Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийн тусгал” уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих, хүндэтгэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх утга агуулга илэрхийлсэн “Хүний эрхийн тусгал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарласан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр дүгээр сарын 12-ноос энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан буг уралдаан шилдгүүдээ тодрууллаа.

Уралдаанд 19 оролцогчийн 163 бүтээл ирснээс шүүгчдийн саналаар эхний гурван байр тус бүр нэгийг, тусгай байр 26-г шалгаруулан шагнажээ.

“Хүний эрхийн тусгал” гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт гэрэл зурагчин Г.Өнөболд “Төр өөрийгөө ялсан” бүтээлээр хоёрдугаар байрт гэрэл зурагчин Д.Давааням “Өнгөрсөн, ирээдүйн зааг” бүтээлээр, гуравдугаар байрт гэрэл зурагчин М.Нямсайхан “Аав аа, архи битгий уугаач” бүтээлээрээ, тусгай байрт 26 оролцогч шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг эзэн боллоо.

Тусгай байрт гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан “Хэлмэгдүүлэлтийг бүү март”, “Цагдаа хүч хэрэглэсэн нь”, Б.Уугансүх-“Олз”, Ц.Эpхбаяр “Ажил”, “Цөхрөл”, А.Лхагважав “Салхинд гарсан нь”, Ү.Одбаяр “Ажлын дараах ажил”, “Аав ээжийн нар”, “Ээжийн нар”, “Аз жаргал”, “Гэртээ харих зам”, “Хар цагаан суудал”, Э.Есүнгэ-“Гуйлга гуйж буй хөвгүүн”, Г.Батпүрэв “Би чадна”, Г.Лхагвадорж “Амьд хүмүүс”, Ш.Бэжид “Зөв хэвшил амьдралын баталгаа”, Ч.Нарантуяа “Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”, М.Нямсайхан “Өвлийн уралдаан гэж өрөвмөөр спорт”, “Тайлбаргүй”, “Дүрэм зөрчигч”, “Тэдэнд зориулсан тээвэр бий юу?”, “Олз хайгчид” , “Тэдэнд зориулсан зам бий юу?”, А.Цэвэгмид “Бид бүгд ялгаатай, гэвч бүгд адил оролцох эрхтэй”, Д.Давааням “Монгол наадам”, “Хүүхэд золиос биш”, Ж.Түвшинпүрэв “Эрүү шүүлтээс ангид байх эрхтэй” бүтээл тус тус шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчилэнд өнөөдөр Арван Хангал хурна

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд өнөөдөр бүтэн өдрийн турш Арван Хангал сахиус хурж, орой 19.00 цагийн үед Чойжоо дүгжүү гаргах аж.

Арван Хангал сахиуст Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Лхам, Жамсран, Дамдинчойжоо, Намсрай, Шалши, Цамба сахиус багтдаг байна.

Чойжоо Дүгжүү хэмээх том балинг гаргаснаар насны барцад саад, өвчин зовлон, үгүйрэл хоосрол, үйлс хазайх зэрэг гэм бүгд арилдаг хэмээх тул сүсэгтэн олон дүгжүү гаргахаас өмнө ирж, сайтар залбиран сүсэлж, аврал даатгалыг хийдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Аргалын тоо толгой өсчээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, “Гулзатын санаачилга” ТББ хамтран энэ сард аргаль хонины тооллого хийжээ.
Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчим, Мандахын аараг, Хүрэмийн нуруунд тооллого хийхэд 1541 аргаль бүртгэгдсэн байна. Үүний 797 нь хонь, 314 нь угалз, 310 нь хурга бол 120-ынх нь нас, хүйсийг тогтоож чадаагүй аж. Одоогоос хоёр жилийн өмнө хийсэн тооллогоор энэ бүс нутаг 1046 аргальтай байсан бол түүнээс хойш тоо толгой нь өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт хар сүүлтийн тооллого явуулахад 119 хар сүүлт бүртгэгдсэн байна.Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Categories
мэдээ спорт

“Реал”-ын шинэ улиралын шинэ цом

Мадридын “Реал” баг 2014/2015 улиралын анхны цомоо Марроко улсад зохиогдож байгаа багуудын хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж хүртлээ. Тэд финалын тоглолтод Аргентины “Сан Лоренсо” багийг 2:0 харьцаагаар буулган авч урд өмнө атгаж үзэж байгаагүй цомынхоо эзэд болцгоов. Хожлын бөмбөгийг 37 минутад Рамос, 51 минутад Бэйл хийж ялалтыг авчирчээ. Харин гуравдугаар байрыг Шинэ Зеландын “Окленд Сити” –г торгуулын цохилтоор буулган авсан Мексикийн “Крул Асуль” эзэлсэн гэх мэдээ байна.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоог нэмнэ

Нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилж байна. Даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байхгүй. Тиймээс нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж эхэлжээ. Ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх гэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны долдугаар сарын 31-ний 28 дугаар тогтоолын дагуу 134 төрлийн эмийг өрхийн эмчийн жороор хөнгөлттэй олгоно хэмээн заасан байдаг. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой. Харин тухайн эмчийн өгсөн нэг жор 10 хоногийн хугацаатай байдаг. Харин удаан хугацаанд эмчлэгдэх өвчнүүдэд 30 хоногоор жор олгодог ажээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Холливудад тоглосон Анхням, “Банш” Батаа, “ТВ коктейл”-ийн Өөскөгийн ангийнхан

СУИС-ийн бахархал, тайз дэлгэцийн бүтээлүүдэд мөнхөрсөн дүрээрээ, найруулсан уран бүтээлээрээ ард түмний эчнээ танил болсон эрхмүүдийг энэ удаагийн нэг ангийнхан буландаа урилаа. Тэд СУИС-ийн жүжигчний ангид 1998 онд элсэн суралцсан үеэсээ урлагийн амтыг мэдэрсэн нэг ангийнхан. Тиймдээ ч төдийгөөс өдийг хүртэл жүжигчид нь кинондоо тоглож, найруулагчид нь бүтээлээ найруулж, Монголын урлагийн салбарт өөрсдийн байр суурь, нэр хүндээ нэгэнт олцгоожээ. Мөрөөдлийн теат­­рын жүжигчин “Банш” Батаа, “Ийм нэгэн дурлал”, “Сайн, муу, хэрцгий”, “Ми­ний хөрш чөтгөр” зэрэг дэл­гэцийн олон бүтээлүүдийн зохиолыг бичиж, найруулсан “Миеэгомбо” кино компанийн захирал, продюссер, найруу­лагч А.Миеэгомбо, “ТВ кок­­тейл”-ийн Өөскө, нэрт алиалагч Латиф агсны хүү, жүжигчин Нурбулан, “Чонон сүлд” хэмээх Холливудын кинонд тоглосон жүжигчин Р.Анхням,хөтлөгч, жүжигчин, дуучин Ч.Ундрал гээд яривал эдний ангиас төрөн гарсан алдартнууд олон. Эдний ангийн алдартнууд ингээд дуусахгүй. “ТВ-9”, “ETV” телевизүүдэд ажиллаж байсан сэтгүүлч М.Бүжинлхам, “UBS” телевизийн найруулагч Б.Жаргалсайхан, “Янаг дур­лалын дууль”, Тусгай салаа” зэрэг уран бүтээлээрээ олны танил жүжигчин Т.Ариун­бу­­­лаг, МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга З.Бадамсэд, Монголын Үндэсний радиогийн най­руулагч, хөтлөгч Мөнхбат, “17 чингэлэг инээд” хошиг шогийн гол дүрийн жүжигчин Г.Болормаа, киноны дуу оруу­лагч Т.Солонго, Бат­су­мъ­яа гээд салбартаа амжилттай ажиллаж яваа залуус өчнөөн.

Урлагт элэгтэй, жүжигчин, найруулагч болохыг хүссэн 500 гаруй шалгуулагчдаас эхний 25-д шалгарсан нь СУИС-ийн өндөр босгыг алхан оржээ. Ингэж элссэн оюутнуудын тал нь хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо үнэнч хэвээр сургуулиа амжилттай төгссөн гээд бодохоор СУИС ямархуу өндөр шалгуур, шалгалтаар элсэлчдээ бүртгэн авч, мэргэжлийн хэр түвшинд хичээл номоо зааж, сурч мэдсэнийг нь хэрхэн бодитой, шударга шалгадаг нь бэлхнээ харагдана.

