Categories
мэдээ нийгэм

Ихэнхи нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар цас орж, цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал,14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгаар цас, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Манай тамирчин Өсвөрийн жүдогийн аварга боллоо

жүдо

Тив дэлхийн аваргаас алтан медалийн эзэд төрсөөр байгаа спортын салбарт жүдогийн өсвөрийн Азийн аварга манай улсаас төржээ. ХонгКонгод болж байгаа Өсвөрийн жүдочдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд охидын 48 кг-ын жинд хүч үзсэн Өвөрхангай аймгийн харьяат Б.Хорлоодой алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо. Мөн хөвгүүдийн 81 кг-ийн жинд барилдсан ОБЕГ-ын тамирчин Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Б. Түвшинтөгс, охидын хамгийн хөнгөн жин буюу 40 кг-д хүч үзсэн Архангай аймгийн харьяат С. Отгонсүрэн нар хүрэл медаль хүртжээ.Манай тамирчид Боржин төв дэвжээний дасгалжуулагч Б. Алтантуяа, Хангарьд клубын дасгалжуулагч Д. Наранбаатар нарын удирдлаган дор тэмцээнд оролцож буй. Монгол Улсын өсвөрийн баг тамирчдыг МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М. Бөхбат, Д. Мөнхзул нар ахалж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ

-ЗАСГИЙН ГАЗРЫН X БАЙРЫГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОХ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАЛАА-

“Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё” гэдэг санаачилгыг “Өдрийн сонин” гаргаж, төрийн түшмэдүүдийг дэмжээч гэж уриалсан. Уншигчид бидний санаачилгыг дэмжиж, түмэн олныхоо төлөө дуугарч байгаад талархлаа илэрхийлсээр байгаа.

Монголын хамгийн олон уншигчтай, нийгмийг залж, түүчээлж байдгийн хувьд “Өдрийн сонин” ард түмнээ төлөөлж “Түмэн олныхоо төлөө зүрх сэтгэлтэй байгаач” гэж төрийн түшээдэд уриалсан юм. Засгийн газар энэ уриалгыг дэмжиж, ажил хэрэг болгох шийдвэрийг уржигдар гаргалаа.

Тодруулбал, Засгийн газ­рын уржигдрын хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Ший­лэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах санал гаргасан аж. Засвар хийх, тоног төхөөрөмж авах мөнгийг нь шийдчихвэл яамны байрыг 21 хоногийн дотор хүүхдийн эмнэлэг болгох боломжтойг Эрүүл мэнд, спортын яамныхан хэлж байна. Тэр эмнэлэг ажиллаад эхэлбэл дүүргийн эмнэлгүүдийн хонгилд, шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүд ор бараадах боломжтой болно.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, IV хорооны нутаг, Барилгачдын талбайд буюу хуучнаар Туул рестораны ард байдаг Засгийн газрын X байранд өчигдөр очиход хамгаалалтын ажилтан нь “Хүүхдийн эмнэлэг болгох талаар ярьж байгаа л гэж сонссон. Одоогоор нүүдэл хийгээд гадны хүн оруулах боломжгүй байна” гэсэн юм. Гаднаас нь харахад Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй дүйцэхүйц харагдана. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортой. Сүхбаатар дүүргийн хүүхдийн тасаг 125 ортой. Энэ хоёр эмнэлэг хоёулаа дөрвөн давхар. Эмнэлэг болгохоор яригдаж байгаа Засгийн газрын X байр гурван давхар. Өрөө, тасалгаа ч олонтой. Яам байрлаж байсан болохоор сайхан тохижуулжээ. Өрөөнүүдийн хаалга нь шинээрээ шахам. Хана, тааз нь өнгөлөг юм. Дотоод засал, өнгө үзэмжийн хувьд Яармагийн эмнэлэгтэй харьцуулшгүй тансаг харагдсан. Гэхдээ эмнэлгийн зориулалтаар тохижуулж засварлахад 200-гаад сая төгрөг хэрэгтэй гэж Эрүүл мэнд, спортын яамныхан үзэж байгаа юм билээ. Яамны байрыг эмнэлэг болгосны дараа ор, тоног төхөөрөмж, ажиллах хүч гээд асуудал гарах нь дамжиггүй. Гэхдээ түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгох санаачилгыг дэмжиж, ажил болгож эхэлсэн нь чухал.

Ж.АМАРСАНАА: МӨНГӨ ШИЙДЭГДЧИХВЭЛ 21 ХОНОГИЙН ДОТОР ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэнд, спортын яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Амарсанаатай хүүхдийн эмнэлэг байгуулах ажлын талаар ярилцлаа.

-“Өдрийн сонин”-ы санаачилгыг дэмжиж, хүүхдийн эмнэлэг байгуулах боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулсан танай яамныханд талархал илэрхийлье.

-Баярлалаа. Бид төрийн өмчит хэд, хэдэн байрыг очиж үзсэн. Улмаар татан буугдсан яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн. Мэдээж эмнэлгийн зориулалттай байр биш учраас олон улсын түвшний стандарттай эмнэлэг болгох боломжгүй. Гэтэл эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэж байна. Тиймээс хүүхдийн эмнэлгийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай учраас яамны байрыг боломжоороо засварлаад хүүхдийн эмнэлэг болгох нь зөв гэж үзсэн. Эмнэлэг байгуулах санаачилгыг аль болох хурдан хугацаанд ажил болгох зарчим барьж байгаа.

-Ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд шинэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байсан. Гурван сарын дотор амжих уу?

-Мөнгөний асуудал шийдэгдчихвэл 21 хоногийн дотор эмнэлгээ байгуулах зорилт тавиад ажиллаж байна.

-Засвар хийх, тоног төхөөрөмж авахад хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?

-Бага зэргийн засварын ажил хийгдэх нь дамжиггүй. Мөн ор дэвсгэрээс эхлээд тоног төхөөрөмж шаардлагатай. Эмнэлэг байгуулахад нэг тэрбум төгрөг хангалттай гэдэг тооцоог бид Засгийн газарт гаргаж өгсөн. Үүнээс засвар хийхэд 200 сая төгрөг хангалттай гэж тооцоолсон. Яам үйл ажиллагаа явуулж байсан учраас тохижилт сайтай. Тиймээс эмнэлгийн зориулалттай болгож засварлахад боломжиндоо тааруулаад бага мөнгө зарцуулъя гэж тооцоолсон. Эхний ээлжинд засварын мөнгө шийдэгдчихвэл шууд ажлаа эхлэх боломжтой. Байр сул байгаа учраас өнөөдөр ч засвараа эхлэхэд бэлэн шүү дээ.

-Бусад эмнэлгүүдээс тоног төхөөрөмж авах боломж байгаа болов уу?

-Боломжтой байж болох бүх л хувилбарыг ярьж байна. Бусад эмнэлгээс тоног төхөөрөмж илүүчлэх талаар ярьж байгаа. Гэхдээ ийм өндөр ачаалалтай байгаа үед эмнэлгүүд ор дэвсгэр, багаж хэрэгслээ илүүчлэх нь хүнд байна. Тиймээс хүүхдийн эмнэлэгт хандив тусламж үзүүлээч гэж танай сонины уншигчдад уриалмаар байна. Байгууллага хамт олноороо ганц ор хандивласан ч илүүдэхгүй шүү дээ. Тоног төхөөрөмж нийлүүлдэг компани, бизнес эрхлэгчдийг гар сунгаач гэж хэлье. Та бүхний хүүхдийн эмнэлэгт оруулсан хөрөнгө маш том буян болно гэдгийг уриалмаар байна.

-Эмнэлгээ байгуулсны дараа урсгал зардлын асуудлыг яаж шийдэж байна вэ. 2015 оны төсөвт шинээр эмнэлэг байгуулах мөнгө тусгагдаагүй шүү дээ.

-Угаасаа төрийн өмчийн байр учраас цахилгаан, дулааны, усны зардал нь шийдэгдчихсэн. Үүн дээр шинээр эм тариа, ажиллагсдын цалин хөлс гээд сард 160-аад сая төгрөгийн урсгал зардал шаардагдах тооцоо гарсан. Төсвийн тодотголоор урсгал зардал суулгах боломж гарах байх. Үүнээс өмнө эмнэлгээ байгуулаад, хүлээлгэж өгөхөд онцгойлон анхаарч байна.

-Боловсон хүчний асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?

-Шинэ эмнэлэг ажиллуулахад хамгийн багадаа хүүхдийн 30 эмч хэрэгтэй. Мөн 60-аад сувилагч шаардлагатай. Хүүхдийн эмчийн асуудлыг салбарынхаа хэмжээнд зохицуулахаар ярьж байна. Бусад эмнэлгүүдээс арав, хорин эмчийг татаж авна. Мөн хүүхдийн эмчээр сургалтад хамрагдаж төгсөх курсийн эмч нарыг ажиллуулна. Аль ч оронд нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч ажилладаг. Харин сувилагчид нэлээн дутагдалтай байгаа. Тиймээс ажлын хэсэг байгуулаад сувилагчаар хангах асуудлыг тусад нь ярина. Энэ эмнэлэгт сувилагчаар ажиллах сонирхолтой, хүүхдийн сувилагчийн лицензтэй хүмүүс Эрүүл мэндийн яаманд хандаач гэж уриалж байна.

-Засгийн газрын X байр Чингэлтэй дүүргийн нутагт буюу Барилгачдын талбайд байдаг. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн хүүхдүүд эмчлүүлэх үү?

-Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулагдах юм. Тиймээс эхний ээлжинд харьяалал харгалзахгүй болов уу. Яваандаа Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлж өгөх байх. Тэр үед дүүргийн харьяалал тогтоож магадгүй.

-Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүүхдийн эмнэлэг байгуулахаа мэдэгдсэн. Танай яамтай санал солилцсон болов уу?

-Их аварга ийм санаачилга гаргасанд туйлын их баярлаж байна. Мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах бол манай яам нээлттэй байгаа. Цаашид хамтраад ажиллахад бэлэн гэдгийг хэлмээр байна.

-Та төрийн өмчийн хэд, хэдэн байрыг очиж үзсэн гэсэн. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ИТХ бүгд шахам шинэ байранд орчихсон байгаа. Ядаж хуучин байрнуудыг нь түмний эмнэлэг болгох болговол шинээр эмнэлэг барьснаас бага зардал гарах болов уу?

