Categories
мэдээ спорт

19 цагаас Аваргуудын Лигийн сугалаа эхэлнэ

Өнөөдөр Швейцарийн Ньон хотноо Аваргуудын Лигийн хасагдах шатны сугалаа Улаанбаатар хотын цагаар 19.00-т эхэлнэ. Үнэнийг хэлэхэд чухамхүү энэ шатнаас цаашлаад жинхэнэ “гал гарсан зодоонууд” эхэлдэг тул өнөөдөрийн сугалаа тун чухал. Хэдийгээр шилдэг 16-д үлдсэн багууд бүгд мундаг ч гэлээ дотроо “Базель, Шальке ч юмуу, Порту, Монаког сугалчих юмсан ” хэмээн мөрөөдөж байгаа гэхэд хол зөрөхгүй дээ. Багууд хэсгийн тоглолтод эзэлсэн байрнаасаа шалтгаалан хоёр хэсэгт хуваагдсан байгаа.

Эхний хэсэг: «Атлетико», «Реал», «Монако», «Боруссиа» Дортмунд, «Бавари», «Барселона», «Челси», «Порту».

Хоёр дахь хэсэг: «Ювентус», «Базель», «Байер», «Арсенал», «Манчестер Сити», «ПСЖ», «Шальке, «Шахтер».

Сугалааг зохион байгуулахдаа эхний удаа нэг улсын баг хоорондоо таарахгүй байх, урьдчилсан тоглолтод нэг хэсэгт байсан багууд дахин таарахгүй байхаар зохицуулдаг билээ.

Хасагдах шатны эхний тоглолтууд ирэх жилийн 2-р сарын 17-18 ба 25-26 –ны өдрүүдэд эхэлнэ.

Б.Хулан

Categories
мэдээ цаг-үе

М.Наранбаатар: Намайг аль намын хэний хүн гэх юм бэ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

-Саяхан УИХ 2015 оны төсвийг батлахдаа МҮОНРТ-ийн төсвийг ихээхэн танаж баталсаныг та юу гэж үзэж байгаа вэ. Үндэсний телевизийн үйл ажиллагааны цар хүрээнд энэ асуудал нөлөөлөх үү?

-Энэ тухай ярихын өмнө тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй байх. Шийдвэр гаргагчид зөвхөн олон нийтийн телевиз гэж яриад байдаг юм. Уг нь манай байгууллага олон нийтийн телевиз, үндэсний цөөнхөд зориулсан хоёрдугаар суваг, ММ агентлаг, Монголын радиогийн 3 суваг, дэлхийд таван хэлээр нэвтрүүлэг цацаж буй Монголын дуу хоолой радио гээд олон хэлтэс, хэсгээс бүрддэг. Тэгэхээр ганцхан телевизэд төсөв өгдөг хэрэг биш болж байгаа юм. Манай төсөв юунаас бүрддэг вэ гэвэл мэдээж улсын төсвийн дэмжлэг, хураамж, нийгмийн чанартай сурталчилгаанаас бүрдэнэ. Улсын төсвөөс манай байгууллагын зардлын 50 хувийг хангадаг байсан. Үүнийг энгийнээр өгүүлэхэд улсын төсвөөс ирэх дэмжлэг манай нийт хүмүүсийн цалинтай л тэнцдэг байсан бол одоо нийт ажилчдын цалин байхгүй болчихлоо гэсэн үг. Тэгэхээр цаашдаа МҮОНРТ яах ёстой вэ. Яаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, цалингаа тавьж, мэдээллээ бэлтгэх вэ гэдэг асуулт босч байгаа. Энд үндсэн үүрэг буюу соён гэгээрүүлэх, мэдээлэх, улмаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч бий. Энэ бүхнийг авч үлдэх, цаашид хадгалах хөгжүүлэх боломжгүй боллоо. Одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл оногдсон төсвөө хуваарилахаар ид ярьцгааж байна.

-Төсвөө хуваарилахаар үйл ажиллагааны ямар график гарах бол. Ажилчдаа халах уу, зарим нэвтрүүлгүүдээ зогсоож, эфирээ хаах уу?

-Радиогийн гурван сувгийн хоёрыг нь хаах уу. Телевизийн хоёр сувгийнхаа үндэсний цөөнхөд зориулсан эфирийг зогсоох уу. Мэдээллийн хөтөлбөрийнхөө талыг нь зогсоож, Монголын дуу хоолой радиогоо, MNB сайтаа хаах уу, ажилчдаа цомхотгох уу гээд олон асуудал босно. Шийдвэр гаргагчид үүнийгээ эргэж харах байх гэж найдаж байна.

-Төсөв танах болсон шалтгаан нь юу байв?

-Зарим хүмүүсийн мундагаар ярьж байгаа асуудлын цаана өчүүхэн жижиг эрх ашиг байдаг гэдгийг олон нийт мэднэ дээ. Тэрүүн шиг дэндүү харамсалтай популизм явчихлаа. Миний сонссоноор МҮОНРТ-ийн төсвийг танах саналыг гаргасан хүмүүсийн нэг буюу Ч.Хүрэлбаатар гишүүн PR-ийн мэргэжилтэн авсан байна. Тэгсэн тэр нөхөр нь “Та олон нийтэд таалагдахыг хүсвэл сэтгүүлчдэд таалагд. Сэтгүүлчдэд таалагдъя гэвэл мөнгө өг. Мөнгө өгөхийн тулд МҮОНРТ-ийн төсвөөс танаад танай телевизд өгье гэвэл телевизүүд таныг магтана” гэсэн байгаа юм. Энэ өчүүхэн жижиг популизм нь ард түмэн олон нийтэд гай дагуулж байна. Дээр нь ганц нэг хүний популизмд автаад хийчихээгүй. Ер нь энэ хугацаанд улстөрчдөөс хараат бус байх, олон нийтийн байх чиг баримжаагаа дагасан нь улстөрчдийн дургүйг хүргэсэн бололтой. Улстөрчдийн томил гэсэн хүнийг томилоогүй, гарга гэсэн нэвтрүүлгийг нь гаргаагүй явдлууд ийм байдалд хүргэлээ. Энэ үйлдлээ эрх баригчид эдийн засгийн хүндрэлтэй уяж тайлбарлах гэх байх. Гэхдээ 2008 оны төсвийг батлахад өнөөдрөөс ч хүнд байсан даа. Тэр үедээ яагаад хасаагүй байж, өнөөдөр ингэж авирлаад байгаа юм гэдэг асуулт гарна.

