Categories
мэдээ цаг-үе

Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнх

Монгол төрийн жудагт түшээ Чононбөрт Бямбын Жигжид гуайтай утсаар холбогдож, гэрт нь өнжих хүсэлтээ дурдвал ажлын өдрүүдэд зав зай хомсоо учирлаад “Бямба гаригт хүрээд ирэх үү” гэлээ. Хагас сайны их үдэд зурагчинтайгаа Дарь-Эх дэх гэрт нь явуулсан унаагаар нь хүргүүлж очлоо. Жолооч залуу “Манай нагац ах” гэж ганц үг амнаас унагаснаас олныг дурдсангүй. Дарь-Эхийн рашаанаас нэлээд дээхнэ уулын эх бэлд шахуу гудамжны дээд үзүүрт байдаг гурван давхар байшин Жигжид сайдынх аж. Хашааны төмөр хаалга удирдлагаар онгойдог бололтой, хүн харагдаагүй атал цэлийтэл нээгдэв. Жигжид гуай гэрийнхээ үүдэнд улавчтай зогсож харагдана. Хашаанд нь машины гараашаас гадна зун суудаг бололтой ширээ сандал бүхий асрын араг төмөр, амралтын газруудынх шиг буурийг нь өндөрлөн цардмалдаж тохижуулсан таван ханат гэр бөмбийнө. Гурван давхар байшинд орвол халуун сайхан амьсгал угтаж, амар мэндээ мэдэлцлээ.

Зурагтаар Ерөнхий сайд асан С.Баярын хөөрөлдөөн гарч байна. Жигжид гуай Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, арван хүүхэдтэй айлын хоёр дахь, хөвүүдийн ууган аж. Жаргалант нутаг бол арвангуравдугаар Далай ламаас “Эрдэнэ мэргэн бандид, ханчин хамба” цол хүртсэн их соён гэгээрүүлэгч, зохист аялгууч Сүрэнхорын Жамьянгарав гэгээнтэн, их хутагтын удаах дүр Очиржанцан, Жалцав маарамба, гарамгай баатар Л.Дандарын хорооны байлдагч, сумангийн улс төрийн орлогч “Эх оронч” хэмээн алдаршсан Ч.Жүгдэрнамжил, хөдөл­мөрийн баатар, саятан жолооч Л.Самбуу-Ёндон, зохиолч А.Самбалхүндэв, улсын арслан “эрээн хавирга” Б.Төрбат нарын алдартнуудын өлгий. Миний бие С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн болохоор ихэд бэлгэшээж их хүмүүний талаар өрхийн тэргүүнээс лавлатал “Жамьянгарав гэгээнтэнтэй манайхан их ойрын төрөл юм шүү. Буддын гэгээрэхүйн ухаан, яруу найраг, түүх, гүн ухааны 13 боть бүтээснээс ганцхан нь үлдсэн юм гэнэ лээ” гэж харамсангуй өгүүлэв. Жаргалант нутгийн хүү

“Асайт, Даага, Чулуут, Элгэт

Ажраг, Зуслан, Улиастайн голууд

Асралт Дулаанхан, Пэрэнлэйлхүндэв

Ар өврийн тахилгат хайрханууд

Арын хангайг хойморлон байдаг

Ашид мөнхийн Жаргалант нутаг аа

Алслан холдохоор санаад очдог

Азаар заяасан жаргалын ороон” гэж унаган бага насаа үдсэн газрын диваажиндаа зориулж дууны үг, аяыг бичин амилуулсан нь нутгийнхны сүлд дуу болсон гэнэ.

Бидний яриа Дарь эхийн оройд шахуу хад бартаатай газар амьдрахад хэцүү биш үү гэсхийж үргэлжлэв. Тэр хэдийгээр хэд хэдэн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан ч хувьдаа зуслангийн байшин ч авч байгаагүй болохоор 1990 онд айлын хашаа худалдан авч, өөрийн гараар тохижуулж засварласаар өдий хүрчээ. Гурван давхар байшинг дулаан тохьтой байлгахад нэг өвөл гурван машин нүүрс шаардлагатай ч нарны зай, цахилгаан халаалт ашиглаж, утааг харьцангуй бага “үйлдвэрлэдэг” болжээ. Өрхийн ерөнхий цахилгаанчин, слесарь, холбооны инженер, ус түгээгч, мужаан гээд бүхий л ажлыг хариуцдаг, хэрвээ би л гар хөдлөхгүй бол ямар ч мундаг инженер ирээд энэ бүхнийг ажиллуулж чадахгүй гэж Жигжид гуай хүүрнэж суутал гэргий Сүхээ нь үдийн хоол бэлэн болсныг дуулгав. Нутгаас нь хоёр хоногийн өмнө өвлийн идэш нь ирээд амталж амжаагүй байсан аж. Үхрийн алаг махыг төмстэй чанаж, гурилаар бүтээж, ногоотой шөл хийжээ. Эднийх ер нь монгол хоолоо л таашаадаг гэнэ. Жигжид гуайн аав Янживын Бямба 1910 онд төрсөн. Асайтын хүрээнд шавилан сууж бурхны ном сурч байсан ч сүм хийдийг тарааж эхлэх үед хөдөө гарч, өөрөөсөө хорь орчим дүү бүсгүйтэй гэрлэснээр арван нэгэн хүүхдийн аав эжий болж аж төрлийн хатуу хөтүүг үүрч ирсэн хөдөөгийн эгэл малчин ард байж. Мал муулахыг харж чаддаггүй, ан хийдэггүй номын нэгэн тул гарын үзүүрээр гэрийн мод, авдар сав урлан албан даалгавар, дайн тулааны хүнд бэрх жилүүдийг борви бохисхийлгүй үдэж, жар гаруй насандаа бурхан болсон ааваасаа айлын ууган хүү амьдрахуйн жам, аж төрлийн сургаалыг өвлөн авчээ. Бямба гуай нутаг нугадаа нэртэй дуучин байсан болохоор “Алиа саарал”, “Хүрэн толгойн сүүдэр” хэмээх ардын сайхан дуунуудыг сонсоход хүүгийнх нь сэтгэл хүүхэд ахуйн янзаар нялхарч уярдаг хэвээр аж.

Жигжид гуай ээжийгээ дурсахдаа хоолой нь зангираад ирэв. Түүний ээж Ногоон суунаг овогт Пүрэвийн Галсан бага балчраасаа өнчин ядуугийн зовлон туулсан, дөчхөн насандаа хань ижлээ алдахдаа “сахил хүртлээ” хэмээн хондлой шүргэсэн урт хархан гэзгээ хадагтай хайчаар үргээлгэсэн, арван үрсээ хүний зэрэгт хүргэх гэж хүзүүний махаа барсан хүний дээд байжээ. Энэ тухай хүү нь

“Саахалт, нугынхан ээжийг минь

Сайдын ухаантай гэдэг сэн.

Садан төрлийнхөн бүгдээрээ

Сатаарч амрахыг гуйдаг сан.

Наймтайдаа бүтэн өнчирсөн ч

Хорвоогийн хатууд нугараагүй

Наян тавтай золгосон

Хосгүй буянт эжий мину” гэж “Ээжийгээ л санаад байх юм” шүлэгтээ бичсэн байх юм. Жигжид гуайн эгчийг Пунсалдулам, дүү нар нь гэвэл малчин Жавзмаа, улсын аварга малчин Сэдбазар, компанийн захирал Доржгочоо, хувиараа хөдөлмөр эрхлэгч Отгонбаяр, Цэрэндаш, барилгачин Отгонбаяр, малчин Нарандэлгэр, Батмөнх гэдэг хүмүүс байдаг аж. Эднийх нь хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жигжид гуайг төрөхөд Ширбазар хэмээх нэр хайрласан ч багадаа өвчин ороон, хөлд орсон хойноо шөнө зүүдлэн гэрээсээ гарч, нүд нь хараастай мөртлөө унтаагаараа яваад байдаг байсан учир ламдвал Жигжидсүрэн гэдэг нэр өгчээ. Харин сургуульд бүртгүүлэхдээ Жигжид гэж бичүүлжээ. Гол усныхан нь түүнийг “Бямба гуайн Хүрэн банди” л гэдэг байж. Жаргалантад бага анги төгсөж, Эрдэнэмандалын арван жилийн дунд сургуулийг онц дүнтэй дүүргэсэн тэрээр 1964 онд ЗХУ-д Үйлдвэрийн дулаан хангамж мэргэжлээр суралцах хуваарийг өрсөлдөөнт шалгалтгүй орох эрхтэйгээр авчээ. Аравдугаар анги төгсөхдөө хамгийн сүүлийн математикийн шалгалтаа өгсөн явдал нь түүний сэтгэлд их содон үлджээ. Тооны текстийг Намсрай багшийгаа самбарт бичиж дуусав уу, үгүй юу шууд бодоод ангийнхнаасаа хамгийн түрүүнд гараад ирж. Сүүлд гарч ирсэн хүүхдүүдээс тооны хариу хэд гарсныг асуухад өөрийнхтэй нь таардаггүй гэнэ дээ. Тэгтэл шалгалтын дүнг гаргалцаж байсан Банзрагч багш нь ангиас гарч ирээд “Жигжээд, чиний тоогоо бодсон чинь хачин юм болсон байна” гэх нь тэр. За өнгөрч, ингээд малчин, ТМС-д л орох боллоо гэж бодогдоод явчихаж. Улсын комиссынхон хуралдаад, хүүхдүүдийг дуудаж уулзаад эцэст Банзрагч багш нь “Чи анхааралтай байхад яадаг юм. Тооны өгүүлбэрээ буруу бичиж аваад түүгээрээ бодчихсон байна шүү. Гэхдээ Намсрай багш эхэлж буруу бичээд дараа нь засч бичсэн гэж хүүхдүүд баталсан учраас комисс бодсоноор чинь дүгнэх болсон” гэжээ. Тэр Намсрай багш нь зузаан дуран шил зүүдэг, хараа тааруу нэгэн байснаас ч болсон уу, ирээдүйн нэгэн инженерийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх шахсан нь энэ байжээ. Түүний сурагч байхаас сэтгэлийг нь соронзодсон, хожим бүхий л насных нь хообий болсон зүйл бол элдэв техник сонирхох сэтгэлгээ байсан гэнэ. Хөдөөгийн хүүхэд мөртлөө машин, мотоцикль барих, радио, цаг засах, гэрэл зураг дарах гээд бүгдийг л сурч эзэмшихийг хүсдэг байж. Оёдлын машин улны утсаа татахгүй зэрэг ойр зуурын засварыг бол нүд ирмэх зуур янзалчихдаг их эд байсан гэж байгаа. “Шинэ үсгийн багш” кинон дээр гардаг шиг есдүгээр анги төгссөнийхөө зун гол усныхнаа бичиг үсэгт тайлах даалгаврыг сумын захиргаанаас өгч, цалин хөлс ч авч явжээ.

