгуулсан хүн л дээ. Түүгээр нь Ховдынх гээд овоглочихсон юм билээ. Удирдаач Чулуун ах манай өвөөгийн дүү. Тэгээд л тэд маань бүгдээрээ Ховдоор овоглож явдаг юм. Үр хүүхдүүд нь аавынхаа удмыг дагадаг жишгээр Ховдынх л гэдэг. Миний аав бол арван тав зургаахан насандаа Оросын Москва хотын хөгжим бүжгийн коллежид сурсан байгаа юм. Төгсч ирээд ажиллаж байгаад бүр сүүлд 1967 онд Ленинградын консерваторт явсан юм билээ. Тэр хооронд аав Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, Ардын дуу бүжгийн чуулгад удирдаач хийж байсан. 1973 онд Ленинградын консерватор төгсч ирээд Дуурийн театрын хөгжмийн удирдаачаар ажиллах болсон.

-Арван хэдтэй хүүгийн Москвад өнгөрүүлсэн он жилүүд ямар байсан бол?

-Миний аав айлын ганц хүү. Хүний ганц хүү учраас их дэврүүн, эрх танхи өссөн юм байна лээ. Эмээ өвөө хоёр маань хоёулаа дээд мэргэжилтэй, өндөр боловсролтой хүмүүс байсан. Нэг нь хүүхдийн эмч, нөгөө нь малын эмч. Тэр үеийн техникумд сурч байхдаа танилцаж гэр бүл болоод аавыг төрүүлж. Хүүхдэдээ маш их анхаарал тавьдаг байсан байгаа юм. Хоёулаа хөгжим тоглочихдог байсан гэдэг юм. Удам судраар нь хөөгөөд үзэхээр Жамьян өвөөгийн урлагийн авьяас өвлөгдөж, манай аав, Чулуун ах, Чулуун ахын хүү Чинбат, Чинбатын Амараа гээд ерөнхийдөө удам угсааны авьяас яваад байдаг юм. Тэгээд ганц хүүгээ Москва явуулчихаад эмээ маань их санадаг байсан нь мэдээж шүү дээ. Тэр үед их дэг жаягтай, их мундаг сурч байсан гэдэг юм билээ. Оросууд бол авьяастай хүнийг сайн төрүүлж чаддагаараа алдартай шүү дээ. Аавыг Ленинградад байхад би нэг хоёрхон ойтой жаахан байсан болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ л тэнд байсан үеийнх нь зургийн цомгийг харж байхад хүртэл их л бие даасан хүүхэд байсан харагддаг юм. Өөрийнхөөрөө байх чөлөөг ч гэсэн эмээ өвөө хоёр гаргаж өгдөг байсан шиг байгаа юм. Ер нь сод авьяастай гоц хүмүүсийн нэг онцлог байдаг шиг байгаа юм. Өөрийнхөөрөө, маш их бие даасан шинжтэй, бусдаас харьяат бус, хэзээ ч юунд ч шантардаггүй тийм хүмүүс байдаг юм шиг ээ.

-Ээж, аав хоёрын тань гэр бүл болсон түүх гэвэл?

-Ээж Анагаахын дээд сургуульд сурч байсан үе гэдэг. Ээж маань хүүхдийн эмч л дээ. Тэгээд аав анагаахын дээдийн оюутнуудыг урлагийн үзлэгт бэлдүүлж байгаад ээжтэй танилцсан юм билээ. Нэг өдөр эмээ, өвөө хоёрын дунд орж суугаад аав хэлж гэнэ. “Би нэг их гоё ногоон нүдтэй охинтой танилцлаа” гэж ярьсан гэнэ ээ. Аав өнгө нэрээр нь ялгадаггүй байсан байхгүй юу. Тектоник гэж ярьдаг даа, тийм хүн байсан. Тэгсэн эмээ өвөө хоёр нэг их норгоон нүдтэй бэртэй болох юм байна даа гээд хөхрөлдөж байсан гэдэг. Ээж маань их цэвэрч нямбай, эмч бүсгүй аавын гэрт орж ирсэн гэж ярьдаг. Ээж маань аав ээж нь эрт өөд болчихсон учраас эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн. Аав ээж хоёр бие биедээ их хайртай, тэрийг нь хичнээн балчир ч гэсэн хүүхдүүд нь харж мэдэрч өсч. Одоо би боддог юм. Хүн үр хүүхдэдээ үлгэрлэж амьдарна гэдэг чинь их гоё юм байна. Зүгээр нэг зааж зааварлахаас илүү өөрийнхөө амьралаар үлгэрлэж амьдарч байж хүүхдүүддээ хайрын атмосфер гэх юм уу нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгдөг юм байна. Аавтай танилцах үедээ ээж хоёрдугаар курст байсан юм билээ. Миний эгч ээжийн адил эмч мэргэжилтэй. Манайд ер нь урлагийнхан, эмч гэсэн хоёр янзын хүмүүс байдаг юм. Их сонин. Өвөө эмээ, ээж, эгч гээд бүгд эмч нар.