-Олон нийт хараат бус бай, бие даасан бай, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуул гэж шахдаг. Харин хараат бус байх боломжгүй гэдгийг саяын төсөв баталсан явдал баталчихав уу?

-Үеийн үед ийм л нөхцөл байдалтай байсныг хэлээгүй нь миний буруу байх. Би гурав дахь парламент, зургаа дахь Засгийн газартай ажиллаж байна. Төр засгийнхан “Та нар биднээс мөнгө авчихаад яагаад бидний тухай, бидний нэвтрүүлгийг гаргахгүй байна вэ” гэдэг. Бид “Уучлаарай. Хараат бус байна. Зарчмаа дагана” гэхээр “Төсвийг чинь хасна” гэдэг байсан . Ингэж биеллээ олно гэж санасангүй. Дээр нь өс өвөрлөсөн нам, нийгэмд таалагдах гэсэн популист улстөрч, М.Наранбаатар гэдэг хувь хүнд хонзогносон бүлэглэлийн огтлолцол дээр асуудал шийдэгдлээ.

-Нэгэнт асуудал шийдэгдсэнээс хойш өнөө жилдээ бүсээ чангалаад ажиллах байх. Цаашид асуудал хэрхэх бол?

-Байдал ингэж эргэсэн ч гэлээ олон түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Урьд нь хийж байсан зүйлүүдээсээ ухарч болохгүй. Улсын төсвөөс ирэх мөнгө танагдсан ч олон түмнээс ирэх хураамж гэж байдаг. Гэтэл бас л хураамжийг алга болгох тухай хүмүүс ярьж, асуудал босгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан гишүүн МҮОНРТ-ийн нэг өрхөөс авдаг 1100 төгрөгийн хураамжийг зогсоох хуулийн төсөл санаачлаад явж байна. УИХ-ын гишүүдэд санаачлах хууль, хийх ажил олдохгүй байгаа юм уу, бүү мэд. Нэг өрхийн сард өгч байгаа 1100 төгрөг хэний амьдралд гай болж байгаа юм бол. Авч байгаа мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх хөтөлбөрүүдийг 1100 төгрөгтэй харьцуулахад тэс өөр асуудал яригдана. Энгийн жишээг дурьдахад кино театрт нэг удаа кино үзэхэд 8-9 мянган төгрөг. Харин манайх 1100 төгрөгөөр сард 50 кино үзүүлж байгаа. Бас сард 180 мэдээллийн хөтөлбөр 1100 төгрөгтөө багтдаг. Дээр нь хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн гээд олон зорилтот бүлгүүдэд зориулсан нэвтрүүлэг бий. Энэ бүгдийг яагаад байхгүй болгох гээд байгаа юм. Өнгөрсөн зун би Баян-Өлгий аймгаар явсан. Тэндэхийн иргэд үнэхээр баярлаж байна билээ. “Бид монгол хэл сураагүй нь алдаа. Гэхдээ Тува аялгаар, Казах хэлээр нэвтрүүлэг явуулж байгаа нь үнэхээр сайшаалтай” гэж хэлж байсан. Улмаар MNB world гэсэн гуравдугаар сувгаа нээж англи хэлээр цацахаар төлөвлөж байлаа. Цаашдаа Орос, Хятад гээд олон хэлээр цацагдах боломжтой. Монгол төрийн бодлого, бодит мэдээллийг өгдөг сувагтай болох зорилго маань ингээд үгүй болж байна. Төсөв танасны уршиг энэ.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон хүний ажиллах хуулийн хугацаа дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн анкетийг өнгөрсөн долоо хоногт аваад дууслаа. Хэр нээлттэй явагдав?

-Би ч гайхаж байна. Яагаад гэвэл “Та нар олон нийтийн байх ёстой, та нар МАН, АН-ын засагт үйлчилж байна” гэж ярьдаг, хашгирдаг, шахаж шаарддаг хүмүүс маань хаачив. Тэр хүмүүс Үндэсний зөвлөлөөр дамжуулж тэнд хяналт тавьдаг учиртай. Үүнийг төрийн бус байгууллагууд, олон нийт, нөгөө санаа тавьдаг хүмүүс ойлгосонгүй юу. Эсвэл тэдэнд ойлгуулсангүй юу гэдэг нь анхаарал татаж байгаа. Ер нь 2005 онд МҮОНРТ-ийн хууль батлагдахад Үндэсний зөвлөлийн 15 гишүүний асуудал үүссэн. Тэгэхэд 130 гаруй төрийн бус байгууллага нэгдэн чуулганаа хийж 35 байгууллага гишүүнийхээ нэрийг дэвшүүлсэн. Эрүүл мэнд, спорт, хууль эрх зүйн чиглэлээр гэх мэт. Тэгээд тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ, төрийн бус байгууллагаас 15 хүнийг томилж явуулсан. Ер нь яагаад манай байгууллагын анхны Үндэсний зөвлөл “Их сайн ажилласан” гэж сайшаагдаж өдий хүртэл яригддаг вэ гэвэл олон нийт харьцангуй сайн, нээлттэй оролцсоных. Энэ удаа харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Би хэвлэлээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ярилцлагыг уншлаа. Тэр хүн “Төр мөнгөө өгдөг учраас араас нь хяналт тавиулахаар хүмүүсээ явуулдаг” гэж хариулсан байна билээ. УИХ-ын байнгын хорооны дарга л ийм ойлголттой байна шүү дээ. Түүний ярилцлагыг уншаад олон нийт “Нөгөө хараат бус, олон нийтийн статус нь хаана байна. Төр хянадаг юм байна” гэж ойлгохоор болсон байсан.

