Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын нийгмийн БАРОМЕТР

“MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр-IV” судалгааны үр дүнг толилуулж байна. Энэхүү судалгааг 2014 оны арванхоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд гүйцэтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамрууллаа.

Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргаж байх юм. Тайлангаа “Өдрийн сонин”-той хамтран олон нийтэд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уралдааны эхний шатанд дүүрэг тус бүрээс шилдэг хүүхдүүдийг шалгаруулах бөгөөд дүүргүүдээс шалгарсан хүүхдүүдийн материалыг энэ сарын 22-ны дотор нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ирүүлнэ. Тэмцээнийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 төрөлд шалгаруулж урамшуулах юм. “Нийслэлийн шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл болохуйц авъяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаантай, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, улс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн юм. Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн эсэх талаарх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Мөн Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, мөн баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Хоригдол оргожээ

ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих 411 дүгээр ангиас өчигдөр хоригдол оргожээ. Өчигдөр оройн 20.30 цагийн үед тус хорих ангийн “Амьдралын бүс”-д ажил хийж байсан Алтаншагай гэгч хоригдол оргосон байна. н.Алтаншагай нь өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 16 настай эрэгтэй аж. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловрсууллаа

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор Налайх дүүргийн Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг “Нью-Урбанизм” ХХК, Инженерийн хангамжийн зураг төслийг “Инж байгууламж” ХХК, Геодезийн хэмжилт, дэвсгэр зургийн боловсруулалтыг “Орд геод” ХХК, Инженерийн геологийн судалгааг “Хангай инжгео” ХХК боловсруулжээ.

2013 оны байдлаар Налайх дүүрэгт Нийслэлийн нийт хүн амын 2,7 хувь буюу 9294 өрхийн 33234 хүн ам оршин сууж байна. Ам бүлийн дундаж 3,6, ердийн өсөлт 1,9 хувь, механик өсөлт 1,5 хувьтай, нийт өрхийн 15 хувь нь эмэгтэй өрх толгойлочтой байна. Хэдийгээр уул уурхай нь хаагдсан ч айл өрхийн гол амьжиргааны эх үүсвэр байсаар байгаа юм. Дүүргийн төвийн орчимд барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг 20-иод аж ахуйн нэгж байдаг. Энэ хоёр үйл ажиллагаа нь улиралын чанартай бөгөөд тус дүүргийн голлох ажлын байр болдог байна. 2012 оны байдлаар дүүргийн хэмжээнд 11578 хүн ажил эрхэлдэгээс 50,1 хувь буюу 5803 нь эмэгтэйчүүд байна. Ажил эрхлэлтийн байдал нь 2012 онд 1326 ажлын байраар цөөрч байсан бол 2013 онд 1,06 хувиар өсчээ.

Налайх дүүргийн одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөний үндсэн зарчим болох төвлөрлийг сааруулах бодлого, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад тус дүүргийн эхлэх байр суурь, дэд бүтцийн хөгжил, эдийн засаг, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Барилгын материалын аж үйлдвэрийн парк, барилгын материалын худалдан борлуулах бөөний төв, Улаанбаатар тээвэр логистикийн төвийг ойрын жилүүдэд байгуулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэх, Нэг өрхөд ноогдох ажиллагсдын тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа зэргээс 2030 он гэхэд 22094 өрхийн 77564 хүн амтай өрх болно гэж тооцож байна. Үүнийгээ дагаад орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн хангамжийн хүрэлцээ, шаардлага бий болох төлөвтэй байна. Тухайлбал төлөвлөлтийн хугацаанд Налайх дүүрэгт шинээр бий болох өрх, шинэ ажлын байр нэмэгдэхтэй холбогдон нийт 10324 айлын орон сууцны шаардлага байхаар тооцжээ. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэн бүрт газар өмчлүүлбэл 3585,2 га газрын хэрэгцээ гарах тооцоо байна. Харин хүүхдийн тооноос хамаарч ерөнхий боловсролын 7 сургууль, 12 цэцэрлэг, 3 эмнэлэг, спорт цогцолбор, кино театр, номын сан зэргийг нэмэж барих шаардлагатай.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хамгийн гол нь дэд бүтцийн асуудал. Ерөнхий төлөвлөгөөнд дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэхээр тооцсон талаар тодруулахад Авто зам, дулаан, усан хангамж, цахилгааныг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа. Тухайлбал дулаан хангамжийн төлөвлөлтийг нэгдсэн хоёр эх үүсвэрээс хангахаар тооцож шинээр нэг эх үүсвэр төлөвлөсөн. Шинээр төлөвлөж байгаа шугам Налайх дүүргийн төвийн хэсэгт ф219*7мм-ф720*8мм хоолой 9,3 км шугам, 19 ус дулаан дамжуулах төвөөр дамжуулан дулаанаар хангана. Төлөвлөлтийн хугацаанд Городокийн хэсэгт шаардагдах дулаан 83.88 мВт байх бөгөөд 8 ширхэг ус дулаан дамжуулах төв байрлуулахаар төлөвлөсөн. Харин автозамын хувьд хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдож, одоо ашиглагдахгүй байгаа төмөр замыг ажиллагаанд оруулна гэж тооцож байгаа гэлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Налайх дүүрэгт “Барилгын материалын үйлдвэр технолргийн парк” байгуулахаар шийдвэрлэж, ажил нь эхэлсэн энэ асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал хэлсэн юм.

Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Налайх дүүргийн иргэдэд танилцуулж, санал авсан гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж хэлсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг асуудлыг дэмжиж, Налайх дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнө эртний түүх соёлт өмнөд Хятадын нутгаар

Монголын сэтгүүлчдийн эвлэл, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Өмнөд мужийн зарим хотоор Монголын сэтгүүлчдийн төлөөлөл саяхан аялаад ирсэн. Дэлхийн эдийн засгийг хөгжлөөрөө тэргүүлж АНУ-ыг ардаа орхино гэсэн томоохон зорилт тавьсан урд хөршийн маань нэн хурдацтай хөгжил нүднээ илхэн байлаа.

Монголчуудын сайн мэдэх Тьянжины боомтын хүчин чадлыг хоёр нугалах дайны дэлхийд эхний тавд жагсдаг чингэлгийн тээврийн далайн усан боомт Нингбогоор бид зочилсон. Өдөрт л 10 мянган чингэлэг оруулж гаргадгаараа үнэнхүү нүсэр боомт аж. Дэлхийн 100 гаруй орны 600 усан боомттой худалдааны сүлжээгээр шууд холбогдон хамтарч ажилладаг Нингбо нь далайн тээврийн хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд зүүн Хятадын чиглэлд газрын тос, нүүрс тээвэрлэх томоохон бааз суурь болдог юм байна. Нүүрс гэх энэхүү гайхалтай байгалийн түүхий эдийг далайн усан боомтоор маш бага өртгөөр тив алгасан арилжаалах хамгийн тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц газар зүйн байрлал Нингбо боомтод цогцолсон нь эдийн засгийн хувьд нэн таатай өндөр ашигтай байх боломжийг нэгэнт хэдэн үеэрээ бий болгож чаджээ.

Мөн Жоүшань хотын ойролцоо орших буддын алтадсан бурхны сүрлэг биширмээр байдал нь тэрхүү агуу бүтээн байгуулалт нь хүмүүсийн сүсэг бишрэл сайн сайхны оргилд хүрч орших гэсэн агуу тэмүүлэл, итгэл үнэмшил ямар агуу гайхамшгийг бүтээж чаддагийн нэгэн тод жишээ байв. Зөвхөн хөшөөний цогцолбор хэсэгт 200-гаад сая юанийн хөрөнгө оруулалт хийж өөрсдийн хөрөнгөөр босгосон Хятадын хоёр бизнесмений тухайд сонсоход мөн л бахархах сэтгэгдэл төрсөн юм. Харин сүсэгтэн олон 800-гаад сая юанийн хөрөнгө цуглуулж хандивласан гэнэ лээ. Жил бүр 6-8 сая жуулчин Дарь эхийн энэхүү бурханы цогцолборт ирж мөргөн сүсэглэдэг.

Далайн эрэг дээрх буддын диваажин гэгдэх энэхүү бурханы хөшөө дурсгал нь Хятадын дөрвөн том буддын төвийн нэг бөгөөд өршөөл энэрэл, сүр хүч эерэг энергийн бэлгэдэл болдог аж.

