Categories
мэдээ соёл-урлаг

Норвегийн ой

Энэ удаа Японы алдарт зохиолч Харуки Муракамиг дэлхийд алдаршуулсан зохиол болох “Норвегийн ой” номыг хүргэж байна. Харуки Мураками гурван жил Нобелын шагналд нэр дэвшсэн ч хараахан уг шагналыг авч чадаагүй байна.

Тобу Ватанабэ Хамбург хотын онгоцны буудалд буугаад цээж тэнэгэр алхаж явах бөгөөд Битлзийн “Норвегийн ой” дууг сонсонгоо 20 жилийн өмнөх буюу 18 насандаа эргэн очно. 18 настай Ватанабэ Токиод суралцахаар ирж, оюутны дотуур байранд амьдарч эхэлдэг. Тэрбээр Токиод ирэхээсээ өмнө нэгэн найз охинтой байсан бөгөөд түүнтэйгээ нэг удаа энгэр зөрүүлчихээд шинэ амьдралд хөл тавьж байгаа тул найз охиноосоо салаад Токиод ирдэг. Ватанабэ оюутны байранд Нагасава гэж гэж найзтай болсноор үйл явдал үргэлжилнэ. Хорвоо уулзах ёстой хүмүүсийг ямар нэгэн сэжмээр учруулдаг шиг тэр хоёрт ном уншихаас эхлээд хийх дуртай зүйлс олонтаа. Бүгд энэхүү царайлаг, толгойтой, баян айлын хүүхэд, биеэ тоосон залуутай хүн бүр найзлахыг хүсдэг ч зожиг Ватанабэг сонгосонд нь атаархах хүн олон байна.

Нэг удаа Наоко хэмээх бүсгүйн 20 насны төрсөн өдрөөр Ватанабэ охидын дотуур байранд нь зочилсноор тэдний харилцаа эхэлнэ. Ватанабэ Наоко хоёр бие биедээ гал халуун хайр сэтгэлээ өгцгөөсөн ч Наоко хэдэн өдрийн дараа усанд хаясан чулуу мэт ор сураггүй болов. Ватанабэ хаашаа явсныг нь мэдэхгүй тул гэрийнх нь хаягаар захиа бичнэ. Наокогоос хариу захидал ирж ой дундах сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдийн сувилуулдаг бөглүү нэгэн сувилалд байгаа гэдгээ хэлнэ. Ватанабэ нэг л өдөр Наокогийн хэвтэж буй сувилал руу явахаар зориг шулуудан аян замд гарлаа. Наоко өөрөөсөө нэлээд эгчмэд Рейкотой цуг нэг өрөөнд амьдарч байв. Наоко өмнө нь зулайг нь гишгэж төрсөн нэг эгчтэй байжээ. Эгч нь царайлаг, сурлага сайтай тул сургуулийнх нь хөвгүүд хөлөө хугалах шахам гүйдэг байж. Нэг өдөр ээж нь “хоолоо ид” хэмээн дуудсан ч эгч нь ирэхгүй байсан тул Наоког хоёр давхар дахь эгчийнх нь өрөө рүү явууллаа. Эгчийнхээ өрөөнд орж хаалгыг түлхтэл эгч нь цонхоор юм хараад зогсож байх ажээ. Сайн анзаарч харвал эгч нь өмнөхөөсөө нэг л өндөр болчихсон мэт харагдах агаад “Ээж хоолоо ид” гэж байна хэмээн амандаа үглэн яваад очтол эгчийнх нь хүзүүнд олс углаатай байлаа. Наозогийн эгч аль хэдийнэ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Наокогийн хар багаасаа үерхсэн найз залуу Кизүки мөн ийм байдалтай хорвоогоос явсан тул сэтгэлийн хямралд орж Наоко хий юм хардаг болжээ.

Харин Наокотой цуг байдаг Рейкогийн хувьд мундаг төгөлдөр хуурч байсан тухай Наоко хуучилна. Тэрбээр төгөлдөр хуурын нэгэн тэмцээнд орохын өмнө яагаад ч юм чигчий хуруу нь хөдлөхөө байчихсан байна. Яаж ч эмчлээд нэмэргүй тулхөгжмөө түр хугацаанд ангид байх шаардлагатай болсон тухай эмч хэлнэ. Хөгжимгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон хүнд энэ нь амиа хорлосноос өөрцгүй хэрэг байлаа. Хэсэг хугацаагаар завсарлаж байхдаа 13 настай нэгэн хөөрхөн охинд гэрээрээ төгөлдөр хуурын хичээл зааж эхэлснээр олон хүний хүлээн зөвшөөрөхгүй харьцаанд орж лесби болдог тул олны дарамт шахалтаас болж Рейко энэ сувилалд иржээ. Тэр гитар дээр олон сайхан дуу дуулсны нэг нь “Норвегийн ой” байв. Яагаад ч юм энэ дуу Ватанабэд онцгой сэтгэгдэл үлдээлээ. Ватанабэ тэдэн рүү үргэлж захиа бичиж, байр хөлсөлж тусдаа гарах гэж байгаа Наоког хоёулаа цуг амьдаръя, би чамайг эдгэрнэ гэдэгт итгэж байна гэхчлэн захидлаа үргэлжлүүлнэ. Гэвч Наокогийн бие улам муудаж, захиа ч уншиж чадахаа больсон бөгөөд Рейко өмнөөс нь захидал бичнэ. Наокогийн бие муудан ээж нь ирж эмнэлэг рүү авч явсан тухай Рейко захиа бичлээ. Нэг л өдөр Наокогийн бие илааршин сувилалдаа эргэн ирсэн баяртай мэдээ дуулдан, удаагүй байтал Наоко нас бардаг. Тэр үнэхээр Наокод хайртай байжээ. Түүний үнсэлт, тэврэлтийг дөнгөж саяынх мэт санаж байв. Гэвч тэр эргэж ирэхээс нэгэнт өнгөрсөн гэдгийг санаад уй гашууд автана.

Гадуур тэнэж явсаар Ватанабэ Токиод ирж хичээлийнхээ хажуугаар хар бор ажил амьдралаа залгуулж байв. Гэтэл нэг л өдөр Наокотой хамт сувиллын нэг өрөөнд хамт амьдарч байсан Рейко гэнэтхэн ирнэ. Тэд Наокод юу тохиолдсон талаар удтал ярьцгаав. Наоко эмнэлгээс сувилалдаа ирэхдээ Ватанабэгийн захиануудыг шатааж, амьдралаа шинээр эхэлж байна гэж Рейкод хэлснээр үйл явдал үргэлжилнэ.

Э.БОЛД

Categories
мэдээ улс-төр

УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар томилогджээ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар “УБТЗ”-ын 2014 хийсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн зэрэгцээ даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.

“УБТЗ”-ын даргаар В.Отгондэмбэрэл томилогдож гурван жил ажилласны дараа “УБТЗ”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж хоёр жил ажилласан бол түүний өмнө Д.Жигжиднямаа үүрэг гүйцэтгэгчээр нэг жил ажилласан юм. Тэгвэл энэ удаагийн даргыг Ерөнхий хороогоор хэлэлцээд Л.Пүрэвбаатарыг томилжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Р.Анхнямын тоглосон ”Чонон сүлд” кино удахгүй нээлтээ хийнэ

Жүжигчин Р.Анхням өнгөрсөн онд Хятадын уран бүтээлчидтэй хамтран “Чонон сүлд” кинонд тоглосон. Тэгвэл түүний тоглосон “Чонон сүлд” кино ирэх жилийн хоёрдугаар сард дэлгэцнээ гарахаар болжээ. Харин өнөөдөр энэхүү кино албан ёсны трэйлер цацагдсан байна. Ингээд та бүхэндээ Чонон сүлд киноны трэйлерийг хүргэе.


Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

А.Гантулга: Миний шавь золиос болж насаараа ринг дээр гарах эрхгүй болчихлоо

Саяхан Монго­лын Боксын хол­боо­ны удирдах зөв­лөл хуралдаж эрэг­тэйчүүдийн шигшээ багийн тамирчин ОУХМ Х.Энхдэлгэрийн сонирхогчдын боксд тоглох эрхийг бүх насаар нь хассан байна. Мөн түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгыг тэм­цээн уралдаанд орол­цох эрхийг нь хоёр жилээр хасчээ. Ингээд зогсохгүй эмэгтэй шигшээ багийн тамирчин ОУХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нар багаасаа хөөгдсөн байна. Эмэгтэй боксч­дын хувьд шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхтайваныг тамир­чид­тайгаа зүй бусаар харьцдаг, харилцааны доголдолтой учраас дасгалжуулагчаа сольжхуучин шигшээ багийн дасгалжуулагч байсан Л.Энхбаатарын удирдлага дор хичээл­лэхийг хүссэн гэх. Харин боксын холбооны зүгээс тэднийг дас­галжуулагчаа үл хүн­дэтгэсэн, хэл ам таталсан гэж үзээд ийн шийтгэсэн бололтой. Хэдийгээр эмэгтэй боксчид шигшээ багаас хөөгдсөн ч тэмцээн уралдаанд оролцох эрх нь нээлттэй төдийгүй гол нь өөрсдийнхөө зард­лаар оролцох гэнэ.

Харин 52 кг-ын шилдэг тулаанч, Оюутны дэлхийн аварга Х.Энхдэл­гэрийн хувьд насаа нууж дүүгийнхээ нэрээр тэмцээн урал­даанд орж байсан учраас сонирхогчдын боксд бүх насаараа хүч үзэх эрхээ ийн хасуулсан гэх. Түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Ган­тулгаас энэ талаар тодрууллаа.

Таны шавь Х.Энх­дэлгэр сонирхогчдын боксд тоглох эрхээ бүх насаараа хасуулсан байна. Шалтгаан нь насаа дарж дүүгийнхээ нэр дээр тэмцээнд оролцож байснаас болсон гэх юм?

-Энэ их ярвигтай асуу­дал. Энхдэлгэр Ховд аймгаас 2003 онд Улаанбаатар хотод гэр бүлээрээ нүүж ирсэн гэсэн. Хөдөө хүүхэд байхад нь өвчин ороогоод байхаар нь лам өвөө нь эцэг, эхэд нь хүүгийнхээ нэр, амьдарч буй газар нутгийг нь соль гэж хэлсэн юм билээ. Тэгээд аав ээж нь нутаг сэлгэх санаатай хот бараадаж, дүүгийнх нь нэрээр дуудах болсон гэсэн.

Ах, дүү хоёрын би­чиг баримтыг сольсон гэсэн үг үү?

-Яг ч тийм биш юм шиг. Дүүгийнх нь нэрээр ахыг нь нэг хэсэгтээ л дуудаад явчихсан бололтой. Тэгээд гадаад паспортыг нь Энхдэлгэр дүүгийнх нь нэр дээр захиалж гаргаад тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн үг. Тэгэхээр иргэний үнэмлэх, хурууны хээнээс өгсүүлээд зөрж таарахгүй юу. Жинхэнэ нэр нь Хархүүгийн Энх-Амар. Харин дүү нь Энхдэлгэр болж таарсан.

Та энэ бүхнийг мэдэж байсан хэрнээ яагаад нуусан юм бэ?

-Би өнгөрсөн зургаду­гаар сар хүртэл энэ тухай мэдээгүй явсан. Анх 2007 онд надад шавь орсон. Баянзүрх дүүргийн Шархад гэдэг газар гэр нь байдаг гээд хэсэг хэдэн найзуудтайгаа ирж байсныг санаж байна. Энх-Амар “Багшаа танай секцэнд ормоор байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би даруухан, үг дуу цөөтэй сайн хүү байна гэж бодоод их дэмждэг. Бэлтгэлдээ ч цаг хугацаанд нь ирдэг, хөдөлмөрч хүү. Миний шавь сонирхогчдын боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэм­цээнд нэг удаа, залуучуудын улсын аваргад хоёр удаа, насанд хүрэгчдийн улсын аваргаас нэг мөнгө, нэг алт хүртэж байсан. Оюутны дэлхийн аварга болж байлаа. Миний төдийгүй Монголын шилдэг тамирчдын нэг. Харамсалтай нь ийм байдалд хүрчихлээ.