Нэг ангийнхан болзсон газраа цуглаж эхэллээ. Ангийн дарга А.Миеэгомбо ирц бүртгэж байна аа. “Рагчаагийн Анхням саяхан төрсөн, хүүхдийг нь харах хүнгүй болохоор ирж чадахгүй гэдгээ хэлсэн, Төмөрбаатарын Ариунбулаг замд түгжрээд явж байна гэсэн, Мягмарсүрэнгийн Бүжинлхам ирсэн байна, Доржийн Баттөмөр Хөтөлд шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байна, Батсумъяа хоцорч ирнэ гэсэн” гээд бичиг цаас харалгүй цээжээр дуржигнуулж гарав. Тэгснээ “Батаа, Өөскө хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцож, бас хөтөлж байгаа гээд надаас “чөлөө” авсан. Жаргалсайхан бас баярын нэвтрүүлгээ бэлдээд завгүй байгаа. Дараагийн удаа заавал ирнэ гэдгээ амласан” гэв. Ангийнхныгаа овог нэртэй нь, үсгийн дарааллаар нь цээжээр мэдэж байгаагаа “Манай сургуулийн Н.Ганхуяг багш орж ирүүтээ нэгдүгээр салааны эхний ширээнд суусан оюутнаас эхлээд ирц бүртгэнэ. Хүүхэд бүр овог нэрээ бүтнээр нь хэлдэг байсан юм. Эхний оюутан овог нэрээ хэлэнгүүт дараагийнх нь түүнийг давтаж хэлээд, залгуулаад өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Гурав дахь нь өмнөх хоёр оюутныхаа овог нэрийг хэлж, өөрийнхийгөө залгуулж хэлнэ. Энэ мэтчилэн явсаар гуравдугаар салааны хамгийн арын ширээнд суусан хүүхэд бусад бүх хүүхдүүдийнхээ овог нэрийг бүтнээр нь хэлээд, нэрээ хэлдэг байлаа. Дандаа нэгдүгээр эгнээний эхний ширээнээс эхэлж ирц бүртгэхгүй. Хоёрдугаар салааны гурав дахь ширээнээс эхлүүлж ч болно. Тэгэхээр яалт ч үгүй ангийн хүүхдүүдийн нэр овогтойгоо цээжлэгдэнэ биз дээ. Эхэндээ гайхдаг байсан чтөд удалгүй энэ нь хөдөлгөөн дундаа цээжилснээ санах, хэл яриагаа зүгшрүүлэх анхан шатны дасгал байсныг ойлгосон. Энэ бол наад захын жишээ шүү дээ. Энэ мэтчилэн жүжигчний ур чадвар болоод хувь хүн талаасаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдэж, сурч байх ёстой мэргэжил эзэмшсэн хүмүүс дээ бид” гэлээ. Гэтэл М.Бүжинлхам хажуунаас нь “Зурагтаар гарч, тайзан дээр худлаа үнэн үсэрч цовхчин, тас тас хөхрөн эсвэл енгэнэтэл уйлж олны танил, “од” болохынхэнээтэй амьтдыг жүжигчин гэдэггүй юм шүү дээ. Нөгөө талаар тоо бодохоос зугтааж, ном уншихыг хүсдэггүй салбадай шиг нөхдүүд урлагийн замыг сонгодог гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ийм авьяас билиггүй хүн ямар ч аргаар хамаагүй урлагийн зэрэг, дипломоо авлаа ч тайзан дээр гарах нь бүү хэл урлагт хөл тавьж ч чадахгүй. Харин соёлтой үзэгч болж чадна. Үнэн хэрэг дээрээ жүжигчин бол үзэгч олны зүрх хэмээх алтан авдрын түгжээг мулталж, сэтгэл хэмээх эмзэг агаад нандин орон зайд өөрийн үг үйлдлийг шивж үлдээдэг. Ерөөсөө урлагт арын хаалга байдаггүй гэдэг л энэ” гэж байна. Бусад нь ч “Үнэхээр тийм шүү. Жүжигчний хөдөлмөр хичнээн хүнд хүчир болохыг “UBS” телевизийн “Орших уу, эс орших уу” шоу нэвтрүүлэг жинхэнэ утгаар нь харуулж байна даа” гэцгээв.

Эдний ангийнхан дөнгөж нэгдүгээр дамжаанд байхдаа л төгсөх дамжааны оюутнуудтайгаа өрсөлддөг байж. Т.Ариунбулаг “Уран уншлагын тэмцээнд ангиараа ороод, хоёрдугаар шатанд бараг ихэнх нь тэнцчихсэн чинь гуравдугаар дамжааныхан өөр хоорондоо, манай нэгийнхэн чинь бүгдээрээ шахуу дараагийн шатанд тэнцчихэж, ёстой лут юм аа” гэж ярилцдаг байгаа. Тэгэхээр нь ангийнхан дээрээ ирээд дээд курсийн ах эгч нар биднээс айж байна шүү. Бүгдээрээ сайн бэлдээд үзүүлээд өгье гэж урам өгч байсан ч удаатай” хэмээн дурсав.

Жүжигчний ангийнхан учраас нэгнээрээ тоглоом хийх гэж үзүүлж өгдөг байж. Нэг удаа шийтгэлтэй тоглосон чинь Т.Солонго хожигдчихож. Ангийнхан нь ямар ч хамаагүй аргаар 500 төгрөг гаднаас олж ир гэж л дээ. Тэгтэл мань хүн сургуулийнхаа урдуур явсан хүн бүрээс “Уучлаарай, та надад 50 төгрөг байвал өгч туслаач. Ариун цэврийн хэрэглэл авах гэсэн ямар ч мөнгө байдаггүй” гэсээр 500 төгрөг цуглуулж байжээ.

Жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаа ангийн дундаа абсурд нэртэй юм байна. Учир нь тэрээр оюутан ахуйдаа ямарваа нэгэн дүр, бүтээл дээр ажиллахдаа “Абсурд байдлаар хандмаар байна” гээд багагүй хугацаанд бодож тунгаадаг байсан гэнэ. Ингэсний эцэст дүрээ чадварлагаар бүтээхийн сацуу, жүжиглэлт нь хүртэл бусдаас арай өвөрмөц болдог байж. “Мөрөөдлийн театрын шинэ тоглолт болгоны нээлтэндээ ангийнхнаа урьдаг гэнэ. Ангийнхан Батаагаа магтаад жигтэйхэн. “Би юун дээр анхаарвал болох уу? Миний тэр номерийн энэ хэсэг нь хэр болсон байна?, Би ингэж өөрчилдөг ч юм бил үү гэж бодож байгаа” гэхчлэн зөвлөгөө, туслалцаа биднээс байнга авдаг. Яг л оюутан ахуй цаг шигээ. “Од”-ын өвчин тусаагүй гэх юм уу даа. Ер нь ч олон “од”-той хэдий ч өнөөг хүртэл оюутан цагийн зангаараа байдаг. Ямар сайндаа ангийн дарга Миеэ рүү залгаж, учир байдлаа тайлбарлан энэ удаагийн уулзалтаас чөлөө гуйх билээ дээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр бидний зөвлөснөөр эсвэл өөрийн уран сэтгэмжээрээ зарим үзүүлбэр, жүжиглэлт зэргээ үргэлж сайжруулсан нь дараа дараагийнх нь тоглолтуудаас илт мэдрэгдэж байдаг. Ингэж л бие биенээ хурцалж, урам өгч байдаг даа, манай ангийнхан” хэмээцгээв.