-Үндэсний телевиз дээр бүх асуудлыг М.Наранбаатар зохицуулдаг юм уу эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас бүрдүүлсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг бүх шийдвэрийг гаргадаг юм уу?

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл анх байгуулагдсанаас хойш дөрөв дэх бүтэц нь ажиллах гэж байна. Гурав, гурван жилээр ротаци хийгддэг. Харин сүүлийн үеийн бүтцийг хараад хүмүүс ойлгоно. Бүх зүйл ойлгомжтой болсон гэсэн үг. Ямар зорилгоор хэнийг явуулдаг вэ гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нотлоод хэлчихсэн байна гэж харж байгаа.

-Саяхан МҮОНРТ-ийн хоёр захирал нь ажлаасаа халагдсан. Ямар үйл явдал болж хоёрын хоёр захирал нь нэгэн зэрэг ажлаа өгөхөд хүрэв?

-Яагаад халагдав гэхээсээ өмнө яаж томилогдсон процессыг нь харах ёстой. Ч.Даваабаяр гэж захирал байлаа. Ч.Даваабаяр улстөрчөөс, АН-ын нэг фракциас томилогдсон. Тэрээр ажлаа хийх нөхцөлгүй болсон. Хамт олных нь 80-90 хувь нь гарын үсгээ зурчихаад байхад би тогтоож авч үлдсэн ч гэлээ эсрэг санал гаргачихсан ажилтнууд нь удирдлага дор нь ажиллаж чадахгүй ш дээ. Ингээд Үндэсний зөвлөл энэ хүнийг чөлөөл гэж шахсан, чөлөөлсөн. Яг нэг жилийн өмнө саяынх шиг хэл ам гарсан. Гэм буруутан нь М.Наранбаатар ч юм шигээр яригдсан. Буруутай гэж хэлээд өнгөрөх бол нэг асуудал. Улмаар МҮОНРТ-ийг нурааж байгаа нөхөр нь М.Наранбаатар гэж яриад буусан. Бодит байдал тийм биш юм. Ер нь тэр хүний суудал гэхээсээ илүү миний суудал хэрэгтэй байгааг ярьж байсан. “Би хугацаатай томилогдсон. Надад эхэлчихсэн ажил байна. Би та нарын ажлаа өг гэсний дагуу болдог ч юм биш” гэж цаад эзэнд нь ч, өөрт нь ч хэлсэн. Энэ байгууллагыг авч үлдэхийн тулд, улс төрийн шахааг зөөллөхийн тулд Ч.Даваабаярын оронд Д.Энхтуяаг авсан. Д.Энхтуяа ирээд Ч.Даваабаяраас ч дор арга барилаар ажиллалаа. “Уучлаарай, болохгүй” байна гэдгийг би өөрт нь хэлсэн. Хамт ажиллаж байгаа хэрнээ Үндэсний зөвлөлд, УИХ руу байнгын матаастай. Матаасын хариу шийдвэр нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирээстэй. Ийм гацааны байдалтайгаар ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй байсан. Ингэж би ажиллаад ч яахав, тэр хүнийг байлгаад ч яахав. Шийдвэр гаргах шаардлага тулгарч би шийдвэрээ гаргасан. Үр дүнд нь дахиад л “М.Наранбаатар луйварчин, МҮОНРТ-ийг дампууруулсан” гэдэг яриа давтагдаж байгаа юм.

-Батбаяр, Д.Энхтуяа хоёр хамт томилогдсон байх аа. Яагаад хоёуланг нь халах болсон юм?

-Радиогийн, ММ агентлагийн, телевизийн, стратеги санхүүгийн захирал гэж бий. Энэ дөрвөн албан тушаал дөрвүүлээ дэд захирлын статустай байсан юм. Гадуур бүх зүйл нэг хүний гарт төвлөрч байна гэдэг шүүмжлэл байсан. Тэгэхээр нь хөтөлбөрийн бодлогыг салгая, асуудал эрхэлсэн дэд захиралтай болъё гэж үзээд Батбаярыг томилсон. Юун хөтөлбөрийн бодлого сайжрах, хөтөлбөрийн бодлогод анхаарах вэ. М.Наранбаатарын суудал л сонин байсан, тэдэнд.

-МҮОНРТ-ийн захирал болохын цаана ихээхэн том эрх ашиг байдаг бололтой. Яг ямар эрх ашиг байгааг та сайн мэднэ. Яагаад хүмүүс, улс төрийн бүлэглэл энэ суудлыг булаацалдаад байна?

-Захирал болохыг хүсч мөрөөдөж байгаа хүмүүсээс нь, захирал болгохоор тэмүүлж байгаа фракци, бүлэглэл, нам, тэрнийх нь лидерээс асуух хэрэгтэй байх.

-МҮОНРТ улс төрөөс ангид байх боломж байна уу. Уг статус нь олон нийтийн гэж байгаа ч ялсан намыг телевиз мэт байдаг шүү дээ?

-Нуух зүйл байхгүй. 1996 онд Засгийн газар бүрдээгүй байхад буюу Ерөнхий сайд нь томилогдсон даруйдаа гаргасан хамгийн эхний тушаал нь Радио, телевизийн даргыг солих байсан. 2000 онд засаг байгуулагдаад бас л хамгийн эхний тушаал нь Цагдаагийн дарга, манай байгууллага хоёрын удирдлагыг солих. Яагаад гэвэл манай байгууллагыг маш чухал зэвсэг гэж мэддэг. Дэлхийн жишигт ч тийм байдаг бололтой. Ямар нэг онц байдал үүсэхэд эхлээд телевиз дараа нь төмөр зам, цахилгаан станцыг гээд ярьдаг биздээ. Түүнтэй ижил манай байгууллагыг тайван байдлаар эзэлж байгаа хэрэг. Тэгээд дараа нь өөрсдийнхөө хөгжмийг захиална.