Таныг энэ үйлдэлд буруутай, тамирчныхаа ирээдүйгээр тоглочих­лоо гэх хүн олон байна. Учир нь мэдсээр байж тэмцээн уралдаанд насыг нь дарж оруулсэн гэж…

-Өнгөрсөн зургадугаар сард Энх-Амар өөрөө Монголын боксын хол­боонд тэр дундаа Сэрдам­бад хэлсэн байсан. Сэрдамбад хэлчихээд дараа нь над дээр ирээд энэ тухай хэлсэн. Миний хувьд хүүхэд боксын бээлий ч өмсөж үзээгүй байхад нь шавиа болгож мэргэжлийн тамирчин бол­гоод шигшээ багт хүлээлгэж өгсөн хүн. Ямар ч багш шавьдаа аль болох мэдэж чадахаа зааж өгч, илүү амжилтад хүрээсэй гэж бодохоос биш бичиг баримттай зууралдаад насыг нь дарах үйлдэл хийгээд явах зав хаа байна.

Хамгийн дотнын хүн хэрнээ танд яагаад эхэлж хэлээгүй юм бол?

-Итгэл найдвар хүлээл­гэдэг болохоор мэдээж багшийгаа хүндлээд айгаад хэлээгүй байх. Тиймээс Сэрдамбад хандахгүй юу. Яагаад хэлж болохгүй гэж. Би үүнийг нь сонсчихоод нэгэнт холбоо мэдсэн юм чинь намайг бодвол хүн амьтантай уулзаад асуудлыг шийдчих байх гэж горьдсон хэрэг.

Тэгвэл Инчоны наа­дамд холбоо мэдсээр байж авч явжээ, Энх-Амарыг?

-Тэгсэн. Азийн наа­дамд явах гэж байхдаа Энх-Амар Сэрдамбад “Би нэгэнт бичиг баримтын асуудалтай юм чинь дахиж тэмцээнд яваад дэмий байх. Больё” гэж хэлсэн гэсэн. Харин Сэрдамба “Санаа зоволтгүй, ах нь зохицуулна. Чамайг заавал тэмцээнд орол­цуулах болно” гээд авч явсан юм билээ. Тэгсэн онгоцны буудал дээр очоод баригдахгүй яахав. Тухайн үед нь засч залруулаад өгөхийн оронд мэдсээр байж дагуулж яваад бүр хорлочихсон хэрэг.

Оюутны аваргад оролцох үеэр хуурамч бичиг баримттай явсан байжээ?

-Бодвол тэгсэн байх. Би сайн мэдэхгүй шүү дээ. Ямар дагаж явах биш. Шавь маань Оюутны дэлхийн аварга боллоо гэж баярлаж л суусан. Үнэндээ шигшээ багийн дасгалжуулагч л бүх гавьяа шагнал, сайн сайхан нэрийг зүүдэг. Бид хүүхдүүдийг юугаа ч мэдэхгүй нусгай байхад бүх мэддэг чаддаг зүйлээ зааж өгөөд мэргэжлийн тамирчин болгоод шигшээд хүлээлгэж өгдөг. Харин шигшээ багийн дасгалжуулагчид бэлтгэгдсэн тамирчныг хатуухан хэлэхэд борлуулдаг гэсэн үг. Шигшээ багийн тамирчин томоохон наадмаас медаль хүртлээ, амжилт гаргалаа гэхэд тэдэнд л хувь хишиг оногдоод бидний нэр ард нь ганц дурдагдаад өнгөрвөл их юм. Би мөнгө төгрөг, алдар нэрний хойноос хөөцөлдөөд байгаа юм биш. Гол тамирчид сайн сайхан явахад өөрсдийгөө сарны гэрэл болтол нь магтаад, муу явбал газар дор ортол нь биднийг муулдаг. Би 20 жил боксыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Төгсцогт, Чинзориг гээд миний сайн шавь нар зөндөө бий. Нандин-Эрдэнэ гээд нэг сайн хүүхэд гарч ирсэн шигшээгийнхэн яасан. Гадагш нь тэмцээнд 69 кг-ын жинд оруулна гэж авч явчихаад 75 кг-д тулалдуулаад баллаад хаячихсан. Одоо Энх-Амарыг үгүй хийчихлээ шүү дээ.

Таны эрхийг бас хассан гэсэн. Хэр хугацаагаар вэ?

-Миний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан. Энэ он ороод 2015 он дуустал гэсэн үг. Дасгалжуулах эрх бол байгаа. Олон улсын рингэд оролцож болно. Дотоодын тэмцээнд л оролцохгүй. Би бол яах вэ. Монголын боксын хөгжилд хийх зүйлээ хийчихсэн хүн.

Шилдэг шавь тань насаараа ринг дээр гарахгүй гэхээр танд мэдээж хэцүү байгаа болов уу?

-Үгээр хэлэхийн аргагүй хүнд. Эрх мэдэлтэйсэн бол өмнөх нэрээр нь ч хамаагүй тэмцээнд нь оруулаад л явах юмсан гэж бодож байна. Надад амьсгалахад ч бэрх байгаа юм чинь Энх-Амар маань ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ.

Энх-Амар бэлтгэлээ хийж байгаа юу. Гэр бүлийнхэн нь дээрх шийдвэрийг яаж хүлээж авсан бол?

-Бэлтгэл огт хийхгүй байгаа. Холбооноос шийдвэр гаргахад бид хоёр хамт байсан. Тийм шийдвэр гаргасныг хоёулаа зэрэг сонссон. Би шавиа ийм хүнд байдалд орохыг сонсоод надад ямар ч хамаагүй шийтгэл өг. Багш нь юм чинь хариуцлага хүлээх ёстой гэсэн. Таны эрхийг хоёр жилээр хаслаа гэхэд нь “За баярлалаа” гээд гараад явсан. Энх-Амар “Багшаа нэгэнт боль гэсэн юм чинь боксын тухай яримааргүй байна” гэж хэлсэн. Гэр бүлийнх нь ч дахиад боксоор яваад дэмий биз дээ гэсэн. Тэд надтай л адилхан танил тал, хөөцөлдөөд өгөх эрх мэдэл байхгүй болохоор гарцаа олохгүй байгаа байх.

Та холбоо барьж байгаа юу?

-Үгүй. Би ч буруутай юм шиг гэрэвшээд холбогдож чадахгүй байгаа. Мэдээж ийм хүнд цохилтод орсон юм чинь тайвшрахад хугацаа хэрэгтэй байгаа нь ойлгомжтой.

Таны хувьд холбоо буруутай гэж үзэж байна уу. Ер нь та нар холбоотойгоо хэр таарамжтай байдаг юм бэ. Сайн гэх цөөхөн дасгалжуулагч, тамирчдаа ингэж шахаж, хөөж туугаад байх шаардлага холбоонд байна уу?

– Яахав нэг талаараа бид холбооны зүгээс тавьсан хариуцлагыг хүлээх нь зөв. Нөгөөтэйгүүр холбоо ажил хийсэн болж л харагдах гэж байгаа нэг хэлбэр. Уг нь холбоотойгоо таарамжтай л байдаг. Гэхдээ тамирчдаасаа болж энэ салбарт чинь асар их асуудалгарна. Яаж спортоо авч үлдэх вэ гэхийн оронд нэр алдар, мөнгөний төлөө шунахайрсан хүн их байна. Нарийн ярих юм бол багш нар хоорондын хор. Сайн яваа нэгнийхээ алдаан дээр нь түлхэх гэж оролдсоноос болж тамирчид хохирчихлоо. Амьхандаа миний нэр төрийг унагааж байгаа хэрэг.

Одоо тэгээд Энх-Амар юу хийх вэ. Сурдаг уу?

-Үгүй. Оройгоор арван жилээ төгсөнө гэж байсан. Бие тааруу байсан болохоор ер сургуульд сурч байгаагүй юм билээ. Ажил хөдөлмөр л эрхэлж амьдарна гэсэн үг ш дээ.

Холбооны зүгээс мэргэжлийн боксд тоглох боломж байгаа гээд дэмжинэ гэсэн юм билээ. Сонирхогчдын боксд дахин ринг дээр гарах ямар ч боломж байхгүй юу?

-Мэргэжлийн боксд тоглоно гэдэг хэцүү. Шууд хэлснээр нь тоглочих юм биш. Хэрвээ өөрөө хүсэх юм тоглох л байх. Өөрөө шийдээгүй байхад би чи мэргэжлийн боксд тогло гэж шаардах эрх байхгүй. Холбооны зүгээс боломжтой хувилбар л хэлсэн байх. Энх-Амар одоо 22 настай, ид тулалддаг насан дээрээ явж байна. Өөрийнхөө нэр дээр мэргэжлийн боксд л хүч үзэх эрхтэй. Сонирхогчдын боксд хар данстай болчихсон. Гэхдээ миний бодлоор Олон улсын боксын холбоонд манай холбооны зүгээс хүсэлт тавиад гуйвал болохгүй гэх газаргүй. Харин манайхан хүчлэхгүй, хөөцөлдөхгүй байна.Хатуухан хэлэхэд арьсаа хамгаалаад гараа хумхиад суугаад байна.

Таны хувьд одоо хичнээн шавьтай байна. Тэднийгээ цаашдын тэмцээнд яаж оролцуулах вэ. Өөрийнхөө нэр дээр оруулах эрхгүй шүү дээ?

-70 гаруй шавь миний удирдлага дор бэлтгэл хийж байна. Саяхан олимпийн тэтгэлэг авсан Чинзоригоос эхлээд сайн хүүхдүүд нэлээд хэд бий. Ямартай ч тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг нь тааруулаад явж байна. Нэг сард болох улсын аваргаас эхлээд болох тэмцээнүүдэд миний туслах шавь Отгонбаяр нэр дээрээ авч орох байх. Цаашдаа ринг дээр гарах, гарахгүй нь сонин биш. Хоёр хөл явж байгаа цагт хүүхдүүдээ дасгалжуулна. Гол нь залуу дасгалжуулагчидтай холбоо зөв, тулж ажиллаасай гэж хүсэх байна. Хөдөө орон нутагт ч тэр маш олон сайн багш нар байна ш дээ. Тэдний хөдөлмөрийг зөв үнэлж сурах хэрэгтэй. Сайн, ирээдүйтэй тамирчинг багш нар бид л бэлтгэж, бэлэн болгож ринг рүү гаргадаг.

Эмэгтэй шигшээ багаас гурван боксчин хөөгдсөн гэсэн. Юунаас болсон юм бол?

-Би мэдэхгүй. Бид хоёр эрхээ хасуулах болсноо мэдчихээд хурлаас гараад явсан. Сая Азийн наадамд орсон эмэгтэй боксчид дасгалжуулагчтайгаа ам зөрсөн таарамж муутай байдаг л гэж сонссон.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гэндэндарамын ЭРДЭНЭБАТ: Би багадаа дуулахаас илүү бүжиглэдэг хүүхэд байлаа

Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Гэндэндарамын Эрдэнэбаттай ярилцлаа. Ерэн оны шилжилтийн эхэн үеийг сонгодог урлагийн мэргэшсэн уран бүтээлчид хэрхэн даван туулж байсан үйл явцыг нь сонирхлоо.

Ерэн оны шилжилтийн эхэн үед та сонгодог урлагийнхаа хажуугаар гэнэт зохиолын дуу дуулаад эхэлсэн. Үүгээрээ та уран бүтээлчийнхээ хувьд тухайн нийгэмтэйгээ яг ямар харилцаанд орсон юм бэ?