Бид Жежьян муж Ханжоу, Жөүшань, Шаошинь гээд түүхийн дурсгал соёлын өвийг гайхалтай хадгалж хамгаалж ирсэн эртний сурвалжит хотуудаар аялсан. Аль 1561 онд 70000 номын цуглуулгатай байсан эртний Хятадын нэрт яруу найрагч эрдэмтэн судлаач Фан Шиний номын гэр музей, XVIII-XIX зуунд ажиллаж байсан мөн л нэн эртний мужийн банкны өрөө тасалгаа ширээ сандал, төмөр зоосон мөнгөө хадгалдаг байсан газар доорх агуулах нь хүртэл тэр хэвээрээ хадгалагдаж байх юм. Жөүшань хотод дэлхийд ганцад тооцогдох далай дээгүүр 45 км тавьсан гүүр, Дорно дахины Венец гэж алдаршсан Шаошинь хотын дундуур урсах нууранд хөвөх тосгоны завьчдын ховор сонин агшинг харахуйяад нээрээ л Азийн Венецид ирсэн мэт сэтгэгдэл яахын аргагүй төрнө. Шаошины эртний суурин Аньчанд Хятадад төдийгүй дорно зүгт алдаршсан 20 жил дарсан тансаг амтат шар архинаас тамшаалж, хүнсний жанг хэрхэн 30 жил дарж бий болгодог тухай нүдээр үзэж сонирхов оо.

Дэлхийн 100 гаруй оронтой интернэт онлайн сүлжээний худалдаа хийж байгаа “Алибаба” нь Зүүн өмнөд Азидаа төдийгүй Латин Америк, Европод ч хүрээгээ тэлж амжжээ. Дэлхийн аль ч өнцөг булангаас онлайн сүлжээгээр өөрсдийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг захиалж хамгийн богино хугацаанд авч, худалдан борлуулж болох арилжаа наймааны орчин үеийн энэ аварга сүлжээнд 4000 орчим мэргэжлийн маркетер менежерүүд ажилладаг юм байна. Бидний хальт ороод гарсан “Алибаба” төв нь бүхэл бүтэн орон сууцны томоохон хороолол аятай үргэлжилж байсан нь ямархуу нүсэр бүтэц, баг тэнд ажиллаж байгааг нотолж байв. Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг өсөлт дэвшлээрээ харуулж чадсан онлайн худалдааны компани болох “Alibaba Group Holding” нь АНУ-ын биржид хувьцаагаа арилждаг хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болж чаджээ. “Alibaba” Нью-Йоркийн биржид IPO хийсэн даруйдаа хувьцаа нь 38 хувиар өссөнөөр тус компанийн үнэлгээ $231.4 тэрбум хүрсэн юм байна. Өөрөөр хэлбэл, Хятадын тэргүүн баян Жак Магийн энэхүү компани Америкийн өрсөлдөгчид болох Amazing.com болон EBay-ийг нийлүүлснээс ч том компани болчихоод байгаа аж. Тодруулбал, “Standart & Poor/s” 500 индекс бүртгэлтэй 500 компанийн зөвхөн 10 нь л “Alibaba”-аас томд тооцогдохоор болж байна. Тус компани яг биднийг энд аялж явах үед Нью-Йоркийн биржид IPO хийж $21.8 тэрбумын хөрөнгө босгож түүхэн амжилт гаргасан тухайгаа бидэнд мэдээлж байсан. Дэлхийн бараг 1 номерын тэрбумтан Жак Ма 1999 онд Ханжоу муж дахь байрандаа “Алибаба” компанийнхаа үйл ажиллагааг анх эхлүүлж байсан бөгөөд тухайн үед 60 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Харин одоо түүний хөрөнгө $26.5 тэрбум болж өсөөд байна.

Манай аяллын багийн очсон нэг гол газар нь БНХАУ-ын хамгийн томоохон хэвлэлүүдийн нэг болох “Өдрийн сонин”-ы газар байлаа. Миний ажилладаг сонинтой ижил нэртэй болоод ч тэр үү нэрнээсээ эхлээд дотно санагдаж байсан. Өдөр бүр хагас сая ширхгээр хэвлэгдэж бүх Хятад даяар тардаг энэ сонин өглөө, оройн тусгай дугаар гаргадаг атлаа сонирхолтой нь зах хязгаар муж нутгууддаа өөрчилсөн ямар ч хувилбаргүйгээр шууд хүргэдэг юм байна. Учир нь Японы “Юмури Шинбун” зэрэг өдөр тутмын томоохон хэвлэлүүд орон нутаг зах хязгаар нутагт хүргэдэг тухайн өдрийн дугаарынхаа тодорхой хэсэг нүүр талбайг тэрхүү орон нутгийн аж амьдрал, нөхцөл байдалд нь тааруулан бэлтгээд тараадгийг бид мэдэх билээ. Энэ сонин төр засаг, улсын мэдлийн хэвлэл болоод ч тэр үү ганцхан намын системтэй энэ оронд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэлийн консул, нийтлэлийн талаарх аливаа гомдол санал, шүүхдэх, цагдаадах зэрэг Монголын хэвлэл мэдээлэлд хэдийнэ танил, өдөр болгоны шахуу яригддаг сэдэв, асуудлууд огт байдаггүй юм байна.

