Categories
мэдээ нийгэм

Далай лам ВВС-д ярилцлага өгчээ

Буддын шашны тэргүүн Далай лам BBC-д ярилцлага өгсөн байна. Өдгөө 79 настай Дээрхийн гэгээнтэн өөрийгөө Буддын шашны хамгийн сүүлчийн тэргүүн байж магадгүй хэмээн ярьжээ. Түүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа хойд дүрийг нь тодруулахгүй байх нь дээр гэдгийг ч онцлов. Учир нь зохисгүй хүмүүсийг хойд дүрээр тодруулах аюултай гэжээ.

Италийн Ром хотноо саяхан Нобелийн шагналтнуудын уулзалт болсон билээ. Энэ үеэр католик шашны тэргүүн Ромын пап Далай ламтай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байжээ. Гэвч католик шашны тэргүүнулс төрийн шалтгааны улмаас татгалзаад “Хятадын нөхцөл байдал хүнд байгаа” хэмээн тайлбарласан байна.

Хятадын эрх баригчид Далай ламыг улс орныг тараан бутаргах бодлого явуулдаг хэмээн буруутгаж улс төрийн болон шашны зүтгэлтнүүд түүнтэй уулзахад эсэргүүцэл илэрхийлдэг билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилж, 14.00 цаг болгосон. Гэвч 15.00 цаг өнгөрсөн ч чуулганы хуралдаан эхлээгүй байна. Энэ нь парламент дахь улстөрийн намууд дунд үл ойлголцол үүссэнтэй холбоотой байж мэдэх аж.

Намууд Засгийн газрыг хамтран байгуулахдаа 15 яаманд 15 дэд сайд томилохоор квотоо хуваасан байсан ч Ардчилсан нам бусад нам, эвсэлтэйгээ зөвшилцөлгүй хоёр яамыг хоёр дэд сайдтай байхаар болгож, нэмсэн аж. Мөн Засгийн газрын хуралдаанаас өчигдөр зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо сайдтай нь зөвшилцөөгүй гэдэг маргаан үүссэн байна. Энэ мэт байдлаас болж, чуулганы хуралдаан хойшлоод байгаа тухай мэдээлэл байна.

Мөн үүссэн асуудалтай холбогдуулж, өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж магадгүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөхийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд Байнгын хорооны гишүүдийн олонх чөлөөлөхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасан байдаг. Хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй”-н үлгэрийн ном Монгол хэл дээр хэвлэгдэнэ

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ хүрээнд зохион байгуулагчид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Цөмөөхэй” балетын тайлбар, үлгэрийн номыг монгол хэл дээр хэвлүүлэхэд бэлэн болжээ.

Ингэснээр хүүхдүүд “Цөмөөхэй”-н турхай үлгэр, бүжгэн жүжгийн талаархи ойлголттой болох боломжтой юм. Цаашид жил бүр уламжлал болон тоглогдох энэхүү балетын зохиолоор хүүхэлдэйн кино бүтээх төсөл хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү балет нь Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Дросселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхашруулж байгаагаар эхлэх бөгөөд дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлсөн бүжгэн жүжиг болжээ. “Цөмөөхэй” нь 1892 онд анх удаа тайзнаа амилж байсан ба өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой уламжлал болтлоо хүрч чадсан сонгодог балет болжээ.

Categories
мэдээ нийгэм

Urgudul.mn цахим хуудсыг нээлээ

Өргөдлийн байнгын хорооноос Urgudul.mn цахим хуудсыг нээжээ. Цахим хуудсын нээлтийг өчигдөр хийсэн юм. Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа “УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хийгдсэн. Энэхүү цахим хуудсыг нэвтрүүлснээр иргэдээс УИХ-д өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж бүрдэнэ” гэдгийг өгүүлж байсан.

Categories
мэдээ нийгэм

“Christmas Night” тоглолт болоход хоёр хоног үлдлээ

Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна.
Улсын филармонийн дэд дарга Г.Батхуяг. Улсын филармоноос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт 12- р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд тоглоно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцоно.
Улсын филармони 2015– оноос бүх нийтийн боловсролыг дэмжих ХӨГЖИМ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан тус тоглолтыг үзвэрийн танхимд хүрэлцэн ирсэн үзэгчиддээ толилуулахаас гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдэд Юнивишний IPTV-ийн 88-р сувгаар дуу, дүрсний өндөр чанартайгаар орчинд нь байгаа мэт шууд хүлээн авч үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тоглолт онцлогтой юм.
Тоглолтын хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар
“Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирониясудьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм. Мэдээж тоглолт маань тайз засал талаасаа ч шинэ жилийн уур амьсгалыг танд бүрэн мэдрүүлэх болно. Манай тоглолтод саатаж шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч үзэж, сонсохыг урьж байна” хэмээн ярьсан.
Шинэ жилийн шилдэг хөгжмийн “Christmas night” тоглолтын тасалбарыг СТӨ, Улсын филармонийн билетийн касс /70148012 / худалдаалж буй бөгөөд 1900-1617- үнэгүй хүргэх , www.easyticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтой аж. Мөн та юнителийн хэрэглэгч бол GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр тасалбар авч болох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч гомдол гаргажээ

ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа н.Амардорж хуулиас гажсан шийдвэр гаргасан нь зарим хоригдлуудын эрхэнд халдсан үйлдэл болоод байгааг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тус хорих ангийн дарга н.Амардорж нь Үндсэн хуульд заасан хүнлэг байх эрхийг зөрчсөн, шоронжсон байдлыг дөвийлгөсөн шийдвэр гаргасан талаар өмгөөлөгч Г.Батбаяр гомдол гаргажээ. Тэрбээр ярихдаа “н.Амардорж дураараа шийдвэр гаргаж “Хоригдлууд манай хорих ангид ирснээсээ хойш заавал зургаан сар хоригдсоныхоо дараа магадлангаар суллагдах ёстой” гэсэн аман шийдвэр гаргасан байгаа юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан хугацаанаас өмнө тэнсэн харгалзах, магадланд хамрагдах боломжийг хаасан үйлдэл болж байна. Тухайлбал, миний үйлчлүүлэгч болох Г.Сарангэрэлийг хугацаанаас өмнө тэнсэн харгалзах боломжоор хангагдах эрхийг нь хязгаарлалаа. Эрүүгийн хуулийн 74.1.3 дахь хэсэгт хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд эдлэх ялынхаа ½-ыг эдэлсэн бол магадланд орж буюу хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж болно гэж заасан байдаг. Гэтэл н.Амардоржийн гаргасан шийдвэрээр боломжгүй болж байна. Жишээлбэл, хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт 2 жил хоригдсон этгээд 461 урьдчилан хорих ангид 1.6 жил хоригдоод энэ ангид ирэхэд хугацаанаасаа өмнө суллагдах ямар ч эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 74 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж чадахгүй болж байна.” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

”Шар” хочит Э.Энхбатын ялыг нэг жилээр бууруулжээ

“Шар” хочит Э.Энхбат нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд өчигдөр хэлэлцжээ. Э.Энхбат байлдааны сум олноор хадгалсан, хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн, олж авсан хэрэгт буруутгагдсан бол Э.Ширбазар, Ш.Амармэнд нар түүний хар тамхины хэрэгт хамсаатан маягаар холбогдсон байдаг. Өмнөх шатны шүүхүүдээс Э.Энхбат 2.5 жил, нөгөө хоёр нь 5 сар хорих ял авч байсан. Харин Дээд шүүхээс Э.Энхбатын хар тамхины хэрэгт нь ноогдуулсан 1.5 жилийн ялыг Э.Ширбазар, Ш.Амармэнд нартай тэнцүүлж 5 сар болгож, хууль бус галт зэвсэг хадгалсан хэргийнх нь ялыг хэвээр үлдээжээ.

Categories
гадаад мэдээ

“Рио-2016” олимпийн наадмын бэлгэ тэмдгийг Винисиус, Том хэмээн нэрлэжээ

Бразилийн Рио де Жанейро хотноо болох зуны олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгүүдэд нэр өгөх санал асуулгыг интернэтээр явуулж Винисиус, Том хэмээн нэрлэхээр болжээ. Тус улсын ард иргэдийн 44 хувь нь улсынхаа алдарт хөгжмийн зохиолчид болох Винисиус, Том нарын нэрээр нэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Бразилийн байгалийн үзэсгэлэнг илтгэн харуулах сармагчин болоод тотийг зэрэг илэрхийлсэн шар өнгөтэй бэлгэ тэмдгийг Винисиус, цэнхэр ногоон өнгөтэй, цэцэгт модыг илэрхийлсэн тэмдгийг Том хэмээн нэрийдэж байгаа аж. Бэлгэ тэмдгийг ийнхүү албан ёсоор нэрлэснээр 2016 оны наймдугаар сарын 5-нд эхлэх зуны олимпийн наадам, паралимпийн наадмын бэлгэ тэмдэг 600 өдрийн хугацаанд дэлхийгээр аялж, олимпизмыг сурталчлах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлдлээ

“Шилэн дансны хууль” шинэ оны эхний сарын эхний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил дуусахад 14 хоног үлдлээ.

Энэ хууль хэрэгжиж эхлэх хугацаа ойртсоныг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад мэдээлэх, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтны төлөөллүүдэд зөвлөгөө өгөх зорилготой “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт зөвлөгөөний үеэр хэллээ.

Хууль хэрэгжүүлэгч байгууллага нь төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг нээлттэй ил тод мэдээлэх үүрэгтэй, мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан ард иргэдэд хүргэх хуулийн заалттай гэж тэрээр анхаарууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгох Ерөнхийлөгчийн санаачилга ажил хэрэг боллоо. Энэ тогтолцоо нь ухаалаг төрийн суурь үзүүлэлтийн нэг юм гэлээ.

Засгийн газар “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” баталж, хууль, журмыг олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн эрх захирагч нарт өнгөрсөн сараас тусгайлан сургалт зохион байгуулж эхэлсэн, 2500 орчим хүн хамрагдсан бөгөөд ирэх долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.