Categories
мэдээ нийгэм

Дарханд зөвшөөрөлгүй барьсан 77 объектыг буулгажээ

Дархан-Уул аймагт энэ онд зөвшөөрөлгүй баригдсан нийт 77 обьектыг албадан буулгажээ. Энэ тухай аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурдлаа. Уг ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 103 дугаар захирамжийн дагуу гүйцэтгэсэн байна.

Харин 2008 оноос өмнө зөвшөөрөл авсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийг хэвээр нь үлдээж зохих зөвшөөрөл авахгүйгээр барилга байгууламж хашаа, гарааш барьсаныг нь буулгасан байна. Нийтийн зориулалттай орон сууцуудад өргөтгөл хийх, гарааш барихад тухайн байрны агаарын цэвэршүүлэх зориулалтын нүх нь таглагдаж 4 ,5 давхрын айлуудын тааз нь цантаж дээврийн хэсэг нэлэнхүйдээ хөлдөх зэрэг хүндрэл гардаг аж. Зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгах ажилд 2 сая 274 мянган төгрөг зарцуулжээ.

Categories
мэдээ спорт

Жүдочид азийн аваргаас зургаан медаль хүртлээ

Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонг Конгод зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр эзэлжээ.

Toдруулбал,

-Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Гэрэлмаа,

-Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Б.Амартүвшин нар алтан медаль хүртэж, Азийн аварга болсон байна.

-Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн.

Түүнчлэн Дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Г.Наранцэцэг, -78 кг-ын жинд хүч үзсэн Д.Одханд нар хүрэл медалийн тавцанд зогсож Монголынхоо нэрийг дуурсгалаа.

Categories
мэдээ нийгэм

Дашчойлин хийдийнхэн Гэмтлийн эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

Дашчойлин хийдийнхэн 9 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвд хандивлав. Герман улсад үйлдвэрлэгдсэн ясны мэс заслын багаж нь Гэмтэлийн эмнэлэгт нэг шаардлагатай тоног төхөөрөмж гэнэ.

Дашчойлин хийдийнхэн дотоод, гадаадын, олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран нийгмийн сайн сайхны төлөө олон ажлуудыг хэрэгжүүлдэг юм билээ.

Тус хийдийнхэн 2007 оноос Зүүн Хойд Азийн Залуу Байгаль Орчны Сүлжээ болон Монголын Залуучуудын Байгаль орчны сүлжээтэй хамтран уламжлалт аргаар байгаль орчноо хамгаалах талаар төсөл хэрэгжүүлж сургалт явуулж, гарын авлага гаргасан байна.

2003 оноос НҮБ-ын Хүүхдийн Төлөө сантай хамтран “Буддист манлайлал санаачлага” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэнэ.

Энэхүү хөтөлбөрийн зорилго ньлам хувраг үе тэнгийн сургагч нарыг бэлтгэж, ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн оролцуулах аж.

Лам нарын нийгмийн идэвхи санаачлагыг өргөжүүлэх болон залуучуудыг БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, өвчтнийг асран халамжлах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг юм байна.

Ажаа Ренбүчийн санаачилсан хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулах төсөлд ч тэд хувь нэмрээ оруулжээ.

Categories
мэдээ спорт

Япон дахь монголчууд Хакухо аваргын тэмцээнд өрсөлдөнө

Япон улсад сурч, ажиллаж буй оюутан залуус, монголчуудын амралт, чөлөөт цагт зориулан Япон дахь Монгол оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт наадам” арванхоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болох ажээ.

Энэ жилийн тэмцээнийг Хакухо аваргын 32 дахь түрүү бөхийн амжилтад онцгойлон баяр хүргэн, түүний нэрэмжит болгон явуулж байна. Мөн энэ жилийн тэмцээнд эрчүүдийн гар барилдааны төрлийг нэмж оруулснаа зохион байгуулагчид онцолжээ.

Японд амьдарч буй монголчуудын дунд зохион байгуулах спортын наадмыг дараах төрлүүдээр явуулах аж.

  • Сагсан бөмбөг:

-Эрэгтэй баг
-Эмэгтэй баг
-3 онооны шидэлт
-Хос шидэлт

  • Хөлбөмбөг
  • Ширээний теннис(ганцаарчилсан):

-Эрэгтэй
-Эмэгтэй

  • Шатар
  • Даам
  • Судокү
  • Гар барилдаан
Categories
мэдээ спорт

Шилдэг найман тамирчин өнөөдөр тодорно

Монголын покет биллярдын холбооноос зохион байгуулдаг пүүл биллярдын лигийн тэмцээн бүтэн жил үргэлжлэн шөвгийн 16 тамирчин шалгарчээ.

Тодруулбал, энэ онд нийт таван цуврал, 20 үе шаттай тэмцээн болж, хамгийн өндөр оноо авсан тамирчид энэхүү тэмцээнд үлдсэн гэсэн үг. Тэгвэл шилдэгт багтсан тамирчдын шөвгийн наймын тоглолт өнөөдөр болж байна.