-Ер нь их сонин түүх шүү. Далан оны сүүлээс наяад оны сүүл хүртэл манай дуурийн урлагийн ид оргил үе байлаа. Театр далан хүнтэй балетын ангитай, гоцлол дууны анги нь дандаа Европт сурч төгсөж ирээд арваад жил ажиллачихсан жинхэнэ бяр нь амтагдсан улс байв. Оркестр гэхэд Ж.Чулуун, Ч.Жамсранжав гэсэн мундаг удирдаач нартай. Төр засаг ч хүчтэй хөрөнгө хаяж анхаарч байсан үе. Ухаандаа, тэнд ажиллаж байсан хүмүүс мэргэжилдээ сайн байх юм бол амьдралын баталгаа байна гэж харж байсан байна шүү дээ. Тэгээд нийгэм шилжээд хямраад ирэхийн даваан дээр хүмүүс юун тэр дуурь үзэхтэй манатай. Дуурийг нь үзэх хүнгүй болчихоор чинь тэнд хичнээн мундаг дуучид байгаад ч хэцүү биз. Тэгээд миний чадах юмнаас хүн юуг сонирхож байгаа юм бэ гэдгийг харж эхэлсэн. Ядарсан зүдэрсэн хямарсан хүмүүс чинь дуу хуураар сэтгэл санаагаа илааршуулж, бага ч гэсэн тайвшрал, итгэл үнэмшил авч байна шүү дээ. Тэгмэгц хөгжмийн зохиолчид ч, дуучид ч аятайхан дуу дуулчих юм сан, хүнд амархан хүрэх дуу хийх болсон. Хүнд амархан хүрээд амархан мартагддаг дуунууд. Хажуугаар нь мэргэжлийн хөгжмийн зохиолчид дуу зохиохгүй бол энэ үед амьдрахгүй юм байна шүү гэж ойлгох болсон. Гоё гоё хэлбэрийн дуунууд ч гарсан. Бараг дуу дуулдаггүй байсан манай театрынхан А.Долгор, Ч.Мөнхшүр, А.Энхтайван, Ж.Гантөмөр бид хэд Дуурийн театрт анх тэгж эхлүүлж байсан юм. Магадгүй манай театр хамгийн түрүүнд хаалгаа барьж мэдэхээр цаг байсан байхгүй юу. Тэгэхэд хаалгаа барьсан газар олон бий шүү дээ. Дуурийн театр яагаад оршин тогтноод байсан бэ гэхээр, хэдэн дуучид нь хүмүүсийн хүсч байсан дуунуудыг дуулж эхэлсэнтэй их холбоотой юм. Тэр маягаар бид театртаа янз янзын сайхан концерт зохион байгуулаад, хөдөө бригадаар яваад, очоогүй газар бараг үлдээгүй дээ.

Түүгээрээ та хэд театрт мөнгө олж ирдэг байсан гэлүү?

-Ид хямралтай байсан 1992 онд би уран бүтээлийн тоглолт хийхэд үзэгчид заал дүүрээд, сэтгэл нь хөдөлсөн хүмүүс тайзан дээр гарч ирээд хандив хүртэл өргөж байсныг бодоход тийм тоглолт ховор байж л дээ. Ерэн нэгэн онд байна уу даа. Театр цалингаа тавьж чадахаа болилоо гээд биднийг Сүхбаатар аймаг руу бригад томилоод автобусаар явууллаа. Социализмын үед театр болгон автобустай байлаа л даа. Тэр автобусаараа явлаа. Явахдаа жанжин Сүхбаатарт тоглодог гавьяат Дашнамжил гуайг бригадын даргаар авч явлаа. Тэр нь ч учиртай. Бензин ховор цаг. Бензинийг зөвхөн сум, аймгийн Засаг даргын цохолтоор өгдөг байв. Дэлгүүрт нь юу ч байхгүй. Тийм нөхцөлд хэн бидний хэдэн нусгайг тоохов дээ. Дашнамжил гуайг очиход бараг бензин гэж хэлээгүй байхад нь танд юу хэрэгтэй байна гээд асуудаг байхгүй юу. Харин тоглолтоо бид сайн менежмэнттэй хийсэн дээ. Очсон газар болгондоо өдөр нь хүүхдүүдэд зориулж үнэгүй тоглолт хийнэ. Манай театр дэргэдээ “Үүрийн туяа” гэдэг цахилгаан хөгжмийн хамтлагтай байсан юм. Дандаа мэргэжлийн хөгжимчид. Тэр үеийн хүүхдийн гоё гоё дуунуудыг бүгдийг нь дуулна. Маш сайн тоглож сэтгэлийг нь хөдөлгөөд, миний дүү нар одоо та нар гэртээ хариад аав ээж, ах эгч нартаа туслаад гэр орныхоо ажлыг сайн хийгээд, түлээгээ хөрөөдөөд хоол ундаа хийгээд ээж аав, ах эгч нарыгаа заавал тоглолт үзүүлээрэй гэдэг. Хариад ээж аавыгаа шалаад суучихдаг гэж байгаа юм. Заавал очиж үз гээд. Тэгээд ээж аав ах эгч нар нь орой ирдэг байхгүй юу. Эхлээд бид нар концерт тоглоно. Гайхалтай гоё концерт. Дараа нь жүжиг тоглоно. Лувсаншарав гуайн “Хожгор түшмэл”, “Хадам ээж” гээд бэсрэг дуурь. Тэрийгээ оркестрт биччихсэн очдог байв.

Оперетта юу?

-Тийм. Нэг нь гучин минутынх. Бригад ахалж яваа хүн маань хөгжмөө дагаад удирдана. Би тайз чимэглэлээ зохицуулчихна. Концерт нь дөрвөн төгрөг, жүжиг нь дөрвөн төгрөг, дараа нь нийтийн бүжиг бас дөрвөн төгрөгөөр явуулна. Ингээд аав ээж хоёроос тус бүр арван хоёр төгрөг, нэг айлаас хорин дөрвөн төгрөг авчихаж байгаа юм. Бараг шөнийн нэг хоёр цагт тардаг байсан юм. Хонох буудал байхгүй. Бид нэг тийм хөвөнтэй гэрийн дээвэр авч явдаг байв. Тэрийгээ клубийнхээ тайзан дээр дэлгээд мешок, хөнжил дүүгээгээ дэлгээд унтдаг. Тайзан дээр примуск зоогоод, тушёнк, гоймон пүрхийтэл буцалгаж идээд л явна. Тушёнк гоймон хоёроос өөр идэх юм тэр үед байгаагүй. Тийм маягаар явж хэдэн төгрөг цуглуулж ирдэг, түүгээр театр цалингаа тавьдаг байсан юм шүү.

Сумын улаан булангууд нь ямархуу дүр төрхтэй байв?

-Өө, хүнд байсан. Хүйтэн нойтон. Соёлын төвийн орон тоонууд нь байхгүй болж эхэлсэн үе. Эзэнгүй шахуу. Байвал видео л үзүүлдэг. Видео дөнгөж гарч ирж байсан цаг. Зарим газар видеогоо л үзүүлнэ гэсэн хүмүүс бас асуудал үүсгэнэ. Нэг удаа Сүхбаатар аймгийн Онгон суманд тоглолоо. Хажууд нь цэргийн анги нь байдаг. Сумын төв дээр тоглочихоод орой нь нийтийн бүжиг зарлачихаад байж байтал нөгөө хил манаж байгаа улс чинь манайд ирж бүжиг явуулаач гээд болдоггүй. Тэгэхээр нь шууд цэргийн ангид нь очоод бүжгээ явуулж байтал араас баахан залуучууд пижигнэж орж ирээд, офицеруудтай нь зодоон үүсгэж байв. Тушаал өгөхгүй болохоор цэргүүд хөдөлдөггүй юм билээ. Тийм л сонин, хэцүү хүнд үеийг бид туулж явсан. Ер нь бид яг хямралтай үед их сайн явсан шүү.

Ямар ямар дуунуудаа дуулж явав?

– Миний “Тэмээн сүргийн говь”, “Элбэрэл”,”Бишрэл”, “Гэргий” гэсэн дуунууд яг гарчихсан байсан үе. Бас бид нар хүмүүсийн дуртай “Нарлаг Монгол орон”, “Отгонтэнгэр уул минь”, тэр үед моод болж байсан “Алтан хавчаар”-ыг хүртэл, Монголын радиогоор явдаг байсан дуунуудыг хүний ч, өөрийн ч бай хамаагүй бүгдийг нь хамж дуулдаг байсан. Хүмүүсийн хамгийн их сонирхдог дуунуудыг л дуулна. Тэгэхгүй бол үзэхгүй шүү дээ. Нөгөө инээдмийн төрлийн бэсрэг жүжгүүдээдээрээс нь өөрсдөө фантаазлаад улам сонирхолтой болгоод тоглоно. Одоогийнхоор бол бараг хошин шог маягтай. Тэгэхдээ мэргэжлийн гол шугамаа алдахгүй симфони оркестрт бичээд аваад явж байгаа юм л даа. Манай Лувсаншарав гуай мундаг шүү. Тэр цаг үед яаж хүмүүсийг дуурь руу татах вэ гэдгийг олж хараад сонирхох төрөл хэлбэрийг нь хийчихсэн л байгаа юм.

А.Долгор гуайн дуунууд, таны дуунууд олонд илүү их түгж байлаа. Заримынх нь намтар түүхээс өнөө эргээд сонирхуулбал ямар вэ?

-Би их азтай. Яахав, бурхнаас заяасан жаахан сонсгол, авьяас байсан байх. Манай Өмнөдэлгэрийнхэн бол урлаг соёл, дуу хуураад тасрахгүй яваад байгаа юм. Тэр бол гайхамшигт Цэнхэрийн гол, Өндөрхаан уулс, манай тэр байгалийн орчин бас нөлөөлдөг байх. Тэндээс төрсөн алдартай уртын дуучид байна. Ямар нэг байдлаар дамжаад яваад байдаг уламжлал байна. Би багадаа дуулахаас илүү бүжиглэдэг хүүхэд байлаа. Аймгийн соёл урлагийн арав хоногт сонгогдож зургаан сарын бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирж тоглоно. Тэрэндээ ач холбогдол өгч Аймгийн намын хорооноос анхаарал хандуулаад бөөн юм болдог сон. Арваа төгслөө. Багшийн дээдийн дуулаачийн ангид шалгуулаад, ирээд Новикова гэдэг орос багшийн ангид хуваарилагдав. Дараа нь Хайдав багш дээр ирсэн. Манай Хайдав багш бол дуурийн дуулаачийнх нь урлагийг Монголдоо үндэслэсэн хүн шүү дээ. Бүр европ гэдэг хоч авах болтлоо зүтгэсэн хүн байхгүй юу. Энэ хүний ач буянаар би яаж дуучин болохыг төдийгүй яаж хүн байх юм, яаж хүнтэй харьцах юм, яаж зөв амьдрах юм тэр болгон нь өдөр бүхэн тэр хүнтэй хамт байсны хүчинд ахуй амьдралын хэвшил болтол суралцаад явчихдаг юм билээ. Багшийн дээдэд байхдаа Зөвлөлтөд болох Монголын соёлын өдрүүдэд орох болов. Дөрвөн оюутан шалгараад явж байгаа. Нэг муу нусгай оюутнууд “Россия” зочид буудалд байрлаад л, Большой театрын тайзан дээр нь алхаж үзээд л. Тэр улаан шугамных нь дотор дуртай нь алхдаггүй, дэлхийн бараг нэг хоёрт гэгддэг том тайз шүү дээ. Мэдээж, би бол эрэгтэйчүүдийн чуулга гэдэгт нь багтаад тэнд очиж байгаа хэрэг. Дуулах зам минь тэгж эхэлсэн юм. Их азтай, бас цаг үеэ олж тэр сургуульд орсон шиг байгаа юм, би. Тэр бол наян нэгэн он. Бид цаашаа Молдав энэ тэрээр яваад,хавар явсан улс зун долдугаар сарын эхээр ирсэн чинь Орос, Болгарт сургуульд явуулах элсэлт эхэлчихэж. Би орос хэлний шалгалтад нь тэнцээд, хэлний бэлтгэлгүйгээр Орос руу, Төмөр-Очир гээд нэг нөхөр маань хэлний бэлтгэлтэйгээр Болгар явсан.

