Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Шинэ жил яахав, архиа л багасгая

Эзгүй хээр талд биш түм түжигнэж, бум бужигнасан хотын төвд олон түмний нүдэн дээр нэгэн эр хэнэг ч үгүй морь харж зогсжээ. Төрийн ордны ойролцоо, “Туушин” зочид буудлын үүдэнд юм шиг байна. Хэн нэгэн түүний зургийг хэдийнэ аваад фейсбүүк ертөнцөөр түгээв. Хүмүүс түүнийг элдвээр хэлж, буруушааж байна. “Соёлт хүмүүн болоход нэг сая жил зарцуулсан. Харин буцаад сармагчин болохын тулд ганц цаг л байхад хангалттай юм байна” гэх мэтээр халаглацгаажээ. Мэдээж түүнийг шүүмжлэх нь түмэн зөв. Малаас дор аашилж байгаа тэр эрийг хараах, гайхах, жигших ч багадмаар.

Гэхдээ энд нэг л зүйл тодорхой байна. Тэнэг л биш бол эрүүл хүн хэзээ ч ингэж авирлахгүй. Ухаанаа алдсан хүн л айх, ичихийг мэдэхгүй, соёл, хүмүүжил гээчийг мартдаг. Тэгвэл яавал ухаанаа алддаг нь ойлгомжтой. Савнаасаа бусдыг дийлдэг сархад л ухамсарт хүн төрөлхтнийг энэ мэт ухаангүй болгож байна. Тэр эр шинэ жил тэмдэглээд согтуу байсан учраас л ингэж шившиглэсэн байж таараа. Одоо энд тэндгүй шинэ жил тэмдэглэж, шилэн өргөмжлөлүүд тэвэрсэн хөлчүү залуус олширч байна. Архиа бага уухгүй бол өнөөдөр энэ эрийг шүүмжилж, хэлэх үгээ барж суугаа танд ч ингээд зогсч байх өдөр ирэхгүй гэх баталгаа алга, монголчууд минь. Шинэ жил яахав солигддогоороо солигдоно, архиа л багасгая.

Я.мӨНгӨНЦЭЦЭг

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ундармаа балетын урлагийг дэлгэцнээ мөнхөлнө

“Single Ladies” инээдмийн киногоор дэлгэцийн урлагт нэгэн шинэ өнгө нэмсэн жүжигчин Г.Ундармаа удахгүй ээлжит уран бүтээлээ дэлгэх нь ээ. Тэрээр энэ удаад монголын балетын урлагийг дэлгэцнээ мөнхлөхөөр “Тютю” киног бэлэн болгоод байгаа юм. Жүжигчин, продюсер, найруулагч Г.Ундармаагийн бүтээж буй “Тютю” кинонд балетчин бүсгүйн амьдралын жаргал зовлонгийн талаар өгүүлэх бөгөөд гол дүрд ОХУ-д балетын чиглэлээр суралцдаг Б.Билгүүн гэх бүсгүй сонгосон байна.

“Prime Pictures”, “U Film”, “Black Zebra”-гын хамтын бүтээл “Тютю” киноны найруулагчаар жүжигчин Г.Ундармаа ажилласан бөгөөд гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Золбоот, Л.Гантулга нар тогложээ.

Түүний энэхүү бүтээл нь 300 сая төгрөгөөр бүтэж байгаа бөгөөд шинэ оны дэлгэцийн анхны бүтээл болон ирэх 2015 оны нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бөртэ чоно 2014”-ийн санал асуулга явагдаж байна

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадмын санал асуулга дуусах шатандаа оржээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцож байгаа бөгөөд 70 сэтгүүлч саналаа ирүүлээд байгаа ажээ.

Спортын салбарт ажилладаг сэтгүүлчид гурван тамирчинд санал өгнө. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшиж байгаа ажээ. “Бөртө чоно 2014” наадам арванхоёрдугаар сарын 25-нд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүдэд л “одон”-ийн мөнгийг өгдөг болно гэв

“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг хавтгайруулан олгодог тогтолцоог энэ Засгийн газар өөрчлөх бололтой. Учир нь төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж эмээ, аав өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг үргэлжлүүлж авсаар байдаг аж. Тиймээс энэ байдлыг халж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжэх талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уралдааны эхний шатанд дүүрэг тус бүрээс шилдэг хүүхдүүдийг шалгаруулах бөгөөд дүүргүүдээс шалгарсан хүүхдүүдийн материалыг энэ сарын 22-ны дотор нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ирүүлнэ. Тэмцээнийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 төрөлд шалгаруулж урамшуулах юм.