Лигийн тэмцээний шилдэг 16 тамирчин өнөөдөр чансаагаар оноолт таарч тоглон шилдэг найман тамирчнаа тодруулна. Харин маргааш хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтууд болсноор лигийн тэмцээн өндөрлөх юм.

Монголын покет биллярдын холбооноос энэ жил 80 орчим тэмцээнийг тамирчдын дунд зохион байгуулжээ. Тус холбооны лигийн тэмцээн 10 удаа зохион байгуулагдахад Спортын мастер Л.Дэлгэрдалай гурван удаа түрүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Энэ жилийн шилдэг нь Хэмилтон

Англичууд энэ жилийн шилдэг тамирчнаа ВВС-тэй хамт тодрууллаа. ВВС агенлагийн зохион явуулсан санал асуулгын үр дүнд 209920 хүний дэмжлэг авсан Луис Хэмилтон энэ жилийн “Спорт дахь оны хүн” шагналын эзэн болжээ. Тэр авто урадааны Формула-1 ангилалд уралддаг бөгөөд энэ жилийн аварга болсон нисгэгч юм. Хоёрдугаар байранд 123745 хүний саналаар дэлхийн гольфчдын чансааг тэргүүлж буй Рори Макилрой оров. Макилрой өөрийнхээ твиттерт “Миний төлөө саналаа өгсөн хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгааг минь хүлээн авна уу. Гэхдээ энэ жил Луис Хэмилтон үнэхээр агуу байж сайн уралдсан. Түүнд баяр хүргэе” хэмээх утгатай зурвас үлдээжээ.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Тоглосон дуудлага цөөрөхгүй байна

Иргэд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хандаж шуурхай дуудлага өгдөг.
Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай, түргэн шуурхай байдлыг хангах ёстой байтал энэ үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад саад учруулж тоглосон дуудлага хийдэг хүмүүс цөөрөхгүй байна. Нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийж яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой сувгуудад саад учруулан удаа дараа үйлдэж байгаа нь алба хаагчдын ажиллах нөхцлийг хүндрүүлж байгаа юм.
Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдүүддээ анхааруулж, гэртээ яриа өрнүүлж, сэтгэцийн өөрчлөлттэй гэр бүлийн гишүүнийхээ гар утсанд анхаарахгүй бол тоглосон дуудлагын цаана бодит дуудлага өгч, яаралтай тусламж авах гэсэн иргэн хохирдог гэдгийг хэлж ойлгуулах зайлшгүй шаардлага байгааг цагдаагийн газраас мэдээлж байна.
Дашрамд дуулгахад тус төвөөс хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор тусгай дугааруудад мэссэжээр мэдээлэл авах үйлчилгээг нэвтрүүлэхээр техникийн нөхцлөө хангаж, бэлэн болгохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хохирогч хамгаалах байранд одоогоор 13 эх, хүүхэд байрлаж байна

Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийж хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж хохирогч иргэдийг түр байруулаад жил гаруй хугацаа болж байна. Өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг тус байранд одоогийн байдлаар 13-н эх хүүхдүүд байрлаж байгаа юм.

Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрлаж байгаа юм байна.

Голдуу бага насны хүүхдүүд ээжтэйгээ ирсэн нь өрөвдөм. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид туслаж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг юм.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тогтвортой санхүүжилтийн форумд оролцлоо

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014 Туушин Зочид Буудалд боллоо. Форумыг нээж Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга М.Болд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ :Юуны өмнө Монголын банкууд бусдын заавар, зөвлөлгөөгөөр биш, өөрсдөө улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө тогтвортой санхүүжилтийн санаачилга гаргаж, зарчмуудаа боловсруулан өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаад Эх дэлхийн манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний ойлгож буйгаар 2015 онд Монголд олон чухал үйл явдал болохын хоёрыг энд онцлон дурдъя. Нэг нь Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Тэр өдрөөс эхлэн төр засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компаниуд бүгд таваас дээш сая төгрөгийн гүйлгээний талаарх бүрэн мэдээллийг долоо хоногийн дотор өөрийн веб хуудсанд, хэрэв веб хуудас байхгүй бол байгууллагын олон нийтийн самбарт нийтэлдэг болно.

Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр Монголд үүрлэж бугшсан олон асуудал, түүний дотор банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой зөрчил дутагдал, залилан, авлигал гэх мэт маш олон асуудалд цэг тавьж, зарчмын шинжтэй өөрчлөлт гарах юм. Үүнийг бид туршлагаар нотолсон. Дансны гүйлгээг олон нийтийн хараа хяналтад ил тод байлгах нь л маш эерэг үр дүнтэй арга хэмжээ болно.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн асуудлаар энэ сарын 18-нд томоохон зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна.

Хоёр дахь томоохон үйл явдал бол Монголын банкуудын санаачилж, боловсруулсан тогтвортой хөгжлийн санхүүжилтийн зарчмыг мөрдөж эхлэх. Энэ зарчмуудын дагуу хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй төслүүдийг түлхүү санхүүжүүлдэг болно гэж би ойлгож байгаа. УИХ энэ жил ногоон хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогыг боловсруулж батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай С.Оюун энд хүрэлцэн ирсэн байна. С.Оюун дээрх бодлогын талаар та нарт дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна.