Ер нь яаж дуулахаар дуу тэгтлээ олонд түгдэг, бас хуучирдаггүй юм бэ. Анх дуулж нийтэд түгээсэн дуу тань ямар дуу байдаг вэ?

-Дуу дуулах амаргүй л дээ. Дууны шүлгийн хаан Л.Дагвадорж гуайн шүлэг, Дондовын Цогтсайханы “Ээжийн сайхан хорвоо”гэж дуу бий. Энэ дууг би оюутны симфони оркестртой, улс тунхагласны баяр арваннэгдүгээр сарын26-нд Уралын хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа нэг том зааланд дуулсан юм. Найм есөн зуугаад оюутны өмнө дууллаа. Дандаа монгол оюутнууд. Олон сургуультай тэнд чинь. Манай Баатаржав удирдаачийн хүү, одоо Екатеринбургт Филармонийн удирдаачаар ажиллаж байгаа Энхбаатар удирдаж тоглуулаад. Цогтсайхан маань авьяастайгаас гадна эндээ мундаг багш нарын гараар орчихсон учраас юманд их өндөр шаардлагатай ханддаг. Тэр дууны оркестровка бол гайхамшигтай. “Олныг жаргааж явбал өөрөө жаргалтай…” гэж эхэлдэг дуу шүү дээ. Энэ миний анх дуулсан дуу. Орост сурч байгаа оюутнуудын дунд соёл урлагийн өдрүүд гэж бас болно оо. Хот хотуудаас цугларсан монгол оюутнууд, Балхжав, том Жагаа гээд л авьяастай гэсэн залуучууд бүгд Москвагийн наян оны олимпийн хотхонд байрлаад соёл урлагийн өдрүүд хийдэг байлаа.

Та өмнө нь таван зуу шахам дуу дуулсан байна лээ гэж ярьж байсан. Дуулаагүй хөгжмийн зохиолч үлдсэн үү?

-Алтан үеийхний амьдралынхаа сүүл үед туурвисан бүтээлүүдээс ч дуулах аз надад тохиосон. Л.Мөрдорж гуай хоёр сайхан дуу өглөө. Монголын радиог Цахилгаан, шуудан холбооны байрны дөрөвдүгээр давхарт байрлаж байх үед Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа гуайтай очиж хажууд нь Мөрдорж гуай өөрөө зогсч байгаад бичүүлсэн. Тэр дуу бас Радиогоор их явдаг байсан юм. “Малчин бид”, “Отгонтэнгэр хайрхан” гэдэг хоёр дуу.

-“Тэмээн сүргийн говь” гэдэг дууны тань хөгжмийн дүрслэл гайхмаар тансаг, нэг их тунгалаг хөгжим тийм ээ?

-Тэр чинь Дуурийн театрын “Үүрийн туяа” хамтлаг тоглолт хийдэг байсан үеийн дуу юм. Манай А.Батдэлгэрийн хөгжим шүү дээ. Балетчин А.Батдэлгэр энэ хамтлагт басс гитарчин байхдаа бичсэн юм. О.Цэрэндэндэв гэж Гадаад яаманд жолоочоос нь эхлээд гадаадад олон жил суусан дипломатч хүн шүлгийг нь бичсэн. Одоо ҮДБЭЧ-д байгаа жижиг Бат-Эрдэнэ эд нар ард нь хоолой хийгээд л үнэхээр гоё болсон шүү. Яг тэмээ алхаж яваа юм шиг хэмнэлтэй дуу байгаа юм. Энэчлэн гоё гоё дуунууд ар араасаа гарч, бүгд хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Тэгэхээр нь яагаа ч үгүй байж уран бүтээлийн цэнгүүн хийлээ, би. Уран бүтээлчийнхээ хувьд яагаа ч үгүй л байгаа байхгүй юу, уг нь. Театрын нормын хар хувцаснаас өөр юу ч байхгүй. Хувцас хунар олдохгүй. Арайхийж материал олоод, хувийн компаниар хоёр костюм хийлгэж өмсөөд инээдтэй юм гарч байгаа. Шав шар өнгөтэй гялгар юм. Тэр үе чинь театрын нормын хар хувцаснаас өөр юу ч байхгүй үе шүү дээ. Ер нь хөгжмийн зохиолчийн хөдөлмөр ямар хэцүүг би нүдээрээ нэг үзсэн юм.

Хаана?

– 2003 он. Дуурийн театрт ажиллаж байхад “Чингэс хаан” дуурь тавих гээд ардын уран зохиолч П.Бадарч гуайн цомнолоор Шарав гуай хөгжмийг нь бичлээ. Шарав гуай ч бас л махруун хүн шүү дээ. Хөгжмөө бичээд наян хувьтай явж байтал чихэнд нь маш өндөр ганцхан ноот дуугараад, нойр ч үгүй болчихсон. Бараг л галзуурах шахаж байгаа байхгүй юу. Тэгтлээ өөрийгөө зовоосон гээд бод доо. Тэгэхээр нь бид ярьж байгаад Их тэнгэрийн даргатай яриад тэнд аваачиж тусад нь өрөө гаргаж өгч байрлууллаа. Боломжтой үедээ бичээд боломжгүй үедээ сайхан агаарт амраарай гэлээ. Тэнд хориод хонож Чингэс хаан дууриа бичиж дуусгасан шүү дээ. Айхтар зовж бичдэг юм билээ.

Сүүлийн үед та ямархуу сонинтой байна вэ?

-Улирлын шалгалт эхэлсэн. Бас хэд хэдэн хүүхэд гадны уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сонинтой. Сургуулийн статусын асуудал шийдэгдээсэй гэсэн их хүлээлттэй. Ийм л байх шив дээ.

Шийдэгдэхгүй олон жил болоод байгаагийн цаана нэг юм уу хэдэн хүн байдаг гэж сонсч байсан юм байна. Энэ үнэн үү?

-Шийдэгдэхгүй удаад байхаар зарим хүмүүс тэгж ойлгоход хүрдэг байж болох юм. Би бодохдоо арай үгүй байлгүй л гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, статусаа консерватор юм уу хөгжмийн академи болгох гээд хөөцөлдөөд байгаа энэ асуудал бол нэг хүний юм уу хэсэг бүлэг хүний хүсэл биш юм аа. Ямар ч амбиц энд байхгүй шүү дээ. Өндөр мэргэжлийн уран бүтээлчийг бид бэлдэж байгаа хэрнээ коллеж гэж яваад байгаа учраас залуучууд гадагшаа явж сурахаас аргагүй болж байна. Тэгээд тэндээ үлдчихдэг. Дээд мэргэжлийн диплом аваад амьдралаа бодох нь тэдний буруу биш. Уг нь гадаадад сурснаас тав дахин бага зардлаар эндээ сурчихаж болж байна. Би бол чадлаараа хөөцөлдөж байна. Засгийн газрын бүх яамнаас санал авахад бүгд дэмждэг юм. Тэгээд ч шийдэгдэхгүй байгаад байдгийг би ойлгодоггүй.Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр манай материалууд байж л байгаа. Одоо шинэ Засгийн газар байгуулагдлаа. Бид шийдэх байх гэж найдаж харж л сууцгаана. Ер нь бол сурагч оюутнууд багш нар болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд хүлээлт үүсгээд байгаа асуудал юм

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

“Утгын чимэг” наадамд Б.Золбаярын “Цоожны нэг шүдлэн” өгүүллэг түрүүллээ

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Утгын чимэг-2014″ богино өгүүллэгийн наадмын сүүлийн шатанд Н.Бадамжавын “Гудамжаар…”, Т.Баянсангийн “Таалагдах өвчин”, Т.Бум-Эрдэнийн “Сонин зүүд”, Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Гичий чонын гиншээ”, зохиолч Б.Золбаярын “Цоожны нэг шүдлэн”, Я.Мөнхжаргалын “Нүд”, Б.Пүрэвдашийн “Зээрээ, Зүрхээ хоёр”, Ц.Түмэнбаярын “Нангиад хатан”, залуу зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Цоожтой гүүр”, М.Энхболдын “Хандгайн уруул” зэрэг арван өгүүллэг шалгараад байсан билээ. Улсын драмын эрдмийн театрт өчигдөр “Утгын чимэг” наадам болж тэргүүн байрт зохиолч Б.Золбаярын “Цоожны нэг шүдлэн” өгүүллэг тодорч, хоёрдугаар байрт Ц.Түмэнбаярын “Нангиад хатан”,гуравдугаар байрт Б.Пүрэвдашийн “Зээрээ, Зүрхээ хоёр” өгүүллэгүүд шалгарлаа. Уншигч та бүхэнд тэргүүн байрт шалгарсан өгүүллэгийг толилуулж байна.

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.ЗОЛБАЯР

ЦООЖНЫ НЭГ ШҮДЛЭН

(ӨГҮҮЛЛЭГ)

Хэтний уул аяндаа ноцчихоор их халуунд хөх түрүү, хэдгэнэ дүнгэнэлдэж,омруу, цавь руу нь зээтүүлэн шунгаснаас унаа морь дэвхцэн цавчилж, толгойгоо сэжихдээ тахимд хавчуулаатай цулбуурыг суга татуут нь, босч мордоод хониныхоо араас хатируулав. Хонины түрүүч багийн ил дээр задгай мэлмийх худгийн халиан ус руу хошуурч, хэдэн сэрх тэргүүлэнхарайж хүрчээ. Эзгүй хэдэн байшин суурь богийн хөл аяс, чимээ шуугианд цуурайтан тэрүүхэндээ суурин газрын цуурай хөг гаргаад, амь аялгуу орох шиг болох ажээ. Айлууд бүгд зусландаа гарч, шавар байшин, багийн төвийн танхим, хүн ер нь усанд орсон юм уу, үгүй юм уу, хэзээний л халуун усны байшин нэртэй жижиг цагаан байшин, хуучин муу модон пинтэй худгийн туурь, нурсан чулуун хороо, лууль шарилж багсайлдсан энэ тэрхэн ахуй амгалан налайна.

Ар хойтоод нь ялимгүй гүдийх дэнж дээр алсаас өнгө муутай нь танигдаад байх жаахан гэр хий зэрэглээн дээр байгаа аятай өндөлзөн бөмбөлзөнө. Басхүү уйтгар гуниг, хүлээлт, цөхрөлөөр санаа алдан царайчлах шиг санагдана. Худгийн асгар замагтуулан дэвэрсэн ус хялгаслан урсаад, мэлмэгнэн гүймэгтэх нь чив чимээгүй. Өдөр өдөрт гүнээсээ хэдий чинэн дэвлэвч, тэр дороо л халуутан бүлээтэх уснаас баглуурын мал шилэмдэх төдий болоод төдхөнөө хошууран гарч уулаадаан цувлаа. Хярын борог хөвдөд эрүү чилж, махан тараг лаглайсан хонь ямаа таван үе илүү ургасан хахмал багалуурт хошуу уулзуулж хужирсаа ханаад, нар сэгийх тусам илчлэн төөнөх халуун, ялаа дэлэнчээс дайжихын түүс ээ. Аргагүй л зуныхэц арын салхинд өвс сорчлох цаг улирлын малын араншин юм даа.