Бид гал тогооны өрөөнд мах хөшиглөж, шөл оочлонгоо ийн хөөрөлдөх зуур ханьтайгаа хэрхэн учирсныг Жигжид гуай, түүний гэргий Алтансүх хоёроос сонирхлоо. Хойно сургууль төгссөн шижгэр инженер Улаанбаатарт ирээд ажилд орж амжаагүй байхдаа үеэл Ч.Загдхорол болон гэрт нь түр амьдарч буй Самбуу нарын ажлын газар ашиглалтад ороод удаагүй асан Мах консервийн комбинатаар орж гардаг байжээ. Залуу хүн болохоор шинэ үйлдвэрийн будаг нь ханхалсан барилга, бужигнах залуусын идрийн золбоо сэтгэлийг нь татаж байсан биз. Нэгэн удаа МКК-ын ажил тарах үеэр үйлдвэрийн хашааны хаалгаар гарах гэж явтал барууны хийцийн зургаан талтай саарал даавуун малгайтай, богинохон бошинз өмссөн, тэгш шулуун хөлдөө өндөр өсгийтэй шаахай жийсэн, бэлхүүс нарийн, бие зэгзгэр, сормуус дэрвэгэр, алаг нүдэн охинтой таарсан нь ирээдүйн амьдралынх нь хань, алаг үрсийнх нь эжий байжээ. Тэр охиныг харсан даруйдаа нүд унагаж араас нь дагасаар автобусны буудал хүрэхэд нөгөөх нь үеийнхээ нэг охинтой инээлдэн, хотын төвийн хаягтай унаанд сууснаар танилцаж ч амжилгүй үлдсэн байна. Маргааш нь тэрээр найз Самбуугаасаа мөнөөх охины талаар судалгаа хийвэл олигтой үр дүнд хүрсэнгүй, харин Самбуугийн гэргий МКК-ын захиргааны боловсон хүчний байцаагч Алтансүх “Тэр чинь саяхан Болгар улсад техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд хиам боловсруулах цехэд ажиллаж байгаа Алтансүх гэдэг охин, амьдай болохоор би нэр болоод хаана хуваарилагдсаныг нь ч сайн мэдэж байна” гэжээ. Дараа өдөр нь нүдэлсэн охиноо амдан байж танилцсанаар залуу хосын амьдралын гараа эхэлсэн түүхтэй аж. Гэрийн эзэн, гэргий хоёр 1967 оны долдугаар сарын тэр л гэрэлт өдрүүдээ мартаж эс чадах буюу. Биднийг ёстой л ам халан суутал эзэгтэйн утас дуугарч, хүүгийнхэн ирлээ гэв. Гэрээс нэг товч дарж хашааны хаалгаа онгойлгож буй бололтой. Удалгүй хүү Ж.Батмөнх нь бэр Б.Мандухай, ач охин Аминаа, ач хүү Сэдүбазар нарынх нь хамт орж ирэв. Хүү, бэрийнх нь нэрийг анзаарвал Монголын их хаан, хатан хоёрын алдартай ажээ. Заяаны ханийн учрал ерөөл гэдэг цаанаасаа их учир жанцан агуулжээ гэлтэй.

Эмээ нь ач нарынхаа гадуур хувцсыг тайлж өлгөн, бяцхан хоёр нь өвөөдөө ирж үнсүүлэв. Хоёр хөгшний нар ёстой нэг гарч байгаа янзтай. Мах, шөл таваглан хүү бэрдээ барих нь цагаан сар болж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Аав, ээждээ хүүхдүүд нь гадаад хатуу хэмийн умдаан, чихэр жимс өгч байгааг нь харахад дээрх бодол батлагдах шиг. Дөрвөн охин төрж, Жигжид гуай хүүтэй болохгүй нь гэж дотроо жаахан дурамжхан явтал отгон үр Батмөнх нь мэндэлжээ. Хүү нь АНУ-ын Хьюстэнд сургууль дүүргэж, эдүгээ “Сант-Асар” хувийн компанийнхаа бизнес хариуцсан орлогч захирлаар ажиллаж байгаа юм байна. “Сант-Асар” компанийн ерөнхий захирал нь Жигжид гуайн гэргий Алтансүх бөгөөд Хэвлэлийн комбинатад ажиллаж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэрт хөөгдөн гарснаасаа хойш нөхрийнхөө дүү Доржгочоотой гахай үүрэн, ганзагын наймаанд явсаар хөл дээр нь босгож иржээ. Батмөнхийг АНУ-д суралцаж байхад эхний жилийн сургалтын төлбөрийг нь аав, ээж хоёр нь хуруу хумсаа хугалах шахан байж, машин унаагаа заран арайхийн хийжээ. Тухайн үед Жигжид сайдаар ажиллаж байсан ч хүүдээ “Бид одоо мөнгө төгрөг өгч чадахгүй нь, өөрөө л төлбөрөө аргалах замаа хай” гэснээр хүү нь найз нартайгаа ярилцан, Колумбусын их сургуулиасаа Техас мужийн Хьюстэнд шилжин сурснаар ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө хийж эхэлжээ. Учир нь Колумбуст оюутан хүн ажил хийж болохгүй, үйлдвэрийн хот учраас ажил ч хомс байж л дээ. Бэр Мандухайн хувьд СЭЗДС-ийг дүүргэсэн ч багаасаа төгөлдөр хуурын дугуйланд явж байсан сонирхлоороо СУИС-д сурахын зэрэгцээ хөгжим-уран зураг сургалтын “Урлан” компанийг байгуулан ажиллаж байгаа гэнэ. Ач охин Аминаа нь 2014 онд Испани, Франц улсад болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс гурван гран при хүртжээ.

Бидний яриа хоёр давхар дахь наран талдаа цонхтой Жигжид гуайн ажлын өрөөнд үргэлжиллээ. Өрөөнийх нь үүдэнд гүйлтийн зам харагдана. Мань эр өглөө зургаагийн үед босоод биеийн чилээгээ гарган гимнастик хийж, цаг гаруй гүйлтийн зам дээрээ гүйнэ. Өнгөрөгч зун нутагтаа амраад ирэхдээ гурван килограмм жин нэмсэн болохоор үүнийгээ хаях гэж мачийгаа л байгаа аж. Жигжид гуайг харахад дал дөхсөн хүн гэхээргүй тавьтай хүн шиг л жавхаатай. Гэдэс гүзээ гээд байхаар ч юмгүй хүн шүү дээ. Тэрээр “Солонгос, япончууд миний гүзээг гэж шоолно шүү” гэж тоглож байгаа юм шиг өгүүлнэ. Эдний хүүхдүүдийн ууган нь Ж.Билгээ, нөхрийг нь Ш.Батцэнгэл, зээ нарыг нь Тэнүүн, Тэмүүлэн, Батбилиг, Орхон, Төгөлдөр гэдэг аж. Охин Билгээ нь 1991 онд анх зохиогдсон Монголын гоо бүсгүйн тэмцээнд “Есөн эрдэнэ”-ийн нэг болж байсан, Шүд, эрүү нүүрний мэс заслын төвийн орлогч даргаар ажиллаж байгаад Японд докторын зэрэг хамгаалсан, шүдний хувийн эмнэлэг ажиллуулж, үйлчлүүлэгч нарт дарагдсан газар байдаг аж. Ямар сайндаа л аав нь шүдээ янзлуулъя гэхэд “Аав та хоёр долоо хоногийн дараа л үзүүлэх дугаар байна” гэж байхав дээ. Хүргэн Ш.Батцэнгэл нь “Юнайтед машинери”, Э.Энхбат нь “Хөх Монгол” компанийн захирал бол бас нэг хүргэн Эрдэнэчулуун хувиараа бизнес эрхэлдэг юм байна. Охин Ж.Булгаа зээ Ирмүүндорж, Дариймаа, Тэлмэн нарыг, отгон охин Ж.Энх-Оюун нь Наранзаяа, Аминзаяа, Гэгээнзаяа нарыг төрүүлж, өнөр өтгөн гэр бүл болцгоожээ. Жигжид гуайн ажлын өрөөнд бүрэн мөнгөн тоноглолтой сайхан монгол эмээл, мөнгөн хазаар, бүүрэгт нь өлгөсөн ташуурын хамт нүдэнд тусав. Ноднин төрсөн өдрийнх нь баяраар гэргий нь “Монгол хаад” цуврал ботиудыг, хүүхдүүд нь “Таны нутаг бол эмээлийн орон билээ” гэж аавдаа уг эмээл, хазаарыг бэлэглэжээ. Эрчим хүчний дэд сайд асан Энхтайван “Гоё халиун”-ыхаа төлийг бэлэглэсэн үе ч таарч ихэд бэлгэшээжээ. Саяхан “Тоотой насны тохиол тавилан” номынх нь хурим болоход УИХ-ын гишүүн асан Р.Буд, Ц.Цэнгэл нар хоёр хөгшинд тус бүр хурдан азарганыхаа төлийг ч бэлэглэхээр амлаж. Жигжид гуай “Манайх ядуувтар айл байсан болохоор гурав дөрөвхөн морьтой байсан. Нэг сайхан хонгор морь, шувуу шиг хоёр бор морьтой. Аав мал тамлана гээд морь уядаггүй. Нутгийн алдартай уяач Чунаг гуай л хоёр бор морио зарчих гэж их шалдаг байлаа. Би ч морь малд нэг их хорхойсоод байдаггүй. Гэхдээ монголчууд морины гайхамшгаар л дэлхийг хураасан. Хубилай хааны үед Адууны яамтай хүртэл байлаа” гэж хуучлав. Бичгийн ширээнийхээ хажуугийн тавиур дээр олон гаанс тавьж. Түүний цуглуулах дуртай зүйлсийн нэг нь чамин гаанс ажээ. Хорь гаруй гаанстай гэж байгаа.

Ажлын өрөөнийх нь цаана бас нэг өрөө байна. Цагаан эсгий битүү дэвссэн эл өрөөндөө улавчаа ч тайлж орох юм. Анзаарвал, бурхан тахил, аав ээжийнх нь хөрөг, авсан шагнал гээд нарийн нандин бүхэн нь энд байдаг аж. Аравдугаар ангиа төгссөн Б.Жигжид ЗХУ-ын хувьсгалч С.М.Свердловын нэрэмжит Уралын Политехникийн дээд сургууль буюу одоогийн Екатеринбургийн Технологийн их сургуулийн оюутан болж. Энэ сургуулийг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Н.Рыжков, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин нар төгссөнөөрөө алдартай. Хэлний бэлтгэлд суугаагүй очсон болохоор хичээл нь анхандаа Гималайн оргилд мацахаас ч бэрх зүйл байж дээ. Яваандаа орос оюутан нөхдийнхөө дэмээр хэл усандаа зүгширч цагааширсаар дараагийн хичээлийн улирлаас онц сурлагатан болсон байна. Онц сурлагатан болсноор ар гэрээсээ санхүүгийн дэмжлэг тааруу, арилжаа наймаа хийдэггүй Жигжид Зөвлөлтийн албан байгууллагын гүйцэтгэх ажилтны цалинтай дүйцэх 90 рублийн цалин авч эхэлжээ. Үүгээрээ аав, ээж, дүү нартаа ховор живэр зүйл аваачиж өгнө. “Битлз” хамтлаг ид хүчээ авч байсан үед нэг өрөөнд амьдардаг Б.Жигжид, Ц.Баасандорж, Л.Данзан нар нэг орос найзтайгаа нийлж хамтлаг байгуулан “Весна УПИ” фестивальд оролцон “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг дуулан дахиулж, “Дүвчин унзад” дуугаар урлагийн наадмын хоёрдугаар байр эзлэн Хар далайд 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэгэхэд тэд банзан гитарыг цахилгаан болгож өсгөгч залган тоглосон гэдэг. Жийгээ сайд энэ түүхийг ярингаа сэтгэл нь хөдөлж, өрөөндөө буй гитарыг аван, бичгийн ширээнийхээ өмнөх буйдан дээр суун баруун хөлөө товшин тоглож эхэллээ. Аав, ээж, нутгийн тухай сэтгэлийн утас хөндсөн дуунаас ганц нэг бадаг дуулж сонирхуулснаа “Тунгалаг Тамир” дээр Итгэлт “Ичмээр дамшиг даа” гэдэг шиг зүйл үзүүлье” гээд “Амьдрал аа гэж…”, “Сэтгэл ээ гэж…” гэсэн нэртэй хоёр цомог гаргаад ирдэг юм байна. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын шахаж шордсоор байж бичүүлсэн гэх цомгийг нь сонсоод “Хүний авьяас гэдэг ямар гайхамшигтай, бас далд мөн чанартай юм бэ” гэж гайхах сэтгэл төрөв. Ардын болон нийтийн тавь гаруй дууг үнэхээр сайхан дуулжээ. Зүгээр ч нэг уран сайханч нөхөр биш юм. Монголын үндэсний радио, FM-үүдээр түүний дуунууд нэр усгүй явдаг гэж байна. Учир нь энэ хоёр цомгоо олон нийтэд биш хамаатан садан, хамт олондоо дурсгадаг, тэрийг нь араажавууд “будаа идэн” нэвтрүүлдэг болжээ. Бас ч үгүй нэлээд алиа зантай бололтой, “Орчин үед “Задгай цагаан үүл” ийм үгтэй болсон байна ш дээ хө” гэснээ

“Жинсэн өмдтэй гарсан юм сан

Жиндээ болов уу, яагаа бол.