-Өнөөдрийн улстөрчид МҮОНРТ-д ямар хөгжим захиалж, ямар дарамт шахалт үзүүлж байна?

-Их том дэвшил 2005 онд гарсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа, Н.Энхбаяр дарга УИХ-ын дарга байхад хоёр талаас нэг, нэг хууль өргөн барьсан. Тэрний нэг нь ОНРТ-ийн тухай хууль. Уг нь 1998 онд төрд хэвлэл мэдээлэл байхыг хориглосон хууль гарч, хэрэгжсэн. Гэхдээ манайхыг эрх барьж байсан хоёр нам хоёулаа хувьчилж зүрхлээгүй. 1998 онд тэр хуулийг гаргахдаа ч АН манайхыг тавьж явуулаагүй. МАХН 2000 онд ялсан ч тавьж явуулалгүй хоёулаа өөрсдийнхөө үзэл суртлын зэвсэг болгосон. Харин 2005 онд олон нийтийн болгосон нь үнэхээр том дэвшил болсон. Тэгсэн ч үеийн үед эрх баригчид өөрийнхөө савраас тавьж явуулахыг хүсээгүй. Тэр нь төсвөөр баталгаажиж байгаа юм. Санхүүжилтээр нь барьж, шантаажилдаг хэлбэрээ орхиогүй гэсэн үг. “Бид төсвийг чинь өгөөд байхад. Чи яагаад байгаа юм” гэж өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад өгчихсөн юм шигээр эрх барьж байгаа хүмүүс яьдаг. Уяаных нь үзүүр тэдний гарт байгаа учраас бид хаашаа ч хөдөлж чадалгүй чирэгддэг. Гэхдээ олон нийтийн болсон гээд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тухай мэдээлэл гаргахгүй байна гэсэн үг бас биш.

-Манай МҮОНРТ бусад ижил төстэй орнуудын ижил статустай телевизүүдээс илүү байж, нийгмийг илүү ихээр соён гэгээрүүлж, мэдэх эрхээр нь хангаж чадаж байгаа юм уу?

-Бид өөрсдийгөө ардчиллыг хэдэн зуун жил хэрэгжүүлсэн Англи, Америк, Японтой жишиж яриад яахав. NHK-тэй ижил түвшинд хүрсэн гэвэл худлаа. Харин 1990 онд эрх чөлөөнд хүрсэн орнуудаар явж үзсэн. Ямар хууль гаргаж, яаж өөрчилсөн байна гээд. Зарчим нь манайхтай ижил ч оффис нь өнөөгийн МҮОНРТ-ийн байр шиг долоон байгууламж байгаа юм. Улс нь томдоо биш телевизийн стандарт тийм байдаг. Өвөрмонголын Одон телевизийг нэг харуулах юмсан, эрх баригчдад. Хятадын нэг мужийн л телевизийн байр, дэлхийн стандарт ямар байдгийг харуулж байна. Тэдний техник, тоног төхөөрөмж, хэдэн хүн байна гэдгийг харуулвал энэ хүмүүс цочиж унана даа. Юун манайхыг гоочлох, нэмж байр барьж өгөх асуудал яригдана. Гүрж, Киргиз, Армян гээд бусад олон орон ижил статус, ижилхэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр манайхан тэр улсууд руу очиж багшилж, телевизийн хөгжлийг зааж сургаж байна. Ер нь бид ОНРТ ямар байдаг вэ тэр жишиг зарчмаар л явж байна.

-Таны суудлын тухайд. Энэ суудалд удлаа, аль ч төрд нүүртэй гэх мэтээр яригддаг?

-Намайг аль намын хэний хүн гэх юм бэ. Нийтлэг үнэлэмж, бусдын жишгээр бол аль нэг нам, бүлэг, эвсэлийн хүн байж л ерөнхий захирал болно биздээ. Гэхдээ намайг хэний хүн гэх бол. Нэг хэсэг Н.Энхбаярын хүн гэдэг байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Одоо Ц.Элбэгдоржийнх гэх үү эсвэл З.Энхболд, С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн хүн гэх үү. Аль ч хувилбар нь боломжгүй байгаа биз. Шууд хэлбэл 2005 оны хуулийн ачаар, дээрээс нь зарчимтай ажиллавал хийж болдог юм гэдгийг харууллаа. Түүнээс биш намайг унагах, мөргөх оролдлого үе үеийн төр засагт байсан. Би өдөр бүр бүрхэг байсан гэж хэлэхгүй ч өдөр бүр сайхан байгаагүй юм шүү. Энэ зөвхөн М.Наранбаатарын асуудал байхаа больж Олон нийтийн радио, телевизийг сууриар нь байхгүй болгох асуудал болж байгаа учраас яриад байна. Төсвийг нь танаж, олон нийтийн зөвлөл нь ийм болчихлоо. 2012 онд долоон хүн тавихдаа ямар л хүмүүсийг явууллаа. Энэ нь тэрний хүн гээд шууд нэрлэнэ ш дээ.

-Одоо тэгвэл ямар ажил хийх шаардлага тулгарч байгаа юм?