-“Айл байна даа, ороод гаръя” хэмээн мөнөөх сүүмэлзэгч гэр лүү дөхөж очвол, сүүлний хонхорцог нь ширэлдсэн доожоогүй хөгшин банхар сүрхий духайн харснаа хуцсан ч үгүй шогшин ирж дагав. Нүдээрээ дүүрэн нуух гоожуулж, ноолуураа гээлгүй бахлайлгасан энэ амьтанд нохой нэр л үлджээ.Өглөөн сэрүүнд явсаны ортой багахан үүрэг хуурай шар харгана, уутны ихэнх тал аргалыг анзааран, морио тушиж суутал айлаас хүн гарч ирэх нь гэрийн эзээн.

-Өчигдөр ар луу хонь дарж яваа хүн харагдсан. Та байж л дээ. Бөөрийн хөл рүү хонов уу даа. Ялаа барьчих гэж байгаа биз гээд мэндийн зөрөөгүй асуув.

-Жаахан хөх хомоол унгасгасны ачаар танагтай л хонолоо. Ялаа халуун хоёр мөн горьгүй байна шүү. Танайх харин яажшуу зусч байдаг айл вэ?

-Зусахгүй гээд яахбилээ. Цоожны нэг шүдлэнгийн эрхэнд л айл амьтны хэдэн тагз сахиж сууна даа. Орооч та!гэхийнөнгө нь хүнтэй ярихын мөрөөс болжээ. Гэрийн зүүн хаяагаар сүйжилдэн хэвтээд, хараажаар тав зургаан нас хүрсэн хүүгээ үлгүүлж нялхамссан эхнэр хүн орж ирүүт залхуутайхан өндийж, хүүгээ түлхэн энгэрээ хумисхийв.

-Энд чинь тэгээд хэдэн цоож байдаг юм бэ дээ?

Хар хүн толгойгоо боосон дайртай ямбуу ороолтоо авч, нүүрээ тойруулан арчаад,

-Нэг , хоёр, гурав гээд яс тоолохоор дөч гаруй хаалга цоож байдаг юм. Тэр болгоны цаана өмч хөрөнгө байдаг л байлгүй. Юмтай улс цоожоо баглаж баглачихаад л арилдаг. Намар олигтой юм барьж өгөх юм уу, үгүй юм үү, бүү мэд дээ. Ноднингийн айлд гурван цоожтой айл нэг амбаараас нь дусаал гоожсон гээд хоёр муу шүдлэн барьж өгсөн гэж манай энүүнд авгай нь ярьсан байна лээ гэж мөнөөх эрх нялуундаа дэлэндүүлээстэй эхнэр рүүгээ дохиод,

-Үгүй ээ, чи!, хүнд аяганы амсар зуулгаач! гэлээ. Чухам ганц аж амьжиргааны ньтухай ярьсанаас уу, хавь ойртоо хүн орж ирээгүйгээс үү, угаас сэхээ сийрэг мөхөсийнх үү, үүлгэртэж суусан эхнэр аяга авч, зуухан дээрх данхнаас цийдэн цай хийж өгснийг уувал зэлгээн ажээ. Тэгээд зуухны халив дээр жигнэсэн хуурай гамбиртай тавгийг явган сандал дээр тавьж дөхүүлэв.

-Амбаарын дээврээс дусаал гоожихыг та нар бас хариуцах ёстой юм уу!

Цоожийг нь бүтэн байлгахыг манаж байвал барав биш үү? гэтэл, эзэгтэй хар хүнээсээ өрсөн,

-Хө-ш,Та минь, хэлээд юүхэв ээ. Ядруу улсыг чинь амьтан хүмүүс зоргоороо элэг барих юм. Юу ч гэж хэлсэн энэ муу сайнууд яав л гэж боддог шиг байна гээд суудлаа засан, үгтэж цухалдсанаа мөнөөх “элэг баригсаддаа” хэлсэн юм шиг аминдаа шилбэлзлээ.

-Эрх биш нэг булгийн амьтан, ах дүү байна. Цоожныхоо нэг нэг юм бариад өгнө байлгүй дээ.

-Аа-аа.., мэдэхгүй. Хоёр дугуйт зайдалсан, хонио ч мориор хариулахаа байчихсан улс харагдах юм. Моторт нь байтугай морь ч үгүй айлд атга ноолуур нь аштай юу гээд элгэмсэх сэтгэлтэн байна уу даа, ер нь гээд өнөөнөөс нааш сонинд ороож шүлсдэж шүлдсэн тамхиа асаав. Авгай нь залгуулан,

-Манай энэ гэж нэг л их тамхи татаж өдөр сар өнгөрөөсөн хүн. Салхигүй энэ халуунд эсгийний ноос хатаагаад савбал болмоор. Тоож ноосоо саваадуулах хүн алга гэх юм. Хаашаа ч болсон түмэн олон юм бэ дээ! гэж цөхрөл үнэртүүлэн үглэв.

Ингэж ярихад нь эхнэр рүүгээ нүдээ цавчлан, сүрхий уурлах нь уу гэмээр харж суусан нөхөр “Гээд одоо яахав дээ” гэсэн аятай инээмсэрч сууна. Гэтэл, чимээ авиагүй багийн төвөөс гэнэт хоёр дугуйтын мотор хавь ойрыг дэргэлзтэл цочоон асч хөдлөөд, төдхөнөө алсран холдлоо. Харин мөн чигээс ойрхоон, яаж яваад байгаа нь тойм тэмдэггүй хүний явдал, бас амандаа юм үглэмэглээд байх нь тодорч, “Ойлон толгойтой ч аавын хүү, өвлөх хөрөнгөгүй ч хүний хүү-ээ..,” хэмээн ээдэгнэж хэлгийтсэн цаанаа бядгүй агсамнал наашилсаар гадаа ирэв.

Аав ээж хүү гурав агшин зуур нэг нэгнээдээ түгшүүртэй хараад, босон харайцгааж сарампай хаалгаараа босгоны тоос манаруулан чихэлдэн гарав.

-Хэдүйдээ ямар гай нь бас хүрч ирээд, хэдүйдээ манай энэ үйлсгүй гуйлгачин очоод бас уучихдаг байна аа! гэж авгай гасалж байна. Айлын том хүү дайвлан, хоёр хөл дээрээ илтэд биеэ даахааргүй болжээ. Гэрийн зүүн ор, эргэнэг эргүүлдэж яваад, ил элбэг данхтай шимийн архинаас балгачихсан жаал хүүхдээс ер ялгаагүй тультираатан хэвлүүтэж,

-Баячуудын архийг балга балгаар ууна аа. Өнжөөд л сав саваар авчраад хурааж байна. Энэ хэдэн цоожнуудын чинь цаана архи гэж нуур далай. Хусам долоогоогүй зусч байгаа хүн, малын буян байна, уучих! гээд байхаар нь уучихлаа. Архи чинь рашаан биз дээ, аав аа..? гэж бузгай үг сөргөснөө хүү газарт ялчгасхийтэл суулаа.

-Хусамтай хусамгүй чамайг хүн болгосон. Аагаа багтааж ядсан улсын бахыг хангаж байдаг чи бид хоёр мөн заяасанаав хүү хоёр шүү. Алив одоо гэрийн сүүдэрт унт!

-Унтахгүй ээ, халуун газар их унтахаар харангадаж үхдэг гэж та хэлсэн. Би үхмээргүй байна. Цэрэгт л явмаар байна.

-Нас чинь болоогүй. Зарлан нь ирэхээр явуулна. Одоо унт аа, унт!

-Би хэзээ ирэх нь мэдэхгүй хэдэн шүдлэнгийн хий хошного сахиж, нар сар сарласан навсархай дөрвөн ханатад гандаж суумааргүй байна. Хар цай хатсан гамбиртай энэ халуунд шатаж үхлээ. Ойлон толгойтой , оочих аягагүй, өвлөх хөрөнгөгүй хүний хүү гэдэг хэцүү юм аа. Уут дүнхүүтэй ноос ноолуур, урсгачихвал энэ булгийн уснаас ч их архи ааруул хураасан энэ олон шавар амбаар сахиж сууна гэдэг гутамшигтай байна. Нэг шүдлэнгийн цоожны цаана та нар юу байдаг гэж санана! гээд агсарсан хүүгийн үг аргагүй идээний дээж хүртэж, цээж бодол чинэсэн хүн шиг цэцэн ажээ. Эрүүл согтуу хоёрынхоо яриаг сонсч, нүүрээ мэнчийлгэн зогссон эхнэр,

– Юу байна тэгээд? гэж балчир хүүхэд нь архи уусанд уурсаж гэмшсэн, бахардан аюусанаасаа тун ангид, тун сониучаар асуулаа. Хүү бүүр нэг давилуутсан согтуу өнгөөр ханхалзан:

-Ишш.., ээж минь юм юм байна. Хураасан эсгий, элдсэн сэгсүүрэг, эмээл хазаар.., тэр битгий хэл тэмээний бөх.., гэснээ гэнэт огиулан бөөлжлөө. Тэгээд амнаасаа шүлс бөөлжис савируулан,

-Ээж таны барааг нь хараад үхвэл барав гэдэг чинь ч байдаг юм.

Ээж нүдээ гялалзуулсан гайхалзаж, хомхойхон “-Юу тэр вэ” гэхдээ хамар духны нь хөлс бөнжигнөжээ.

-Яагаав дээ, яагаав, аав тууварт яваад ирэхэд богцноос нь гоожоод гээгдчихсэн гэж ярьдаг гоё даавуу. Би Амбаагийн амбаарыг ганцхан хөшчихөөд авчихсан. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй, их гоё. Өчигдөр таныг түлээнд явсны ард авчираад авдрын танагаа мялаачихсан шүү, муухай хүү нь. Та ороод үз дээ. Нэг шүдлэнгээр тийм даавууг солиод яасан ч яадаг юм гээд хөлчиж согтсоноос сүүмгэртсэн гэнэхэн нүдээрээ их хэрэг бүтээсэн хүн шиг, баярлаж байна уу гэсэн шиг ээжээдээн тогтоож харав.

Энэ үгийг сонссон ээж их л уярангуйгаар хүүгийнхээ амны шүлсийг арчиж байснаа, гэнэт байдгаараа далайн алгадаж,

-Үгүй ээ, юу гэнэв ээ, ороолон чинь, энэ хэдэн цоожийг онгойлгоод, хамаг амьтны юм онгичиж байгаа юм байна шүү дээ. Ээ-ээ, үйл гэж. Шоронгийн хадаас болох нь уу чи, яав даа даанч, яав даа даанч! хэмээн орилон хашгирсанаа суунтусч, гаслан уйлж эхэллээ.

Эхийгээ хүчтэй алгадахад бөөлжсөндөө нүүр шааж унасан хүүгээ эцэг нь гэрийн сүүдэр рүү чирж, бага хүү ээжийнхээ нулимсыг арчин, эздийнхээ амьдралын гашууныг шингээсэн гулгидас бөөлжсийг хөгшин банхар урт улаан хэл гарган шалир булир долоолоо. Үд дундын халуун мэнэртэл шарж, дэлгээтэй хаалганы босгон дээр самардаж гарсан гүрвэл амныхаа энгээр аахилах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист 4.3 сая ам.доллар буюу найман тэрбумаар зарагджээ

Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдлаа. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан юм. Албан бус мэдээллээр уг бурханыг Тайванийн нэгэн иргэн худалдан авсан гэнэ. “Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй байна. Дуудлага худалдаа энэ сарын 11-нд манай цагаар 17 цагт эхэлсэн бөгөөд 20 цагийн үед өндөрлөж Монголын соёлын үнэт өв болсон Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан ойролцоогоор 8.1 тэрбум төгрөгөөр зарагдсан юм. Дуудлага худалдааны өмнөх өдөр энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж, олон нийтийн сонорт хүргэсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тухайн өдөр Францын талд дуудлага худалдаагаар уг бурханыг худалдахгүй байхыг хүсээд Ногоон дарь эх бурхан чухам ямар замаар явсаар дуудлага худалдаагаар зарагдахаар болж буйг тайлбарлахыг албан ёсоор хүсч, худалдааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэтэл энэ хүсэлтийг Францын тал хүлээн аваагүй. Дуудлага худалдааны “Sotheby’s” компани нь дэлхийд энэ чиглэлээр алдартай байгууллага. Тус компани дуудлага худалдаагаар зарагдсан үнэт өв, ховор эд зүйлсийн жагсаалтаа жил бүр каталоги болгон гаргадаг юм байна.