-Ерөнхий сайд эмнэлэг байгуулж болох байрыг судлаарай гэдэг үүрэг өгсөн. Төрийн өмчийн хороо судалж байгаа. Дүүргүүдийн байрны хувьд Сүхбаатар дүүргийн хуучин байрыг нураах шийдвэр гаргачихсан юм билээ. Хан-Уул дүүргийн хуучин байранд шүүх нь орчихсон.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ганванжид яам

Бид Уул уурхайн яамыг ингэж нэрлэлээ. Яагаад гэвэл уул уурхайн салбарыг “Бридж” группт үе дамжуулан өгч байна. Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Р.Жигжид нар энэ салбарыг үе дамжин удирдаж байгаа нь ингэж хэлэхэд хүргэж байгаа юм. Уул уурхайн яам Монголын голлох хөрөнгө оруулалтын аман дээр сууж байдаг онцлогтой. Бидний идэж уух, өмсч зүүх бүхэн тус яамны үйл ажиллагаанаас шууд хамааралтай болсон үе. Харамсалтай нь “Бридж” группийнхэн энэ салбарыг толгойлж эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт 70 хувь татарсан. Товчхондоо ард түмэн бидний идэх хоолны 70 хувь нь хорогдсон гэсэн үг. Идэх хоолныхоо 70 хувийг асгачихаад аяга руугаа хар даа. Ёроолд нь юу үлдэж байна.

“Бридж” группийн гэх тодотголтой Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, “Эрдэнэс Оюу толгой”-н захирал асан Ц.Сэдванчиг, өнөөгийн Уул уурхайн сайд Р.Жигжид нар ийм болгосон. “Гадаадын хөрөнгө оруулалтыг гаргахын төлөө ясаа цайтал үзнэ. Хөрөнгийг нь хураана” гэж баахан хашгирсан хүмүүс салбарыг нь удирдаад эхлэхээр ямар тэнэг нь мөнгөө бариад ирэхэв дээ. Гадны хөрөнгө оруулалт татрахаас яах билээ.

Тэгвэл энэ хооронд “Бридж” групп бидэн шиг ядуурсан уу. Тэдний ямар хэмжээний хөрөнгөтэйг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ тэдний хоосорсон эсэхийг үйл ажиллагаанаас нь шууд харж болох байх. Ямартаа ч “Эвридэй” сүлжээ дэлгүүр нь хотын төвөөр дүүрч, улирал бүхэн шинэ салбараа нээж байна. Айдасын даваа, 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо тийш худалдааны төвөө нээн үйл ажиллагаагаа тэлсээр, улам л өргөжсөөр байгаа. Энэ чинээлэг хүмүүс иргэдийн зовлонг үнэндээ мэдэхгүй. Улстөржөөд, сонгуулиа хийгээд, популизмдаад улам л оргил руу тэмүүлнэ. Хөлд нь ард түмэн үрэгдэж гүйцлээ.

Одоо Р.Жигжид хэмээх Ганванжид яамны сайд бол­­сон нөхрийг харахаас айж байна. Р.Жигжидийг сайд болгох гээд УИХ-аар хэ­лэлцэхэд гишүүдийн асуул­тад хариулахдаа ганц ч шийд­вэртэй үг хэлсэнгүй. Төрөлхийн дипломат гэж гайхуулаад, судалж байгаа гэсээр ганц ч асуудал шийдээгүй байхад чинь ард түмэн өлсч үхэх вий. Ингэж дипломат зангаа гаргаж асуудал шийдэхгүй байсаар удвал гадаадын хөрөнгө оруулалт 70 биш 100 хувь болж ард түмний аяганд шавхруу ч үлдэхгүй юм биш биз. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг хөрөнгө оруулагчид бүгд мэдэж байгаа. Тэгэхээр “Бридж” гурппээс энэ яамыг салгаж авах шаардлага зүй ёсны асуудал болох биз ээ.

Б.НОРОВ

Categories
мэдээ цаг-үе

Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаад дууслаа

-ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ-

Түрүүч нь 295, 296, 297 (4935, 4936, 4937) дугаарт

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооно 500 мянган төгрөг, шаргачинг 550 мянган төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг хоёроос дөрөв дахин өсгөж торгоно гэж Ан агнуурын тухай хуульд заасан байдаг аж. Хууль батлагдаад дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч огт хэрэгжихгүй өдий хүрч байна. Монголын зүүн хязгаар нутагт хэн дуртай нь цагаан зээрийг буудаж, машины тэвш дүүргээд ачаад явж байхад тоож байгаа газар алга байна. Цагаан зээрийг сүүлийн жилүүдэд огт тоолоогүй юм байна. Арав гаруй жилийн өмнө Монголд хоёр сая орчим цагаан зээр байна гэх тоог гаргасан байна. Сүүлийн жилүүдэд их хядлагаас болоод цагаан зээрийн тоо толгой эрс багасч цөөрөөд байгаа гэдгийг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн иргэд хэлж байв. Хөдөө талыг тэр чигт нь бүрхэж газар буцалж байна уу гэлтэй харагддаг байсан бол одоо тийм байхаа больжээ. Монгол нутагт тарвага гэдэг амьтны хувь заяа ямархан эмгэнэлтэйгээр мөхлийн ирмэгт ирснийг цагаан зээрийн хувь заяа давтах шиг.

300 АДУУТАЙ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АДУУЧИНДАА ЗЭЭРИЙН МАХ БЭЛТГЭЖ БАЙЛАА

Бид Дорнод аймгийн зүүн захын сумдын цагаан зээрийн бүс нутгаар явлаа. Сүхбаатар аймгаас ялгагдах зүйл огт алга байв. Энд тэндгүй л автомашинууд сүлжилдэн давхих юм. Бүгд цагаан зээр агнаж байлаа. Ихэнх цагаан зээр агнагчид “Ланд” 200 зэрэг үнэтэй автомашин унасан байх ажээ. Цагаан, хар өнгийн “жийп-тэй хижээл насны эрчүүд ан хийж байхтай тааралдлаа. Бүгд сүүлийн үеийн автомат буу агссан байгаа харагдана. Мэнд мэдэлцээд цагаан зээр яагаад агнах болсон талаар яриа өдөв. Тэгсэн өөдөөс “Хэдэн адуучин их идэх юм аа. Өвөл гурав дөрвөн даага идчихээд байх юм. Адууны махны хачир болгоод хэдэн зээрийн мах өгөх санаатай л явж байна. Бас чоныг нь чадахгүй юм аа. Зээрийн цусаар шинэ буугаа мялааж байна даа” гэв. Тэд улсын алдарт уяачтай нэг гал болдог компанийн захирлууд гэсэн. Хоёр машинд байгаа эрчүүд их олон адуутай гэнэ. Тал дүүрсэн олон адуугаа Сүхбаатар, Дорнодын отрын бүс нутагт өвөлжүүлж байгаа юм байна. Тэд цагаан зээрийг машинаар элдэж байгаад араас нь шүршчихэж байна. Намар хэнзэлж төрсөн янзагыг хүртэл буудчихсан байлаа. Тэдэнд амьтныг хайрлаж өрөвдөж энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь гаргаж байгаа авир, үйлдлээс нь тодоос тод харагдах юм. Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт адуугаа оторлож байгаа алдарт уяачид, компанийн захирлууд олон байна лээ. Бүгд л адуучин залуустаа зээрийн мах бэлтгэж өгдөг байна. Олдохоороо өлдөнө, түмэн хоньтой айлд шөлний хонь олдохоо байдаг гэж хуучны үг байдаг. Гурван мянган хонь гэрийнхээ гадаа хотлуулчихаад тураг зээрийн мах чанаж идээд сууж байгаа айл. Хонож байгаа зочдодоо түмпэн дүүрэн зээрийн мах чанаад өгч байгаа аймгийн мянгат малчин айл арга ядсандаа цагаан зээрийн махаар бор ходоодоо дүүргээгүй байлтай. 300-400 гаруй адуутай мөртлөө гадаа гандаж хөдөө хөхөрч байгаа адуучин залуусаас гурван сарваа харамлаад зээрийн мах идүүлэх гээд бөөн бөөнөөр нь амийг нь тасалж байгаа аархсан баячуудыг юу гэж ойлгох вэ. Үнэхээр л сувдаг шунахай сэтгэлтнүүдээр зүүн гурван аймаг дүүрээ юу гэж бодоход хүргэлээ. Юу гэсэн үг вэ. Гурван мянган хониноос хагалаад идэх хонь олдохгүй байна гэж үү. Ганц үхэр, таван хонь өвлийн идшиндээ төхөөрч чадахгүй юм бол тал дүүрсэн малаар ч яах юм билээ. “Сувдаг сэтгэлтнүүдээс болж үндэстэн мөхдөг” гэж хүмүүсийн ярьдаг нь үнэн аж. Шунахай сэтгэлээсээ болоод гурван мянган хонио идэж чадахгүй байгаа хүн цагаан зээрийг хядаж дуусгаад маргааш нь хоттой хонио биш өөр нэг амьтан руу буу шагайна шүү дээ. Ингээд л нутаг орныхоо баялаг болгоныг цөлмөж орь ганцаараа баяжихыг хүснэ.

