Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд гурван эмнэлэг байгуулна гэв

Ерөнхий сайд Ч.СайханбилэгУИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ гурван ч эмнэлэгтэй болох шийдэл хэлжээ.”Бид зөв менежмент хийвэл бололцоо нөхцөл байнга байдаг гэдгийг харуулахын тулд манай Засгийн газар гурван шийдвэр гаргалаа. Хүүхдийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй, хүүхэд эх,сахиурууд хонгилд гудсан дээр унтаж,эмчлүүлж байгаа учраас хуучин ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, Энх тайвны гүүрний доорхи гаднаа зогсоолтой том байрыг богино хугацаанд хүүхдийн шинэ эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ. Мөн оффисийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Ордны ар дахь шинэ барилгын зориулалтыг өөрчилж, шинэ эмнэлэг байгуулах ажлыг судлан хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайдад үүрэг болголоо. Яармагийн дэнжид сүүлийн хэдэн жил дараалан эзэнгүй, балгас болон хувирсан, төсвөөс дахин арав хорин тэрбум төгрөг нэхэж байгаа эмнэлгийн дуусаагүй барилгыг хувийн компаниар концессоор дуусган цаашид хувийн менежментээр, зориулалтаар нь эх нялхсын болон нэгдсэн шинэ эмнэлгийг байгуулах зохих шийдвэрүүд гаргахаар ажиллаж байна. Шинэ зуун гараад нэг ч шинэ эмнэлэг барьж чадаагүй байгаа бидэнд гурван ч шинэ эмнэлэгтэй болох бололцоо ийнхүү гарч байна гэсэн үг. Бодлого нь зөв зарчим дээр суурилсан байхад жаахан сэтгэл, зүтгэл, ойлголцол гурвыг нэмээд өгөхөд бид олон асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна аа гэдгийг л энд гол нь жишээ болгох гээд байна” хэмээн тэр тайлбарлав.

Categories
мэдээ улс-төр

Налайхын Засаг даргыг огцруулжээ

Налайх дүүргийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр болж, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах санал оруулж хэлэлцэн, төлөөлөгчдийн олонх дэмжиж, түүнийг албанаас нь огцруулсан байна.

Огцруулах үндэслэлд 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2.7 тэрбум төгрөгөөр хийсэн ажлууд нь хангалтгүй, тооцоо, судалгаа, зураг төсөл нь хийгдээгүйгээс 324 сая төгрөг эргэн татагдсан. Дүүргийн ИТХ-аас жил бүрийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг Засаг даргад үүрэг болгодог. Гэтэл энэ үүргээ үл ухамсарлан ИТХ-аас батлаагүй газруудад дур мэдэн газар олгосоор ирсэн. Ингэхдээ хууль бус захирамж гарган өөрсдийн танил тал, найз нөхөд, намын гишүүддээ газар олгосон зэрэг үндэслэлийг дурджээ.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно”-ын шилдгүүд 25-нд тодорно

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга дуусах шатандаа оржээ. Спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцож байгаа бөгөөд 70 сэтгүүлч саналаа ирүүлээд байгаа аж.

Спортын салбарт ажилладаг сэтгүүлчид гурван тамирчинд санал өгөх эрхтэй юм байна. Энэ удаагийн наадамд 18 тамирчин нэр дэвшиж байгаа бөгөөд “Бөртэ чоно-2014” наадам арванхоёрдугаар сарын 25-нд болох аж.

Ингээд “Бөртэ чоно-2014” наадамд нэр дэвшиж байгаа шилдэг тамирчдыг танилцуулъя.

1.А.Батцэцэг /чөлөөт бөхийн тамирчин/

2014 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотын “Dow Sportoүa” спортын ордонд болсон. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 20 бөх барилдсанаас А.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хьюжинг Вангийг, гуравдугаар тойрогт Германы бөх Женни Сенжерийг цэвэр ялсан байна.Улмаар мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх Нанами Ириег 8:3-аар ялж, алтан медалийн төлөө Украйны бөх Татьяна Киттэй өрсөлдөж 10:0-ээр илт илүүрхсэнээр аварга болжээ.

2.О Бурмаа /МУГТ чөлөөт бөх/

Узбекстан улсын Ташкент хотод 2014 оны чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн болсон. Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртэж дэлхийн бөх гэдгээ баталсан. Мөн тэрээр Азийн 17 дугаар наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ-чоно” наадамд дэвшиж байна.

3. Гар бууны эмэгтэй шигшээ баг

Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртэж, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэгт нэр дэвшлээ.

4.О.Гүндэгмаа /буудлага/

Германы Мюнхен хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа тэргүүлж 2014 оны Дэлхийн цомын АШТ-ий алтан медалийн эзэн болсон бол Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын “Дэлхийн цом”-ын финалын тоглолтод дахин өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тэрээр Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.

