Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний сайд цахилгаан станцуудаар орлоо

Эрчим хүчний сайд Д.Зоригт ДЦС-III, ДЦС IV төрийн өмчит хувьцаат компаниудаар орж, ажил байдалтай нь танилцлаа. Энэ хоёр станцад аль алинд нь өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Станцын удирдлагууд өөр өөрийнхөө компаний үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал хүсэлтээ шинэ сайддаа уламжилж байлаа. ДЦС-III ТӨХК нь энэ оны зургадугаар сард 50 МВт-турбогенераторын өргөтгөлөө хүлээж авсан. Үүний үр дүнд нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг хямдарч 2014 онд 1 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл бүрджээ. Өвөлжилтийн бэлтгэлийг 96-100 хувь хангаж, өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байгаа тухайгаа ДЦС-III ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж танилцууллаа. ДЦС- IV ТӨХК нь мөн л 123 МВт-ын турбогенераторыг суурилуулж байгаа. Удахгүй энэ сарын 22-ны өдөр хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээжийг сайжруулах талаар дотоод нөөц боломжид тулгуурлан хийж байгаа ажлаа ДЦС- IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар дэлгэрэнгүй танилцууллаа.

Дээрх 2 компаний удирдлагууд эрчим хүчний үнэ тарифыг бодит түвшинд, салбарын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг цаг үеийн нөхцөл байдалтай холбгдуулан шинэчилж өөрчлөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, банк, санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэх гэх мэт тодорхой асуудлуудаар санал хүсэлтэй илэрхийлэв. Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үргэлжлүүлэхийн зэрэгцээ марктенг, менежментийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Эрчим хүчний салбарт ил тод байдлыг дээшлүүлэх, компаний засаглалыг сайжруулах талаар хийхээр төлөвлөсөн ажил байгаа гэдгээ хэлэв. Ялангуяа төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг Хөрөнгийг биржээр дамжуулж худалдан борлуулж, тухайн компанид хөрөнгө оруулахын зэрэгцээ компанийн ажилчдад нь 5 хүртэлх хувийг давуу эрхээр хувьчилж ч болох юм гэв. Энэ талаар удахгүй Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана гэж тэр хэллээ.

Ойрын үед ДЦС-V, Тавантолгойн ДЦС, Эгийн голын УЦС гээд шинэ шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох ёстой. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд салбарын хамт олны гар нийлсэн хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, хичээл зүтгэл чухал гэдгийг тэр онцлон тэмдэглэлээ.

Categories
гадаад мэдээ

LG-гийн технологийн гайхамшгуудтай танилцана уу

LG-гийн өсөлт хөгжилтийн түүх арав арван жилээр дэвжиж дээшилсэн байдаг. 1980-1989 оны хооронд олон улсын зах зээл дээр гарсан. 2000-2009 оны хооронд олон улсад нэгэнт брэнд болж чаджээ. 2010-2012 онд бүх төрлийн бараа нь смарт болж 55 инч, 84 инчийн зурагтын дэлгэцүүдийг зах зээлд гаргасан юм. Өнөөдөр LG компани дэлхий даяар 119 салбартай, 82 000 ажилтантай, дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д сүүлийн жилүүдэд борлуулалт нь эрс өссөн, Олон улс дахь нийт дүнгээрээ жилийн борлуулалт нь хоёр триллион ам.долларт хүрсэн аварга компани юм. Ингэж их борлуулалттай байгаа бүтээгдэхүүн нь 20 гаруй том үйлдвэрээс нь гардаг. Тэдгээр дотроо дэлгэцийн үйлдвэрлэлээрээ үнэндээ дэлхийд №1 байгаа. Appli үртэл эдний дэлгэцийг авдаг. Бүх төрлийн дэлгэцээрээ эдний өмнө гишгэх компани өнөөдөртөө дэлхийд алга. LG-д хамгийн их ашиг авчирдаг энэхүү дэлгэцийн үйлдвэрийн нэг хэсэг болох F7 хэмээх дамжлага үйлдвэрээ барихын тулд тэднийх дөрвөн триллион ам.доллар зарцуулсан байдаг. Ийм их өртгөөр боссон үйлдвэр, байгууламжуудыг нь гаднаас харахад арав хорин давхраар тоологдох өндөр барилгууд харагдах. Дотор нь орохоор ердөө дөрвөн давхар байшин байх нь сонирхолтой. Үйлдвэрийн дотор нэлэнхүйдээ вакуумж­сан орчин. Нэг тасгийнх нь ажилтан нөгөө тасагтаа орох нь хориотой. Ажилчид нь үйлдвэртээ орж ажиллахын тулд эхлээд тусгай бодист орж өөрийгөө ариутгана. Тэндээсээ тусгай тосон түрхэлэг түрхэнэ. Ийм ариутгалыг дээд түвшинд хийсний дараа үйлдвэрлэлийн шат руу орно. Хэдэн зуун ажилтан хөшилдөж байгаа нь огт харагдахгүй. Үйлдвэрийн доторх вакуум орчныг томоо­хон шилэн хананы цаанаас харахад сансрын нисгэгчийн хувцас шиг баг өмссөн гурав дөрөвхөн хүн ажил хийж харагдана. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага нь автоматжсан. Энэхүү дэлхийд алдартай дэлгэцийн үйлдвэрт нь өчүүхэн ч бохир ордоггүй юм байна. Сардаа 200 мянган дэлгэц үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Дэлгэц гэхээр дан ганц зурагтынх бус шүү дээ. Төрөл бүрийн, гар утаснаас эхлээд дэлгэцтэй байж болох бүх электрон, цахилгаан барааны дэлгэцийн ихэнх хувийг энэ үйлдвэр дэлхийд нийлүүлж байна. Тус үйлдвэрт ус маш ихээр хэрэглэдэг. Гэхдээ нэг л усыг хэрэглэдэг нь экологид ээлтэй гэхэд дэндүү ээлтэй гайхамшигтай технологи. Асар өндөр ариутгасан нэг л усан сангийн усыг өндөр түвшинд ашиглаад буцааж цэвэршүүлээд дахиад ашиглаад явдаг байна. Муудсан гэж үзээд дахин шинэ ус хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Ингэж хэрэглэж буй усных нь хэмжээ хэд гээч. Дор хаяж 100 мянган тонн ус. Ийм хэмжээний усыг хэдэн ч жил хэрэглэж болдог байна.

