Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрлийг асаав

Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нийслэлийн иргэд оролцож хамтдаа сүлд модны гэрлээ асаалаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Халаагаа өгөх гэж буй 2014 онд Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Дэлхийн томоохон хотууд төв талбайдаа шинэ жилийн сүлд модоо засч, иргэдтэйгээ хамт гэрлийг нь асааж шинэ оноо угтдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу нийслэл хотынхоо төв талбайд шинэ жилийнхээ сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг гурав дахь жилдээ хамтдаа хийж байна. Угтан ирж буй 2015 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг та бүхэндээ хүсэн ерөөе” гэлээ. Төв талбайд хүрэлцэн ирсэн иргэддээ зориулж Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон дуучин МУСТА Б.Амархүү, М.Сонор, Хүүхэд залуучуудын улаан театрынхан “Бремен хотын хөгжимчид” зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзиклийг тоглолоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Баянхошуу орчимд цахилгааны хязгаарлалт хийнэ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн төвшинг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яамны захиалгын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа юм. Энэ хүрээнд “35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээ болгох” ажил хийх тул өнөөдөр 11-16 цагийн хооронд Баянхошууны 9, 10, 11, 24, 25-р хороо, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд цахилгааны хязгаарлалт хийхээр боллоо. Иймээс тус газруудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хуваарийн дагуу түр зохицуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас санууллаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүний хамгийн хайртай дайсан нь магтаал

Манай нэг танил “инээдэг дайсан” гэж нэг эр нутагт нь байсан тухай хуучилж билээ.Сайхан инээд алдсан “аан уун” болсон эвлэгхэнэр гэнэ. Харин нутгийн хөгшчүүл болохоор түүнийг “инээдэг дайсан” гэх. Яаж ч юу болж байсан инээд алдаад л гүйгээд байдаг. Ороод гарсных ньдараа хайч алга болчихлоо, бээлий ч хаашаа орчихов гээд л бөөн шуугиан. Мань хүн л”өгөөгүйг авчихсан” байдагмуу зантай нэгэн аж. Гадаа бол чөдөр ногт гээд юухан хээхэн юу ч тэсгээдэггүй нөхөр байжээ.Хүмүүс түүнтэй муудаж чаддаггүй.Яагаад гэвэл өөдөөс инээд алдаад өөрийг чинь магтаж мандуулаад байхлаар “Тэр гуай мөн мундаг шүү, энэ өвөө за мөн ч гаатай бууддаг даа” гээд байхаар яаж муу байх вэ гэж хуучилдагсан.Хүнийг хүн магтахад ерөөсөө муухай байдаггүй.Магтаад байвал хайрлаад л байдаг муу зан бид бүхэнд байдаг аа. Магтуулаад л жижиг сажиг зүйлээ алдаж дуусаад байгаа мөртлөө муу байж чаддаггүй нөгөөөвгөд шиг бид бүхэн ч бас тийм билээ. Ямар сайндаа л “Хүний хамгийн хайртай дайсан нь магтаал” гэсэн үг гарах вэ. Уул нь хөндлөнгийн хүний магтах муулах хоёр чамд ямар ч хамаагүй юм шүү дээ. Чамайг муу хэлсэн ч чамд хамаагүйтэй адил чамайг яаж ч магтсан бас л чамд хамаагүй зүйл юм. Муулахад нь сэтгэлээр унах магтахад нь хөөрч баясан жолоогоо алдах нь хүний хамгийн сул тал гэж мэргэд сургадаг. Харин орчин үеийн бид нар “хэн намайг юу гэж магтах нь вэ” гэж сэрвэлзэж сэртэлзсэн л хүн байх юм. Магтуулах нь хэдийгээр сайхан ч дандаа тийм бишийг дээрх үг бид бүхний орой руу ортол хэлээд байх шиг санагдах юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иракийн 19 цагдаа босогчдын гарт амиа алджээ

Иракийн баруун нутгийн Анбар мужид 19 цагдаа “Лалын улс” бүлэглэлийн босогчдын гарт амиа алдаж, хойд нутгийн төвийн Салахудин мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр долоон босогчийг устгасан тухай аюулаас хамгаалах албаны эх сурвалж мэдээлжээ.

Иракийн нийслэл хотоос баруун тийш 110 км зайтай орших Рамади хотын аль-Вафа гэдэг газрыг босогчид эзлэн авсны маргааш цагдаа нар амиа алдсан байна.

Үүнээс гадна, Рамади хотоос баруун тийш 35 км зайтай Иракийн цагдаа болон Засгийн газрын цэргүүд босогчдын бүслэлтэд орж, ширүүн зэвсэгт мөргөлдөөн болжээ.