Жирэмсэн намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу, яагаа бол” гээд хангинуулж байна. Жигжид гуай ДБЭТ-ын дууны найруулагч Ц.Буян-Оршихтой хамтран “Санаад байна” гэсэн сайхан дуу зохиосноо цомогтоо дуулж оруулжээ. Ая зохиогч Буян-Оршихыг “Айраг шуугин шуугин иснээ хө, айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө” гэдэг Ж.Раднаадаргиагийн шүлэг “Хуртай зуны аялгуу” дууны зохиогч гэдгээр ард түмэн мэднэ дээ. Биднийг ид урлагийн увдист урхидуулж суутал гаднаас “Өвөө, өвөө” гэсэн цолгиун дуу гарч зээ охин нь гүйн орж ирж өвөөдөө үнсүүллээ. Ач, зээ нараас нь энэ Гэгээнзаяа охин ёстой нэг жаатай, өвөөгийнх нь хэлснээр “галзуу” нэгэн гэнэ дээ. Энэ үгийг тэрээр зээ охиноо бахдсан аясаар хэлсэн юм. “Энима” компанийн захирал, отгон охин Ж.Энх-Оюун нь охидтойгоо иржээ.

Хойно сургуулиа төгсөж ирээд, 1969 онд Эрчим хүчний төвийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн Б.Жигжид Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр жилийн дараа томилогдож, улмаар НАААҮЯ-ны орлогч сайдаар 1984 оноос томилогджээ. Тэрээр ажил алба эрхэлж эхэлснээсээ хойш ар гэрийн бараа ч харах завгүй, ганц удаа ч кино үзэлгүй, театрт очилгүй хориод жил болж байтал 1990 оны есдүгээр сард Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Түлш эрчим хүчний яамны сайдаар томилогдсон байдаг. Дараагийн сонгуулиар гарч ирсэн П.Жасрайн Засгийн газрын Эрчим хүч, геологи, уул уурхайн яамыг толгойлж, 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ийн газрын даргаар томилогдлоо. Шинэ мянганы босгон дээр Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн яамны сайдын албыг хашиж, Монгол-Туркийн, Монгол Улс-ОХУ-ын, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажилласан тухай нь сонсоход нэгэн хүний дааж давамгүй ачааг үүрэн гарсан нэгэн болох нь анзаарагдана. Таван Засгийн газарт сайдын алба хашиж Монгол төрийн дархан түшээ болсон эл эрхмийн бүтэн өдрийн яриаг бүгдийг сонины нэгээхэн дугаарт багтаах аргагүй аж. Б.Жигжид Монгол Улсынхаа төлөө ажил амьдралын олон салбарт хонины морь мэт зарцлагдсан нэгэн гэлтэй.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги”, “Гадаад далайн хөлгүүдэд Монгол Улсын далбааг мандуулах бүртгэл эрхлэх” зэрэг томоохон төслүүдийг санаачилж, Дэлхийн банкны ерөнхийлөгч Вульфонсонтой гэрт нь уулзан хандив тусламж авчирч, Налайхын уурхайн осол, цахилгаан станцын дээврийн нуралтын халуун цэгт ханцуй шамлан ажиллаж явсан хүн. Түүний хашаанд буй монгол гэрт халаалттай хойморт нь тухлан айраг шимж суухдаа одоо ямар алба эрхэлж буйг нь асуувал “Монголын, Азийн супер сүлжээ” нийгэмлигийн ерөнхийлөгч, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны тэргүүн, Усан хангамжийн ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн зохицуулагч зэрэг өчнөөн алба хашдаг ажээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ

Дэлхий дээр гуравхан оронд гадаадын банк байдаггүй. Тэр нь Умард Солонгос, Куба, Монгол Улс гэсэн яриа бий. Энэ бараг хилсгүй. Хаалттай, хяналттай гэдгээрээ дэлхийд зартай энэ хоёр улсын байр суурийг дэлхийнхэн ойлгох биз. Харин бүс нутагтаа ганцаараа ардчилсан тогтолцоотой, чөлөөт зах зээлтэй гэж гайхуулдаг Монголд яагаад гадаадын банкууд байдаггүй вэ. Гуравхан сая хүн амтай манай зах зээлийг голоод байна уу, эсвэл бид гадныхныг хажиглаад оруулдаггүй юу. Ердөө хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, ДНБ-ий өсөлт нь 17,4 хувьд хүрч байсан, өсөлт нь буурлаа гэхэд байгалийн баялаг нь булаастай хэвээрээ, зах зээл нь шинэ ийм орныг тойрох учиргүй.

Манайхан л гадаадын банкуудыг өөрийн зах зээл дээрээ хөл тавих зөвшөөрлийг өгдөггүй нь үнэнд нийцнэ. Юуны учир бид гадны банкуудад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй юм бол. Эдийн засгийн аюулгүй байдал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгочихсон, эх оронч нь дэндсэн хүмүүстэй учраас уу, эсвэл олон улсын жишигт нийцсэн хямд хүү санал болгодог гадны банкийг дэмжилгүй дотоодынхноо дэмжих эх оронч сэтгэлтэйдээ юу, эсвэл бидэнд мөнгөний хэрэгцээ тэгтэл алга байна уу. Энэ олон асуулт, энэ олон эргэлзээг тайлъя гэвч гаргалгаа бүр нь бодит байдалтай нийцдэггүй нь гайхам.

Монгол шиг хөгжих гээд жолоог нь татавч дүүхэлзэж ядаж байгаа адуу шиг улсад шинэ зам, шинэ үйлдвэрүүд, томоохон барилга байгуу­ламжууд, дэлхийн хэмжээний техник технологиуд хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн том, том мөрөөдөлтэйгөөр мега төслүүд бариад гүйвчиг тэрийг нь санхүүжүүлэх, түүнд нь зээл олгочих хэмжээний том зах зээл бидэнд алга байна. Арилжааны хэдэн банкууд маань үнэндээ ломбардын хэмжээнд л үйлчилгээ явуулж байгаа. Монголын банкууд маань хэрээрээ л ажиллаж байгаа ч олон улсын зах зээлд үнэлгээ багавтар, ядахад Монголын эдийн засгийн үзүүлэлт буурсаар байгаа учраас тэдний татан төвлөрүүлж олж ирэх мөнгө үнэндээ бага байна. Банкуудад хөрөнгийн эх үүсвэр бага тул зээлийн хүү өндөр байхаас аргагүй. Дэлхийд банкны зээлийн 20 дөхсөн хувийн хүү гэдэг дэндүү чангадсан үзүүлэлт. Гэтэл ийм хэмжээний хүүтэй зээл авч, ашиг орлого хийж зээлээ төлөөд өөртөө хуримтлал үүсгээд явна гэдэг хэрийн компанийн хэрээс хэтэрсэн ажил билээ. Ёстой монголчууд л болсон хойно гүрийж мачийгаад ийм өндөр хүүтэй зээлийн дороос гардаг байх даа гэж бахархмаар. Хамгийн бага гэгдэх найман хувийн зээлд хамрагдагсдаас өөрийн гэсэн гэр оронтой боллоо гэсэн хөөрлийн сэтгэлээс өөр юу ч үгүй айлууд олон байгаа. Үнэндээ тэр найман хувийн зээл бол тэнгэрийн умдаг л гэсэн үг. Ихэнх орон сууцны зээл дунджаар жилийн 18 хувьтай байгаа. Жижиг, дунд бизнест зориулсан зээл ч олдохгүйгээс гадна хүү өндөр. Хэрэв энэ мэтээр үргэлжлээд байвал эдийн засаг хямарч байгаа үед зээлийнхээ дороос гарч чадах иргэн, аж ахуйн нэгжүүд үгүй болж, дагаад зээлээ төлж чадахгүй нь олширч банкуудаа татаж унагах бодит аюул ч бий. Ялангуяа төгрөгийн ханш унаж байгаа сүүлийн хоёр жил ихээхэн эрсдэл дагуулах боллоо. Бас банкнаас зээл авч бизнесээ урагшлуулдаг хүмүүс хэдийг олж, хэдийг өрөндөө төлж бас хэдийг цааш нь хийсэн бол доо.

Өнөөдрийн ийм нөхцөлд хуримтлал үүсгэж чадаж байгаа нь бараг байхгүй дээ. Ёстой л урд хормойгоороо хойдохоо нөхөөд л явж байгаа болов уу. Угаасаа гадагшаа бүтээгдэхүүн гаргаж, гаднаас валют орж ирэхгүй болохоор валют хомсдож, төгрөгийн ханш навс унаж байна. Үргэлжлээд байх ахул орлого нь төгрөгөөр орж ирдэг хүмүүсийн хувьд 30 хувийн уналт ямар ч орлого авчрахгүй болно. Угаасаа ханшийн уналтын зөрүүндээ хядуулаад эхэлчихсэн газрууд зөндөө. Энэ мэт зовлонтой байхад их хэмжээний хөрөнгө татаж оруулж ирэх гадаадын банкууд бидэнд хэрэгтэй байна. Гадаадын олон банкуудтай Швейцарь, Сингапур, Хонконг өнөөдөр санхүүгийн зах зээлд хэр хэмжээнд явааг бүгд л мэднэ. Манайд хэд хэдэн гадаадын банкууд төлөөлөгчийн газраа нээсэн ч тэдэнд бүрэн утгаар нь үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг Монголын талаас өгөөгүй байгаа. Зарим банкны хувьд тухайлсан төсөл дээр, зарим нь банкны үйл ажиллагаанд шилжих зорилгогүй одоогийн байгаа түвшиндээ олон жил ажилласан байдаг бөгөөд хамгийн бодитоор манайд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ илэрхийлсэн нь “Bank of China” юм билээ. Хэрэв гадны нэр хүндтэй банкууд манайд үйл ажиллагаагаа эхлэх болбол томоохон хөрөнгө оруулалт шаардсан төслийг санхүүжүүлэх хөрөнгө орж ирнэ.

Бас хаданд гарсан зээлийн хүү аяндаа буурах учиртай юм. Өөр орнуудад санал болгодог хүүнээсээ өндөр байлаа гэхэд манай дундаж хүүнээс илүү гарахгүй гэж байгаа. Тэр бага хүүгээр мөнгө зээлэх боломж бидэнд тун чухал байна. Хамгийн гол нь дотоодоосоо олж чаддаггүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг, удаан хугацаанд авах боломж нээгдэж байгаа нь үндэсний компаниудаа босгож ирэх том боломж юм. Манайд төлөөлөгчийн газраа бараг хоёр жил шахмын өмнө нээчихсэн “Bank of China” бол дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн 600 гаруй салбартай банк. Тэд манайд үйл ажиллагаагаа нээх хүсэлтээ тавиад чамгүй хугацаа өнгөрч байгаа ч манайхан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй усанд хаясан чулуу мэт алга болчихоод байгаа юм билээ. Салбараа нээчихээд үйл ажиллагаагаа эхлээгүй ингэж удсан салбар Монголоос өөр газарт байхгүй л болов уу. Угаасаа төрийн эрх мэдэлтнүүд нь хүнд суртал харуулсаар гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж гаргадаг тэр зарчмаараа л явж байгаа мэт харагдана. Хэрэв гадны томоохон банк ороод ирвэл дотоодын банкнуудын зах зээлийг булааж, хөл дээрээ тогтож ядаж байгаа салбараа унагачихна гэж манайхан ам хаадаг.

Тэгвэл “Bank of China” шууд өрсөлдөөнөөс зайлсхийж, манай банкуудын өгч чадахгүй байгаа томоохон төслүүдэд зээл олгоно гэж байгаа. Бас дотоодын арилжааны банкуудтай хамтарч ажиллаж, тэднээр дамжуулж жижиг, дунд бизнесийнхэн ч зээл авах боломжтой болох юм билээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх бус дэмжиж ажиллах аж. Тэд салбараа нээвэл 56 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр эхэлж, Монгол Банкнаас зөвшөөрдөг дээд хэмжээ болох 450 сая ам.доллар өөрсдөөсөө гаргаж, манай зах зээлд гаргах боломжтой гэгддэг. Бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм банк бусадтайгаа синдикат буюу хамтын зээл босгож ч манайд шаардлагатай их хөрөнгийг ч оруулж ирэхэд асуудалгүй. Гэвч өдий болтол энэ асуудал шийдэгдэлгүй, зах зээл маань мөнгөний хомсдолд явсаар ирсэнд манай бизнесийн салбарынхан үнэхээр сэтгэл дундуур байна. Тэд жилд 15 сая ам.доллар хүүнд төлөхийнхөө оронд найман саяыг төлдөг болох энэ боломжийг хүсэмжилж байгаа юм. Ингэвэл үндэсний компани өөрөө босч, цаана нь байгаа хэдэн зуун айл өрхийн хэдэн мянган ам бүлийн амьдрал дээшилнэ. Бас улс оронд маань томоохон бүтээн байгуулалтууд өрнөх нь мэдээж. Сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтыг хийж, нийслэлийн хамгийн өндөр зочид буудлыг босгосон “Туушин” компанийнхан гэхэд энэ банкнаас манай ямар ч банкны санал болгодоггүй бага хүүтэй зээл авсан байдаг. Тэднийг ийм хэмжээний зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь, бас их хэмжээний мөнгөө хэмнэж өөрсдөдөө боломжийг гаргаж чадсан нь бизнесийн ухаалаг алхам гэж бизнесийнхэн талархалтай хандацгааж байгаа юм билээ.