LG-гийн бүтээгдэхүүнүүд болох гайхамшигтай технологиудын Монголд хамгийн тохиромжтойнуудаас дурдъя. Хувцасны элдэв үнэр, тоос шороог ховх сордог хөргөгч байна. Айл, албан байгууллагын алинд ч байж болох. Үүднийх нь коридорт байх тэрхүү хувцасны шүүгээ шиг төхөөрөмжид хувцсаа өлгөөд ажилдаа, гэртээ орж явчих нь. Манайх шиг утаа тортог, шороо тоос хувцсанд нэвт шингэдэг газарт үүн шиг хэрэгтэй технологи байхгүй юм. Улаанбаатарын иргэд орой гэртээ, өглөө ажилдаа ирэхдээ бөөн утаа үнэртүүлсэн хувцастай орж ирдэг. Хэрэглээнд хэдүйн гарсан LG-гийн тэр хөргөгчинд хувцсаа арван минут өлгөөд гаргаад өмсөхөд угаалгаас дөнгөж гарсан мэт өнгөлөг, сайхан үнэртэй байх нь гайхалтай. Хэрэглэгчид нь хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг ийм л бүтээгдэхүүн, технологиудыг LG хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Дараагийн дугаартаа бид үүнээс ч гайхамшигтай LG-гийн технологиудыг танилцуулах болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зааныг нь анзаарсангүй

Крыловын нэг ийм ёгт үлгэр байдаг. Нэг эр байгалийн түүхийн мүзэй үзэж гэгээрчээ. Сэтгэл нь их хөдөлсөн бололтой үзсэн харснаа учиргүй нарийвчлан ярьжээ. Торгоны эрвээхэйн тухай, өт хэдэн янз байдаг тухай, бичил биетнийг микроскопоор харахад ямархуу байдаг тухай, бөөс хэдэн хөлтэй тухай гэх мэт. Сонсож суусан нэг нь “Мүзэйд тавьсан зааны чихмэл танд ямар сэтгэгдэл төрүүлэв?” гэж асуухад мань хүн гайхсандаа таг болсноо “Зааныг нь харин анзаарсангүй шүү. Тэнд заан байсан юм уу?” гэжээ.

Одоо төрийн аппаратыг цөөлж бөөн мөнгө хэмнэх тухай яриа их л моод болсон бололтой. Бүх яамаа байхгүй болгоод, агентлагаа тэг болгочихвол улс орон хямралаас гараад дэлхийд гайхуулах бололтой юм. Дэд сайдгүй болчихвол хэмнэсэн мөнгөөрөө үй олон эмнэлэг буй болгох гэнэ. Үүнийг УИХ-ын боловсролоор нойль гишүүд хамгийн түрүүн тооцоолон ухаантайгаа гайхуулна. Сампин ашигласан уу, кэнди электрон тоглоом хэрэглэсэн үү, одоохондоо тэр нь нууц байна. Илүү нарийн бодлогыг жиргээчид тооцоолон бусдаас илүүгээ харуулах бөөн өрсөлдөөн.

Одоо тооцоо хийгээд үзье. Арван таван яамтай. Үүнээс Батлан хамгаалах, Гадаад яам гээд аргагүй байх орон тоотой нэг хоёр нь 130-140 ажилтантай. Дундаж ажилтны жилийн төсөв 10 сая төгрөг. Бусад яам нь 50-70 ажилтантай, нийлээд за яахав өргөж тооцоод төсөвт байгаа нийт дүн 20 тэрбум төгрөг. Энэ нь улсын нийт төсвийн ердөө л 0,4 хувь. Бүр гааж ухаантнууд дэд сайд хэмнэвэл нэг тэрбум төгрөг хэмнэхийг тооцоолжээ. Энэ нь улсын төсвийн 0,002 хувь л даа. Тоо нь олон тэгтэйгээрээ сүртэй болохоос процентлохоор хэмнэлт мөн үү? Үүгээр ямар эмнэлэг сургууль барина ч гэнээ, бөөн математик. Гэхдээ нөгөө гараараа хамгийн бага эмнэлгийг 3.4 тэр бумаар арай чүү барина гэж мэтгэх. Гэтэл хөрөнгө оруулалт нэрээр ашиггүй хэрэггүй тэрбайтугай хортой мөнгө сүйтгэл хоёр их наяд төгрөгөөр хэмжигддэг. Энд л хэмнэлт бий. Хэрэв хувь хүнд кинотеатр бариарай гээд мөнгө өгчих юм бол зөндөө хэмнэлт гарна. Гэтэл төр өөртөө хөрөнгө оруулчихаад тэрнийгээ маллах гэж ямар их хөрөнгө сүйтгэж байнаа?

Төр гэдэг бол мөн чанараараа хүнд суртал. Хүнд сурталгүй төр гэж хаана ч үгүй (бюрокраци гэдэг утгаар нь хэлээд байна л даа, түүнээс орчуулга үг нь ч хүнд аймаар муухай сонсогдоно), гагцхүү доозыг нь тохируулах асуудал л байдаг. Ерөөс төрийг үгүйсгэдэг, удахгүй төргүй болох тухай номлодог ухаантан Ленинээс авахуулаад л зөндөө л төрж байсан. Ийм суутнууд өөрснөө хамгийн их хүнд сурталтай төр байгуулж байсан. Ленин хэлэхдээ коммунизмд орохоор төр үгүй болж оронд нь Үйлдвэрчний эвлэл бүхнийг зохицуулна гэсэн. Ашгүй коммунизм нурчихлаа, тэгээгүй бол бид чинь хиншүү Гамбаагийнхаа гарт орох байж л дээ.

Цэдэнбал, Батмөнхийн Засгийн газар 42-46 Засгийн газрын гишүүнтэй байсан. Энэ бол доозыг нь нэг тийш нь хэтрүүлсэн хүнд суртал. Модгүй мөртөө Ойн аж ахуйн яамтай, усгүй байж Усны аж ахуйн яамтай, үйлчилгээгүй хэвтэж Нийтийн аж ахуй үйлчилгээний яамтай гэх мэт. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга буюу одоогийнхоор шадар сайд зургаа байсан шүү дээ. Одоо болохоор болбол таван яамтай, гурван агентлагтай болбол мөнгө хэмнээд тэрүүгээрээ баахан цэцэрлэг сургууль бариад хямралаас амархаан гарчих юм шиг шуугиад эхэллээ. Энэ бол нөгөө талын хэтрүүлэл. Энийг л популизм гээдбайгаа хэрэг, учир нь сонсоход сүрхий бодогдоод байгаа боловч хэмнэлт бараг гарахгүй. Нэг сургууль барьж хүрэхгүй мөнгө. Гэтэл төр Лениний зөгнөснөөр алга болчихгүй л бол нийгмийн мэнэжмэнт хийдэг хүнд суртлын байгууллага байхаас өөр аргагүй. 1995 онд Азийн хөгжлийн банкнаас төрийн функциональ үйл ажиллагааг жижиг оронд зохистой явуулахын тулд төрийн удирдлагыг ямар бүтэцтэй байх нь зохистой талаар төсөл хийж өгсөн. 50-60 орчим хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагтай байж Монголын хэмжээний жижиг улсын төрийн механизм зөв ажиллана гэсэн олон улсын практиктаар батлагдсан жишгийг тэд танилцуулсан.Уг нь их энгийн ойлголт, айл өрх 2 хүнтэй ч байсан 25 хүнтэй ч байсан адилхан л тогоо шанага, шүүр шалны алчуур хэрэгтэй.