Харин эдний ангийн нэг, жүжигчин Анхнямыг 2015 оны хоёрдугаар сард нээлтээ хийх Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн Францын кино найруулагч Жин Жаквиз Аннаудын бүтээл болох “Чонон сүлд” уран сайхны кинонд дүр бүтээсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Франц найруулагч Хятадын уран бүтээлчидтэй хамтран, дэлхийн хэмжээний буюу Холливудын хэмжээний кино хийсэн хэмээн урлаг судлаачид дүгнэсэн билээ. Сарын өмнөөс киноны албан ёсны трэйлер интернэт ертөнцөд цацагдаад эхэлчихсэн бөгөөд олон сая хүн үзээд байгаа. Тиймээс энэхүү уран бүтээлийг Монголын нүүдэлчин өвөг дээдсийн амьдралын үнэн мөнийг харуулсан шилдэг бүтээл хэмээн дэлхий дахинаа ихээхэн хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлээр тодроод буй. Харин түүний тоглосон монгол кинонуудыг нэрлэнэ гэвэл нилээдгүй урт жагсаалт гарах нь тодорхой. М.Бүжинлхам “Ийм дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлнө гэдэг үнэндээ нөр их хөдөлмөрийн үр дүн. Оюутан байх үеэсээ л манай Анхаа авьяаслаг, хөдөлмөрч байсан” гэсэн юм.

Дахиад л хөгжил хөөртэй дурсамж хөврөв. Тайзны хөдөлгөөний сургуулилтаа хийх танхим олдохгүй болохоор нь нэг удаа сургуулийнхаа хажууханд хийжээ. Нэгнийгээ харааж зүхээд, цас бужигнуулан зодолдох залуусыг харсан хүмүүс цагдаа дуудчихаж. Төд удалгүй цагдаа нар иржээ. Баривчилж саатуулахаар ирсэн цагдаа нар өөдөөс нь хараад марсайтал инээлдэх залуусыг хараад гайхаж орхисон гэнэ. Энэ үед л юу болж байгааг ухаарсан Мөнхбат “Бид чинь хүн итгэтэл ийм үнэмшилтэйгээр тайзны хөдөлгөөнөө бэлдлээ гэж үү” гэсэн гэдэг.

Тэд дипломныхоо ажлаараа Европын нэгэн зохиолчийн “Тагтаа” гэдэг жүжгийг тогложээ. Сүргийнхээ ганц эр тагтаанд тоогдох гэж эм тагтаанууд нь байдаг арга чаргаа барцгаадаг тухай жүжиг гэнэ. Эм тагтаанууд эр тагтааны суусан газар нь сууж, алхсан газар нь шогшиж, хийсэн бүх үйлдлийг нь биенээсээ өрсөн хийдэг өрнөлтэй аж. Эр тагтаа лонхноос ус уунгуут эм тагтаанууд дуурайн уудаг хэсэг дээр нэг хөгтэй явдал тохиолджээ. Нэг “хорлонтой” нөхөр нь лонх руу архи хийчихэж. Багш нар жирийтэл суучихсан танхимд тоглож эхэлж дээ. Эр тагтаа лонхтойг уухдаа сүрхий огиулснаа балгачихаж. Харин эм тагтаанууд нь лонхыг булаацалдан авснаа үнэрийг нь авангуутаа бие бие рүүгээ түлхэж гэнэ. Гэсэн ч багш нарынхаа өмнө алдаа гаргаж болохгүй учраас бага багаар амссаар лонхтой архиа дуусгажээ. Бас хоёрдугаар дамжаандаа ангиараа шалгалт өгч байж. Тэгтэл хаалгаар З.Бадамсэдийг тайзан дээр гарч ирүүт дээрээс нь шуудайтай юм унаж, тэр үхэх ёстой байж.

Т.Солонго ярианд орол­цож, “Би Л.Нурланы онигоог ярих уу” гэвэл бусад “Тэг л дээ” гээд толгой дохив. Тэрээр “Нэгдүгээр курст ороод өөрийгөө танилцуул гэсэн чинь Л.Нурлан ангийнхныхаа өмнө гарснаа “Намайг Н гэдэг. Би нэрээ хэлэхгүй. Манай аавыг Л гэдэг. Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн гэхдээ бас нэрийг нь хэлэхгүй. Харин ахыг минь Н гэдэг” гэхээр нь ангийнхан нь гайхаад Д.Баттөмөр “Чи ядаж хэдэн онд төрснөө хэлэх юм байгаа биз дээ” гэсэн чинь “1970-аад онд” гэсэн биз дээ гэвэл бусад нь “Харин Болдбаатар “Би хээрээс ирсэн” гэж хэлсэн биз дээ” гээд бөөн инээдэм болов. Гэхдээ Л.Нурлан оюутан ахуйдаа багагүй хөдөлмөрч байжээ. Тагтааны дүрд хувилахын тулд ангидаа тагтаа хүртэл авчирч байжээ. Ажиглах гэж тэр шүү дээ. Тэр бүү хэл өгөр яс хүртэл анги дээрээ авчирч, “Наад өгөр яснуудаа гаргаж хая” гэж зэмлүүлсэн ч удаатай аж. А.Миеэгомбо “Биднийг оюутан ахуй цагт ДОХ-ын эсрэг сурталчилгаа телевизүүдээр их гардаг байсан даа. Тэгсэн Өөскө, Жак, Бадмаа гурав тамхи татчихаад ороод ирлээ. Тэгсэн Бадмаа “Би ДОХ тусчихаж. Өглөө шинжилгээ өгч мэдлээ” гээд намайг тэврээд уйлтал Өөскө, Бадмаа хоёрын царай барайгаад л явчихсан.Тэгсэн Өөскө “Өө новш, тамхи хэрэггүй хувааж татлаа” гэдэг байгаа. Манай хүмүүс бодвол тамхи хувааж татаад ДОХ тусчихлаа л гэж бодсон байх. Тэгж нэг Өөскө, Жак хоёроороо айхтар тоглож билээ” гээд тас тас хөхрөв.

М.Болормаа “Ихийг хийж бүтээх оргилуун залуу халуун насандаа Монголын урлагийн салбарт хүчин зүтгэж, тулгын чулууг нь тавилцаж, өдгөө тэрхүү урлагийн тулгандаа бадраасан галаа улам дүрэлзүүлж, тив дэлхийн тавцанд гаргахаар хөдөлмөрлөж байгаа Л.Чаминчулуун, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг чадварлаг багш нараараа бахархдаг. Багш нар маань бидэнд юм сургах гэж өөрснөө шатдаг байсан. Зөвлөх багшаар хошин урлагийн “X-Түц” продакшны жүжигчин Р.Алтансүх, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байсан. Р.Алтансүх багш жүжиглэх ур чадвар тал дээр нь анхаардаг бол Н.Наранбаатар аливааг өөр өнцгөөс харах, сэтгэхийг шаарддаг байсан” гэв. А.Миеэгомбо “Тийм шүү, Багш нарынхаа ачаар бусдын хэлдэг шиг хоёр нь л жүжигчин бусад нь соёлтой үзэгч болоогүй. Манай ангийнхны хоёр нь сэтгүүлч, гурван нь найруулагч бол бусад нь жүжигчин. Бүгд мэргэжлээрээ олондоо хүндлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид” гэв. Эдний ангийнхан оюутан ахуйдаа “Zaya`sh” студийн клип, уран бүтээлийн зураг авалтад ангиараа оролцдог байсан гэнэ.