6000 сэтгүүлч, ажилтан албан хаагчтай энэ аварга хэвлэлийн байгууллагын гаргасан бүтээлээс ямар ч гомдол санал манайхны хэлж хэвшсэн нөгөө нэр төр сэргээлгэх, шүүхэд дуудагдах хэрэг гардаггүй юмуу гэсэн бидний асуултанд зар рекламын асуудал дээр нэр томьёог буруу нийтэлснээс болж ганц нэг удаа гомдол ирж байсан гэж ерөнхий редактор нь хэлэхэд бараг л долоо хоног бүр алгасалгүй бичиж нийтэлсэн зүйлийнхээ төлөө шүүхэд дуудагддаг Монголын сонингуудын хувьд нэг талаар амар ч юм шиг атлаа нөгөө талаар ээ дээ энэ нэг л биш ээ хэмээн гайхахад хүргэснийг нуух юун. “Өдрийн сонин”-ы энэ редакци бүх Хятад даяар сониноо хийж тараадаг атлаа 8 сая гаруй хүн амтай Өмнөд монголчуудад зориулсан монгол хэлний хавстралтгүй монгол хэлний редакци, хэлтэс тасаггүй гэнэ лээ. Аль ч хэвлэл сонины газар тохиолддог сэтгүүлч ажилд авах солих, урамшил шагнал олгох, дундаж цалин гээд нийтлэг зүйлүүдээс нь сонирхоход манай сонингуудын жишигтэй ойролцоо санагдсан. Ажилд шинээр орж байгаа хүн гурван сар хүртэл 3000, хамгийн тогтвортой ажилласан авьяаслаг нэгэн нь 10000-15000 юанийн цалин урамшуулалтай байдаг, оны шилдэг ажилтан шилдэг бичлэгийн шагналыг эдийн засгийн, улс төрийн, урлаг соёлын шилдэг бичигч гэх маягаар маш өргөн хүрээнд шалгаруулж алдаршуулдаг тухайгаа танилцуулж байсан. Редакцийн нэг давхарт сониныхоо анхны дугаараас эхлээд бүх л дугааруудыг электрон дэлгэцээр хэдхэн секундын дотор гаргаад үзэж ашиглан хувилаад авчихаж болох цахим самбарууд нь манайд шууд нэн даруй хэрэглэж нэвтрүүлж болох хувилбар санагдсан.

Сэтгүүлчдийн уйгагүй хөдөлмөрөөрөө үлдээж буй улс гэрийн түүхийн нандин өв болох сонины хуудаснуудыг хүссэн болгон номын санд биш тухайн редакци дээр нь ирээд ийнхүү үзэж авч хэрэглэж болох нь нэн таатай. Харин Монголын сэтгүүлчид бид мэргэжил нэгт хятад нөхдийнхөө редакцийн дотоод нөхцөл, байр байдал, өрөө тасалгааг орж үзэх санал тавьсан ч тийш нэвтрүүлээгүй нь сонирхолтой санагдсан. Гэхдээ тэнгэр баганадсан 20, 30 давхар зэргэлдээ хоёр аварга шилэн барилга зөвхөн “Өдрийн сонин”-ы редакцийн байр гэсэн нь яавч гайхалтай орчинд ажилчин “зөгийнүүд” ажлаа амжуулан оволзож байгаа байх даа гэх бодол төрж байсан юм. Ер нь бидний очсон, орсон нүдээр харсан болгоноос Хятад орны эдийн засаг ямар хурдацтай хөгжиж байгаа, яалт ч үгүй аварга их гүрэн болж байгаа нь тэр тусмаа Америк хөгжил америк хэв маягийг тун удахгүй ардаа орхих нь бэлхнээ харагдаж байсан юм.

Монголчууд бид харин тэрхүү их хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлж зэрэг алхаж чаддаггүй юмаа гэхэд хол хоцрохгүй юмсан даа.

NTV телевизийн захирал Ц.Энхбатаар ахлуулсан энэ удаагийн манай багт М.Наранбаатар (МҮОНТВ), Б.Энхбат (NTN телевиз), Б.Нармандах (UBS телевиз), Ц.Баяраа (MCS групп), Т.Дашням (Өдрийн сонин), Ж.Жаргалсайхан (Сайтын холбоо) Т.Дархан-Хөвсгөл (News.mn), Ц.Батбаатар (Монгол Фото сэтгүүл), Д.Догсом (МОНЦАМЭ агентлаг), М.Гантулга (МСЭ-ийн Дархан салбар), О.Бат-Ундрах (Өнөөдөр сонин), Ш.Отгожаргал (Ардчилал сонин) Д.Цэдэн-Иш (Интерком компани), Г.Пүрэвдорж (Сэтгүүлчдийн эрүүл мэндийн салбар) нарын сэтгүүлчид оролцсон юм. Энэ дашрамд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэлийн албаныхан болон эрхэм нөхөр Гэ Гун Жы, Баянжаргал, Уртын дууч Сурнаа нартаа аяллын багийнхны өмнөөс талархлаа илэрхийлье.