5.С.Цэрэнчимэд /Чөлөөт бөх/

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шинэхэн дэлхийн аварга төрсөн нь ОУХМ С.Цэрэнчимэд юм. 20 насандаа дэлхийн бөх болсон тэрээр энэ онд Армийн дэлхийн аварга, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэгт нэрлэгдэж байна.

Удаах байрт Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа анх удаа мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид шалгарсан байна. Мөн Азийн наадмын аварга болсон буудлага спортын тамирчин Ч.Нарантуяа, Азийн наадмын хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга Д.Сумьяа, Азийн наадмын аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нар энэ оны шилдэгт нэр дэвшжээ.

Оны шилдэг эрэгтэй тамирчин

1.Г.Болдбаатар /Жүдо/

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д өрсөлдсөн Г.Болдбаатар аваргын төлөө Оросын бөх Беслан Мудрановыг нутагт нь, шүүгчтэй нь, 140 сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө ялж, дэлхийн аварга хэмээх цолны эзэн болсон юм. Тэрээр мөн энэ онд Азийн наадмын мөнгө, “Их дуулга” болон гранпри тэмцээний алтан медаль хүртсэн билээ.

2.Г.Мандахнаран /Жүдо/

Монголын чөлөөт бөхийн түүхнээ 2007 оноос хойш тасарсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг Г.Мандахнаран 2013 оны Унгарын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлж байсан. Тэгвэл тэр энэ жил дахин хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болсон юм.

3.Д.Болдбаатар /Мото спорт/

Монгол хүн авто, мото спортын олимп буюу “Дакар раллид” хөл тавих эхлэлд тэрээр оролцсон. Харин 2014 онд дахин уралдаж амжилттай өрсөлдсөн. Мөн “Ралли Монголиа”-д түрүүлсэн юм. Мотоспортын шилдгүүдээс ганцаараа “Бөртэ чоно” наадмын шилдэгт дэвшиж байна.

4.Н.Түвшинбаяр / Жүдо/

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Тэрээр энэ жил Азийн наадмын аварга болж гранпри тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар шилдэгт нэр дэвшиж байна.

5.Э.Ням-Очир /Чөлөөт/

Узбекстан улсын Ташкент хотод 2014 оны чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн болсон. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр энэ амжилтаар оны шилдэгт нэр дэвшлээ.

Үлдсэн тамирчдын тухайд Ө.Дүүрэнбаяр /жүдо/-залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, гранпри тэмцээний мөнгөн медальт, Д. Отгондалай /бокс/-Азийн наадмын аварга, Д.Төмөрхүлэг /жүдо/-Азийн наадмын алт, Азийн элсний спортын наадмын алт, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга, Д.Хүдэрбулга /чөлөөт бөх/-ДАШТ-ийн шагналт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл, гранпри тэмцээний хошой хүрэл медальт гэсэн амжилтаар тус тус дэвшжээ.

Оны шилдэг баг

Оны шилдэг багт сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид Азийн наадамд өрсөлдсөн амжилтаар жагссан байна. Тэдний хувьд 11 багаас шөвгийн наймд шалгарч чадсан юм. Мөн элсний наадмын шөвгийн дөрөвт үлдсэн. Харин эмэгтэйчүүдийн хувьд Азийн наадмын 16 багаас шөвгийн наймд үлдсэн амжилтаар тус тус оны шилдэг багт дэвшлээ. Түүнчлэн “Challenge cup” тэмцээний хүрэл медальт хоккейн шигшээ баг нэрлэгдэж байгаа юм. Тэдний хэн нь “Бөртэ чоно” наадмын шилдэг болох нь 25-нд тодрох юм.

Оны шилдэг дасгалжуулагч

Одвогийн Балжинням-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Дамдинбазарын Батсүрэн-Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Дашгомбын Баттулга-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Жамсрандоржийн Баярсайхан-Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Лхагвын Ундралбат-Буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Цэрэнбаатарын Хосбаяр-Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн үндсэн багш

Цэрэнбаатарын Цогтбаяр– Чөлөөт бө­­­х­­­ийн үндэс­­­ний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Шархүүгийн Цэвэлмаа-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар тус тус нэр дэвшжээ.

Categories
гадаад мэдээ

Цас их орсноос есөн хүн амь үрэгдэв

Японд маш их цас орсны улмаас есөн хүн нас барсан тухай мэдээллээ. Тус улсын хойд нутагт хоёр дахь өдрөө цас үргэлжлэн орж байгаа юм.Хокайдо арал, Нигата, Акима, Хирошима зэрэг газруудад хамгийн их цас орсон байна. Оршин суугчид цасаа цэвэрлэхээр дээвэр дээр гарсан байгаад осолдож нас баржээ. Акита мужид гэхэд нэгэн эмэгтэй байшингийнхаа эргэн тойрны цасыг цэвэрлэж байгаад далан руу унаж амиа алдсан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчид маргаашнаас амарна

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн буюу I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргаашнаас эхэлж байна. Бага ангийн сурагчдыг хоёрдугаар улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн. Тиймээс хуваарьт заасны дагуу бага ангийн сурагчид маргаашаас амарч эхэлнэ. Харин дунд, ахлах ангийн сурагчид бага ангийн сурагчдаас 1-2 долоо хоногоор урт хугацаанд хичээллэх юм. Сурагчдын амралт, нийслэлд болоод хөдөө орон нутагт ялгаатай буй. Хүснэгт дэх хуваариас хүүхдүүдийнхээ амралтыг хараарай.