-Шийдвэр гаргагчид алдаагаа ойлгох байх. Энэ хэн нэгний өс хонзонгоо авах талбар биш юм байна гэж харах байх. Харин засч болохгүй нэг зүйл байна. Хэрвээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд аль нэг нам, фракцид харьяалагдсан хүмүүс ороод ирвэл зургаан жилдээ засч чадахгүй. Зургаан жилийн дараа ямар үр дүн гарах вэ гэвэл “Засрахааргүй болжээ. Хувьчилъя” гэдэг шийдвэр л гарна. Хувьчлах сайн хувилбар мөн ч цаана нь нэг эзэн байж таарна. Одоо байгаагаас нь сайн авч явж чадахгүй. Тиймээс л Япон NHK-гээ хувьчилдаггүй. Японы тэр олон баячуудаас NHK-г, Английн үе дамжсан тэрбумтнуудаас BBC-г худалдаад авчих хүн байдаг л байлгүй дээ. Энэ орнууд олон нийтийн гэдэг статусаа яагаад хадгалаад байдаг юм. Нэг шалтгаан цаана байдаг болохоор тэр юм. Нийгэмд захиалгат бус бодит мэдээллийг соён гэгээрүүлэх түвшинд хүргэх шаардлага зүй ёсных. Хэрвээ хувьчилна гэвэл тэр орнуудын ард түмэн жинхэнэ утгаараа босох байх.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэр үйлдвэрлэлтийн тендер буруу дүгнэгдсэн гэв

Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бүрэн шинэчлэлт хийхээр зарласан тендер буруу дүгнэгдсэн талаар “Төмөр машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Экологбус” компанийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, “Эрдү” компанийн үйлдвэрийн дарга Л.Болд, “Номин холдинг” компанийн хуулийн зөвлөх У.Дэлгэрмаа болон инженерүүд мэдээлэл хийлээ.

Нийтийн хүртээл болоход бэлэн болсон 20 ширхэг автобусыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас дорд үзэж дэмжлэг үзүүлсэнд нийслэлийн Тээврийн газарт итгэл хугарсаныг мэдээллийн үеэр тэд хэлж байлаа. Гадаадаас оруулж ирсэн автобусанд тендер өгчихсөн хэрнээ бүх угсралт нь Монголд хийгдсэн нийтийн тээвэрт тендер өгөөгүй байгаа нь “Экологбус” компаний ахлах инженерүүдийн ундууцлыг хүргээд байгаа ажээ. Хэдийгээр тодорхой шалтгааныг тендер зохион байгуулагчдаас тавьсан ч үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа ч мэдээлэл хийх үеэрээ тэд дурьдаж байлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Уламжлалт анагаах ухаанаар ходоодны шархыг эмчлэх боломжтой болжээ

-КИМЧИ ИДЭХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР УС УУХ НЬ ХОДООДОНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ-

Мамба дацан хийдийн хамба Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Танай эмнэлэг ходоодны шархыг уламжлалт аргаар эмчилж байгаа гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Сүүлийн гурван жил Тайванийн болон Монголын талаас хамтран ходоодны шархыг уламжлалт аргаар эмчлэх төсөл хэрэгжүүлээд судалгаа хийж байгаа юм. Үндсэндээ Соёл шинжлэх ухааны яам, Монголын шинжлэх ухаан технологийн сангийн шалгаруулалтад Тайванийн дөрвөн их сургууль, Оточ марамба дээд сургууль, Мамба дацан хамтарч ороод судалгааны ажил хийгдэж байна. Судалгааны ажилд Хятад, Монгол хоёр талд адилхан ходоодны шархтай өвчтөнүүдийг сонгож аваад өөр өөрийнхөө уламжлалт аргаар эмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Тайвань хятад уламжлалт ухаанаар, манайх монгол уламжлалт ухаанаар ходоодны шархтай өвчтөнийг эмчилж байна.

Уламжлалт анагаах ухаанд хэл оношилгооны багаж гэж байдаг юм. Өвчтөн судалгаанд хамрагдаж эхлээд хэл оношилгооны тусгай багажаар эмчилгээний дараа яаж өөрчлөгдөж байгааг хянаад бүгдийг нь тодруулаад гаргаад ирдэг. Монгол талаас энэ судалгааг хийгээд бараг хоёр жил болоход 70 гаран хүн эмчилгээнд хамрагдаад байна. Судалгааг хийгээд явах үед уламжлалт эмээ өгөөд 15 хоног болон сар тутамд хяналт хийж, давтан зураг аваад, дахин дурангийн шинжилгээ хийдэг юм. Энэ явцад маш сайн үр дүн гарсан. Үнэхээр олон хүн сайжирч байна. Зарим нь бүр 45 хоногт үр дүн гарсан. Дурангаар харахад шарх сорви нь эдгэчихэж байгаа үр дүнгүүд зөндөө бий. Өмнө нь энэ судалгаа хийгдсэн хийгдээгүй өдөр тутам хүнээ үзээд явж байхад ийм төрлийн өвчин маш их байдаг байсан. Мөн судалгаа зөвхөн ходоодны шархтай гэж заагдсан байгаа ч бид ходоодны хавдартай гэсэн хоёр хүн авч үзсэн. Хэл оношилгоонд нь оруулаад адилхан эмчилгээ хийхэд сайхан эдгэрч байгаа нь давтан үзлэгээр нотлогдсон. Энэ маягаар хяналт судалгаа үр дүнтэй л явж байна.

-Хэд хоног эмчилгээ хийж байна. Ямар дэглэм барих вэ?

-15 хоног тутамд хяналтаар явж байна. Бид тодорхой эмнүүдээ өгөөд өөр зүйл холихгүй байгаа. Эмчлүүлэгчдэдээ хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг. Тухайлбал, эсгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьж байна. Мөн хоолны хэмжээг тохируулж идэх талд их зөвлөгөө өгдөг. Бага бага хэмжээгээр ходоодонд их ачаалал өгөхөөргүй идэхийг зөвлөж байгаа. Мэдээж монгол хүн юм чинь махан хоол идэхийг хорихгүй. Гэхдээ өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлж зөвлөгөө өгдөг. Оюун санаагаар их тайван байхыг зөвлөж байгаа. Монгол хүн чинь өвдөнө гэдэг зовлон. Зовлонгийн цаана нүгэл хилэнц байдаг. Гадны шалтгаан байна уу гээд эмчилгээ хийгдэж байгаа хүнийхээ засал номыг уншаад өгчихдөг юм.

-Судалгаанд оролцож байгаа хүнийг ямар шалгуураар авсан бэ?