Хэн нэгэн нь кино найруу­лах, кинонд тоглох, шоу тоглолт хийх бүрт нээлтийн ажиллагаан дээр нь ангиараа цуглардаг юм байна. Уран бүтээлийг нь сонирхсоныхоо дараа нэгэндээ юун дээр алдсан болон юуг нь сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэсэн шүү.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Кембрижид элсэхийг хүсдэг МОНГОЛ ХҮҮ

“Өдрийн зочин” маань БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн сурагч. Олон улсын кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гэдгээр нь уншигчид андахгүй. Европын ихэнх орны их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг,Канад, Австралид бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн зарим их сургуулиудын зөвшөөрдөг сургалтын системээр монгол хүүхдүүд амжилттай хичээллэж байгаа. “Шинэ эрин”сургуулийн 11-ийн “б”-гийн сурагч Э.Энхцацралтыг онцолж урьсан нь учиртай. Наймдугаар ангиа төгсөөд “Шинэ эрин”-д шалгалт өгч байж орсон хүү өнгөрсөн намар суурь боловсрол олгох эхний түвшний шалгалтандаа 100 оноо авчээ. Дэлхийн өнцөг булан бүрд энэ хөтөлбөрөөр суралцдаг хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авсан ганц сурагч. 160 гаруй орны их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг Кембрижийн хөтөлбөрөөр хоёр, гуравхан жил хичээллээд, хамгийн өндөр оноог нь авна гэдэг тийм ч хялбарбиш. Энхцацралт одоо хоёр түвшний шалгалт өгөх юм билээ. “Би өмнө нь 28, 40, нэгдүгээр сургуульд сурч байсан юм. Хоёрдугаар ангиасаа олимпиадад орж эхэлсэн. Дөчдүгээр сургуулийн Болд багш, нэгдүгээр сургуулийн Бат-Эрдэнэ багшнамайг математикийн олимпиадад бэлдэж байхдаа маш их юм заасан. “Шинэ эрин”-д орохдоо математикийн хүнд бодлогуудыг бодох чадвартай байсан ньолон улсын шалгалт өгөхөд маш том давуу тал болсон. Багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн намрын шалгалтаар хамгийн өндөр оноо авсан минь хүссэн их сургуульдаа ороход маш том давуу тал болно” гэж ярилаа.

Энхцацралт айлын том хүү. Дүү нь энэ жил сургуульд оржээ. Аав, ээж хоёр нь замын инженер мэргэжилтэй. Анх ээж нь сониноос Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд элсэх шалгалтын талаарх зар уншаад хүүдээ үзүүлсэн гэнэ. Тэгээд л хичээсээр байгаад шалгалтанд нь тэнцчихэж. Шөнийнхоёр цаг хүртэл хичээлээ хийгээд суучихдаг байсан гэнэ. Энхцацралт “Ээж, аав, эмээ гурав сайн сурах орчныг минь бүрдүүлж өгсөн ачтай хүмүүс. Шалгалтаа өгөх гээд очихдоо бичиг баримтаа мартчихсан чинь аав ажилтай байсан хэрнээ хамаг хурдаараа яваад аваад ирсэн. Тэр үед үнэхээр их баярласан шүү. Ээжминий биед байнга анхаарал тавьдаг. Ээжийнхээ зөвлөгөөгөөр хэт оройтож хичээллэхээ больсон. Эмээ солонгос кино үзэх дуртай хэрнээ намайг үзүүлэхгүй шүү дээ. Хичээлээ хий гээд өрөөнд ганцааранг минь үлдээчихнэ. Ганцаараа чимээгүй орчинд байхаар өөрийн эрхгүй төвлөрч хичээлээ хийдэг” гэж хэлээд инээмсэглэв. Өөртөө итгэлгүй санагдсан үедээ интернэтээс алдартай хүмүүсийн амжилтын тухай ярьсан илтгэлүүдийг татаж авч сонсдог гэнэ. Орныхоо хажуугийн ханандмөрөөдсөн зүйлийнхээ зургуудыгнааснаа сонирхуулав.

Энхцацралтын нэг өдөр зав зай багатай өнгөрдөг бололтой.Өглөөний найман цагаас оройны 17.30 цаг хүртэл хичээллэдэг аж. Чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурах дуртай гэнэ. Интернэтээр аялж томоохон сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн нийтлэлүүд харахаараа цаг өнгөрч байгааг анзаардаггүй гэнэ.

Байсгээд сургуулиа магтах юм.”Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш хоёрын харилцаа хөндий юм шиг санагддаг. Бас багш их зүйлийг зааж өгч, сурагчдаа хөтөлдөг. Харин кембрижийн хөтөлбөр тийм биш. Сурагч, багш хоёр маш ойр харилцаатай. Сурагч нь хүсэл эрмэлзлээ ойлгож өөрийгөө дайчилдаг. Хичээлээ багш нараараа хэлүүлнэ гэж байхгүй. Өөрөө хичээaж, санаачилга гаргадаг. Би сургуульдаа ороод багаар ажиллах чадвартай болсон. Өмнө нь илүү дотогшоо байсан бол одоо их нээлттэй болсон шүү. Багш нар маань юу ч асуусан цааргалахгүйгээрхариулдаг. Муу, сайн ямар ч хүүхэд байсан бүгд зэрэг дээшилдэг”, “Кембрижийн хөтөлбөрийн хамгийн гоё нь мэдсэн зүйлээ чадвар болгож ямар нэг зүйлд ашиглаж чадах уу гэдгийг системтэйгээр шалгадаг нь. Тийм дадлыг суулгадаг учраас үнэхээр таалагддаг”, “Би хэлэндээ тийм ч сайн байгаагүй. Сургуульдаа ирээдэрчимжүүлсэн англи хэлний сургалтад суусан чинь миний хэлний чадварын түвшин маш хурдтайгаар ахисан”, “Манай сургуулийн төгсөгчид том сургуулиудад элсэн суралцдаг. Миний мэдэхээр өнгөрсөн жил нэг хүүхэд Харвардад тэнцсэн. Анхны төгсөгчдөөс хэдэн хүүхэд найзуудаараа Америкийн Миннесота мужийн их сургуульд сурч байгаа. Энэ талаар сонсоход үнэхээр гоё санагдсан”гэж ирээд сургуулийн тухай яриа баахан өрнөв.

Энхцацралтын сурахыг хүсдэг сургууль нь Их Британийн алдарт Кембриж. Бүр багадаа Кембрижийн сургуульд сурч байсан хүний талаар кино үзээд л энэ мундаг сургуульд сурахыг мөрөөдөх болжээ. “Английн уур амьсгал нь их гоё санагддаг. Би бороотой, чийглэг орчинд дуртай” гэж инээмсэглэн хэлэх сурагч хүү мэргэжлээ аль хэдийнэ сонгожээ. Электроникийн инженер болохоор сонголтоо хийчихэж. “Математикийн программ хангамж, физикийн цахилгаан хэлхээг түлхүү ашигладаг мэргэжил л дээ. Математик, физик хоёрт дуртай болохоороо сонгосон юм” гэж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд “Сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах уу, эсвэл тэндээ үлдэх үү” гэж асуухад “Монголдоо ирэх хүсэлтэй. Төрсөн газартаа бид л юм хийхгүй бол хэн ч бидний өмнөөс улсыг минь хөгжүүлж өгөхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж төгсөнгүүтээ шууд ирэхгүй байх. Юм хийх чадвартай болсон хойноо, хөлөө олчихоод эх орондоо ирнэ. Тэгж байж л ихийг хийж амжуулна” гэсэн догь хариу өгчихөөд хичээлдээ яарсаар гарч одлоо.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Удахгүй намын дарга нь Ерөнхийлөгч болно гэх байх аа

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-УИХ-д суудалтай намууд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Өмнөх хуулиудыг нь боловсруулан батлалцаж байсан хүний хувьд одоо ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна?

-Анх 1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталсан. Дараа нь 2005 онд томоохон өөрчлөлт оруулахад ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн учраас одоо анхаарах зүйл олон байна. Нийгэмд тавигдаад байгаа өнөөгийн шаардлагыг улс төрийн намууд хангахтай холбогдсон заалтууд нэмж орох ёстой юм. Ер нь сүүлийн үед улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэл буурах болсон нь тодорхой ажиглагдаж байна. Намууд боловсон хүчнийг томилох, сонгох замаар төрд оролцох оролцооны хувьд ихээхэн учир дутагдалтай байна. Тиймээс “Намгүйжих байдал буюу нам хэрэггүй”. “Бие даасан нэр дэвшигчид байвал яасан юм. Зөвхөн иргэний төлөөлөл байдлаар төрийг барих зүй тогтлоор УИХ-ын гишүүдийг сонговол ямар вэ” гээд шүүмжилдэг болсон. Энэ нь парламентад суудалтай намуудын үйл ажиллагааны дутагдалтай холбоотой. Бас намууд санхүүгийн хувьд мөнгөний эрхшээлд орчихсон байна. Эдгээрээс улбаатай ноцтой гажуудлууд ч бий болох нь. Үүнийг юуны өмнө засах ёстой.