Өвөө эмээ хоёр Чулуун ахыг аавд тусалдаггүй байсан гэж ярьдаг сан. Чулуун ах аль хэдийнэ урлагт хүндтэй байр суурьтай болчихсон байсан тэр үед аав дөнгөж сургуулиа төгсч ирээд хөлөө олох гээд явж байж л дээ. Би тэр тухай ингэж ойлгодог юм. Урлагийн хүн бол цэвэр өөрийнхөө хүчээр босч ирэх ёстой. Заавал хэн нэгэн татаад л, нөгөө нь татуулаад байх шаардлагагүй гэж. Өнөө цагийнхны бодлоор бол нэг нь их л том түшиг нөмөр нөөлгөнд ирж байгаа хүн, нөгөөх нь под хийтэл хажуудаа татаж аваад л орлогчоо болгочиход юухан байхав дээ гэмээр. Гэтэл тэр үеийн хүмүүс яг л номоороо, өөрийнхөө хүч авьяасаар байр сууриа олж авч байж. Тэгээд аав маань Дуурь бүжгийн эрдмийн театрт 22 дуурь, балет тавьсан. Дуурийн таетрын вэб хуудас руу ороод би сая зарим юмыг нь сэргээж харлаа л даа.

-Эдний вэб хуудсаас одоо урын сангийнх нь үнэн зөв мэдээллийг авах боломжгүй болсон байна лээ. Аль дээр үед тавьсан жүжгүүдийн удирдаач, найруулагч нарын нэрийг хийсэн бүтээлээс нь хасаад өнөө цагт дохисон хүнийхээр болгочихсон байна лээ. Ж.Чулуун, таны аав, Баатаржав, Санжмятав нарын удирдаачид, тэр бүү хэл Билэгийн Дамдинсүрэнгийнх нь нэр ч бараг байхгүй болчихсон байгаа. Одоо хүмүүс өөрсдийнхөө түүхийг зориуд буруу бичдэг болж байгаа юм уу даа. Бүгд худал мэдээлэл явж байгааг та анзаарсан уу?

