Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүд зогсоол эзэрхийлэв

Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг байна. Гэтэл автомашины зогсоолынх нь тэн хагасыг эрхэм гишүүд эзэрхийлэн авчээ. Ордоны баруун талын зогсоол тэр чигээрээ гишүүдийн мэдэлд шилжив. УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын хүсэлтээр эрхэм гишүүд ийм эрх ямба эдлэхээр болжээ. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Харин зүүн талын зогсоолд ордны 900 гаруй ажилтан албан хаагчид түгжирч таарах нь ээ. Тэдний ярьж байгаагаар “Өмнө энэ асуудал яригдахад хүмүүс эсэргүүцлээ илэрхийлээд намжсан. Харин өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Ордоны нэг талын зогсоол гишүүдийн мэдэлд шилжээгүй байхад хэн өглөө эрт түрүүлж ирсэн нь машинаа тавьдаг байсан. Энд ажилладаг хүмүүсийн зогсоолыг шийдэж өгчихөөд дээрмээ хийх хэрэгтэй шүү дээ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Дугаарын хязгаарлалтын цагийн асуудлаар хэлэлцэнэ

авмашинНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын хурлын А танхимд 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай хэлэлцэх аж. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийнхэн сүлд модны гэрлээ асаана

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ жил Төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа өнөө орой болох гэж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.

e8ae9552050848a9big

Categories
мэдээ нийгэм

Дорнын амралтын хот Ханжоуг монголчуудад танилцуулав

БНХАУ-ын Ханжоу хотын аялал жуулчлалын комисс болон Монгол Улсын “Их аян өргөө” компани хамтран Ханжоу хотыг танилцуулах үйл ажиллагаа Чингэс зочид буудалд боллоо. “Их аян өргөө” компани нь Хятад, Монголын соёл, эдийн засгийн олон чухал үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай. Ханжоу хотын аялал жуулчлалын зөвлөлийн дэд дарга Жан Хун Жун Ханжоу хотын тухай танилцуулсан юм.

Ханжоу нь Жэзян мужийн нийслэл агаад эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв аж. Хятадын зүүн өмнөд хэсэгт далайн эрэг дагуу Хөх мөрний сав газарт оршдог. Шанхайгаас 170 км газарт оршдог, найман сая гаруй хүн амтай хот юм.

2006 онд уг хотыг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас “Хятад улсын хамгийн үзэсгэлэнт аялал жуулчлалын хот”, Дэлхийн амралт, аялал жуулчлалын байгууллагаас “Дорнын амралтын хот” хэмээн сайшаажээ. Нью-Йорк таймс сонин “Дэлхийн заавал очиж үзэх хэрэгтэй 41 газар”-т энэ хотыг мөн багтаажээ. Хятадын хамгийн алдартай хайрын үлгэр “Цагаан могойн домог” энэ хотод “төрсөн”. Тэнгэрт диваажин, газарт Сүжоу, Ханжоу хэмээх хэллэг ч байдаг. Дэлхийн банкнаас энэ хотыг “Хятадад хөрөнгө оруулах хамгийн таатай хот” хэмээн тодорхойлсон байдаг.

Ханжоуд жил бүр 8000 тэмдэглэлт үйл явдал, баяр болдог. Энэ хотод 127 том зочид буудал байдгаас таван одтой нь 22 гэнэ. Дэлхийд алдартай зочид буудлууд энд бий. Ханжоу хотод хамгийн анх дугуй түрээслэх үйлчилгээ бий болсон түүхтэй. Байгалийн үзэсгэлэнт газраар аялахын ялдамд цайны соёлтой танилцах боломжтой. Цайны музей ч байдаг гэнэ. Цагаан хэрэмтэй дүйцэхүйц нэгэн түүх, соёлын дурсгал байдаг нь “Их суваг”.