Төдөн цэцэрлэг гэгдэх энэ популист тооцоо төрийн механизмыг гацаах, төрийг сулруулах, хууль зөрчих орон хүчин зүйлийн нэг болчихоод байгаа юм. Улаанбаатар хотын 360 мянган өрх бүгдээрээ сар болгон хогийн мөнгө төлдөг. Энэ их мөнгийг түрүүний хотын захиргааныхан ул мөргүй өөрснөө хусчихдаг байхад ямар ч хэл ам гардаггүй байсан. Шинэ хотын захиргаа энэ мөнгөөр нь жолооч нараас хог худалдаж авдаг болонгуут хог биш чулуу хад ачсан машин оочирлоод цэмцийчиж байгаа юм чинь. Илүү гарсан мөнгөөр нь өрх бүрт хогийн уут тараалаа. Ингэнгүүт сургууль, цэцэрлэгийн бөөн ухаалаг тооцоо. Яаж ч бодоод хүнээс хогийн мөнгө гэж хураачихаад түүгээрээ эмнэлэг бариад унавал хууль зөрчсөн үйлдэл биз дээ? Уг нь хүмүүс хогоо ангилаад уутанд хийдэг болоод сурчихвал иргэншил рүү хийх нэг том алхам юмсан. Дэлхийн том хот болгон далай тэнгис юм уу гол мөрний эрэг дээр баригдсан шалтгаан нь хогноосоо салах л үндсэн арга юм гэнэ лээ. Хүн олноор төвлөрсөн хот суурингийн хамгийн том проблем нь ундны ус биш хог юм гэсэн шүү дээ.

Хэрээс хэтэрч бүхнийг хамарсан халамж, толгой дараалан алдагдалтай улсын том үйлдвэрүүд л төсвийн хэмнэлтийн хамгийн том уурхайнууд юм. Бараг 400 хүрч байгаа соёлын төвүүдийг хувьчилчих юм бол хэдэн мянган сайдын зардлыг хэмнэнэ. Үгүйдээ л урсгал зардал нь хэд болохыг тоондоо сайн популистууд тооцоосой билээ.Төр нэгэнт л нийгмийн мэнэжмэнт хийдэг юм бол төрийн функциональ ажиллагааны хамгийн оптимал ажиллах боломжийн талаас нь тооцоо хийнэ үү гэхээс цэцэрлэг босгох мөнгөн дүнгээр нь манайхаас өөр газар тооцоо хийдэггүй юм билээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага гэж байлаа. Дарга нь Үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан талийгч Цэндбаяр гуай. Нас барахдаа өөрийн энэ үүсгэл санаачилгын байгууллагыг төр хариуцаач ээ гэж гэрээсэлсэн байдаг. Үүнийг нь Шударга өрсөлдөөний агентлагтай нэгтгэчихэв. Зах зээлд шударга өрсөлдөөн үүсгэхийн тулд зах зээлийг дагнасан компани эзлэхээс сэргийлэн үнээ буулгахыг хориглох нь монополын эсрэг гол үйлдэл. Зарим утасны компани үнээ хамаагүй буулгаж зарим холболтыг үнэгүй болгож байсан нь зах зээлд дэмпинг хийж гагцаар ноёрхох гэсэн эрмэлзлэл манайд гарч л байсан. Хэрэглэгчийн эрх ашиг хамгаална гэхээр юун түрүүн утасны мөнгийг секунд, долиор тооцон үнийг нь унагах тэмцэл. Хоорондоо эсрэгцэл бүхий хоёр үйл ажиллагааг нэг агентлаг хариуцахаар дараагийн сонгуульд дарга нь дивтаат болоход хялбар талыг нь л барьж таараа. Энэ жишээ бол төрийн инстүүцийн функциональ ажиллагааг сохолж буй ердөө нэг л жишээ.

Шинэ засаг гарч ирүүт л агентлаг, яамыг цөөлж шалгалт хяналтын механизмыг хялбарчилдаг өвчин нэг тал руугаа хэтэрхий хэлбийгээд байгаа мэт. Энэ хэрээр л төрийн зохицуулалт улам задгайрч байгаа хэрэг юм. Барилга барих, уурхай эзэмших гээд олон үйлдэлд төрийн тавих зайлшгүй шаардлага гэж бий. Үүнийг хэт хялбарчлах аваас төдий их хохирол гарна. Төр тавьдаг шаардлагаа тавих нь зайлшгүй, харин үүний тулд замд нь рэкэт хийж боож хаадаг төрийн түшмэдийн зориудын “хүнд суртлыг” л халах хэрэгтэй юм л даа. Тэд чинь гарын үсгээ үнэ хүргэж зарах гээд буй хэрэг. Түүнээс хялбарчилж байна гээд байшингийн галын хамгаалалтад шаардлага тавихаа болино гэсэн үг биш шүү дээ.

Нэг л их мөнгө хэмнэж илүү цагаар ажиллаж байгаагаа гайхуулан популизм хийх гэсэн оролдлого хууль ч зөрчинө, нийгэмд ч илүү зарлага үүсгэнэ. Хөдөлмөрийн хуулиар долоо хоногт таван өдөрт найм найман цаг ажиллах ёстой. Мундагаа харуулах гэж Засгийн газрын хурлыг хагас сайнд хийдэг нь хууль бус. Хэн нэг нь зарга хийхэд хагас сайнд гарсан Засгийн газрын тогтоол хүчингүй болж болно. Засгийн газрын хурлыг байчихаад бүр хөдөө хээр хийдэг моод гарлаа. Аль ч улсад, түүний дотор манай улсын Үндсэн хуулийн логикт төрийн зарлиг хууль тогтоол гарах цаг нар, байршлыг заавал заадаг. Энэ бол үгүйдээ л төрийн эргэлт гарахаас хамгаалсан дархлаа. Засгийн газрын хэдэн сайхан гар говьд очиж тогтоол гаргаад, хэдэн фракц нийлж Туулын эрэг дээр хуралдаад төр солигдох хууль батлаад хаяхаас аль ч төр болгоомжилдог энгийн логиктой юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө дархлагдсан гээд байгаа нь шөнө дунд ч байсан Ерөнхийлөгч эгзэгтэй үед зарлиг гаргах бололцоог гаргаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл хуульд зааснаас гадуур хаана хэзээ хэн хүчин төгөлдөр хууль журам гаргаж болох вэ гэдгийг тодотгосон хэрэг.