-Хүний найруулаад тавьчихсан бүтээлийг дараа нь үргэлжлүүлээд тоглох амархан шүү дээ. Хөгжмийн жүжгийг анх тайзанд тавина гэдэг чинь өнөөдөр сэргээгээд тоглуулахаас шал өөр биз дээ. Миний аав хар багаасаа Орост сурч олон жил тэнд амьдарсан болохоор маш сайн орос хэлтэй. Эх зохиолуудыг нь их сайн уншиж судална, пянз их авчирдаг байсан, тэрийгээ гэртээ байнга сонсоно, сонсоод өөрөө дохиж сургуулилж байнга давтана. Аавын төгөлдөр хуур бол бид нарын хувьд музейн үзмэр шиг л байдаг байлаа. Ээж бид нар зөвхөн арчиж гялалзуулдаг. Нэг ч удаа хуруу гараа хүргэх эрх байхгүй. Бид нарыг яг тийм чанга хатуу дэг журамтай, урлагийг дээдлэх үзэл бодлоор өсгөсөн л дөө. Аав уран бүтээл хийж туурвиж байх үедээ аягүй их нисдэг байсан шиг байгаа юм. Халил ихтэй, хийж байгаа юмандаа өөрөө бүр дотор нь орчихдог, түүгээрээ өвчилчихдөг байсан. Хүмүүстэй уулзахдаа тэрийгээ яриад, энэ жүжгийг тэнд тэгж тавьсан байна, тэндэхийн тэр театрт намайг үзэж байхад тэгж тавьж байсан гэхчлэн олон хувилбараар нь ярина. Тэр уран бүтээлчийн уйгагүй эрэлхийлэл нь аавд их хэрэг болж байсан болов уу. Би урлагийн хүн болохоор хожим ч гэсэн мэдрээд байдаг юм. Энэ олон том бүтээлийг найруулж тавих социализмын үе байсан юм чинь амархан гэж зарим хүмүүс бодох байх л даа. Яагаад гэвэл бүхнийг улсаас дэмжээд нөхцөл бололцоогоор хангаад өгчихсөн гэдэг ч юм уу. Гэхдээ л хүмүүс нь алтан үе байсан байсан байхгүй юу. Оюун, Ганбаатар бүжиглээгүй бол, Уртнасан, дараа нь Жавзандулам дуулаагүй бол тэр олон бүтээл тэгж цогц гарах байсан уу, үгүй юу. Яг тэр алтан үе нь өөрөө маш өндөр түвшинд боловсорчихсон хүмүүс байжээ. Оркестр нь гэхэд л бүтэн оркестр суухад дандаа дээд мэргэжлийн хөгжимчид байгаа юм. Одоо ингээд бүтэн концерт сонсоход яагаад ч юм миний аавын удирдаж тоглуулж байсан шиг санаанд хүрдэггүй. Тэгээд оркестроо өөр хэн нэгэн удирдаачгүйгээр, аав удирдаж байгаагаар төсөөлөөд сонсохоор ямар гоё сонсогддог гээч. Нэг тийм амьд сүнслэг орчинд орчихдог юм. Одоогийн удирдаач нарыг би муу гэдэг ч юм уу уран бүтээлийг нь муу гэж байгаа юм биш шүү. Хамгийн гол нь энэ бол уран бүтээлчид санаа нэгдэх, бие биенээ дэмжиж, хайрлаж, дандаа нэгэндээ тусалж, урам зориг өгч байх тэр сэтгэл нь чухал. Миний аавын хамтарч ажиллаж байсан үеийнхэн бол үүгээрээ гойд байжээ. Хийсэн бүтээснээс нь мэдрэгддэг юм. Миний аав бол харахад их ширүүн дориун зантай, эрс шийдэмгий, хүнд үнэнийг хэлэхдээ ерөөсөө цааргалдаггүй хүн байсан. Тэр чанараараа үеийнхнээ, хамт ажиллаж байсан уран бүтээлчдээ байлдан дагуулж чадсан байх. Зөвхөн дуучид биш шүү дээ, балетчид, найрал дуучид, найруулагч, оркестр гээд хөгжмийн театрт бол удирдаач л тэр бүгдийг зангидаж жүжиг тавина шүү дээ. Ер нь Дуурийн театрт миний аавын тухайн өдрийн настринаар бүх юм шийдэгддэг байсан шиг байгаа юм.

-Мэдээж. л дээ, тухайн удирдаачийн л бодол санаа, мэдрэмж, тэр бүү хэл зан характераар хөгжмийн бүтээл тайзан дээр шинээр төрдөг юм чинь. Ингэхэд таны аав хоёр охиноо театртаа дагуулж очдог байв уу?

-Ер нь урлагийн тогоонд чанагдаж байгаа хүний хүүхдүүд тэгтлээ тэр чигээ дагаад, аав ээжийгээ дагаад “хүлээс”-нд өнжөөд байдаггүй. Би тийм амьдралыг мэдэхгүй. Театрын ертөнцийг тахиж шүтэж, үзэгчийн суудалд сууж өссөн. Хэрэв тайзны ар руу явбал алуулна шүү дээ. Тэр бол уран бүтээлчдийн орчин. Хүүхдүүд бидэнд тийшээ гишгэх эрх байхгүй. Би харин Драмын жүжигчдийн хүүхдүүдийн ярьдаг, тайзны ард дуулж жүжиглэж өссөн гэх мэтийн яриаг ойлгодоггүй юм.

-Аав тань хөгжмөө удирдан тоглуулахдаа бүр багтаж ядсан гоц эмоцитой хүн байлаа. Бичлэгийг нь харж байхад. Сэтгэлийн илэрхийлэл асар өндөртэй удирдаач. Тэр чанар нь танд хэр зэрэг удамшсан бэ?

-Тэр багтаж ядсан эмоци гэдэг чинь урлагт их чухал юм даа. Аав бол тэгж төвлөрдөг байсан. Түүгээрээ ч онцгой ялгардаг байлаа. Би багадаа балет их сонирхдог байв. Тэгээд гуравдугаар ангид байхдаа хэнд ч мэдэгдэлгүй балетад шалгуулаад тэнцлээ. Жамьяндагва тэргүүтэй хүмүүс ОХУ-ын Перьмийн Балетын сургуульд элсэх хүүхэд шалгаруулж авах үе таараад би тэнцчихлээ. Ямар ч байсан сургуульд нь орчихлоо гэсэн бодолтой, гуравдугаар шатны үзлэгт нь орох гэж байтал аав мэдчихээд эрс эсэргүүцсэн. Манайх тэгэхэд арванхоёр давхар байрны хамгийн дээд давхарт байдаг байв. Аав охиноо балетчин болгохгүй гээд намайг арванхоёр давхарт түгжиж байсан гээд бод доо. Биеэр дамжуулж гаргадаг урлаг, хамгийн хүнд хөдөлмөр учраас аав тэгтлээ дургүйцсэн байх. Оюун гуайг л бод л доо. Бие, сэтгэл, амьдрал бүх юмаа зориулж, шавхаж байж одын түвшинд очно шүү дээ. Сонгодог урлаг гэдэг чинь тийм нандин, ариун зүйл. Би ч балетад дэндүү дуртай хүүхэд байлаа. Тэр үед бараг цонхноос үсэрчихмээр санагдаж байсан. Гэсэн ч аав явуулаагүй.