Энэ компанийн дуудлага худалдаагаар сүүлийн жилүүдэд “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой хэд хэдэн бурхан зарагдсан юм байна. 2005 оноос хойш “Sotheby’s”-худалдаагаар “Занабазар сургууль” гэсэн тодотголтой 5-6 бурхан зарагджээ. Уржигдар Парис хотноо зарагдсан Ногоон дарь эхийн 30.7 см өндөртэй, хүрэл цутгамлыг “Sotheby’s” компанийнхан ямар нэг хууль бус аргаар олж авсан эд биш, бүх юм хууль ёсны дагуу болсон гэж тайлбарлажээ.

Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920-иод оноос хойш худалдахыг хориглосон байдаг юм байна. Гэтэл “Sotheby’s” компанийн албан ёсны цахим хуудсан дээр эл Ногоон дарь эхийн цутгамлыг 1954 онд Жан Клаудэ Моро Гоборд гэх хүн Парист худалдаж авсан гэж танилцуулсан байсан нь монголчуудын анхаарлыг татсан. “Sotheby’s”-аар зарагдсан “Занабазарын сургууль” гэж тодотгосон бурхдын гарал үүслийн талаар бичсэн тайлбаруудыг харахад 1989 он, 1998 онд гадаадын ямар нэг иргэн хаанаас ч юм худалдаж авсан гэсэн байх юм.

2013 оны есдүгээр сард “Sotheby’s”-аар Занабазарын хийцийн Буддагийн алтадсан цутгамал 40-60 мянган ам.доллараар дуудагдаж 75 мянган ам.доллар хүрч зарагдаж байжээ. Өмнөх худалдаануудаас харахад Занабазарын гэх “шошго”-той ямар нэг бүтээл 4.3 сая ам.доллар хүрч байгаагүй аж.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ажилтнууд шуугиан тариад байгаа Ногоон дарь эх бурхны хүрэл цутгамлын зургийг хараад Занабазарын хийц мөн эсэх дээр санал хуваагдаад байгаа аж. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ асуудлыг тодруулахаар Ажлын хэсэг байгуулахаар болсон.

Өндөр Гэгээний бурхан урлах, бүтээх арга нь Бутаныхтай төстэйг Францын түүхч, судлаач нар тогтоожээ. Учир нь Өндөр Гэгээн Бутан, Балбаас уран барималчид авчирч бурхан бүтээлгэж байсантай холбоотой гэж үздэг аж.

1960-аад он хүртэл Богд хааны ордон музейд Монголын соёлын өвийн сор болсон бүхий л бүтээл, эд зүйлс бөөнөөрөө хадгалагдаж байгаад бусад музей рүү тараагдсан түүхтэй гэнэ.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Түвд судлаачдын том хурал Монголд болсон. Уг хурлын үеэр судлаачид Богд хааны ордон музейд судалгаа шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр дэлхийн судлаачид “Энэ музей бол гайхамшигтай. Баялаг өвтэй юм байна. Дэлхий дээр ийм их үнэт үзмэртэй музей бараг байхгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь нийлүүлбэл нийтдээ энэ музей найман тэрбум еврогийн үнэтэй” гэж үнэлээд “Гэхдээ энэ байдлаараа байвал уг музей таван жилийн дараа нурж устана” гэж дүгнээд явжээ.

Занабазарын хийцтэй гэлтгүй Монголын соёлын үнэт өв, түүхийн чухал эд зүйлс янз бүрийн замаар хилийн чанадад гардаг. Гэхдээ эдгээрээс хамгийн том хоёр сувгийг зарим учир мэдэх хүмүүс хэлж байна. Социализмын үед зочилж ирсэн гадны орны зарим удирдагчдад түүхийн үнэт өвөө бэлэг дурсгал болгон барьж байсан тохиолдол байдаг гэнэ. Нөгөө нэг нь гадаадад үзэсгэлэн гаргах нэрээр түүх, соёлын үнэт өвүүдийг авч яваад дахиж эх оронд нь авчраагүй тохиолдол бий аж. Энэ тухай энэ чиглэлээр олон жил ажилласан нэгэн эх сурвалж өгүүлсэн юм. 1990-ээд оны дунд үед буюу 1994-1995 онд Монголын түүх, соёлын ховор үзмэрүүдийг гадаадад үзэсгэлэнд дэлгэж үзүүлнэ гэсэн нэрийдлээр авч явжээ. Тэдгээр үзмэрүүдийг буцааж авчраагүй бөгөөд энэ тухай мэдээллийг тухайн үед маш ихээр нууцалж, Гэгээрлийн яаманд ажиллаж байсан, энэ үйл явдлыг мэдэх гэрчүүдийг бүгдийг нь дуугүй болгож байжээ.

Хэрвээ энэ үнэн бол гадаадад дуудлагаар зарагдаж байгаа Монголын түүх, соёлын үнэт зүйлсүүд бүгдээрээ хуурамч түүхтэй болж таарах нь. Тэгвэл уржигдар зарагдсан, 1954 онд Парист худалдаж авсан гэгдээд буй Ногоон дарь эх маань 1995 оны үед эх орноосоо гараад эргэж ирээгүй үнэт зүйлсийн нэг болж мэдэх юм.

Богд хааны ордон музейг гадны судлаачид шагшин магтаж найман тэрбум еврогоор үнэлсэн нь зарим нэг шунахай сэтгэлтний шуналыг хөдөлгөж болзошгүй. Богд хааны ордон музейн тайлбарлагчаар ажиллаж байсан Г.Ням-Очир тус музейн харуул хамгаалалт, камерын систем нь муу гэдгийг хэлж байна. Тэрээр “Өндөр Гэгээний урласан бүтээлийг асар их үнээр худалдаж авсан нь түүнийг ямархуу уран барималч байсныг илтгэж байна. Түүнийг дэлхий биширч байна гэдгийг харуулсан үйл явдал боллоо. Ирэх жил түүний мэндэлсний 380 жилийн ой тохионо. Богд хааны ордон музейг яаралтай хамгаалалтдаа авах нь зүйтэй. Бүхэл бүтэн найман тэрбум еврогийн үнэтэй музей шүү дээ. Гэтэл хажууд нь баригдаж байгаа барилга байгууламж нь дөнгөж л 10, 20 сая ам.долларын л өртгөөр боссон. Богд хааны ордон музейг улс хамгаалалтдаа авахгүй бол Занабазарын хийцтэй урлагийн бүтээл гэлтгүй дахин давтагдашгүй олон зүйл устахдаа тулж байна” хэмээсэн юм.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Монголын сэтгүүлзүйн түүчээ болсон хамт олон

Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн ангийн 1996 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. “Хэдийгээр нийгэм эдийн засгийн шилжилтийн хүндхэн үетэй бидний оюутан ахуй цаг давхацсан хэдий ч эргээд бодоход жаргалтай байж ээ. Картын бараанд олон цагаар дугаарлан зогсч, мөнгө төгрөггүй, өлсөж цангаж байсан ч тухайн үедээ зовж, зүдэрч байна гэж огт бодогддоггүйсэн. Нэгэнт л дээд боловсрол эзэмших гэж хэн нэгний дарамт шахалтаар биш өөрийн чин хүсэл эрмэлзлээр их сургуульд элсэн суралцаж байгаа болохоор хэндээ ч гомдоллох билээ. Даваад, туулаад л гарсан. Нийгмийн хүндхэн шалгуур, амьдралын хатуу ширүүнийг хамтдаа туулаад гарсан учраас манай ангийнхан атгасан гар шиг эв нэгдэлтэй байсан, одоо ч хэвээрээ. Зовлонд нүүр буруулаагүй андууд насан туршийн түшиг гэдэг дээ” хэмээн ярилцах тэд хэдэн жилээр уулзаагүй ч өнгөрсөн хугацаанд үргэлж хамт байсан мэт тийм л нэг халуун дулаан уур амьсгал уулзалтын эхнээс дорхноо бүрдэв.

“Нийгмийн ороо бусгаа үе гэснээс би нэг хөгтэй явдал саначихлаа” гэсээр Д.Дагиймаа яриа эхлүүлэв. Бусад нь “Юу юм бэ? Ярь л даа” гээд түүн рүү анхаарлаа хандуулав. “Бид чинь аравдугаар ангидаа картын бараанд жагсдаг байсан бол дараа жил нь оюутан болоод шууд картын бараагаар амьдарч эхэллээ шүү дээ. Мөн ч их өлсдөг байж билээ. Ямар сайндаа дотуур байранд амьдарч байхдаа Н.Хажидсүрэнтэйгээ бүтэн сар цагаан будаа идэх билээ. Цагаан будаанаас өөр хүнсгүй болсон хоёр чинь будаагаа л агшааж иднэ. Тэгсэн Н.Хажидсүрэнгийн маань шөрмөс татаад эхэлдэг байгаа. Туниа муутай амьтан шөнө дунд “Дагий” гээд дөнгөж сонстохоор намайг дуудна. Бөх унтдаг хүн бол сэрэхгүй ээ. “Яасан” гэхээр “Хөлийн шөрмөс татчихлаа” гэнэ. Би хөлийг нь илж бариад зүгээр болгоно. Сүүлдээ ч би бараг сурчихсан, муухан бариачаас л мундаг болсондог. Тэгсэн нэг удаа хоёулаа эртхэн амаръя гээд орондоо ороод удаагүй байтал “Дагий” гээд л дуудлаа шүү. Би ч орноосоо босч очоод “Аль хөл чинь юм” гэтэл “Үгүй ээ нуруу” гэдэг байгаа. Нүдээ ч нээлгүй хажууд нь нойрмоглон зогсч байсан би айх гайхах зэрэгцэн “Юу гэнээ, эмнэлэг дуудъя” гээд л ухасхийлээ. Түргэн тусламж дуудчихаад хүлээгээд, ирдэггүй. Нурууг нь яаж ч бариад зүгээр болдоггүй.

Буцалгасан ус өгвөл зүгээр болж магад гэж бодоод ариун цэврийн өрөө рүү усанд явж байтал хажуу өрөөнийхөн талх идэж байдаг байгаа. Намхан шар шүүгээн дээрээ талхаа тавьчихаад, тал талаас нь зулгааж аваад бор цайгаараа даруулан идэж байна. Хольж идэх масло, элсэн чихэргүй юм чинь зүсээд ч яах билээ. “Өрөөгөө хурдхан түгжчих гээд байхад чинь” гээд нэгэн рүүгээ ёворсноо дуу муутайхан “Талх идэх үү” гэж байна. Дотроо “Идэлгүй яах юм” гэж бодсон мөртлөө “Жаахан л амсъя” гээд атгасан гарын дайтайг зулгааж аваад өрөөндөө орж ирлээ. Өөрөө ч идэлгүй Хажаадаа өнөөх талхаа бүгдийг нь өгсөн. “Чи ид л дээ” гэнгүүт нь “Үгүй ээ, би идчихсэн” гэж худлаа хэлж билээ. Түргэн тусламжийнхан ч ирсэнгүй, Хажаа маань ч тэгсгээд зүгээр болсон” гэв. Тэгтэл Н.Хажидсүрэн “Тэр талхны амттай байсан гэж жигтэйхэн. Би одоо ч тэр талхны амтыг мартдаггүй. Гэхдээ би найзуудыг чинь манай дотуур байранд ирэхэд хажуу дээд давхрынхнаасаа тал талх зээлж ирээд “өрөө” төлсөн шүү. Талх зээлэхэд тийм амархан байсан гэж бодож байна уу? Бусад үед нь хаалганых нь нугасыг хугалчих шахам хаалгыг нь дэлгээд орж ирдэг хүн чинь хаалгыг нь аяархан нээснээ “Уучлаарай орж болох уу?” гэнгүүт бүгд гайхдаг юм байгаа биз дээ. Сэмээрхэн өрөө рүү нь ороод хоолойгоо засч байгаад “Танайд талх байвал зээлээч. Дараа талхыг нь талхаар нь өгье” гэх жишээтэй” гээд бөөн инээдэм болцгоов.