Гэвч олон улсын зах зээлд хэрэгждэг эрүүл саруул энэ тогтолцоо орж ирэхгүй байсаар. Бас хэзээ бүтэх гээд байгаа нь тодорхойгүй. Олон улсын хэмжээний банкинд итгэхгүй байх үндэс байхгүй учраас улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоор энэ хөдлөхгүй байна гэж хардахаас аргагүй байна.

Гэхдээ Хятадын банк учраас үндэсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй гээд хэвлэлээр жаахан шуугичихад л монголчуудын цөс нь хөөрөөд ирдэг улсууд хойно. Үүнийг дэвэргэх сонирхол нь бага хүүгээр иргэдийн мөнгийг хадгалж, их хүүгээр өөрсдийг нь мачийлгаад зөрүүнээс нь өдөр тутмын үйл ажиллагаагаа аваад явчихаж байгаа банкныханд асар их байна. Дээрээс нь манай улстөрчид банкны цаад эзэд, хувьцаа эзэмшигчид байдаг учраас улс төрийн зорилготой хөдөлгөхгүй байх шиг. Гэвч үүний горыг өдрийн хоолноосоо илүү давж хуримтлал үүсгэж чадахгүй байгаа зээлэндээ дарлуулсан ард иргэд, хоногийн 24 цагаар ажиллаад ч компани нь өсч дэвжиж чадахгүй байгаа үндэсний үйлдвэрлэгчид л үүрч байна. Хятадын банк орж ирэхээр Хятадад эзлэгдэх юм шиг ярьж явдаг эрт цагийн үлгэрээсээ салах цаг болжээ. Дэлхийн хөгжилтэй бүх улсууд, хөгжиж яваа ихэнх оронд энэ банк орчихоод байна. Хятадтай ана мана үзэлцэх гэж үздэг, үндсэрхэг үзэл нь маниасаа давчихсан Вьетнамд хүртэл салбар нь байдаг гээд бод л доо. Вьетнамууд социалист орон хэдий ч чөлөөт зах зээлийн тогтолцоотой болохоороо яавал ашигтай байхыг мэдчихсэн л байна. Тодорхой хувь нь төрийн мэдлийн банк байлаа гээд яадаг юм. Ямар ч банкны хувь хувьцаа эзэмшигчид банкны мөнгийг эргэлтэд оруулж, ашиг олохыг л шаардаж байдаг. Хүмүүс ч бас аль хүү багатайг нь сонгож, өөртөө ашигтай байхыг эрмэлзэж байдаг. Ийм хоёр талын ашиг сонирхлын огтлолцол дээр банкны үйл ажиллагаа явж байдгаас хэний мэдлийнх байх нь хэнд ч хамаагүй салбар юм, энэ санхүүгийн салбар.

Хөгжилтэй орнуудад ашигтай том зээлийн хүү бүр жилийн 2-3 хувь байдаг. Харин гадаад зах зээлд хаалттай, хөгжил буурай оронд 20 хувь байдаг. Монгол хөөрхий, хар сэр ихтэй, гадныхныг дандаа өөрсдийг нь шулж, эзлэх гэж байна боддог болохоороо тэр 20 хүрсэн өндөр хувийн хүүг нь төлсөөр амьдарч байна. Ийм болохоор нь гадны хөрөнгө оруулагчид манайхаас зугтаж, ийм болохоор нь гадаадын нэг ч банкгүй дэлхийн хэдхэн улсын нэг болж байна. Удахгүй, Умард Солонгос, Куба хоёроосоо хоцрох вий дээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Дарга нь Монголын эмнэлгийг голдог намд Эрүүл мэнд, спортын яамаа өгчихдөг нь юу вэ

Хүмүүс буруу шийдвэр, бүтэхгүй ажлыг сонсоод “Юу вэ”, “Арай ч дээ” гэж дуу алддаг. Яг ингэж дуу алдмаар юм болчихлоо. Дарга нь Монголынхоо эмнэлгийг голоод харь улсад хэдэн жилээр эмчлүүлдэг намд Эрүүл мэнд, спортынхоо яамыг өгчихдөг нь юу вэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэг жил зургаан сар БНСУ-д эмчлүүлж байна. Тэр хүн Монголынхоо эмнэлэг, эмч нарыг тоолгүй харь улсад хөрөнгө оруулж, биеэ тойлуулж байгааг бид харж байна. МАХН-ынхан “Манай дарга гадаадад эмчлүүлэхгүй л бол эдгэхгүй. Монголд эмчилж чадахгүй. Гадаадад удаан хугацаанд эмчлүүлэхэд их мөнгө хэрэгтэй” гээд гүйж явсан нь саяхан. Тэд бүгд Монголын эрүүл мэндийн салбарыг дорд үздэг, хайхардаггүй нь үүний илрэл. Ийм хандлагатай хүмүүс Монголын эрүүл мэндийн салбарыг сайжруулна гэвэл ёстой харганын ноос түүж, эсгий хийхийн үлгэр болно. Үүнийг мэдсээр байж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гэдэг эрүүл мэндийн салбарын талаар “А” үсэг ч мэдэхгүй нөхрийг Эрүүл мэнд, спортын сайдаар томилчихлоо. Олон хүн “Юу вэ. Арай ч дээ. Ой гутлаа” гэж толгой сэгсэрч хүлээж авсан. Аргагүй, МАХН гомдоллож, гоншгоноод байхаар “май” гээд өгчихсөн хэрэг. Эрүүл мэнд, спортын яам аль нэг нам, хэн нэгний гомдлыг барагдуулах гэж аргадаж өгдөг чихэр үү. Эсвэл сонирхож нэг үзээд хаячихдаг хүүхдийн хямдхан тоглоомтой зүйрлээд байна уу.

Тэр нөхөр сайд гэдэг сайхан нэр зүүж нэг жил зургаан сар өндөр цалин авахаа л бодож байгаа. Түүнээс энэ салбар, хүн амын эрүүл мэндэд ямар ч хариуцлага хүлээхгүй. Даргаасаа эхлээд эрүүл мэндийн салбараа огт тоодоггүй намынхнаас ямар ч хариуцлага нэхэх билээ. Угаасаа тэд хариуцах ч үгүй. Яагаад гэвэл тэд Монголын эмнэлэг хэрэггүй, гадаадад л сайхан эмчилдэг гэж үздэг.

Тэгвэл монголчуудын эрүүл мэнд хариуцлага шаардахааргүй хямдхан эд үү. Эд хөрөнгөө алдвал нэгийг алдсанд тооц, эрх мэдээ алдвал багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг хатуу үг бий. Өвчтэй л бол хэн ч юуг ч бүтээж чадахгүй. Иргэн нь бүтээж, хийж чадахгүй бол улс нь хөгжиж, оршин тогтноход хүнд болно. Гэтэл даргаасаа эхлээд эмнэлэг, эмч нараа голдог, тоодоггүй намд хүн амын эрүүл мэндээ хариуцуулсан болоод өгчихдөг нь юу вэ. Арай ч дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордны үйлчилгээг ирэх оноос хувийн компани хариуцаар болжээ

Төр, засгийн үйлчилгээний автобаазыг ирэх оноос аж ахуйн тооцоотой ажиллуулахаар болсон байна. Аж ахуйн тооцоонд оруулах асуудлыг судалж, боловсруулаад Засгийн газарт танилцуулах ажлыг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар таван сар орчим хугацаанд хийсэн аж. Мөн үйл ажиллагааныхаа дүрмийг шинэчлэн боловсруулсан байна. Шинэ дүрмээр уг газар бүтэж, орон тоо, төсвөө өөрөө тогтоож ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар нь төрд үзүүлж буй үйлчилгээгээ үнэлж, зохих төлбөр авах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд Африкийн гоо бүсгүй дэлхийн мисс боллоо

“Miss wоrld-2014” тэмцээний сүүлчийн шалгаруулалт өчигдөр боллоо. Лондон хотноо зохиогдсон уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт манай цагаар 22 цаг 20 минутаас эхэлсэн. 64 дэх удаагаа зохиогдож буй уг тэмцээнд энэ удаа 122 орны сайхан бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Монгол Улсыг төлөөлж Т.Батцэцэг оролцлоо. Оролцогчид финалын шалгаруулалтын өмнө спорт, авьяас гэсэн хэд хэдэн төрлүүдээр өрсөлдөж, тухайн төрөлдөө шилдгээ шалгаруулсан. Манай оролцогч спортын төрөлд 29, “Топ модель” төрөлд 20, дэмжигчдийн санал авсан байдлаар 21 дүгээр байрт тус тус шалгарсан юм.

Манай улсын хувьд “Дэлхийн мисс” тэмцээнд 2005 оноос оролцож эхэлсэн түүхтэй. 2005 онд Г.Хонгорзул, 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Анун, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг, 2012 онд Х.Баярмаа, 2013 онд С.Пагмадулам нар дэлхийн бусад орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж байсан билээ. Эдгээр миссүүдээс А.Сарнай топ 25-д шалгарсан нь “Miss wоrld” тэмцээнд монгол бүсгүйчүүдийн үзүүлсэн хамгийн том амжилт болоод байсан. 2006 онд оролцсон Э.Сэлэнгэ топод багтаагүй ч авьяас болон спортын төрөлд тус бүр дөрөвдүгээр байрт шалгарсан нь бас нэг томоохон амжилт болоод байсан.

Т.Батцэцэг тэмцээний явцад явуулсан дэмжигчдийн санал асуулга, сэтгэгдлээр топ наймд багтаж, шигшээд нэлээд дээгүүр орж ирнэ гэсэн таамаг төрүүлээд байсан юм.

Бүтэн сарын турш үргэлжилсэн “Мьсс wорлд-2014” тэмцээний явцад Т.Батцэцэг биеэ авч явах байдал, хувийн соёлоороо шүүгчдээс нэлээд үнэлгээ авсан бол загвар өмсөгчийн мэргэжил талаараа гадны олон ажиглагчдын анхааралд өртсөн юм. Тэрээр тэмцээний явцад өөрийн цахим хуудсаар монголчууд, дэмжигчидтэйгээ холбоотой байж “Намайг үргэлж дэмжиж, урам зориг өгч буй та бүхэндээ баярлалаа. Би сүүлчийн шалгаруулалт хүртэл хичээх болно” хэмээж байсан. Азийн топ модель Т.Батцэцэг 23 настай. 178 см өндөртэй, 54 кг жинтэй. Биеийн харьцаа нь 88:63:90 гэсэн харьцаатай. Тэрээр “Манжуурын мисс”, “Мисс Монголиа-2010” тэмцээнд амжилттай оролцоод буй манай шилдэг миссүүдийн нэг.

“Miss wоrld-2014” тэмцээний финалын шалгаруулалт Лондонгийн “Excel London” ордонд болсон бөгөөд Т.Батцэцэгийг дэмжихээр Монголоос олон арван үзэгчид, дэмжигчид Лондонг зорьсон юм. Финалын шалгаруулалтыг “UBS” телевиз шууд дамжуулав.

Манай улсын оролцогч Т.Батцэцэг Топ ангилалд 20 дугаар байр эзэлсэн ч шигшээд шалгарсангүй. Учир нь шигшээ 25-д ангилал тус бүрт эхний байруудад орсон миссүүд сонгогдсон юм. “Miss wоrld-2014“-ийн шилдэг 25 оролцогчоос топ аравт Энэтхэг, Өмнөд Африк, Англи, Гана, Бразил, Унгар, Кени, Америк, Мексик, Австралийн оролцогчид шалгарч, дээр нь олон нийтийн саналаар Тайландын мисс нэмэгдсэн. Тэднээс шилдэг тавд Унгар, Австрали, Өмнөд Африк, Америк, Английн оролцогчид тодорсон юм. Ингээд хүсэн хүлээсэн мөч ирж, шүүгчид оноогоо танилцуулаад “Miss wоrld-2014” тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй шалгарсныг мэдэгдсэн. Удаах байрт Унгар, Америкийн миссүүд орсон юм. Ийнхүү дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Английн Лондон хотноо сарын турш үргэлжилж ялагчаа тодрууллаа.