ОРОО НЬ ОРСОН ООНЫН ЗАСАА ИДЭХ ГЭЭД…

Дахиад л үнэтэй машин унаж, уусан архиндаа халамцсан залуустай таралдлаа. Тэдэнд нэг найз нь оонын засаа чалханд сайн гээд хэлчихсэн юм байна. Тэгээд л хэдэн найзуудаараа нийлж ороо нь орж байгаа оонын засаа идэхээр ирцгээжээ. Зөвхөн засааг нь идэхийн төлөө хамгийн том биетэй, тарга тэвээрэг сайн авсан ооныг хөөлөө. Сүргийн манлай амьтан юм гэсэн дээ үхлээс зугтааж гарахын тулд том том харайгаад л цахилж одох. Даанч машины хурднаас илүү гарч чадахгүй. Удалгүй суманд оногдон цусандаа будагдаж тэрий хадан унав. Бууны сумны халуун тугалга далыг нь хавсарч оноод унагажээ. Хоёр залуу машинаас огло харайн бууж очоод үхэж амжаагүй байгаа зээрийг дээш нь харуулаад тэлээнийхээ хуйнаас иртэй тонгорго гаргаж ирээд засааг нь угаар нь тас огтолчих юм. Хоорондоо “Ямар том засаатай п…. вэ. Сайхан үнэртэж байна. Машинаас даруулах архи аваад ир” гээд яах ийхийн зуургүй залгичих юм. Араас нь аяга дүүрэн архи хөнтөрч орхиод инээд алдах. Бусад нь шоолж инээлдээд “Өнөө шөнө аймгийн төв орж нутгийн хүүхэнд оонын засаа залгисныхаа ид шидийг ёстой нэг үзүүлнэ” гээд л тас тас хөхөрцгөөх юм. Сүүлийн үед ороо нь орсон оонын засаа чалханд сайн гээд зөвхөн засааг нь идэх гэж цагаан зээрийн амийг тасалдаг болжээ.

Дорнод аймгийн нутагт хэдэн жилийн өмнө цагаан зээрийг үй олноор нь хядаж зугаагаа гаргаад хот руу буцаж явсан дөрвөн залуу осолдож бүгд амиа алдаж байсан гашуун түүх бий. Тэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын орчмоос автомат бууныхаа ид шидийг үзэх гээд цагаан зээрийг хядчихсан байна. Хайр найргүй шүршиж шаргал талыг цус нөжиндөө холилдсон үхсэн зээрээр дүүргэсэн гэнэ. Янзагалаад удаагүй туранхай шаргачинг хүртэл дал хавсран буудаж зугаацаж байжээ. Тэгээд л хот руу очиж зээр хядсан баяраа тэмдэглэх гэж яваад л замын хажуу руу машин нь унаад хэд хэдэн удаа хөрвөөгөөд нэг нь ч амьд гараагүй байна. Цагаан зээр үй олноор нь хядаж байгаа хүмүүс амьтны амь бүрэлгээд дараа нь үүсэх үйлийн үрийг яах вэ гэдгээ огт бодохгүй байна. Үйлийн үр заавал ирдэг. Монголчууд урт насалдаг болсон. Хийсэн үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа эдэлдэг болсныг олон жишээнээс харж болохоор байна. Бурхан хүнийг ч зээрийг ч адилхан бүтээсэн. Адилхан л бодгаль, байгалийн бүтээл.

Ийм домог яриа байдаг. Бурхан энэ дэлхий дээр ямар ч гэм зэмгүй амьдардаг амьтныг бий болгохоор олон сар жилээр бодсон гэнэ. Тэг тэгж цагаан зээрийг ямар ч гэм зэмгүй, бусдад хор хөнөөлгүй амьтан болгож бүтээсэн гэдэг. Үнэхээр л цагаан зээр бусдад огт гай болдоггүй мөрөөрөө байдаг. Хоёр өвс тааралдвал нэгийг нь, нэг өвс тааралдвал талыг нь идчихээд л хатирчихдаг гэгддэг. Гэтэл бусдад ямар ч гэм хоргүй, бүх зүйлсээс айж, үргэж амьдардаг цагаан зээрийг махчин амьтнаас эхлээд оюун ухаант хүмүүс цаг үргэлж л устгаж үгүй хийж байна. Хавар дөнгөж янзагалсан шаргачин үнэг, хярс, чоно дээрэлхэнэ. Нүдэн дээр нь л янзагыг нь идчихдэг. Эх шаргачин яаж ч чадахгүй харсаар дөнгөж төрүүлсэн янзагаа амьтны хоол болгодог.

Зээрийн хядлага зүүн гур­ван аймагт хавтгайрч байна. Буутай болгон л мотоцикль, машинаа унаад гарч байна. Хоёр сая тоо толгойгоор тоологдож байсан цагаан зээр өдгөө хэд болж үлдсэнийг мэдэх газар алга. НҮБ, Дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд амьтны амь хөнөөхийг үзэхээ байсан. Эдгээр байгуууллагууд сүү­лийн үед амьтны эрхийг хам­гаалах талаар томоохон ажил олон хийдэг болсон байна. Цагаан зэрээ хядаад дуусгаж байгаа зүүн гурван аймгийнхныг баруун аймаг руу нүүлгэчих чадалтай, эрх мэдэлтэй болсон. Гурван айм­гийн иргэдийг баруун тийш нь нүүлгэчихээд цагаан зээрийг үлдээж чадна. Энэ янзаараа цагаан зээрээ хя­даад байвал эрхийг нь хам­гаалахаар дэлхийн амьтан хамгаалах байгууллагууд Мон­­голд ирж мэдэхээр байна.

ЦАЙНЫ ГАЗАР, МАХ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЙЛУУД ЗЭЭРИЙН МАХ ХУДАЛДАН АВЧ БАЙНА ГЭВ

Дорнодын мэнэрсэн шаргал талд бид цагаан зээрийн мах хот руу оруулж худалдаалдаг сүлжээний эзэдтэй тааралдлаа. Битүү тэвштэй урт ачааны машин, бага оврын “жийп” уначихсан явж байв. Тэдэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Өөрсдийгөө хотоос явж байгаа гэж танилцуулав.

-Цагаан зээр агнах зөвшөөрөл авсан уу?

-20 зээр агнах зөвшөөрөл хоёр сая төгрөгөөр авсан. 20 зээр агнах зөвшөөрлөө үзүүлээд л хот орохдоо 200-300 зээрийн махтай орж байна. Хотод худалдан авах хүн олон байна. Хэдэн төгрөг олох гээд л цагаан зээрээ буудаад явж байна даа.

-Цагдаа энэ тэр зогсоож шалгахгүй байна уу?

-Яг өдийд цагаан зээрийн ан дууссан гээд огт шалгахгүй байгаа. Гэхдээ бид чинь ардаа хамгаалах хүнтэй хүмүүс шүү дээ. Нэг зээрийн махыг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ихэвчлэн цайны газар, борц хийж зардаг хүмүүс л худалдаж аваад байна. Зээрийн махаар хоногийн хоолныхоо махыг худалдаж авч чадахгүй байгаа айлууд л авч байна шүү дээ. Тэд төлөг зуун мянган төгрөгөөр худалдаж авч байхаар зээрийн дөрвөн гулууз мах авчихвал олон хоног идэж байна гээд их ам сайтай байгаа. Дорнод, Сүхбаатар аймаг хар замтай болсон болохоор бензин тос гарздаад байхгүй. Засмал замаар давхиж ирээд зээрээ аваад явж байна гэлээ.

Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн араас хөдөллөө. Урд талын хөндийд дүүрэн цагаан зээр байв. Нэг нь шүршээд нөгөө хоёр нь гэдсийг нь гаргаад, хөл толгойг нь тасдаад машин руугаа ачив. Бүрэнхий байсан учир машины гэрлээс цагаан зээр бултаж чадахгүй буудуулан унаж байв. Харин араас нь ачааны машинтай хэд нь цустайгаа холилдон унасан зээрийн хүзүүг нь хуга дараад машиныхаа тэвш рүү үхэж амжаагүй байхад нь шидчих ажээ. Үхэж дуусаагүй амьтныг битүү тэвшнийхээ хаалгыг онгойлгож байгаад л “нээг хоёрын гурав аа” гээд л чулуудчих юм. Үхэдхийн унах зээрийн дүр зургийг нүднээс огт салахгүй явахын зуурт Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Чимэддоржийн “Би цагаан зээр” гэх

Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж

Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн

Мичин жилийн зуднаар хар зам татуулж

Мэнэнгийн их хээрээр хялгана цөрмөж цувсан

Шар талын шаналан

Ээрэм газрын энэлэн

Би-Цагаан зээр

Бүргэдийн сүүдэр дор янзага минь бүртийж

Бүхний нүдэн дээр яс минь хэрзийж

Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж

Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад

Сүргээр нь авла энэ амьтныг гэж

Сүх шиг далайсан тушаалын

Гайтай хөөтэй үг болгон

Галт сумнаас урьтаж намайг оносоон

Харлаг шөнөөр гэрэл тавихад нь

Хар саналгүй бүлтэгнэн дөхөөд

Халуун тугалгаар дал хавсарч

Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан

Газар хөдөлтөл дэрэлздэг ооноо үгүйлэн

Ганц хоёр шарагчин хомоол үнэрлэн холхиж

Хядуулсан сүргийн минь гэгээн сүнс

Хялганат талаар зүүдийтэл гэлдрэн

Шүүрхий мах шиг улаан номыг

Шөргөн эврээрээ сэжилж байхад

Хүний гарт орж хүзүүгээ мушгиулсанаас

Хөх чонын хоол болсон нь дээрээ…

Би

Цуутай дорнын цагаан зээр

Би цусаа үзсэн улаан зээр гэх алдарт шүлэг са­наанд буух ажээ. Дээрх ал­дарт шүлгийн мөр болгоны дүрслэл ээрэм шаргал талд үй олноор харагдах нь даанч харамсалтай.

Э.ХҮРЭЛБААТАР

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганхуяг: Миний цолыг хүчингүйд тооцохдоо хүрвэл 2008 оноос хойш аймгийн цол хүртсэн бөхчүүд бүгд цолоо хураалгана

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм. МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн бөх аймгийн хурц арслан Б.Ганхуяг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Шүүх хурал хоёр хоногийн өмнө болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Аймгийн хурц арслан Б.Ганхуягаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр өнөө жил Хөвсгөл аймгийнхаа наадмаар үзүүрлэж хурц арслан чимэг хүртсэн билээ.

-Та Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан гэсэн. Яагаад эсэргүүцэх болов?

-МҮБХ-ноос Говь-Алтай, Хөвсгөл аймаг баяр наадмын тухай хуулийг зөрчиж 512 бөх барилдуулсан учраас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл 512 бөх барилдаад цол олгоод явсан тохиолдол 2011 оноос эхэлсэн байдаг. 2011 онд Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баяр наадмаар 512 бөх барилдаад цол чимгээ аваад монгол бөхийн эрэмбэд ороод явж байна. Бид бүгд л мэдэж байгаа. Гэтэл намайг одоо болтол эрэмбэд оруулахгүй гээд байгаа. Цол авсан бүх бөхчүүд шүүхдэхийг хүсч байгаа. Над руу утасдаад “Таны асуудал юу болж байна” гэж асуудаг. Намайг шүүхэд хандсан учраас миний хариу ямар гарахыг хүлээгээд байх шиг байна.