Хууль санаачлах, хууль өргөн барих хоёр манайд ялгаагүй явагддаг. Ихэнх орнуудад нийт гишүүдийн 10 хувиас дээших нь нийлж хууль өргөн барих эрхтэй болдог. Тэгээд зогсохгүй Хууль зүйн яам, Сангийн яам хоёроос бололцоотой гэсэн зөвшөөрөл авдаг. Шинээр санаачилсан хууль нь эрх зүйн хувьд ба санхүүгийн хувьд бололцоотой эсэхийг эдгээр хариуцсан яамд үзэж болох эсэхийг нь хэлдэг. Бичиг үсэггүй популист өвчтэй дивтаат хаа ч байдаг тул тэднээс хамгаалах төрийн дархлаа юмуу даа. Манайд шинэ парламент бүрдэнгүүтээ л архины онцгой татварыг нэмэхээс ажлаа эхэлнэ. Чааваас ард түмнээ л архинаас салгах гээд буй бололтой. Энэ хэрээр хууль бус архины худалдаа нэмэгддэгийг тэд яаж мэдэхэв. Баячууд банкинд мөнгөө хадгалуулаад хүүгээр нь пологтож үхэх нь гэдэг үндэслэлээр 100 сая төгрөг буюу нэг өрөө байрны үнэ банкинд хадгалуулбал торгууль төлөх хууль гаргасан. Банкууд хууль санаачлагч гудамжныхаас тэнэг биш учир үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд үүнээс бултах долоон аргыг хадгаламж эзэмшигчдэд санал болгожээ. Өнөөдөр тэр хуулиар дамжин улсад орж ирсэн ядахнаа нэг төгрөг ч алга. Ер нь ч банкаас хадгаламж эзэмшигчдээ өгч буй хүү нь инфляцийн доройтлыг нөхөж чаддаггүй гэдгийг хэн нэг бичиг үсэгтэй хүнээс асуучих хэрэгтэй юм л даа.

2014.12.12

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилэн дансны тайланг сонин, хэвлэл дээр баримт болгож үлдээмээр байна

Шилэн дансны хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр улсын болон орон нутгийн төсвийн орлого, түүний зарцуулалт, тайлан, өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй болох юм. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн оролцоотой компани, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчид төсөв санхүүтэй холбоотой бүх тайлангаа цахим хаяг дээрээ байршуулах юм. Ерөөсөө л татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулж байгаагаа татвар төлөгчдөд тайлагнана гэсэн үг.

Өөрийнх нь оруулсан мөнгийг хэрхэн зарцуулсныг татвар төлөгч хүн бүр үздэг байх хэрэгтэй. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгө, хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулахгүй болно. Шилэн дансыг байгууллага бүр өөрийнхөө цахим хаяг дээрээ байршуулахаар хуульчилсан. Байгууллагуудын цахим хаяг тогтооход түвэгтэй, хайж олоход яршигтай байдаг. Тиймээс шилэн дансыг нутагшуулж, хэрэгжүүлэхэд сонин, хэвлэлийг түлхүү ашиглах шаардлагатай. Олон улсад сайт дээрх материалыг баримт гэж үздэггүй талтай. Учир нь хэн нэгэн хакердаад устгачих боломжтой. Харин сонин, хэвлэл дээрх материал хэзээ ч устахгүй баримт. Бас сонинг орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй унших боломжтой.

Харин сайтыг зөвхөн суурин интернэттэй орчинд л үзэх боломжтой. Шилэн данстай байгууллага бүрийн мэдээллийг гар утсаараа авах боломжгүй учраас зөвхөн суурин интернэт гэж онцлоод байгаа юм. Ийм учраас Шилэн дансны хуулиа хэрэгжүүлжард түмний хяналтыг тогтоохын тулд сонин, хэвлэл дээр сар бүр, улирал тутамд тайлангаа нийтлүүлж байх хэрэгтэй. Энэ нь хэзээ ч гаргаад үзэх баримт болж үлдэх юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ардын уран зохиолч Пунцагийн БАДАРЧ Одоо би шүлэг бичихгүй. Харин ч муухай ажлаас гарчихсан юм шиг аятайхан байна

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчтай ярилцлаа.

Таныг Богд хааны тухай жүжиг бичиж, тайзнаа тавих дөхөж байгаа гэж сонсоод ирлээ. Сонин сайхан ихтэй сууна уу?

-Ерөнхийдөө амьдралд ханасан царайтай. Күнзийн хэлснээр, зүгээр л амьдарч байна. Ухаандаа, телевизороор адуу гараад ирнэ, адууны тухай биччихсэн, хоёр хүн ярина, тэрийг бас биччихсэн. Үзсэн харсан туулсан бүх юмныхаа тухай биччихсэн. Тэгэхээр надад одоо сонин юм ерөөсөө алга. Сэтгэлийн нүдээр хараад сэтгэх чадвар үгүй болчихож байгаа юм уу даа. Хамгийн гол нь, өөрөө өөртөө бахархаж байгаа нэг зүйл бол энийгээ мэдэрч байгаа маань юм. Тэгээгүй хүн бол би ч өтөллөө дууслаа гээд гуниглаад явчихна шүү дээ. За, яриандаа орох уу.

Тэгье. Богд хаант Монгол Улсын түүхийн сэдэвтэй дуулалт жүжиг тань удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна?

-Энэ маань “Оройн дээд” гэж нэртэй юм. Бичсэн гол хүн бол Дамбын Төрбат. Ярилцаж харилцаж бичсэн нь бид хоёр. XX зууны Монголын түүхэнд гурван хувьсгал болсноос өөрсдөө хийсэн, хамгийн үнэ цэнтэй хувьсгал бол 1911 оны хувьсгал юм. Энэ хувьсгалыг төрийн зүгээс удирдаж зам мөрийг нь зассан хүн бол VIII богд Жавзандамба хутагт мөн. Хоёр дахь, Сүхбаатарын гэж нэрлэгддэг Бодоо Данзангийн хувьсгал мэдээжээр гадаадын цэрэг зэвсгийн тусламжтай байсан ч 1911 оны хувьсгалтай эхэлсэн, явсан бүх зам нь ав адилхан. Жишээ нь, Богдын тамгатай бичигтэй, хойшоо явах улс урагшаа зугтааж Богд уулын ард очиж хуралдчихаад хойшоо явсан. Тэгэхээр энэ хоёр хувьсгал адилхан. Нэг нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хоёр зуун гуч дөчин жил гадаадын дарлалд байсны эцэст аварсан. Энэ тусгаар тогтнол дээр дахин хувьсгал гарсан л хэрэг. Социалист нийгмийн үед зүүлгэсэн “сохор богд”, “түвд богд”, “балам лам”, “шашны мунхруулагч богд” гэсэн нэрнээс нь улс төр хийгээд түүх, ард түмэн дөнгөж цэвэрлэж байгаад бас нэгэн нэмэр болюу гэж бодож бичсэн дуулалт жүжиг дээ. Гэхдээ сонгодог дуурийн хэлбэр, дуулалт жүжиг буюу хөгжимт драмын хэлбэр хоёрын нийлмэл чанартай бүтээл юм. Хөгжмийг ҮДБЭЧ-ын Бирваа гэж залуу бичиж, Болд гэж найруулагч нь найруулж байгаа юм.

Гадаад хүн, түвд хүн яагаад Монголын хаан болов гэж зарим хүмүүс ярьдаг?