Д.САРУУЛ

Categories
гадаад мэдээ

Их Британы ирээдүйн хааны фото зураг анх удаа хэвлэлд нийтлэгдлээ

Кембрижийн гүн ба гүнжийн хүү, ирээдүйд Их Британы хаан суудалд суух тавилантай хун тайж Жоржын фото зүраг анх удаа нийтийн өмнө дэлгэгдэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдлаа. Ноднин жилийн 7 сарын 22-нд түүнийг мэндэлснээс хойш эцэг, эх нь олны нүднээс нууцлан зөвхөн хааны өргөөнд, гадагш гаргалгүй өсгөсөөр өдийг хүргэжээ. Түүний эцэг Гарригийн хувийн нарийн бичгийн дарга Эд Фокс өнгөрөгч сарын сүүлээр дээрх зургийг авсан гэх бөгөөд Кенсингтоны ордоны чулуун шатан дээр сууж буй дүр зураг гэнэ.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Монгол төрийн хугараагүй ноён нуруу

-ОНОНГИЙН ШУГУЙД БУУ ҮҮРЧ ЯВСАН АНЧИН ЭРТЭЙ БҮТЭН ӨДРИЙНТУРШ ХУУЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ-


“Өдрийн сонин” www.admin.dnn.mn сайтаараа дамжуулан архиваасаа цувралаар хүргэж байхаар болсон билээ. Энэ удаа 2012 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн №298, 299 (4313, 4314) дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайнд өнжсөн “Танайд өнжье” буланг эргэн сөхлөө. Монголын улс төрд залуу нас, эрдэм чадлаа харамгүй зориулсан эрхэм төрийн түшээ Д.Бямбасүрэн абугайн энгийн сайхан үүх түүхийг хамтдаа уншъя.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайнд өнжлөө. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн долгионт он жилүүдэд засаг тэргүүлж, хүнд бэрх ачааг нуруун дээрээ үүрч явсан энэхүү буурал толгойг Монголын ард түмэн ихэд хайрлан хүндэтгэдэг билээ. Ерээд оноос хойш олон ч засгийн нүүр үзсээн, бид. Гэхдээ юмны наад цаадахыг мэдэх луугарууд “Бямбасүрэнгийн Засгийн газар” гэж тодотгож ярих нь олонтаа дуулддаг. Төрийн өндөр алба хашиж явсан эрхмүүдээс цаг хугацаа алсрах тусам нэгэнт тогтоосон өндөрлөгтөө бат бэх зогсож, аль ч засгийн үед ийш тийшээ урвалгүй үзэл бодлоо тууштай хамгаалж, Монгол төрийн ноён нуруу хэвээр байгаа нэгэн бол Дашийн Бямбасүрэн гуай. Үүнийг молхи би бус ард түмэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юмаа.

Ингээд Онон мөрний хөвөө, Хан Хэнтийн уулс, эзэн хааны мөр оршсон өлгий нутагт төрж өссөн буурал баавайтай өдрийн турш хуучилсан яриа хөөрөлдөөнөө хүргэе. Бямбасүрэн гуайн хэлснээр нар ханын толгойд голлох үес буюу арваннэгэн цаг багагүй хижээлдэж байхуйд гэрийнх нь үүдэнд очлоо. Өмнөх өдөр утсаар ярьж, өнжих тухайгаа дуулгахад нэг их цааргалаагүй юм. “Хүрээд ирээ” л гэсэн. Миний бие гэрийнх нь хаягийг сайтар заалгаж авлаа. Уул нь өмнө нь нэг удаа очиж байсан юм. Гэхдээ л баараггүй нь дээр гээд заалгаад авсан хэрэг “Юу ш дээ, хүүхээ. Өнөө драмын театрын баруун талд, нэгдүгээр сургуулийн урд шүү дээ” гээд байраа, орцоо, хаалганыхаа дугаарыг нэгд нэгэнгүй хэлж өгсөн билээ. Харин очиж явах замдаа ярихад орцныхоо хаалганы кодыг хэлж өгсөн. Шатаар дээш гүйж гараад л хаалгыг нь зөөлөн тогшлоо. Ажилладаг үгүйг нь сайн мэдэхгүй хонх бололтой улаан товчлуурыг дараад авлаа. Сураг чимээ байдаггүй шүү. Дахиад тогшлоо. Энэ удаад бол жаахан хүч зараад дуу шуутайхан ч тогшоод авлаа. Бас л чимээ аниргүй. Тэгээд яахав, гар утас руу нь залгалаа даа. Хэдэнтээ дуудуулж байгаад утсаа авч байна аа. “Бямбасүрэн гуай, би хаалган дээр чинь ирчихлээ” гэхүйд, өө за гээд утсаа таслав. Төд удалгүй хаалганы түгжээ тайлагдаж цагаан толгойтой, өндөөр улаан өвгөн өнөө л дотно төрхөөрөө инээмсэглэсээр угтлаа. Мэнд ус мэдэнгүүт залгуулаад “Би гэдэг хүн энэ жилээс хараа сонсгол муудаад байгаа. Хаалга цохихыг сонсохоо л байчихаад байгаа юм даа” гэв. “За чи хувцсаа наанаа өлгөчих, энэ нэг таавчгийг углаад том өрөө рүү орж бай. Би одоохон” гээд цаад өрөө рүүгээ шуудраад орчихов. Удалгүй гал тогооныхоо өрөөнөөс “Миний хүү цай уух уу, кофе уух уу” гэж асууж байна. Би ч “цай ууя аа” л гэлээ. Өндөр шаазан аяганд цэлийтэл ус хийж баахуу дүрээд, аягатайгаа өнгө ижилссэн шаазан тавгийг дийз болгоод аваад ирлээ. Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнээс тавагтай чихэр авчирч өмнө минь тавиад хоймрынхоо сандал дээр ханайтал суугаад авлаа. Миний тухлан сууж буй буйдангийн арын хананд Бурхан Халдуны томоо гэгч зураг өлгөөтэй байгаа. Яагаад ч юм надад, Хан Хэнтийн сарьдаг уулсын ноён оргилын өвөр бэл дээр сууж байгаа юм шиг санагдан, өмнө минь суугаа буурал эрхэм мөн л тэргүүн юу нь мөнх цаст уулс шиг харагдаад нэг л сүрдмээр болоод явчихсан шүү. “За хө, хүүгийн ажил төрөл сайн уу, танай сониноор тавлаг уу” хэмээн аядуу намуухнаар асуусан нь өнөө айдас хүйдсийг алга болгож, сүрдэхийн хүлээснээс хэдийнэ тайлж өглөө. Бямбасүрэн гуайнд өмнө нь ирэхэд хэдэн ач зээтэйгээ ганганаж суусан юм. Тэр чинь бараг жилийн өмнө болж байна уу даа. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил (2011.12.29)-ийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч элэг нэгтэн монгол түмнээ эх орондоо ирэхийг уриалсан билээ.

Ерөнхийлөгчийн тэрхүү уриалгатай холбогдуулж Бямбасүрэн гуайгаас ярилцлага авч байсан. Тэгвэл бүтэн жилийн дараа мөн л цасны будан татсан өвлийн тунгалаг цагаар ирж буй минь энэ ээ. Бурхан Халдуны зургийг сонирхон зогсох зуур өвгөн хэлж байна. “Ерэн найман оны тавдугаар сарын 25-нд миний бие Бурхан Халдун уулынхаа оройн сүншгийг сэргээхээр явахдаа өврийнх нь тунгалаг ус Богдын голын дэргэдээс зургийг нь дарсан юм. Тэгээд уг зургаа зураач охин Хонгорзулдаа авчирч өгтөл удаа ч үгүй ийм нэг уран бүтээл туурвиад аавдаа өгсөн юм” гэв. Бас л сонин түүхтэй зураг юм аа. Эндээс нэг зүйл айхтар мэдрэгдсэн билээ. Бурхан Халдун бол эзэн Чингэсийн ариун сүншигтэй нутаг. Бямбасүрэн гуайн оройн шүтээн болсон газар. Гэтэл тэрхүү шүтээн уулыг охин нь ийн амилуулж аавдаа өгнө гэдэг, тэгээд тэрхүү зургуудаа өвгөн өдөр бүр харж сууна гэдэг утга төгөлдөр байхаас яахав. Ийм л нэг амь халуун гурамсан сүлжээ уг зургаас мэдрэгдсэн хэрэг л дээ. Ардын зураач Мятавын Цэмбэлдорж гуайн хоёр ч сонгодог бүтээл хажуу талынх нь хананд дурайж байна. Нэг нь мөн л Бурхан Халдуны орчмыг, эргэн тойрон дахь уулсыг нь зурсан зураг аж. Ардын зураач маань өөрөө Бямбасүрэн гуайд бэлэглэжээ. Өөр нэг зураг нь “Хонгорын элс” хэмээх гайхам бүтээл. Түүнийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай буурал Бямбасүрэндээ дурсгасан гэнэ. Ардын зураачийн хоёр бүтээлийн дунд охиных нь мөн л аавдаа дурсгасан томоо гэгч зураг цалгиатайхан үзэгдэнэ. Өргөн Ононгийн шугуй, үндсэндээ аавынхаа тоонотыг Биндэрийн овоон дээрээс хараачлан бүтээсэн болов уу. Онон мөрний хөвөөнд зогсож, мөнгөрөн хээтэх урсгалыг нь ширтэж буй мэт сэтгэгдэл төрөхөөр. Бямбасүрэн гуай арагш самнасан цагаан буурал халимгаа томоо гэгч палбигар гараараа илбэнгээ тоонотоо зааж зогслоо. Энэ зуурт, Хонгорзул зураачаас үүдээд “Та чинь хэдэн хүүхэдтэй билээ” гээд асууж орхив. “Гурван хүү, гурван охинтой шүү дээ” гэж тодорхой хариуллаа. Гэснээ “Манай зургаан хүүхэд зургуулаа Монголдоо бий. Гадаадад амьдрахыг бодоогүй юм” хэмээн үртэй хүний жаргалтай дулаан, бүтэн сэтгэлээр өгүүллээ. Хоёр талынх нь хананд багтаж ядан байгаа зургуудыг сонирхож том өрөөгөөр нь эв хавгүйхэн алхалсан бид хоёр буцаад буйдан дээрээ суулаа. Бямбасүрэн гуай богино ханцуйтай томоо гэгч далбагар хөх ноосон цамц өмсчихсөн суугаа. Бараг л футволка юм даа. Түүнийхээ энгэрийн халаасанд жижгэвтэр, чамин хийцийн хөөрөг шургуулжээ. Өнөөхөө ширээн дээр гаргаж тавиад зүүн гарынхаа эрхийн хурууны ар дээр нарийн шаргал тамхийг ихээр нь асгаснаа хоёр хамар руугаа чихэж орхино. Хамрын тамхи татдаг хэн хүний л дүр зураг л даа. Ийн суух зуур буурал хөгшнөөс Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Базарын Ширэндэв нарын Монголын хэл соёл, шинжлэх ухаан, утга зохиолын нэртэй эрдэмтэд хосгүй авьяастнуудын тухай асуулаа. Ухаандаа, улс төрөөс ангид зүйл сонирхож асуусан минь тэр л дээ. Түүнээс эл эрхмийг ямархан он жилүүдэд Ерөнхий сайд байсныг, Монголын улс төр, эдийн засагт ямархан гавьяа байгуулж ирснийг нь хүмүүс мэдэх учир асуултаа арай өөрөөр эхэлсэн минь ийм учиртай. “Би бол энэ аваргуудаас насаар хамаагүй бага нэг, хоёр ч үе мултарсан бараг хүүхэд шиг нь хүн. Тэгэхээр ойр дотно байна гэж юу байх билээ. Гэхдээ зарим нэгтэй нь хувь заяагаар дотно явжээ” гээд Ринчен гуайн тухай эхлээд ярилаа. Бямбасүрэн гуай далан онд хорин найман настай хонгорхон зүстэй Улсын үнийн хорооны орлогч даргын ажил эрхэлж байж. Тэр үед гадагшаа их явдаг байсан гэнэ. Өөрийнх нь хэлснээр “баахан” л явдаг байж. Тийн явахдаа ихэвчлэн Ринчен гуайтай онгоцонд таардаг байсан байна. Сүүлдээ мань хүн бүр дотносож авсан нь мэдээж. “Ринчен гуай хүнийг том бага, дарга цэрэг гэж голдоггүй хэнтэй ч болов ярьдаг сайхан хөгшин байсан даа. Би өвгөнөөс юм сонсчих санаатай янз бүрийн зүйл асууна. Нэг удаа Дамдинсүрэн гуай тэр хоёрын тухай асуучихлаа. Тэр хоёрыг их Ринчен гуайд таалагдсангүй. Дамдинсүрэн бол ингэж мөнгөн аягаар, мөнгө төгрөгөөр хэмжигдэх хүн биш ээ, наад хүнээ битгий ингэж доромжил гээд зочдод нь хэлээд авч. Тэгээд өөрөө бэлгээ өгөхдөө түрийвчээ ухаж ухаж нэг төгрөг гаргаж ирээд “Баяжихад чинь нэмэр болог ээ” гээд барьчихсан гэж байгаа. Энэ нь бас л яриа хөөрөө болохгүй юу. Энэ мэт дурсамжийг Ринчен гуайгаас олонтаа сонсч явлаа. Далан зургаан онд шиг санагдана, “Намын амьдрал” сэтгүүл дээр Ринчен гуайг удам гарлаар нь маш эвгүй доромжилсон. Тэр нийтлэл гарснаас хоёр, гурван сарын дараа байна уу даа, зуны нэг орой би Их тэнгэр рүү машинтай явж байтал замд Ринчен гуай таарлаа. Мань хүн доошоогоо духайгаад явган алхаж явна. Жагварал гуайнх руу явж байгаа бололтой. Улс төрийн товчооны гишүүн байсан тэрээр Ринчен гуайн хүргэн байсан шүү дээ. “Та унаанд суух уу” гэхэд, үгүй ээ, би жаахан юм бодож алхах хэрэгтэй байна гэсэн. Тэр бол бид хоёрын сүүлчийн уулзалт байсан даа” гэв. Ринчен гуайн тухай ийн өгүүлнээ тэрээр хэсэг хугацаанд чимээгүй суулаа. Тэгснээ хамрын тамхиа бас л овоолж байгаад нэг шуударч өгөөд Ширэндэв гуайн тухай өгүүлсэн юм. “Ширэндэв гуай бол Шинжлэх ухааны академийг олон жил толгойлсон задгай сэтгэлгээтэй сайхан хүн байлаа.