О.Болормаа “Одоогийн 64 дүгээр дэлгүүрээс картын бараагаа авахын тулд ээлжилж хичээлээ тасалдаг байсан гэвэл одоогийн хүүхдүүдэд үлгэр шиг л санагдана. Гэхдээ 1000 төгрөгийн тэтгэлгээ ном, сэтгүүл, хичээлийн хэрэгсэл худалдаж авахад гар татахгүй зарцуулдаг байсан нь их сонин шүү. За тэр яах вэ, Чингисийн талбайд (тухайн үеийн Сүхбаатарын талбай) цугласан жагсагчдыг хүчээр тараана гэснийг дуулаад дотуур байрныхаа балконоор дамжаад шөнө дөлөөр нууцаар гарч байснаа санаж байна уу?” гэвэл Н.Туул “Нээрээ тийм ш дээ. Жагсаал яаж тараадгийг үзье гээд ангийнхаа хэсэг охидтой байрнаасаа нууцаар гараад талбай дээр очсон чинь Гончигдорж төрийн ордноос гарч ирээд жагсаалыг тараах нь бүү хэл өөрөө дунд нь ороод суучихсан ш дээ. Сэтгүүлчдийн сониуч зан байх даа” гэв.

Нэгдүгээр дамжаанд элсэн орсон жилээ есдүгээр сарын 1-нд нь ангиараа кино үзэх гэтэл хөдөөнөөс ирсэн хүүхдүүдээс нэг нь ч ирээгүй гэнэ. Тэгтэл хөдөөнөөс ирсэн ангийнхан нь “Ялалт” кино театрыг хаана байдгийг мэдэхгүй учраас хүн бүрээс асуугаад л яваад байж. Зарим нь гэрээсээ гарахдаа ах эгчээрээ зуруулж аваад гарсан ч ололгүй будилжээ. Харих замаа арайхийн олж, гадаа хонох шахсан тухайгаа хотынхондоо учирлажээ. Үүнээс хоёр гуравхан долоо хоногийн дараа санамсаргүй байдлаар бүгдээрээ цугларч, одоогийнхоор бол танилцах үдэшлэг хийжээ. Угтаа бол намрын ажилд явна гэж сургуулийнхаа үүдэнд бүгд цугларчээ. Ангиудыг жагсааж байгаад нэг захаас нь машинд суулгатал тэдний ангийнхан дээр иртэл бүх машины тэвш дүүрчихэж. Нэгэнт тэднийг ачиж явах унаагүй болсон учраас тэд намрын ажлаас чөлөөлөгджээ. Явуулахаа болилоо гэнгүүт нь шуудайтай боорцог, хувцсаа үүрээд 120 луу ангиараа явжээ. Тэнд нэг өрөө байранд Д.Гантуг ганцаараа амьдардаг байж. Залуучууд нь шуудайтай боорцгоо дэлгүүрт хиам, талх, утсан загас, дарсаар сольж, түүгээр нь тэд танилцах үдэшлэгээ хийсэн гэдэг. Б.Ханддолгор нь шүлэг бичээд, Д.Дашмөнх нь Монголын уран зохиолын сор болсон шүлгүүдийг цээжээрээ уншаад, зарим нь дуулаад л нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрүүлцгээж. Ч.Мөнхзул “Тэд нар чинь хотын хүүхдүүд. Тэгтэл хөдөөгийн мань мэт нь зэрэгцээд хөшөө шиг сууцгаачихаад тэд нарыг хараад жигтэйхэн их гайхацгааж билээ. Кино үзэж байгаа аятай л байсан. Бяцхан соёлын шоконд орж байгаа хэрэг юм болов уу?” гэсэн юм.

Уралдаант шалгалтанд аймаг, дүүрэгтээ эхний нэг, хоёрдугаар байраар шалгарсан хүүхдүүд МУИС-ийн босгоор алхдаг. Эдний ангийнхан ч мөн ялгаагүй, хичээл номондоо жигд сайн байж. Тиймдээ ч Б.Цагаанбаатар, Д.Дагиймаа, Ч.Мөнхзул зэрэг гурвын гурван оюутан улаан дипломтой төгсчээ. Зарим нь бүр оюутан болох үеэсээ сэтгүүл зүйн аль чиглэлээр дагнан бичихээ хүртэл тодорхойлчихсон байж. Монголын триатлоны холбооны тэргүүн Б.Цагаанбаатар оюутан ахуйгаасаа газарзүйн өргөн мэдлэгтэйгээс гадна спортод дур сонирхолтой учраас спортын сэтгүүлч болно гэж бусдадаа хэлдэг байж. Наад зах нь тэрээр спортын төрөл тус бүрийн тамирчдын дэлхийд гаргасан дээд амжилтуудыг минут секундтэй нь цээжээр мэддэг байсан гэнэ. Тэрээр олон жил тасралтгүй “Таван цагираг” сонинд ажилласан бөгөөд өдгөө түүнд дэлхийн өнцөг булан бүрт очоогүй газар, уулзаагүй спортын од байхгүй гэдгийг ангийнхан нь хэлсэн юм. Ангийн дарга Д.Гантуг “Ийгл” телевизийг 1996 онд байгуулагдахад тэнд ажилд оржээ. Тухайн үедээ мэдээг барууны төрөл жанраар буюу үйл явдал өрнөсөн халуун цэг дээрээс шууд дамжуулах, олон эх сурвалжаас мэдээлэл авах зэргээр маш хурдтай, даацтай мэдээ мэдээллүүдийг бэлтгэж байжээ. Өдгөө тэрээр сэтгүүлчийн мэргэжлээрээ Канадад ажиллаж амьдарч байгаа аж. Тэрээр ангийн охин Ч.Энхтуяатай гэр бүл болж, ангиасаа төрсөн хосууд юм байна. Мөн эхнэрийнхээ хамтаар “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгийг хийж багагүй шуугиан тарьж байсныг хүн бүхэн мэдэх биз.

Сэтгүүлч өргөн мэдлэгтэй байх ёстой гэсэн үүднээс мал аж ахуй, шашин, газар тариалан, улс төр, гоо зүй, урлаг судлал гээд маш олон төрлийн мэргэжлийн бус хичээл үздэг байжээ. Одоогийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн зөвлөх А.Ганбаатар нэг удаа мал аж ахуйн хичээл завсарлах дөхөж байтал том үүргэвчээ тэвэрсээр л орж ирлээ л дээ. Тухайн үед ангийн ихэнх хөвгүүд нь эцэг эхээсээ мөнгө нэхээд суулгүй, хэр чинээгээрээ хөдөлмөрлөж, наймаа сэлт хүртэл хийдэг байж. Наймаагаа хийж яваад хичээлээсээ хоцроод ирсэн А.Ганбаатарыг Жамсрансүрэн багш нь “За бос, Алив семинар ярь” гэж. А.Ганбаатар босч зогсоод “Төл малыг өсгөн хүмүүжүүлэх нь төрөл бүрийн ач холбогдолтой” гээд толгой холбоод гудиггүй туучихаж. Цагийн зүүний цохилт сонсдож байсан ангид гар бөмбөг тэсэрчихэв үү гэлтэй бүгд нирхийтэл инээлдсэн гэдэг.

Эдний анги хоёр Дагиймаа, хоёр Болормаа, хоёр Туултай. Олны танил болсон туршлагатай сэтгүүлч “TV 5” телевизийн редактор Э.Дагиймаагаас гадна ХИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, сэтгүүлзүйн доктор, профессор Д.Дагиймаа гэж бий. Н.Болормаа Чөлөөт хэвлэл сангийн хэвлэх үйлдвэрийн захирал бол О.Болормаа орон нутагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлзүйгээс гадна урлагийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Улсын Бүжгийн Драмын Эрдмийн театрын дарга Ч.Мөнхзул мөн л эдний ангийнх. Харин Н.Хажидсүрэн “Үнэн” сонины гадаад мэдээний редактороос хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд өдгөө МАН-ын УИХ дахь бүлгийн хэвлэлийн ажилтан аж. Эдгээрээс гадна Д.Ганчимэг, Туул зэрэг орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчид ч бий. Э.Эрдэнэбаяр, Р.Мөнхбат, Д.Дашмөнх, Д.Сувд, Ш.Отгончимэг гээд хилийн чанадад сэтгүүлзүйн бүтээл хөрвүүлэхийн хажуугаар гэрэл зураг авдаг сэтгүүлчид хүртэл байдаг аж.

Сонирхолгүй хичээл дээр Д.Дашмөнхийгөө багшийнхаа өөдөөс харуулаад суулгачихдаг байж. Багш нартайгаа жигтэйхэн буу халдаг байсан учраас тэр. Бусад нь тэр хооронд нь ирцээ бүртгүүлчихээд багшийнхаа нүдийг хариулж байгаад ширээн доогуураа мөлхөөд гарцгаачихдаг байсан гэнэ лээ. Хичээл дуусах мөчид Д.Дашмөнх, хажууд нь суусан охин, арын ширээний хүүхдүүдээс өөр хэн ч ангид нь үлдээгүй байсан гэдэг.

МУИС-ийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ Болгарт төгсч ирүүтээ тэд нарт хичээл ордог байж. Тэдний ангид нэгэн өдөр хичээл зааж байхад нь Б.Ханддолгор “Багшаа та гэр бүлтэй юү” гэж л дээ. Эхэндээ багш нь тоосон шинжгүй хичээлээ заасаар байтал ахиад асуужээ. “Байгаа” гэтэл ангийн ихэнх охидын царай хачин болчихож. Тэгсэн хамгийн арын ширээнд суусан Б.Энхсайхан “Охидуудын концерт ингээд дууслаа” гэсэн гэдэг. Тэд М.Зулькафил, Т.Баасансүрэн, Монголын радиогийн зөөлөн дуут Б.Энхтуяа, “Их монгол” дээд сургуулийн захирал агсан Батмөнх, нийтлэлч Д.Баярхүү зэрэг чадварлаг багш нараар хичээл заалгуулж байснаараа бахархан дурссан юм.

Тэд “Бид МУИС-ийн төгсөгчилд гэдгээрээ бахархдаг шүү. Монголын маргаашийг бүтээх залуусын оюуныг цогцлооход багагүй хувь нэмэр оруулсан. Наад зах нь нийгмийн шинжлэх ухааны “Хүрэл тогоот” хэмээх залуу эрдэмтдийн хуралд оролцогсод бүгд МУИС-ийн төгсөгчид байх жишээтэй” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Анужин: Манайд лили амьдардаг

Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай ярилцлаа.

-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дуу­лиан шуугиан дагуу­лан явж эхэлсээр бас хэ­дэн жил өнгөрчээ. Нийт хэдэн нэвтрүүлгийн ард гарч, хэдэн эрхэм хүнтэй уулзуулаад байна вэ. Бас төсөл цааш хэр удаан үр­гэлж­лэх төлөвтэй байна вэ?