-Дэлхийд зохиогчгүй нэг шашин, зохиогчтой гурван шашин байдаг. Хамгийн анхны гэх юм ууминий шүтэж хүндэтгэдгээр буддын шашин юм уу даа. Ахмад нь. Тэр бүү хэл, нэг ном уншиж байтал Йисүсийг лам хувцастай зураад, буддын сургуульд сурч байсан гэж бичсэнийг би харсан. Тэр ч яахав. Манай хаан түвд хүн байсан нь шарын шашин Түвдээс манайд орж ирснийх. Манай лам нар, сурагчид түвд багштай байж таарах нь ээ. Тэгэхээр тэндээс богд залах нь буруугүй л дээ. Шашин төр нь нийлмэл байсан юм чинь ямар ч арга байхгүй. Төр нь гаднаас хараат, шашин нь өөрийншүү ухаантай. Тийм цагт Монголд байгаа хамгийн ихээр олон түмний сэтгэлийг татагч, өөд нь татагч, зовлонгоос салгагч нь төр биш шашин нь байсан учраас төртэй болонгуутаа толгойны нь хүнийг төр шашныг хослон баригч оройн дээд Очирдарь болгоно биз дээ.

Төр, шашин хоёрыг Үндсэн хуулиар тусгаарлаад удаж байгаа манай оронд Гандангийн хамба лам гэдэг суудалд ихээхэн ач холбогдол өгөөд байдгийг та юу гэж үздэг вэ?

-Учраа олохгүй байна. Нөгөө талаар учир нь олдохгүй байна. Тусгаар тогтносон улс шинэ нийгэм байгуулаад эхэлсэн чинь хамаг юм нь зуун задгай, жаран хагархай. Шинэ нутагт буусан айл шиг. Үүний учрыг олоход хэцүү дээ. Харин бүүр зэвүүрхмээр нэг юм бий. Шашны үйлдэл болоод зүйлүүдийг маш овжноор ашиглаж байгаа луйварчин гэхэд хатуудах болов уу, тийм давхарга бий боллоо. Тэрийг дагадаг олон түмэн ч их олон боллоо. Энэ бол нийгэмд байгаа хамгийн аюултай үзэгдлүүд юм. Будда Сиддхарта бол маш худал бөгөөд маш үнэн замыг хүн төрөлхтөнд зааж өгчээ гэж би боддог. Энэ нас бол нэг л олдоно гэсэн. Үнэн байгаа биз. Энэ яваа насандаа та эрүүл саруул, сэтгэлийн аз жаргалтай, амгалан тайван амьдар гэсэн. Бас л зөв. Тэгээд энэ насандаа буян их үйлд, тэгвэл хойд насандаа тажаргана аа гэсэн. Тэр нь огт худлаа байхгүй юу. Будда сохор хүнийг эдгээх гээд чадаагүй, хүнийг урт наслуулах гээд олоогүй, доголон хүнтэй уулзсан, хөлтэй болгож чадаагүй. Одоогоор бол элэгний гепатит вирусийг эдгээж чадаагүй. Тэгмэгцээ за, та нар сэтгэлээ ариусга. Бие биеэ хайрла, хүндэл. Үхнэ гэдэг зайлшгүй юм. Гэхдээ дахин төрөхийн тулд, сайн төрлийг олохын тулд, хүмүүн төрлийг олохын тулд та одоо гэгээр ээ гэж хэлсэн. Энэ маш худлаа бөгөөд бас машид зөв байгаа биз. Өнөө цагт хүмүүс шашинд автаад байгаа явдал бол шинжлэх ухаанч гэгээрэл манай улс оронд дутмаг байгаагийнх. Нөгөө талаар, хүмүүн нүгүүд амьдрал гэдгийг ойлгоогүй. Ойлгоогүй нь ч учиртай. Социализмын үед болоод л байсан, болоод л байсан. Гэтэл төр болоод үзэл суртал нь “Ажиллаад бай, социализмыг байгуулъя. Коммунизмд оронгуут дэлгүүрийн бүх юм үнэгүй болно” гэсэн. Үүнд ч бас буддагийнх шиг худлаа байгаа биз дээ. Бас л нэг мунхруулга. Явж явж мундаг мунхруулга байхгүй юу. Мунхруулга гэчихвэл арай хатуудах болов уу яах бол. Сэтгэл санаанд нь тийм буруу зарчим шингээгээд өгчихсөн. Гэтэл хүний орчлонд хүн яаж амьдрах ёстой тэр зарчмаар яваа нийгэм нь капитализм буюу зах зээлийн эдийн засагтай ардчилсан энэ нийгэм. Чамд хэн ч тус болохгүй. Чи өөрийгөө тэжээ гэсэн зарчимтай. Орчлонгийн зохицол нь энэ шүү дээ. Би Энэтхэгт явж байсан чинь гудамжинд нь нэг хүн тийчлээд байх юм. Одоо энэ хүнийг яадаг юм бол, эмнэлэг яаж дуудах вэ гэсэн чинь мөнгөгүй юм чинь ингээд л үхнэ гэж байна. Нэг ухаантны ийм үг байдаг юм. Би өөрөө ч ингэж боддог. Хүн өдөр болгон үхдэг гэж. Хүн үхлээс зугтах ямар ч арга байхгүй. Орчлонгийн нэг үнэн нь энэ. Төрөхгүй байж болно гэж байгаа юм шүү. Орчлонгийн үнэн нь үхэх төрөх хоёр гэдэг биз. Манай Дэндэвийн Пүрэвдоржийн нагац ах Чоймбол гуай “Ганцхан үнэн бий дээ. Үхэх л үнэн. Төрөхгүй байж болно оо” гэж хэлж билээ. Хүний насыг Платон, бас өөр нэг ухаантан дал л гэж хэлсэн. Гурав хуваагаад, хорин тав, тавин тав, тэгээд цаана нь арван тав. Суут сэтгэгчид тэгээд хэлчихэж. Одоогийн ертөнцөд хүнийг яагаад жаран настайд нь тэтгэвэрт гаргаж байна вэ. Эрдэмтэд тооцоолоод, сэтгэх чадвар, хүч чадал нь жараас хойш буурдаг гэж үзжээ. Тэр мэргэдийн хүний чадавхийг томъёолсон нас, өнөөдрийн шинжлэх ухааны бие махбодь оюун сэтгэлд хийсэн эрдэмлэг шинжилгээгээр гаргасан нас дүйцэж байгаа биз. Гэхдээ дал хүрээд дуусаа гэх нь юу юм.

Олон жилийн өмнө түвдэч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар буддын философийн зохиол “Бодь мөрийн зэргийн хураангуй”-г зааж байгаад оюутнууддаа ингэж хэлсэн. “Эрт цагт номд нэвтэрсэн багшдаа нэг шавь нь, багш аа, та надад ертөнцтэй таарахгүй ном заагаад өгчихжээ гэж хэлсэн гэдэг. Буддын ном бол ертөнцийн номтой таардаггүй юм. Ертөнцтэй нийцдэггүй ном шүү, энэ чинь” гэж хэлж байсан. Та түрүүн яг л ийм зүйл хэлчихлээ?

-Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг Хү­рэлбаатар докторын хэлсэнч­лэн, миний сая хэлсэн хийгээд боддогчлон Буддагийн ном чинь үнэн хэрнээ мундаг худлаа байгаа юмаа.

Агуу их багш нар хэлэх­дээ номын ёс, ертөнцийн ёс хоёр таардаггүй гэж хэлээд байдаг юм байна л даа?