Ерэн зургаан онд би “Орчлонгийн хүрд” гэдэг философийн тухай ном бичээд академийн жинхэнэ гишүүдэд тараалаа. Академи дээр уг номын тухай хурал ч боллоо. Би бол дотроо Ширэндэв гуайгаас л бэргээд байгаа. Манай хүн марксизмаа хамгаалаад л үзэж тарна даа, яадаг билээ л гэж бодлоо. Бодлыг минь таасан юм шиг хамгийн түрүүнд Ширэндэв гуай үг хэлэхээр босдог юм. Тэгтэл өвгөн юу хэлсэн гэж санана, марксизм үеэ өнгөрөөсөн. Одоо бол шинэ цаг, шинэ нийгэм эхэлсэн гэдэг юм. Задгай сэтгэлгээтэй аварга хүн гэдэг аливаа цаг үеийн хүлээсэнд баглуулдаггүй л юм билээ”. Бид хоёрын яриа Ри, Ши хэмээх хэл соёл, шинжлэх ухааны хоёр том аваргын тухай дамнаснаа Бямбасүрэн гуайн ижий, хань ижил, бага залуу нас руу нь өөрийн эрхгүй хандлаа. Хоймрын ханыг тэр чигээр нь эзлэх хүрэн шүүгээний баруун талын хэсэгт буурал баавайгийн ижий аавынх нь зураг байна. Мөн ханийнх нь залуугийн нэг их гоё зураг байна. Улаан цамцтай, үсээ задгай хаячихсан, ширээ түшээд сууж буй зураг л даа. Хадам ижий аавынх нь хөрөг мөн л тэнд байна. Ерөөс баруун талынх нь тэрхүү шүүгээнд бурхан тахил, судар ном гээд хамгийн нандин бүхнээ хийж баринтаглан залжээ. “Манай хөгшин чинь Санжийн Дуламханд гэж бүхий л насаараа хэвлэл мэдээллийн салбарт ажилласан сэтгүүлч мэргэжилтэй сөргөөлцдөг, хоорондоо мэтгэлцдэг гэсэн яриа байдаг байв. Энэ тухай өвгөн ингэж ярьж билээ. “Дамдинсүрэн бид хоёр хоорондоо муу биш. Үзэл бодол нэгтэй хүмүүс. Яахав, эрдэмтдийн хооронд үүсдэг маргаан мэтгээн хааяа гардаг л юм. Гэхдээ сэтгэл зүрхний угт бол хоёр биенээ хайрлаад л явдаг” гээд нэг дурсамж хуучилсан. Тэр нь Дамдинсүрэн гуайн жаран насны ойтой холбоотой л доо. Насных нь ойд Ринчен гуай нэлээд хоцорч очжээ. Тэгтэл хүмүүс Дамдинсүрэн гуайг тэнгэрт тултал магтаад л ихэвчлэн зуун төгрөг, мөнгөн аяга л өгөөд байх юм гэнэ. Энэ нь нээ тэрээр хэсэг хугацаанд чимээг үй суулаа. Тэгснээ хамрын тамхиа бас л овоолж байгаад нэг шуударч өгөөд Ширэндэв гуайн тухай өгүүлсэн юм. “Ширэндэв гуай бол Шинжлэх ухааны академийг олон жил толгойлсон задгай сэтгэлгээтэй сайхан хүн байлаа. Ерэн зургаан онд би “Орчлонгийн хүрд” гэдэг философийн тухай ном бичээд академийн жинхэнэ гишүүдэд тараалаа. Академи дээр уг номын тухай хурал ч боллоо. Би бол дотроо Ширэндэв гуайгаас л бэргээд байгаа. Манай хүн марксизмаа хамгаалаад л үзэж тарна даа, яадаг билээ л гэж хүн байлаа. “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан. Хөөрхий дөө, тэр минь бүтэн өнчин амьтан байсан юм. Аав нь манай хүнийг гэдсэнд байхад нь өнгөрчээ. Онон мөрөнг үертэй байхад нь гатлах гэж яваад эргэж ирээгүй юм гэдэг. Ижий нь зургаан настайд нь өнгөрснөөр ижийнхээ эгчид өргүүлсэн түүхтэй” хэмээн ханийнхаа тухай дурсаад бодлогоширч суусан. Бодох нь ээ, дотогшоогоо мэлмэрч байсан биз ээ. Жаран зургаан онд ханийгаа хорьтой, өөрөө хорин дөрөвтэй байхдаа гэр бүл болжээ. Анх гал голомтоо бадраасан газар нь одоогийн Ардчиллын ордны хойхно байх нэг үе НҮБ-ын төлөөлөгчийн газар байсан байшин гэнэ. Хойно сургууль дүүргээд ирсэн Бямбасүрэн залууд Статистикийн газраас нэг өрөө байр өгсөн нь тэр юм байна. “Ганц төмөр ортой, хоол хийдэг нэг плитка, кострултай, нэг нэг чемодан хувцастай айл гэр болж байсан даа” гээд бүдүүн хоолойгоор хүд хүд хөхөрч байлаа. Бид хоёрыг ийн хуучилж, хуучлах ч юу байхав дээ, буурал баавайгийн хүнгэнэсэн яриаг сонсч суутал нөгөө өрөөнд утас нь дуугарч байна аа. Би ч сонсоогүй байж мэдэх юм гээд “Таны утас дуугараад байна уу” гэв. “Тэгж л байх шиг байна. Одоо ч надад утсаар ярих хэрэг байхгүй дээ. Би ер нь болж л өгвөл утсаа авдаггүй хүн дээ” гээд өнөө хамрынхаа тамхийг угзруулж л сууна. Утсаа авахгүй юм байжээ гэж бодох завсраа “Та ер нь дуулдаг уу” гээд асуучихлаа. “Үгүй шүү” гэж шуудхан хариулав. “Эрхбиш буриад дуугаа хаа нэгтээ…” гээд дахиад асуугаад авлаа. “За хө, дуу хуураар чи намайг оролдоод нэмэргүй ээ” гээд бүр цааш зүтгэлээ. Тэгэхээр нь “Хообби мообби тань юу билээ” гэж сал пал асуугаад авлаа. Тэгж асуучихаад “Энэ том хүнээс юу ч асуучихав даа” гэсэн айдас төрснийг юуг нь нуух билээ. Харин тэгтэл өвгөн тун сонин юм ярьдаг байгаа. “Ан авд сонирхолтой хүүхэд байж дээ. Аав минь нутаг усандаа нэртэй анч хүн байсан л даа. Өвлийн улиралд бүтэн долоо хоногоор анд явна. Цас хунгарласан ой хөвчид тэр их хүйтнийг үл ажран анд явдаг байсан. Ер нь манай буриадууд чинь нөгөө айхтар баривчилгааны дараа ан агнах нормтой байлаа. Төдөн гахай, төдөн чоно гээд ангийн төлөвлөгөө өгнө. Түүнийгээ биелүүлэх гэж эрчүүд нь анд явдаг байсан. Хэрвээ хоршоонд тушаахан аваасаа дутаавал сумын дарга шоронд хийх үүрэгтэй. Шорон ч гэж дээ, нэг муу модон пин л байхгүй юу. Гэхдээ шорон бол шорон. Буутай цагдаа морьтой давхиж ирнэ. Тэгээд л ангийн төлөвлөгөө дутуу биелүүлсэн, эсвэл жин тээхэд оролцож амжаагүй ах нарыг туугаад явдаг байж билээ. Манай аав намайг зургаан настай байхад карбин буугаар буудуулж үзүүлсэн юм. Зургаан настай хүүхдийг шүү дээ. Харин арван нас хүрэхэд минь калибр буу авч өгсөн. Калибр буу үүрчихсэн хүн чинь яаж гэртээ тогтох билээ. Ононгийн шугуй дотор чинь ятуу хөтүүтэй хөөцөлдөөд, чандага зэргийг сунгаж орхино доо. Ингээд хоёр, гурван жилийн дараа арван хэдтэй банди бор гөрөөс ч юм уу, арай том юм харж эхлэх нь мэдээж. За тэгээд томчуудтай өвсөнд явж байх үед эвийг нь тааруулж байгаад тэдний том бууг аваад амьтны мөрөөр мөшгинө. Ийм л нэг анч явсан хүн Ононгийн шугуйд сүрхий анчин явсан түүхийг нь яриулж, хоёул багагүй хөхрөлдөж, гал тогооных нь өрөөнөөс миний бие өөрөө очин цай цүй аялуулах завсраа өвгөнөөс бас л нэг юм шалгаагаад авлаа. “Та түрүүнд Очирбат Ерөнхийлөгч бэлэглэсэн гээд зураг үзүүлсэн. Түүн шиг гадна дотнын нэртэй төртэй олон л хүний танд бэлэглэсэн нандин зүйлүүд бий байх” гээд тэргүүн юуг нь ширтэв. Дуулдаг уу гэхэд үгүй ээ гээд шууд хариулсан шигээ “Тийм бэлэг сэлт байхгүй дээ” гэж хурдхан шиг өөрөөсөө холдуулаад авлаа. Тэгээд цааш нь “Би ер нь тийм бэлэг сэлтэд дургүй хүн. Өдий наслахдаа гадаадын хичнээн ч орноор явсан юм бэ. Тоогоо алдсан. Хичнээн ч хүнтэй уулзсан юм бэ дээ, бас л тоо тоймгүй. Гэхэд нэг ч орноос авчирсан бэлэг сэлт гэж надад байхгүй. Хөгшнөөсөө хойш (2005 он) аливаа найр наадам, баяр цэнгэлд бараг очсонгүй. Төрийн хүлээн авалтад ч ганц нэг л очсон байх. Ер нь тийм л нэг хүн дээ. Цагаан сар гэдэг ч юм уу, аливаа баярыг тэмдэглэдэггүй. Одоо ганцаараа юугаа ч бодож баяр тэмдэглэх юм дээ. Хүүхдүүд бол яах вэ, ирээд золгоцгоодог л юм” гэж аядуу намуухнаар өгүүлж суулаа. “Баяр гэснээс саяхан эзэн хааныхаа төрсөн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэлээ. Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Бямбасүрэнгийн Шарав, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Дамдины Дэмбэрэл гээд Чингэс хааны одон хүртсэн хүндтэй эрхмүүд, та бүхэн үг хэлсэн. Ингэхэд та Чингэс хааны одон хүртэж байсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Мэдээж баярласан байх, тийм үү” гээд жаахан хатгасан маягийн асуулт тавьчихлаа. “Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөс авсан шүү дээ. Төрийн тэргүүн болоод надад анх өгсөн л дөө. Улсын баяр наадмаар олгодог одон. Наадмаас хоёр хоногийн өмнө байна уу даа, Д.Дорлигжав утасдлаа. Ерөнхийлөгч тантай уулзъя гэж хэлүүлж байна гэлээ. Би ч яах гэж байгаа юм бол доо гээд яваад очлоо. Тэгтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Танд Чингэс хааны одон өгөх гэж байгаа” гэдэг юм. Би ч эхлээд жаахан дургүйхэн хүлээж авлаа. Учир нь Элбэгээ Ерөнхийлөгчийн өмнөх төрийн тэргүүнүүд чинь шагналыг хавтгайруулчихсан байсан. Тэгтэл надад шагнал өгнө гэж байдаг. Болж байгаа хэрэг үү гэж Ерөнхийлөгчөөс асуулаа. Тэгээд яахав, миний толгойлж байсан Засгийн газрын түүхэн үйл хэргийг бүр тодруулбал, ардчилал зах зээлийн цөвүүн цаг гэж хэлэгдэж байсан шилжилтийн үеийн засгийн ажлыг минь үнэлж байгаа юм байна гэж ойлгоод тэрхүү шагналыг авсан даа. Чингэс хааны одонг өмнө нь дуулж байснаас хараагүй. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед тийм шагнал бий болж гэнэ ээ, анхныхыг нь П.