-Төрөөс 100 хувь санхүүждэг болох ёстой гэдгийг хэлээд байна уу?

-Намуудын санхүүжих боломжийг хуулиар бий болгож хэмжээг нь тогтоож өгсөн. Тэр хэмжээг нэмэх шаардлага бий. Ард түмэн “Юун намд мөнгө өгөх” гэж ярьдаг л даа. Одоо олгож байгаа нь бага мөнгө. Бага зардлын цаана их хохирол нуугдаж байна. Их хохиролд хүрэхгүйн тулд бага зардлаа нэмэх нь ач холбогдолтой. Намууд парламентад суудал авч улс орны улс төрийн удирдлагыг хангах үүрэгтэй. Төрөөс зуун хувь санхүүжүүл гэхгүй.

Гишүүд дэмжигчдийн татвар, хуулийн этгээдийн хязгаартай хандив бийг бодолцох ёстой.

-Ингэснээр Монголын улс төр бизнес бүлэглэлээс бүрэн ангижирч чадах уу. Хуульд яг яаж заавал зохилтой вэ?

-Парламентад суудал авсан намуудын гишүүний татвар, хандивыг тооцон оролцуулж үйл ажиллагааны зайлшгүй санхүүжилтийг төр хариуцах нь зүйтэй. Эс тэгвээс намууд том пүүс компаниуд юм уу мөнгөтэй хүмүүсийг саах байдлаар санхүүжиж байна. Товчхондоо төр зардлыг нь хариуцаагүй тохиолдолд намууд пүүс компаниудын эрхшээлд, мөнгөтэй хүмүүсийн атганд ордог. Энэ байдлаас болж цаагуураа төрд өөрийнхөө бодлогыг тулгах, том албан тушаалуудыг авах байдалд хүргэдэг. Эцэстээ намд өгсөн мөнгөө авлига, хээл хахууль, хууль бус үйлдлээр эргүүлэн авахад түлхэнэ. Дээр миний хэлсэн ноцтой хохирол гээд байгаа нь ингэж гарч ирдэг. Тиймээс парламентад суудалтай намуудад төр санхүүгийн дэмжлэг үзүүлж, түүндээ хатуу хяналт тавихыг хуульчлах шаардлагатай. Пүүс компани, хувь хүмүүсээс өгч буй хандив, санхүүжилтэд хуулиар тавих хяналтыг чангатгах хэрэгтэй.

-Иргэд намуудын санхүүжилтийг хянах боломжийг яаж бүрдүүлж өгөх ёстой вэ?

-Жишээлбэл, төрийн санхүүгийн дэмжлэгийг жил бүр намууд санхүүгийн тайланд тусган намын гишүүд, нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй болно. Дээд шүүхэд тайлангаа өгснөөр Сангийн яам хянах болно. Нам дүрмийн зорилгоо биелүүлэхийн тулд санхүүжилтийг зөв ашиглах ёстойг хуулиар тодруулан зааж болно. Ийм байдлаар санхүүгийн асуудлыг хуулиар бүрэн шийдэж өгөх хэрэгтэй. Шаардлага өндөржин, намууд санхүүгийн хувьд эрүүлжсэн хэмжээгээрээ энэ төрийг авч явбал эдийн засгийг бэхжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж улс орноо хөгжүүлэх боломж байна. Энэ асуудалд гар татсан ядмаг сэтгэлээр хандаад байвал намуудын цаана авлига, хээл хахууль, сонирхлын зөрчил үүсэж, нийгэмд хохирол дагуулж мэднэ. Ер нь намуудын санхүүжилтийн бие даасан хуультай болох хэрэгтэй.

-Мэргэжилтэй, чадвартай хүмүүс нь бус мөнгөтэй хүмүүс намаар дамжин төрийн эрхийг авч байгаа тухайд хэрхэх хэрэгтэй юм бол?

-Санхүүгийн асуудлаас үүдээд ч тэр, бас бус шалтгаанаас төрд намуудын илгээж буй хүмүүст ихээхэн эргэлзээ төрөх болов. Улс төрийн болон удирдах ажилд боловсон хүчнийг шилж, сонгох, томилох зарим асуудлыг хуульд нэмж тусгах шаардлага байна. Нам гэдэг байгууллага төрийн удирдлагын улс төрийн гол тулгуур учраас намын үйл хэрэг нь төрийн үйл хэрэг. Энэ үүднээс намуудын боловсон хүчний асуудалд өөрөөр хандах биз. Намуудын төрд илгээх боловсон хүчний хариуцлагыг хуулиар тодорхойлж болно. Шалгуур механизмыг нь зааж болно. Одоо бол намын дарга нарын түвшинд яригдаад асуудал шийдэгдэх хандлага зонхилж байна. Нэг үгээр хэлбэл, боловсон хүчний сонголт цөөн хүний хүрээнд хөшигний цаана хийгдээд байгааг л иргэд зөвшөөрөхгүй байна. Тэгвэл зааг тогтоох хэрэгтэй. Намуудын нэрээр халхавчлан танил тал, өөрийгөө дэмжигчид, мөнгө санхүүгээр туслагчид гэх зэргийн үзүүлэлтээр сонголт хийж төрд шургуулах нь төрийн боловсон хүчнийг улам доройтуулахад хүргэж байгаа. Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн жинхэнэ албан хаагчид намын гишүүнчлэлээс түдгэлзсэн. Хуулийн энэ заалт эс хэрэгжин намын харьяаллын мэтээр ажиллах боллоо. Энэ нь улс төрийн бүх намд хамаарна.

-Тойргийг худалдан авдаг тал бий?

-Ёс зүйн хувьд нэр цэвэр, зан суртахууны доройтолгүй, өмчийн болон ашиг сонирхлын зөрчилд автаагүй байхыг нэг гол шалгуур болгох ёстой. Өндөр боловсролтой, чадвартай, шударга, хэнээс ч хараат бусаар ажиллах, мэргэжлийн боловсон хүчнээ сонгож чадахгүй л байна. Бас УИХ-ын гишүүд сонгогдсоны дараа иргэдээс ихээхэн шүүмжлэл дагадаг боллоо. Ард түмний сонголт буруудаа биш, намууд дөрвөн жилийг даахгүй, зохисгүй нөхдийг нэр дэвшүүлж оруулсантай холбоотой. Тухайлбал, “Чи үүнийг идвэл ид, байвал бай” гэж шахах адил арга буюу нэгийг нь сонгоход хүргэхээр нэр дэвшүүлдэгтэй холбоотой. Ийм болохоор хариуцлагын асуудлыг намуудын хуульд зааж өгөх нь чухал. Асуудалтай холбоотойгоор сонгуулийн хуульд авлига, сонирхлын зөрчлийн асуудлыг тод томруун тусгасан. Авлига өгч болох бүх нүх сүвийг Сонгуулийн хуулиар хаасан гэж ойлгож байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө тараасан, нэр дэвшигч мөнгөөр дэвшлээ, тойргийг худалдсан, худалдан авсан яриа тархдаг. Засах л хэрэгтэй болно.

-Тэгэхээр үүнийг зохицуулсан хуульчлалыг яаж чангаруулж өгөх хэрэгтэй юм бол?

-Авлига, хээл хахуулийн асуудал тусгай хуультай. Гэхдээ улс төрийн авлигын тодорхой хэсгийг намуудын хуульд арай өөр өнцөг, хариуцлагын үүднээс тусгаж болно. Авлигын хуулийг анх 1996 онд санаачилж батлалцсан хүмүүсийн нэг нь би. Хуулийг нь гаргана гэдэг том ололт. Улс бүр Авлигын эсрэг хуулийг амархан гаргачихдаг юм биш. Яагаад гэвэл төрийн дээд удирдлагуудын сонирхлын зөрчил, авлига, танил тал, тал тохой татах, гэр бүлсэг байдал гаргах зохисгүй бүх зүйлийг хуулиар хаана гэдэг удирдлагад буй хүн бүрийн гар өргөдөг зүйл биш. Харин бид бүгдийг нь гаргаад хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн парламентаас сонирхлын зөрчлөөс сэргийлсэн хуулийг бид гаргасан. Улс төрийн өндөр албан тушаалтны Ёс зүйн дүрмийг парламент гаргачихсан л байна. Энэ бүхэн давахад амаргүй даваанууд. Одоо дараагийн шат буюу намуудын хуульд үүнийг заах хэрэгтэй. Ингэхдээ төрд сонгуулсан, томилуулсан хүн нь авлигатай холбогдвол нам нь татах саналаа УИХ-д оруулдаг үүрэгтэй болгох хэрэгтэй. Одоо ийм байдлыг нам нь бүр хамгаалдаг жишиг тогтжээ. Ер нь энэ ёс зүйгүй байдал төрийн ч, намын ч нэр хүндийг гутааж байгаа шүү дээ. Тэр нь юутай холбоотой вэ гэвэл төрийн ажлыг хийхээс илүүтэй амин хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг, ашиг сонирхлын төлөө ажилладагтай л холбоотой.