-Таны хэлснээр бол хууль зөрчсөн гэвэл өнгөрсөн наадмуудыг ч сөхөх болох нь ээ?

-Тийм. Намайг амжилтаа бүртгүүлээд монгол бөхийн эрэмбэд оръё гэсэн чинь холбооны зүгээс “Танайх хуулинд байхгүй наадам хийсэн” гэж хэлсэн. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр үүнийг үндэслэлгүй гэж хэлсэн. Би нэг юм ойлгохгүй байна. Монголын үндэсний бөхийн холбоо бол сайн дурын үндсэн дээр байгуулагдсан төрийн бус байгууллага. Өнөөдөр бөхчүүдийнхээ гаргасан амжилт, сайн сайхныг түгээн дэлгэрүүлж, тэднийхээ төлөө явах байтал энэ мэтээр үгүйсгээд байгааг би ойлгодоггүй. Мөн хуулинд байхгүй наадам гээд байгаа. Баяр наадмын тухай хуулинаас үзвэл суманд 64 бөх, аймагт 128 бөх, улсад 512 бөх барилдана гэж заасан. Тэгш ой буюу ой давхацсан жил суманд 128, аймагт 256, улсад 1024 бөх барилдуулж болно гээд заачихсан байгаа. Гэтэл 2008 оноос хойш бүх аймгийн наадамд 256 бөх, суманд 128 бөх барилдаж байгаа. Тэгш ой биш байсан ч ингэж барилдаж байгаа байхгүй юу, тогтмол. Эндээс цол хүртсэн бөхчүүд амжилтаа үнэлүүлээд эрэмбэлэгдээд явж байна. Тэгэхэд Монголын үндэсний бөхийн холбоо үүнийгээ мэдэхгүй үгүйсгээд байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Өнөөдөр дэлхий дахин даяарчлагдаж байна. Энэ үед бид монголоороо байх, монголоо авч үлдэх зүйл бол монгол наадам буюу үндэсний спорт. Олон морь уралдаж, олон хүн сураа харваж, олон бөх барилдаж цэнгэг л дээ. Муу нь юу байна. Би тэр эрэмбэд орлоо гээд болохгүй нь юу байгаа юм. Бусад бөхчүүд ороод болоод байна ш дээ. Маш их гомдолтой байна. Би эрэмбэд орлоо гээд улсаас нэг ч төгрөгийн цалин хөлс авахгүй. Зөвхөн би хоёр удаа аймгийн наадамд найм давсан, хоёр удаа зургаа давж шөвгөрсөн. Тиймээс 2007 оны Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар баталсан бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх эрэмбэд оруулж өгөхийг хүсч байгаа юм. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гээд заачихсан юм бол тав, зургаа, долоо, найм давах нь бөхчүүдийн хувьд амжилт мөн үү, мөн. Гэтэл бид яагаад орохгүй байгаа юм бэ. 2011 онд Ховдын наадамд О.Гантулга аймгийн харцага цолтой очиж түрүүлээд ес даваад аймгийн хурц арслан болсон. Одоо амжилтаараа нэлээд дээгүүр эрэмбэд явж байх жишээтэй. Өвөрхангай аймагт аймгийн начин Чимэддорж найм давж үзүүрлээд арслан болсон. Одоо бөхийн өргөөнд барилдаж л байна. 2012 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд Батжаргал гээд надтай адилхан аймгийн арслан цолтой бөх барилдаад Санжаадамбад унаж үзүүрлээд хурц арслан чимэг хүртсэн. Амжилтын эрэмбээрээ тэргүүнд бичигдэж байна. Гэтэл дээрх наадмуудад манай аймагтай адил 512 бөх барилдсан. Би үнэхээр гайхаж байна.

-Хоёр хоногийн өмнө шүүх хурал болох байсан ч хойшлогдсон. Ямар шалтгааны улмаас хойшлогдсон юм бэ?

-Миний зүгээс хэрвээ манай аймгийн наадмыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол 2008 оноос хойш наадам хийж, цолоо өгөөд явсан бүх аймаг хуулиа зөрчсөн болж таарч байна. Тэгш ойтой наадмаар барилдуулах ёстой 256 бөхийг тэгш ой бус үед ч барилдуулаад цолоо өгөөд явсан байна. Тиймээс эдгээр наадмаас цол хүртсэн бөхчүүдийн тоог гаргах хэрэгтэй, хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл надтай адилхан л цолыг нь тооцохгүй байх гэсэн асуудлыг ярьсан. Шүүх хурал ингэх нь зөв гэж үзээд дээрх аймгуудын Засаг дарга нарт 2008 оноос хойш наадмаар цол авсан бөхчүүдийн нэрийг албан бичгээр хариу явуулах хүсэлт хүргүүлэхээр шийдсэн. Шүүхээс холбоо үүнд буруутай болохыг хэлж байгаа.

-Тэгэхээр маш олон бөхчүүдийн цолны асуудал хөндөгдөнө. Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?

-Шүүх хурал тодорхой хугацаагүйгээр хойшилсон. Тэр албан бичиг хэдий хугацаанд ирэхийг би мэдэхгүй байна. Тоймгүй олон бөх байгаа нь тодорхой. Бөхийн холбоо өөрсдөө хуулиа мэдэхгүй ийм л замбараагүй юм болгочихоод байна. Мэдээж тэр олон бөхчүүдийн цолыг тооцохгүй болно гэдэг худлаа. Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийнхөө бурууг мэдрээд асуудлыг шийдэж болохоор л асуудал шүү дээ. Ерөөсөө наадамд барилдах бөхчүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага үүсчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын наадмаар эд өсөж яваа аймгийн арслан мөн эд үе дээрээ гарч ирж байгаа улсын начинтай таардаг. Хоёрын даваанд. Хоёрын даваа дуусахад аймгийн арслан цолтой цөөнгүй бөх унаж байх жишээтэй. Шинэчлэл хийх цаг нь ирчихжээ гэдгийг бөхчүүд хэлж байгаа.

-Таны хувьд шүүх хурлын хариу нааштай гарна гэдэгт хэр итгэлтэй байна?

-Итгэлтэй байгаа. Ганцхан би ч биш олон бөхчүүд эерэг хариулт хүлээж байгаа. Учир нь Хөвсгөлийн 130 мянган ард түмний нүдэн дээр болсон наадам. Дээр нь TV5 телевизээр шууд дамжуулсан. Монголын ард түмэн энэ наадмыг үзэж тэнд цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг хүлээн зөвшөөрчихсөн наадам. Олон ч найз нөхөд, ах дүү нар утасдаж баяр хүргэсэн. Бусад бөхчүүд ч гэсэн адилхан байх. Гэтэл үүнийг өөрсдийгөө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэсэн нас нэлээн дээр гарчихсан найман хүнээс гурав нь дэмжсэн, тав нь дэмжээгүй байдаг. Энэ таван хүн үгүйсгэж байгаа нь харамсалтай байхгүй юу.

-Тэр таван хүний нэрийг хэлж болох уу?

-Холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар, зохиолч яруу найрагч Ү.Хүрэл­баатар, улсын харцага Д.Сэрээтэр байсан.

-Цолыг нь тооцохгүй байгааг эсэргүүцэн Хөвсгөл болон Говь-Алтай аймгийн бөхчүүд намраас хойш ямар ч барилдаанд зодоглохгүй байгаа гэсэн. Үнэн үү?

-Үнэн. 20-иод бөхөөс ганц, хоёрхон бөх л барилдаж байгаа. Ихэнх нь барилдахгүй байна. Нуулгүй хэлэхэд энэ бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбоонд гомдож байгаа. Аргагүй ш дээ. Эдгээр хүмүүс ганц барилдаад амжилт гаргачихдаг юм биш. Бүгд л мэднэ. Би гэхэд л 2003 онд сумын наадамд тав давж анхныхаа цолыг авч байсан. 2008 онд хамгийн анхны аймгийн харцага цол батлагдахад анх хүртэж байсан. 2011онд Орхон аймгийн 35 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Өнөөдөр аймгийн хурц арслан гэсэн цолонд хүрэхэд би 10 жилийн хүч, хөдөлмөр, амьдралаа зориулсан байна. Яг үүнтэй адилхан бусад бөхчүүд ч гэсэн дор хаяж таван жил хөдөлмөрлөж, бэртэж гэмтэж сая нэг юм цолонд хүрч аав, ээж, нутаг усаа баярлуулахад нь Монголын үндэсний бөхийн холбоо ингэж муйхарлаж хуулиа мэдэхгүй бөхчүүдийн эсрэг зогсоно гэдэг маш харамсалтай зүйл. Монголын үндэсний бөхийн холбоо байхгүй байхад монгол бөхчүүд барилдаад болоод л байсан. Өнөөдөр монгол бөх байгаа учраас энэ холбоо оршин тогтноод байгаа юм биш үү. Тэрнээс Монголын үндэсний бөхийн холбоо байгаа учраас бөхчүүд бид байгаа юм биш. Үүнийг холбоо даанч ойлгохгүй байх шиг. Монгол бөх бол мөнх настай.

-Бөхчүүдийн хувьд заал, дэвжээний явцын барилдаануудад оролцохгүй байна гэдэг том хохирол биз?

-Тэгэлгүй яахав. Хоёрын хооронд ийм шийдвэрээс болж барилдахгүй байгаа нь бөхчүүд бидний хувьд маш их хохиролтой зүйл. Энэ олон заал, дэвжээний барилдаанд ид барилдаж байх ёстой. Спортын нас богинохон. Анхандаа хүн цол хэргэмээ авчих юмсан гэж боддог юм билээ. Барилдчихмаар байдаг болдоггүй, холбоонд гомдоод их бачимддаг юм байна. Сүүлдээ цайчихна гэдэг шиг барилдах юмсан гэсэн сэтгэл ч төрөхөө байчихсан. Шийд гарвал барилдъя даа гэж бодох болсон. Залуу хүний хийж бүтээе, чадах зүйлээ бусдад харуулъя гэсэн тэр үе дээр нь сэтгэл рүү нэг ёсондоо ус цацчихлаа.