-Судалгаанд оролцъё гэсэн хүнийг өөртэй нь ярилцаад сонгоод судалгааны өгөгдлүүдийг бүгдийг нь хэлээд л эмчлүүлж байгаа.

-Төсөл хэзээ дуусч, батлагдах вэ?

-Амжилттай сайхан төсөл хэрэгжээд 2015 оны эхний хагас буюу наймдугаар сард дууслаа. Төсөл дуусахад аль аль талдаа судалгааны ажлын үр дүнг баримтжуулж байнга хүлээлгэж өгч байгаа журмаараа л явж байна.

-Ходоодны шарх цаашлаад хавдар болох уу. Яг юунаас болоод өвчлөл үүсээд байна?

-Ходоодны шархаа эмчлүүлэхгүй удвал хавдар болох үндэс нь бүрддэг. Сүүлийн үед монголчууд их буруу хооллолттой байна. Хүмүүс анх ходоод өвдсөнийг тоохгүй он удаан жилээр явж байна. Эмчилгээгээ дутуу хийлгэдгээс болдог. Хоол ундны дэглэм их алдагдаж байна. Сэтгэл оюун, санаа нь их хямарч, стресстэй байх зэрэг шалтгаан бүрдээд байна л даа.

-Танай эмнэлэг ямар, ямар өвчин эмчилж байна?

-Хавдартай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, мэдрэл, сэтгэц, үе мөчний өвчнүүд, арьс цайрах, хүүхдийн цусны өвчин зэргийг уламжлалтаар эмчилж байгаа. Бүр брэнд болсон эмчилгээнүүд ч бий. Тэр нь эрчүүдийн түрүү булчирхай томролт, шамрам, эмэгтэйчүүдийн киста, нионыг мэс хүргэхгүй эдгээж байна. Мөн үргүйдлийг эмчилдэг.

Манайх ходоодны олон хавдартай хүмүүсийг авч эмчилж байсан. Зарим нь үнэхээр гурав, дөрөвдүгээр шат, төгсгөлийн шатандаа хүрчихсэн хүмүүс ч ирсэн. Хэцүү л дээ цаг хугацаа алдчихсан. Тийм хүмүүс эмчлүүлээд өвчингүй байж байгаад орчлонгийн мөнх бусыг үзүүллээ гэж ар гэрийнхэн нь амар, өвдөх зовиур шаналгаа багатай байлаа гэдэг. Зарим хүмүүс шарх нь эдгээд арав гаран жил зүгээр явчихсан хүн ч бий. Надад нэг хүн ээж нь хэдэн сарын настай бие нь хүнд байхад ирж үзүүлж байсан. Тэр хүн миний мэдэхийн найм, есөн жил амьдарсан. Бас Эрдэнэтэд байдаг нэг хавдартай хүн эмчлүүлсэн юм. Тэр эм уугаад л яваад байдаг байсан. Сүүлд хүүхэд нь ирээд хавдрыг нь гадна талаас нь хучаад ямар ч өсөлтгүй болгоод нэг ёсондоо бараг капсулдсан юм шиг болгосон байсан гэсэн. Тэр нь бусад эрхтэндээ үсэрхийлэхээргүй болсон гэсэн үг. Эмч нар ямар эм уухаараа ингэдэг байна гэж гайхсан гэсэн.

-Танай эмнэлэг эм, тангаа өөрсдөө хийдэг үү?

-Эм, тангаа Мамба дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Мамба дацан эмийн үйлдвэр дотоодын эмийн лабораторитой. Улсын төв мэргэжлийн хяналтын том лабораториор орчихсон эмийг л хүнд өгч байгаа. Харин ч Монгол Улс уламжлалт анагаах ухааны эмийн чанарт ямар нэгэн стандарт, нарийн дүрэм журамтай явдаг. Хүмүүс хэдэн ургамал боогоод өгчихсөн юм шиг л бодоод байдаг.

-Ханиад томуу их байх үед хүмүүс одоо халуун ногоо идэх хэрэгтэй гэсэн ойлголттой болж. Энэ нь эргээд ходоодонд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Монголчууд кимчи их идэж байна. Кимчи зөвхөн ходоодны өвчин биш бүр олон өвчнийг бий болгоно. Дэлүү, элэг, цөсний ходоодны үйл ажиллагаанууд маш их сөрөг үр дагавартай. Монголчууд бас нэг зүйл ойгохгүй байна. Тэр чинь халуун, маш их чийглэг уур амьсгалтай орны хүмүүс идээд араас нь бараг литр ус уудаг. Гэтэл монгол хүмүүсийг харж байхад кимчи идчихээд араас нь халуун цай уучихдаг. Ингээд л харахад Монголд буруу хооллолт гэдэг зүйл их байна. Тэр кимчи нь өөрөө хүнийг хар тамхи шиг дадал болгодог. Түүнд автаад өөрийнхөө эрүүл мэндийг хохироочих юм. Ер нь хүмүүс эрүүл мэндийн боловсролгүй, мэдлэггүй болчихож. Хуучин бол хүмүүс мэдлэгтэй байсан. Юм болгоныг тамшаалж иддэггүй байсан. Одоо бол их олон зүйл тамшаалж идсэн хүн сайхан харагддаг болж. Тэгээд л тийм өлөн сэтгэлтэй болчихсон юм болов уу гэж би бодоод байгаа.

-Таны санааг зовоож байгаа, монголчууд хэрэглэж болохгүй хүнс юу байна?

-Архи, кимчи, гаднаас орж ирсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ямар ч судалгаа шинжилгээ байхгүй зүйлийг рекламаар үзсээр байгаад хэт итгэж маш үнэтэй зүйлийг ашиглаж эрүүл мэндээ хохироож байна. Мөн болсон болоогүй бясалгалд явж эрүүл мэндээ хохироосон хүмүүс зөндөө байна. Тэд оюун санаагаараа хохирч байна. Оюун санаагаа буруу удирдаад сэтгэцийн өвчтэй маш олон хүн бий болжээ. Бас цагаан хоолонд орсон хүмүүс зөндөө байна. 60, 70 настай хүмүүс хүртэл цагаан хоолонд орсноос тэжээлийн дутагдалд ороод нас барж байгаа хүмүүс бидний дунд харагддаг болсон.