Та бүхний санаачилга, УИХ-ын баталсан уг бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Банкууд өөрсдөө санаачлаад тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж мөрдөх гэж байгаа нь туйлын сайшаалтай. Монголчууд эрт дээр үеэс байгаль орчинд ээлтэй амьдарч ирсэн. Байгаль орчноо хайрладаг монголчуудын хүмүүжил, соёлын өвийг сэргээх, сургалтын ажлуудыг хийх, хойч үедээ уламжлах талаар ч та бүхэн бодох нь зүйтэй.

Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн ач холбогдол хүлэмжийн хийг багасгах төдийгээр тогтохгүй. Монгол Улс байгаль, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, эрчим хүчний хэрэглээ ихтэй, бас алдагдал ихтэй орон. Миний бодлоор тогтвортой хөгжлийн зарчмуудыг мөрдөж эхлэвэл ядуурал багасах нийгмийн ч ач холбогдолтой.

ХБНГУ-ын GIZ байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотод амьдран сууж байгаа хүмүүс авсан дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, хана, шал, таазаараа алдчихдаг гэж дүгнэсэн. Энэ нь манай иргэд эрчим хүчинд төлбөл зохих хэмжээнээсээ хоёр дахин их мөнгө үрж байна гэсэн үг юм. Тэгэхээр банкууд төслийг санхүүжүүлэхдээ хамгийн түрүүнд эрчим хүчээ хэрхэн хэмнэх вэ гэдэг шалгуурыг тавих хэрэгтэй. Эрчим хүч гэдэг нь бензин, шатахуун, уур, ус, цахилгаан гэх мэт өргөн хүрээтэй ойлголт юм. Сүүлийн үед орон сууц, офиссийн барилга олноор баригдах боллоо. Та бүхнээс эрчим хүчний алдагдлын асуудлыг онцгой анхаараасай гэж хүсч байна. Эрчим хүч, дулааны алдагдлыг багасгана гэдэг ядуурлыг багасгахтай дүйнэ.

Мөн УИХ-аас хууль батлаад, барилгын компаниуд барьсан орон сууцных нь нэг шоо метр талбайг халаах зардлыг албан ёсоор зарладаг болчихвол дулааны алдагдалтай барилгын борлуулалт, үнэ, цаашилбал санхүүжилт зогсоно.

Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг гаргасан Монголын банкууд, Монголын банкны холбоо, энэ ажлыг дэмжсэн гадаад дотоодын банк, санхүүгийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүх талаар дэмжинэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Уудам газар нутагт тархан суурьшсан монголчуудын хувьд сэргээгдэх эрчим хүч бол бурхны бэлэг юм. Хотын иргэдээс илүү хөдөө орон нутгийн иргэд сэргээгдэх эрчим хүчний үр шимийг хүртэж байна.

Бид 1999 оны намар 100 мянган нарны гэрэл хөтөлбөрийг санаачилсан. Энэ нь Монголд хамгийн амжилттай хэрэгжсэн цөөхөн төслийн нэг юм. Энэхүү төслийн ачаар саяхныг хүртэл лааны гэрэлд амьдарч ирсэн хөдөө орон нутгийн иргэд маань сэргээгдэх эрчим хүчээр ажиллах гэрэл чийдэн, телевизор, хөргөгч, холбоотой болсон. Магадгүй та бүхэн ирэх жилээс хот, суурин газарт хэрэгжүүлэх 100 мянган нарны дээвэр төслийг санаачлан, шинээр баригдаж буй барилгуудад сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлбэл улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө.

Монгол нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Зөвхөн Алтай, Хангайн нуруу хоорондын салхины хүчийг бүрэн ашиглаж чадвал 2.6 терраватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг Азийн хөгжлийн банкны судалгаа харуулсан.

Тэгэхээр та бүхэн нэг талаас эрчим хүчээ хэмнэх, нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчээ дэмжих үүднээс асуудалд хандвал Монголын ирээдүй улам их гэрэл гэгээтэй, тогтвортой болж, бусад улс орнуудад үлгэр жишээ үзүүлэх хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт нийгмийн олон асуудал бидний өмнө тулгамдаад байна. Аливаа хүндрэл бэрхшээлийг хямралын үед л шийддэг гэж ярьдаг. Хямрал гэдэг үг эрсдэл, боломж гэсэн хос утгатай. Тэгэхээр бид өнөөдрийн хямралыг хөгжлийн боломж болгох талаар ажиллах ёстой гэж үзэж байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд БНХАУ, АНУ-ын Элчин сайд нартай уулзлаа

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны харилцаатай улсуудын Элчин сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНХАУ, АНУ-тай батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож ярилцав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд амжилттай болсныг дурдсан.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд шинэ ажилд нь амжилт хүсээд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх байр суурь илэрхийлдэгийг дурьдаад, салбарын цаашдын хамтын ажиллагааг улам бүр шинэ хэлбэр агуулгаар хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллана гэдгээ илэрхийлэв.
IMG_6295 - Copy - Copy - Copy

IMG_6295 - Copy - Copy - Copy