-Монголын үндэсний бөхийн холбоог бөхчүүддээ элэггүй ханддаг, мөнгө хүүлэгч гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би ганцхан жишээ дурдъя. Улсын харцага Даваабаатар маш сайн барилддаг бөх. Ёстой л үзэгч олныг уран барилдаанаараа шуугиулж гарч ирсэн. Гэтэл хөлөндөө бэртэл аваад барилдаж чадахгүй болж байсан. Бөхчүүдийн зүгээс тусалж дэмжээд эмчилгээнд нь шаардлагатай мөнгө, төгрөгийг нь олоод өгчих юмсан гэсэн сэтгэл байсан. Зөвхөн Даваабаатарын барилдааныг үзэхийн тулд мөнгө төлж Бөхийн өргөөнд ирдэг хүмүүс байсан. Тэгэхэд бөхийн холбоо яагаад дуугүй суугаад байна вэ. Холбоо иймэрхүү нийгмийн асуудлыг зохион байгуулаад бөхчүүдийнхээ төлөө жинхэнэ ёсоор ажиллах хэрэгтэй ш дээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Өнөөдрийг хүртэл Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн асуудалд холбоотой ийм аян өрнүүллээ, тэгж сайн үйлсийн аян зохион байгууллаа гэж сонсоогүй. Та нар ч сонсоогүй. Гэтэл 20 жил болж байна. Сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг. Тэгвэл энэ холбооны тэргүүн таван сонгууль дараалан суудлаасаа ховхроогүй. Хааны алба хүртэл ээлжтэй байдаг бус уу. Одоо болно ш дээ.

-Өөр ямар тулгамдсан асуудал байна. Бөхийн тогоонд байдаг хүний хувьд олон зүйл л харагддаг байх?

-Бөхийн өргөө бөхчүүдэд зориулсан өмч. Гэтэл бид бэлтгэл хийх газаргүй Бөхийн өргөөнд очиж бэлтгэлээ хийе гэвэл шууд хөөнө.

-Яагаад?

-Тэнд зай завсаргүй урлагийн тоглолт болж байна. Бидэнд бэлтгэл хийх боломж олдохгүй. Бөхийн өргөө урлагийн тайз биш. Бөхчүүд бэлтгэлээ хийгээд усанд ороод гэртээ байгаа юм шиг л байх ёстой. Хэн ч бодсон тийм биз дээ. Ингэж Нямдорж тэргүүнд хэлэхээр “Чи залуу хүн байж ийм боловсролгүй байж болохгүй. Би чамайг бодвол хэдэн дээд сургууль төгссөн” гэж ирээд загнадаг. Ер нь боловсролтой, мэдлэгтэй гэж бөхчүүдийг дарамталж, үл ойшоож, ингэлээ гээд эд нар яахын гэсэн байдалтай дээрэнхүү харьцдаг. Би гайхдаг. Ер нь тэгээд барилдахад боловсрол хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. Бас нэг зүйл хэлье. Өнөөдөр сумын заан цолтой 640 залуу барилдаж байна. Эдгээр бөхчүүд барилдаан болгонд 3000 төгрөгийн хураамж төлдөг. Гурав давж байж 3000 төгрөгөө буцааж авдаг гэж байгаа. Энэ нь чинь юу гэсэн үг вэ. Би холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар ахад хэлсэн. Тэр залуучууд чинь бөх болох гээд хөдөө байсан таван малаа зараад хот хүрээ зорьж ирж байгаа. Гурав давна гэдэг чинь хэцүү. 3000 төгрөгөө авч чадалгүй автобусны мөнгөгүй гэрийн зүг нулимстай алхаж байгаа өчнөөн залуу бий. Би бөхийн тогоонд байгаа учраас ийм байдаг гэж мэдэж байна. Ингэж хэлэхээр урдаас “Олимп, дэлхийн аваргаас гуравхан хүн л шагнал авдаг. Бусад нь хоосон хоцордог ш дээ” гэж тавлангуй хариулсан. Аль ч спорт тэмцэл нь үнэн. Тэр хүн дэвжээн дээр гараад давж чадахгүй бол хохь. Гэхдээ монгол бөх үндэсний спорт. Үндэснийхээ спортыг хөгжүүлэхийн тулд, авч үлдэхийн тулд бид мөнгө төлөх учиргүй.

-Монгол бөхтэй холбоо­той олон асуудал яригддаг хэрнээ бөхчүүд яагаад хэлж, ярьж дуугардаггүй юм бэ. Холбооны зүгээс дарамт, шахалт үзүүлээд байдаг нь үнэн юм уу?

-Манай монголчууд хүлцэнгүй, сонин болчихож. Өөрсдөө болохгүй байна, бүтэхгүй байна гээд дотроо л яриад байдаг тэрнээс эвлэлдэн нэгдээд асуудлыг шийдэх гарц бөхчүүдэд, ард түмэнд ч алга. Гэр гэртээ л тэр ингэж идэж уусан гээд байхаас биш арав, хориулаа суугаад өөрчилье гэсэн юм алга. Яахав надад эрэмбэд ороод, цаашдаа улсын цол хүртэх үгүй нь сонин биш. Гол нь бөхчүүдийн ирээдүйд хаалт тавьж, өөрсдийгөө дээгүүрт тавьж байгаа барилдаж ч үзээгүй хүмүүсийг бодохоор үнэхээр надад харамсалтай байна. Ингээд хэлчихвэл намайг яах бол гээд амаа хумхиад сууж би үнэндээ чадахгүй нь. Өнөөдөр бодит байдал ийм байгаа нь үнэн. Наад зах нь Бөхийн өргөөнд ганц том дэлгэц суурилуулаад камер зоочихгүй л байна. Барилдаан болохоор л чи давсан, би давсан гэсэн бөөн маргалдаан үүсдэг. Ядаж бөхчүүдийн барилдах орчин нөхцлийг нь бүрдүүлчих хэрэгтэй ш дээ.

-Таны хувьд энэ жил нэлээн адармаатай байх шиг. Наймын даваанд харцага болсон Ховдын Ууганбаяртай таарсан. Улсын харцага Содномдорж та хоёрын барилдааныг нэлээд бусниулсан гэх?

-Содномдорж харцагын хувьд Ууганбаярыг авчирч барилдуулсан нь ард түмнийг бухимдуулсан байх. Ямартай ч тухайн үед намайг давахад уухайлж, дэмжиж байсан түмэн олны баясал одоо ч миний сэтгэлд тод санагддаг. Би ганцаардах үедээ ч боддог. Би ганцаараа биш шүү. Намайг дэмждэг олон мянган хүн уухайлж байсан шүү гэж. Бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Харамсалтай нь би энэ амжилтаа өнөөдөр ч үнэлүүлж чадахгүй байна.

-Ганхуяг харцагыг Содномдорж харцагатай нударга зөрүүлсэн гээд байгаа. Яг юу болсон юм бэ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хэрүүл, зодоон болж байгааг би лав хараагүй.

-Одоо та бэлтгэл хийж байна уу?

-Яг эрчимтэй бэлтгэл хийж чадахгүй байна. Хүн чинь дараа долоо хоногт барилдаантай шүү гэхээр илүү махарч бэлтгэлдээ анхаарал тавьдаг. Нэгэнт барилдахгүй гэж бодохоор нэг их хичээдэггүй юм байна.

-Хаана бэлтгэлээ хангаж байна. Таны гарын багш гэж ямар хүн байна?

-Би хүчнийхээ бэлтгэлийг спортын төв ордонд Хосбаяр багшийн удирдлага дор, үндэсний бөхийн бэлтгэлээ “Их шавь” дээд сургууль дээр Элбэг багшийнхаа удирдлага дор хийж байгаа. Миний хувьд олон сайхан багш нарын гар дамжсан. Хамгийн анх Сумын заан Ганзориг багшид шавь орж байлаа. Дараа нь аймгийн арслан Батпүрэв, чөлөөт бөхийн ази тивийн аварга аймгийн арслан Баярмагнай, улсын харцага Сэрээтэр гээд багш нараар бөхийн эрдэм заалгаж байлаа. Элбэг харцага бол Эрхэмбаяр аваргыг төрүүлсэн мундаг хүн. Эрхэмбаяр аварга ямар сайхан жудагтай, тайван бөх билээ.

-Таныг улсын арслан Мөнхбаатарын садан төрөл гэдэг. Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Манай аав Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд насаараа ажилласан Бадамсамбуу гэж хүн бий. Ээж Чинбат. Одоо тэтгэвэртээ суусан. Би эхээс тавуулаа. Улсын арслан Мөнхбаатар ээжийн талаас хамаатан. Өмнөхийг би сайн үе гүйцэж мэдэхгүй байна.

-Та чинь эрх зүйч мэргэжилтэй байх аа?

-Тийм ээ. Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн коллежийг төгссөн. Мөн хууль сахиулах их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Д.ДАВААСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол харчууд эр хүн мөн үү?