Анги

Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид

Нийслэлийн сургуулийн сурагчид

Бага анги

I.10-II.09

XII.20-I.26

Дунд анги

I.26-II.09

I.03-I.26

Ахлах анги

I.31-II.09

I.10-I.26

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост анх удаа улс төрийн намыг тараав

Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа улс төрийн намын үйл ажиллагааг хориглолоо. Тус улсын Үндэсний хуулийн цэцэд энэ асуудлыг хэлэлцсэний эцэст санал хурааж найман шүүгчид дэмжиж Нэгдсэн дэвшилтэт намыг тараах шийдвэр гаргав. Түүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ийм үзэл бодлыг баримталсан улс төрийн нам байгуулахыг хоригложээ. Нэгдсэн дэвшилтэт намаас парламентын гишүүнээр сонгогдсон Ли Сок Ги болон нэлээд хэдэн гишүүнийг өмнө нь хоёр Солонгосын хооронд дайн гарсан үед засгийн эрхийг булаан авахаар төлөвлөж байсан хэргээр буруутгаж байсан юм.

Хамгийн гол нь тус намыг ардчилсан тогтолцоог нураахыг оролдсон хэмээн буруутгасан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны урд талын автозамын зорчих хэсгийг нээлээ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын 0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж зорчих хэсгийг нээлээ. Тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол” ХХК гүйцэтгэсэн бөгөөд автозам нь 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын банкны холбоог О.Орхон удирдана

Монголын банкны холбооныхон ээжлит хуралдаанаа хийж, дарга удирдлагаа сольжээ. Тус холбооны Ерөнхийлөгчөөр “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон ажиллахаар болсон байна. Өнгөрсөн хоёр жилд банкны холбоог “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд даргалж байсан билээ. Тус холбооны дэд ерөнхийлөгчөөр “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох “Хадгаламж”-ийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг томилсон байна.

Тус албанд өмнө нь “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “ХААН” банкны гүйцэтгэх захирал Норихико Като, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн нар байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын системийн чанараараа 115 дугаар байранд оржээ

Дэлхийн Эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг судалгаагаар манай улс боловсролын системийн чанараараа 122 орноос 115 дугаар байранд оржээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлтээрээ манайхан 89-р байранд жагсч байсан гэнэ. Манай улсын боловсролд зарцуулах төсөв 1992-2012 онд бараг гурав дахин өссөн. Гэвч сургуулийн хүрэлцээ муугаас өнөөдөр нэг бага ангийн багшид дунджаар 45 сурагч, дунд сургуулийн багшид 50-60 ногдож байна. Харин олон улсын жишгээр бол бага ангийн багшид 18, дунд ангийн багшид 14 сурагч ногддог юм байна. Нэг багшид ногдох сурагчийн тоо их байх нь сурлагын чанар, багшийн заах аргад хүндээр тусдаг тул боловсролын түвшин доошилдог учраас олон улсын байгууллага манай боловсролын чанарын үнэлгээг ийнхүү 26 байраа ухраажээ.

Х.Бат

Categories
мэдээ нийгэм

“Google” хамгийн их хайгдсан мэдээллийг тодруулжээ

Хайлтын системийн “Google” корпораци дэлхий даяар хамгийн олон удаа хайгдсан мэдээллийн 2014 оны жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн хамгийн их хайгдсан мэдээллээр өнгөрөгч наймдугаар сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн АНУ-ын нэрт жүжигчин Робин Уильямс нэрлэгдсэн байна.

Хоёрдугаарт Бразил улсад зохиогдсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай хайлт оржээ. Харин гуравдугаарт Баруун Африкт хурдацтайгаар тархаж буй “Эбола” өвчний тухай мэдээлэл бичигдсэн байна.

Эхний 10 байрт эдгээрээс гадна сураггүй алга болсон “Малайзын иргэний агаарын тээврийн 370 нислэгийн дугаартай онгоц”, дэлхий нийтийг хамарсан буяны үйл ажиллагаа болох “Мөстэй усны дуэль”, ухаалаг утастай хүмүүсийн хамгийн их тоглодог тоглоом “Flappy Bird”, Евровишн дууны уралдааны ялагч болсон Австралийн дуучин Кончита Вурст гэсэн хайлтууд жагсаалтад багтжээ.