Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо Цагаан дэлийн агуй, Чандмань хар уулын нөхцөл байдлыг хэлэлцэв

Өргөдлийн байнгын хороо 2014.11.28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдал дээр үндэслэн ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцлээ. Байнгын хороо ШУА-ын археологи, палеонтологи, түүхийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан Дорноговь аймгийн Хөвсгөл, Дэлгэрэх, Айраг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумдад очиж танилцан 2 удаагийн ажлын хэсгийн уулзалт тус тус зохион байгуулж ажиллалаа.

Цагаан дэлийн агуй. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших ба жонш олборлох үйл ажиллагаанаас сүйдэж буй. Монгол орны хамгийн том, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий агуй байсан. Жонш олборлогч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжунмэн” ХХК-ийн ашиглалтын талбайд хамаарч байгаад тусгай зөвшөөрөл цуцлагдсан 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь агуйн зөвхөн амсар хэсэг ба агуй баруун тийш сунаж тогтсон нь “Эн Ти Ти Си” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй. Эжунмэн ХХК нэг удаа 11 сая төгрөгийн л татварыг улсад төлсөн ба нийгмийн даатгал огт төлж байгаагүй байна. Иргэн Зууннаст хууль бусаар жонш олборлох явцад тэсэлгээ хийж нураасан гэх ба өршөөлийн хуульд хамрагдсан. Тус орчинд одоогоор 5 компани жонш олборлож байна.
Ард иргэдээс агуйг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага тооцох, уурхайн дуу чимээ, тоосжилт, бэлчээр усны хомсдлоос эрүүл мэндээр хохирч, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан тул зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Хутаг уул. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ховор ан амьтан бүхий тахилгат уул. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси майнинг Монголия” ХХК-ийн зэсийн хайгуулын талбайд хамаарч байгаад 2014 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уулын ар хэсэг буюу хойд хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах болсон. Хутаг уул нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул ба Дорноговь аймгийн хамгийн өндөр цэг. Эзэн Чингэс хааны их цагаан сүлднээс үлдсэн 2 дагавар цагаан сүлдний нэг нь энэ хайрханы хойд бэлд тахигдаж байсан ба Сүлдэнэ хөх толгойд залагдсан байна. Тус орчинд Сүлдэнэ хөх толгой, Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг зэрэг Чингэс хааны түүхтэй холбогдсон олон газар орон байх ба Говийн нэг, тавдугаар ноён хутагтуудын төрсөн болон нутаглаж, тахин шүтэж байсан дагшин газрууд оршино. Хутаг ууланд зэрлэг сонгино, агь, борхой, таань, хөмүүл, чулуун таваг, алтан харгана, алтан утас, чихэр өвс, тэмээн хөх, хар өвс, цулхир зэрэг 100 гаруй төрлийн ургамалтай. Мөн Аргаль хонь, хулан, хар сүүлтий зээр, цагаан зээр, чоно, шар үнэг, хярс үнэг, мануул, дорго, морин шилүүс зэрэг 10 гаруй төрлийн тууртан болон махан идэшт ам амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн шувууд нутагшдаг бөгөөд ундаалдаг ус, рашаан, булаг шандууд нь тус компанийн ашиглалтын талбайд хамаарсан байна.

Нутгийн ард иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, онгон дагшинаар нь хадгалан үлдэх, улсын тусгай хамгаалалтад авч өгөхийг хүсч буй.