– Дуурийн театр дахь аавын тань амьдралын сүүлийн жилүүд ямархуу байсан бэ?

-Миний аав 1994 онд тэнгэрт буцсан. Орос, Монгол аль аль талдаа л ардчилал бий болж, театр үнэхээр том уналтад орсон. Театр хаалгаа бараг барьсан. Тэр үеэр аав ОХУ-ын Буриадын Дуурийн театрын урилгаар Ерөнхий удирдаачаар нь очсон юм. Тэнд бас нэлээн уран бүтээл хийсэн. Эргэж ирээд байж байтал дахиад урилга заллага болоод Буриадад очсон. Эргэж ирээгүй. Миний аав бол эрүүл саруул биетэй, амьдралын өндөр дэг соёлтой хүн байсан. Удирдаачийнхаа хувьд бол үнэндээ сод хүн байсан.

-Та театртаа хэд хэдэн жүжиг найруулан тавьсан. Жүжиг найруулахдаа ер нь юу мэдрэв. Болмоор юм уу?

-Найруулга гэдэг бол ерөөсөө л тухайн найруулагчийн өнцөг юм байна гэж боддог болсон. Би сэдвээ аль өнцгөөс яаж харах вэ гэдэг л асуулт миний өмнө гарч ирнэ. Манай Мийгаа ах(Боролдой студи, С.Мягмар найруулагч) хэлдэг юм. Чи найруулагч хийх юм бол уншаач, энд тэндэхийн юмнуудыг судлаач гэдэг юм. Гэтэл би бусдыг харахаас илүү өөрийнхөө дотоод ертөнц дээр, ой тойндоо босгож ургуулж хийх дуртай. Бүтээл хийж дууссаныхаа дараа бусдынхтай харьцуулж болно шүү дээ.

-Найруулагч бүтээлээ цэвэр өөр дээрээ босгож ирнэ гэдэг чинь театрын оюун санаанд том үзэл байна. Бид олон л найруулагчийн яриа хөөрөө, үзэл бодлыг хуваалцаж байсан. Ийм зоримог хандлага сонсдож байсангүй?

-Бусдын хийснийг үзэж харж, судалж хийдэг арга барилтай хүмүүс байдаг байх л даа. Тэгээд ч би нэг ч их олон бүтээл найруулсан биш. Зүгээр нэг тийм бодол надад байдаг. “Хирс”-ийн дараа “Хатагтайн айлчлал” дээр ажиллалаа. Аль алинд нь тэр бодлоороо л хандсан.

-Танай театр жүжигчдийн тоглох орон зай нь их гоё юм байна лээ. Үзэгч тоглолтыг араас нь дагаж үзэхийн оронд найруулагч зохиолч хоёртой зэрэгцээ оршиж, өөрөө шийдэл эрж хайх жишээтэй. Ингэхээр тэнд байгаа бүх хүмүүс ямар ч хөшиг хаалтгүй, маш нээлттэй харилцаанд орчихож байна?

-Манай театрт орж ирсэн хүмүүс хөдлөхөөсөө ч айдаг. Хуучны сонгодог уламжлалт театрт ямар дэг жаяг байдаг билээ тэр бүх дэг жаяг өнөөдөр “Black box” театрт байна. Тайз гэдэг чинь өөрөө тавилга биш, хувцас ч биш. Ерөөсөө л жүжигчдийн том баг байдаг. Яг үүн шиг миний аавын Дуурийн театрт ажиллаж байсан хүмүүс нь гайхамшигтай хүмүүс байжээ. Миний аавын хорин хоёр дуурь балет байдаг. Тэр бүгдийг аав ганцаараа хийгээгүй. Яг тэр цаг үед алтан баг, алтан боломж тохиосон учраас тийм олон бүтээл хийж чадсан. Уртаа эгч, Эрдэнэбулган ах, Нацагдорж ах, Гунгаасүх ах гээд цааш нь бүгдийг нь мэдээж нэг дор нэрлэхэд хэцүү. Тэднийг би жинхэнэ алтан үеийнхэн л гэж боддог.