“Нийслэлийн шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл болохуйц авъяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаантай, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, улс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Украинд зэвсэг нийлүүлэхгүй

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн долоо хоногт 2020 оны эхээр “НАТО” болон Европын холбоонд элсэхээ мэдэгдсэн юм. Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр “НАТО”-ийн гишүүн орнуудаас Украинд зэвсэг нийлүүлэхийг хүсч, 10 гаруй орон руу хүсэлт илгээсэн” гэдгээ хэлсэн билээ. Харин “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украин “НАТО”-ийн гишүүн болж, албан ёсоор баталгаажсан өдрийг хүртэл зэвсгийн тусламж үзүүлэхгүй. Украины Засгийн газарт “НАТО”-ийн гишүүн орнууд зэвсэг нийлүүлсэн тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг нь цуцлах болно” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр “НАТО”-ийн зөвшөөрөлгүй Украинд зэвсэг нийлүүлсэн хэд хэдэн улсад сануулга өгчээ. Тэгэхдээ ямар улс зэвсэг нийлүүснийг нь нийтэд зарлахаас татгалзсан байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас “Шаардлагатай гэж үзвэл “НАТО”-ийн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй Укрианд зэвсэг нийлүүлэх болно. Оросын Батлан хамгаалах салбар дэлхийд тэргүүлдэг” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй 74 хүүхдийг бүртгэж, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг Даргын А/1037 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран “Гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх” зорилгоор “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг халамж асрамжийн “Донбоско” төвд зохион байгуулан ажиллаа.

Арга хэмжээний үеэр хараа хяналтгүй яваа нийт 74 хүүхдийг цуглуулж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, эцэг эх асран хамгаалагчид нь 37, асрамж халамжийн байгууллагуудад 37 хүүхдийг хүлээлгэн өгч ажиллаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 25766 хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 138 хүн зам, тээврийн ослоор нас барсан байна.

Арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 5801 зам, тээврийн ослын дуудлага Замын цагдаагийн газарт иржээ. Өнгөрсөн онд 5240 дуудлага ирж байсан бол энэ онд арай буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Гэхдээ сүүлийн хэд хоногийн дотор ослын дуудлага харьцангуй өсч байгаа аж. Энэ нь байгууллагуудын шинэ жил болж байгаатай холбоотой юм байна.

Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж, согтуугаар тээврийн хэрэглсэн жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн саруудад мотоцикль унахыг хориглов

Дорнод аймгийн Засаг дарга аймгийн нийт нутаг дэвсгэрт гурван сарын хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргажээ.

Тус аймагт сүүлийн үед цас орсноор гудамж зам талбайд хальтаргаа гулгаа үүсэн осол гэмтэл гарах эрсдэл нэмэгдэж байгаа тул осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол,эрсдлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ийнхүү захирамж гаргажээ.

Энэ дагуу 2014 оны 12-р сарын 17-ны өдрөөс эхлэн 2015 оны 03-р сарын 15 хүртэл хугацаанд иргэд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байх аж. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Дугуйтай Санта нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

Монголын Залуучуудын холбоо, “Оргил уулын дугуйн клуб”, “Монголын Залуучуудын Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийнхөн хамтран “Дугуйтай Санта-2014” сайн үйлсийн аяныг өчигдөр зохион байгууллаа.

Энэ удаад дугуйтай залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярт нь баяр нэмэхээр сайн үйлсийн аяны эздээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар тусгай сургуулийн 300 гаруй сурагчдын сонгон баярлуулсан юм.

“Дугуйтай Санта” сайн үйлсийн аян нь өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед 9 залуу энэхүү аяныг явуулж байсан бол энэ жил хүрээгээ тэлэн 100-н дугуйтай залуу нэгджээ. Тэд энэхүү аянаа жил бүр уламжлал болгон тэмдэглэж байх юм байна.

“Дугуйтай Санта”-д оролцсон залуус чимэглэсэн дугуй, сантагын хувцасаар гоён ижилссэн бөгөөд тэд Чингис хааны талбайгаас дугуйтайгаа парадаар хөдлөн Баруун 4 зам, Зүүн 4 зам, Багшийн дээд, Тусгай дунд 25 дугаар сургууль гэсэн маршрутаар хотоор аялсан юм.

Дугуйтай Санта нарт 25 дугаар тусгай сургуулийн сурагчид өөрсдийн бэлтгэсэн “Мини” тоглолтоо сонирхуулан “Дугуйтай санта” нарын мэндчилгээг хүлээн авч тэдэнтэй хамт хөгжөөнт тоглоом тоглон өвлийн өвгөн ааваасаа шинэ жилийн бэлгээ гардан авсан юм.

Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хандивын бэлэг ийнхүү цугларч сайн дурын залуусын нэгдлээр үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа юм.

Энэ жилийн “Дугуйтай Санта-2014” сайн үйлсийн аянд Нийслэлийн ЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Нийслэлийн замын цагдаагийн газар, “Залуу аялагч клуб”, “UB Social bike club”, “Залуу дугуйчин клуб”, “Тэнгис” кино театр, Монгол цэргийн музей, “Жүр үр” компани болон хувь хүмүүс дэмжин оролцсон юм.