Чандмань хар уул. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших ба БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Засаг Чандмань Майнз” ХХК-ын ашигт малтмалын талбайд байрлана. Чандмань хар уул нь Дэлгэрэх сумын “Цагаан хад” багийн нутагт сумын төвөөс баруун урагш 16 км зайд орших бөгөөд уулынхаа урд энгэрээр бүлэг булшаар хүрээлэгдсэн, төмрийн хүдрийн агууламж өндөртэйгээс хар өнгөтэй харагдах уртрагийн дагуу 3 км орчим сунан тогтсон бэсрэг уулсаас бүрдэнэ. Тус бэсрэг толгодын ноён оргилыг “Чандмань хар” хэмээх агаад нутгийн иргэдийн жил бүр тахидаг “Тахилгат хайрхан” юм. “Ноён оргил”-оос хойш цувран тогтсон 3 толгодыг оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой хэмээн домоглон нэрлэсэн.
Археологийн хүрээлэнгээс малтлага хийж хийхэд 300 орчим түүх, дурсгалын зүйлс илрүүлсэн. Судалгааны ажлын явцад 26 эртний булшийг авран хамгаалах малтлага хийж, эдгээр дурсгал нь Хүрэл зэвсгийн үеийн /МЭӨ II мянган жилээс МЭӨ VII зуун/ болон 12-13 дугаар зууны үед холбогдох түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байгааг тогтоосон. 2011 онд ШУТИС-ийн Түүх, соёл судлалын тэнхимийн судлаачид, 2012-2014 онд ШУА-ын хамгаалах секторын судлаачид 278 булш тахилын байгууламжийг малтан судалж, чөлөөлсөн байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Чандмань хар уулын орчмын булш, чулуун зэвсгийн болон үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалт газрыг аймаг нийслэлийн хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд хамааруулан, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. 2014 оны байдлаар, Чандмань хар уулын орчимд авран хамгаалах малтлага судалгаанд хамрагдаагүй 50 гаруй булш тахилын газар үлдээд байгаа.

2014 оны 09 сарын 24 өдөр Дэлгэрэх сумын ИТХ-аас 6/02 тоот тогтоолоор “Сумын нутаг дэвсгэр дээр бичил уурхайг зохицуулах, иргэд хувиараа ашигт малтмал олборлох, зөвшөөрөл олгох журмыг баталж, Чандмань уулын орчимд байх “Шар модны бууц” гэх газарт нийт 15.2 га газарт бичил уурхайн хэлбэрээр алт олборлож байна.

Бичил уурхай олборлох үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулах бөгөөд Дэлгэрэх суманд явуулж буй бичил уурхайн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хууль, холбогдох журмын дараах зүйл, заалтыг зөрчиж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг гаргуулалгүйгээр газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан, улмаар олборлолт явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.23, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолыг бүхэлд нь зөрчсөн;

2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг Иргэний хуулийн 35, 36.4, 481.1-д заасны дагуу зохион байгуулагдсан нөхөрлөл, хоршоотой байгуулаагүй, хувь иргэдэд хураамж хураан тасалбар олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3, 3.4, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.8-д заасныг зөрчсөн;

Иргэдээс малчдын бэлчээр, усыг хамгаалж, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байх, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Хүслэнтэйн аман гол. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах Хүслэнтэйн аман гол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын талбайд хамаарагдаад байна. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон байна. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байна.
Хүслэнтэйн аман гол нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 30 орчим айл байнга нутагладаг бөгөөд ган зудтай үед малчид олноор нөмөрлөн буудаг бэлчээр усны гол түшиц газар бөгөөд Буньдарийн овоо, Буурал хайрхан зэрэг шүтлэгт хайрхад оршдог нутаг юм. Мөн аргаль, янгир зэрэг ховор ан амьтадтай, хүн, малын өвчин анагаах рашаан, эмийн ургамалтай ажээ. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Иймд иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, үе дамжин нутаглаж, тахин шүтэж ирсэн нутгаа онгон төрхөөр нь хадгалан уламжлалт мал аж ахуйн зориулалтаар цаашид ашиглах хүсэлтэй байгаа болно.