Нийслэл Багдад хотоос баруун тийш 160 км-т орших Хит хотоос Аль-Багдади хотын хооронд орших хэд хэдэн тосгоныг “Лалын улс” бүлэглэл эзэлж авсны дараа уг мөргөлдөөн болж, нэг өдөр үргэлжилсэн байна.

Багдадаас хойш 80 км-т орших Балад хотын ойролцоо аюулаас хамгаалах хүчин шиитүүдийн дэмжлэгтэй “Лалын улс” бүлэглэлтэй дайтаж, долоон босогчийг устгасан гэж эх сурвалж мэдээлсэн боловч цэргүүд болон шиитүүдийн хохирлын талаар нарийн мэдээлэл өгөөгүй ажээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчин болон “Лалын улс” бүлэглэл хоорондын цуст мөргөлдөөн зургадугаар сарын 10-нд эхэлж, энэ үеэс Иракийн аюулгүй байдал эрс муудсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн онцлох таван ажлыг танилцуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2014 онд шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн топ таван ажлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Нэгдүгээрт: бид 2014 онд Шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлж чадлаа. Хоёрдугаарт: Монголын шүүхийг бүрэн нээлттэй болголоо. Гуравдугаарт: Монголын шүүхийг цахим шүүх болгох үндэс суурийг бүрэн тавьлаа. Дөрөвдүгээрт: Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудал болсон хүний нөөцөд том шинэтгэл хийлээ. Тавдугаарт: Анх удаа Монголын шүүхийн түүхэнд шүүхийн шийдвэрт анализ хийж эхэллээ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийг мэдээлнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн энэ сарын 4-ний хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа маргааш 11.00 цагт нийслэлийн төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.

Төсөв хэлэлцэх үеэр нийслэлийн удирдлагууд “Эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох хассан, танасан хэмнэлттэй төсөв баталсан. Нийт 542 тэрбум төгрөгийг хувиарлахад багагүй хүндрэлтэй байсан” гэдгийг мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Зүрхээр наадагч”-дыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино үзэгчдийг байлдан дагуулж буй билээ.

Тус киноны зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн ажээ. Тэгвэл яруу найрагч Х.Тэргэл тус киноны зохиолч А.Ганчимэг болон киноны уран бүтээлчдийн багийг шүүхэд өгөх тухайгаа мэдэгдсэн байна. Тодруулбал, Х.Тэргэл өөрийн фэйсбүүк хуудастаа, “Хувьсал” продакшиний “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавийн минь бидэнд зориулж бичсэн

“Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэж гомдол гаргахаа мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөхөд 570 сая төгрөгийн нөхөх олговор олгоно

Сургууль, станцын барилгын газар чөлөөлөхөд 570 сая төгрөгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нөхөх олговор олгох тухай” А/1038 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах дунд сургуулийн барилгын трасст орсон 1 иргэн, Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Амгалан дулааны станцын хос шугам, үерийн ус, бохирын ус зайлуулах шугамын трасс орсон 1 иргэний өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг баталж, трасст өртсөн 2 иргэнд 570 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо. Уг хөрөнгийг нийслэлийн 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, тухайн иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Долоон дэд сайдад МАН-аас олон хүн өрсөлдөж байна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дэд сайд болох хүсэлтээ илэрхийлсэн хүмүүст ямар шалгуур, шаардлага тавих талаар намын даргынхаа мэдээллийг сонсчээ. Одоогийн байдлаар МАН-д оногдож буй долоон дэд сайдын суудалд нэлээд олон хүн нэрээ дэвшүүлээд байгаа аж. МАН-ын зүгээс дэд сайдад томилогдох хүнд мэдлэг чадвар, намын төлөө сэтгэл гарган ажилласан байдлыг харгалзан үзэх ажээ. Намаа ялагдсан хүнд хэцүү цагт намынхаа төлөө ажилласан хүмүүсээ томилох талаар ярьжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, МАН-аас дэд сайдад нэр дэвшигчдийн талаар янз бүрийн таамаг явж байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Я.Төмөрбаатар, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, МАН-ын орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Гадаад хэргийн дэд сайд асан Г.Тэнгэр, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд асан, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нарын нэр яригдаж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашины хязгаарлалт 08.00-20.00 цаг хүртэл болов

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх цагийг багасгах тухай асуудлыг хэлэлцэв. Уг хурлаар хязгаарлалтыг 08.00-20.00 цаг болгох нь зүйтэй гэж үзжээ. Одоо үйлчилж буй журмаар машин бүр долоо хоногийн нэг өдөрт, өглөөний 07.00-22.00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй байсан билээ.