-Номын ёс гэдэг чинь нэг хүний гаргасан ёс. Ертөнцийн ёс гэдэг чинь сав шимийн ертөнцийн өөрийнх нь хууль байхгүй юу. Нийцэхэд хэцүү еэ. Күнзийн нэг мундаг үг байдаг юм. “Амьдрал бол зүгээр жирийн л юм” гэж. Хүн түүнийг адармаатай, зовлонтой, илүү ихийг хүссэндээ эвдээд хөрөөдөөд өөрснөө л хачин болгочихдог. Күнзийн энэ сургаалын нэг тод жишээ бол манай Монголын уламжлалт хөдөөгийн айл байдаг. Яг Күнзийн хэлсэнчлэн зүгээр л байгаад байдаг. Зун болохоор зунтай нийлээд л амьдарчихна. Намар болохоор намартай нийлээд л амьдарчихна. Өвөл болохоор өвөлтэй нийлээд хашаа бариад өнтэй сайхан амьдарчихна. Хавар болохоор малаа төллүүлээд хавартай нийлээд амьдарчихна. Гайхамшигтай зохицож амьдарч байна шүү дээ. Манай нутгийн нэг найз өвгөн маань надад хэлсэн юм. За, сайхан зусч байна уу гэсэн чинь өө сайхан зусч байна. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан л байгаа юм байна даа. Газрын гарц сайхан байгаа юм байна шүү дээ гэсэн чинь өөдөөс “Үгүй ээ. Мал таргалахгүй, энэ өвс нэг л биш, энэ бороо нэг л биш” гэдэг юм байна. Тэгээд “Энэ бороо шимгүй болчихсон юмаа. Бороо их ороод, газар ухаад үзэхэд тохой хэртэй чийг унасан байгаа юм. Тэгсэн хэр нь ногоо ургадаггүй” гэснээ жаал бодож сууснаа “Арга ч үгүй юм байх аа даа. Тэнгэрийг буудаад бороо оруулчихсан юм чинь үхсэн бороо орсон байх” гэж билээ. Тэгэхээр хөдөөгийн нүүдэлчид бол зүгээр л амьдарч байгаа юм шүү. Зүгээр л байгальтайгаа нийлээд амьдарч байтал гэнэт нэгдэл байгуулаад хачин болгочихсон.

Зүгээр байсан юмыг оролдоод зүгээргүй болгочихож ээ?

-Тийм. Таван хошуу малтай байлаа. Унах морьтой, ачих тэмээтэй алаад идчих үхэртэй, найз нөхдөө ирвэл хонь гаргаад өгчихөөр ийм айл байж байтал үхэр ч байхгүй, адуу ч байхгүй, хонийг нь тууж аваачаад нэгдлийн малчин болгочихсон. Ингэжзүгээр байж байсан юмыг хүн өөрөө оролдоод этгээд хэцүү болгодог. Түүнээс биш амьдрал бол Күнзийн хэлдэгчлэн жирийн л юм шүү дээ. Хувь хүн, айл зүгээр байж байснаа гэнэт “за, уулын аманд ерөөсөө хаус барина аа” гээд хамаг юмаа зараад хаус барьчихсан чинь өвөл нь хөлд­чих шахахгүй юу. Юунд юм ху­маа зарав гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдээд, хүүхдүүд нь хоорондоо зодолдоод, ингээд зүгээр амьдарч байсан айл баларч байх жишээтэй. Күнзийн энэ сургаал мундаг үнэн байгаа биз. Тэгэхээр хүн амьдралаараа их оролдох хэрэггүй. Манай зүйр үгэнд “Авгайгаараа оролдвол салахын тэмдэг” гэдэг шиг л юм даа. Хүн дандаа нэг юмыг бодож явууштай.Яахав, илүү дутуу машин тэрэг авах, гэр орон сууцнаасаа байшинд орох, нутаг сэлгэх мэтийн ойр зуурын юм байлгүй яахав дээ. Тэгэхдээ хүн болгон амьдралаа яаж хүндрүүлэхгүй байх вэ гэдэг талаас нь бодож явууштай. Бүх зовлонгийн эх хүсэл гэж будда хэлсэн шүү дээ. Хүслийнхээ боол болохгүй байх л хэрэгтэй юм. Хүслийнхээ боол болчихоороо өөрөө өөрийнхөө боол, нэг нэгнийхээ боол болоод, зүв зүгээр байсан амьдралаа бужигнуулаад тараагаад хаячихаж байна.

Та энэ жилийн Болор цомд мялаалгын шүлэг уншина биз дээ?

-Би бол яруу найрагч хүн биш юмаа.

Яагаад?

-Зүгээр л гайгүй сайн шүлэг бичдэг хүн байхгүй юу. Сайн шүлгүүд бол бичсэн. Жинхэнэ төгс гэдэг юм уу мэргэжлийн яруу найрагч гэж нэг хэсэг байна. Авьяасын яруу найрагч гэж байна. Энэ хоёр нийлээд яруу найрагч болно. Тэгэхээр би бол амьдралынхаа тавин жилд шүлэг бичсэн байна. Надад сайн шүлгүүд сайн найраглал нэлээн хэдэн юм бий. Одоо би зохиол бичихгүй. Нэгд, өөрийнхөө өндөрлөгөөс өөрөө ойчмооргүй байна. Нөгөөтэйгүүр, одоо болсон. Надад энэ амьдралыг билгийн нүдээр хараад сэтгэл догдлолоор, сэтгэлгээний их чадвараар сайхан уран бүтээл шүлэг зохиол бичиж чадахгүй. Чадахаа больсон. Үүндээ ерөөсөө гутрахгүй байна. Харин ч муухай ажлаас гарчихсан юм шиг аятайхан байна. Зовлонтой ажлаас гараад яс амар байгаа юм чинь амар байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Шинэ жилийн гоёлын үс засалтад жараад оны сонгодог хэв маяг зонхилж байна

Манайдаа үсчдийнхээ ур чадвар, үйлчилгээгээрээ тэргүүлдэг томоохон газруудын нэг бол “Matrix” салон. Зайсанд байрлах “Оргил шилтгээн”-ий хоёрдугаар давхарт тус салоны high class зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг салбар нь бий. Өчигдөр тус салоныг зорьж очлоо.

Үүдний хүлээлгийн хэсэгт нь нэг үсчин залуутай уулзлаа. Сурвалжлагаар яваагаа хэлж, өнөө жил хүмүүс шинэ жилийн баяртаа зориулж ямар үс засалт сонгож байгаа, ямар хэв маяг зонхилж буй талаар сонирхож, элдэв зүйлийг асуулаа. Шинэ жилийн үдэшлэг, ёолкондоо үсээ янзалж байгаа нь энэ гээд эмэгтэйчүүд нь үсээ буржийлгаж, сүлжиж саа, лак энэ тэрийг цацдаг. Эрчүүд нь ч үсээ цэнхэр, шар өнгийн сороор гоёдог байлаа, хэдэн жилийн өмнө.