Хэлэлцүүлгийн илтгэлүүд:

– Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлт, түүнд тавих хяналт, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт /БОНХЯ/
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт ба орон нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт /АМГ/
-Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд тавих хяналт /МХЕГ/
-Хутаг уул, түүний Монголын түүхийн холбогдол /ШУА-ын Түүхийн хүрээлэн/
-Говийн /Хутаг уул/ биологийн төрөл зүйл /ШУА-ын Биологийн хүрээлэн/
-Уул хайрхадыг дархлан шүтэж ирсэн уламжлал, соёл түүний ач холбогдол /Монголын тахилгат газар нутгийн судалгаа, мэдээллийн төв/

Илтгэлүүдээр хөндөгдсөн асуудлууд:

БОНХЯ-наас ирүүлсэн тойм судалгаагаар уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаар 19870.4 га газар эвдрэлд орсон байна. Харин урт нэртэй хуулиар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газарт байрлах нийт 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцсон байна. Дараах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн:

Хамгаалах шаардлагатай чухал газар нутгийг экосистем, биологийн олон янз байдал, хөгжлийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан тодорхойлж уул уурхайгаас ангид байх газруудыг бий болгох, бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох эрх зүйн орчныг шинэчлэх, тусгай санд урьдчилан байршуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх,
Ашигт малтмалыг олборлох, боловсруулахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх Европын холбооны стандартыг нутагшуулж мөрдүүлэх,
Уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийн сан бий болгож, хариуцлагатай уул уурхайн зарчмыг бүх уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
Ашигт малтмалын тухай хууль 66 зүйлтэй бөгөөд 49 заалт нь тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, цуцлах, барьцаалах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийн талаарх харилцааг, 17 заалт нь хуулийн зорилго, нэр томьёо, төрийн байгууллагын эрх үүрэг зэргийг тодорхойлсон буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж үзэхээр болсон байна. Ашигт малтмалын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн акт байхгүйгээс ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварыг төлөхгүй улсыг их хэмжээгээр хохироож байна. Жишээлбэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлож түүнийгээ тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүдэд 1 тонныг нь 30 000-60 000 төгрөгөөр борлуулж байгаа ба худалдаж авсан тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүд 1 тонныг нь 98-140 ам доллараар экспортод гаргаж байна. Экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас улсад нэгч төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр борлуулсан орлогоосоо 1 тэрбум гаруй төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг бөгөөд экспортын үнийн дүнгээс тооцон төлбөл 15 тэрбум төгрөг төлөхөөр байгаа ба үүнээс улсад учирч байгаа хохирол 14 тэрбум орчим төгрөг болж байна. Мөн өнгөт чулуу, жонш экспортод их хэмжээгээр гаргаж байгаа ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөхгүй байна. Мөн шороон замаар тээвэрлэн хөрсийг эвдрэлд оруулан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх явдал ихсэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тогтоосон хайгуулын зардлын доод хэмжээ хэтэрхий бага байгаагаас тусгай зөвшөөрөл дамлан наймаалах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан. Гэтэл хуулийн 43.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү тохиолдолд хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө гэж заан “туслан гүйцэтгэгч”-ийг хассанаас туслан гүйцэтгэгч дээрх үүргээс чөлөөлөгдөн улс зохих нөхөн төлбөрөө авч чадахгүй болж хуулийн хийдэл гарсан байна.

Иймд дараах чиглэлээр өөрчлөлтүүд яаралтай оруулах шаардлагатай:

ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь зохицуулах,
ашигт малтмал баяжуулах, борлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй явуулдаг болгох,
улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооход хариуцах эзэн, хэрэгжих хугацааг тодорхой тусгах,
гадаадын иргэдийг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд төлөх төлбөрийг туслан гүйцэтгэгч мөн адил төлдөг болох,
хайгуулын ажлын нэгжийн өртөг тооцох арга, зарчмыг тодорхой болгох, хайгуулын зардлын доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг талбайд хийсэн ажлын зардлыг буруу тооцсон буюу талбай хооронд шилжүүлэх, давхардуулах зөрчилд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага ногдуулдаг болох,
ашигт малтмалын болон бусад хуулийн хэрэгжихгүй байгаа заалтуудыг нэн даруй хэрэгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэлээс улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх механизм бүрдүүлэх,
хууль зөрчсөн болон хууль хэрэгжүүлэхгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой бөгөөд тодорхой болгох,