Монгол эрчүүд хэзээнээс хээгүй гүндүүгүй, ноён нуруутай, эхнэр хүүхдэдээ элбэрэлтэй гэж хэлэгдсээр ирсэн. Ер нь бие хаа, царай зүсийн хувьд ч харь орны эрчүүдээс дутахгүй сайхан гэж ирээд л хүүхнүүд нь магтах дуртай байдаг. Уг нь ч бие бялдрын хувьд дутах зүйл байхгүй. Гэвч монгол эрчүүд нэг л өөр болчихжээ. Эр хүний хамгийн гол чанар болсон уужуу тайван чанар алга байна. Бусдыг ойлгох, хүндлэх сэтгэл нэг л дутуу байх юм. Бусад газрынхан бол уужуу ухаантай гэж жигтэйхэн, уусан идсэнээ ч шингээж чадаж байна гэж энэ цагийн хүүхнүүд шогшрох боллоо. Харин манайд ууна ч гэж их, дааж чадаж байгаа нь ч алга. Дээрээс нь бажгадуу сандруу гэж арга чаргагүй болжээ. Дэлгүүрт ороход хаалга нээгээд өгөх нь битгий хэл хөл дээр гишгэх нь шахуу өмнүүр өрсөөд орчихно. Амжиж орсон бол хаалгаа бариад өгнө гэж байхгүй. Тас хийтэл хаасан хаалга нь хамрын үзүүр таслачихаа шахна. Гэтэл баруунд “Lady is the first” гэсээр хамгийнхаа түрүүнд л залдаг шүү дээ. Харин манайд автобусанд суух гэж залуучууд хүүхнүүдээ дэгээдэж унагачихаад л өөрсдөө түрүүлээд суучих нь холгүй байдаг. Эмэгтэй хүнийг, бүсгүй хүнийг хүндлэх ёстой гэж ерөөсөө сэтгэлгээнд нь сууж чадахгүй байгаа нь тэдний маань гол асуудал юм. Харин физиологийн давуу талаа ашиглаж хүч хэрэглэх нь энүүхэнд. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эр хүний хүү нь хүчирхийлэгч болох магадлал хамгийн өндөр байдаг гэдэг. Хөвгүүд багаасаа хүч чадал доройгоо дээрэлхэлгүй, тэдэнд тусалж, хүндэтгэн хандах ёстойг дэргэдээс нь харж өсвөл өөр байдаг. Харин багаасаа дээрэнгүй байдал, хүчирхийлэл дунд өссөн хүн яг тэр уламжлалаараа авсан ханиа зовоож, хүчирхийлж бас үүнээсээ таашаал авч амьдарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан нэгэн бүсгүйн тухай манай сонины сурвалжлагад түүний таван жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харж болохоор хоёр зургийг нь тавьсан байж билээ. Хөдөөд айлын бэр болоод очсон тэр бүсгүй хэрхэн яаж амьдарсныг хадмууд нь, хэдэн хүүхдүүд нь мэднэ. Бусад нь ёстой бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдгийн домгоор мартаж орхижээ. Хааяа төрсөн гэртээ очихдоо амьдралынхаа зовлон зүдгүүрийг тэр чигт нь нууна. Харин энэ цагийн арчаагүй эрчүүдийн жишээ болсон тэр нөхөр нь эхнэрийнхээ хамаг гоо сайхан, баяр жаргалыг сорж авсан нь таван жилийн дотор ганц ч шүдгүй болж, хэдэн арван насаар гундсан тэр зургаас нь харагдаж байсан билээ. “Эр нь хийморьгүй бол эм нь өнгөгүй байдаг” гэгчээр уужуу, тавиухан бус эр хүний дэргэдэх бүсгүй хүн аяндаа гундаад ирдэг.

Эхнэрийн нь царайны гэгээнээс тэрхүү айлын эзэн ямар юм бэ гэдгийг таньж болдог. Үр хүүхдүүдийнх нь инээд цалгианаас тэр айлын аав ямар вэ гэдгийг харж болно. Архичин аав нь эхнэртээ уурлаад гарахдаа хоёр хүүхдээ портертоо суулгаж, улмаар тэднийгээ бензин тавьж шатаасан аймшигтай хэрэг гарсан шүү дээ. Үнэндээ хүүхдүүдээ алахыг ямар ч зэрлэг эцэг хүсэхгүй биз. Зөвхөн эхнэртээ айлгаж шаралхсандаа гал тавих гэж дүвчигнэж байгаад галын аюулыг зогсоож чадалгүй хүүхдүүдээ амьдаар нь шалзалсан байдаг. Монгол эрчүүд ийм л өчүүхэн болцгоочихжээ.

Өнөөдөр Монголд гарч буй хамгийн гайхалтай урвалтуудыг эрчүүд л хийж байна. Улстөрч эрчүүдийн эрийн шийргүй байх, нэг нэгнээсээ алга урвуулахаас амархан урваж байгаа нь үүний бодит жишээ болж байна. Хамгийн сүүлд гэхэд л Засгийн газраа унагасан явдал Монголд эрчүүд нь ямар болчихоод байгааг харуулсан энгийн нэг баталгаа юм. Манай парламентад байдаг жиргэж, зураг авахаас хэтэрдэггүй нэг эрэгтэй гишүүн гэхэд л цаг сунгаж, Засгийн газрын гишүүдийг томилдог орой завсарлагаанаар буйдан дээр сууж байсан эмэгтэй гишүүнийхээ зургийг аваад олон нийтэд тараачихаж байгаа юм. Харин олон нийт өнөөх эмэгтэй гишүүний банзлын хормой хэр богино байна, гуя хас нь гарсан гараагүй гээд явж өгсөн дөө. Зүй нь эрийн нүнжиггүй, хамт ажилладаг нэгнээ, дэргэдэхээ хайрладаггүй тэр жижиг эрийг шүүмжлэх ёстой байв.

Баабарын илтгэлд дурдсанчлан Монголд байгаа үй олон янхнууд бол эрчүүдийн тэдний амьдралд үзүүлсэн тусгалын сүүдэр нь гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.

Монгол эрчүүд дэндүү залхуу. Өөртөө хийгээд амьдралдаа арчаа байхгүй болчихсон. Тэгсэн атлаа бусдаас өрсөөд л, түрүүлэх гээд л үзээд байна. Үнэндээ өрсөж юманд хүрдэггүй. Хүнд өгөгдөл нь, тавигдал нь цаанаасаа л байдаг хорвоо шүү дээ. Гэтэл юунд ч юм сандарч, юунаас ч юм өрсөх гэсэн эрчүүд л үй түмээрээ байна. Адгийн наад зах нь гудамж замд эгнээ байр эзлэх дээр адгаж сандраад л гишгээд байна. Тэгээд л элэг, бөөрөөрөө наалдчихаад л гарч ирээд Пи-г урсгаж заамдалцаад авдаг. Бас өвгөн жолооч, бүсгүй жолоочийг элэг барихаа андахгүй. Манай идэр насны эрчүүд ийм л болчихсон харагдаад байгаа юм даа.

Өнөөгийн нийгэмд эрчүүдийн манлайлал гэж үгүй болчихсон. Тэд нийгмээ, гэр бүлээ манлайлаад явах нь бүү хэл жирэмсэн эмэгтэйн шээх газраас хол харж чадахаа байчихжээ. Тэгээд л чадахгүй, бүтэхгүй байгаагийнхаа шалтгааныг нөгөө муу эхнэртээ нааж, чаддагаар нь нөгөөхөө нүдээстэй. Бас зориг шуу юмаа архиар чангалахаа мартахгүй ээ. Энэ нийгэм тэр чигээрээ хов живэнд дарагдаж, уйтгар төрөм савангийн дууриар цэнэглэгдэж, хорссон атаач хандлага дүүрчихсэн байгаа нь үнэн. Энд эрчүүд буруутай. Тэд сайхан үгийг нэгэндээ хэлж чадахаа байжээ. Атаач жөтөөч нь дийлдэхгүй. Бас эр хүн хоорондын итгэлцэл, нуруутай байдал илт дутагдсанаас ингэж хэлэгдэхэд хүрээд байна.

Угаасаа эрчүүдийн оюун сэтгэхүй илт доройтсон. Зах зээлийн шилжилтийн үед сургууль номоо хаяж, гудамжинд гарч байсан тэр үеийнхэн өнөөдөр нийгмээ авч явах насныхан болжээ. Тэгэхээр ийм ч байхаас аргагүй биз. Нүүрэндээ үстэй адгуусыг хэдэн зуун саяар үнэлж, бөхчүүдэд том жип өгөхөөрөө өөр хоорондоо уралдахаас оюун санааг үнэлж үзэх нь ер байхгүй. Уг нь оюун санаа л булчин шөрмөсөө удирддаг шүү дээ. Оюун санааг үнэлэхгүй, булчиндаа захирагдаж байгаа нь буцаад л адгууслаг мөн чанартаа ойртож байгаагийн шинж юм. Тэгээд ч оюуны бядгүй болсон тэднийгээ эр хүний мөн чанарыг алдсанд гайхаад байх ч зүйлгүй юм уу даа.

Нийгмийн сэтгэхүй ядуурч, нийгэмд эр хүний уужуухан тавиухан ухаан илт дутагдаж мэдрэгдсэн нь эрчүүд маань л мөн чанараасаа ямх ямхаар алсарсаар ирснийх юм. Айл гэрт аавууд хөвгүүддээ биеэрээ үлгэрлэж, биеэрээ жишээлэхээ байснаас энэ цагийн эрчүүд эмээсээ дор зантай болжээ. Харин гадныхан жинхэнэ жентельмэн ямар байхыг бүр багаас нь хүүхдүүддээ зааж, тэр зан төлөвийг төлөвшүүлдэг. Монголчууд бид тааруухан эрийг эм хүнээс дор гэж хэлэлцдэг байсан улсууд. Энэ нь эмэгтэй хүнийг муугийн муу гэхээсээ илүү эр хүнийг бүгдээс илүү байх ёстой гэж хүссэнийх, тийм байх ёстой гэж үүрэгжүүлснийх байсан биз ээ. Харин өдгөө охидуудаасаа ядарсан залуус их болжээ. Нохой дайрахад найз охиныхоо араар орох, даарахдаа бээлийг нь аваад өмсчих хөвгүүд олон болж. Ер нь юу л болоод байна даа. Ингэхэд монгол харчууд жинхэнэ эр хүн мөн үү.

Б.ДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Ай.Төмөр-Очир: Намайг чинь “Алтан-Овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” гэдэг дээ

Хөдөө орон нутагт бүтээлээ туурвиж буй зохиолч найрагчдын дурсамж, дурдатгал яриа хөөрөөг манай сонин цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаа наран ургах зүг Сүхбаатарын Баруун-Уртад сууж шүлэг найргаа туурвин байгаа Дарьгангын хийморь лундаатай найрагч АйлтгүйнТөмөр-Очиртой ярилцсан юм.

-Та Алтан-Овоо, Дарьганга, Баруун-Уртаасаа Улаанбаатарт үе үехэн ирдэг дээ. Хулан найрагчийн хэлснээр хөлөрчихсөн борлог морь шиг хүрээд ирэх нь бий. Он он жилд хөдөөдөө сууж салхи савир ханхлуулсан найрагчаас хөдөөгийнх нь тухай л яриа дэлгэе дээ?