Бээжингийн өмнө талаас Ханжоу хүртэл үргэлжилдэг агаад Суэцийн сувгаас 16 дахин урт аж. 2014 онд энэ сувгийг Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Ханжоу бас торгоны эх орон. 5000 жилийн өмнө Ханжоуд торго үйлдвэрлэж байсан түүхтэй. Торгоны замаар энд үйлдвэрлэсэн барааг зөөж, Клеопатра хатан хаан ч энэхүү торгоор урласан хувцас өмсч байсан домогтой. Хотын гудамжинд зардаг хоол нь хамгийн амттайд тооцогддог гэнэ шүү.

Аялал жуулчлалын үндэсний төвийн дарга О.Цоодол энд хүрэлцэн ирсэн байлаа. Монголд аялагчдын олонх нь хоёр хөршийн жуулчид байдгийг тэр онцолсон юм. Өвөлгүй зунаараа Ханжоуд аялабал монголчууд доод тал нь 5000 юань зарцуулах тооцоо байна лээ. Монголын аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллахыг тэд хүсч байлаа. Хятад жуулчдын хувьд Монголоос юу сонирхох бол хэмээн лавлахад ноён Жан Хун Жун “Бидний хувьд Монголын тал нутаг, сайхан агаар, амар тайван амьдрал, Монгол гэр маш их таалагдлаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

С.Вандан, Д.Дуламсүрэн нар ”Алтан цомог” гаргана

XX зууны манлай хос дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар тун удахгүй тоглолтоо хийхээр болжээ. Сонирхолтой нь уг тоглолтыг МУГЖ С.Жавхлан найруулах гэнэ. Мөн хослон дуулаачид маань “Алтан цомог”-оо гаргахаар бэлтгэж байгаа ажээ. Энэхүү алтан цомогтоо тэд хуучны болон шинэ уран бүтээлүүдээ багтаахаар төлөвлөсөн байна. Тоглолт нь энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ спорт

Б.Амартүвшин, Э.Гэрэлмаа нар Азийн аварга боллоо

Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонгконгод энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөсөн байна. Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, БНСУ-ын дараа гуравдугаарт бичигджээ.

Сонирхолтой нь, жүдо бөхийн спорт төдийлөн хөгжөөгүй Филиппин улс нэг алтан медаль авсан гэсэн үзүүлэлтээр зургадугаар байрт бичигдсэн байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Япон гаралтай Киёми Ватанабе алт авснаар ийнхүү цойлжээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Гэрэлмаа Хонконг, Тайвань, Энэтхэг, БНСУ-ын жүдочдыг ялан тиүрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Амартүвшин торолгүй түрүүлж, төрийн дуудллаа эгшиглүүллээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан манай гол найдлагуудын нэг Ц.Цогтбаатар БНСУ-ын бөхөд хожигдож, мөнгө авчээ.

Дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр Японы бөхөд ялагдсан ч Энэтхэг, Ираны бөхчүүдийг ялан медалийн тавцанд гишгэсэн бол эмэгтэй 44 кг-ын жинд Г.Наранцэцэг, -78 кг-ын жинд Д.Одханд нар хүрэл зүүжээ.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Австралийн Сидней хотноо үл танил этгээд хүмүүс барьцаалжээ

Австралийн Сидней хотноо “Lindt” хэмээх цайны газарт байсан хүмүүсийг үл таних этгээд барьцаалжээ. Уг хэргийг үйлдсэн этгээд цайны газрын цонхон дээр лалын бүлгийн туг барин зогсч байгаа тухай гэрчүүд мэдээллээ. Түүнийг “Лалын улс” бүлэгтэй холбоотой байж магадгүй хэмээн үзжээ. Сидней хотын цагдаагийн газраас мэдээлж байгаагаар цайны газарт 13 хүн байгаа бололтой.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ уушгины хатгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Хүүхдэд төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Учир нь ангир уурганд ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулагддаг, байгалиас заяасан вакцин юм.

Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон, шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

Уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлүүд:

-Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо дөнгөж хөгжиж байдаг тул өвчлөх эрсдэл өндөр байдаг.

-Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос тусгаарласнаас дасан зохицол алдагдаж, хүүхэд даарч хөрсөн үед өвчлөх эрсдэл ихэсдэг.

-Эхийн сүүгээр хооллоогүй, дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд өвчлөх нь илүү байдаг.

ХҮҮХДЭЭ УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

-Хүүхэддээ товлолын дагуу вакцинуудыг хугацаанд нь хийлгэх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг багасгана. Мөн уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлдэг.

-Гэрийнхээ хаалга, цонх, тооноо үе үе нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж, гэр доторхи агаарыг сэлгэж, бохир агаарыг зайлуулаарай.

-Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Түлшинд элдэв бензин, хуванцар, хог түлэх нь бие махбодийг хордуулж, хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.

-Бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ асрах хооллох, бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлнэ.

ХҮҮХДЭЭ “УУШГИНЫ ХАТГАЛГАА” ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНИХ АРГА:

Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн ихэнх хүүхдэд:

-Ханиалгах

-Халуурах

-Нус гоожих

-Тайван бус болох

-Хоолонд дургүйцэх

-Заримдаа амьсгаадах

-Цээж шуугих зэрэг шинжүүд илэрдэг ба үүнийг “ХАНИАД ШУУХИНАА” гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж ажиглагдвал уушгины хатгалгаа юм. Хатгалгаа нь хүүхдийн нас, өвчний үүсгэгчээс хамаарч хүүхэд бүрт өвөрмөцөөр илэрдгийг анхаарч эрүүл мэндийн байгууллагад үзүүлээрэй.

УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙГ ГЭРТЭЭ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?

Ханиад уушгины хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ.

-Ханиалга намдаах хоргүй зөөлөн эм /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.

-Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.

-Хамар битүү бол цэвэрлээрэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулж, зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.

-Ханиад шуухинаа даамжирч, уушгины хатгалгаа өвчний шинж илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

-Өрх, сумын багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх ба хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ заавал асуугаарай.

-Хүүхдийг өвчилсөн үед сайн хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.

-Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.

-Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч асарч сувил.

Мөн дараах шинжийг ажиглаарай.

-Хүүхэд амьсгалж чадахгүй, яраглах, амьсгалахад бэрхшээлтэй байх

-Хүүхэд унтаарах, сэрээхэд хэцүү, эсвэл сэрэхгүй байх

-Хүүхэд бөөлжих

-Ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах

-Халууныг 6 цаг тутам хэмжиж 38,5 ба түүнээс дээш градустай байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.

ЗӨВХӨН уушгины хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.

-Танай гэр төвөөс хол зайтай бол парацетамол, амоксициллин, ибупрофен, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх нь хугацаа алдахгүй тусламж авахад тустай.

-Гэрээр эмчлээд сайжрахгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсад элэгний С вирусыг эрс бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

Эрүүл мэнд спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсад элэгний С вирусыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн барилаа.

Энэхүү хөтөлбөрийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа санаачлан боловсруулж, улмаар энэ сарын 5-ны өдөр анхны хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Тус төслийн хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын I, II төв эмнэлэг, “Интер мед”, “Гранд мед” зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид зэрэг нийт 32 хүн оролцсон байна.

Дээрхи хуралдааны үеэр Ж.Амарсанаа “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг онцолж байсан юм.

Ийнхүү Монгол улсад тулгамдаад буй элэгний өвчлөлийн асуудлыг дэд сайд Ж.Амарсанаа онцгойлон анхаарч, үндэсний хөтөлбөрийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн барилаа.

Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг асрамж халамжийн үйлчилгээнд хамруулна

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах боломжгүй тохиолдолд халамж асрамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг зэрэг хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Захирамж гарсантай холбогдуулан дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Мөн асран хамгаалагчид буцаах боломжгүй хүүхдүүдийг халамж асрамжийн төвүүдэд байрлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болгосон аж.
Арга хэмжээнд шаардагдах найман сая 171 мянган төгрөгийг тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар болж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайд даалгажээ.