Газрын тухай хуулийн Тусгай нэрэгцээний газар гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.11-д”бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн заалтыг 2010 оны 7 сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар гэсэн 14 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас улсын тусгай хамгаалалттай газарт бичил уурхай нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдах боллоо. /Хэнтий Норовлин Тосон хулстайн байгалийн нөөц газарт/
Хилийн зурваст байгаа ашигт малтмалыг эрж хайх ашиглах явдлыг хориглосноос хоёр хөрш улс Монгол улсын хилийн шугамд бараг тултал ашигт малтмал олборлож байгаа бол манай улс олборлох боломжгүй байна.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл дараах саналуудыг гаргалаа:

Түүх, соёлын өв, үнэт зүйлсийг нэн тэргүүнд тавьж үнэлгээг бодитой тооцдог болох, тандалт судалгааг төрөөс хийж, хамгаалалтад авах, зөвхөн эдийн засгийн үр ашигт анхаарсан өрөөсгөл бодлогыг залруулах, иргэдийн урт хугацааны тогтвортой амжиргааг дэмжих, уул уурхайн нөлөөллөөс малчдын ажиллаж амьдрах орон зай хумигдаж байгааг онцгой анхаарах уул уурхайн салбарын үр ашигт анхаарч, цөөн тооны томоохон төслүүд дээр төвлөрөх /хяналтгүйгээр олон төслийг зэрэг эхлүүлснээр хэдхэн жилийн дотор ашиг малтмалын нөөцөө барах, хууль тогтоомжийн хийдэл цоорхойгоос улсад ашиггүйгээр гадаадынхан ашиглаж дуусах эрсдэлтэй/ гадаадын ААН-үүд их хэмжээгээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрч байгааг цэгцлэх бодлого баримтлах, гар аргаар бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа нь иргэдийн амжиргааг дэмжихээс илүү хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх, байгаль орчныг сүйтгэх нөхцлийг бүрдүүлж байгаа тул хязгаарлах, улмаар хориглох, хяналтыг чангатгах, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх компанит ажил зохион байгуулах, улсаас шүүхийн зардлыг олгож, иргэд, ТББ нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, улсад оруулсан нөхөн төлбөрийн орлогоос нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн этгээдэд урамшуулал олгох замаар төр хэрэгжүүлж чадахгүй байгаа үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болгох уул уурхайд хэт нээлттэй бодлого баримталснаас бусад салбар хөгжихгүй байгааг анхаарах /цөөн хүн амтай манай улсын хувьд хэт задгайрсан уул уурхайнуудыг хянах чадавхи байхгүй, нөгөө талаар баялаг бүтээх бус бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна/ Уул хайрхадыг тахин шүтэж, байгаль орчныг дархлан хамгаалж ирсэн өв соёлыг уламжлуулан хадгалах, зөв сэргээх Газар нутгийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа цогц байдлаар хандах /уулын зөвхөн оройн хэсгийг, булаг шандыг тойруулан хэт бага талбайгаар хамгаалж байгаа нь ёс төдий арга хэмжээ бөгөөд эко систем алдагдахад хүргэж байгааг анхаарах/ гэх мэт.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2014 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 5,267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1,019.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар буюу 306.6 тэрбум төгрөгөөр илүү байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 6,623.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 5,708.3 тэрбум төгрөгийн буюу 86.2 хувийн, улсын төсвийн зарлага 4,737.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4,119.0 тэрбум төгрөгийн буюу 86.9 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт тусгах, зохицуулалт хийх, зарим арга хэмжээний зардлыг бууруулахаар 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Арвин, Д.Хаянхярваа нар асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Сангийн сайд улс орны нөхцөл байдал бага зэрэг хүндэрсэн гэж зөөлрүүлж ярьж байна. Бодит байдал дээр төсөв маш их хүндэрсэн. Төсвийн тодотгол дээр манай байнгын хорооны хариуцдаг чиглэлийн баахан шинэ обьектууд орж ирсэн байна. Эрүүл мэндийн сайдад гэхэд 26, боловсрол соёл шинжлэх ухааны сайдад мөн 20-иод обьектод санхүүжилт тусгагдсан нь ямар учиртай юм бэ. Он дуусахад хоёрхон долоо хоног үлдээд байхад шинэ обьект тавьсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байна гэв. Сангийн сайд гишүүний асуултад өгсөн тайлбартаа, Засгийн газар нэгдүгээр сард эрсдэл гаргаад санхүүжүүлсэн обьектууд байгаа. Өрийн бичиг гаргаад санхүүжүүлсэн учраас энэ жилдээ багтаагаад өрөө төлөх ёстой. Тиймээс санхүүжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдаад ажил нь хийгдсэн ч санхүүжилтээ авч чадаагүй 190 обьект байгаа гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, төсвийн тодотголыг хийхдээ орлогыг тодотголгүй, зөвхөн шинээр байгуулагдсан яамдын төсвийг батлахаар оруулж ирж байгаад харамсаж байна. Нэгэнт орлого нэг их наядаар тасарсан нөхцөлд орлогоо тодотгож байж, төсвийн тодотголоо хийх ёстой. Гэтэл Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор яамдын төсвийг баталж өгөх үүднээс тодотгол оруулж ирж байна. Орлогоо тодотгохгүй төсөвт тодотгол хийхээр орлогыг бүрдүүлж байгаа гааль, татварынхан аж ахуй нэгжүүдээ дарамталж эхэлнэ гэв.