-Бид 100 нэвтрүүлгийн талд нь ороод л явж байна, одоогоор дөч орчим дугаар үзэгч түмэндээ хүргэсэн байна. Зуугаа дуусгана л гэж манай баг хичээдэг, хэрхэхийг тэнгэр мэднэ биз ээ. (инээв). Бид анх нэвтрүүлгээ хэнээр эхлэх вэ гэж их бодож, нухацтай хэлэлцэж байж эмэгтэй хүнээр, эхийн дулаан бүлээн сэтгэлийг хүргэх нь зүйтэй гэж үзээд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, гавьяат багш Б.Норовсамбуу гуайгаар эхэлж байсан. Нэвтрүүлэг маань зуны гурван сардаа завсарладаг гэдгийг уншигчид маань мэддэг болсон байх аа. Дөрөв дэх жилийн улир­лын эхний нэвтрүүлгээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраар эхэлсэн. Удахгүй улс төрийн хэлмэгдэгч Ц.Лоохууз, академич Ш.Бираа, Монголд балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагва нарын олон нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Бичлэг нь хийгдсэн бүр ч олон нэвтрүүлэг бий. Далай лам, Кирсан Илюмжинов, Б.Лхагвасүрэн ахынх гээд үргэлжилнэ.

Нэвтрүүлгийн хувьд ийм байж, харин таны хувьд хэр их өөрчлөлтийг энэ нэвт­рүүлэг танд авчирсан бэ?

-Уран бүтээл маань на­дад зовлон жаргалыг тэн­цүү авчирсаан. Хувь хүнийхээ хувьд би ерөөсөө өөрчлөгдөөгүй, өөрчлөлт нь надад сайнаар юу ч авчраагүй юм шиг санагдах нь бий. Сайны тусгалаасаа сүүдэр нь илүү байсан ч юм шиг. Гэхдээ миний зорьж бүтээх гэсэн зорилгыг минь ойлгож, бидний хэдэн залуусын хийж бүтээж байгааг дэмждэг хэчнээн олон хүн байдаг гээч. Намайг эчнээ таньж мэддэг болж, гудамжинд тааралдахдаа эгчтэйгээ, дүүтэйгээ уулзаж байгаа мэт инээмсэглэж өнгөрдөг үзэгч олон түмний хайрыг алхам тутамдаа мэдрэх болсон. Намайг тэврээд уйлаад өөрийнхөө амьдралаа ярьж байсан хүмүүс ч бий. Тийм хайрыг надад ирсэн сайхан өөрчлөлт гэж хэлэхгүй бол бас алдас болох байх. Гэхдээ энэ нэвтрүүлэг намайг телевизийн урлагт хөл тавьсан эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй зам мөрийг туучуулж байгаа гэдгийг ч бас хэлэх ёстой байх аа.

Манай сэтгүүлч Э.Энэ­рэлийн П.Анужинтай хий­сэн ярилцлагын дэлгэ­рэн­гүйг ирэх даваа гаригийн дугаараас уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал гэдэг шүтээн нь хараал болон хувирчихаж

Намайг хүүхэд байхад манай нутагтхоёр сэхээтэн байсан юм.Нийгэм зах зээлд шилжиж, өмч хувьчлал эхлэхэд нэг нь мал аваад хөдөө гарсан байдаг.Нөгөө нь ажлаа хийгээд сумын төвд үлдсэн юм. Энэ цагаас хойш20 гаруй жил өнгөрчээ. Саяханнутаг руугаа явлаа.Зүс таних өнөө хоёр хүнтэй тааралдав.Сумынхан бие биеэ андахгүй. Ахуй амьдралыг нь алган дээрээ тавьсан мэт мэднэ. Тиймээс нутаг орныхон ч тэдний тухай ярьж байна.

Тэр хоёрын амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Ажлаа хийгээд үлдсэн ньсумандааамьдарч байна. Ажлаасаа гарсан юм уу, тэтгэвэртээ суусан юм уу.Ямар ч байсан гэртээ байна.Гэхдээ зүгээр суухгүй. Ойр зуурын ажил хийдэг бололтой. Саалийн хоёр үнээтэй.Дөрвөн цагийн улиралд цэгээн цай уучихна.Хөдөө айлд тавьсан амины хэдэн малтай.Өвлийн идшинд санаа зовохгүй.Хоёр хөгшин юу идэж шалиа аж. Ганц, хоёр үхэр унагаад нэг гуяыг нь авч үлдээд өвлийг барчихна. Үлдсэнийг ньхот хүрээнд борлуулж, тав арван цаасаар нь подхийтэл амьжиргаагаа залгуулчихна.Хажуугаар нь бордсон гахайгаа нядлаад мөнгө болгочихно. Бэлтгэлээ базаасан хоёрт санаа зовоож, сэтгэл шаналах асуудал байхгүй налайх нь тодорхой.

За тэгээд хот хүрээ орж тийм жүжиг, ийм тоглолт үзлээ гэж ярих нь олон.Гэртээ байгаа цагтаа хавь ойрынхоо хөгшидтэй хууч хөөрч, даалуу тавьсан шигээ наргиан цэнгээн, инээд хөөртэй. Гэр нь зочдоор дүүрэн хөл ихтэй. Зурагтынхаа сувгийг сольж, дуртай нэвтрүүлгээ үзнэ. Орой солонгос киногоо үзэх гэж яарна.Бас болоогүй хааяа улс төр ярьж, цэц булаалдана. Баяр тэмдэглэнэ, хурим найранд явна.Хөл залгуулах хувийн машинтай гэж байгаа.Тиймээс ах дүү, найз нөхдөөрөө нийлээдхөдөө гадаа зугаална.Өнгөрсөн зун Өгий нуур орсон. Ирэх жил Хөвсгөл явна ч гэж байх шиг.Хүүхдүүд нь нас биед хүрээд сургууль номын мөр хөөцгөөсөн бололтой.Гэртээ хоолгүй, тэр минь яана, энэ минь яана гэж толгой гашилгаж, шаналах зовлон энэ айлд алга.

“Хүү минь, дүү минь чиний бичсэнийг уншдаг” гэж миний өмнөөс баярлан хөөрч ч байх шиг. Үнэхээрийн аз жаргалтай амьдарч байна.Энэ бол энх амгалан, аз жаргалтай амьдарч байгаа Монголын мянга мянган гэр бүлийн нэг төлөөлөл.Хүний хорвоод хүн болж төрсөн бол ингэж л амар тайван,сэтгэл тэнэгэр, баяр баясгалантай амьдрах учиртай. Үнэндээ тэднийд очоод гэрт нь байгаад баймаар ч юм шиг.Юунд ч харамсахгүй, өнөө хийгээд өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун, гэгээлэг сайхнаараж төрж яваа тэдэнд атаархмаар байлаа.

Тэгвэл мал аваад хөдөө гарсан хүннь мянгат малчин болсон байна лээ.Уулын аманд мал хуй ихтэй, унаа тэрэг элбэгтэй баян тарган гэж ярих юмгүй болсон тухайнутгийнхан жиг жуг хийнэ.Би ч тэднийхээр очлоо.Тийм их малтай, ийм баян болсон юм чинь сумын төвд байгаа өнөө танилаасилүү аз жаргалтай байх гэдэг бодол төрлөө. Үнэхээр өнгөн талаасаабаян чинээлэг байна лээ.Харин хүнийхээ хувьд би лав тэднийхийгжаргалтай байна гэж хэлж чадахгүй.Эрэг мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэж яасан ч үнэн үг юм.Яг л тийм болцгоосон шинжтэй. Эзгүй уулын аманд хоёр хөгшин хэдэн малтай зууралдаж, борви бохис хийхгүй ажиллаж байна.Гэрийн эзэн өглөө эрт босоод хонио дагаад алга болно.Өдөржин явж явж харуй бүрийтэй уралдан гэртээ харина.Тэднийх тэр ч адуу, энэ ч үхрийг минь буцаалаа. Тэдэн адууг хайгаад тийм ийм гүвээ, жалга давлаа гэдэг л яриатай орж ирнэ.Харин гэрийнх нь хүн өглөө үүр хаяарахаас эхлээд үдшийн бүрий болтол амсхийхгүй.Үүрийн таван жингээр босч үнээгээ саана. Тугалаа татна.Залгуулаад цайгаа чанана. Дараа нь хүрзээ бариад өвлийн хүйтэнд хөлдүү хүйдэстэй ноцолдож гадаа өнжинө. Тэр олон үхрийн баас дийлдэхгүй.Хонины хотоо цэвэрлээд барагдахгүй.Хажуугаар нь үхэр тугал нийлэх вий, хонь хурга уруудах вий гэж алсын бараа ширтэж,санаагаа чилээнэ.Гэртээ ч орох завгүй, хүнтэй ч таван үг солих сөхөөгүй гадаа хөлхөнө. Жавар тачигнасан ч халгаж, хойш суух эрх түүнд алга.Малын ажил дуусдаггүй гэдэг үнэн юм.

Өдөржингөө үхэр тугал, хонь хурганы хойноос хөөцөлдсөний эцэст орой л нэг юм хоёр талаасаа цуглаж ясаа амраана.Зурагт үзэж, зугаа цэнгэл хөөцөлдөнө гэхгүй.Айл хөршийнхөнтэй аяга цай хуваан уунгаа сонин хачин хууч дэлгэх ч бүр цаашаа.Амар хялбараар ньхярамцаг хийж идчихээд бушуухан өнхрөөд өгнө.Маргааш нь дахиад суух завгүй өнөө л амьдрал үргэлжилнэ.Өдөр хоногийн ингэж л өнгөрөөж байх юм.

Мал олонтой учраас өөр айлтайсаахалт бууна гэж үгүй.Малын бэлчээр булаацалдахгүйн тулдхаана ч ганц айлаараа өвөлжиж, хаваржиж, зусна.Түм түжигнэж, бум бужигнасан газрынбидэндийм амьдрал туйлын уйтгартай биз. Тэдэнд мал хайран учраасмалчин авахгүй.Хөдөөдбэлэн мөнгөөр наймаа арилжаа хийх биш. Тэгэхээр малчин авлаа болхөлсөнд нь мал өгч таарна.Гэвч нэг бүрчлэн таньдаг болсон,бурхан лугаа шүтсэн малаа хүнд өгөхдөө харам.Малчин авдаггүйн далд нууц нь ердөө энэ.Хүүхдүүд нь цөм эрийн цээнд хүрээд хот газар бараадчихсан. Ижий, аавдаа хань бараа болох нь ховор.Ер нь ч тэгээд Монгол Улс хөгжиж байна. Биднээс тасарчихсан хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэх хэмжээнд ярьж байна. Ийм байхад ямар залуу хүнуулын аманд хэдэн малын хөл дагаж,хээр гадаа гандаж, ганцаардаж явахыг хүсэх билээ.Тиймээс хоёр хөгшин дээлтэй хатна гэдэг шиг малтайгаа гандаж яваа бололтой.

Чин үнэнийг хэлэхэд хижээл насны энэ хоёр хүнмалаа дагаад мунхарч гүйцсэн байна.Малаас өөр шүтэх шүтээн тэдэнд алга. Мэдэх зүйл, ярих сайн сайхан ч байхгүй. Малаа яаж өсгөхвэ гэдэг ганцхан бодлоор хорвоог туулж явна.Ямар тамын амьдрал вэ. Малын хараал л гэж үүнийг хэлэх байх.Манай сонины эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн”Мал дагавал мал болно” гэдэг алдартай нийтлэл бичиж, хөдөөгийнхөнд ад болж байсан цаг бий.Малчны амьдрал яг тэр нийтлэлд бичсэн лугаа ажээ.Мал, малчин хоёр угтаанэг нь нүүрэндээ үстэй, нөгөө нь нүүрэндээ үсгүй мал гэдэг дүгнэлттэйсанал нийлж байна.

Ер нь монголчууд малыг хэдэн үеэрээ шүтэж амьдарсан.Гэтэл тэр шүтээн ньхараал болж хувирчихаад байна.Мал дагасан амьдралд халуун уснаас эхлээд хүний тав тухыг хангахнаад захын хэрэгцээ байхгүй нь үүнийгбатлаад байгаа юм.Энэ нь тэгээдхүсмээр амьдрал мөн гэж үү.Харамсалтай нь манай нутгийн танил тэрамьдралыг сонгоодмалдаа бүхнээ зориулчихаж,харин өөрсдөө яах болж байна аа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