Өвчин намдааж байгаа эмийг сайн гээд л байна. Тэрний цаана маш их хор бий. Тэрийг хүмүүс ус, цай шиг л уудаг. Мөн монголчууд ус их уудаг болж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд буруу үр дүн гаргадаг. Ус ихээр уух нь ходоодны гал илчийг буулгаж хаван гүйлгэдэг нь ходоодны архаг өвчнүүд үүсгэнэ. Их хэмжээгээр ус уух нь буруу.

-Хүүхдийн ханиад ихсээд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Танайх үүнийг эмчилдэг үү?

-Тэрийг ёстой нэг сайхан эдгээгээд өгдөг. Хүмүүс үүнийг мэдэхгүй хол хөндий байна. Тэгтэл хоёр жил хүүхдээ ханиадтай гээд эмчлүүлсэн хүн манайд ирээд хэдэн эм уугаад л бүрэн эдгэрчихлээ. Эхний үе шатанд ямар ч хурц ханиад байлаа гэхэд ул мөргүй эмчилчихээр байхад архагшуулаад байна. Хүүхдийнхээ уушгийг тийм аймаар болгоно гэдэг нэг талаар эцэг эхийн ч буруу биш. Эмнэлэгт найдаад болно гээд л хүүхдээ аваад яваад байгаа. Гэтэл цаанаа тэр эмэн эмчилгээ нь төгс эмчлэхгүйтэй холбоотой. Эмч нар оношоо буруу тавьчихсан юм биш. Ерөөсөө европ анагаах ухааны нэг хэсэг эм нь өвчнийг архагшуулдаг. Тийм эмнүүдийг ууж байгаагаа ч бид мэдэхгүй байна. Манайд үзүүлээд уламжлалтаар эм бичүүлээд ажлаа хийнгээ яваад л болоо.

-Хүүхнүүд тураах зорилгоор их хэмжээний зүйл хэрэглэдэг. Уламжлалтаар тураадаг юм уу. Зүү тавьж тураана гэж байдаг байх аа?

-Хүн хоол, хүнсээ буруу хэрэглэснээс болоод жингийн илүүдэлтэй болчихсон. Гэхдээ тэрийг монгол анагаах ухаанаар эдгээгээд өгдөг арга зөндөө бий. Гэтэл тэрийг хэрэглэхгүй л байна. Нөгөө талаараа биеийн жингээ хасахад заавал хөдөлгөөн хэрэгтэй. Уламжлалтад тэр хөдөлгөөн байдаг. Ийм хөдөлгөөнийг ингэж хий гээд заагаад өгдөг. Нэг ёсондоо тэр чинь өвчлөл. Тэрийг эдгээгээд өгөхөөр илүү жин гэж юу байхав дээ. Маш хүчтэй сүлжээний эмэнд ороод хохирчихсон хүн над дээр хэдэн жилийн өмнө ирж уулзаж байсан.

-Хоолны дуршил буулгах эм ихээр уудаг шүү дээ?

-Байгалийн физиологийн үйл ажиллагааг тэгж механикаар өөрчилж болохгүй. Зөв хэрэглээд турдаг арга байсаар байтал заавал тэрний эсрэг механикаар хүчээр турах хэрэггүй. Гэлээ гээд зарим буяны тарга байвал яах вэ. Бас удам дагасан тарга ч бий. Яахав механикаар хүчтэй эмээр турлаа дараа нь тэр хүн тав, арван жилийн дараа ямар өвчтэй болох вэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр хүмүүс хэний төлөө юуны төлөө биеэ зовоож байна вэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Биедээ таарсан махтай байж эрүүл сайхан урт наслаад энэ орчлонгийн сайхныг үзээд явах уу. Аль эсвэл амьтдыг дагаж өөрийн эрүүл мэндийг үгүй хийж эрт үхэх үү гэдгээ л шийд.

-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг хүн багассан хэрэг үү?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг үнэхээр сайн эм, эмчилгээтэй гэдгийг мартчихаж. Хүмүүс эрүүл мэндийн боловсрол, соёл дутагдалтай байна. Тэр нь 60, 70 жил энэ салбарыг муулчихсантай холбоотой. Хүний ой тойнд ороод уламжлалтаас бүр зугтдаг болтол нь муулчихсан учраас уламжлалт анагаах ухааныг мэдэхгүй байна. Ийм том муу суртал энэ анагаах ухааны чөдөр тушаа болж байна. Би эмч хүнийхээ хувьд ийм чухал анагаах ухааныг гаднаас хайх биш Монголдоо бага зардлаар эмчлүүлээсэй гэж хүсдэг.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ

Барьцаанд байгаа хүмүүсээс гурав нь зугтаж амжив

Сидней хотын төвд орших “Lindt” цайны газарт барьцаалагдсан хүмүүсээс гурав нь зугтаж гарсан байна. Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэдэнд юуны өмнө эмнэлгийн тусламж үзүүлээд дараа нь ярилцах аж.

Хүмүүсийн барьцаалагсад “Лалын улс” бүлэгтэй холбоогүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Уг хэргийг үйлдэгчдийн нэг нь Сидней хотод гурван ч газар тэсрэх бөмбөг байрлуулсан хэмээн мэдээлжээ. Гэвч үүнийг цагдаа нар үгүйсгэв. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Цагдаагийн газрын дарга мэдэгдэхдээ энэ хэрэг нь алан хядах ажиллагаатай холбоогүй, зэвсэгт халдлага гэжээ.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг өнөөдөр шагнав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж, шилдэг залуу эрдэмтдэд баяр хүргэлээ. Хоролрагчаагийн Алтанзул, Тогоогийн Хонгорзул, Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг хүртээлээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул нь Монгол орны ховордож, нөөц нь багасч буй эмийн ургамлын төрөл, зүйл, генофондыг хадгалах, тэдгээрийн биологийн нөөцийг нэмэгдүүлэх, эмийн ургамлыг биотехнологийн аргаар богино хугацаанд их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталсан “Монгол орны зарим ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан байна.