Т.ДАШНЯМ

Categories
мэдээ эдийн-засаг

Оюу толгой ирэх онд 195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ

“Туркойз хилл ресурс” компани өнөөдөр Оюу толгойн үйлдвэрлэлийн ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг танилцууллаа. Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гал гарснаас хойш гурван хоногийн дараа буюу энэ сарын 6-нд үйлдвэрлэлийн ажиллагаа нь дахин эхэлж, хагас өөрөө нунтаглах тээрэм хоёулаа, дөрвөн бөмбөлөгт тээрмээс гурав нь одоо хэвийн байдлаар ажиллаж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн усан ангилагчийн хэсгийг засварлах ажил эрчимтэй явагдаж байгаа гэнэ. Гурваас дөрвөн долоо хоногийн дотор дуусах төлөвтэй байна гэж тус компаниас мэдээллээ. “Туркойз хилл” компани энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Ирэх онд Оюу толгой 175.000 – 195.000 тонн зэс, 600.000 -700.000 унц алт үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Энэ оны Оюу толгойн техникийн тайлангаас хэмжээний хувьд хэлбэлзэлтэй байгаа нь цаг хугацааны шалтгааны улмаас уурхайн үйлдвэрлэлийн хуваарьт болон уурхайн зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт гарснаас болжээ. Үйл ажиллагааны зардал нь ойролцоогоор 900 сая ам.доллар байх нь. Хөрөнгө оруулалтын зардал нь 230 сая ам.доллар байх аж. Үүнээс 185 сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх юм байна. “Оюу толгой компани мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, санхүүгийн гүйцэтгэлээ сайжруулахад чиглэсэн зардлаа бууруулах, бүтээмжээ дээшлүүлэх шинэ санаачилга хэрэгжүүлэн үйл ажиллагааны үр ашигтаа анхаарлаа төвлөрүүлэн ажилласаар байна. Үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын зардлын мэдээллийг Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу хийсэн. Манай компани ирэх оноос санхүүгийн тайлангаа энэ стандартын дагуу хийх болно” гэж Туркойз хилл ресурс компанийн мэдэгдэлд дурджээ.

Ц.БИЛИГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Монголчууд “Өдрийн сонин”-г хамгийн их уншдаг гэжээ

МПО” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр-ЬВ”судалгааны үр дүнг толилуулж байна. Энэхүү судалгааг 2014 оны арванхоёрдугаар сарын 12-14 ны өдрүүдэд гүйцэтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамрууллаа.Тус судалгаанд телефон утасны судалгааны аргыг ашиглаж мэдээлэл цуглуулсан бөгөөдцаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргаж байх юм. “Та ямар сонин уншдаг вэ” гэсэн судалгаанд хамгийн олон хүн “Өдрийн сонин”-г уншдаг гэж хариулжээ. Монгол Улсын өдөр тутмын “Өдрийн сонин” орон даяар хамгийн олон захиалагч, уншигчтай нь үүгээр батлагдаж байна.


Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Баясгалан Чикагод “Би Эдип Пиаф байна” жүжгээ тоглоно

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” моно, мюзикл драмын жүжгийг бие даан тайзны бүтээл болгож үзэгчдэдээ хүргэж байсан билээ.

Монголд анх удаа нэг хүний драмын жүжгийн төрлөөр уран бүтээлээ хийсэн авьяаслаг жүжигчин бүсгүй хэд хоногийн өмнө АНУ-ыг зорьжээ. Өнөөдөр тус улсын Чикаго хотын “Мэдисон Стрийт” театрт “Би Эдип Пиаф байна” жүжгээ тоглох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн гулгуурын талбайг өнөөдөр нээнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингис хааны талбайд 2 дахь жилдээ байгуулахаар болж, энэ сарын 10-наас засч эхэлсэн бөгөөд өнөөдөр нээгдэх аж. Уг мөсөн гулгуурын талбайд нийслэлийн иргэд, хүүхэд залуус хоёр дахин хямд үнэ буюу нэг цагийн 1500 цагаар үйлчлүүлэх юм байна.

Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн аж.