Одоо бол тэр байдал үгүй болсон гэнэ. Аль болох даруу. 1950, 1960-аад оны үс засалт эргэн ирж байгаа юм байна. Сүүлийн гурван жилд өмнөх тэр гял цал байдал бага багаар арилсаар өнөө жил хүмүүс илүү даруухан засалтыг сонгож байгаа гэнэ. Хөвсгөр урт үстэй бүсгүй байлаа гэхэд сайхан индүүдэж шулуун болгоод үзүүр хэсгийг нь үл мэдэг буржийлгах ч юм уу. Хэрэв богино үстэй бол уг хэсгийг нь хөвсийлгөн үзүүрийг нь гадагшаа эргүүлэх. Эрэгтэйчүүд нь үсээ нэг талдаа хагалаад, гоё хэлбэрт оруулах.Иймэрхүү чиг хандлага илүүтэй ажиглагдаж байгаа аж. Хувцасны моод дахин давтагддаг шиг үс засалт ч ингэж эргэн ирдэг юм байна.

“Matrix” high class салон өглөө 10 цагт үүдээ нээгээд үдэш 20 цаг хүртэл ажиллаж байна. Мэдээж үйлчлүүлэгч хүсвэл захиалсан цагт нь үйлчилнэ. Энэ салоныхон зөвхөн үсийг нь сайхан болгоод зогсохгүй нүүр будалт, хумс гээд гоо сайхны ямар л үйлчилгээ байна бүгдийг нь нэг дор цогцоор нь үзүүлж байна.

“Matrix” салон энэ салбараа байгуулаад гурван жил болж байгаа аж. Зөвхөн Зайсанд амьдардаг гэлтгүй хотын хаанаас ч хүмүүс ирж үйлчлүүлнэ. Нийт үйлчлүүлэгчийн 70-80 хувь нь байнгын үйлчлүүлэгч гэхээр эдний үйлчилгээ ямархуу вэ гэдэг нь анзаарагдана. Үүдэнд таарсан өнөө үсчин залуу ийн ярилаа. Түүний нэрийг нь асууж, энд ямар ажил хийдгийг нь асуувал “Намайг Н.Батжаргал гэдэг. Үсчин” гэж танилцууллаа. Н.Батжаргал “Амралтын өдрүүдээр ачаалал нэмэгддэг. Арванхоёрдугаар сарын хорьд гаргаад л бид завгүй болчихдог. Хоол ч идэх завгүй ажиллах нь бий. Бид өдий хүртэл ажиллахдаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бүх зүйлд сэтгэлээсээ хандах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Биднийг зорин ирж байгаа хүнийг сэтгэл ханамжтай гаргах нь хамгийн чухал” гэлээ. Эднийх өөрийн сургалтын төвдөө үсчдээ сургаад дадлага хийлгэж, дагалдангаар ажиллуулсны дараа үсчин хэмээн тооцож ажиллуулдаг юм байна.

Тус салоны үсчин Б.Азжаргалтай танилцлаа. Тэрээр ажил мэргэжлийнхээ талаар ярьж сонирхуулна. “Манай захирал их мундаг мастер үсчин шүү дээ. Өөрөө залуу хүн болохоор залуусаа их дэмждэг. Бидэнд “Ур чадвар чухал. Гэхдээ түүнээс илүү чухал зүйл байдаг нь аливаад сэтгэлээсээ хандах. Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийвэл тэр нь хүнд хүрдэг. Тийм болохоор юм болгонд сэтгэлээсээ хандах ёстой” гэж захидаг юм. Бид ч энэ зарчмаар ажилладаг. Миний хувьд үсчин, гоо сайханч гэдэг мэргэжил хүнийг хөөрхөн болгодог сайхан мэргэжил” гэж ярилаа. Захирал чинь хаана байна вэ гэтэл түрүүний үсчин гэж өөрийгөө танилцуулсан залуу руу заалаа. Н.Батжаргал үйлчлүүлэгчийн суудаг сандал дээр гар утсаа оролдоод суух аж. Оддын үсчин, олны танил эрхмүүдийн тэргүүнд гараа хүргэдэг цор ганц хүн хэмээн цоллуулдаг “Matrix”-ийн Бачкатай ирэнгүүтээ ярилцсанаа сая л мэдлээ. Хүмүүс орж ирээд “Захирлын тайралт хийлгэнэ” гэж хүлээн авагч бүсгүйд хэлнэ. Тэр нь салоны захирал Бачкагаар үсээ тайруулж, янзлуулна гэсэн үг. Үсчид нь 27500 төгрөгөөр үс тайрдаг бол захирал нь 50 мянган төгрөгөөр ийм үйлчилгээ үзүүлнэ. Үйлчлүүлэгчид нь урьдчилаад цаг авчихдаг учир Бачка хүмүүсийг ийн хүлээж суудаг аж. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 5-наас шинэ жилийн үс засалт, нүүр будалт эхэлжээ. Өнөө жил бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэгтээ үсээ маш энгийнээр янзлуулж байгаа бөгөөд зөөлөн, даруухан өнгийн будалт хийлгэж байгаа аж.

Шинэ жилийн гоёлын засалт эмэгтэйчүүдийн хувьд 50-65 мянга, эрэгтэйчүүдийнх 15-20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эрчүүд дунджаар сард хоёр удаа үсээ засуулдаг бол эмэгтэйчүүд улиралд нэг удаа орж ирдэг гэнэ. Харин олны танил хүмүүсийн хувьд бол өөр л дөө. Түмний нүдэн дээр ил байдаг болохоор өдөр бүр орж ирдэг эрхмүүд бий.

Эдний байнгын үйлчлүүлэгчид гэвэл “Sweetymotion” хамтлагийнхан юм. Тэд 1998 оноос эхэлж Бачкатай найзалж, олон жилийн турш гоо сайхнаа даатгасаар иржээ. Тус хамтлагийнхан гурвуулаа авахуулсан томоос том жаазтай зургаа салоны хамт олонд дурсгаж, дээр нь сэтгэгдэл, гарын үсгээ зурсан нь хананд өлгөөтэй байна. “Гурван охин” хамтлаг, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, топ модель Э.Одгэрэл, дуучин Э.Оюумаа, “Камертон”, “Люмино” хамтлагийнхан, “Харанга”-ын Лхагваа, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Чоно” хамтлагийн Дэрмээ гээд эдний байнгын үйлчлүүлэгчдийг дурдвал их урт санж. Урлаг, рок попынхноос гадна спортынхон, бөхчүүд, УИХ-ын гишүүд, томоохон компанийн захирлууд “Matrix”-аар байнга үйлчлүүлдэг юм байна. Ийн үйлчлүүлэгчдийнх нь тухай сонирхож байтал гаднаас бөх бололтой, том биетэй залуу орж ирлээ. Харваас бөх шинжтэй, явж байгаа, сууж байгаа нь. Нэг л харсан царай. Тэгтэл дуучин Р.Дэлгэрмаа үсээ янзлуулахаар орж ирэв.

Шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд оролцох гэж байгаа бүсгүйчүүд эдний салоноор орж ирээд үс гэзгээ гоё болгуулчихаад нүүр будалт хийлгэж, хумсаа ч буудуулаад бүрэн үйлчилгээ авах нь түгээмэл гэнэ. Тус салоны гоо сайханч А.Алтанзул “Шинэ жилийн хумс будалтад зөөлөн, дулаан өнгө аяс зонхилж байна. Хумсны лакны хувьд бүсгүйчүүд ягаан, уусгалттай будалтыг сонгож байна. Хумсны сарыг үлдээсэн будалтыг илүүтэй сонгож байгаа. Хүний хумс сарны хэсгээрээ амьсгалдаг. Сүүлийн үед чанартай, тогтоц сайтай будаг хэрэглэх болсон болохоор эрүүл мэндийн талаасаа ингэж бодолцох болжээ. Нүүр будалтын хувьд ч хөнгөн, энгийн зөөлөн, будалтууд давамгайлж байна. Хөмсөг, уруулаа тод будаж байна” гэлээ. Монгол бүсгүйчүүдийн нүүрний онцлог, нүдний өнгө нь Ази, Европ хэв маягийн аль ч будалтыг шингээж, гаргаж чаддагаар өвөрмөц гэнэ. Гоо сайханч А.Алтанзул энэ мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байгаа аж. Тэрээр “Үсээ гоё засуулаад, нүүрээ сайхан будуулчихаад гараа тоохгүй орхивол зохимжгүй. Хүмүүс уулзахдаа хамгийн түрүүлж гар барин мэндчилдэг. Гар бол тэр хүний талаарх эхний мэдээллийг өгдөг. Тийм болохоор гар, хумсныхаа гоо сайхныг орхигдуулж болохгүй. Лак сонгохдоо америк, япон, солонгосынхыг сонговол зүйтэй шүү” гэж зөвлөлөө. Хумсаа энгийнээр янзлуулъя гэвэл 22 мянга, гоёлын гелен хумстай болъё гэвэл 30800 төгрөгийн үнэтэй юм байна. Хөмсөг янзлахад 5500 төгрөг. Нүүр будалтын хувьд энгийнх бол 38500, гоёлынх нь 44 мянган төгрөг.

Ийн гоо сайханчидтай ярьж суутал өнөө бөх залуу үсээ засуулчихаад гараад явчихаж. Түрүүхэн л үсээ угаалгаад цагаан алчуураар толгойгоо боочихсон сууж байсан юм. Дуучин Р.Дэлгэрмаа үсээ янзлуулаад дуусч байна. Тэрээр “Би эдний салоноор үйлчлүүлдэг болоод удаагүй. Манай гэр ойрхон байдаг болохоор энэ салоныг сонгосон” гэлээ. Түүнээс “Түрүүний энд сууж байсан бөх хэн юм бэ” гэж асуувал дуучин бүсгүй маань “Улсын харцага А.Бямбажав шүү дээ” гэлээ. Тэгэхээр нь “Би бөхчүүдийг зурагтаар зодог, шуудагтайгаа байхад нь харахаараа сайн таньдаг юм. Зодогны өнгө, цээжний хэлбэрээр нь ялгадаг. Жишээ нь, Б.Гончигдамбын зодог нь ягаавтар” гэвэл “Чи түрүүн Бямбажав харцагыг цамцаа тайлаач. Цээжийг чинь нүцгэнээр нь харъя гэхгүй дээ” гэж хошигнолоо. Тэрүүхэн тэндээ бөөн инээдэм болцгоов.

Эднийхээр гадаад хүмүүс бас үйлчлүүлнэ. Буурал толгойтой, настайвтар европ эр орж ирлээ. Халимгаа багасгах гэж байгаа бололтой үсчиндээ үсээ хэр их тайрахыг хуруугаараа баримжаалан заах аж. Үдээс хойш оройхон тийш ачаалал нэмэгдэнэ. Шинэ жил дөхөхөөр тэр талаар ярилтгүй. Үсээ янзлуулах гэсэн хүмүүс хүлээлгийн хэдэн сандлыг дүүргэнэ. Ийн зав зайгүй ажиллаж үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай гаргаад шинэ он солигдохын өмнө буюу 31-ний 18 цагт сая нэг юм ажлаасаа бууцгаадаг гэнэ, “Matrix” салоныхон.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагуудын 2014 оны тайлангийн хурал зохион байгуулагдлаа

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаалын дагуу гүйцэтгэлийн гурвалсан гэрээ, Жаргалант сумын эрүүл мэндийн төвтэй үр дүнгийн гэрээ, Хувийн хэвшлийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн газрын даргын санаачлагаар 12 дугаар дугаар сарын 01-04-ний өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагуудтай 2014 онд хийсэн гэрээний хэрэгжилтийн тайланг сонсох хурал зохион байгуулагдав.
Тайлангийн хуралд хуваарийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, сумын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, Хувийн хэвшлийн эмнэлэг, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын дарга нар гэрээний биелэлт, ажлын тайлан, хүрсэн үр дүн, ололт, амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид тавих саналаа илтгэж, Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралд оролцож, зөвлөмж өглөө.
Эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо туршлага судалсан, ЭМГ-т санал тавьсан, талархалтай хандсан тайлангийн хурал болж өндөрллөө. Цаашид тайлангийн хурлыг хагас бүтэн жилээр зохион байгуулах, хурлаас гарсан саналуудыг 2015 оны төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх талаар шийдвэр гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Тусламж дуудах дугаар руу тоглох нь ихэсчээ

Иргэд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хандаж шуурхай дуудлага өгдөг.Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай, түргэн шуурхай байдлыг хангах ёстой байтал саад учруулж тоглосон дуудлага хийдэг хүмүүс цөөрөхгүй байна. Нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийж яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой сувгуудад саад учруулан удаа дараа үйлдэж байгаа нь алба хаагчдын ажиллах нөхцлийг хүндрүүлж байгааг хэллээ.
Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдүүддээ анхааруулж, гэртээ яриа өрнүүлж, сэтгэцийн өөрчлөлттэй гэр бүлийн гишүүнийхээ гар утсанд анхаарахгүй бол тоглосон дуудлагын цаана бодит дуудлага өгч, яаралтай тусламж авах гэсэн иргэн хохирдог гэдгийг хэлж ойлгуулах зайлшгүй шаардлага байгааг цагдаагийн газраас мэдээлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Баянгол дүүргийн төсвийг хэлэлцэнэ

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, ирэх оны төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлт, ирэх оны зорилтыг батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурчээ

Улсын хэмжээнд 2014 оны эхний 11 сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсний 6138 буюу 24.6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг 1703 буюу 7,3 хувиар өссөн үзүүлэлт аж. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурч, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл Хэнтий аймагт өссөн байна.
Цагдаагийн байгууллагаас 2014 оны эхний 11 сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350,863,000 төгрөгөөр торгож зөрчлийн улмаас хураагдсан спирт 11, архи 2871 шар айраг 3220, дарс 13 литрийг хураажээ.
Захиргааны журмаар хураагпсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, шийдвэрлэсэн ба 21 насанд хүрээгүй хүнд буюу хориглосон цагт согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулсан зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан 224 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргэж шийдвэрлүүлсэн байна.