Төсөвт тодотгол хийх шаардлага нь Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор хуулийн дагуу явж байгаа. Орлогыг бодитой болгох асуудлыг шийдэх бололцоо энэ удаагийн төсвийн тодотголоор гарахгүй. Учир нь өмнө байсан бүх төрийн байгууллагууд 11 дүгээр сард зардлаа санхүүжүүлээд явсан. Өөрөөр хэлбэл дансныхаа үлдэгдлийг ашиглах хэлбэрээр санхүүжүүлсэн байгаа. Тийм учраас хэрэглэсэн мөнгийг буцааж авчраад зардлаа бууруулах ямар ч боломж байхгүй. Харин эрсдлээ төрийн сангийнхаа үлдэгдлийг хасах руу оруулаад явсан учраас энэ удаа бүтэцтэй холбоотой тодотгол хийнэ. Ерөнхий сайдаас хяналт шалгалтаа багасгах үүргийг гааль, татварынханд өгсөн. Ийм чиглэл өгсөн учраас орлогоо бүрдүүлэхэд хэцүү байна гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ аж ахуй нэгж байгууллагууд Иргэдийн хурлаас баталсан татвараа төлөх үүрэгтэй. 300 орчим тэрбум төгрөгийн татварын асуудал байгаа. Энэ татвараа олох ёстой. Ерөнхий сайд хяналт шалгалтаа зогсоо гэсэн болохоос оногдуулсан татвараа битгий төл гэдэг үүрэг өгөөгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд өгөв.

Мөн тус Байнгын хорооны дарга Д.Батцогт, нийгмийн салбарын хүрээнд 2014 онд дутуу хийгдсэн санхүүжилтийг 2015 онд үргэлжлүүлэх нь чухал гэдгийг сануулсан юм.

Үүний дараа Номын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд гараагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол Улс дээд болон мэргэжлийн боловсролыг яаж оновчтой хэлбэрээр хөгжүүлэх талаар бодлогод тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж, Финланд улсын боловсролын тогтолцоог жишээ болгож байсан. Тус улсад хамгийн түрүүнд багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бэлтгэхэд анхаарал хандуулснаар боловсролын тогтолцоо нь зөв явдаг байна. Түүнчлэн бодлогын баримт бичигт маш том зорилтуудыг тусгасан. Иймд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд гарах санхүүжилтийн асуудлыг яаж шийдвэрлэх талаар тодруулсан юм. Хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрт ирсэн бэлгийн дээжээс Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрт ирсэн бэлгийн дээж болох хөөрөгний даалинг өөрийн бичсэн номуудын хамт өнөөдөр Монгол төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаанд олон бэлэг, дурсгалын зүйл ирж байсан. Тэдгээр бэлгүүдээс хамгийн үнэ цэнэтэй санагдсан нь хатгамалдаж урласан энэхүү даалин юм. Уран хээ, угалзын голд Т-батаарын дүрсийг хатгасан энэ даалинг Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөгт нийлүүлж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

Энэ үеэр Монгол төрийн түүхийн музейн захирал Н.Оюунтэгш, Монгол Улсад орчин цагийн музей үүссэний 90 жил, Монгол төрийн түүхийн музей байгуулагдсаны 9 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хоёр 9 давхацсан түүхэн цаг үед ийм үнэтэй үзмэр хүлээн авч байгаадаа талархаж байна гээд оюуны болоод урлагийн энэхүү бүтээлүүдийг музейн сан хөмрөгтөө залах болно гэж хэллээ.