Очирбатад өгч байгаа юм гэнэ гэж дуулсан л даа. Яг үнэндээ Багабанди Очирбатад шагналыг нь өгөх болтол өнөө одон нь бүрэн хийгдэж дуусаагүй байсан гэдэг шүү”. Бямбасүрэн гуайн яриа үнэндээ амттай, үг өгүүлбэр нь анхаарал татаж, заавал нэг юмны тухай хэлсэн байхыг нь яана. Аливаа хүнтэй, магадгүй маш их ярьдаг нөхөртэй өдөржин хамт байж яриаг нь сонслоо ч нэг оновчтой үг хэлдэггүй хүн бас байдаг даа. Манай хүн ханын цаг руу харснаа “За аваргууд ч ирэх дөхөж байна даа. Энэ чинь одоо дөрөв (16 цаг) өнгөрөөд явчихаж байна уу. Өнөө хэдийнхээ хоол ундыг бэлдэхээс. Хуушуур хийж өгнө гээд амлачихсан юм. Наана нь харин зочиндоо нэг хоол хийгээд өгье” гэлээ. Үүнээс улбаалаад мань хүнээс хэр сайн тогоочийг нь асуугаад авсан Бараг л санаанд оромгүй хариулт өгдөг юм. Ухаандаа, Бямбасүрэн гуай бага хүү Биндэръяагийн аваргууд болох хоёр ачдаа өдөр бүр өөр өөр хоол хийж өгдөг гэнэ. Европ маягийн хоол, япон, солонгос гээд төрөл бүрийн л хоол хийдэг гэж байгаа. Хоолны жортой ном сэтгүүл их уншиж, сургууль, цэцэрлэгийн хоёр нөхөрт үзүүлж, өвөө үүнийг иднэ ээ л гэх юм бол түүнийг нь хийж өгдөг гэсэн. Ямар сайндаа өнөө хоёр аваргыг хөдөө худынх руугаа явуулж л дээ. Үндсэндээ бэрийнхээ ижий рүү нь явуулж. Тэгтэл удаа ч үгүй худ нь ярьж байна гэнэ. “Анударь, Тэмүүлэн хоёр миний хоолыг голоод идэж өгдөггүй ээ. Гэртээ харья, өвөөгийнхөө хоолыг идье гээд байх юм. Та чинь ямар хоол хийж өгдөг хэрэг вэ. Тусгай л хоол хийж өгдөг бололтой. Би байдгаараа хичээгээд ч нэмэр алга” хэмээн аргаа барсан янзтай ярьсан гэдэг. “Материал нь байвал ямар ч хоолыг хийнэ. Ер нь хоол хийх бол юу байх вэ” гээд гал тогоо руугаа хандлаа. Би ч араас нь дагаад орсон нь тодорхой. “За би чамд хуурга хийгээд өгчихдөг юм уу гэснээ болилоо, өөрийн нэг патенттай хоол болох монгол котлетаа хийж өгнө өө” гэдэг юм. Ширээн дээрх шаазан тавганд зангидсан гарын чинээ хоёр, гурван бүхэл мах яг л сайхан уядаад тавагны ирмэгээр үл ялиг шүүс урсаад байж байна. Хуушуурынхаа махаа намайг очихоос өмнө хөргөгчнөөс гаргачихсан нь тэр. Дугуй модон дээр махаа нямбай гэгч нь хэрчлээ. Яг л бууз хуушуурын мах шиг хэрчиж байгаа юм. Тэр зуурт би бас л цай цүй болж л суугаа. Өвгөн махаа хэрчиж дуусаад сонгино арилгах явцдаа “Манай аав үгүй ээ, мөн сонин хүн байж билээ” гээд нэг яриа эхэллээ шүү. Онон мөрнийхөө хөвөө, Биндэрийн ой хөвчийнхөн дундаа “Буурал Даш” хэмээн нэршсэн Бямбасүрэн гуай шиг цагаан буурал үстэй ажилсаг, анч эр хүүгээ нэгдүгээр ангид орохын намар орос айлд суулгажээ. Хэл усыг нь ч мэдэхгүй орос өвгөнтэй намрын гурван сар ноцолдохдоо Бямбасүрэн хүү багагүй зүйлийг сурсан нь мэдээж. Наад зах нь “мама, папа”-тай болно биз дээ. Намрын гурван сар гэдэг маань аав ээж нь өвс хадлангаа авч, намрын их ажлыг амжуулаад хүүхдээ өөр дээрээ авах тэр хугацаа л даа. Дараагийн жил хорь буриадынд суулгаад авч. Харин гуравдугаар ангид орох жил нь сум нэгдлийн даргаар насаараа ажилласан яхир баавайгийнд суулгасан гэж байгаа. Ингээд дөрөв, тавдугаар ангид нь нэг хятадынд, бас нэг өвөр монголынд суулгаад авчээ. Үндсэндээ жил бүр л хүүгээ “сонин” айлд суулгаж, сонин ертөнцтэй уулзуулж байсан байна. “Хятад өвгөнийд байхдаа би чинь хоол гэдгийг хийж сурсан хүн шүү дээ” гээд буурал хөгшин инээж суулаа. Бямбасүрэн гуай “Хүүхээ, чи миний хоол унд хийж барьсныг бичих хэрэг байна уу. Зураг хөрөг ч дараад л байх юм. Чи ер нь юу л хийх гээд байгаа хүн бэ. Цаадуул чинь намайг нэг муу тогооч л болоо шив дээ гэж ойлгоно шүү дээ” гэж хэлсэн. Гэхдээ энэ тухай оруулахгүй байж болсонгүй. “Монгол төрийн хугараагүй ноён нуруу Дашийн Бямбасүрэнгийнд өнжсөний маань нэгэн шигтгээ энэ мөн” хэмээн мунхаглаад гал тогоо руу нь өнгийчихлөө. “Би ч залуудаа хоол унд хийх энээ тэрээ гэсэн асуудалд гар бие оролцоогүй ээ. Албатай юм шиг өдөржин гадуур явчихаад орой нь нэг их ажил амжуулсан хүн амаа ангайж орж ирээд л иддэг байлаа. Харин хөгшнөө өнгөрснөөс хойш гал тогоо руу шууд л орсон. Бага хүү минь ижийгээ санаж байгаа байх, ядахдаа гарынх нь хоолыг үгүйлж байгаа байх гээд л янз бүрийн хоол хийж эхэлсэн” гэж ярьсан нь голыг минь зурах шиг л болсон шүү. Ухаантай хүн гэдэг, ерөөс хүний эцэг ийм л байдаг юм байна гэх бодол төрснийг бас л нуух юун. Гал тогооны хаалганы ард байх дөрвөлжин төмөр хайрцагтай тос авч өгч ахлах тогоочийнхоо ажилд бага сага тусалж ахуйдаа “Ерөнхий сайд байхдаа та Их тэнгэрт байсан. Ер нь Их тэнгэр их сайхан газар уу” гээд өнөө л саваагүй ач зээ нар шиг нь асууж орхилоо. Мань хүн ач нараа дайлах хуушуурны махыг шар буурцагны тосоор зөөллөж байх зуураа “Их тэнгэр ч яахав дээ, нам гүм газар. Гэхдээ би тэнд хоёр жил болохдоо сайхныг нь мэдээгүй ээ. Өглөө хар үүрээр гараад шөнө дөлөөр орно. Толгой дүүрчихсэн амьтан л салгалаад орно. Хамаг бие өвдөнө. Ёстой л яс янгинадаг байлаа шүү” гэв. Яс янгинадаг гэсэн нь Монгол орны төлөө, Ардчиллын төлөө, ард түмнийхээ төлөө тэгж зүтгэдэг байлаа гэсэнтэй агаар нэг сонсогдсон юм. Тэрээр уг ярианаас залгуулаад “Ерөнхий сайдын суудлаас буусныхаа дараа төр засгаас байр, элдэв өнгийн юм хум нэхээгүй ээ. Манайх энэ байранд далан долоон онд буюу бага хүүгээ төрөх жил орж байсан. Ерөнхий сайд болчихоод энэ байрнаас Их тэнгэр рүү нүүсэн, ажил албаа өгсний дараа буцаад л уг байрандаа ирсэн. Одоо хэр нь байж л байна” гэлээ. Буурал баавайгийн хийж өгсөн “монгол котлет”-ыг нь зооглож, ананас, шарсан өндгөөр даруулчихаад том өрөө рүү буцаад орлоо. Өвгөн гэрийнхээ утаснаас бага хүүтэйгээ холбогдох гэж залгаад хэд хэд дуудуулж байснаа таслав. “Өнөө нөхөр чинь одоо хүнсний зах дотор хоёр гартаа тор дүүрэн ногоо цагаа, гурил будаа барьчихсан завгүй яваа. Тэгээд утсаа авахгүй байна. Түүнээс гэрийнхээ утсыг эрхбиш авдаг юм” гээд хөөрөг рүүгээ хандлаа. Шар нунтаг тамхи хамрын хоёр нүх рүүгээ зэрэг шахам чихэнгээ ижий аавынхаа зураг руу харж суулаа. Би ч тэр зүгт анхаарал хандуулаад авав. Энэ агшинд “Амьдрал гэж сонин юм шүү. Би чамд нэг сонин түүх ярья л даа” хэмээн царайгаа төв болгоод авах нь тэр. “Манай ээж Цэвэгийн Пэрэнлэй ерөөсөө л саальчин хүн. Харин ээжийн маань аав Цэвэг гэж хөгшин цөллөгт, торгуулийн батальонд хорин таван жил болоод эргэж ирсэн хүн дээ” гээд эхэлсэн түүний яриа өөрийн эрхгүй сонирхол татлаа. “Өвөө минь гучин дөрвөн оны эхээр Лхүмбийн хэрэгт холбогдон баривчлагдаж тухайн үеийн ЗХУ руу арван жилийн хугацаатай цөллөгт явжээ. Өвөөг цөллөгт явсны дараа ээж минь нутгийнхаа “мэргэн жаал”-аас асуусан байгаа юм. Мэргэн жаал гэж увдистай хүүхэд байсан. Гэвч тавин гурван онд бас хороогдсон доо. Мэргэн жаал “Аав чинь 25 жилийн дараа эргэж ирэх юм байна” гэж хэлжээ. Ингээд л муу ижий минь аавыгаа цөхөртлөө хүлээсэн. Хорин таван жил гэдэг ямар урт хугацаа нь тодорхой. Ингэтэл тавин найман оны намар өвөө ирж билээ. Би бол өвөөгөө хараагүй. Хотод ирсэн сургаар ижий аав хоёр Биндэрээс наашаа давхиж, ээж ямар их яарч тэмүүлж, газар огт хорж өгөхгүй байгааг 16 нас хүрч байсан би сайн ойлгож байлаа. Төмөр замд байдаг ээжийн бага дүүгийнд өвөө ирчихсэн бөөн уйлаан майлаан болж билээ. Өвөө Ялтад байж л дээ. Нэг өдөр нутгийнх нь Номтын Цэрэн гэж хүнтэй жигтэйхэн адилхан хүүхэд таарахгүй юу. Тэгээд түүнийг дагаад л явж. Явдал нь, байж байгаа төрх байдал нь яг л Цэрэн гуай харагдаад байсан хэрэг. “Миний хүүхээ” гээд монголоор дуудсан чинь эргээд харсан байгаа юм. “Чи Номтын Цэрэн гэж хүний хүүхэд биш биз” гэж асуутал “Мөн” гэжээ. Ингээд л өнөө залуугаас ус нутгийнхныгаа, гэр орон, үр хүүхдүүдээ асууж “бүгд мэнд сайн байгаа” гэхийг дуулаад өвөө минь хэний ч өмнө унагаж үзээгүй нулимсаа нэг унагасан даа гэж ярьдаг юм. Тэр хүү нь Гүрбадам гуай шүү дээ. Манай нутгийн нэртэй том доктор, одоо ная хүрч яваа ануухан буурал бий”. Нээрээ чиг Бямбасүрэн гуайн хэлдгээр амьдрал гэдэг тааж тааварлахын аргагүй сонин юм шүү. Энэ мэт дандаа л сонин хачин юмны тухай хуучилж өнжлөө. Орой долоон цагийн үед хүүтэйгээ холбогдож “Өө, эцэг эхийн хуралтай байсан юм уу. Би чамайг хүнсний захаар завгүй явж байна даа гэж бодсон. Одоо зах гарах гэж байна уу. Гурил мартав аа. Би хуушуур хийх санаатай мах татаад тавьчихсан” гэж аядуухан ярилаа. Бямбасүрэн гуай хаалган дээрээ гаргаж өгөхдөө хүрэн модон хавтастай Чингэс хааныхаа одонг сугавчлаад зогсож байсан. Намайг сонирхоод байхаар үзүүлэх гэж өөрийнхөө бичиг номын өрөөнөөс авчирсан юм . “Үүнийг чинь зүүх газар олдохгүй юм. Энэ үнэтэй том одонг гадуур зүүгээд алхаж явалтай нь биш” гэж хэлээд өнөө л дотно сайхан төрхөөрөө инээмсэглэсээр хоцорсон билээ.