-Наран ургах зүгийг монголчууд билгэшээдэг. Тэр дундаа Монголын оюуны том ертөнц “Өдрийн сонин” наран зүгийн найрагчийг онцолж яриа хөөрөө дэлгэж буйд талархаж байна. Монголчууд малгай тавибал манайх гэдэг. Би бол малгай тавибал манайхаас гадна толгой тайрсан ч танайх гэж өөрийгөө боддог юм. Миний бие “Өдрийн сонин”-ы орон нутаг дахь сурвалжлагчаар ажиллаж байлаа.

Ерэн онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхад нь оных нь шагналыг Пүрэвбаатар доктор, Их сургуулийн багш Хатантөмөр нартай хамт хүртэж мандаж байлаа. 2000 онд “Хилийн уул Шилийн Богд минь түймэрт идүүлчихлээ” зэрэг олон нийтлэл хэвлүүлж “Өдрийн сонин”-ы шагналыг хоёр дахиа хүртэж байв.

Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн байдаг. Дарьгангын найрагч би танай сонины шагналыг арван жилийн зайтай хоёр хүртсэн түүхтэй. Тэгэхээр би өөрийгөө “Өдрийн сонин”-ы бүтээгдэхүүн гэж боддог, ингэж халуун сэтгэлээр хандаж явдгийн хувьд яриа хөөрөө дэлгэе гэхээр чинь хөөрч даргиад л ирлээ.

Пунсалмаагийн Очирбат гуай төрийн тэргүүнээр сонгогдчихоод хөдөө орон нутагт хийсэн анхны томилолтоо манай нутгаас эхэлсэн. Тэгэхэд миний бие залуухан дарга Наран сумаас хөтөлгөө морьтой давхиад Дарьгангад очиж уулзаж байлаа. Очирбат гуай наран зүгээс анхны томилолтоо эхэлсэн нь надад утга төгөлдөр санагдаж билээ. Аугаа их Дарьгангаас тодорсон авьяас билэгтнүүдийн хажуу хавирганд, салхин дор нь явжээ. Утгын их мэргэдийн гал голомтыг сахиж, үгээ хэлж үзгээ хурцалж суугаадаа баярладаг. Дарьгангын дэг сургууль гэж Доржийн Гомбожаваас улбаалсан их айлын гал голомтыг найрагч Амартайван бид хоёр сахиад үлдлээ дээ. Шинэ сайхан авьяастнууд олныг төрүүлж, дараа дараагийн үедээ өвлүүлж өгөх том үүрэг хүлээсэн байна.

-Дарьгангаас олон авьяас билэгтнүүд тодорсон. Тэр бүгдтэй та ах дүү, анд нөхөд, багш шавь явсан нь мэдээж?

-Дарьгангын найман жилийн дунд сургууль гэж байлаа. Жижигхэн шоо дөрвөлжин ёотон цагаан байшин одоо ч бий. Тэр навтгар цагаан байшингаас л суу билгийн аваргууд төрсөн юм. Би гэдэг хүн тэднийгээ бодоод, Алтан-Овооныхооо бэлд шүлэг найргаа дуудан, Дарьгангын шар торго шиг талаар хамтдаа галигуулж явснаа бодоод онгирдог, омогшдог.

“Догшин Балбарын баруун суганд

Дорнын Нямсүрэнгийн зүүн суганд

Дэлхийд данстай Мэнд-Ооёогийн

Дээлний нөмөрт багтаж

Их бичээч Ишийн Батсүхийн

Идүүрийг нь долоож

Барсын хэвнэгт баатар Доржийн Гомбожавын

Бар мөр дээр гишгэж ирсэн юм аа” гэж шүлэглэдэг. Тэгснээ

“Дүүлж цамнаж явсан залуу насандаа

Дүгэржавын Маамын архинд нь гүйж

Дүүгүүрийн чулуу шиг явлаа” гээд цааш нь урсгана. Залуу халуун үедээ онгирч сагаж явжээ. Уран бүтээлч хүн онгирох омогших, үүх түүхээ санаж явах учиртай. Сүүлийн үед бие чилээрхүүгээс болоод онгирч чадахаа больжээ. Ард олон минь намайг гадарлаж байгаа байх. Энэтхэгт очиж элгээ солиулаад ирсэн. Яагаав, Энэтхэг рүү морддогийн даваан дээр та хэддээ “Элгээ солиулахаас эх орноо солих гэж байгаа биш дээ” гэж хэлээд явсан. Дарьгангынхаа хэдийн тухай ярья. Жаран таван онд манайх шинэ гэр барьж найр наадам үүсгэсэн юм. Тэгэхэд би долоон настай байжээ. Доржийн Гомбожав багшийг ганцхан удаа буюу тэрхүү найрын хойморт халамцуухан суухад нь харсан. Олны дунд арай л өөр хүн байжээ гэж бодогддог. Тэр хүнийг олж харснаараа би бас өөр хүүхэд байж. Гомбожав бол “Барсын хэвнэгт баатар”-ыг орчуулсан тухайн цаг үедээ шуугиулж явсан эр. Тэртээ гучаад оны эхээр Алтан овооны ар шилэн дээр төрсөн хүн юм. Түүний тухай Монголын утга соёлын түүхэнд алтан үсгээр бичээд үлдээсэн байхад би юу хэлэх билээ. Уран бүтээлчийн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч түүний хажууд жижигдэнэ.

-Баруун-Уртын тэнгэр дор найраг шүлгэндээ асч бадарч явахад хотоос Ооёо чинь, Эрээнцаваас Нямсүрэн чинь ирнэ. Балбар гэж “улаан галзуу амьтан” очно. Тэрхүү дурсамжуудаасаа хуваалцаач?

-Ганц сайхан шүлэг биччихээд өнөө хэдийг чинь догдлон хүлээнэ. Гэхдээ энэ хэдтэйгээ би зиндаархаж явсангүй. Хөдөөдөө суугаа минь, Алтан-Овоонд Ай минь бий шүү гэх сэтгэл өвөрлөж өнөө хэд чинь очих нь мэдээж. Тэр жил Мэнд-Ооёогийн төрсөн нутаг Шар бүрдэнд яруу найргийн баяр хийхээр боллоо. Хотоос Мэнд-Ооёо, Дашбалбар, ардын жүжигчин Чимэдцэеэ нар очлоо. Эрээнцаваас Нямсүрэн ирлээ. Нөгөө хэдийг чинь “жаран ес”-ийнхээ бүхээгт суулгаж аваад Шар бүрдний уянгын тойром руу хөдөллөө. Тэгтэл манай хэд Баруун-Уртаас холгүйхэн очиж зогсоод жүнз харшуулж, шүлгээ дуудаад явдаггүй. Эхлээд яахав, би гэдэг хүн дунд нь орчихсон шүлэг найргаа дуудаад л сүйд байлаа. Гэвч жолоочийн хариуцлага гэдэг юм бодогдоно биз дээ.

Нөгөө хэддээ “Одоо та нар боль. Би таван тонн алт юм уу, нүүрс ачаад явж байсан бол санаа зовох юм алга. Энэ хавиар наргиж цэнгээд явж болно. Та тавыг аччихаад би яаж сэтгэл амар явах юм. Айж байна” гэж хэлээд Шар бүрд рүүгээ хөдөлж билээ. Надад бол Ооёо, Нямсүрэн, Балбар минь тийм л үнэ цэнэтэй, шүр сувд, шижир шиг хайрлагддаг байхгүй юу. Тэр сайхан амьтдын цүнхийг бариад, түнхийг налаад явжээ. Алганых нь хээг уншиж, авьяас билгийг нь биширч явж.

Энэ л надад онгод хийморийг хайрлаж дээ гэж бодогддог. “Авьяас эзнээ олдоггүй, эзэн нь авьяасаа голдоггүй” гэж би нэгэнтээ хэлсэн. Манай нутагт хараа муутай, шар сахалтай хань ижилгүй нэг хөгшин байлаа. Сайхан дуулна. Айлуудын үнсийг ачсан тэмээгээ хөтлөөд Дарьгангын шар талд “Жаахан шарга”-ыг дуулаад явж байдаг сан. Ёстой л нэг зүрх рүү ортол дуулна. Түүний дуулахыг сонсоод зарим нь шоолно, зарим нь уйлна. Одоо тийм хүн алга. Балбарыгаа, Нямсүрэнгээ дурсахад “Жаахан шарга”-ыг дуулдаг хөгшин гээд олон л хүмүүс санаа бодолд бууж байна.

-“Догшин Балбарын баруун суганд” гэдэг шиг түүнтэй ойр явсан хүмүүсийн нэг та…?

-Балбарыг зүрх зүсэгдэм иртэй шүлгүүдээ уншиж талын чоно мэт явахад нь дэргэд байжээ. Ерэн зургаан оны сонгуулиар Балбарын эрхэм дүү Л.Төрбаяр бид Сүхбаатарын арваад сумдаар хэрэн явж билээ. Ёстой л “ам ангаж, хэл хэвтэнэ” гэдэг шиг ядарч цуцталаа явсан. 1996 оны зургадугаар сарын 18-ны өдөр сонгууль дуусч Балбар бид Түмэнцогтын баруун урд талын Баян-Овоо гэж уулан дээр хамтдаа гарч талынхаа салхийг залгилж зогсчээ. Манай хүн нэг их том бөгжтэй гараараа намайг тэврээд зургаа татуулсан юм. “Эмнэг хар азарга” номынхоо эхний нүүрэн дээр би тэр зургийг хэвлэж байлаа. “Хар нохойгоо тавих уу, яах уу” гэж байгаа хүн шиг зогсч буй тэр зурганд хайртай. Би гэдэг хүн арзгар үстэй хар юм л байгаа. Сайн морь, сайн эр хоёр их том эрсдэл туулдаг юм байна гэдгийг би Балбараасаа ойлгосон.

-Дарьгангынхаа хэдтэй даргиж даргиж хот руу буцаагаад байж байтал зөрөөд л зохиолч нөхдөөс чинь ирнэ биз дээ?