-“G intertainment” студи тань танай гэр бүлийн студи уу?

-Тийм ээ. Нөхөр минь продьюссер хийдэг юм. Ганболд гэдэг залуу бий. Бид гурван хүүхэдтэй. Эгч бид хоёр хоёулхнаа өссөн болохоор олон хүүхдэд дуртай.

-Жамсранжав гуайн өөрийн зохиол дуу, дан хөгжмийн хориод бүтээл бий. Тэднийг нь та эмхэлж цэгцэлж, хамгаалж байгаа юу?

-Хөгжим гэдэг чинь урлаг дотроо их нарийн урлаг. Би драмын жүжигчин болохоос биш ноот мэдэхгүй. Хүн ер нь чаддаг юмаа хийгээд явчих юм. Тэгээд аавынхаа бүтээл рүү орж чадахгүй л байна. Харин миний эгчийн хүү Мишээл гээд Орост хөгжмийн сургуульд сурч байгаа хүү байна. Тэр маань өвөөгийнхөө бүтээлийг цэгцлэх байх. Хөгжимд гоц авьяастай. Оросын жирийн дунд сургуульд сурч байхад нь энэ ерөөсөө гений хүүхэд байна гээд хөгжмийн сургуульд нь авчихсан юм билээ.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газар нутгийнхан өнөөдөр чуулна

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ” сэдэвт чуулган өнөөдөр эхэлнэ.

Олон улсын чиг хандлагаас харахад дэлхийн хамгийн том 100 хотын гуравны нэг нь ундны усаа тусгай хамгаалалттай газар нутгаасаа авч хэрэглэдэг байна. Мөн Танзани улсын Сирэнгэтийн паркаа түшиглэн олсон орлого нь тус улсын төсвийн 50 хувийг бүрдүүлдэг жишээтэй. Эдгээр баримтуудаас харахад онцгой үнэ, цэнэ ач холбогдол бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад оруулах нь чухал ач холбогдолтой бөгөөд түүний менежмэнтэд олон талууд оролцсон анхаарах шаардлагатай юм. Чуулганд оролцогчид тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ, цэнэ ач холбогдлын талаар нэгдсэн ойлголттой болж улмаар тусгай хамгаалалттай газар нутгийн үр ашигтай менежмэнт, тогтвортой санхүүжилтийг хангах арга зам, боломжийг тодорхойлох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүдэн шүүхийн эсрэг хурал болж байна

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл байгууллага хамтран “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” онол, практикийн бага хурал өнөөдөр болж байгаа аж. Хуралд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга”-ыг шалгаруулав

Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг уламжлал ёсоор зохион байгуулжээ. Уг уралдааны дүнг Авлигын эсрэг олон улсын өдрөөр олон нийтэд танилцуулж, шагналыг гардуулав.

Арга хэмжээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр тэргүүтэй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дуурайл болгох зорилготой уг уралдааныг тусгай хороо тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалтыг хийж, нийт 7 байгууллага, 2 албан тушаалтныг тодруулсан байна. “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга” уралдааны 2014 оны шалгаруулалтаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан Б.Бат-Эрдэнэ, Ж.Шаравнямбуу, “IRIM” судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөрөнгийн биржийн эрх бүхий албан тушаалтан Н.Баярцэцэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус тус тодорлоо.

Categories
гадаад мэдээ

Хятадад хуучин мөнгөн дэвсгэрт шатааж, эрчим хүч гаргаж байна

Хятадын Хенань мужийн Луоянг дахь цөмийн станц нүүрс биш мөнгөн дэвсгэртийг шатааж, эрчим хүч гаргаж авч байна. Нэг тонн хуучин мөнгөн дэвсгэрт шатаахад 600 kWh эрчим хүч ялгаруулж байгаа нь байгаль орчинд ээлтэй шинэ технологи гэж үзжээ. Хятадын Төв банк хэрэглээнээс гарсан хуучин дэвсгэртүүдийг шатаах зөвшөөрөл олгосон байна. Хэрэглээнээс гарч буй дэвсгэртүүдийг шатаахад жил бүр 1.32 сая kWh эрчим хүч ялгаруулах бөгөөд энэ нь 4000 тонн нүүрсний хэрэглээтэй тэнцэнэ гэсэн эдийн засгийн тооцоолол гарчээ.