Монгол төрийн түүхийн музейд хүлээлгэн өгч буй уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлд 2014 оны долдугаар сарын 8-ны өдөр “Т-батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгийн нээлтийн өдөр бэлэглэсэн бөгөөд уг хөөрөгний 5 сая төгрөгийн үнэтэй ажээ.

Уран хатгамалч С.Одончимэг нь Монгол Улсын Ардын зураач А.Сэнгэцохио гуайн охин юм байна. С.Одончимэгийн ээж А.Цэрэнхүү нь удам дамжсан уран хатгамалчин хүн бөгөөд С.Одончимэг нь 13 настайгаасаа уран хатгамал хийж иржээ. Түүний хүү Б.Ганбаатар энэхүү хөөрөгний даалингийн ерөнхий загварыг гаргасан бол хөөрөгний даалинд зүү ороох оёдлоор урласан хээ угалз нь аавынх нь зохиомж бүтээл бөгөөд хөөрөгний даалинг оёсон утас нь ээжийнх нь өвлөн үлдээсэн торгон утас юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хөөрөгний даалингийн хамт өөрийн бичсэн “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу-хау”, “Миний лобби”, “Гэрт болсон яриа”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Тарбозавр батаарын тухай үлгэр” /англи, монгол хэлээр/ номнууд болон “Хотол цагаан” радио жүжгийн зохиолын номыг Монгол төрийн түүхийн музейд өв сан болгон хүлээлгэн өглөө. Мөн тун удахгүй өөрийн бичсэн монгол бичгийн уран бичлэгийн бүтээлээ шинэчлэн хэвлэсэн “Нүүдэлчний яриа” номын хамт гардуулахаар бэлдэж байгаа юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилжээ

2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвинейд өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол, Либерит буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол, харин Сьерро-Леонд тархалт нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар тус тус нэмэгджээ.

Нийт өвчлөгсөдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2214 дуудлага ирүүлсний 50.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Эх сурвалж: НЭМГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа яам, агентлагуудын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын шат дамжлагыг цөөлөх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх зарчим баримтлан Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр тогтлоо.

Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан дээрх байгууллагуудын дотоод нэгжийг зохион байгуулахдаа мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж солихгүй байхаас гадна хэд хэдэн чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

– Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах;

– яам, агентлагийн газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй, илүү шат дамжлагагүй байх;

– нэгтгэгдсэн, татан буугдсан яам, агентлагаас шилжиж ирсэн орон тоог мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах;

– Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх;

– агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог 7-гоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлах;

– агентлагийн дарга нь зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, дэд болон орлогч дарга, нэгжийн дарга нар албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.

Засгийн газар өөрөөсөө эхлэн хэмнэлт хийж, төсөвт үүссэн хүндрэлийг давахад чиглэсэн энэ бодлого цаашид төрийн албыг цомхон, чадварлаг мэргэжлийн болгоход дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан. Энэ хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээллэнэ. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим хуудастай байж, хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтлөх юм.

Шилэн дансны тухай хуульд Засгийн газар цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавих журам, хэлбэрийг тогтоохоор заасны дагуу “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг баталлаа. Журам батлагдсантай холбоотойгоор сургалтын гарын авлагыг бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт сургалт явуулах, байгууллага бүр Үндэсний Дата төв УТҮГ-аас гаргасан жишиг шилэн дансны цэсийг өөрийн цахим хуудсандаа холбох, цахим хуудасгүй байгууллагуудын шилэн дансны мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгалаа.