-Түүнийг ярих юм биш. Баахан л туучиж туучиж, хэд хоног шүлэг зохиол, архи дарс, инээд наргиан болж нэг хэсгийг нь явуулаад дахиад л нэг хэсэг нь давхиад ирнэ. Бас л ерээд оны эхээр Ооёо, Нямсүрэн, Балбарыгаа гаргаж өгөөд байж байтал Бавуугийн Лхагвасүрэн найрагч зөрөөд очиж байгаа юм. Уран бүтээлийн тоглолт хийх гээд. Би мөн л морин жолооч нь бололгүй хаачихав. Өнөө муу ногоон “жаран ес”-тэйгээ хоёулаа Асгат сум руу гарлаа. Оройн зургаан цагт Лхагвасүрэн найрагчийн уран бүтээлийн үдэшлэг Асгатад болно гэж байгаа. Бид хоёр таван цаг гучин минутад Баруун-Уртаас хөдөлж байгаа. Тоглолт эхлэхэд ердөө 30 минут дутуу байдаг. Асгат сум 45 километрийн зайтай. Ингээд л санд мэндхэн хөдлөөд явж байтал Лхагвасүрэн найрагч яарч адгаад эхэлдэг юм. Намайг чинь дээд зэргийн хурдаар давхи гэж тэвдүүлээд. Гэзэг үсээ шидлээд сүйд боллоо. Би ч бас мөчөөгөө өгөлгүй “Та жаахан тайвшир, тайван бай. Би хамгийн хурдаараа л явж байна. Ингэж яарч яваад ямар нэгэн юм болбол яахын. Та бол агуу хүн дээ” гэсэн юм хэлээд хоёулаа бараг хэрэлдэх дээрээ тулдаг юм аа. Тэгэхэд Лхагвасүрэн багш их гоё үг хэлж билээ. “Төмөр-Очир оо, чи бид хоёрыг бурхан харж байгаа. Шүлэг найргийн буян гэж том юм байдаг. Би тайзаа, шүлгийг минь сонсох гэж яарч байгаа ард түмнээ хүндэтгэнэ” гэж билээ. Лхагвасүрэн багшийн тэр оройны үдэшлэг хачин сайхан болсон. Мань хүн “Боржгины бор тал”-аас аваад өнөө сайхан шүлгүүдээ дуудаад. “Алтан-Овооны бэлээр Ай.Төмөр-Очирыг хөлөглөж явах ч сайхан даа” гэж зам зуур намайгаа бас явуулаад.

-Хоёр мянгаад оны эхээр байна уу даа, Бавуудорж, Эрдэнэ-Очир, Чилаажав нарын найрагчид мөн л Амартайван ах та хоёрыг зорьж очиж танай нутгаар хэд хоног туучсаныг санаж байна?

-Бавуу, Эрдэнэ-Очир, Чилаа энэ хэд бас л очлоо. Өмнө нь Балбар, Бавуугийн Лхагвасүрэн гээд л сэгсийсэн үстэй “галзуу” амьтдыг очиход би гэдэг хүн бас л гэзэг үсээ намируулаад явж байсан. Тэгтэл Бавуу, Эрдэнэ-Очир гээд бас сэгсгэрүүд очиж байгаа юм. Чилаа Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал байсан үе шүү дээ. Баруун-Уртад яруу найргийн үдэшлэг зохиож, хэзээнээсээ л шүлэг найрагт умбаж байдаг манайхан шавайгаа ханатал шүлэг сонсч, тэр үеэр надад нутгийн минь тэнгэр дор Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг хүртээж байлаа. Ингээд Шилийн Богд, Алтан-Овоо, Дарьганга, Зотол хаан уул, Ганга нуур, Дуут нуур, Хатгины шар талаар дуу шуутайхан явж тал нутгийнхны сэтгэлийн чавхадсыг хөдөлгөсөн дөө. Ооёогийнхоо уянгын тойром Шар бүрдэнд дэлхийн яруу найргийн баярыг тэмдэглэж байснаа мартдаггүй. Тэр тухай Бавуу “Дарьгангын тэмдэглэл” хэмээх гайхам бүтээл хэвлүүлж байсан. Ийн аяны дөрөө нийлэхэд уран бүтээлч нөхөд минь надад “Алтан овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” гэх алдрыг хүртээж билээ. Тэр багаас Бавуу төрийн соёрхол, Чилаа Соёлын гавьяат боллоо. Эрдэнэ-Очирын энгэрт удахгүй нэг “юм” ирэх биз. Хунгийн чуулган үзэх гэж бас л уран бүтээлч нөхөд намрын сард намайг амраана гэж байхгүй. Алтан-Овоо руу аваад л давхина. Ганга нуурандаа хөгжмийн зохиолчид дагуулж очоод симфони бичүүлэхсэн. Буцах шувууны ганганаа гэдэг элэг зүрх хөндүүрлүүлсэн их том уй.

-Хөдөө суугаа зохиолчид хоорондоо бас амь байдаг шиг. Ухаандаа, Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч та хоёр их дотно санагдана?

-Би гэдэг хүн Тоорой бандийн садан болоод ч тэрүү хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явжээ. Эрдэнэбаатарыгаа дурсах дуртай. Урианхайн хөх уулс урагдах учиргүй гэж санадаг. Тэр хүн баруун Алтайн уулсаа манаж суугаа хувилгаан найрагч. Бид хоёр идэр есийн жавар тачигнасан цагаар их хотын үймээнт гудманд “Болор цом”-оор л таардаг. Зүүн баруун хоёр Монголын зүр гур байхгүй. Баруун зүүн хоёр Монголын бар арслан байх учиртай шүү гэж нэг нэгэндээ хэлнэ. Би наран дор, Хөөдөө минь саран дор сууж байна. Хан уулын ар, хатан Туулын хөвөөнд хамаг ухаантнууд цуглачихаагүй юм. Хөдөөд ч эрдэмтэн мэргэд байгаад л байгаа. Төмөр-Очирын ард төр олж хараагүй түмэн амьтад байна шүү дээ, цаана чинь. Зах газар суугаад найрагчид тэмцэгч байдаг юм уу даа. Түүнийг нь мэдээд тэр үү бурхан Хөшөөтийн уурхайг Хөөдөөд, Төмөртийн уурхайг Төмөр-Очирт хариуцуулаад хэрэлдүүлж байна. Яруу найрагчид эх орончид, тусгаар тогтнолчид байх ёстой гэж би боддог.

-Алтан-Овоо, Дарьгангаараа галигуулсаар байгаад хоёулаа ном бүтээлийн тань тухай бага ярилаа?

– Их утга зохиолын нөмөрт, билгүүн найрагчдын салхинд яваагийн хувьд айргийн таван морь шиг найргийн таван номтой. Анхны ном “Адууны нутаг Дарьганга”-ыг “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимэддорж минь оршоож үг бичиж байлаа. Дараагийн бүтээл “Эмнэг хар азарга”-ыг Дөнгөтийн Цоодол, “Азын дөрвөн морь”-ийг Тангадын Галсан, “Эмээлтэй мөндөр”-ийг Бавуугийн Лхагвасүрэн өмнөтгөл бичсэн. Энэ аваргуудыг би бүгдийг нь багшаа гэж боддог юм аа.

Надад Дарьгангын минь салхийг залгилж Алтан-Овооноос аршаалсан нь байтугай нутагт минь дөрөө мултлаагүй нь хүртэл баярладаг. Долгорын Нямаа гуай “Чи л тэнд байж очсон амьтдын нүд харааг тэлдэг байна. Бүгд л чам дээр очиж бужигналдгийг би мэднэ. Олон жил очоогүй хэрнээ надад нэг л сайхан санагдаж үсний минь буурал цөөрч, үгний минь аялгуу ярууслаа” гэж билээ. Ингэж л их утга зохиолын буурлууд, үе үеийнхэн намайг хайрладаг юм шүү. Хөдөөнөө сууж бүтээлээ туурвиж яваагийн минь буян биз ээ.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ спорт

Пепе есөн тонн хүнс ядуучуудад тараалаа

“Реал”Мадрид, Португалийн шигшээ багийн төвийн хамгаалагч Пепе хэмээх овоо гайгүй ширүүн зантай хөлбөмбөгч бий. Үе үе өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг сайнаар хэлбэл бяцхан шоглочихдог, муугаар хэлбэл талбай дээр түмэн хүний нүдэн дээр шууд л зодчихдог “хүнд гар”. Гэхдээ тэр хөлбөмбөгөөс хол байх үедээ шал өөр нэгэн байж чаддагийг өчигдрийн үйлдэл нь батлах юм. Пепе өөрийнхээ мөнгөөр есөн тонны жин дарах хүнсний бүтээгдэхүүн худалдан авч Мадрид хотын Лас-Росас дүүргийн 200 орчим гэр бүлд зул сарын бэлэг хэмээн тараажээ. Мэдээж ганцаараа энэ их ажлыг амжуулах боломжгүй тул сайн дурынхныг ч цалинжуулж дайчилсан сурагтай. Олох сайхан, олсныгоо бусадтай хуваалцах бүр сайхан гэдгийг амьдралд хэрэгжүүлжээ

Б.Хулан

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Төслийг дэмжих боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Намын бүлэг дээрээ уг хуулийг ярилцаж яахаа шийд” гэсэн сануулга өгснөөр энэ өдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн юм.

Дээрх төсөлд тамхи худалдан борлуулах цэг нь сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор болгон өөрчлөхөөр заасан юм.

УИХ энэ өдрийн хуралдаанаараа мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүд дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Тамхины хяналтын тухай хуульд дараах өөрчлөлтийг тусгажээ. Үүнд нэгдүгээрт, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах стандарт болон анхааруулах тэмдгийн талаар тусгасан байна. Хоёрдугаарт, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор зохицуулжээ.

Нийтийн эдэлбэр газарт байгуулах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хэрэв аж ахуйн нэгж, байгууллага байгуулах бол тухайн этгээд хариуцахаар тусгасан юм байна.

Хууль батлагдсан нөхцөлд хүн амын эрүүл мэндийг тамхины шууд болон шууд бус нөлөөллөөс хамгаалах, тамхинаас үүсэх хог, хаягдлыг нэг цэгт төвлөрүүлэн цэвэрлэх, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон хүндрэл, төсөв, зардлыг хэмнэх, орчны цэвэр цэмцгэр байдалд эергээр нөлөөлөх зэрэг эрх зүйн орчин бүрдэж хуулийн хэрэгжилт сайжирч амьдралд нийцнэ гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа юм.