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул шинжлэх ухаанд өмнө нь тодорхойлогдож байгаагүй хүний дархлааны тогтолцоо, эсүүдийг дэмждэг шинэ эсийг олж нээсэн “Альфа-гөлгөр булчингийн актины илрэлээр тунгалагийн булчирхайн шинэ бүтцийн эсийг нээж илрүүлсэн дүн” сэдэвт дархлааны эдийн нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой судалгаа хийж дархлаа судлалын ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нь Монгол орны болон дэлхийн байгаль орчны асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг судалсан “Антарктид дахь цагаан алтны бүлгийн элементүүдийн тунадасжилт, тэдгээрийн эх үүсвэрийн судалгаа”, “Говийн бүсийн агаарын тоосонцрын ионы болон хортой хүнд элементийн судалгаа” зэрэг байгаль хамгааллын үйлсэд хувь өгөхүйц дорвитой бүтээл туурвисан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шилдэг залуу эрдэмтдийн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ:

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг эрдэм шинжилгээ, судалгааны салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа гурван залуу судлаачид олголоо.

– ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул,

– Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул,

– МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг тус тус хүртээлээ.

Эрдэм номоор биеэ чимсэн эрхэм залуус Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Эрдэм шинжилгээний олон сайн ажилтан, судлаачаас бүтээл туурвилаараа онцлойлон шалгарч “шилдэг”-ээр шалгарсан Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг дагаж, их хариуцлага очиж байна. Та нар бүтээл туурвилаа гүнзгийрүүлэн чамбайруулж их зорилго өвөрлөн улам чармайж, мэрийж ажиллана гэдэгт итгэж байна.

Та бүхний цаашдын судалгаа шинжилгээний ажилд их амжилт хүсье. Баярыг тань хуваалцаж буй гэр бүл, хамт олон, найз нөхдөд тань бас сайн сайхан, эрүүл энхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Эрдэм номын ариун үйлс ашид дэлгэрэх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн О.Магнай цагдаад дуудагдав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай арилжааны банкууд хууль бусаар шимтгэл авч байгаа гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авдаг. Зээлсэн мөнгөний нэг хувийг суутгаад авчихдаг мөртлөө тэр суутгасан мөнгөнийх нь хүүг иргэд төлж байгаа нь байж боломгүй асуудал шүү дээ. Манайхаас явуулсан шалгалтаар үүнийг хууль бус болохыг тогтоож, банкуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч арилжааны банкны эзэд үүнийг эсэргүүцэн шүүхэд хандаж, шүүх хурал нь удаа дараа хойшлогдсоор өдийг хүрлээ. Хэрэв шүүхээс манай талд шийдвэр гарвал арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд иргэдээс авсан бүх шимтгэлээ буцаан олгох болно. Энэ нь хэдэн их наядаар тоологдох мөнгө учраас банкууд ийнхүү асуудлыг сунжруулан шүүх хурлыг хойшлуулж байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар намайг “дарамталсан” гэх хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн байна. Өдөр болгон шахуу цагдаагаас ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа. Шударга байхыг шаардсан намайг дарамталсан гэж үзэж болохгүй гээд би одоогоор цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөгүй” гэж мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа бүлгээ удирдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа зарим асуудлыг хэлэлцэж, шийдсэн байна. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тиймээс бүлгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөж, тус бүлгийг дэд дарга С.Одонтуяа шинэ дарга сонгогдтол удирдахаар болсон байна.

Олонхийн бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, М.Батчимэг, М.Зоригт, Я.Санжмятав, С.Одонтуяа нарын нэр яригдаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр цэцэрлэгийн багачуудад хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцас бэлэглэлээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, E-Immigration төслийн гүйцэтгэгч SysOne компани, Хайрын тэнгэр элч ТББ хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүд, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай гэр цэцэрлэгийн багачуудад хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцас, шинэ жилийн бэлэг өгсөн байна.

Энэхүү арга хэмжээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга М.Мөнхбат, E-Immigration төслийн удирдагч Johney Lee, Хайрын тэнгэр элч ТББ-ын тэргүүн Т.Сансармаа болон бусад албаны төлөөлөл оролцжээ. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Солонго гэр цэцэрлэгт 3-5 насны 20 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг юм байна. Багш нарынх нь ярьсанаар эдгээр хүүхдийг аль болох биеэ дааж суралцах чадвар, дадалтай болгохоор ажилладаг гэнэ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын цогц тогтолцоог бүрдүүлж, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор E-Immigration төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын SysOne компани ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

”Гангар хун” цомын эзнээр Какүрюү М.Ананд шалгарлаа

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг шинэ жилийн үдшийн цэнгүүн болж, “Гангар хун-2014” цомын эздээ тодрууллаа. Энэ жилийн “Гангар хун-2014” шилдгийн шилдэг цомын эзнээр тодорсон хүн бол Сүхбаатар аймгийн уугуул, мэргэжлийн сүмогийн их аварга Какүюү Ананд байлаа. Мангалжалавын Ананд Японы Мэргэжлийн сумогийн 2014 оны гуравдугаар сарын хару башёд 14 давж, сүмогийн дэвжээний 71 дэх, Монголын дөрөв дэх Ёкозүна болсон юм. Нутаг хошууныхаа нэрийг өндрөөр өргөсөн түүний бахдам амжилтыг нутгийн зон олон “Гангар хун”-гаар мялаалаа. Ананд арлын Японоос ирээгүй тул түүний аав Мангалжалав цомыг гардан авлаа. Мөн 2014 оны нутгийн төлөө зүтгэлтнээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан тодорч, “Гангар хун” цом гардан авсан юм.