-Намын дотоод асуудал гэдгээр олон зүйл халхлагддаг?

-Намуудын хуулийг дутуу хэрэгжүүлж буй тал бий. Намын нэрийн асуудлаас болж нийгэмд томоохон маргаан үүсчихээд байж л байна. Жишээ нь, МАН-ын МАХН гэсэн нэрийг буруугаар ашиглах болсон. Намын хэрэглэж байсан нэрийг дахин өөр улс төрийн субъект өмчлөх эрхгүй гэсэн хуулийн заалт хөсөрдсөн. Бидний бодож оруулсан тэр зүйлийг Дээд шүүх хэрэгжүүлэхдээ ноцтой гажуудалд оруулснаар улс төрийн маргаан үүсгэсэн. Нам дотоод ардчилалтай байхыг зарчим болгосон одоогийн хуулийн заалтуудаа эргэн сайтар харах хэрэгтэй.

-Намын гишүүнчлэлийн тухайд?

-Намын гишүүнчлэл дотоод асуудал нь мөн. Гэхдээ үүнийг тодруулж заах шаардлага байгаа. Хатуу гишүүнчлэл гэдгийг манай орон хуулиар, намууд дүрмээрээ аль хэдийнэ зөөллөсөн. Яагаад гэвэл намд элсэх, гарах асуудал чөлөөтэй гээд 1990 оноос хойш төлөвшүүлж байгаа. Харин энгийн гишүүнчлэлтэй байх нь манай бодит байдалд илүү ойртох биз. Энд анхаарах асуудал бол гишүүнчлэлийг албан тушаалын шат болгон ашиглах болсон нь муу нөлөөтэй. Төрд ажилладаг гишүүддээ нам хатуу хяналт тавих, боловсон хүчнийг сонгох, томилох, өөрчлөхийг нам бүхэлд нь мэддэг юм шиг байдалд орсон. Төрд ажиллая гэсэн хүн нам дагаж аппаратад нь ажиллавал бүтдэг юм шигээр ажилладаг болсон буруу ажиллагаатай холбоотой зүйл ч байгааг засах хэрэгтэй байгаа.

-Фракцгүй болно гээд ярьдаг. Хуулиар яаж хаах ёстой юм?

-Сүүлийн үеийн намуудын дотор болон нам хоорондын зохисгүй үзэгдлийн нэг энэ. Уг нь аливаа фракц намын дотоодод их хортой гэж үздэг. Ардчилсан тогтолцоонд үзэл бодлоо уралдуулах нэг механизм байх л даа. Нам хоорондын бүлэглэлийн анхны муу суурийг 1998 оноос “Алтан гадас” тавьсан. МАХН-ын болон АН, Социалдемократ намын удирдлагын дундаас ч гарсан. АН-ынхан фракцаасаа болоод төрийн эрхийг авчихаад барьж чадахгүйд хүрсэн нь шинэхэн сургамж. Энэ нь намууд төрд сайн хүнээ сонгож оруулах биш фракцийн нэг нөхөр л байж байвал ёстой “бор халзан хонь” байлаа ч сонгоно гэдэгтэй адил. Нам дотор фракц байж болно. Тэр нь бодлого, үзэл бодлынхоо асуудлыг намын дотоодод ярьдаг байна биз. Төрийн албан тушаалд сонгох, томилогдох асуудлын тухайд зохистой хязгаарлалтыг хуулиар хийж болох юм.

-Намын төлөө байсангүй гээд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал хөндөгддөг?

-Саяхан маргаан гарсан даа. АН-ынхан зарим гишүүдээ Засгийн газрын эсрэг хандсан гэнэ үү нэг юм болов оо. Хэдийгээр намын жагсаалтаар орсон ч гэлээ хуулиас нам давуу эрх эдлэхгүй. Ард түмэнд нэр дэвшигчдээ танилцуулж ард түмний саналыг намдаа авч байж квотоор орсон болохоор тэнд ард түмний сонголт хийгдчихсэн байна гэсэн үг. Тэгэхээр ард түмний сонголтыг хүндэтгээд хуульдаа захирагдаад яах ч аргагүйд хүрсэн. Мажоритар системээр бол намуудын хуульд энэ тухайд оруулах гээд байх шаардлага бага. Харин пропорционал болон түүний элемент орсонтой холбогдон тодорхой заалт хуульд нэмж оруулах нь зүйтэй.

-УИХ-д намаа солих, урвах үзэгдэл бий. Энэ тохиолдлыг?

-Үндсэн хуульд хамаатай, ноцтой асуудал. Яагаад гэвэл ойролцоо суудал аваад ялчихсан намын гишүүд урвах юм бол ард түмний өгсөн засаглалын эрхийг барих боломжийг алдагдуулах гэм үүснэ. Энэ тохиолдолд бид намуудын хуульд юм уу, сонгуулийн хуульд заавал нэмэлт тодотгол хийх учиртай. Одоо чөлөөт байдлыг далимдуулан зарим нь нам хооронд явж байна. Гэхдээ урвахгүй шүү гэх нь хаашаа юм тойргоо түүнээс авч дахин сонгууль явуулах, жагсаалтаас дараачийн хүнээ оруулах эрх намд нь хадгалагдахаар хуульчлах нь зүйтэй. Шууд хэлбэл намаа өөрчилж байгаа бол их хурлын суудлаа чөлөөл гэдэг хуулийн шаардлага тавигдана гэсэн үг.

-Намын бүлэг нь байнгын хороо, УИХ-ын чуулганаас ч дээгүүрт байх шиг. Энэ асуудлыг хэрхэн тусгах ёстой юм?

-Одоогийн намын бүлгүүдийн хэмжээнд анхаарууштай зүйл цөөнгүй гарах болсон. Анх намын бүлэг их даруу байсан юм. Би 1992-1996 онд олонхийн бүлгийн ахлагч хийж байсан. Тэгэхэд намын бүлгийн ахлагч, ахлагчийн орлогч гэдэг нэртэй удирдлага байлаа. Одоо дарга болцгоосон. Намын бүлгүүд өнөөдөр УИХ дахь байнгын хороодын дээгүүр тавигдах болов. Уг нь УИХ-ын байнгын хороод Үндсэн хуулийн байгууллага юм. Одоо намын бүлгүүд байнгын хорооны хуралдааны танхимд хуралдаж байна. Өмнө нь УИХ-ын чуулганы танхим, байнгын хороодын хуралдааны танхимд бүлэг хуралддаггүй байсан. 1990-ээд оны үйл явдлын дараа нам, түүний бүлэг их даруу, төрөө дээдлэх зарчим дээр түшиглэн ажиллаж байв. Одоо бол намыг дээдлэх зарчим руу орж явна.

-Тэгвэл энэ парламентыг намын дарга нар удирдаж байгаа явдал байж болох хувилбар уу?