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялах хоббитой “Цэнхэр үст” бүсгүй

“Цэнхэр үст”буюу Э.Цэрэндолгор. Гадаад төрх, хийж буй зоригтой алхмаас ньхарахад тэр бүсгүйг “айдсыг даван туулагч” хэмээн нэрлэвэл онох юм шиг санагддаг. Бүсгүй хүн тэр дундаа ээж хүний сонгоод байдаггүй алхмыг тэр хийдэг. Зорьсондоо хүрч чаддаг. Бас бүтээлч, хөдөлмөрч эмэгтэйн нэгэн амьдрал ойрын жилүүдэд монголчуудад тод харагдах болсон. Миний мэдэхээр хамгийн сүүлд Өвөрхангай аймгийнУлаан цутгаланд мөсөнд авиралт хийсэн айдас аюулыг илтгэсэнфото зургуудыгнь харж байв. Тэр уулчин биш, харин хобби нь ийм зүйл рүү түүнийг хөтөлжээ. Фэйсбүүкээр “цэнхэр үстэй”Э.Цэрэндолгорын тухай яриа бараг л тасардаггүй юм билээ. Жирийн хүмүүсийн амьдрал төдийгүй нийгэмд бугшсан олон асуудлаар илэн далангүй яриа өрнүүлдгээрээ цахим ертөнцөдүзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч гэж танигдсаннэгэн. Тэгвэл саяхнаас “Цэнхэр үст”-ийнтухай фэйсбүүкээр нэгэн мэдээ эрчимтэй түгсэн юм. Э.Цэрэн нохойтой чаргаар Хойд туйлын цасан дундуур 300 км зам туулах “Fjдllrдven Polar” уралдаанд орохоор бүртгүүлсэнтухай мэдээлэл анхаарал татаж байв. Иймд түүний талаар”Өдрийн зочин” буландаа онцолж буй юм.

Түүнийөөрийнхөөтэвчээрийг сорих хүслийг бадраасанэнэ уралдаан Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөхюм. Тэмцээнд жирийн хүмүүс оролцдогоороо онцлог бөгөөд шалгарахын тулд интернэтийн санал асуулгаар хамгийн өндөр оноог авах учиртай гэнэ. Тэрбээр одоосанал асуулгаар уралдааныг тасралтгүй тэргүүлж явсан Пакистаны Мойн Хан гэдэг залууг гүйцэж түрүүллээ. Олон улсын нохой чаргаар ганцаарчлан аялах уралдаанд Э.Цэрэндолгор 10 орчим мянган саналын илүүтэйгээр түрүүлсэн ньөчигдөр оройн 18.00 цагт тодорхой боллоо. Түүнийгсаналын тоогоороо тэргүүлэхэд Монголын 100 мянган фэйсбүүк хэрэглэгчдийн бараг тал хувь нь саналаа өгчээ. Эцсийн мөч хүртэл урам зоригоо нэгтгэх, монголчууд санаагаа нэгтгэвэл 180 сая хүнтэй Пакистаны дэмжигчдийг ч дийлж чадсаныг энэ үйл явдал харуулав. Хойд туйлын мөсөн дээр өмнө нь монголэр хүн очиж байлаа. Тэгвэл энэ удаа хойд туйлынцэгээн мөсөн дээр монгол бүсгүй “Цэнхэр үст” гулгахаар боллоо. Түүнд амжилт хүсэж, аяллын кайфийг мэдрээрэй гэж хүсье. “Баярлалаа чамд Мойн Хан.Бид Монголынхоо далбааг хойд туйлд мандахыг дахин харжмонгол эмэгтэйн зоригоор бахархмаар байна”. Ингэж хэлэхийг хүссэн олон монгол хүн фэйсбүүкийг өчигдөр орой сайхан үгсээр “дайлж” байлаа.

Тэр зураач мэргэжилтэй, харин түүний аялаххобби нь “Цэнхэр үст” хэн бэ гэдгийг олонд таниулжээ. Ерөнхийдөө адал явдал хайдаг, адармаатай аялал хийдэг, аялал жуулчлал сонирхдог учраас тэрөөрийн хоббийгоороо “Цэрэн турс” ХХК-ийг байгуулаад 20 гаруй жил болж буй юм. Өнгөрсөн жил нохойтой чарганы уралдаандорж “Өөрийнхөө тэвчээрийг сорих” гэж байжээ. Түүний хувьд энэ нь сонирхолтой аялалбөгөөдэнэ аяллын мөнгийг төлөөд явъ я гэвэл харьцангуй үнэтэй гэнэ. Өнгөрсөн жил нэрээ өгчихөөд хүлээж байхаднь сайн найз Стонес “Цэрэн чи нэрээ татчих, миний хүчтэй өрсөлдөгч болох гээд байна” гэхээр нь найзыгаа бодоод нэрээ татаж байсан түүхтэй аж.

Э.ЦэрэндолгорБаянхонгор аймагт төрж өсчээ. 1986 онд дунд сургуулиа дүүргээдДүрслэх урлагийн дунд сургуульд суралцахаар Улаанбаатарт ирж байжээ. Дөрвөн хүүхдийн ээж юм. Тэрбээр зураач мэргэжилтэй чзурах боломжийг өөртөө олгож байгаагүй гэдэг. Гэвч гоо сайхны мэдрэмж, хөдөлмөрлөх арга барил, аливаазүйлийг тэс өөр өнцгөөс ньхарж таашаал авч сурах урлагт суралцжээ. Энэ бүсгүйбусдын сайн талыг нь харж, гүнзгий танихыг хичээдэг гэж ойр дотнынхон нь ярих юм билээ. Тэрбээр “Хүмүүс бие биенээ мэдэхгүй хэрнээ хэт шүүмжлээд, дүгнэлт хийдэг. Надад ийм араншин байдаггүй тулмаш олон гайхамшигтай хүмүүстэй уулзсан. Би айхтар юмны үнэ, брэнд ид шидэнд нэг их итгэл өгдөг хүн биш” гэж ярьж байхыг нь сонсож байсан юм.

Тэр хайр халамж, анхаарал асаргаа дутагдсан нэгнийг өөрийн хүүхэд болгон авч, асран тойлж, хайрлан халамжилж байжээ. Бас гудамжиндбөөвийгөөд зогсож буй хүмүүстэй таарах юм бол гэртээ оруулаад хооллохоосоо цэрвэдэггүйгэдгийг нэгэн танил нь ярьж байсан юм.

Э.Цэрэндолгор Баянхонгорт адармаат, бараан дурсамжит бага насыг өнгөрүүлж, цэл залуу хоринхоёртойдоо амьдралынхаа ханьтай учирсан байдаг. Магадгүй түүний өнгөрсөн амьдралд тохиолдсон явдал аливаа эрсдлийг давах хүчийг өгсөн учраас тэр өнөөдөр амьдралынхаа ялагч нь “айдсыг даван туулагч”болсонбайх. “Айдсыг даван туулагч” гэдэг нь бусдадхараад халширмаар зүйлтэй нүүр тулсан ч зугтаах биш хүнлэг сэтгэлээр туслахыг, даваад гарахыг монголчуудад үлгэрлэж буй хэрэг. Амжилт, ялалтгүйгээр өрнөнө гэж байхгүй “Цэнхэр үст” таны амьдралд бас дахин ялалтыг хүсье.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Харшийн наадамд асрамж, халамжийн төвийн 1000 хүүхэд оролцоно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгуулдаг “1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам”энэ сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болно. Гурав дахь жилдээ болж буй тус наадамд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхэд оролцож, өвлийн өвгөний бэлэг гардан авах юм.

Categories
мэдээ нийгэм

Усаар цэнэглэгддэг зөөврийн компьютер

Усанд хийж цэнэглэх зөөврийн компьютер буюу “Plantbook”-ыг танилцуулжээ. Төслийг Солонгосын дизайнер Seunggi Baek болон Hyerim Kim нар санаачлан зохион бүтээсэн байна. Уг зөөврийн компьютер хоёр мэдрэгчтэй хуудастайбайх ба эвхэгддэг онцлогтой.

Plantbookнь навчтай адил нарны гэрлийг өөртөө шингээн, устөрөгч ялгаруулдаг аж. Батерейгаа цэнэглэн хүчилтөрөгч үйлдвэрлэж, эргэн тойрноо агаараар тэтгэдэг. Тодорхой хэлбэл, зөөврийн компьютерийн дээд талд бяцхан ус хураагуур гуурссуулгасан байх бөгөөд нарны дулааны хавтанд хадгалагдсан эрчим хүчийг ашиглан электролиз үүсэхүед байнга усыг өөртөө шингээж авдаг аж. Энэ үйл явц нь устөрөгчийг ашиглан батерейгаа цэнэглэж, хүчилтөрөгч ялгаруулах боломжоор хангаж өгдөг байна. Та зөөврийн компьютерээ ашиглаагүй үедээ орой дээрх навч хэлбэртэй силикон оосрыгустай саванд хийх юм бол, таны зөөврийн компьютер автоматаар батерейгаа цэнэглэж хүчилтөрөгч ялгаруулах болно. Энэ навч хэлбэртэй силикон оосор нь ногооноор гэрэлтэх юм бол таны “Plantbook”цэнэгтэй байгааг харуулах аж. Цэнэг нь дуусах эсэх нь навчин хэлбэртэй оосор харуулна. Нэг ёсондоо энэ зөөврийн компьютер байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн хамгийн шинэ, шинэлэг шийдэл юм. Энэхүү гайхалтай зөөврийн компьютерийн санаа бүтээгдвэл шилдэг, шинэлэг технологи болох нь гарцаагүй. Цаашлаад үүнтэй ижил эрчим хүчний машин болоод бусад эко техникүүдийг ч үйлдвэрлэж болохыг харуулж байна.