“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” нь 8 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд 1, 2, 3 дугаар зүйлд ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим болон нэр томъёоны тайлбар, 4, 5, 6 дугаар зүйлээр хууль хэрэгжүүлэх байгууллагын олон нийтэд мэдээллэх мэдээллийн стандарт, агуулгыг тогтоожээ. Энэ хууль хэрэгжсэнээр төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах байдал тодорхой түвшинд буурна гэж үзэж байна.

Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол Улс 37 дугаар байрт багтжээ. Мянганы сорилтын сан өмнө нь манай улсад 285 сая долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг үнэлж, төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргажээ.

Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа.

Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, гадаадын төр,хувийн хэвшлийнбайгууллагуудтай яриа хэлэлцээ хийдэг, гэрээ байгуулдаг байдлыг нэгдсэн зохицуулалтад оруулж, гадаад бодлогыг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэхэд энэ журам чиглэсэн юм.

Төрийн гадаад бодлого, үйл ажиллагаагнэгдсэн зохицуулалтаар явуулснаар гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.

ТОВЧХОН:

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсийн үйл ажиллагааг өргөжүүлэн тогтворжуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Нью-Йорк хотноо аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авлаа

Австралийн нийслэлд гарсан хэрэгтэй холбогдуулан Нью-Йорк хотноо аюулгүй байдлыг хангахаар нэмэлт арга хэмжээ авлаа. Энэ тухай тус хотын Цагдаагийн газрын дарга У.Брэттон мэдэгдлээ. Ялангуяа тус хот дахь “Lindt” компанийн сүлжээ дэлгүүр,цайны газруудын хяналтыг чангатгасан байна. Америк болон Австралийн хүчний байгууллагынханСидней хотноо болсон хэрэг явдлын дараа холбоотой байгаа бөгөөд мэдээлэл солилцож байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Хакерууд дахин “Sony Picture”-д халдах гэнэ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр “Sony Picture” кино компанийн сүлжээнд “Энхтайвныг сахин хамгаалагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд довтолсон. Үүний улмаас нэлээд хохирол учруулсан билээ. Гэтэл Зул сарын баяраар дахин “дайралт” хийж баяран бэлэг барина хэмээн мэдэгдсэн тухай „France Presse” мэдээллээ.

Хакеруудын дайралтын улмаас “Sony Picture”кино компани нь “Жеймс Бонд” киноны шинэ ангийн хэсгээс болон ажилтнуудынхаа хувийн захидал, жүжигчдийн талаарх хувийн мэдээлэл зэргийг алдсан билээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Казиногийн хуулийг өргөн барина

Н.Алтанхуягийн Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөндөө казиног оруулсан байдаг. Түүнийхээ дагуу казино тоглох тухай хуулийн төслийг хэд, хэдэнд удаа хэлэлцэн дэмжсэн юм.
Тэгвэл энэ хуулийг дахин хэлэлцүүлэх ажлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийж байгаа аж. Тодруулбал, Засгийн газар энэ хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барих гэж байна. Ингэхдээ аялал жуулчлалын салбарт хамааруулж Д.Оюунхорол сайд хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д оруулах юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар монголчууд тоглохгүй байх заалтыг казиногийн хуульд тусгаж байгаа гэнэ. Мөн мөрийтэй тоглоомын газрыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах нь аюулгүй бөгөөд оновчтой хувилбар хэмээн үзэж байсан ч одоо Засгийн газрын өргөн барих хуулийн төсөлд нийслэлтэй ойр, дэд бүтэц хөгжсөн газарт байгуулах нь зүйтэй гэж үзсэн ажээ.
Ямартай ч энэ хаврын чуулганаас хэтрэхгүй тус хуулийг батлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“MaxMall” их дэлгүүрийн гадна зассан сүлд мод унажээ

Тус дэлгүүрийн өмнө зассан сүлд модыг “хазайчихсан байна хүний дээрээс унах вий дээ” хэмээн нэгэн иргэд утсаараа зургийг нь дараад олон нийтийн сүлжээгээр сэрэмжлүүлэг болгон цацаж байсан юм.