-Намууд дэндүү даварч байна уу даа. Урьд нь гүйцэтгэх засаглалд намын дарга нар ажиллаж байлаа. Гүйцэтгэх засаглалаа парламент хянадаг тогтолцоо болох л хувилбар. Өнөөдрийнх шиг намын дарга нар УИХ руу давхиад ирнэ гэдэг ихээхэн зохисгүй хандлагын эхлэл. Тогтолцоог нь хараад байвал бүлгийн ахлагч нь дээшлээд байнгын хорооны дээд талд, намын дарга нар нь УИХ-ын дарга болоод байна. Удахгүй байтлаа намын дарга нь Ерөнхийлөгч болно гэх байх аа. Энэ бүхэн намуудын нэр хүндийг өсгөж буй биш унагаж байгаа нөлөөлөл. Тиймээс намын дарга гүйцэтгэх засаглалыг удирдаж болно, УИХ-ын дээр байхгүй гэдгийг аль нэг хуулиараа заах хэрэгтэй. Нам захиргаадалтын шинжтэй байдал руу, Монгол нам төвтэй төрийн хэлбэр рүү гулсаж байна. Засч залруулах ёстой.

-Өмчийн тухайд?

-Өмч байх ёсгүй гэсэн буруу хандлага үндсэн хуулийн гадуур яваад байна. Өмчийн эрх чөлөө гэж ганцхан хувийн өмчийг яриагүй шүү. Төрийн өмч, олон нийтийн, төр хувийн хэвшлийн өмч ч байна. Одоо хувийн өмч бүхнийг шийддэг гэсэн асар хүчтэй туйлшрал явагдаж бусад өмчийг дураараа булааж авах оролдлого хийгдэж байна. Энэ нь намуудын тухай хуулийн заалт тодорхой бустай холбоотой юм болов уу даа. Болохоо байгаад ирэхээрээ нэгнийхээ өмчийг дээрэмдэх гэсэн улс төр, сурталчилгаа асар их хийдэг. Тэрний цаана нэг нам нь нөгөө намынхаа өмчийг булааж авах байдлаар нэр хүндийг нь унагах гэсэн оролдлого л явж байна.

-Засгийн газрыг эрх баригч, сөрөг хүчин хамтарч байгуулж байя гэсэн хуулийн төсөл санаачлагдаж байгаа гэсэн. Энэ зөв үү?

-Үүнийг намуудын хуулиар юм уу, сонгуулийн хуулиндаа тусгах ёстой. 2008 онд сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнийг би аргагүй нөхцөл байдлын дүнд бий болсон гэж үздэг. Хэрвээ сонгуулийн дүнг 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд эсэргүүцсэн байдал цаашаа үргэлжилбэл юун төрийг дөрвөн жил авч явах. Нэг бол дахин сонгууль явах, үгүй бол жилийн дараа УИХ, Засгийн газар унах нөхцөл үүсэж болох байсан гэж боддог. Ингээд хамтран засаглах нь боломжит хувилбар гэж үзсэн. Гэтэл өнөөдөр сонгуулийн явцын дунд сөрөг хүчин засагт орлоо. Цаг үеийн, түр гээд л бодчихъё. Ер нь сөрөг хүчин гэдгийг нийгэмд их муухайгаар харагдуулах боллоо. Сөрөг хүчин сөрж дайрч байдгийн нэр юм шиг, сөрөг хүчин үндэсний эв нэгдэлд харшлаад байгаа юм шиг нийгэмд ойлгуулаад байна. Үүнийг далимдуулаад үндэсний эрх ашгийн төлөө хамтарна гэх. Сүүлдээ сөрөг хүчинтэйгээ эрх баригч нь хамтраад засаглаж байя гэсэн хууль санаачлаад явж байна. Тийм зүйл байхгүй. Уг нь АН цөөнхтэйгөө нийлж засагласан хувилбар хамгийн зөв юм. Тэгэхээр сөрөг хүчин өөрийн байр сууриа дөрвөн жилдээ хадгалж байхыг хуульчилж өгөх хэрэгтэй. Сөрөг хүчин гэдэг бол дараагийн Засгийн газрыг байгуулах хамгийн боломжтой нам нь. Тухайн нөхцөлд төрд хяналтын чухал үүргээ гүйцэтгэх нь юу юунаас илүү хэрэгтэй, ард түмний нэгэнт хуваарилсан эрх мэдэл рүү дайраад байх нь нэн зохисгүй зүйл.

-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг яаж тусгах шаардлагатай бол?

-Хээл хахууль, идэж уусан, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нам гишүүнээ эгүүлэн татах үүрэгтэй байхаар заах нь зүйд нийцнэ. Одоо бол нам үүрэг хүлээхгүй, харин ч бурууг хамгаалах байр сууринд ордог. Кноп дарсан, дараагүй, зөв, буруу гээд эргүүлэн татна гэсэн юм байхгүй. Байж таарах ч үгүй. Энэ мэтээр бүх асуудлыг намуудаас томилогдсон ажлын хэсгүүд зөвшилцөж нягт, нарийн ярилцаад хуулиа гаргах шаардлага байна.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол телевиз гэдэг чинь МҮОНТ-ийн нэр биш юм уу?

Анзаарсан байх, та бүхэн. Монгол телевиз оройн мэдээнийхээ өмнө “Бид бусад шиг захиалгат болон төлбөртэй мэдээ явуулдаггүй” гэх утгатай бичиг гаргадаг. Тус телевиз үүгээрээ бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд руу дайрч, тэднийг олон нийтэд муухайгаар харагдуулахыг хичээдэг. Монголчууд хэзээнээс л хаяагаа хадрахгүй, харснаа харвахгүй гэцгээдэг. Гэтэл Монгол телевизийнхэн хаяагаа хадрах нь байтугай нэг тогооноос хамт хоол иддэг атлаа бусад телевиз, сонинууд руу орой бүр нулимж байна.

Бид сонины сэтгүүлч. Өглөөний ургах нартай хамт сониныхоо шинэхэн дугаарыг уншчихаад л “Одоо дахиад хүнд хэрэгтэй юу бичих вэ, хүмүүсийн сонирхдог ямар мэдээ мэдээлэл тавих вэ. Хэнийг алдаршуулж, гавьяаг нь нийтэд хүргэх билээ. Ямар хүмүүсийг дэмжих вэ” гээд л эрэл хайгуул хийж өдөржингөө л нийгмийн амьдрал дунд буцалж, асар их хөдөлгөөнтэй, эрчимтэй амьдрал дундаас чухал сонирхолтой мэдээллийг олдог. Бүхэл өдрийн туршид ийн хөдөлмөрлөцгөөдөг улс. Бусад сонин, телевизийнхэн ч ялгаагүй ийм байдлаар, ийм л хөл хөдөлгөөн дунд ажиллаж, бичиж, сурвалжилж явдаг шүү дээ. Гэтэл яагаад Монгол телевиз орой болгон бусад руугаа ингэж дайрч, муулж хараар будаж байдаг юм бэ. Тэдэнд бусад руугаа нулимах эрхийг хэн өгсөн юм.

Тус телевизийнхэн яагаад мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө бусдыгаа харлуулсан тодотгол хийх болсон шалтгааныг нь бүгд л мэднэ. Нэгэн хүн “Mc Donalds”-ийн салбар нээгдлээ гэсэн зар сурталчилгааны мэдээгээ барьж ирэн нэгдүгээр нүүрт төлбөртэйгээр гаргасан. Хэд хэдэн сонин, телевизэд ч тэр рекламаа төлбөртэйгээр тавиулсан байдаг. Дэлхийн нэр хүндтэй, томоохон компанийн салбар орж ирнэ гэдэг нэг талдаа улс орны маань нэр хүндийн асуудал байдаг. “Mc Donalds” нээгдэх нь гэх сураг тухайн үедээ хүн бүрийн сонорыг мялаасан мэдээ болсон. Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд ач холбогдол өгч, баярлаж хүлээж авсан юм. Тэгтэл тэр мэдээлэл оргүй худал болж таарсан. Монгол телевиз “Mc Donalds”-ийн салбар нээгдлээ гэсэн худал зарыг сурталчилгааны мөнгийг нь төлж зориудаар тавиулсан нь илэрсэн. Тэгээд л бусдыгаа захиалгатай мэдээ гаргадаг, мөнгө өгвөл юу ч нийтлэхэд бэлэн гэх мэтээр Монголоор нэг шуугиан дэгдээж, бүр хэлэлцүүлэг өрнүүлж олныг хамарсан үйл явдал болгохыг хичээсэн. Ийм явцуу аргаар шуугиан дэгдээснээрээ Монгол телевиз хэвлэлийн болон хүн төрөлхтний амьдрах наад захын зарчмыг мэддэггүйгээ нотолчихсон. Тэглээ ч хоолны газар нээгдлээ гэдэг мэдээг хэн ч эргэж шалгах шаардлага байдаггүй юм. Үүнийг нэг жишээгээр хэлье л дээ. Үсчин сахал хусах гээд иртэй тонгоргоо барихад хэн ч хоолой огтлох гэж байна гэж айдаггүй шүү дээ. Яг л үүнтэй адилхан байхгүй юу, тэр чинь. Төсөөлөөд үз дээ, хэн ч худлаа мэдээллээр бусдыгаа хорлох гэж мөнгө төлдөггүй. Гэтэл энэ үйлдлийг газар даахгүй баянаараа “Гацуурт”-ынхан л хийж чаддаг. “Гацуурт” гэдэг нь Монгол телевизийн эзэн компани. Хүмүүс гэр орондоо амарч, халуун ам бүлээрээ дуртай нэвтрүүлгүүдээ үзээд сууж байхад Монгол телевиз мэдээнийхээ өмнө гэнэт л салбартаа хамт ажиллаж байгаа нөхдөө “Захиалгатай, төлбөртэй л мэдээ гаргадаг” гэж цочтол нь цацаад уур амьсгалыг эвдчихдэг.

Монгол телевизийнхэн хэзээ болтол бусдыгаа доромжлох юм бол. Хэзээ болих юм бэ, үүнийгээ. Танай телевиз тэгээд захиалгатай мэдээ хийдэггүй юм уу гэж асууя. Өдөр болгон Оросын хямд гурилыг биш Монголын үнэтэй гурилыг заавал ид гээд байдаг чинь “Гацуурт” компанийн захиалгат мэдээ биш болж таарч байна уу. Өдөр болгон Л.Чинбат, Л.Цандэлэг гэсэн томоохон компанийн захирлууд өөрсдийнхөө л эрх ашгийг хамгаалан ярьж, нэвтрүүлэг хийлгэдгийг захиалгат биш гэх үү.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд харин ч голтой, үнэн зөв байхыг эрмэлздэг нь өдөр тутмын үйл хэргээс нь харагддаг. Юм бүхнийг та нарын яриад байгаа шиг мөнгөөр хардаггүй юм аа гэдэг дээр та бүхэнтэй холбоотой нэг жишээ дурдъя. Танай таван одтой “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид энэ хэргийг сурвалжилж хүү чухам юунаас болж амиа алдсан талаар тодруулсан. Гэвч бид тэр сурвалжлагаа нийтлээгүй. Яагаад гэвэл та нар гуйсан учраас. Мөнгөө барьж ирээд “Энэ л сурвалжлагыг битгий гаргаач” гэж цөхрөлтгүй гуйгаад байхад чинь бид үл тоож чадаагүй. Нэг салбарт зүтгэж яваа, нэг тогооноос хооллодог сэтгүүлчид учир тэр хэргийг осол байсан хэмээн үзээд гуйлтыг чинь биелүүлсээн. Биелүүлэхдээ барьж ирсэн мөнгөнөөс чинь татгалзсан шүү дээ. Та нар тодхон л санаж байгаа байх, хэргийн тухай мэдээллийг татуулчихаад мөнгөтэйгээ харьсан болохоороо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэж яадгаа алдсан, мөнгөнөөс болж юу ч хийдэг гэцгээдэг чинь худлаа байгаа биз дээ. Ёсзүй, хүн чанар гэж нэг зүйл байдаг. Тэрийгээ мөнгөнөөс худалдаагүй сонин, телевизүүд бас цаана нь зөндөө бийг энэ жишээ нотолж байгаа бус уу.

Үнэндээ тэр хэрэг Филиппин асрагчийн анхаарал болгоомжгүй байдал, “Тэрэлж” зочид буудлын харуул хамгаалалт, хяналт сул, ажилчдынх нь хариуцлагагүй байдлаас л болж гарсан байдаг шүү. Өөрсдийнхөө нэрийг хамгаалахын төлөө ингэж бусдын өмнө шалдаа буудаг атлаа яагаад бусдын нэр хүндэд орой бүр хайр найргүй халдана вэ.

Үнэндээ Монгол телевиз гэх энэ нэр нь өөрөө асуудалтай. Монгол телевиз гэдэг чинь МҮОНТ-ийн нэр биш юм уу. Бид хэзээ байтлаа хоорондоо “Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цагийн хүрд” гэж ярьж байлаа. Монголд телевиз үүссэн цагаас хойш буюу сүүлийн тавиад жил Монголын ард түмэн “Монгол телевизийн Цагийн хүрд” л гэж хэлж, ярьж заншсан биш билүү.

Тэгтэл яагаад Монгол телевизийн нэрийг “Гацуурт”-ынхан авчихсан юм бэ. Үүнээс хэн энэ нэрийг тэдэнд зүгээр өгчихөв гэдэг асуулт гарч ирдэг. Нөгөө талаар МҮОНТ-ийн нэр хүнд, нэршлийг “Гацуурт”-ынхан овжиноор ашиглаад телевиз байгуулахдаа Монгол телевиз гээд нэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн байх үндэслэлтэй. Иргэд Монгол телевиз гэхээр МҮОНТ-ийг л хэлж байна гэж ойлгодог. Энэ нь нөгөө талдаа олон нийтийг төөрөлдүүлсэн, МҮОНТ-ийн нэрийг зээлэх биш дээрэмдсэн ч хэрэг болж мэднэ шүү. МҮОНТ яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулж нэрийнхээ хойноос явдаггүй юм бол. Зүй нь МҮОНТ нэрийнхээ хойноос өдөр шөнөгүй заргалдах ёстой л доо. Эндээс харахад Монгол телевиз гэх энэ нэрийг өгч авахад авлига орсон юм биш биз гэсэн хардлага төрөх нь бий. Эл асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй.

Өөрөө л цагаан бусад нь хар мэт авирлах ийм нэг байгууллага манай хэвлэлийн салбарт бидэнтэй зэрэгцэн ажиллаж байна. Алив зүйлд хууль, дүрэм журам баримтлах нь зүйтэй ч хүн чанар, хүний эрхэм ёсзүйг үргэлж бодолцож ажил хэрэгтээ шингээж байх хэрэгтэй л дээ. Төгсгөлд нь дахиж сануулахад орой болгон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд руугаа шүлс, цэрээ цацахаа болихыг Монгол телевизээс шаардаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 09 цагаас эхэлж хурлын дэгийн дагуу дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, нэмэлтээр хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгчдөөс санал авсан. Санал авах үеэр дүүргийн ИТХурал дахь Монгол Ардын намын бүлгийн ахлагч К.Сейтхан бүлгийн гишүүдийн буюу 9 төлөөлөгчийн гарын үсэг бүхий дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцүүлэх саналыг тавьсан. Энэ санал хэлэлцэх асуудлын жагсаалтад орсонтой холбогдуулан хурал дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авахыг хүссэн. Хурлын дэгийн дагуу дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд ээлжит 11 дүгээр хуралдаан ажлын 5 хоногоор завсарласныг зарлан ээлжит хуралдааныг түр хаасан боловч дүүргийн ИТХ дахь МАН намын 9 төлөөлөгч, АН-ын 3 төлөөлөгч, МАХН-ын 2 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хурлыг үргэлжлүүлэн явуулж ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн хууль бус шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл дүүргийн ИТХ-аас дүүргийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө орцруулах талаар зөвхөн санал гаргах ба дээд шатны Засаг дарга буюу нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байдаг. Хуулийн ийм зохицуулалт байхад Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан мэтээр ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацаж байгаа нь дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдын хууль зөрчсөн үйлдэл юм.

Хурлын даргын дээрх хууль бус үйлдлүүдээс болж иргэдийн дунд дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж байгаад харамсаж байна гэж тус дүүргийн nad.ub.gov.mn цахим хуудаснаа мэдээллээ.